Сая семестер дундын шалгалт шүүлгийн үеэр багш нарын үнэлгээний онцлогууд харагдав. Зарим багш нь долоо хоног бүр даалгавар өгч дараагийн хичээл орохоос өмнө багш руугаа явуулдаг бол зарим нь лекц орж явж явж байгаад эцэст нь нэг том пресентаци хийлгэдэг ч байна, эсвэл бүх хичээлээ орж дуусаад 3 долоо хоногийн хугацаатай нэг томоохон даалгавар өгдөг ч байна, эсвэл шууд нэг өдөр товлоод конкурс шиг сүртэй том шалгалт авдаг багш ч байна, эсвэл лекц бүрийн өмнө 15 минут тусгайлан гаргаад түрүүчийн лекцнээс багшийг хариулж чадахгүй ээрч мууруулах сүрхий гээчийн 3 асуулт асуух шаардлага тавьдаг ч багш байна. Тухайн багшийн санал болгож буй хичээлийг янз бүрийн департмент буюу манайхаар бол жишээ нь ТИС доторх элетрон инженерийн сургууль, уул уурхайн сургууль, үйлдвэрлэл технологийн сургуулийнхан ч гэдэг юмуу аль хамаагүй газраас ямар нэгэн оюутан сонгочихож байгаа юм. Хичээлээ яаж сонгодгийг би дээхэн бичиж байсан даа. За одоо өнөө сонгосон оюутнуудын сургуулийн имэйл хаягаар нь хичээл орох газар цаг, хичээлийн хуваарь агуулга, багшийн сиви танилцуулга, үнэлгээний арга зэрэг нь багшаас хүрээд ирнэ. Цаагуураа онлайн систем учраас чи тэр хичээлийг сонгосон л бол чиний сургуулийн и-системд бүртгүүлсэн бүх мэдээлэл багшид очно. Хичээл болгон дээр зузаахан хавтас бэлдэж авахгүй бол лекц орох тоолонд зузаан зузаан handout тарааж өгсөөр байгаад /голдуу Powerpoint дээр бэлдсэн лекц нь байна/ өчнөөн бичиг цаас болдог юм. За ингээд лекц ороод яваад л байна, яваад л байна. Нэг хичээлийн цаг 100 минут. Хичээл дундах зай 5 минут, цайны цаг 12-с 1 цаг хүртэл /яг ажил шиг/. Өдөрт 5 цаг л хичээл орох боломжтой. Гэхдээ тэгэж өглөө 8-аас орой 5 хүртэл хичээлд тасралтгүй сууна гэж ойлголт байхгүй. Үдээс өмнө нэг лекцэнд үдээс хойш бас нэг цагт л сууж амжиж байгаан. Би нийтдээ 10 хичээл сонгосон . Үүний 6 нь нэг семестер дотроо багтаад ороод дуусчихна. Өөрөөр хэлбэл 10-р сараас 3-р сар хүртэлх үргэлжлэх энэ семестерийн яг дунд хүртэл нь /12 сарын 1 хүртэл/ нэг хичээл орж байгаад дуусангуут 12 сараас эхлээд дараагийн хичээл нь яг тэр цаг дээр нь залгаад явчих юм. Даваа Мягмар Лхагва гаригийн үдээс өмнөх хичээл ийм хичээлүүд бөгөөд дээрээс нь өөр кампуст ордог учир би ганц цагийн лекцэндээ суух гэж бүтэн цаг метро дамжиж яваад хичээлдээ суучихаад буцаад үдээс хойшхи лекцэндээ амжиж ирэх гэж галзуу солиотой амьтан л гүйнэ шүү дээ.
Япон хэлний хичээл бас орноо. Долоо хоногт 3 удаа өглөө 9-10 хүртэл орно. Уг нь бүхэл бүтэн 1-р үеийнхээ номыг үзээд дуусгачихсан юм байгаан шд. Даанч япон хэлээ ангиас гараад л мартчихдаг болохоор сураагүйтэй л адил явна. Манай япон хэлний ангийнхан ч ялгаагүй дээ, надтайгаа л адилхан. Учиргүй цоороод яриад байгаа ч амьтан алга, бас багшийг юм асуухаар өөдөөс нь амаа ангайгаад цоо ширтдэг байснаа ч болисон, нэг муу юм амандаа гүвтнээд байдаг болцгоосоон бас ч гэж. Би чинь анхан шатны түвшний 1-ын А гэдэг анги шүү дээ. Манай анги Египет-1, Канад-1, Польш-2, Тайван-1, Хятад-1, Вьетнам-1, Америк-1, Герман-1, Португал-2, Бельги-1, Франц-1, Монгол-1 гэсэн бүрэлдэхүүнтэй. Нэг юм анзаарахад зөвхөн гадаад оюутан ч биш, судлаач, зочин профессор, багш, ер нь хэн ч байлаа сургуульд ирсэн л бол Япон хэлэнд суу гэчихдэг юм шиг байгаан, янз бүрийн нөхдүүд байдаг юм. Даалгавар хийнэ гэж хэзээ ч байхгүй, тэрийг нь мэддэг ч юмуу даалгавар бараг өгдөггүй, өгсөн ч шалгадаггүй, шалгасан ч хийгээгүй бол юу ч хэлдэггүй, шалгалт ч авдаггүй нэг сайхан хичээл байнаа байна. Уг нь хааяа нэг Япон хэлний номоо сөхөөд харчихмаар байвч тэрнээс наана унших ёстой бичих ёстой түмэн даалгавартаа булуулаад амжихгүй юм.
Ядаж байхад би чинь бакалавртаа сурч байснаас жаахан холуур сэдэв сонгочихсон чинь хичээл дээр энэ сэдвийнх нь гүнзгий юмыг заагаад байдаг, би эхлээд үндсэн ойлголтыг олж авахын тулд бие дааж маш их ном уншиж судлах хэрэгтэй болчихоод байдаг. Тэгэхгүй бол юун тухай яриад байгааг нь ойлгохгүй өнгөрчих гээд байна. Заримдаа орой нь гэртээ ирээд (...-ын үндсэн ойлголт гэдэг) номоо уншиж байж л "Аан өнөөдрийн лекцэн дээр энэ тухай яриад байсан юмуу" гэж орилох шахах юм.
Одоо тэгтэл он гараад лабораторийн ажил эхлэнэ гэнээ. Би чинь хамгийн сүүлд 10 жилийн өмнө л сургуулийнхаа лабораторийн хаалгыг хааж гараад тэр чигтээ явж байгаа хүн. Тэгээд ч манай сургуулийн лабораторийг энэ Японы их сургуулийн лабораторитой зүйрлэх ч юм биш. Дээрээс нь бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд тоног төхөөрөмжинд бараг хувьсгал гарсан байхаа. За яахав, нэг барьж аваад нухаад байхад мэдэхгүйгээ сураад мартсанаа сэргээх байлгүй дээ.
3 comments:
hehe bi bas anh gadgaadiin lab-d ochood angaij bilee gsn :P . electrophoresis gej zondoo unshsanaas yag hiij uzeegui, bagajiig ni hurtel haraachgui bgaa yum chin. zondoo sanaa zovdog bj bilee. tehdee yag hiigeed ehleheer amarhan l yum bna lee. lab ajil chin dandaa protocoliin daguu yavdag bolohoor. turshiltaa tolovloh chin l hamgiin tom ajil yum bilee hehe
Unshsan chiny surmaar sangdchihlaa.
Amjilt husii.
Та ч бас хичээлдээ суугаад байх юм би бол хичээлдээ суудаг ч гүй байсан
Post a Comment