Saturday, January 28, 2012

Амлалт: Цасны зураг

Амласан ёсоор цасны зураг оруулав. Утсаараа авсан зураг болохоор бүдэг байж магад.

Thursday, January 26, 2012

Цас

Би цасыг ямар их санасан гээч. Хүн гэдэг чинь байгалийн амьтан юм болохоор цаанаасаа 12 сараад ирэхээр цас үгүйлээд байдаг юм байна. Халуун дулаан газар дасаагүй болохоор тэр байх л даа. Энд ирснээсээ хойш өвөл болохыг нь хүлээгээд л байлаа хүлээгээд л байлаа. Манайхаар бол 9 сарын 20д шиг л байгаад байгаа юм. Би энд 10 сарын 1нд ирсэн, манай ажлынхан намайг гаргаж өгөх парти 9 сарын 27нд хийсэн юм. Тэгэхэд орой нь ажлаа тараад өнөө ресторан руугаа алхаж байхад би одоо өмсөж байгаа энэ хувцастайгаа ёстой хөлдөж үхэхээ шахаад нус нулимс гоожоод хацар гар хайрагдаад бөгс мөгс жиндээд жигтэйхэн даарч очиж билээ. Энд хичнээн хүйтэрсэн ч арай түүн шиг даарахгүй л юм. Одоо тэгээд хавар намрын курткатайгаа яваад л байгаа. Сая уржигдар орой нөхөр бид хоёр дэлгүүр явлаа. Усан бороо цутгаж байсан юм. Доогуураа шалба нороод хамаг хувцас гутал нэвтрээд хачин юм болов. Орж ирээд хувцсаа хатаах гэж тавьчихаад хоолоо хийж идчихээд нөхөр тамхилах гээд балкон дээр гарснаа "Хүүш ээ, энэ чинь одоо юу болоод байнаа" гэдэг юм байна. Яав гээд гараад харсан чинь өнөө усан бороо чинь нэвсийсэн цас болчихсон орж байвал яах уу. Бүх юм цав цагаан цасаар хучигдаад агаарт бараг алга шиг том том цасан ширхэг эргэлдээд. Хоёр гуравхан цагийн өмнө нөхөр бид 2-ын нэвт норсон усан бороо шаагиж байсан орчин тэр чигээрээ 180 градус өөрчлөгдчихсөн байх юм. Зүүдлээд байгаа ч юм шиг санагдсан шүү. 
Цас шөнөжингөө ороод маргааш өглөө нь бүх юм цав цагаан ямар гоё харагдаж байваа. Нов ногоон навчтай моднуудыг цасанд даруулчихсан байхыг харах бас гоё л юм байна. Даанч эдний цас нь өдөртөө хайлаад л урсаад алга болчих юм. Аргагүй дээ нэмэх 7-той байгаа юм чинь. Цас орохоор усны гутал өмсдөг юм байна шдээ. Гэр бүлээрээ усны гутал авахаас. Хамаг гутал бүгд норчихсон. Монгол шигээ санаад цас оронгуут нь баярлаад үстэй куртка уугий өмссөн чинь дээгүүрээ халууцаад доогуураа шалба норчих юм. Бас дугуй гулсаад хальтраад ерөөсөө унаж болохгүй болчихдог юм байна. Одоо дахиад цас орвол их туршлагатай боллоо. 
Дараагийн пост дээр ганц хоёр цасны зураг оруулнаа. Хоккайдод нь хасах гуч хүрээд 2 м өндөр цас ороод бөөн юм болж байгаа юм байх өө. Зурагтын суваг болгоноор гараад л мэдээ болгоноор яриад байх юм. 
Бас нэг балай мэдээ гараад байх юмаа. Токиогийн их сургуулийн Газар хөдлөлийн судалгааны хүрээлэнгээс Токио орчимд 12 баллын хүчтэй газар хөдлөлт ойрын 4 жилд болох магадлал 70% гээд мэдээ гаргачихаж. Одоо тэр нь бүх сонин дээр нь бичигдээд бүх тв-гээр нь гарч байна. Бүр манай гэрийнхэн 4 70 гэдэг тоог цээжилчихсэн, мэдээгээр энэ тухай ярихаар "Өө нөгөө дөрөв дал чинь гарч байна" гэдэг боллоо шд. За одоо яахав дээ. Энэ чинь зүгээр магадлал шүү дээ. 
За за сайхан цасны зураг оруулнаа дараагийн пост дээр. 

Monday, January 23, 2012

Цэцэрлэгт хүрээлэн

Манай гэрээс 2 км орчимд нэг сайхан том цэцэрлэгт хүрээлэн байдаг юм. Тэндэхийн хэдэн зураг оруулчихая. 
Энэ аль 10 сард авсан зураг болохоор хэтэрхий ногоон байна. Одоо арай л сааралдуу өнгөтэй болчихсон байгаа. 

Friday, January 20, 2012

Сэтгэлээр унав

Чарли Чаплины "Алт" гээд кино байдаг даа. Тэр чинь одоо 1890-ээд оны үеийг харуулсан кино шүү дээ. Яг ийм амьдрал дүр зургийг та эндээс олж уншиж болох юм. Манай Монгол улс хөгжил дэвшлээрээ хаана хэдэн онд ч яваад байгаа юм дээ мэдэхгүй. Бас манай Улаанбаатар яг хэдэн оны үед утаагүй болох юм бол доо. Одоо яг ид хүйтэрч байгаа даа. Өдөртөө -20 давж байгаа гэсэн. Хөлдөж үхэхгүйн тулд түлж болох бүхнийг л түлнэ. Юун тэр утаа май, хорт бодис, агаарын бохирдол манатай.  

Ходоод нойр

Ойрд нойргүй болчихлоо. Өглөө 7 цагт босч байгаан, өдөржин нааш цааш холхичихож байгаан. Тэгээд л орой 12 цагийн орчим унтах гээд хэвтэхээр өнөө нойр гуай байхгүй. Хаачсан юм бүү мэд. Тэгэж тэгэж эргэж хөрвөөж байж заримдаа 4 цагт унтаад байх шиг байгаан, за яахав ихэнхдээ 1 өнгөрчихөөд байх шиг байгаан. Бүүр тэсэхээ байхаараа босч бие засаад цаг хардаг байхгүй юу. Нэг удаа 3 цаг 55 минут болж байсан, нэг удаад нь 1 цаг 10 минут болж байсан гэх мэт. Сэтгэл санаа тайван биш нэг юманд санаа зовоод байхаар ингээд нойргүй болчихдог юм гэсэн. Хааяа нойр хүрэхгүй байх нь бий л дээ, гэхдээ арай ингэж өдөр бүр бишээ. 
Тэрнээс гадна ходоод өвдөөд махийж байнаа. Ямар азаар монголоос хэдэн Но-шпа чирж ирсэн юм. Оройн хоол идээд л 2 цаг орчмын дараагаас эвгүй болоод л бүүр сүүлдээ аймаар янгинаж өвдөөд эм уухаас наашгүй болчих юм. Өглөө босч ирээд их юм идчихвэл сургууль дээр ёстой 90 градус тонгойж явтлаа өвдөөд байх юм. Сургуулийн эмнэлэг орохоос доо тэгэж байгаад. 
Энд Японд аптекаас дураараа эм аваад уучихна гэсэн ойлголт байхгүй. Эмийг эмч нар эмнэлэг дээрээ л өгдөг. Аптект гоо сайхан, ариун цэврийн бараа, витамин, тураадаг, хүч тамир оруулдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, шархны лент, боолт, ханиад толгойн эмнүүд тиймэрхүү л юм байдаг юм. Аан тийм, өтгөн хаталтын эсрэг эм янз бүрээрээ байдаг юм билээ их сонин. Тэр нь надад их зүгээр санагдаад байгаан. Миний өтгөн их хатаад байдаг болохоор. 
Өө юу ярьж байлаа даа. Сургуулийн эмнэлэгт үзүүлэхээр ноцтой юм байвал ийш тийшээ явж үзүүл гээд эмнэлэг зааж өгөөд байдаг юмаа. Миний зүрх муу байна гэсэн шд нээрэн. Дээр намар шинэ оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаагүй юу. Тэрний хариу нь 12 сард гараад. Тэгсэн эгчийг зүрхний эмчид үзүүл гэсэн хариу гарсан шд. Үгүй ээ үгүй, тэгэж хэлсэн юмаа. Тийм хариу гараад байхдаа яахав дээ. 
P.S. Гуталчаан. Хаван чинь яаж байна?

Thursday, January 19, 2012

Хүүхдийн ном

Манай хоёр оройд ном уншуулдаг юм орондоо орчихоод. Нэг хэсэг намайг эзгүйд энэ уламжлал завсардаж байгаад одоо Японд ирээд дахиад үргэлжилж байна. Заримдаа туйлбаргүй ээж гуай ажил хаялт зарлаж "Өнөөдөр шууд унтчих л даа" гэж гуйж нэг үзнэ, "Ээж нь өөрөө унших юм их байна, юун та хоёрт ном уншиж өгөх" гэж уурлаж нэг үзнэ. Муухай ээж байгаа биз. Хүүхэд нь ном уншаад өг гэхээр уурладаг...

Monday, January 16, 2012

illegal copy of software

Мэдмээр юм байна, мэддэггүй нэгэндээ хэлмээр юм байна. 
Энэ бичлэгийг анх ирснийхээ дараахан бичье гэж бодож явсаар мартаж өнөөдрийг хүрчихэж.

Friday, January 13, 2012

Бодлого бодов

Ойрд нэт ухаж баахан цацраг идэвхийн мэдээлэл уншив. Тэгээд ганц хоёр юм ойлгосноо хуваалцая гэж бодлоо. Уг нь би наашаа ирэхээсээ өмнө энэ талаар нилээн уншиж байсан ч файлуудаа олдоггүй ээ. Ажлын компьютер дээр үлдчихсэн юм шиг байна. 
Цацраг идэвхийн тунгийн харьцуулалт
Энд дандаа жилд авах тунгийн хэмжээгээр бичсэн байгааг анхаараарай. Одоо бодъё. Манай энэ хавьд ойролцоогоор 0.5 микрозиверт/цаг байгаа гэж үзвэл 0.5 x 24 цаг = 12 микрозиверт/хоногт, харин жилд 12 х 365 өдөр = 4380 микрозиверт/жилд болж байна. Ингээд дээрх зургаас харвал дэлхийн дундажаас 2 дахин их болох юм байна. Харин ердийн хүний хүртэж болох хязгаар (ямар нэг туяан эмнэлгийн үйлчилгээ аваагүй) болох 1000 микрозивертээс 4,38 дахин их байна. Тэгэхээр бид нар 0.5 микрозиверт/цаг бүхий нөхцөлд нэг жил амьдрахад ев ердийн үеийнхээс 4 дахин их цацраг идэвхи олж авах нь ээ. Манай энэ хавиар голдуу 0.25-тай байна гээд өдөр тутам мэдээлээд л байна лээ л дээ. Хэрвээ энэ тоо ихсэхгүй бол бидний жилийн авах тун 2190 буюу ердийн хүнийхээс 2 дахин их, харин дэлхийн дундажтай ойролцоо байх юм. 
За дараагийнх тооцоо. Цацраг идэвхит Цезиум 137-ын тухай Wiki аниагаас асуувал 140МBq/kg тунг нохойд уулгачихсан чинь 3 долоо хоногийн дараа мажийчихсэн гэнээ. Манай энэ хавьд 70,000 Bq/kg хэмжээтэй байгаа юм гэсэн. Тэгэхээр энэ тунг хүртэхэд хэдэн ширхэг гурван долоо хоногийн дараа мажийх вэ гээд бодвол 
140 Mega Becquerel = 140 x 10-ын зургаан зэрэгт буюу 140,000,000 
140,000,000 / 70,000 = 2000 ширхэг 3 долоо хоногийн дараа мажийна гэсэн үг. 
2000 x 21 хоног = 42,000 хоног буюу 42,000 / 365 хоног = 115.068 жил
Энэ бол зүгээр тоон тооцоолол л доо. Яг үхэх нь энэ гэж гарч ирж байгаа болохоос хорт хавдар үүсгэх магадлалыг тэдэн хувь ихэсгэнэ гэсэн тооцоо биш л дээ. 

Thursday, January 12, 2012

Сэтгэл санаа хэцүүхэн байна!

Манай энэ хавийн цацраг идэвхийн хэмжээ Японы үндэсний лимитээс нь бараг 10 дахин хэтэрчихсэн байх юм. Сэтгэл санаа гэж авах юм алга. Шөнө нойр ч хүрэхээ байлаа. Яршиг хүүхдүүдээ аваад буцдаг ч юмуу гэж бодох юм. Эсвэл Токио руу нүүдэг ч юмуу. 2 хүүхдээ Монгол руу буцаадаг ч юмуу. Тэгэхээр нөхөр боогоод үхчихнэ л дээ. Тэгээд ямар энд ингээд байгаад байлтай биш.
Цацраг идэвхит Се-ийн хэмжээ лимит нь 8000 бекүерел кг байдаг бол манай энэ хавиар 70,000-тай тууж явах юм. Бороо хур тунадасаар л туугдаад ирсэн гэж мэргэжлийн хүмүүс нь үзэж байх шиг байна.
Би одоо яах вэ? Хоол ч хоолойгоор давахгүй, шөнө ч нойр хүрэхгүй юм. Ойрын хугацаанд Токио нүүх талаар л яаралтай бодохоос. Яг Токио хавиараа гайгүй байгаа юм билээ.
Хүмүүс чацаргана цацраг идэвхиэс хамгаалдаг, сансрын нисэгчид хэрэглэдэг байсан гэж яриад байх юм. Хэрвээ энэ үнэн бол Монгол руу баахан чацарганы шүүс тос захидаг юм билүү? Энэ талаар дуулсан хүн байна уу?

Tuesday, January 10, 2012

Цэцэгс

Монголдоо байхдаа гэрийн цонхоор дүүрэн цэцэг тарьдаг байлаа. Би цэцэг тарих их дуртай. Энд ирээд ганц цикламен цэцэг авсан нь одоо гал тогооны ширээн дээр ургаж байгаа. Нэг сонин юм нь эндэхийн цэцэг нь бүгд гаднаа байдаг юм. Энэ цэцгийг бас гадаа ил цэцгийн дэлгүүрээс аваад гэрт оруулаад тавьчихсан чинь муу ургаад байгаа. Монгол дахь гэрт маань байсан цэцгүүд.

Муу зан сурч байна

Хүн гэдэг амьтан орчиндоо дасах чадвараараа номер нэг байхаа. Нутагтаа байхдаа дайны суманд оногдохоос зугтаж байгаа цэрэг шиг л зам гараад, хасах хорь морин хэмийн хүйтэнд ажилдаа яваад болоод л байдаг байлаа. Одоо тэгсэн сайхан газар ирчихсэн дасаад муу зан сурч байнаа байна. 
1. Ногоон гэрэл ассан л бол замаар бараг нүдээ аниад гараад байх юм. Яагаад гэвэл хажуунаас эргэж ирж байгаа машин нь заавал хүнээ гаргаж байж явдаг болохоор. Тэгээд ч явган хүн, дугуйтай хүн ногоон гэрэл гарцан дээр хаан. Машинтай хүн дараа нь л бичигдэнэ. Монголдоо очоод ингэж ногоон гэрлээр шууд гараад машины дугуйны нөхөөс болох вий дээ. 
2. Юм болгонд гэрийнхээ хаягийг өгөөд "явуулчих" гээд сууж байдаг боллоо. Шуудангийн үйлчилгээ, хаягжилт хоёр нь гайхалтай болохоор шуудан илгээмж бол сүн гээд л хаалга тогшоод ороод ирнэ шүү дээ.
3. Хүнээс юм асуух их дуртай болчлоо. Уриалгахан нь аргагүй зааж өгөөд байдаг болохоор бүр асуумаар санагдаад байх юм. хихихи.
4. Дээд зэргийн найрсаг сайхан үйлчилгээ авсаар байгаад муу зан сурах нь ээ. Дэлгүүр хоршоо, хоол ундны газар ер нь хаана ч өмнө бараг сөгдөх шахам /нэг банкны хүүхэн миний өмнө сөгдөөд, би бүр санаа зовоод босоод зогсчихсон шд/ инээд алдан үйлчилдэг болохоор Монголдоо очоод нэг хэсэгтээ бохь зажилсан, хүйтэн, хямсганасан үйлчилгээндээ буцаад дасах гэж бөөн юм болох байх даа.
5. Хаа сайгүй цэв цэвэрхэн болохоор гудамжинд хог тааралдвал нүд орой дээрээ гарах гээд байдаг болох нь ээ. Улаанбаатартаа очоод гудамжаа өөрөө шүүрдмээр санагдаад байх юм. Нус цэрээ хаяж байгаа нөхдийг ам руу нь гудамжны шүүрээр цохьдог шийтгэл гаргавал таарна. Нэг удаа охиноо хичээлээс нь аваад МУИС-ын урдуур гараад алхаж явсан юм. Автобусны буудлын хажуугаар өнгөрөх үед нэг оюутан банди яг бид хоёрын өмнө цэрээ пүл хийтэл хаяад. Охин бид хоёр цочсондоо "Хүүе" гэж орилоод зогтуссан шүү. Яг бид хоёр луу түй гээд нулимчихаж байгаа юм шиг санагдсан. Тэгээд хүн гайхаад эвгүйцээд дургүйцээд зогсож байхад чинь уучлаарай ч гэх нь байтугай бүр юу ч болоогүй юм шиг тоох ч үгүй байгаа юм чинь.
Санаанд орж байгаа нь иймэрхүү байна. Цааш нь бичнэ ээ. 
   

Thursday, January 5, 2012

Японы бага дунд сургууль

Манай охин бага сургуульд явж байгаа болохоор эдний бага сургуулийн талаар их ойлголттой болоод байна. Наашаа ирэх гэж байхад энд сураад очсон манай найз хүүхэн "Японы дунд сургуулийн хүүхдүүд их хэцүү, гадаад хүүхдийг их гадуурхдаг, дээрэлхдэг, өөрөөр хэлбэл ижимэддэг" гээд байсан юм. Миний санаа зовж блогчин Бямбаа, Гилийн хатан эгч рүү хүртэл имэйл бичин асууж байлаа.