Saturday, December 31, 2011

Tuesday, December 27, 2011

Сургуулийн сонин сайхнаас

Сая семестер дундын шалгалт шүүлгийн үеэр багш нарын үнэлгээний онцлогууд харагдав.  Зарим багш нь долоо хоног бүр даалгавар өгч дараагийн хичээл орохоос өмнө багш руугаа явуулдаг бол зарим нь лекц орж явж явж байгаад эцэст нь нэг том пресентаци хийлгэдэг ч байна, эсвэл бүх хичээлээ орж дуусаад 3 долоо хоногийн хугацаатай нэг томоохон даалгавар өгдөг ч байна, эсвэл шууд нэг өдөр товлоод конкурс шиг сүртэй том шалгалт авдаг багш ч байна, эсвэл лекц бүрийн өмнө 15 минут тусгайлан гаргаад түрүүчийн лекцнээс багшийг хариулж чадахгүй ээрч мууруулах сүрхий гээчийн 3 асуулт асуух шаардлага тавьдаг ч багш байна. Тухайн багшийн санал болгож буй хичээлийг янз бүрийн департмент буюу манайхаар бол жишээ нь ТИС доторх элетрон инженерийн сургууль, уул уурхайн сургууль, үйлдвэрлэл технологийн сургуулийнхан ч гэдэг юмуу аль хамаагүй газраас ямар нэгэн оюутан сонгочихож байгаа юм. Хичээлээ яаж сонгодгийг би дээхэн бичиж байсан даа. За одоо өнөө сонгосон оюутнуудын сургуулийн имэйл хаягаар нь хичээл орох газар цаг, хичээлийн хуваарь агуулга, багшийн сиви танилцуулга, үнэлгээний арга зэрэг нь багшаас хүрээд ирнэ. Цаагуураа онлайн систем учраас чи тэр хичээлийг сонгосон л бол чиний сургуулийн и-системд бүртгүүлсэн бүх мэдээлэл багшид очно. Хичээл болгон дээр зузаахан хавтас бэлдэж авахгүй бол лекц орох тоолонд зузаан зузаан handout тарааж өгсөөр байгаад /голдуу Powerpoint дээр бэлдсэн лекц нь байна/ өчнөөн бичиг цаас болдог юм. За ингээд лекц ороод яваад л байна, яваад л байна. Нэг хичээлийн цаг 100 минут. Хичээл дундах зай 5 минут, цайны цаг 12-с 1 цаг хүртэл /яг ажил шиг/. Өдөрт 5 цаг л хичээл орох боломжтой. Гэхдээ тэгэж өглөө 8-аас орой 5 хүртэл хичээлд тасралтгүй сууна гэж ойлголт байхгүй. Үдээс өмнө нэг лекцэнд үдээс хойш бас нэг цагт л сууж амжиж байгаан. Би нийтдээ 10 хичээл сонгосон . Үүний 6 нь нэг семестер дотроо багтаад ороод дуусчихна. Өөрөөр хэлбэл 10-р сараас 3-р сар хүртэлх үргэлжлэх энэ семестерийн яг дунд хүртэл нь /12 сарын 1 хүртэл/ нэг хичээл орж байгаад дуусангуут 12 сараас эхлээд дараагийн хичээл нь яг тэр цаг дээр нь залгаад явчих юм. Даваа Мягмар Лхагва гаригийн үдээс өмнөх хичээл ийм хичээлүүд бөгөөд дээрээс нь өөр кампуст ордог учир би ганц цагийн лекцэндээ суух гэж бүтэн цаг метро дамжиж яваад хичээлдээ суучихаад буцаад үдээс хойшхи лекцэндээ амжиж ирэх гэж галзуу солиотой амьтан л гүйнэ шүү дээ. 
Япон хэлний хичээл бас орноо. Долоо хоногт 3 удаа өглөө 9-10 хүртэл орно. Уг нь бүхэл бүтэн 1-р үеийнхээ номыг үзээд дуусгачихсан юм байгаан шд. Даанч япон хэлээ ангиас гараад л мартчихдаг болохоор сураагүйтэй л адил явна. Манай япон хэлний ангийнхан ч ялгаагүй дээ, надтайгаа л адилхан. Учиргүй цоороод яриад байгаа ч амьтан алга, бас багшийг юм асуухаар өөдөөс нь амаа ангайгаад цоо ширтдэг байснаа ч болисон, нэг муу юм амандаа гүвтнээд байдаг болцгоосоон бас ч гэж. Би чинь анхан шатны түвшний 1-ын А гэдэг анги шүү дээ. Манай анги Египет-1, Канад-1, Польш-2, Тайван-1, Хятад-1, Вьетнам-1, Америк-1, Герман-1, Португал-2, Бельги-1, Франц-1, Монгол-1 гэсэн бүрэлдэхүүнтэй. Нэг юм анзаарахад зөвхөн гадаад оюутан ч биш, судлаач, зочин профессор, багш, ер нь хэн ч байлаа сургуульд ирсэн л бол Япон хэлэнд суу гэчихдэг юм шиг байгаан, янз бүрийн нөхдүүд байдаг юм. Даалгавар хийнэ гэж хэзээ ч байхгүй, тэрийг нь мэддэг ч юмуу даалгавар бараг өгдөггүй, өгсөн ч шалгадаггүй, шалгасан ч хийгээгүй бол юу ч хэлдэггүй, шалгалт ч авдаггүй нэг сайхан хичээл байнаа байна. Уг нь хааяа нэг Япон хэлний номоо сөхөөд харчихмаар байвч тэрнээс наана унших ёстой бичих ёстой түмэн даалгавартаа булуулаад амжихгүй юм. 
Ядаж байхад би чинь бакалавртаа сурч байснаас жаахан холуур сэдэв сонгочихсон чинь  хичээл дээр энэ сэдвийнх нь гүнзгий юмыг заагаад байдаг, би эхлээд үндсэн ойлголтыг олж авахын тулд бие дааж маш их ном уншиж судлах хэрэгтэй болчихоод байдаг. Тэгэхгүй бол юун тухай яриад байгааг нь ойлгохгүй өнгөрчих гээд байна. Заримдаа орой нь гэртээ ирээд (...-ын үндсэн ойлголт гэдэг) номоо уншиж байж л "Аан өнөөдрийн лекцэн дээр энэ тухай яриад байсан юмуу" гэж орилох шахах юм. 
Одоо тэгтэл он гараад лабораторийн ажил эхлэнэ гэнээ. Би чинь хамгийн сүүлд 10 жилийн өмнө л сургуулийнхаа лабораторийн хаалгыг хааж гараад тэр чигтээ явж байгаа хүн. Тэгээд ч манай сургуулийн лабораторийг энэ Японы их сургуулийн лабораторитой зүйрлэх ч юм биш. Дээрээс нь бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд тоног төхөөрөмжинд бараг хувьсгал гарсан байхаа. За яахав, нэг барьж аваад нухаад байхад мэдэхгүйгээ сураад мартсанаа сэргээх байлгүй дээ.  

Ёолк тэмдэглэх юмсаан

гээд байхгүй юу. Энд чинь Christmas гэж хэдэн телевизийн сувгууд дэлгүүрүүд нь шуугиснаас өөр онц юм болсонгүй. Одоо шинэ он гарах гэж байна. Ямар ч реакц алгаа. Баахан бэлэгний каталогууд л энд тэндгүй тараагдснаас өөр онц зүйлгүй. Нээрэн сая Зул сараар /Зул сар гэдэг үгийг хэн зохиосон юм болоо/ дэлгүүрээр хүүхдийн шинэ жилийн ууттай бэлэгнүүд зарж байсан шүү. Яг манайхан өгдөгтэй адилхан гоё гоё уут савтай чихэр жимсээр дүүрэн.

Monday, December 19, 2011

Японы Байгаль, шинжлэх ухааны музей

Хүүгийн хүсэлтээр энэ музейг сонгож үзсэн юм. Гол нь динозаврыг нь үзэх гэж. Уэно буудал дээр буугаад зам гараад өнөө музей рүүгээ яаж очих вэ гэсэн чинь Information center гэсэн түц харагдаад очоод асуусан чинь уриалгахан нь аргагүй Уэногийн том газрын зураг гаргаж ирж байгаад тайлбарлаж өгөөд музейн англи хэл дээрх танилцуулгатай цуг өгдөг байна шүү. Ойрхон юм билээ булан тойроод л. Билет нь дотроо ороод автомат машинаас авдаг тун амар. Музей үзэж байгаа хүн маш их байсан, амралтын өдөр болоод ч тэрүү. Бүх хүн хүүхдүүдээ дагуулж ирсэн бололтой ямар нэг цэцэрлэг бага сургуулийн аялал болж байгаа юм шиг л санагдаж байлаа, энд тэндгүй хүүхдүүд бужигналдаад. Энэ музей нь хоёр том барилгаас бүрдэх бөгөөд нэг нь дэлхийн үзмэрүүд нөгөө нь Японы өөрийнх нь үзмэрүүдтэй. Бид дэлхийн үзмэртэй байшинг нь л үзэж амжсан. Мөн ресторан, музейн өөрийнх нь сувенир шоп, 360 градусын кино театр /зөвхөн өөрийн танилцуулга киног л гаргана/, тусгай үзэсгэлэнгийн танхим гэх мэт хэсгүүдтэй. Мөн түүнээс гадна хамгийн онцлууштай юм нь бараг давхар болгонд хүүхдэд зориулсан өөрсдөө бүх юманд хүрч ажиллуулж харж барьж үздэг Exploring section байсан үнэхээр бахархмаар. Бас камераар зураг авах бичлэг хийх бол чөлөөтэйгийн чөлөөтэй. Аппаратыг нөхөр авч явсан болохоор зарим хэсгийн зургийг нь огт аваагүй байна лээ. Одоо өнгөрсөн хойно нь өөрөө зураг авдаг байж гээд л харамсаад сууж байна.

Friday, December 9, 2011

Үсний асуудал

Энэ Японд үсчин их үнэтэй. Эмэгтэй бол 4000 иенээс дээш, эрэгтэй бол 3000-с дээш шүү дээ. Манайд чинь нэг зэрэглэл зэрэглэлээрээ арай хямдаас аймаар үнэтэй байдаг даа. Энд тийм байхгүй шүү, захын үсчин рүү шагайсан ч, хотын төвийн үсчин рүү шагайсан ч үнэ нь адилхан.  1000 иений үсчин байдаг сураг гараад л байна олохгүй байна. Охин бид хоёр ч яахав, яаж ч ургуулаад сэгсийгээд явж байсан аргалж болно. Хүү нөхөр хоёр л хэцүүдээд байна ккк. Нарийлж нарийлж нэг үсээ засуулсан болдог л байх даа.   

Блогоо нэг эргэе даа

Семестер дундын шалгат шүүлгээс арай гэж нэг юм мултарлаа. 22-нд нэг бие даалт өгчихвөл ер нь жаахан амьсгаа авах гээд л байна. Гэсэн ч шинээр орж байгаа хичээлүүдийн 7 хоног тутмын даалгаврууд булчихаад байх юмаа. Хэд хоног нойр муутай явчихсан чинь угаасаа юм гараад хэцүүдээд байгаа нүүр ам бүүр аймаар болчихсон. Би чинь сурах их үйлсээс бүүр төсөөрчихсөн байна шдээ. Тэгээд нэг л дасч өгөхгүй, эвэндээ орохгүй ч гэдэг юмуу, нэг горимондоо орохгүй ч гэдэг юмуу тэгээд байнаа хихихи. 
Заа ойрын сонин хачин гэвэл Ueno явж музей үзлээ. Сайхан юмаа сайхан юм, зургийг нь оруулнаа. iPhone дээрээ хираганагаар бичиж сурлаа. Токио руу ер нь хүссэн газар луугаа төөрөлгүй явж сурлаа. Нөхөртөө интернэтээр инкан буюу нэрийн тамга захиалж авч өглөө Гүүгл транслэйт ашиглан. Өнөө тамганы компанийн сайтыг нь гүүгл дээр нээж байгаад орчуулагдаад гарангуут нь бөглөж явсаар байгаад нэрийг нь катагана хүснэгтээ харж байгаад бичиж өгөөд хаягаа англиар бичээд нүдээ аниад захиалчихсан чинь маргааш орой нь гэрт авчраад өгдөг байна шүү хихихи. Нээрэн миний утасны 14 хоногийн төлбөр 7700 иен гарсан байх юм. Би гадаад руу ярьдаггүй, ер нь дотроо ч нэг их ярьдаггүй, нэтийг тийм их хэрэглэдэггүй. Гэтэл яагаад ийм их мөнгө гарсныг ойлгохгүй байгаа. Тэгээд ч энэ Softbank чинь уг нь 1-9 цагийн хооронд сүлжээндээ үнэгүй ярьдаг гээ биз дээ. Миний ярьдаг хэдхэн хүн бүгд эдний сүлжээнийх. Анх утас авахад л таны сарын төлбөр 3500 иен л болно гээд байсан, би чинь утсаа шууд 30,000 иенийг нь төлөөд худалдаад авчихсан юм шдээ уг нь. Тэгээд байхад яагаад ийм гарсныг бүү мэд. Өнөө биллийг нь хараад ойлгохгүй юм чинь, жирийтэл сайхан ханзаар биччихсэн. Тэгээд бас хааяа сүлжээ нь унаад эсвэл ярьж байхад тасарч масраад байх юм. Утсандаа байгаа юмуу сүлжээндээ байгаа юмуу бүү мэд. BicCamera руу очих гээд амжихгүй л яваад байна. Нээрэн ийм цахилгаан барааны дэлгүүрээс утас авсан, оператор компанийн оффис дээрээс очиж авсан хоёрт ялгаа бий юу?

Friday, December 2, 2011

Ногоон мод сарнай цэцэгсэн дундах ёолк

Би анх удаа гадаадад ёолк тэмдэглэх гэж байгаа юм байна. Цав цагаан цасан дунд өдөртөө хасах 15 шөнөдөө хасах 28 хэмийн тас няс хийсэн жавар дунд л ёолк тэмдэглэдэг байлаа. Тэгсэн энд яаж байна, нов ногоон модон дунд эсвэл сарнай цэцгийн бутан дунд зассан ёолкны мод харахаар ерөөсөө нүдэнд бууж өгөхгүй юм. Бас хүмүүс нь малгайтай цамц шорттой гүйлдээд байхаар хажууд нь зузаан улаан  дээлтэй Санта клаус хүртэл сонин харагдаад байх юм. 
Түүнээс гадна гэртээ хөлдөж үхэхнээ. Энэ Японд амьдардаг хүмүүс гэртээ яаж өвөлждөг юм бэ? Би ёстой Монголд даараагүйгээрээ энд ирээд даарч байна. Гилийн хатан эгч уг нь надад эсгий углааш ноосон өмд ноолууран цамцтай ирээрэй гэсэн юм. Авчирсан л даа, гэхдээ арай хангалтгүй байнаа. Нөгөө халаагуурыг нь залгах юм, жаахан байж байгаад толгой өвдөөд бас цахилгааны мөнгө хэд гарч байгаа бол гэж бодоод унтраагаад хаячихна. Түүнээс гадна манай хүн энэ халаагуурыг байнга ажиллуулбал алергитай болдог, хүүхдэд муу гээд ажиллуулах дургүй байх юм. Үнэн юм болов уу? 
Японд амьдардаг хүмүүсээ, та нар ер нь яаж өвөлждөг юм бэ?  

Monday, November 28, 2011

Температурт хууртах нь

Энд цаг агаар өдөртөө +15 хэм гэж зааж байгаа юм. Гэхдээ өглөө оройдоо их жиндүү болчихож. Эхлээд өглөө гарахдаа цаг агаарын мэдээ харснаа өө нэмэх 15 гэж байна шүү дээ гээд дан жинс курткатай үсэрч гарч яваад хөлдөж үхэх шахдаг байснаа одоо ноосон малгай бээлий дотуур трико давхар оймс өмсдөг болоод байна. Гэхдээ Токиод харьцангуй дулаан юм билээ манай эндэхээс. Зузаан хувцастайгаа Токио орохоор ноолууран ороолт хүзүү хөлөргөөд байх юм. 
Япончууд хүүхдээ багаас нь чийрэг болгодог юмуу нялх бага хүүхдүүдийнхээ хөлийг нь нүцгэн эсвэл дан оймстой явж байдаг юм. Сургуулийн хүүхдүүд нь дан малгайтай цамцтай урт түрийтэй оймс өмсөөд шорт юбкатай гуя шилбээ гялалзуулаад л явж байх. Тэгэхэд хажууд нь охин бид хоёр хөлдлөө хөлдлөө гэчихсэн хавар намрын зузаан курткатай явж байх. 
Бас эндэхийн байшингууд нь тогоо хэмнэдэг юмуу болж өгвөл халаагчаа ажиллуулахгүй гаднах доторх хоёр градус нь бараг адилхан байх юмаа. Би лаб-даа хөлдөж үхэх гээд бүүр жиндээд болж өгөхгүй болохоор халуун кофе барьчихсан гараа дулаацуулаад явж байсан чинь манай нэг багш тааралдаад "Чи даараад байгаа юмуу?" гэнээ. Тийм, аймаар даараад байна гэсэн чинь харин "But you came from -30C. Why are you feeling cold in here?" гэнээ. Хичнээн уур хүрэв ээ. "Манайд гадаа хэдэн градус ч байсан байшин дотор тогтмол нэмэх 25 байдаг. Тэгсэн танай энд чинь гадна дотнох градус нь адилхан байгаад байна шүү дээ. Би тэгэхээр гадуур хувцастайгаа дугуй унаж л лаб дотроо явахгүй бол даараад байна" гэсэн чинь аан тийм үү гэв. 
Эндэхийн нэмэх 15 градус манай нэмэх 15 градус хоёр чинь шаал өөр юм билээ. 

Үргэлжлэл

Та бүхэндээ ийм дэмий балай муу мэдээ бичсэндээ эхлээд машид гэмшиж буйгаа илэрхийлээд хүлцэл өчиж байгааг минь хүлээж аваарай. Одоо нэгэнт эхлүүлчихсэн болохоор дуусгая даа. 

Mac-iin heliig yaj solidgiig medeh hun n heleed uguuch

Gertee ooriin laptop deeree duraaraa durgij dund chumguuruu jirgej baigaad lab deer ireheer shaal tanihgui zus uzesnees tsaashgui MAC Pro geed nuhur muuhai haraad baij baih yumaa. English deer bolohoor ajildaa l ashiglahaas oor zuilgui. Ug n blogtoo jaahan zavaaraa gants 2 post nemchihmeer bdag, getel ene buh function n tes oor mac deer text bichih heliig n solij chaddaggui ee.
Mac heregledeg humuus yaj mongol fontoor bichihiig zaagaad uguuch comment-oor. Tegvel neg zavandaa umnuh post-oo duusgachihmaar baih yum. 

Friday, November 25, 2011

Гэнэтхэн эмнэлэгт хэвтэв

Юуны өмнө ойрд миний хоолны дуршил өөрчлөгдөөд урьд нь идэж байсан япон хоолнуудаа идэх нь байтугай нэг нүдээрээ ч харахаа байсан тухай бичиж байсныг минь санаж байна уу.

Thursday, November 24, 2011

Зөндөө юм болж өнгөрлөө

Ганцхан долоо хоногийн дотор маш их юм болж өнгөрлөө. ТВ авсан 7 хоногийн дараа хүргэж өгнө гэж байна гээд түрүүн бичиж байсан даа. 7 хоног ч өнгөрч ТВ маань ч ирсэн, гэхдээ энэ хооронд их олон үйл явдал боллоо. 

Monday, November 14, 2011

Сонин сайхан

Манай гэрийнхэн ирчихсэн би гэдэг хүн баярласандаа бархирмаар л байна шүү. Би тэднийгээ орхиж яваад бүтэн сар болчихсон байх юм. Тэгээд тэд маань ирээд аль хэзээний 10 хоночихсон байх юм. Энэ цаг хугацаа нээрээ арай дэндүү хурдан өнгөрөөд байна уу даа. 

Thursday, November 3, 2011

Хөгжилтэй явдлууд

Хөгтэй хөгтэй явдал болох юмаа. Тэр болгонд инээд хүрээд бичье дээ гэж бодож байсан ч амжихгүй түрүүчээс нь мартаад байх юм. 
Нэг удаа шуудан орох хэрэг гараад олдоггүй ээ өнөөхөө, туторын зурж өгсөн зургийг нь хараад л алхаад байсан чинь биш юмаа. Аргаа бараад гудамжаар явж байсан ахлах сургуулийн 2 хүү явж байхаар нь нэг муу юм японоор "Шуудан хаана байнаа?" гээд асуулаа. Япончууд хүн юм асуухаар их хөөрхөөн заавал туслах гэж үзнэ. Өөрөө мэдэхгүй байсан ч хүнээс асуугаад ч болсон ямар ч байсан туслах гээд үзнэ шүү дээ. Өнөө 2 хүү чинь бие биен рүүгээ хараад л эрүүгээ илээд л бодоод л хоорондоо яриад л байснаа гэнэтхэн нэг нь нэг юм хэлээд хоёулаа нүд нь сэргээд явчихлаа. Тэгснээ намайг эндээ хүлээж бай гэж дохио зангаагаар үлдээгээд хоёулаа булан тойроод гүйлдээд явчихлаа. Тун удалгүй булангийн цаанаас цухуйгаад намайг нааш ир гээд баяртай нь аргагүй даллацгааж байна. Булан тойроод яваад очсон чинь Seven Eleven хүнсний дэлгүүрийн гадаах улаан шуудангийн төмөр хайрцагны хоёр талд бахархалтай нь аргагүй зогсчихсон заацгааж байлаа. Хэхэхэ, миний бүр инээд хүрээд "Аригато гозаймас" гэж хэлээд гараараа биш байна гэж дохичихоод цаашаа явсан даа. Би гэж хэл усгүй амьтан л буруу ойлгуулсан юм шиг байгаан.
Анх дэлгүүр ороод гурил хайгаад олдоггүй ээ. Гурил зуурч хоол хийж идэх гэж байгаа санаатай юм. Тэгсэн сайхан гар гурил гэдэг үгээ ч мэдэхгүй. За тэгээд бусад юмаа авчихаад өнөө гурилаа хайгаад байж болох тасгуудаар нь яваад яваад олдоггүй ээ. Бас л хүнээс асуух санаатай ийш тийшээ харсан чинь нэг хүүхэн явж байнаа зүгээр худалдан авагч. Очоод англиар ярьдаг уу гэсэн чинь толгой сэгсэрч байна. Англиар ярьдаг хүн энэ дэлгүүр дотроос олдохгүй нь ойлгомжтой болохоор өнөө хүүхэнтэйгээ зууралдахаар шийдлээ. Тэгээд би "Сумимасен" гэж байгаад л татаатунгаадлаа даа /ингэхэд энэ үг хаанаас гарч ирлээ нэг нэвтрүүлэг байсан билүү?/ Төмпөнд гурил хийгээд усаар зуураад тэгснээ бодлоо эд нарын гурилаар хийдэг юм чинь аан банш идээд байдаг билүү гэж бодоод өнөө зуурсан гурилаараа банш чимхээд байгаа дүр үзүүлээд л жинхэнэ дуугүй жүжиг шиг юм боллоо. Тэгээд хамгийн сүүлд нь "Доко дэсүка?" гээд хэлчихэж байгаа юм.  Тэгээд 2-3 удаа дахин дахин үзүүлж байтал ашгүй өнөө хүүхэн ойлгоод "Аан" гээд л явчихлаа шүү. Тэгснээ тэрэгтэй юмаа орхичихоод л намайг дагуулаад гүйчихлээ дэлгүүр дотуур. Би ч баярлаад л ашгүй нэг юм гурилаа олох нь гээд явж байсан чинь нэг л бишээ задгай хөргөгчнүүд чиглээд явчихлаа. Өнөө хүүхэн маань гүйж очоод л нэг пакетласан бэлэн банш аваад ирлээ. Эдний дэлгүүрт байдаг шдээ нэг тийм хужаа банш бууз шиг дотроо есөн шидийн юмаар хийсэн бэлэн болгоод пакетлачихсан. Хэхэхэ одоо яахав дээ, миний л буруу юм чинь. Би банш хийж л үзүүлсэн юм чинь надад банш л зааж өгнө биз дээ. Баахан цагийг нь үрж бас тээр тэнд тэргээ орхичохоод намайг дэлгүүрийн энэ мухар хүртэл зааж авчирч байгаа сайхан сэтгэлийг нь бодоод хайсан юмаа олсон дүр үзүүлээд "Маш их баярлалаа" гэж хэлсэн. 
Япончууд үнэхээр тусархүү шүү. Бас далимд нь нэг жишээ хэлчихье. Нэг удаа Акихабара явах хэрэгтэй болоод тутор завгүй гээд ганцаараа явав. Нэг буудал дээр вагоноо сольж суух ёстой байлаа. Хүлээгээд зогсож байтал туторын хэлж өгснөөс шаал өөр нэртэй вагон ирнэ гээд самбар дээр гараад байх юм. Энэ нь тэгээд өнөө миний зорьсон буудал хүрэх үү ядаж байхад рапид гэчихсэн тэгэхээр тэр буудал дээр зогсох юмуу үгүй юмуу гээд түмэн бодол толгойд эргэлдээд. Би чинь одоо болтол утас аваагүй яваа зэрлэг гар шүү дээ. Тутороосоо асууж чаддаггүй. Тэгээд хажуудаа зогсож байсан нэг эмээгээс асуугаад хаялаа. "Энэ" гээд самбар луу заагаад "Тэр эки" гээд л хэлчихлээ. Ашгүй өнөө эмгэн намайг тэр нэг эки хүрэх гээд байгаа юм байна энэ денша хүрэх үү гэж асуугаад байгааг төвөггүй ойлгоод, харин өөрөө мэддэггүй ээ. "Этоо" гээд л бодож байснаа "Чодомадэ" гээд цаашаа бөгтөгнөөд яваад өглөө. Хүүе энэ эмээ чинь хаачих нь вэ, мэдэхгүй бол мэдэхгүйнээ гээд хэлчихгүй гэж бодоод араас нь харж байсан чинь хөөрхий минь бараг 5 метрийн цаана зогсож байсан нэг залуугаас очоод асуугаад байнаа. Хамгийн ойр зогсож байгаа хүн нь тэр байсан юм, хүн цөөтэй байсан л даа. Тэгээд буцаж бөгтөгнөж ирээд "... эки" гэснээ ирж байгаа өнөө вагон руу заагаад "ОК" гээд гараараа ок тэмдэг үзүүлээд инээчихсэн. Хөөрхий минь дээ. Надад туслахын тулд тэр хол байгаа хүнээс очиж асуучихаад буцаж ирж хэлж өгөөд байгаа юм. Ёо манай монголчууд яадаг билээ дээ. Мэдэхгүй гээд мөрөө хавчаад л зогсож байдаг биз дээ. Цаашаа асууж сураглаж өгнөө гонжийн жоо. Би тэр эмээд ёстой өвдгөө хүртэл бөхийж баярлалаа гэдгээ хэлсэн. /Энд ирснээсээ хойш би ерөөсөө бөхөлзөж сурахгүй байсан юм./ Иймэрхүү явдал үүнээс хойш зөндөө тохиолдсон. Өөрөө мэдэхгүй мөртлөө намайг хүлээж байгаарай гээд өөр хүнээс, газраас гүйж очиж асууж хэлж өгсөн хүмүүс зөндөө зөндөө. Үнэхээр баярламаар бахархмаар.    

Friday, October 28, 2011

Токиогийн төвөөр

Хэдэн зураг оруулчихая. Ойрд зурагтай пост оруулсангүй. Токиогийн төв рүү /яг төв нь мөн эсэхийг сайн мэдэхгүй шүү, жуулчдын очих дуртай газар л гэж хэлэх гэсэн ухаантай/ явна гэдэг миний хувьд их цаг, мөнгө, энерги шаардсан ажил шиг санагдаад байгаа юм. Үхтлээ ядраад ирдэг юм, аргагүй шүү дээ, гэрээсээ гараад дугуй денша метро нийлээд 2 цаг явж байж энд чинь ирж байгаа юм чинь. Талдаа л 2 цаг, тэгээд буцаад гэр лүүгээ бас 2 цаг.

Thursday, October 27, 2011

Хуушуур - Од, Ms. -30

Хуушуур бол жинхэнэ од хоол шүү дээ. Нөгөө үдэшлэгтээ хэдэн хуушуур хийгээд аваад очсон чинь ёстой багш оюутангүй алаан болоод дуусдаг байна шүү. Бүр сүүлийн ганц хуушуурыг булаацалдаж энэ тэр ккк. Тэгснээ идэж дуусчихаад "Яаж хийдэг юм, ямар махаар хийсэн юм, зааж өгөөч, юугаар амталдаг юм" гээд бөөн асуултаар булдаг байна шүү. Манай хуушуур ч алдартай л даа. Манай нөхрийн хэдэн найз солонгосууд "За хуушуураа идье" гэсээр Монголд ирдэг юм. Гадаадынхан манай хуушуурт ухаан алданаа. Манай ажлын гадаадынхан өдрийн цайгаар нэг хэсэг байнга хуушуур иддэг байж билээ. Бүр ресторанаас хуушуур хийлгэж аваад гэртээ аваачаад хадгалчихсан, өдөр цайнаар савтай хуушуур гаргаж ирснээ печэнд халааж иднэ шүү дээ. Хуушуур минь ээ, амар хялбар мөртлөө хамгийн амттай сайхан хоол шүү. 
Манай лаб-д хамгийн анхны Монгол оюутан нь би юм байгаан. Манай багш оюутнууд их хөөрхөн хөөрхөн юм асуунаа манай орны тухай. "Танай орон халуун орон уу? Европт байдаг билүү? Та нар хятадаар ярьдаг уу? Чи морь унадаг уу? Өвөл нь Японы өвөлтэй адилхан уу?" гэх мэт. Тэгэхээр нь баахан юм тайлбарлаж ярина. Тэгээд цаг агаарын тухай яалт ч үгүй сайтар тайлбарлах хэрэгтэй болохоор би "Манай орон их эрс тэрс цаг ууртай ороон. Зун нь нэмэх гуч, өвөл нь хасах гуч" гэхээр нүд ам нь орой дээрээ гараад хачин юм болно нөгөө өвөл гэдэг улирлыг мэддэг орны хүмүүс нь. Харин өвөл болдоггүй орны оюутнууд нь "Хасах гуч гэж юу гэсэн үг юм" гэнэ. Тэгэхээр нь "Хасах гуч гэдэг бол чи энэ хувцастайгаа гадаа гараад зогсоход гучин минутанд хөлдөж үхэх хүйтэнг хэлж байгаан" гэхээр айсан гайхсандаа саваад уначихна. Тэгсэн манай сэнсэй сая үдэшлэг дээр ингэж тайлбарлав нөгөө халуун орны оюутнуудад. "Та нар Нараа сангийн хэлээд байгаа хасах гуч гэдгийг ойлгохгүй төсөөлөхгүй байгаа бол лабораторийн өрөөнд байгаа хөргөгчийг хасах гуч дээр нь тавьж байгаад дотор нь ороод үз. Тэгээд ойлгоно за юу. Манай хөргөгч хасах ная хүрэх хүчин чадалтай" гэсэн чинь бүгд нирхийтэл инээлдэв. Ингээд ашгүй нэг өнөөдүүл чинь хасах гучин хэмийн хүйтний талаар ойлголттой болов. Тэгээд намайг тийм айхтар хүйтэн оронд амьдардаг гээд биширсэн харцаар харж байснаа "Ms. -30" гээд хочилчихов оо.  

Wednesday, October 26, 2011

Homesick

За миний гэрээ санах өвчин бүр даамжирч хүндрэх шат руугаа орж байх шиг байна. Би махаа монгол хоолоо маш их санаж байна. Гэр бүлээ санахын хувьд бүр ярилт байхгүй. Тэд маань бушуухан ирвэл нэг гайгүй болох болов уу гэж бодож байна. Утаатай ч гэсэн Улаанбаатар минь, хөгжил буурай энээ тэрээ гэдэг ч гэсэн Монгол шиг минь сайхан газар ердөө ч байхгүй юм шиг санагдаад бушуухан сургуулиа төгсчихөөд гэр лүүгээ буцах тухай бодогдоод байх юм.
Эндэхийн хоол нь сайхан л гээд байсан чинь одоо бүр орохоо ч болилоо. Миний бие хямраад байгаатай холбоотой ч байж магад. Би ёстой очингуутаа УБ-ынхаа бүх ресторанаар хэснээ. Хоол нь ямар сайхан гээч. Цаанаа л нэг идүүштэй, аргагүй шдээ дандаа экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийж байгаа юм чинь. Солонгост явж байхдаа нэг стэйк хауст орсон юм, яах аргагүй бондойсон том стэйк зүсээд идээд байгаа мөртлөө нэг л амтгүй, хөөмөл ч юм шиг. Тэгэхэд манайд захын нэг ресторанд ороод стэйк аваад идэхэд ямар сайхан амттай байдаг билээ. Мах нь цаанаасаа тийм сайхан амттай юм чинь аргагүй шд. Ёо сайхан хавирга чанаж идэх юмсан, хорхог идэх юмсан, борцтой гурилтай шөл идэх юмсан. 
Хацар часхийлгэсэн УБ-ынхаа өвлийн гудамжаар хурдан хурдан алхах юмсан. Сайхан дулаахан гэртээ орж ирээд хөргөгчнөөсөө махаа гаргаж байгаад сайхан хавирга чанасан гурилтай шөлөө хийж идэх юмсан. Хоёр хүүхэд ханьтайгаа буйдан дээрээ 4-үүлээ хэвтээд монгол телевизээ үзэх юмсан. Ёолк болохоор ажлынхантайгаа шижигнэсэн сайхан ёолкоо тэмдэглэх юмсан. Гоё палааж өмсөөд л. Дараа нь 31нд гэрийнхэнтэйгээ бууз жигнэж идээд бялуугаа хувааж оргилуун дарсаа буудуулаад л. Тэгээд айл хэсэх гээд гараад шидчихнэ дээ. Шөнийн 12 өнгөрч байхад шүү дээ. Гоё доо гоё. 
Цагаан сар байна. Бэлтгэл ажил гэж дэлгүүрээр хөлийн улаа эргэтэл гүйгээд л эмээгийнхээ бэлгийг бэлдэж өгөөд л, манай хүн ууц чанах том ажилтай. Битүүнээр гэдсээ хагартал чанасан мах бууз идэж сүүтэй цайгаа уугаад л. Шинийн нэгэнд гангалж аваад л айл хэсэхийг үзүүлж өгнө дөө. За олон ч айл ордоггүй юм дөө, 4 айлаар л орно. Ирсэн хойноо бүгд бэлгээ үзээд л.
За дараа нь Март байна, цэргийн баяр байна. Охины бас миний төрсөн өдөр, тэгээд манай хүний төрсөн өдөр, хүүгийн төрсөн өдөр. Өдөр өдрөөр дулаарсаар тэгээд л зун болчихно. Зун сайхан даа, лагерь нүүнэ гэж томоос том ажил. Голын эрэг дээр юм дэвсээд дээшээ хараад хэвтээд өгнө шүү дээ. Хорхог хийж иднэ, хөдөө явна, зун ч ёстой завгүй шүү. 
Миний эх орон ч сайхан шүү. Ямар ч сайн сайхан газар байсан төрөлх эх нутгийг минь гүйцэхгүй юм байна. Яахав дээ, утаатай л байг бид л утааг нь арилгах гэж хөдөлмөрлөхгүй юм бол хэн арилгах юм. Яахав дээ шороотой л байгаа биз, би очоод зүлэг тарьчихна /тоглосон юмаа, гэхдээ хотоо ногоон болгоход хувь нэмрээ чадах ядахаараа оруулна/, яахав дээ хогтой л байгаа биз, бид нар л үр хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь хогоо ил хаяхгүй байх ногоон гэрлээр зам тавьж өгөхийг зааж өгөхгүй юм бол хэн ч сурахгүй шд. Зүгээр ээ зүгээр, миний эх орон хөгжиж байгаа. Дахиад 20 жилийн дараа гэхэд танихын аргагүй болно. Бид чинь зах зээлийн нийгэм рүү ороод дөнгөж 20 жил л болж байна.   

Tuesday, October 25, 2011

Хоолны асуулт

 Өнөөдөр манай лаб-ын нэг япон оюутан над дээр хүрч ирээд "Нараа сан, нэг юм асуух гэсэн юм?" гэлээ үзэг цаас барьчихаж. Ок. 
-Нараа сан, танд идэх дургүй хоол хүнс бий юу?
-Байхгүй. Өө сушинд дургүй. Би идэж чадахгүй байх гэж бодож байна. 
-Ок. /Цаасан дээрээ юм тэмдэглэнэ/ Тэгвэл уух юм? Дургүй эсвэл ууж чаддаггүй зүйл байна уу? 
-Би алкоголтой уух юм угаасаа ууж чаддаггүй юм. Жимсний шүүс ундаа эд нар надад болно доо. 
-Аан окэй окэй. Бас л цаасан дээрээ юм тэмдэглэж авав. 
-Та харшилтай юу?
-Үгүй.
-Нараа сан. Та ямар шашин шүтдэг вэ? /Мэдээж асуух нь ойлгомжтой, муслимууд гахайн мах иддэггүй/
-Би буддист. 
-ОК. 
Ингээд бяцхан асуулт өндөрлөв. Энэ японууд нээрэн айхтар хянамгай хүмүүс шүү. Би хуучин ажил дээрээ өчнөөн л партинд оролцож байлаа, зохион байгуулж ч байлаа. Манайх чинь нилээн олон гадаад ажилчидтай байсан. Тэд нарын хэн нэгэнд зориулж парти зохиож л байсан. Хэн ч тэдний идэж уух дуртай дургүй чадах чадахгүй зүйлийг нь асууж байгаагүй шд. Парти бол парти, зохион байгуулаад өгч л байвал боллоо байдаг байв. 

Monday, October 24, 2011

Хуушуур хийж авч очдог юм билүү?

Нээг их олноор ч яахав хүний нэг юмуу 2-оор бодоод л 20-30 хуушуур хийхэд хангалттай байлгүй дээ манай лаб чинь 10-аад хүнтэй юм чинь. Өнөөдүүл чинь надаас миний эх орны онцлогийг л харуулсан юм харах байлгүй дээ. Уг нь монгол архи байсан бол сайхан гайхуулахгүй юу ккк, аймаар сүртэй юмаар гайхуулсан уу. Тэр ярвалзаад байдаг япон оюутнуудад баахан юм ярьж "Манай энэ архи чинь дэлхийн архины уралдаанд дандаа түрүүлдэг жинхэнэ ориг спиртээр хийдэг эд байхгүй юу" гэж ирээд л. За тэр архи ч яахав, би ёстой махсаад үхэхнээ сайхан чанасан хавирга идэх юмсан. 

Saturday, October 22, 2011

Миний ажигласан япон чиг хандлага-2

5. Америкийн нөлөө
АНУ дэлхийн 2-р дайнаас хойш энэ улсад их нөлөө үзүүлсэн юм болов уу гэж бодогдов. Окинава арлынх нь хэдэн хувийг нь эзлээд суучихсан ч юм дээ. Гэхдээ одоо их багассан гэсэн.

Миний ажигласан япон чиг хандлага

Ирээд 3 долоо хоног боллоо, өөрийн ажигласан Япон орныг дүрслэх гэж оролдъё. 

Wednesday, October 19, 2011

Тэр чигээр нь хаячихсөөн яршиг...

Би нөгөө авгайтай нэг их дуугарахгүй дуугаа хураачихаад РС-ныхээ ард л суугаад байсан юм. Тэгсэн бас л дохилзож нахилзаж гүйгээд "Би бүх юмаа сэнсэйд хэлэх ёстой. Чи тутороосоо хүүхдийн сургуулийн талаар асуусан байсан. Тэр чинь зүгээр л чамтай адилхан оюутан, тийм юман дээр чамд туслаж чадахгүй. Би энэ тухай л сэнсэйд мэдэгдсэн юм. Бид эцсийн эцэст чиний сурахад л санаа зовж байна. 2 жил чинь маш хурдан өнгөрнө. Чамайг сайн сураасай, судалгаандаа анхаараасай гэсэндээ л сэнсэй чамд тэгэж хэлсэн юм. Чи үүнийг огт хүндээр тусгаж авах хэрэггүй" эд нар гээд л олон долоон юм яриад байна лээ. Явж явж ер нь хэргийн эзэн хэнгэргийн цохиур нь манай нөгөө тутор банди болж таарав уу яав. Хамгийн гол нь хамгийн гол нь байна шүү дээ тийм ээ, би тэр тутор бандитай хэзээ ч хэзээ ч миний хүүхдийг сургуульд оруулж өгөөч гэж хэлж байгаагүйд учир нь байгаа байхгүй юу. Тэр өөрөө л хүүхдүүд чинь хэдэн настай юм бэ гэсэн би хариулсан, аан энд ирээд elementary school-д орох юмуу гэсэн, би тийм ээ гэсэн. Тэрнээс би түүнийг чи надад сургууль олоход туслаарай гэсэн утгатай ганц ч үг хэлээгүй. Өөрөө асуучихаад би хариулахаар аан энэ намайг өөрт нь сургууль олж өгөх талаар тусал гэж байна гээд ойлгочихсон юм байх даа. 
Нөгөө нахилзсан авгай өнөөдөр лаб-д үнэтэй хайрцагтай печень тараагаад л байна лээ. Сэнсэй та нарыг дайлж байгаа юм гэсэн. Байнга ингэдэг юм уу эсвэл уур амьсгал жаахан тиймэрхүү байгааг цайруулах гэж ингээд байгаа юмуу. 
Шал завхарсан юм, ёстой шал завхарсан юм болж байна даа. Би ийм хачин сэтгэлзүйн дарамттайгаар Япон дахь шинэ амьдрал, сурах их үйлсээ эхэлмээргүй байх юм. 
Би сэнсэй рүүгээ имэйл бичээгүй ээ. Яршиг тэр чигээр нь орхилоо. Өөрийгөө ямар хүн болохоо, түүний төсөөлсөн шиг тийм хүн биш гэдгээ сурсан шиг сурч харуулна даа. Өөр одоо юу гэхэв. Дахин дахин шалчигнаад хэл ам болоод гүйгээд байлтай биш. 
Одоо маш сайн хаширлаа. Хэн нэгэн нь ялангуяа япон хүн надаас миний хувийн амьдрал хувийн асуудлыг минь асууж шалгаавал огт хариулахгүй байя. Жаахан санаатай байх хэрэгтэй юм байна. Эд нар их сонин юмаа. Хүүхэдтэй гэрлэсэн эмэгтэй хүнийг жаахан доогуур үздэг юмуу хаашаа юм. Бүх япон оюутнууд сингл. Бас хужаа европ оюутнууд ч гэсэн. Харин бангладеш шри-ланк, энэтхэг, монгол /хөөрхий муу би/, араб гэсэн улсууд л гэр бүлтэй үр хүүхэдтэй байх юм. Намайг 2 хүүхэдтэй гэсэн чинь арай л ухаан алдаж унацгаагаагүй байх. Энэ муу хоёрын хоёр хүүхэдтэй хормойгоо чирсэн гэрийн авгай гэртээ хоолоо хийгээд хувцсаа угаагаад сууж байхгүй үхсэнээ хийж энд сурна гээд явж байгаан гэж бодоод байгаа юмуу хаашаа юм. Гадуур явж байхдаа харж байхад 1-2 жаахан хүүхдүүдээ тэвэрсэн үүрсэн түрсэн чирсэн хүүхнүүд их явж байх юм. Харваас ажил хийдэггүй гэртээ байдаг байрын. Намайг өөрсдийнхөө тэр гэрийн авгай нар шигээ л төсөөлөөд байх шиг байгаан. Яг ш дээ гээд хэлчихмээр санагдаж байна. Монгол хүүхнүүд бид чинь сурна ч боловсорно ч хүнтэй сууна ч хүүхдээ гаргана ч харна ч өсгөнө ч ажил хийнэ ч албан тушаал дэвшинэ ч. Япон Солонгосын угшмал бодолтой сугшмал хүмүүсээс тээс өөр муу ч сайн ч орос школтой европ сэтгэлгээтэй улс шүү бид нар.  


Tuesday, October 18, 2011

Юу гэж ойлгох вэ?

Өнгөрсөн 7 хоногт манай лабораторийн нарийн бичиг гэж нахилзсан дохилзсон авгай миний хэл амыг сугалчих гээд л гүйгээд байсан юм. Өрөөнд орж ирээд л над дээр хүрч ирээд гэр бүл чинь хэзээ ирэх юм, хүүхдүүд чинь хэдтэй юм, энд сургуульд явах юмуу гэснээс л би ойр хавьд ямар сургууль байна хараадахъя гээд газрын зураг аваад гүйгээд явчихсан юм. Тэгсэн цагийн дараа "Би ойр хавийн сургуулийг шалгаж үзлээ, бүгд дүүрэн хүүхэдтэй байна, би яах вэ гээд танай багш руу имэйл явуулчихсан" гэж авдаг юм даа. Би гайхаад "Яагаад багш руу имэйл явуулж байгаан, энэ чинь миний хувийн асуудал юм биш үү" гэсэн чинь "Зүгээр зүгээр бид чамд туслах ёстой" гээд байсан юм. Би тэгээд гайхаад л бүр хүүхдийнх нь сургууль соёлын асуудалд хүртэл багш нь анхаардаг юм байх даа. Манайд бол удирдагч багшаасаа манай хүүхэд хаана сурах вэ гэж асуувал ам руугаа алгадуулна биз дээ гэж бодоод л өнгөрсөн юм. 
Тэгтэл ч хэрэг мандлаа даа. Өнөө өглөө сенсэй намайг дуудаж байна. "Чамайг гэр бүлээ авчрах гэж хөөцөлдөж байгааг дууллаа. Би ойлгож байна, гэхдээ чи сурах гэж ирсэн юм бол тэрэндээ л төвлөрөх хэрэгтэй. Хэтэрхий ингэж гэр бүлдээ анхаарах юм бол чи ер нь яах гэж ирсэн юм. Буцах хэрэгтэй. Бид зөвхөн оюутнуудаа л анхаардаг болохоос биш гэр бүлийг нь биш. Тэр бол цэвэр хувийн асуудал. Чи өөрөө өөрийнхөө хувийн асуудлыг хянаж цэгцлэх ёстой" гэх мэтээр баахан намайг загнаад байгаа ч юм шиг хатуу үгээр буллаа. Монголдоо байсан бол би хэнд ч яршиг төвөг болоогүй визний үйлчилгээнд л хандсан хэнийг ч надад туслаач гэж гуйгаагүй шд гээд өөдөөс нь хэдэрлэх л байсан байх л даа. Хүний нутагт харь хэлтэй хүний өөдөөс олон юм хэлж чадсангүй ч үгүй. Амыг нь дагуулс гээд л "Гэхдээ би уг нь танд төвөг учруулая гэж бодоогүй л юмсан" гэсхийгээд өнгөрлөө. Ярилцлагын уур амьсгалыг хэлэх ч юм биш. 
Тэр муу гайтай авгай үхсэнээ хийж багш руу манай гэр бүлийн асуудлаар имэйл явуулдаг байнаа? Тэгээд бас юу гээд биччихсэн юм болоо? Би ямар тэр авгайг сургууль соёл олоод өгөөч гэсэн биш. Багшид хэлээд өгөөч гэсэн биш. Миний хүүхдийн сургууль соёл хаа ч байсан юм одоо Японд ирээ ч үгүй байхад. Би гэр бүлээ авчрах асуудлаар хэнд ч хэлээгүй шд. Хүн болгон асууж байсан зүгээр л 11 сард ирнээ гэж хэлчихээд л явж байснаас тийм юман дээр туслаад өгөөч ийм юм зохицуулаад өгөөч гэж хэзээ ч хэнээс ч гуйгаагүй. Албан ёсны тэр визний үйлчилгээнд нь л хандсан. 
Тэр муу далжиганасан авгайд шал дургүй хүрээд байх юм. Тэр далжиганасан юм багш руу имэйл бичээгүй бол багш миний тухай ингэж буруу ойлголттой болохгүй шд. Яанаа одоо. Багш руугаа имэйл бичдэг юм билүү? "I never disturb anyone by my family issues. Also, I didn't ask help on my children's school. I'm just wandering why are you so serious about it. Did anyone ask you help on behalf of me? Because, I'm worried that you have incorrect impression about me" гээд бичээд хаядаг юм билүү? 

Monday, October 17, 2011

Төөрөх шахав...

Өчигдөр Токио ороод хичээлдээ суучихаад дараа нь гар утас авдаг баатар болоод ганцаараа Акихабара гараад туучихав. Уг нь замаа маш сайн заалгаж заалгаж явсан юм. Тэгсэн нэг вагон дамжина гэхээр нь аан за гээд л байсан юм. Ганц вагон дамжих юм болч юухан байхав ухааны юм бодоод л ккк. Тэгсэн чинь энэ Токиогийн метроны буудлууд нь манай муу захын жижигхэн буудлуудтай адилгүй юм байна шдээ. Ёо яасан ч том юм, яасан ч олон нүхтэй юм, яасан ч олон тунельтэй юм. Тэр line хүртэл 115м үлдлээ гэдэг пайз хараад л алхаад байлаа алхаад байлаа. Тэгээд алхаж алхаж арай гэж өнөө лайныхаа зогсоолыг олоод суусан чинь золтой л нөгөө тийшээ явдаг урсгалд нь суучихсангүй. Метрон дотроо орсон хойноо мэдээд хөдлөхөөс нь өмнө буцаж гарч гүйгээд нөгөө шатаар нь бууж зөв зогсоолдоо очлоо шд. Би хэрвээ тэгэж метрогоо андуурч суувал Гуталчин шиг зоригтой эцэс хүртэл нь яваад эргээд ирж чадахгүй ээ. Тэрүүгээр нэг орилж хашгирч гүйж аягүй л бол уйлж ямар элгийн юм болох болоо ккк. Бөөн адал явдал болж байж өнөө Акихабарад нь очоод гар утас авч чадаагүй ээ. Банкны дэвтэр чинь гараагүй цагт өгөхгүй гээд байна лээ. Энэ бичиг цаасны ажил нь алдартай удаан юм болохоор миний банкны дэвтэр карт эд нар энэ долоо хоногийн сүүлээр л ирэх байх даа. 
Буцаж гэртээ ирэхдээ бас хөглөсөөн. Стэйшн дээрээ буучихаад автобусаар гэртээ дөхөж ирдэг байхгүй юу. Би шал өөр шугамны метронд суусан болохоор арай өөр буудал дээр буугаад огт сууж үзээгүй автобусны шугамд суугаад явсан чинь харанхуйд ганзраа буруу харж андуурч буугаад 2 буудал газар бас алхаж байж ирлээ шд. За яахав яахав, гэрээ олоод хүрээд л ирсэн юм чинь, ингэж хөглөж байж л хүн болно доо тийм ээ хө. Акихабарагаас яаж зүгээр гарахав гээд нэг будаа агшаагч нүдээ аньж байгаад авчихсан. Тэгээд нэг том хайрцагтай будаа агшаагч чирсэн нөхөр л харанхуйд алхаад хүрээд ирлээ. Болдог бол Монголоос гэрээ тэр чигээр нь нүүлгээд ирэх юмсан.      

Sunday, October 16, 2011

Токиогийн Их Сургууль

Токиогийн Их Сургууль нь 1876 онд одоогийн Хонго кампусын байгаа газарт Токио Иггаку нүүж ирснээр үүссэн гэж үздэг юм байна. Дараагийн жил нь 1877 онд Токио Дайгаку нь 4 салбар сургууль 3 институттайгаар албан ёсоор байгуулагджээ. 

Friday, October 14, 2011

Бүртгэл, бичиг цаас, соёлтой харьцаа

Анхны өдөр сургууль дээрээ очоод бүртгүүлнэ, дараа нь хотын захиргаанд очиж гадаадын иргэний бүртгэлээ хийлгэж гадаадын иргэний үнэмлэх авах өдрөө товлуулна. Тэр үнэмлэхийг гартал хэрэглэж байх бүртгэлийн цэнхэр цаас өгнө, түүнийг нь аль болох олон хувь авах хэрэгтэй юм билээ шүү. Мөн тэндээ Японы Үндэсний эрүүл мэндийн даатгалд оюутан гэдэг визтэй учраас автоматаар хамрагдана. Энэ даатгал нь нэг удаад 7500 иений үнэтэй юм билээ. Нэг жижиг карт өгнө түүгээр эрүүл мэндийн үйлчилгээ аваад 70 хувь хөнгөлүүлнэ, өөрөө үлдсэн 30 хувийг нь төлнө гэсэн үг. 

Sunday, October 9, 2011

Шинэ амьдрал

Японд ирээд ёстой бүх юм 180 градус эргэж байгаа гэхэд болно. 
1. Нутагтаа албан байгууллагын ажилтан байсан нийгмийн байр суурь маань оюутан болж огцом эргэв.
2. Халуун ам бүлээрээ 4-үүлээ амьдардаг байсан чинь гав ганцаараа болов. Эхний орой нэтэд орж нөхөртэйгээ ярингуутаа уйлаад. Огт таниж мэдэхгүй газар гав ганцаараа ёстой аймшигтай санагдаад шууд буцаад онгоцны буудал яваад гэр лүүгээ нисчихмээр санагдаж билээ. 
3.  Нутагтаа байхдаа гэрийн ажил бүгд гэр бүлийн гишүүдэд хуваарилагдсан байдаг байв. Жишээ нь, аяга таваг угаах бол манай охины ажил. Ээж босс юу гэж аяга угаахав. Тэгсэн чинь одоо энд ээж гуай идсэн аяга тавгаа угаалтуур луу шидчихээд хэдэн цагийн дараа гэнэт олж харснаа "Юу билээ, би өөрөө угаахгүй бол болохгүй шдээ" гэж бодож байх.
4. Дэлгүүр ороод бараг л худалч хүнд тэрэг дүүрэн хүнс аваад гараад ирдэг аймаар үрэлгэн байсан чинь энд ирээд анх дэлгүүр орсон өдрөө юмных нь үнийг монгол төгрөг рүү шилжүүлж бодоод ухаан алдаж унах гээд юм авахаас ч айдаг байсан чинь одоо л дасч хүссэн юмаа чөлөөтэй авдаг болоод байна. Гэхдээ л арвич хямгач байж сурах шинэ шаардлага гарч ирж байна. 
5. Нутагтаа амин зуулгын өдөр тутмын яриа нь монголоор, ажил дээр л харь хэл хэрэглэдэг байсан чинь одоо энд нөгөө харь хэл болсон англи хэл нь амин зуулгын яриа болж цоо шинэ япон хэмээх харь хэл зайлшгүй сурах шаардлагатай болов.
6. Монголдоо хогоо бүгдийг нь дэлгүүрээс юм хийж авчирсан гялгар уутандаа хийгээд хогийн цэгт аваачаад шидчихдэг байсан сайхан үе ард өнгөрчээ. Одоо энд ганц хог гарч ирэнгүүт л "Юу билээ, үүнийг чинь хаашаа нь хийх билээ, ямар өнгөтэй уут руу нь хийх билээ" гээд бөөн толгой ажиллаастай. Календарь харж байж тэр өнгөтэй ууттай хогоо тэдний өдөр гаргаж тавина. 
7. Нутагтаа байхдаа үнэн залхуу байжээ. Ганц км газар таксидаад л эсвэл машинаараа сүнгэнүүлээд л. Одоо энд чинь нэг бол дугуйдах, нэг бол нийтийн тээвэр (тэр нь бас их үнэтэй), үгүй бол хөлөө эцтэл алх гэсэн л сонголт байгаа юм даа. Улаан дугуйчин болж байнаа. Анх очсон өдрөө л шууд дугуй авсан. Дуугуй дугуй ав гэж манай tutor тулгасан юм. Би бас л үнийг нь харчихаад монгол төгрөгөндөө шилжүүлж бодонгуутаа миараад авахгүй дараа болъё энээ тэрээ гээд бултах гэсэн чинь "You should buy a bicycle today!" гэж байгаа юм чинь. Авсан нь болсон байна лээ. Одоо дугуйгүйгээр ийш тийшээ явахыг төсөөлшгүй болоод байна шүү. 
8. Зам нь хүртэл 180 градус өөр урсгалтай. 
Цоо шинэ орчин газарт цоо шинэ амьдралын хэв маягт дасан зохицож л байна. Хүн тэгээд аливаа юманд дасахдаа их хурдан юм дөө. 

Thursday, October 6, 2011

Замын соёл

Солонгос Япон хоёрт надад хамгийн их таалагдсан сайхнаас сайхан юмнууд байнаа. 00 нь үнэнхүү сайхан, үйлчилгээ тасархай сайхан түүнээс гадна зам ба түүний соёл дэндүү сайхан.
Солонгост байхдаа машинаас зугтаж онигоонд ороод гэж байсан даа. Солонгос Японд хоёуланд нь явган зорчигч явах эрхтэй газраа бол хаан байх юмаа. Явган зорчигчийн ногоон гэрэл ассан л бол нүдээ аниад зам гарсан ч болохоор юм. Хажуунаас эргэж орж ирж байгаа машинууд заавал явган хүнээ явж өнгөртөл нь хүлээнэ. Тэд нар ч гэсэн ногоон гэрлээрээ л эргэж байгаа ч гэсэн. 
Манай УБ-т чинь ногоон гэрлээр ч зам гарч болдоггүй шд. Хэн нэгнийх нь дугуйн нөхөөс болохоосоо өмнө хар хурдаараа гүйж л гарах хэрэгтэй. Хажуунаас эргэж орж ирж байгаа машинууд хэзээ ч явган хүндээ зам тавьж өгнө гэж ойлголт байхгүй. Уг нь явган зорчигч ч гэсэн ногоон гэрлээрээ явж байгаа байхгүй юу. За тэгээд хороолол дундах зам, гарцгүй газар эд нар дээр бол бүр явган зорчигчийн хохь л болно. 
Манайхан ч гэсэн манайхан, гарцан дээр ирээд хэзээ ч ногоон гэрэл астал хүлээж зогсоно гэж байхгүй шүү дээ. Зам руу харж байгаад шууд л гүйгээд орчихно. Амиа хорлоод байгаа юмуу хаашаа юм. Бас гарцаар гарна гэж их хэцүү, замын дундуур л мал шиг бэлччихнэ. 
Энд чинь ямар ч машин байхгүй хоосон зам байсан ч явган хүн нь гарцан дээрээ ногоон гэрлээ хүлээгээд л зогсоод байна. Гарцгүй газраар гарах, улаан гэрлээр гарах гэж ойлголт ерөөсөө ч алга. Солонгост ч мөн адил ийм л байсан. 
Манайх нэг боломжит газруудаараа хүрэлцээтэй олон гарц хийгээд (тэгэхгүй бол гарц бас их ховор оо, бараг бүтэн км урт замын чинь хоёр үзүүрт нь л нэг нэг байгаан), хүмүүсийг нь ногоон гэрлээр гаргаж сургаад машинуудыг нь явган хүндээ зам тавьж өгдөг болгоод сургачих юмсан. 

Tuesday, October 4, 2011

Entrance ceremony

Өнөөдөр Токиод очиж хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцоод. Зурагтай пост оруулчихая.

Sunday, October 2, 2011

Япон

Намайг Японд ирчихсэн байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Маргааш 1 дэхид сургууль руугаа очно. Өчигдөр ирсэн, маш их ядарсан шүү. Бүр хөл нугалараад унах гээд байсан. Аргагүй байх л даа. Би сүүлийн 4 хоног дандаа үүрээр 3 юмуу 4 цагт л унтаж байлаа, бас наашаа ирсэн өдрийнхөө урьд шөнө ердөө 2-хон цаг унтсан. Өдөр нь ажил дээрээ ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө, орны хүнээ дадлагажуулж юм зааж өгнө гэж пижигнээд орой нь гэртээ ирж ачаа бараагаа бэлдэж пижигнээд дундуур нь ах дүү найз нөхдийн гаргаж өгөх үдэлтийн арга хэмжээнд гүйгээд өнгөрсөн 7 хоног ёстой нүдний өмнүүр жирэлзээд өнгөрчихлөө. Маш их ядарснаа одоо л мэдэж байна. Хүмүүст зөвлөхөд ажил ажил гэж хэнхэглэж над шиг явах өдрөө хүртэл ажиллаваа. Ядаж 7 хоногийн өмнө ажлаасаа гарч тав тухтайхан шиг юмаа бэлдээд явж байгаарай гэж зөвлөе. Хүмүүс намайг хэнхэг тэнэгээр минь дуудаад байсан аргагүй үнэн юм байна. 
За солонгосын тэмдэглэлээ дуусгаад япон руу орноо. Анх төрсөн сэтгэгдэл гээд л.    

Солонгост зорчсон тэмдэглэл-4

Японд ирчээд баахан Солонгосын тухай бичээд суугаад байдаг гэнээ хэхэхэ. Одоо яахав, эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй.
Хоол хүнс
Хоолны хувьд харин надад ерөөсөө таарахгүй байсан шүү их сонин. Нөгөө очсон газрын ус нь таарахгүй байна гэдэг дээ тэр чинь л болсон байх. Ус гэснээс крантны усыг нь уултгүй юм билээ зүгээр л хлорамин үнэртэж байгаа юм чинь. Манай зарим монголчууд энэ усыг нь хэрэглээд байдаг гэсэн шүү. Яаж чаддаг байнаа ийм үмхий усыг. Тэгээд яадаг вэ гэхээр энэ хотод нь булаг байнаа. Манайхаас холгүй нэг крант нь (худаг) байдаг юм. Оройд салхилангаа бид нар ус ундааны савнууд бариад алхана, очиж усаа хийж авчирна. Солонгосууд нь өөрсдөө ч энэ булгийнхаа усыг их уух дуртай, тэрэгтэй канестр түрж ирээд л дүүргэж дүүргэж аваад явцгаана. Тэр булгийн усаа мотор тавиад крант хийгээд өгчихсөн, дуртай хүн нь ирээд хийж аваад явцгаах юм. Булаг гэхээр та нар монголын булаг шиг санаад байна уу, бас шууд хөдөө эсвэл хотын зах санаанд ороод байна уу. Зүгээр л нэг модтой саадны хажууд машин замны хажууд явган хүний замд нэг жижиг талбайд газраас ганц труба гарч ирээд кранттай доороо сараалжтай бодвол замын ус зайлуулах систем рүү холбогдсон байдаг байх. Би уг нь зургийг нь аваад л байсан энэ картнуудын нэгэнд байж байгаад устсан бололтой олдохгүй байна. Ихэнх солонгосууд нь дэлгүүрийн цэвэр усаа том том пакетаар нь авчихдаг юм гэсэн. Бид нар ч заримдаа ус дуусчихаар нь булаг явахаас залхуураад дэлгүүрээс 1000 воноор 1.5 литр ус авнаа. Ус энд их үнэтэй. Усаа хайрлахыг жинхэнэ сурсан хүмүүс байна лээ. 
Хоол ундны хувьд гэртээ бол бид нар монгол хоолоо л хийж идэж байгаа юм. Гурил нь ус даадаггүй нэг л хөөсөнцөр шиг идүүшгүй гурил юм билээ. Цуйван хийгээд идээд байгаа мөртлөө нэг л хөөсөнцрөн гурил идээд байгаа юм шиг. Мах мэдээж манайхтай харьцуулалтгүй үнэтэй. (Японыг бодвол гайгүй юм билээ, одоо бодоод байхад) Махнууд нь бүгд угааж угааж цэвэрлэж цэвэрлэчихсэн болохоор онц амт байхгүй. Би нэг Стэйк хауст хоолонд орсон юм тэгсэн бүтэн томоо стэйк идээд байгаа мөртлөө зөвхөн дээр нь асгасан соус нь л амтагдаад байгаа юм. Ёоо хүмүүс минь монголын рестораны стэйк хамгийн тасархай амттай нь юм байна лээ шүү. Зүгээр л захын ямар ч рестораны. Манай нөхрийн дүү эхнэр 2 нь ч хүлээн зөвшөөрч байна лээ. Монгол малын махыг гүйцэх амттай мах хорвоо дээр байхгүй гэж. Харин дараа нь нөхрийн найз нэг со нөхрөөр дайлуулж аймаар үнэтэй (100 гр нь 12.000 вон гэсэн) үхрийн махны хоолны газар орсон чинь тэндэхийн үхрийн мах л манай махтай амт нь дөхөж очиж байна лээ. Ганц давуу тал нь тасархай зөөлхөн. Тэр со нөхрийн хэлснээр бол солонгосын үхрийн ферм үхрийн махнаасааа маш их ашиг олдог тул нэг үхрийг тэжээхэд бараг 10 сая вон зарцуулдаг юм гэсэн. Зарахаараа тэрийгээ хэд нугалдаг. Манайх нэг хэдэн үхрээ үүлдрийг нь сайжруулаад багаас нь бүх вакцинд нь хамруулчихвал хичнээн ашигтай том зах зээл дэлхий дээр байна аан? Би тэгээд юу ч идсэн 3-4 цагийн дараанаас гүйлгээд 00 орох хэрэгтэй болчихоод байсан болохоор надад үндсэндээ хоол нь зохиогүй гэж хэлж болно.  Макдоналдс, пицца, солонгос хоол, гэртээ хийж идсэн хоол бүгд адилхан үйлчилгээ үзүүлж байв. Пицца гэснээс ёоо бид нар чинь монголд ямар юмаа пицца гэж нэрлэчихээд идээд байгаа юм бэ. Жинхэнэ пицца гэдэг чинь ийм юм байдаг юм байна шдээ гэж уулга алдахаа шахав. Монголд дуудлагаар гэртээ авчруулж иддэг байсан пиццануудаа (өөр өөр газруудын шүү дээ) бодсон чинь шууд огиудас хүрсэн шүү. Хоол хүнс нь тийм ч үнэтэй биш (байсан юм байна гэдгийг нь би энд Японд ирчихээд мэдэрч сууна). Манайхаас ялимгүй үнэтэй ч за бараг л адилхан байна лээ. Жишээ нь нэг удаа хөргөгчний хангалт хийхэд Номин Миний дэлгүүр эд нарт 40-60.000 болоод байдаг, энд тиймэрхүү хэмжээний хүнс авахад 60.000 вон болж байгаан. Төгрөгт шилжүүлж бодвол 72.000 орчим. Монгол руу эндээс импортолж аваачдаг солонгос жүүс эд нар бол мэдээж эх орондоо байгаа юм чинь монголд байгаагаас арай хямд байгаа юм. Хоолны газар нь бас л гайгүй дээ. Гэхдээ монголтой харьцуулбал 1.5 дахин үнэтэй юмуу даа. Явж явж бид чинь эх орондоо хамгийн хямдаар хамгийн сайхан зүйлс л иддэг юм байна лээ шдээ. Ямар сайндаа монголд очсон эхний өдөр ээж бууз хийгээд ирэхээр нь үхэх гэж байгаа юм шиг идэхэв. "1-р гурилаар хийчихсэн чинь жаахан хар бууз болчихлоо" гэж ээжийг хэлэхээр нь "Өө зүгээр зүгээр, хар гурилаар хийсэн байсан ч энэ чинь ёстой тансаг хоол байхгүй юу" гээд л чихээд байлаа шд. Би 10-хан хоноход монгол ориг идүүртэй мах гурилаа санаж үхэх гэж байхад Гилийн хатан эгч толгой идье гэх нь аргагүй шүү дээ. 
Амттан шимттэн бол төрөл бүрээрээ байнаа байна. Нарийн боовны эсвэл мөхөөлдөсний дэлгүүр кафе, coffee shop маш их байдаг юм билээ. Бараг алхам бүрт байх. Сөүлд ч гэсэн. 
Үргэлжлэл бий...     

Солонгост зорчсон тэмдэглэл-3

Бүтээн байгуулалт
Дэд бүтцийн хөгжлийг нь гайхаж шагших нь илүүц бизээ. Яг хот дотроо биш харин хотынхоо гадуур бүтээн босголтыг хийж өгч байнаа. Хотоо өргөтгөөд л байгуулаад л босгоод л бүтээгээд л байх юм билээ.

Sunday, September 25, 2011

Солонгост зорчсон тэмдэглэл-2

Миний очсон хот Илсан гээд Сөүлээс хойшоо метрогоор 1 цаг орчим явдаг жижиг хот. Энд манай нөхрийн дүү нь эхнэртэйгээ амьдардаг юм. Эхнэр нь Сөүлд магистрт сурдаг.  

Сэтгэгдлийн хариу

Хөөх миний муу блогийг ийм их хүн уншиж ийм нухацтайгаар хүлээж авдаг гэж огт бодсонгүй шүү ккк. За эхнээс нь хариулаад явчих уу даа. Хэрвээ сээгий үлдээсэн Anom-ууд эргэж орж ирж хардаг бол...
Тэр navigation device-ийг чинь анхнаасаа Olloo GPS-ийн нөхдүүд л GPS гэж ойлгуулсан шд. Ээж хад орьё гэвэл Ээж хад гээд хийхэд л "Та ийшээ тэдэн км, тийшээ эргээд тэдэн км яв" гэж зааж өгдөг гээд рекламдаад байдаг биз дээ. Тэр солонгосын таксинд байсан зүйл чинь яг адил л юм байх чинь билээ. Би тэгээд л ойлгоцон шд. Нөхрөөсөө асуусан чинь GPS биш navigation л гэдэг байсан юм билээ л дээ. Солонгосууд нь өөрсдөө их сонин хэлдэг юм билээ набигажи ч билүү. Би чинь техникээс хол эмэгтэй хүн намайг GPS navigation device хоёрыг ялгасангүй гэж загнаад яахнав дээ ккк. 
Тэр зураг чинь эндээ байхдаа зүв зүгээр засагдаад босоо болчихоод байгаа мөртлөө блог руугаа чирээд оруулахаар огт өөрчлөгдөхгүй байгаа юмыг би яахын. Над шиг ингээд нэргүй сээгийтэй хэрэлдээд сууж байдаг хүн байна уу ккк. 
Хөөе би smartphone-тэй шүү. Миний ухаалаг гар утастай байх үгүй нь миний хувьсгалын тохироо бүрдэж одоо л нэг онгоцоор хилийн дээс алхаж байгаатай огт хамаагүй юм шиг санагдах юм. Бүүр жаахан байхдаа вагоноор л Эрээн Бээжин орж байлаа, тэр үед чинь Эрээн Бээжин чинь одооных шиг гоё сайхан байгаагүй юм. 
Хөдөөний малаар дуудаад байдаг хүмүүст хэлэхэд 1-рт би бараг 3 үеэрээ хотын хүн. Тэрнээс өмнөх гэвэл бүгдээрээ хөдөөнөөс орж ирж хүрээнд суурьшаа биз дээ. Манай гэр бүлийн хүн ч адил. Сүүлийн үеийн хотын иргэдийн л адил Тэрэлж орж морь тэмээ унаж үздэг. 2-рт 3 сая ч хүрэхгүй бидний цөөхөн хэдэн монголчууд бие биенээ хөдөө хотын малаар нь дуудаж гэдсээ жийлцэх нь сайн юманд лав хүргэхгүй гэж боддог юм. Би угаасаа тэр нутгийнх энэ нутгийнх гэж жалга довны үзэл гаргахыг яс махнаасаа эсэргүүцдэг.
За миний саяны бичсэн аяллын тэмдэглэлд монголоо муулсан зүйл Буянт-Ухааг Чингис хаан гээд нэрлэчихлээ гэж бухимдснаас өөрөөр ганц ч байхгүй дахиад уншаад үзээрэй. Монголын маань нэрийг гаргадаг ганц хааныхаа нэрээр юм болгоныг нэрлээд байх нь утгагүй санагддаг.
Би өөрөө нэг бүрчлэн жижиг зүйлийг ч ажиглан бичсэн аяллын тэмдэглэл унших их дуртай болохоор ингээд биччихлээ. Харин хэт нуршуу байна гэсэн шүүмжийг хүлээж авлаа. Дараагийн постдоо анхаарнаа. 
Кааспер мээн! Тайвшир тайвшир, бид чинь их стресстэй нийгэмд амьдардаг юм билээ шд. Ингэж нэргүй сээгийнд хүртэл нервтэж хамаг тархины эд эсээ үхүүлээд байвал бидний цөөхөн хэдэн монголчууд урт насалж улс орноо хөгжүүлж чадахгүй шүү ккк. Миний өмнөөс хариулт өгсөнд баярлалаа. 
За ямар ч байсан юм бичиж байгаа хүн элдэв юм дуулдаг гэдэг эхнээсээ ингээд эхэлж байгаа бололтой. Гандан буурахгүй шүү хө. Хэдэрлэхийг нь хэдэрлээд тусгахыг нь тусгаж аваад бичээд байнаа.  
    

Friday, September 23, 2011

Солонгост зорчсон тэмдэглэл - 1

За байз онгоцноосоо эхэлдэг юмуу даа. Бид МИАТ-аар нисэв ээ. Гэр бүлийн хөнгөлөлт гээд овоо сайхан хямдарсан шүү. Манай хоёр хүүхэд зөвхөн таксаа төлөөд үнэгүй, би 25% хөнгөлөгдөөд гэх мэт. Эмээ болохоор ахмадын хөнгөлөлт 45% гээд. Нээрээ эмээгээ авч явсан шд хэлсэн билүү. Манай эмээ 82 настай мөртлөө давын дажгүй нисээд яваад ирсэн. 

Thursday, September 22, 2011

Ажилдаа орж ирээд

шуугиулж өгч байнаа. Өчигдөр орой онгоцноос буугаад өнөөдөр өглөө ажилдаа ирээд ширээн дээр овоорсон ажлаа захаас нь шүүрээд л сууж байна. Энэ долоо тэгээд ирэх 7 хоногт ажиллаад л явах нь дээ. Ирэх 7 хоногийн 5 дахь чинь 30 байхгүй юу. Би 1нд Япон руу ниснэ. Бараг нисэх хүртлээ л ажлаа хийх байх даа. Тэгснээ weekend-ээр Япон яваад нэг дэхээс нь хичээлдээ орчих юм. Ёоо эрс солигдох нь дээ. 
Би энэ ажилд орсноосоо хойш ер олигтой олон хоног амарч үзээгүй гэхэд болно. Сая хайран амралтын хоногуудаа үхүүлж байхаар гээд 10 хоногийн амралт аваад Солонгос явж амарчихаад ирлээ. Уг нь цаашаа Америк орох байсан ч онгоцны тийз оройтож захиалснаас аймаар үнэд орчихож, бас очоод дөнгөж 4-хөн хонох болчихоод байсан тул их тав тухгүй аялал болох гээд байхаар нь аргагүйн эрхэнд Америк явахаа цуцлаад тэр чигээрээ Со-д 11 хоночихлоо. Их сонинтой, удахгүй зурагтай гоё постууд хийнээ, санаа бодлоо ч хуваалцая. Эхлээд энэ ажлаасаа жаахан нимгэлэхгүй бол болохгүйнээ. 

Sunday, September 18, 2011

Амарч явнаа би

Юу ч бодох санах юмгүй амарч гадуур тэнэж сайхан сайхан газраар зугаалж юм үзэж нүд тайлж мэдрэлээ муудтал сохор зоос ч үгүй болтлоо дэлгүүр хэсч байна. Ирээд сонин сайхнаа бичье.

Monday, September 5, 2011

Дорноговийнх сакура мөн үү?

Өчигдөр Дорноговийн уугуул нэг өвөө ирээд манай ажил дээр. Төрснөөсөө хойш өдийг хүртэл 60 гаран жил тэндээ амьдарч байгаа хүн. Ийш тийшээ явж үзээгүй. Тэнд ургадаг сакураг бол мэдээж насныхаа тооноос хэд дахин олон харсан байж таараа.

Япон, Солонгос

Япончууд манай улсад аль картын бараанд шилжсэн үеэс л тусалж ирсэн. Цэнхэр автобус, лаазтай хуурай сүү хоёрыг лав мэдэхгүй хүн байдаггүй байлгүй дээ. Оронд нь миний л мэдэхийн юм нэхэж энээ тэрээ болж шантаажлаагүй дэг /жирийн иргэний хувьд мэдрэгдэх юм алга л байна одоохондоо/.  Тавантолгойдоо оруулах болов уу гээл хараад байсан гэсэн оруулаагүй биз дээ манайхан чинь. Тэглээ гээд юм хэлэхгүй л байна, элдэв тусламжаа зогсоочихсон ч юм алга. Японы тусламжаар, японы хөрөнгөөр гэсэн тодотголтой төсөл бүтээн байгуулалт зөндөө зөндөө. Япон хоолны ресторан гарын 10 байтугай 5 хуруунд багтах цөөхөн байдаг байхаа. Тэдний эзэд нь бүгд япон хүмүүс байдаг эсэхийг бүү мэд. Япон хувцасны дэлгүүр байдаг уу таминь ээ мэддэг бол хэлээд өгөөрэй. Шинэ Токио ч билүү 100 иений барааг авчирч зардаг нэг дэлгүүрийн сүлжээ байдгийг мэдэх юм байна. ТВ-ээр япон драм байтугай япон УСК ч ховор гардаг.  Тийм учраас соёлын эзлэн түрэмгийлэл явуулж байгаа гэж хэлэхэд хэцүү. Ийм ч өнчин хүүхэд тийм ч гэр хорооллын хүүхэд шуухдад туслаад явж байгаа япон хувь хүмүүсийн тухай мэр сэр сонин дээр мэдээ гарсныг эс тооцвол шүү.
Харин солонгосууд манайд гуанз ресторан зочид буудал ажиллуулахаас авахуулаад уул уурхайд шахах хүртэл юм юманд "хөрөнгө оруулалт хийж байгаа", сүүлдээ бүр агаарын замаа хүртэл өг гэж дарамтлав. Гудамжаар хаашаа л харна солонгос ресторан, солонгос хувцасны дэлгүүр, солонгос гэр ахуйн бараа, тв-гээ асаангуут солонгос драм бүх суваг дээр. Бүгдийнх нь ард солонгос эзэн. Яг л соёлын довтолгоо. Тавантолгойдоо оруулах эсэх чинь бидний сайхан харилцаа хэр хөгжиж буйг харуулна ч гэх шиг. Солонгосын тусламжаар гэсэн ганц ширхэг ч тусламжийн төсөл байна уу, би санадаггүй ээ. Яахав манай 30,000 иргэн хар цагаанаар ажиллаж олсон мөнгөө нааш нь явуулж байгааг эс тооцвол. Гэхдээ тэд чинь солонгосын жижиг дунд үйлдвэрлэлд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж хар хөлсөө дуслуулан ажилласныхаа хөлсийг л авч байгаа. Ямар зүгээр хэвтчихээд бэлэн мөнгө нэхээд орилоод байгаа биш.
За тэгээд өөрсдөө дүгнэлтээ гаргана биз. Одоогоор жирийн иргэн хүний нүдэнд харагдаж мэдрэгдэж байгаа нь иймэрхүү л байна.  
 

Friday, September 2, 2011

Монгол дуусчихсан юм биш үү?

Юу вэ, энэ улсыг чинь зараад дуусцан юм биш үү. Гадныхан манай улсыг зарж идээд эдэлж хэрэглээд бидний хэдхэн монголчууд нь со явж хар ажил хийх нь хийгээд үлдсэн хэд нь утаат Улаанбаатартаа шамбааралданхан хордож үхээд цөөн хэд нь малаа дагаж хөдөө хөхрөөд. За мэдэхгүй ээ мэдэхгүй, мэдрэл муудах нь ингэж нервтээд байвал. 

Thursday, September 1, 2011

Багшид юу өгөх вэ?

9 сарын 1-нд хүүхдүүд багшдаа цэцгийн баглаа өгдөг. Энэ үеэр цэцгийн дэлгүүр нэг бут хийж байх шиг байгаа юмаа. Өнгөрсөн жил би охиноо 1-р ангид ороход нь бас өглөө 8 цагт оочёрлож байж нэг баглаа аваад охиндоо өгсөн юм. Охин ч баяр хөөртэй нь аргагүй багшдаа өгсөн. Бусад хүүхдүүд ч бас цэцэг бэлэглэсэн. Тэгээд хүүхдээ дагаад анги руу нь ортол "Юу вэ, OMG". Багшийн ширээн дээр цэцгийн баглааны овоо болчихсон, бараг л босоо зогсож байгаа хүнтэй чацуу шахам өндөртэй. Хөөрхий багш дэвтэр ном юм хумаа хаана тавихаа мэдэхгүй, бүр цаагуур нь цонхны тавцан ангийн буланд хүртэл ширээн дээр багтаагүй цэцгийн баглаанаас хэвтэж байх. Өө тэр цэцэгнүүдийн өнгө зүс гоё сайхан баглаа боодол /үнэ хөлс/ хэнд ч хамаа алга аа. Тэгэнгүүт багш ер нь энэ их цэцгийн баглааг яадаг юм бол доо гэж шууд бодогдов. 
Орой болж охиноо авлаа. Нөгөө цэцэгнүүд ер харагдахгүй байна. Багш нь гэрээсээ хүн дуудуулаад гэр лүүгээ өгөөд явуулчихсан юм болов уу ч ухааны юм бодов. Тэгээд охиноосоо "Танай багш нөгөө олон цэцгээ яасан бэ?" гээд асуусан чинь "Өө ёстой хүн болгоныг аваад яв гээд л өгөөд тараагаад байсан шд. Манай цэвэрлэгч эгч нар хамаад явсан бүү мэд" гэдэг байгаа. Ямар ч цэцэг өгсний үнэ цэнэ алга. Хайран 20,000 төгрөг. Тэрний оронд ядаж набор өгсөн бол багш нь гэртээ хариад хүүхдүүдтэйгээ хуваагаад идчих юм даа. 
Энэ жил хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг учраас би охиныхоо багшид зүгээр л набор авсан. Тэгээд очоод харсан чинь өнгөрсөн жилийн явдлаас эцэг эхчүүд мэддэг болсон уу ихэнх нь зүгээр тасалгааны цэцэг набор бэлэглэж байна лээ. Цэцгийн баглаа бэлэглэж байгаа хүүхэд их ховор байна лээ шүү. 

Monday, August 29, 2011

Аавын бийд хүнтэй танилц агтны бийд газар үз!

Ийш тийшээ гэр бүлээрээ явах тухайгаа найз нөхөд таньдаг хүмүүстэйгээ хуваалцаж суухад "Ингэж зугаалаад байхдаа яадаг юм, хайран мөнгө" ч гэх юмуу. "Шал дэмий юманд мөнгө үрэх юм, тэгсний оронд тэгэхгүй яасын, ингэхгүй яасын" эсвэл бүр "Яасан баян юм" гэх зэрэг комментууд хэдэн удаа гарч ирэв. Тэгэхээр нь би хэллээ. "Яахав баяндаа ч биш л дээ байгаагаа л шавхаж байна, зүгээр юм үзье л гэсэн юм. Мөнгө бол олдох л байх, харин ингэж гэр бүлээрээ аялах боломж дахиад гартлаа удах байх гэж бодоод ийм шийдвэр гаргасан" гэлээ. Би тийм баян хүн биш бараг 2 жил хураасан хэдэн цаасаа одоо ингээд үрэн таран хийх гээд сууж байна. Надад бол УБ-т үнэтэй хуучин машин авч унаснаас гадагшаа аль нэг улсад очиж хэдхэн хоночихоод ирэх нь илүү сайхан бас үнэлж барамгүй санагдаад байгаа юм.
Би чинь ер нь мөнгийг олдвол хурааж мэддэггүй тэр дор нь үрээд дуусгачихдаг хүн л дээ. Тийм болохоор ийш тийшээ явахдаа мөнгө зарна гэвэл огт харамын сэтгэл төрдөггүй юм. Манай хүн л хориглоод байгаа болохоос биш би өөрийнхөө бодлоор бол сарын цалингаа аваад замын зардлаа төлөөд Бээжин ороод /хов хоосон шүү/ Хориотой хотыг нь үзчихээд ирэх санаатай хүн шүү дээ. Тэгээд би боддог юм. Ер нь хүн яагаад заавал үхэн хатан мөнгийг хураах ёстой юм бэ, насны залууд /заавал залуу малуу байх хамаагүй шд амьд л байгаа бол/ ийш тийшээ явж юм үзэж нүд тайлж байх хэрэгтэй байх. Эцсийн эцэст дансанд байгаа хэдэн төгрөг үрэгдээд зарагдаад дуусна тэр дорхноо тийшээ явж байлаа тийм юм үзэж байлаа тэнд очиж хэд хоносон сайхан байсан шүү гэвэл гоё бишүү. Гадаадын залуусыг харж байхад үүргэвч үүрээд хоосон хоноод ч хамаагүй аялж явдаг юм билээ. Явж үзээгүй газар бараг л байхгүй байх. Тэдний яриагаар бол дараагийн аяллаа аль хэдийн төлөвлөчихсөн тэр зардлаа хэдэн сар ажил хийгээд л олчихно, хэрэгцээт мөнгөө олонгуутаа амралтаа аваад аль нэг тийшээ алга болоод өгнө. Ингэж явахаар юмыг арай өөрөөр харж арай өөрөөр сэтгэдэг болдог болов уу. 
Мэдээж бидэнд хөгжингүй орны виз замын зардлын мөнгө гээд хүндрэл бий л дээ. Тэгэхдээ визгүй зорчиж болдог улс орон нилээн байгаа. Ядаж тэр улс орнууд руу аялж болно шд. Явсан хүмүүсээс нь хэр зардал гардаг юу юу үзэж сонирхож болохыг асууж болно. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Алийн бүгд хорвоо дэлхийг Улаанбаатараараа сэтгэх вэ дээ тийм ээ хө.      

Цөмийн хаягдлыг манайд булах гэж байгаа нь үнэн болоод явчих шиг боллоо шүү

Сүүлийн үед энэ талаар нилээн уншиж байгаад өнөөдөр тэсч чадалгүй бичмээр санагдлаа. Саруулыг би гайгүй толгойтой эмэгтэй гэж боддог. Бас худлаа хэлэхээргүй ч хүн. Дорхи ярилцлагаас яг миний таамаглаж байсан зүйл харагдаж байна. Манай нэг хэсэг мөнгөнд дуртай амбиц ихтэй хүмүүс ийм юм хийгээд түүнийг нь мөнгөнд дуртай гадныхан өөгшүүлээд, харин хаа очиж ёс суртахуунтай хэсэг нь эсэргүүцсэн эсвэл нейтральный байдалд байгаа болов уу гэж бодож байсан, тийм л юм шиг байна.

Ганц хоёр зураг

Ганц хоёр зургаа оруулав. Ер нь би ойрд маш их стресстэй бухимдалтай байгаа. Өөрийгөө тайвшруулахын тулд элдэв юм ерөөсөө бодохгүй энд тэнд бухимдсан өгүүлэл бичилгүй иймэрхүү зүйлээр өөрийгөө тайвшруулж байна. Солонгосын элчингээс болж миний америк явах ажил будаа болох гээд байна л даа. Тэгээд л бухимдаад байгаа юм.

Thursday, August 25, 2011

Mobile upload

Утсаараа авсан хэдэн зураг ганц видео бичлэг оруулав.

Wednesday, August 24, 2011

Солонгосын виз

Солонгосын визний материалыг тусдаа 3 байгууллага авдаг болсон юм байна. Ёоо урилга гээч юм байж байж материалыг чинь авна гэнээ. Заавал бүрдсэн материал авна, дутуу материал авахгүй гээд байх юм. "Та зүгээр цааш нь ингээд өгчихөө. Тэр элчингийнхэн чинь манай материалыг үзчихээд за арай ч очоод хараар үлдээд хар ажил хийх хүмүүс биш байна гээд эрхбиш мэдрэх байлгүй" гээд байхад л "Үгүй заавал урилга" гээд байх юмаа. Би зүгээр л гэр бүлээрээ Солонгос руу аялчихаад юм үзчихээд ирье гээд байхад. Би одоо ямар элэнцгийн солонгосоосоо танай улсад аялах гэсэн юм надад болон манай гэр бүлд урилга гээч юм явуулаач гэж гуйх вээ дээ. 2 дахь өдөр элчин нь хувь хүмүүсээс материал авдаг гэж сонслоо. Дараагийн 2 дахид өөрөө элчинд аваачиж өгөхөөс дөө. Эсвэл одоо нөхөртөө хэлж сайн найз нь гээд байдаг хэдэн Со нөхдүүдээсээ нүүрээ ширлээд урилга гуй гэхээс дээ. Ямар балай юм бэ. Иймэрхүү бөөн адал явдал болно гэж мэдээд байсан юмаа. 

Tuesday, August 23, 2011

100 айл руу 100 удаа явдаг

гэдэг биз дээ нөгөө гэртээ засвар хийж байгаа хүн. Түүн шиг л би бас бичиг баримтнаас болж 100 айл руу 100 удаа явж байна өө. Дээр Улсын бүртгэлийн газрын тухай бичиж байсан одоо бол Иргэний бүртгэлийн газрын тухай бичих гэж байна. 

Thursday, August 18, 2011

Ходоод ба стресс

Өчигдөр орой би маш ихээр уурлаж бухимдах хэрэг гараад. Хэрэг гараад юу байхав уурлаад. Тэгсэн чинь их сонин юм болсоон. Уурлаад л дотор давчдаад бараг нүүр ам түнтийтлээ улайсан уу яасан чинэрээд л, уур хүргэсэн хүн рүүгээ орилоод л үглээд л /тэр нь манай хүн хэхэ/ зогсож байтал гэнэт дотор муухайраад тэгснээ ходоод тэсэхийн аргагүй базалж өвдөөд. Бүр шууд эвхрээд буйдан дээрээ өнхрөөд унаад өглөө. Ёо ёо ходоод ходоод гээд л орилоод л өнхрөөд байлаа. Манай гэрийнхэн ч сандралдаад түргэн дуудах уу яахав ийхэв болоод явчлаа. Юун уурлаж хэрүүл хийх манатай тайвшраад уур ч гараад ходоодоо илээд л хэвтээд байлаа. Тэгсэн чинь 30 минутын дараа зүв зүгээр болчихдог байгаа. Би юу ч идээгүй байсан, өлсөөгүй байсан, ойрын өдрүүдэд ходоод өвдөөгүй байсан. Ер нь бол миний ходоод өвддөг л дөө. Хүнд махан хоол шингээж чаддаггүй юм. Хорхог морхог бол ганц хавирга л мөлжинө дөө. Бууз бол 3 ширхэг л идвэл их юм, хуушуур ч мөн адил. Тэгсэн харин өчигдөр гэнэт өвддөг байна шүү. Уурласнаас болж өвдсөн нь бүр харваас ойлгомжтой. 
Манай хүн их айсан. Дахиж чамайг уурлуулахгүй л гэнэ хоёулаа маргааш эмнэлэг явна л гэнэ ходоодыг чинь дурандуулна л гэнэ уураа барьж сурдаг йог миогт яв л гэнэ. Эртний анагаах ухаанд эрхтэн бүр ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг юм гэсэн. Ямар ч байсан ходоод стресс уур бухимдалтай холбоотой байдгийг би өөрийн бие дээрээ амжилттай туршиж баталлаа. Хүмүүсээ нэгэнт батлагдсан зүйлийг туршиж битгий бие сэтгэлээ зовоогоорой гэж. Өөрөөр хэлбэл ямарваа юмыг хэт мэдрэгээр хүлээж авч уурлаж стрессдээд байвал ходоодны ямар нэг өвчин тусах 100% магадлалтай юм байна.   

Wednesday, August 17, 2011

Хүүгийн яриа

Манай хүү өчигдөр гадаа тоглож байснаа "Ээж миний бөгсийг хар даа, гөвөөд өг" гээд байна. Яасан гэсэн чинь "Цэврүү болчихсон байна уу?" гэнээ. Юун цэврүү? Тэгсэн чинь төмөр гулсуурын гулсдаг хэсэг нь бороонд нороод шар зэв болчиж. Өмднийхөө бөгсийг зэв болгочихсон байна уу гэж асуугаад байсан юм байна л даа. Яаж цээжлэхээрээ зэвийг цэврүү гэж цээжлэдэг байнаа. 

Хүүхэлдэйн киноны ёс суртахуун

Би хүүдээ Наруто үзүүлдэггүй, охиндоо хуучны Уолт Диснейн элдэв гүнжийн хүүхэлдэйн кино үзүүлэх тийм ч дуртай биш. Яагаад гэж үү. 
Нэг удаа суваг сольтол Наруто хүүхэлдэйн кино ТМ дээр гарч байна. Тэгсэн өнөө Нарутог чинь доош нь харуулж хэвтүүлчээд хэдэн нөхдүүд тойроод шилбэний булчин руу нь хадаас ч юмуу нэг юм зоогоод тамлаад байх юм, цус мус нь урсаад. Миний нүд хальтраад бушуухан сувгаа сольсон. Азаар хүү маань нөгөө өрөөнд байсан юм. Юу вэ? Энэ чинь эрэгтэй хүүхдүүдийн хуйлраад үзээд байдаг хүүхэлдэйн кино биз дээ? Тэрнээс хойш би хүүдээ Наруто үзэхийг тас хориглосон. Ер нь японы ийм төрлийн хүүхэлдэй үзэхийг нь хорьсон. 5 настай хүүхэд ийм юм үзээд юу гэж ойлгох уу, бодохоос ч аймшигтай байгаа биз дээ.
Охиндоо яагаад гүнж нарын хүүхэлдэй үзүүлэх дургүй вэ гэвэл эдгээр хүүхэлдэйнүүд нь асар дээр үеийн дундад зууны үлгэр дээр суурилан хийгдсэн байдаг. Тэр үед эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь маш доогуур, сурч мэдэх боловсрол эзэмших боломж бага, зөвхөн сайн хүнтэй суух л амьдралынх нь хамгийн гол зорилго байсан. Та нар бодоод үз л дээ. Үнсгэлжин, Beauty and the Beast, Хун гүнж, Лусын дагина Ариель, тэгээд элдэв Барби гүнжийн хүүхэлдэйнүүд бүгд нэг ханхүүтэй яаж суух вэ гэж толгойгоо гашилгасан улс, тэгээд тэрэнтэйгээ суугаад л төгсдөг, тэрэнтэйгээ суухын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа тухай. Бас ядаж байхад бүгд дуусахдаа үнсэлцэнэ гээч. Ийм хүүхэлдэйн кино байнга үзээд толгойгоо угаалгасан эмэгтэй хүүхэд юу гэж бодох уу? Би яаж ийм ханхүү шиг залуутай суух вэ үерхэх вэ үнсэлцэх вэ гэж л боддог болно биз дээ. Юун тэр сурч боловсрох, сайн сайхан ажил төрөл хийх, гадагшаа дотогшоо явж юм үзэж нүд тайлах. 
Тийм учраас би ийм төрлийн хүүхэлдэйн кино үзэхийг хүүхдүүддээ зөвшөөрдөггүй.

Monday, August 15, 2011

Тэрэлжийн бас бус хэдэн зураг

Дээр Тэрэлж орсон гээд байсан даа. Зургийг нь РС руугаа оруулж амжихгүй яваад байсан юм. Оруулсан дээрээ блог руугаа оруулчихая.Ойрд фото пост оруулаагүй юм байна. Зураг үзвэл сонирхолтой шд тээ.

Friday, August 12, 2011

Америкийн элчин

Ажлаар Америкийн элчин орох болов. Пээ тэр харуул хамгаалалт нэвтрэн орох дүрэм журам нь ямар аймаар юм бэ? Ёстой л дэлхийн хамгийн баян дэлхийн хамгийн анхаарлын төвд дэлхийн хамгийн их аюул заналд өртөж байдаг орны ЭСЯ гэдэг нь мэдрэгдэв. Арай л хувцсыг минь тайлж нэгжлэг хийсэнгүй. Иш хажууд нь манай Төрийн ордны security хүртэл инээд хүрмээр санагдав. 

Wednesday, August 10, 2011

Messenger account locked

Өчигдөр нээрэн ажилдаа ирээд Yahoo messenger-тээ орох гэтэл болдоггүй. Та олон удаа буруу пасворд хийсэн тул таны аккаунт түгжигдсэн гэсэн утгатай мессеж гарч ирээд. Бүүр гайхлаа. Би 7 хоногийн өмнө л гэрээсээ зүв зүгээр орж байсан. Ажил дээрээ бол дөнгөж өчигдөр л ирж байна. Миний ажлын компыг хүн асаана гэж байхгүй. Асаах пассвордыг нь мэдэхгүй.
Хэн нэгэн намайг тагнаад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв. Yahoo-ныхаа пассвордыг солив. Та нарт ийм явдал тохиолдож байсан уу?

Tuesday, August 9, 2011

Өвдөөд эдгээд хуриманд очоод лагерь яваад...

Ханиадтай байж голын ус руу хөлөө дүрээд албаар хоолойгоо өвтгөж нөхрийн хэлснээр би гэдэг хүн. Бид хэд намайг өвдснийг далимдуулаад лагерь дээр байлаа. Энэ жил зуншлага сайхан болж байгааг хэлэх үү лагерь ч янзын байна лээ дээ. Хот явмааргүй л байлаа. Нээрээ энэ жил чинь юу болсон юм би чинь 3 хуриманд уригдлаа. Эхнийхэд нь гэр бүлийн хамт сая бүтэн сайнд очсон. Нөгөө 2 нь манай ажлынх юм байгаан энэ 7 хоногт очно. Нэг нээлт хийсэн нь манай 2 хүүхэд найр наадам хэсч ууж идэж наргиж цэнгэх тун дуртай юм байна. Өгч байгаа хоолыг нь бүгдийг нь идээд ууж болох бүх юмыг нь уугаад /бүр миний өмнө байсан вино, аавынхаа өмнө байсан айраг хоёрыг хүртэл ууя гээд байсан шүү, арай л цагаан юм татаагүй байх/, ая эхлэнгүүт л гарч бүжиглэцгээгээд ёстой манай нөхөр бид хоёроос л илүү кайфтай найрлалаа. Манай хүү тэр хавиар байсан шаарнуудыг цуглуулж тоглож явж байгаад бүжиглэх ая эхлэнгүүт надад шаарнуудаа харж бай гэж үлдээчээд идэвхитэй нь аргагүй бүжгийн талбай руу эгч рүүгээ гүйгээд явчихаж байгаа юм. Тэгснээ орой нь гэртээ харьж явахдаа "Энэ хурим гэдэг чинь их гоё юм байдаг юм байна шд. Дахиад өөр хурим болохгүй юм байх даа" гэсэн шүү юм ярьцгаачихсан додигор явцгааж байгаа юмаа. 
Лагерийн замд Зунжин гээд миний дэлгүүр нээгдсэн дээ. Уг нь их сайхан том дэлгүүр юмаа. Харин тэндээс мах битгий аваарай гэж зөвлөе. Бид чинь их гэнэн тэнэг хүмүүс шд манай нөхөр бид 2. Хорхог хийх 10 кг махаа тэндээс авчаад лагерь дээрээ давхиад очсон чинь эмээ загнаад "Зунжингаас дөнгөж гарангуут салхитын Махны төрөлжсөн дэлгүүрт ястай хонь 3900 гэж байхад та хоёр 4900-р мах аваад байхдаа яадаг юм, ядаж л дэнжийн 1000 дайрахгүй, яасан баян юм асуухгүй яасан юм энээ тэрээ" гээд. Нээрээ буцахдаа бид хоёр тэр дэлгүүрээр нь дайрч хотын гэртээ хямд мах авав. Кг тутамд 1000 төгрөгөөр илүү зарж байгаа юм миний дэлгүүр. Хорхог харин янзтай болсон. Би бүр хажуу айлдаа амсуулах махандаа хүртэл харамлаад хахаха. Ёстой нөгөө дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй гэдэг шиг л болсон. Манай хүн ч хоол хийхдээ алтан гартай л даа. Яаж амтлахаараа тэгдэг юм янзын амттай л болоод байдгийн хийсэн хоол нь. Бид нар хорхог хийхдээ бараг мэргэжиж байх шиг байна өө. 3 блок авчирч тулж байгаад л гал өрдөөд чулуугаа улайсгаад л, тэр хооронд ногоогоо арилгаж махаа эвдээд л, манай хүн амталж сав руугаа хийгээд л, галаа тойрч суугаад юм ярьсан шиг галаа өрдсөн шиг, үнэрт нь ходоод хонхолзсон шиг 2 цаг гүрийгээд л. Энэ чинь одоо лагерь дээр хийсэн 3 дахь хорхог байхгүй юу. 
Би нээрээ хүүхдийнхээ араас гүйж байгаад модонд тээглэж унаад өвдөг тохойгоо аймаар халцалсан. Өвдсөндөө шууд уйлж байгаа юм чинь. Тэгсэн 2 хүүхэд нь гүйлдэж ирээд битгий уйл шүлсээ түрхээд өгье гээд ээжийгээ аргадаад. Хахаха, харсан хүмүүс савж унатлаа хөхрөлдөнө биз дээ. 2 хүүхэд нь тоглоомон машинтай давхиад ээж нь араас нь та 2 уналаа шдээ гээд гүйж байснаа өөрөө ойчоод. 2 хүүхэд нь буцаж гүйлдэж ирээд ээжийгээ татаж босгоод. Ээж нь уйлаад 2 хүүхэд нь аргадаад. Манай гэрийнхэн зууны онигоо гээд л хөхрөлдөөд байсан. Юун инээх, өвдөг тохойны арьс зулга явцан аймаар өвдөж байгаа юм чинь уйлахгүй яадгийн тээ.
 

Monday, August 1, 2011

Кино үзээд

саяны амралтын өдрүүдээр. Transformers-3, Super 8, I'm number 4 гэх мэт чартад дээгүүр байранд ороод байгаа байсан кинонуудыг үзэв. Тэгээд юу гэж санагдсан гэхээр Америкт за ер нь хаа ч бай 12-25 насны өсвөр үеийнхэн хүүхэд залуус кино үзэж гол орлогыг нь оруулдаг болохоор тэдэнд зориулсан арилжааны кино хийдэг юмуу даа гэж бодогдов. Дандаа хүүхдийн зохиол. Яг л хүүхдийн л кино. Тэр Super 8 гэдэг нь хүүхдийн зохиолоор хийсэн хүүхдүүд гол дүр нь хүүхдийн сэтгэлгээгээр хийсэн хүүхдийн л кино байна лээ. 
Transformers 3 ч гэсэн. Дахиад л нөгөө муу Америк улс чинь түүний аль нэг том хотын төв гудамж нь харийнхны халдлагад өртөж сүйрээд л. Энэ киноны сүүлийн хагас хэсэг буюу Чикаго хот дайсны роботуудад эзлэгдсэн байдаг хэсэг нь яг Лос Анжелесийн тулаан киног дахин үзэж байгаа мэт санагдсаныг нуух юун. Нэмж хэлэхэд хэт удаан болсон байна лээ, 2 цаг 50 минут Тэнгисийн 3D хүнд нүдний шилийг хамар дээрээ тавьж сууснаас хамарны яс их өвдчихсөн гарч ирэв. Тэр Би дугаар 4 ч гэсэн харь гаригынхантай, өсвөр үеийнхэнд зориулсан зохиолтой л юм билээ. Ерөөсөө онцгой сэтгэгдэл төрүүлээгүй. 
Би уг нь criminal investigation, inspector-той ялангуяа murder or assassination гэмт хэрэг мөрддөг кинонд нугасгүй шд.Эсвэл ямар нэг үйл ажиллагааг маш сайн бүр дэндүү сайн зохион байгуулалттайгаар хийгээд баригдалгүй зугтаж алга болж буй кинонд их дуртай. Жишээ нь, Ocean 11 ч юмуу гайхалтай банк дээрэмддэг Inside Man ч юмуу.
Бас spy буюу бэлтгэгдсэн нууц ажилтантай кинонд Jason Bourne-ны цуврал, James Bond-ийн сүүлийн 2 ангиас болоод дуртай болчихсон. Хүүхэд байхдаа X-Files-д аймаар дуртай байж билээ. Хэлийг нь сайн ойлгохгүй мөртлөө ОРТ дээр үзээд л суудаг байсан. Саяхан энэ киноны сүүлийн уран сайхны ангийг нь үзсэн. Dana Scully-г арай гэж танисан шүү. Залуу харагдах гээд хэт их мэс засал хийлгэцэн юмуу нэг л сонин харагдаад байсан. 
Харин би одоо Lincoln Lawyer бас The Wall Street -ыг ориг DVD-гээр нь олж үзмээр байх юм. Hi-Fi, Orange records эд нарт байхгүй байна лээ. Өөр арвин их сантай DVD-ны дэлгүүр мэдэх хүн байвал хэлж өгөөрэй.    

Thursday, July 28, 2011

Солонгосын бороо

Нөхрийн найз Солонгос залуу ярьж байна. "Энд аймшигтай бороо ороод үер болж байна" гэхээр нь өөдөөс нь "Танайд бороо орж л байдаг биз дээ. Одоо яг борооны үе нь эхэлчихсэн байгаа биз дээ" гэсэн чинь "Үгүй ээ, аймаар бороо гээд байхад чинь. Бүр хүн үхээд байна за юу" гээд. Тэгэхээр нь нэт ороод харсан чинь нээрэн аймаар бороо ороод Хан мөрөн нь үерлээд байгаа юм байна шдээ. 
Сая хавар даа UBS телевизээр гараад байгаа Ногоон ирээдүй зорилтот эко шоуны нэг нэвтрүүлгээр Солонгосын өөрсдийн хийсэн нэг баримтат кино үзүүлж байсан юм. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт улс оронд яаж нөлөөлж байгаа тэр тусмаа Солонгост яаж нөлөөлөх тухай байсан санагдана. Тэндээс миний ой тойнд хамгийн тод үлдсэн нь дэлхийн цаг уур энэ чигээрээ ингэж өөрчлөгдөөд байвал 2050 он гэхэд Сөүл хот амьд хүн амьдрах аргагүй халуун, далайн эргийн хотууд нь байн байн асар хүчтэй хар салхинд цохиулдаг улс болно гэж байсан. Саяны энэ хүчтэй бороо үерний тухай сонсонгуут шууд тэр кино санаанд ордог байна шүү. 
Ер нь сүүлийн үед байгалийн гамшигийн тоо давтамж ба хүч нь 50 дахин нэмэгдсэн гэж хаанаас ч билээ уншиж байсан санаанд орчихлоо.  

Wednesday, July 27, 2011

Уймраа хүн

Би нээрээ сайхан уймарч байнаа. Ажлаа бодож явж байгаад 00 ороод бие зассан чинь гадуур нь асгараад уналаа. Гайхаад эргээд харсан чинь таглаатай 00-ын таглааг нь сөхөлгүй тэр чигээр нь шээчихсэн байх юм. Орж ирээд таглаатай байгааг нь хараагүй л байгаа юм даа. Битгий хүн шоолоод байгаарай. Ажилдаа түүртсэн уймарсан хүн л байгаа биз. Та нар бас ингэвээ гэсэндээ хэлж байгаа юм.

Ажлын зар

Нэгхэн өдрийн сонин дээр гарсан ажлын заруудыг би залхууралгүй бичье гэж бодлоо. Хайран сайхан залуус ажил олдохгүй Солонгос явна гээд оочёрлож байгааг сонсохоор уур ч хүрэх шиг ичих ч шиг өмнөөс нь.

Monday, July 25, 2011

Амраад өө...

Амарч амарч өнөөдөр л ажилдаа орж ирлээ. Нэг хэсэг ажилд яваагүй гэртээ хэвтчихсэн чинь тэр чигээрээ ажилд явмааргүй ч юм шиг санагдаад. Хүн нээрээ муу юманд их хурдан дасна шүү тийм ээ. Баярын дараах 7 хоногт гэртээ лагер дээрээ хэвтлээ дээ. Тэрэлж явж 2 хонолоо сайхан байлаа. Даанч манай нөхрийн хоолой нь өвдөж 40 хүрч халуураад. Юун цагаа олж өвддөг юм гээд үглээд л сууж байна. Хяслаантай ч юм шиг хүн жилд ганц удаа амралтаа аваад Тэрэлжид ирээд сайхан байхад чинь бүтэн жилжингээ өвдөөгүй юм байж гэнэт өвдөж халуурч хөдөлмөрийн чадвараа алдаж энэ тэр. Тэгээд төлөвлөсөн 7 хонох байснаа цуцлаад 2-хон хоноод хүрээд ирж байгаа юм. Тэгээд үлдсэн амралтын өдрүүдээ өвчтэй нөхрөө асарч өнгөрөөх болчихож байгаа юм. За за амралттай үеэр амжаад өвдөөд авсан нь зүгээр ч юмуу. Тэгэхгүй бол ид ажлын үеэр чөлөө авч нөхрөө асрах болно. Хөөрхий дөө ямар санаатай өвдсөн биш дээ. 
Энэ жил зуншлага үнэн сайхан байнаа. Хаашаа л харна ногоон дрож /ширдэг/ дэвсчихсэн юм шиг л. Хөдөө тэнэж явж байгаад Японд очоод суух байсан дотуур байрныхаа application өгөх хугацааг өнгөрөөгөөд хаясан. Та хугацаандаа анкетаа бөглөж явуулаагүй тул автоматаар хасагдлаа өөрөө байр сууцныхаа асуудлаа шийдээрэй гэсэн мэйл ирсэн байна лээ. Гэхдээ хөөрхий Японд ингэж тэгэж байр хөлсөлдөг юм гэсэн баахан гарын авлага унших юмны линкүүд явуулсан байсан. За яахав яахав, угаасаа дотуур байр нь аймаар үнэтэй юм байна лээ. Дөхүүлж байгаад байр хайна даа тэр хавиараа. Миний очих газар яг Токио биш болохоор байр сууц нь бас ч гэж гайгүй үнэтэй юм билээ. 
Яг нэг долоо хоног интернэт орохгүй, сонин уншихгүй, тв үзэхгүй байж үзлээ шд. Болдог л юм байна. Хамгийн гол нь нүд сайхан амарлаа. Ажилдаа ороод ирсэн чинь хийх ёстой ажил зүгээр л ширээн дээр овоо босгочихсон байх юм. Хөөрхий дарга маань үүнийг ингээрэй тэрийг тэгээрэй гээд баахан ажил даалгаад зарим дээр нь наадаг цаасан дээр бичээд заримыг нь имэйл бичээд үлдээжээ. Өөрөө тэгээд үнэхээр хийж бараагүй учраа тайлбарлаад хөдөө томилолтоор алга болоод өгч. Даргыгаа байхгүй үед нь би орлодог ухаантай юм. Би чинь зун амралтаа авах гэж элгийн юм болноо. Даргын хөдөө явах амрах хоногуудынх нь дундуур амралтаа шургуулдаг юм. Яагаад гэвэл бид хоёрын хэн нэг нь оффис дээрээ заавал байх ёстой. Тэгэхээр чинь үсрээд л 7 хоногийн амралт олдож байгаан. Харин ч энэ жил наадмын урт амралттайгаа 16 хоног амарлаа сайхан байлаа. Энэ ажилд орсноосоо хойш 7 хоногоос урт хугацаагаар амарч үзээгүй байсан юм. За ер нь залуу хүн тэгэж удаан амарч яах ч юм билээ дээ. Хийх ч юм олдохгүй. Гэснээс би энэ олон хоног амрахдаа шавайгаа ханатал Улаанбаатарын хэдэн дэлгүүрийг дуусгая гэж бодсон чинь амжсангүй шүү. Дэлгүүр хэсэх юмсаан. Дахиад амралтаа авмаар байна дэлгүүр хэсэх гэсэн юм гэвэл манай ажлынхан савж унах байх даа. Уг нь миний амралтын хоногууд бүтэн сар амарч хүрэхээр болчихсон байна лээ. Манайх нэг юм нь их сайхан. Сар бүр 2,5 амралтын хоног нэмэгдээд л байна. Тэгээд хэзээ ч хүссэн хугацаагаараа ажлаа зохицуулаад амарч болно. Заавал зун бүтэн сар ээлжийн амралтаа авна гэсэн юм байхгүй. Ажлаа л зохицуулж чадвал хүссэн үедээ 7 хоногоор нь эсвэл ганц хоёр хоногоор ч амралтаа аваад яваад өгч болно.      

Sunday, July 17, 2011

Хөвсгөл аяллын тэмдэглэл

Хөвсгөл явсан зургууд. Хүмүүс яагаад тийшээ явдгийг ойлгосон. Эх орноороо бахархаад бахархаад үнэндээ ханаагүй.

Wednesday, July 13, 2011

Өмнөговь аяллын тэмдэглэл

Хэдэн сайхан зураг хуваалцая Өмнөговь явсан зурагнууд.

Monday, July 11, 2011

Хүй долоон худаг

гэдэг чинь ийм гоё газар байдаг юмуу? Манай хүн жилийн жилд л наадмаа зохион байгуулна гээд гүйгээд явчихдаг, би 2 хүүхдээ хараад наадмын 3 өдөр гэртээ нам суудаг байхгүй юу. Энэ жил харин ёстой эсэргүүцэл үзүүлээд бид 3-ыг тэр Хүй долоон худаг руугаа авч явахгүй бол бараг сална гэж байж явлаа. Өнөө өглөө /11-ний өглөө/ хувцсаа өмсөөд бэлдээд байж бай би машин аваад ирье гээд бид 3 бөөн баяр. Тэгээд явлаа даа тэр газар луу чинь. 
Өдий хүртэл тийшээ чинь явж үзээгүй шд. Ямар ч сайхан уудам ногоон тал хөндий вэ. Яасан ч сайхан агаар устай юм. Өвсний үнэрт нь хамар сэтрэх гээд л. 
Даан ч азарганы уралдаанаас хоцорчихсон. Гэхдээ л сэтгэл маш хангалуун байлаа. 

Saturday, July 9, 2011

Урт удаан амралт + Цэцэг услах = ?

Наадмаар 14, 15-ны ажлын өдрөө өнөө маргааш шилжүүлээд нэгмөсөн бүтэн долоо хоног амрахаар болжээ. Уг нь сайхан л юм, амралтаа авч чадахгүй байгаа мань мэтэд нь. Даанч нэг асуудал байнаа. Энэ олон хоног амрахаар чинь цэцэгнүүд маань хатаад мажийчих гээд байдаг. Гэртээ аваад харьчихая гэхээр хэтэрхий олон. 
Тэгээд эцсийн эцэст шаварт унасан шарын эзэн гэдэг шиг би амралтын өдрүүдийн дундуур ирж цэцэгнүүдээ харж хандахаар болов. Манай ажлынхан бүгд цэцэгнүүдээ коридортоо гаргаад тавьчих юм. Би ирэхээрээ бүгдийг нь усална. 
Бусад албан газрууд яаж шийдэж байгаа юм бол доо. Сайхан наадамлаж наадамлаж иртэл хамаг цэцэг нь хатаад үхчихсэн байвал ямар олиг байх вэ дээ тийм ээ хө.

Thursday, July 7, 2011

Өнөөдөр

Бүрэн дүүрэн ч гэхэд хэцүү үгүй ч гэхэд хэцүү ажлын өдөр байлаа. Өглөөнөөс хойш бүтэн өдрийн workshop-д суулаа. Групп болж хуваагдаад баахан л худлаа ярьцгаалаа, яриагүй ч сэдэв алга, хүний хөгжлийн илтгэл, агаарын бохирдол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, даатгалын систем гэх мэт. Яг үнэнийг хэлэхэд workshop надад нэг их таалагддаггүй юм. Жишээ нь энэ нэг Вашингтоноос ирсэн нөхөр худлаа бид нарыг групп болгож хуваагаад баахан discussion хооронд нь хийлгэж хийлгэж баахан юм бичүүлж бичүүлж яриулж яриулж хамгийн сүүлд нь үдээс хойш өөрөө 30-хан минутын лекцерхүү пресентаци хийчээд /тэр нь хэтэрхий ойлгомжтой мэдээжийн юм/ за боллоо миний workshop-д маш идэвхитэй оролцсон та бүхэнд баярлалаа гээд л тарж байгаа юм. Үр дүн нь ч юу юм, бид нар юу ч сурж авсан юм бүү мэд. Хоол идэнгээ ярьдаг юмаа хурлын зааланд ширээ тойрч суугаад english дээр л ярьцгаах шив дээ. 
Энэ нөхрийг хэдэн төгрөгөөр хөлсөлж хаа байсан АНУ-аас чирж ирсэн юм бүү мэд. Би ч яахав, идэхэд уурганы морь юм болохоор цайны завсарлагын тоортнуудыг нь л гөвж суув. Хааяа бас нэг амаараа дүүрэн идэх юм чихээстэй тэрийг яах юм энийг яах юм гэж хашгирчихаад л. Workshop ч гэж нэг иймэрхүү л юм болдог юм дөө.  

Wednesday, July 6, 2011

Fashion

Ээмэгтэй хүн юм болохоор шуналтай гэж жигтэйхээн. H&M-ийн сайт үзэж байгаад өдөр тутмын палаажнууд нь таалагдаад болохгүй болохоор нь нааш нь чирээд ирлээ. Ганц хоёр кардиган ч байгаа байх. Бүсгүйчүүдээ наашаа суугаад жаахан нүдээ хужирлацгаая. Энэ загварууд нь бусад орны салбарт нь нэг их байдаггүй юм байна. Зөвхөн Англи дахь дэлгүүрт нь л байдаг юм байна. Бас үнэ нь солиотой хямдхан. Манайд байсан ч болоосой.

Monday, July 4, 2011

Хашаалсан газар

Хөдөө юм тарьж байгаа улс газраа хашаалаад малчдын хараалыг бардаг юм. Би зөв гэж боддог. Яагаад гэдгийг та бүхэн доорхи зурагнаас хараарай.

Friday, July 1, 2011

Тахианы вант улс-2

Байр
Тахианы байр нь өөрөөс нь хэт өндөр жишээ нь хүний өндөрт тааруулсан байж болохгүй. Намхан тэгээд бас төөрдөг байшин, тоглоомын талбай шиг байвал тахиандаа их тааламжтай байдаг юм. Манай тахианууд байраа ерөнхийд нь хоолны өрөө, унтдаг өндөглөдөг өрөө, тоглодог өрөө гээд хуваачихсан байсан. Тоглодог өрөөнд нь дээд давхар луугаа гардаг шат мат байдаг юм. Дүү бид хоёрт манай тахианы байр нэг их гоё том хүүхэлдэйн байшин шиг санагддаг байж билээ.

Wednesday, June 29, 2011

Тахианы вант улс

Намайг жаахан байхад манайх хотын захад хашаа байшинтай фермтэй байлаа. Хагас бүтэн сайнд бид гэр бүлээрээ очдог, тэнд эмээ бол байнга байдаг байв. Манайх 3 үхэртэй, 17 гахайтай, тавь гаран тахиатай, нэг нохойтой байсан юм. Би тахианд их дуртай. Тахиануудтайгаа ч их ноцолдоно. Тэгээд ажиглаж байхад тахиа гэдэг амьтан өөрийн гэсэн дүрэм журам бүхий нийгэмтэй юм билээ.

Хүний хөгжлийн илтгэл-2011

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монголын хүний хөгжлийн илтгэл-2011 гаргасан байгаа. Сургалт судалгаа хичээл номондоо хэрэглэх бол аваарай. Их хэрэгтэй хэрэгтэй тоо баримтууд байдаг юм шүү. 
Энэ удаагийнх нь байгаль орчны тал руугаа болсон байна лээ. Эндээс татаж аваарай.

Monday, June 27, 2011

Хүүхдүүд ээ гэж

Манай хоёр өчигдөр орой аавдаа загнуулаад. Тэгээд аав нь орой юманд гараад явчихсан юм. Тэгсэн манай хоёр диван дээрээ толгойгоо тулаад тв үзээд хэвтэцгээж байна. Эгч нь тэгэж байнаа,
-Ёооё, энэ аавтай нэг гэрт амьдрахад улам л хэцүү болоод байх юмаа. Дүү нь,
-Хайрин тх
Ингэж ярьцгааж байвал яахуу энэ одооны хүүхдүүд. 
 

Амралтын өдрийн сонин хачин

Манай хүү миний утсаар AngryBird тоглож байгаад бүх зургийг устгачихжээ. Нэг хэсэг гэр чив чимээгүй болчихвол миний утсыг аваад хаа нэг газар ороод нуугдчихсан тоглож байна гэсэн үг. Энд тэнд авахуулсан хэдэн зураг байсан юмсан. За одоо өнгөрсөн. Зураг гэснээс би уг нь гайгүй зурчихдаг л даа. Гэхдээ зөвхөн харж л зурдаг юм. Итгэлт баяны хэлсэн үг байдаг даа. Юм мэддэг хүний хажууд ичмээр дамшиг даа билүү. Мэргэжлийн зураач хүнд бол үзүүлж болохгүй юм байгаан.

Friday, June 24, 2011

Зам засвар хурдан дуусаасай

Өнөөдөр би талбайн хойд талаас нэвт урагшаа алхаад Гадаад явдлын яам орох гэвээ. Тэгсэн яг тэр Шангрилагийн урд ГЯЯ-ны тэр уулзварыг засаж байгаа юм байна. Ордны хоёр талаарх замыг хоёр урсгалтай болгох гэж байгаа тул энэ уулзварыг машид өргөтгөн засч байгаа ажээ.

Thursday, June 23, 2011

Нэг рекламны дууг олох юмсан

Содмонголын шатахууны картны нэг реклам байдаг юмаа. Энэ шатахуун хомсдохоос өмнө ТВ-үүдээр их явдаг байсан юм. Одоо бол огт явахаа байсан. Нэг нөхөр өглөө босоод л дандаа үнэтэй брэндийн юмнуудаа аваад л хамгийн сүүлд Содмонголын картаа түрийвчиндээ хийгээд гардаг нэг реклам байдаг даа. Хаанахын ч билээ костюм пиджак өмсөөд л Mont Blanc үзгээ аваад л Mercedes Benz-ийн түлхүүрээ аваад л. Тэр рекламны ард явдаг нээх ноцтой сүртэй ая байдаг даа. Тэр аяыг олмоор байнаа. Мэддэг хүн байвал хэлж өгч туслаач. Содмонголоор нь хайгаад ч, реклам хийдэг газраар нь хайгаад ч олохгүй байна. 

Даргын зөвлөгөө

Сонин харснаа манай дарга хэлж байна.
-Бридж группын захирал хийдэг байсан нэг япон нөхөр хар залуугаараа /50 гаран настай/ зуурдаар өнгөрчихөж. Манай Монголд их удаан /98 оноос хойш/ амьдарсан юм байна. Аягүй бол манай хоол унд агаарын бохирдол энээ тэрээд хордоод ийм бага насалж байгаа даа. Хэрвээ энэ хүн Япондоо байсан бол ингэж бага наслаа ч уу, үгүй ч үү. Япончууд чинь ямар ч байсан 70 элбэг хүрдэг биз дээ гэнээ. Тэгэхээр нь бид нар,

-Тэгээд бид нар Монголчууд өөрсдөө яагаад хордохгүй байгаан? гэсэн чинь дарга
-Бид нар чинь утаа мутаа хортой хоол хүнсний дархлаатай болчихсон байхгүй юу. Нараан чи Японд очихоороо эхэндээ машины зам бараадаад л яваад байдаг юм шүү дээ гэнээ.
-Яаж байгаан? гэсэн чинь,
-Яахав дээ. Очоод цэвэр агаарын хордлогонд орчихов. Жаахан машины утаа үнэрлэж дасч байгаад цаашаа цэвэр агаараар амьдрахгүй юу гэнээ. Баахан хөхрөлдөв.

Monday, June 20, 2011

Найздаа гомдов

Оюутан цагаасаа найзалсан гарын таван хуруунд элбэг багтах хэдхэн найзтай юм би. Ажил амьдралын мөр хөөсөөр амрах зугаалах завдал ч болдоггүйгээс тэрүү амьдрал зохиосон эмэгтэй хүний жам ёсоор ч тэрүү найз цөөтэй. 
Сарын өмнө овоо л юм үзэж нүд тайлсан найз маань над руу гэнэт залгаад сая төгрөг өгөөд элсэж ордог сүлжээний тухай учиргүй магтаад орохыг ятгаад байсан юм. Би түүнд тархиа угаалгасныг нь мянга тайлбарлаад наадах чинь гэмт хэрэг чи хохирогч болно эсвэл хамтран залилагч болно гэж мянга хэлээд байхад л өөрийнхөө зүтгээд байсан юм. Уг нь их л ашигтай юм шиг байна шдээ гээд гэнэн зангаа хэн нэгэнд ашиглуулсан нь тов тодорхой байсан муу найз маань. Чи удахгүй учрыг нь ойлгоно, наадхыг чинь санхүүгийн пирамид гэдэг залилангийн хэрэг, бушуухан холдож үз гэж ятгасны хүчинд найз маань өөрөө ч орчихолгүй өрөөлийг ч ятгалгүй салсан байх.
Гэтэл өнөөдрийн сонин дээр өнөөх сүлжээний хүмүүсийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн хорьсон мэдээ гарсныг хараад гэнэн цайлган зангаараа найз руугаа залгаад "Чиний нөгөө яриад байсан сүлжээнийхэн баригдаад эрүүгийн хэрэг үүсчихсэн байна" гээд хэлчихсэн чинь харин өөдөөс учиргүй уурлан тас намжирддаг байна шүү. "1-рт тэр чинь миний сүлжээ биш, 2-рт би наад мэдээг чинь 3 хоногийн өмнө сонссон. Гэхдээ яахав мэдээлэл өгсөнд чинь баярлалаа". "Би чинийх гээгүй чиний ярьж байсан гэсэн шдээ". "Тэгээд яачихаав. Ямар ч байсан мэдээлэл өгсөнд чинь баярлалаа". "Аан заа за" гээд би загнуулсандаа гомдоод дуу маань цаашаа ороод утсаа тавьчихсан. Би уг нь түүнд энэ чинь гэмт хэрэг гэж хэлсэн маань үнэн байгаа биз дээ л гэж хэлэх гэсэн юм. Угаасаа л 10 жилийн алгебрийн хичээл дээр санхүүгийн пирамид гээд залилангийн тухай үздэг л биз дээ. Элсэж орсон хүмүүс нь доороо бас олон хүн оруулаад тэднийхээ оруулсан мөнгөөр цалинждаг, тэгээд хамгийн эхний пирамидын орой дээрх хүмүүс нь хожоод доод суурины хүмүүс нь бүгд хохироод үлддэг гээд.
Өдий олон жил найзалчихаад надад ингэж муухай хандахад нь гомдмоор санагдлаа. "Харин тийм байна лээ, найз нь ойлгосон" гэж хэлэх болов уу л гэж бодсон юм.   

Богино кино үзээрэй

Ой модны хэмжээ


2000 онд манай дэлхийн ой мод ийм байсан байна:


Одоогийн хэрэглэж байгаагаар ой модоо хэрэглээд байвал 2100 онд ийм болох юм байна. 

 Үүнээс үүдэж гарах хүлэмжийн хийн ихсэлт, цаг уурын өөрчлөлтийн талаар яриад ч хэрэггүй биз.