Wednesday, December 29, 2010

Ичих хэрэгтэй

Өглөөд Google reader-т орж дагадаг хэдэн блогт маань юу нэмэгдснийг шалгадаг бүүр заншилтай болчихжээ. Гэтэл блогчдын сайн танил нийгмийн сэдвээр бичдэг Vinzo-гийн блогоос нэг сонин юм уншаад мааш их гайхлаа. Урьд нь түүний бичиж байсан Цагаан махны хэргийн тухай уншиж байсан л даа. Иймэрхүү нэр нүүргүй юм үе үе гарч л байдаг байх гэж бодож байсан ч арай ч ингэж уралдаан тэмцээнд ортлоо даварсан гэж бодоогүй байсан юм. Түүний дээхнэ үед бичиж Иргэний Зориг намын 10 жилийн ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлж байсан бичлэгийг гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд Монголын Засгийн газраас зарласан "Эх орныхоо хөгжилд миний оролцоо" сэдэвтэй зохион бичлэгийн уралдаанд Японд сурдаг нэг нөхөр шууд copy past хийгээд өөрийн нэрийг тавьж оролцоод тусгай байранд шалгарчихсан байх юм. 
Мэдээж Засгийн газрын нөхдүүд энэ эссе нь хаа нэг газраас туучихсан юм биш биз дээ гэж шалгахгүй байх л даа. Хамгийн гол нь энэ нөхөр өөрөө айх ичих ёстой гэж бодож байна. За байз би ингээд хуулаад тавьчихаар их олон хүн нэтээр уншина, тэгэхээр ямар ч байсан жинхэнэ бичсэн хүнийг нь таньдаг мэддэг үүнийг уншиж байсан хүн гарч ирж л таараа гэж боддоггүй юм байх даа. Эсвэл зөвхөн Засгийн газар луу л явна, өөр хэн ч уншихгүй гэж бодсон юм болов уу. 
Нээрэн бас нэг хуурамч луйврын тухай сонин дуулгахад  УИХ-ын гишүүн Тлейханы туслах Ш.Айдос гэгч нөхөр Ерөнхийлөгчийн гарын үсэг тамгатай хуурамч бичиг үйлдэн Оюу Толгой компани руу явуулж 300 сая төгрөг нэхсэн байх юм.
Луйвар янз бүрийн хэлбэрээр газар авч байна шүү.

Wednesday, December 22, 2010

Үнэгүй e-book олж авах газрууд

Нээг их олон газар олоогүй ээ. Гэхдээ хамгийн гол нь энд миний хайсан ихэнх номнууд байсан юм. 
Энд янз бүрийн хэлбэрийн файлууд байна лээ. Аудио хэлбэрээр гэх мэт. Зарим ном нь ном биш тухайн номыг уншсан review -ээ оруулчихсан байсан шүү. Анхаараарай. 
Харин энэ бол Гутенбергийн төсөл буюу хамгийн анх байгуулагдсан е хэлбэрийн номын сайт өөрөөр хэлбэл дижитал номын сан. Гэхдээ бас зарим ном байхгүй байна лээ. 
За 3 дахь нь харин овоо номтой юм байна лээ шүү. Би бараг ихэнх номоо эндээс олсон. 
Ер нь их олон сайтууд байдаг байх л даа. Гэхдээ би нилээн олон газрыг туршиж шүүж үзсэний эцэст энэ 3 л их зүгээр санагдлаа. Номоо ямар л бол ямар файлын хэлбэрээр татаж авч болно. Гол нь үнэгүй, тэгээд бүтнээрээ. Аан нээрэн би дандаа уран зохиолын ном хайсан юм шүү.     

Friday, December 17, 2010

Утаатай байлгах сонирхол бий юу?

Хөөрхий муу Улаанбаатар минь утаан дундаа сүүмэлзэнхэн байна. Жилийн 12 сарын бараг 9 сард нь гал түлж дулаацдаг учраас утаа байхаас өөр арга алга. Ямар хөлдөж үхэлтэй биш. Өнөөдрийн сонин дээрээс энэ мэдээллийг уншаад манай хотын удирдлагад Улаанбаатарыг утаатай нь байлгах сонирхол байдаг юм байна гэж бодов. 
Яагаад гэвэл жил бүр утааг багасгаарай гээд хотын төсөвт 4-6 тэрбум төгрөг суулгаж өгдөг. Үүнийг тендер зарлах нэрээр аж ахуйн нэгжүүдэд тарааж өгөөд тэднээс тендерт ялуулсны хөлс гэж тодорхой хувийг нь хүртдэг аргатай болчихсон юм шиг байгаан. Хэрвээ утаа багасаад дахин дахин төсөвт утааны мөнгө хуваарилах шаардлагагүй болвол энэ тендерээр баяжигсад хоолноосоо салах учраас утаа тэдэнд ашигтай юм байна. Яг л нөгөө эртээд миний хэлж байсан, траншейны тагийг хэзээ ч алга болохгүй хуванцар тагаар сольчихвол төмөр таг оруулж ирж улсад шахдаг нөхрийн бизнес зогсчих учраас улс хэзээ ч хуванцар тагийг авахгүй ээ гэж байсан түүнтэй адилхан л юм байна. Тэгэхээр одоо Лу.Гантөмөр гишүүний шөнийн цагаар цахилгааны төлбөрийг 0-лэх хувилбарт л найдахаас.  

Tuesday, December 14, 2010

Цэвэр агаар - Эрчим хүч хэмнэлтийн үзэсгэлэн үзэв

Ажлын шаардлагаар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохиож байгаа дээрх нэртэй үзэсгэлэн яармагийг очиж сонирхов. Хүйтэн болохоор ажлаас гармааргүй санагдаад байсан, арай гэж нэг суудлаасаа өндийж гарлаа шүү. 
 

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот...

Хүйтэн байна шүү гэсэн түрүүчийн бичлэг дээр маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг линкээ тавиад өгөөч гэсэн байсан. Би өөрөө ч үүнийг үзээгүй л дээ. Манай ажлын хүн л хэлсэн юм. Тэгээд зүгээр Гүүгэл ахаас асуусан чинь шууд гаргаад ирж байна шүү. Үүнийг хар л даа. Энэ мэдээллээ эндээс авсан юм байна. Гэхдээ энд уг нь өвлийн температурыг зөв бичсэн мөртлөө зуныхыг буруу бичсэн юм шиг санагдлаа. Зун бол бас сайн халдаг болчихоод байгаа биз дээ. 7 сарын сүүл 8 сарын эх мэхээр бол өдөртөө 30-с буухгүй шүү. Өнгөрсөн зун чинь аймаар байсан шд. Энд тэгэхэд 7 сарын дундаж нь +15С гэсэн байх юм. Би өөр source харсангүй, та нар өөрсдөө хайна биз. Ямар ч байсан аймшигтай хүйтэн байна энд. Өвөл нь хөлдөөж алчих гээд л, зун нь түлж алчих гээд байх юмаа. Өнгөрсөн жил манай ажил дээр ирсэн япон хүүхэн 2 давхар North Face-ийн өдөн куртка давхарлаж өмсөөд явж байсан шд. Ий ти ти ти.  

Monday, December 13, 2010

Хүйтэн байна шүү титити!

Өглөө гараашнаас гараад иртэл машины градус заагч тогтмол хурдаар өссөөр байгаад -26 хүрээд нэг юм зогслоо. Ойрноос ёстой нөгөө аймшигтай хүйтрэл нь эхэлчихлээ дээ. Аргагүй дээ одоо удахгүй 9 эхэллээ. Титити аймаар байна шүү. 

Машинуудын утаа олгойдоод л хотын утаа нь манантаад л аргагүй хүйтэн хоносон нь мэдрэгдэж байна. Манай улс ямар аймаар хүйтэн юм бэ? Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг юм гэсэн манай хотыг. Би их бээрэг л дээ ядаж байхад. Миний куртка муртка бол зүгээр л чукчагийнх гээд сэтгэчих. Тэгээд том үстэй малгай тавиад л нэхий гутлаа углаад цасны бээлийгээ өмсөөд ороолтоо нүднийхээ доод талын завхи хүртэл дээшлүүлчихээд л гарахад ганц ил гарч байгаа нүд хүртэл даараад байгаа юм чинь.   

Thursday, December 9, 2010

Google-ийг сайжруулах юмсан

Би нэг юм их мөрөөддөг юмаа. Удахгүй тийм болох байх л даа. Одооны бидний нэтээс хайдаг хайлтын систем маань зөвхөн үгээр л хайлт хийдэг. Тэгвэл яагаад зураг буюу image-ээр эсвэл ая буюу хөгжмөөр хайлт хийж болдоггүй юм болоо. Надад тийм хэрэгцээ асар их гарч ирэх юм. Жишээ нь нэг гоё ая сонсоно хэний ямар хөгжим дуу болохыг мэдэхгүй. Нэтээс хайх гэхээр дууных нь ч дуучных нь нэрийг мэдэхгүй юм чинь яаж хайхав дээ. Болдог бол microphone-оо залгаж байгаад л нөгөө аяа аялаад л бичиж авангуутаа түүнийгээ google руу оруулаад хайнгуут тухайн аяны долгионы хэлбэлзэлтэй таарч байгаа ч юмуу ямар нэг хайлтын систем дээр үндэслэн тухайн аятай төстэй файл болон түүний байрлаж байгаа сайтуудыг гаргаад ирдэг бол мөн гоё оо. Зургийг ч гэсэн ялгаагүй, сканердаж оруулаад л хайлт хийнгүүт google түүнийг скандаж үзээд л төстэй image-уудыг гаргаад ирдэг бол сайхан аа. Техник технологи ийм хурдацтай хөгжиж байгаа юм чинь удахгүй Google ах тийм болох байх л даа.   

Wednesday, December 8, 2010

Инээхгүй байхыг чинь харна аа!

Ийм тайлбартай мессенжерээр ирээд. Тэгсэн өнгөрсөн жил үзээд арай л сандлаасаа ойчоогүй савж унатлаа инээсэн бичлэг байна. Үзээгүй хүн байж магадгүй гээд оруулчихлаа. 
video
Спикерээ асаагаад үзээрэй. Ёстой инээхгүй байхыг чинь харна аа болно доо.

Хувийн юм бичээдэхье

Ёстой хувийн юм л даа уг нь. Тэгсэн чинь бичихгүй бол гар загатнаад хэлэхгүй бол ам загатнаад. Манай охин одоо 1-р анги л даа. Цэцэрлэгээ энэ жилийн хавар төгсөөд баахан төгсөлтийн зураг авчихаад ангийн хүүхдүүдэд нь тараана гэж бодож байсан амжаагүй юмаа. 
Тэгсэн саяхан гэрийн ойролцоо дэлгүүрт цэцэрлэгийн ангийнх нь нэг бандийн ээжтэй тааралдаад сайн сайн уу гэж байгаад би нөгөө зураг хөргийг нь өгье гэлээ. Тэр өдөр тэдний хүү нь манай охиныг учир зүггүй хайгаад л хамт зургаа авахуулна гээд салахгүй дагаад л манай охин нээг их тоохгүй яваад л нөхөр бид хоёр ангийн хүүхэд чинь зургаа авахуулъя гээд байна ш дээ авахуулаач гэж үглээд байсан юм. Тэгсэн чинь нөгөө хүүгийн ээж "Манай хүү их хэцүү байнаа. Танай охинд их сайн байсан юм. Одоо тэгсэн найз охиноосоо холдчихлоо санаад байна гээд уйлаад, шөнө бас хар дарж зүүдэлж танай охиныг дуудаад болохоо байлаа. Охинтой чинь нэг уулзуулдаг юм билүү гэж бодоод" гэнээ. 

Ээжээ, энэ чинь одоо юу вэ 6 настай л хүүхэд шүү дээ. Би ёстой шоконд ороод дуугарч чаддаггүй тэгээд "Өө тийм үү" гэлээ. 6 настай хүүхэд тэгэж байна гэдэг чинь нэг бол нөгөө алдартай Ромео Жулиеттагийн дурлал нь ийм насанд тохиосон ховор тохиолдол юмуу эсвэл одооны хүүхдүүдийн бэлгийн бойжилт ийм эрт эхэлдэг болчихсон юмуу?
Гэртээ ирээд охиноосоо асуусан чинь еөр тоож байгаа юм алга ойлгож байгаа ч юм уу үгүй ч юмуу. 
-Чи найз охин нь юмуу гэсэн чинь 
-Юу гэж дээ шаал тэнэг ийн , тэр чинь аймаар сахилгагүй хүүхэд гэнээ хөөрхий дөө.
Нөхөртөө хэлсэн чинь "Балай юм. Миний охин холхон байгаарай, яав ч эрүүл хүүхэд биш байна" гэсэн. 
Ийм нэг хачин ч юм шиг хөгжилтэй ч юм шиг сонинтой.    

Байгаль орчны тухай бас бус

      Нэг автомашин 1000 км явахад  нэг хүний бүтэн жил амьсгалах хүчилтөрөгчийг хордуулдаг.  Цэцэрлэгжүүлсэн нэг га талбай 100 сая шоо тетр агаарын найрлаг дахь тоос шорооны 40 хувийг шингээдэг.
·     Ургамлан бүрхэвч бүхий цэцэрлэгжүүлсэн гудамж талбайд чийг тунадасны 75 хувь хөрсөнд шингэж, 25 хувь нь ууршиж агаарыг чийглэнэ.  Мөн салхины хүчийг 71 хувиар бууруулж, нарны төөнөлтийг 10-15 дахин багасгаж  улмаар агаарын хэт халалт хөрөлтийг 2-3 хувиар бууруулна.
Судалгааны  материалаас үзэхэд нэг га арцан ой нэг өдөрт 30 кг дэгдэмхий фитонцидийг ялгаруулах бөгөөд энэ нь хүн амын дунд зэргийн нягтралтай хотын агаар дахь бүх нянг устгах чадвартай байдаг. 
Америкийн Нэгдсэн Улсад дэлхийн хүн амын 5% оногддог боловч дэлхий дээр ялгарч буй нийт нүүрстөрөгчийн 22%-ийг дангаараа ялгаруулж байна.
Нийт нүүрстөрөгчийн ялгаралтын 20-с 25 хувь нь зөвхөн ой модыг огтолж цэвэрлэх, газар ашиглалтыг өөрчилсөн үйлдлүүдээс үүсч байдаг.
Алтан мэлхий (Bufo periglenes) нь Уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөхсөн гэж хэлж болох анхны биологийн төрөл зүйл болж байна. Цаашид энэ категорид ороход бэлэн 16,928 төрөл зүйл байгаа нь дэлхий дээрхи нийт амьтан ургамлын аймгийн 40% нь болж байна.
Бидний хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд 1kW/h хэрэглэх тутамд 0,82 кг СО2 хий цахилгаан станцаас ялгарч байдаг. Тухайлбал; бичил долгионы зуух жилд 39 кг CO2 ялгаруулах тог зардаг бол угаалгын машин 51кг, LCD TV 5 кг (тэгэхэд 34 инчийн плазма TV 269кг!), хөргөгч/хөлдөөгч 175 кг-ийг өөрөөр хэлбэл ялгаруулдаг байна. 
1 ширхэг гэрийн ердийн шар 100 ваттын гэрлийн шилийг 20 ваттын fluorescent /цагаан өдрийн чийдэнгийн шил/ гэрлийн шилээр солиход жилд 84 кг СО2 ялгаралтыг бууруулж чадна.
ТВ болон бусад DVD тоглуулагч зэргээ удирдлагаар нь бус залгуураар нь салгаж байвал жилд 106 кг СО2 ялгаруулахгүй байж болно. 
20-р зуунд дэлхийн дундаж температур Цельсийн 0,7+0,8 градусаар нэмэгдсэн байна. Харин энэ чигээрээ байвал 21-р зууны эцэст Цельсийн 2,1+6,4 градусаар нэмэгдэнэ. 
   

Tuesday, December 7, 2010

Сайн мэдээ дуулгая

Манай Улаанбаатар хотынхон 50,000 траншейны нүхэн дунд амьдарч байдаг юм байна. 20 хүн тутамд 1 траншейны нүх. Аймшигтай байгаа биз. Түүнд унаж бэртэгсэд хэдэн арваараа бүр зуугаараа ч юмуу байдаг юм байна. Харин "Өдрийн сонин"-ыхон энэхүү хохирогсодтой нэгдэн Хотын захиргааг шүүхэд өгөхөөр болжээ.  Доорхи зургийг Өдрийн сонины web хуудаснаас авлаа. Би ч гэсэн орой болгон ажлаа тараад гэр лүүгээ алхахад 1,5 км замд нийтдээ 5 нүх байдаг, бүгд онгорхой.

Шүүхийн нэхэмжлэх нь зөвхөн хүний нэр дээр байх ёстой учраас хотын захирагч Г.Мөнхбаярыг шүүхэд өгөхөөр болжээ. Ашгүй дээ, одоо энэ хотын захиргааныхан одоо л ажлаа хийх байлгүй дээ. Манай хот их сонин шүү, өдий 21-р зуун гарчихаад байхад манайд хог ялгаж ангилдаг ганц ч төвлөрсөн цэг байдаггүй /би энд хувийн жижиг шил лааз хуванцар сав авдаг ТҮЦ-нүүдийг хэлсэнгүй/, хог дахин боловсруулдаг ганц ч үйлдвэр байдаггүй шд. Сургийг нь сонсоход их л олон газар /миний л мэдэхийн Япон, Герман, Солонгос/ хог дахин боловсруулдаг үйлдвэр барьж өгье гэсэн юм гэсэн. Яагаад ч юм бүү мэд зөвшөөрдөггүй гэсэн. 
Харин машин зам эхнээсээ овоо болж байгаа шүү. Хотын төвийн шинэ тавьсан замаар явж байхад урамтай. Гэхдээ л байрны дундах зам, хотын захын замууд аймшигтай. Ямар сайндаа л "Манай хотод бартаат замын авторалли зохиовол зам нь стандартад нь яв цав тохирно доо" гэж байхав. Бас энэ явган зорчигчид байнаа. Би өөрөө ч гэсэн явган зорчигч л доо. Гэхдээ дандаа ногоон гэрлээр гардаг, болж өгвөл гарцаар гардаг. Гарцгүй газраар гарч байгаа бол буруугаа мэдрээд хар хурдаараа гүйгээд гарчихдаг.  Ядаж л дайруулж үхэхээс айж байна даг. Тэгэхэд л энэ хүмүүс зам дээр тулж очингуутаа ямар ч гэрэл харах ойлголтгүй шууд л дайраад байх юм. Нөгөө машинууд нь ногоон гэрэл асангуут мэдээж  хөдлөөд л явна биз дээ, тэгтэл урдуур нь сүрэг хүн бэлчээд эхэлнэ.  Тэгээд мөрөөрөө явж байгаа машинууд дундуур дайруулж үхчих гээд л гүйлдээд унана. Уг нь явган зорчигч руу харсан гэрэл нь улаан асаад байгаа юм шдээ.  За тэгээд гарцгүй газраар гарч байж бушуухан гүйгээд гарчихгүй яг л үхэр бэлчиж байнаа. Ер  нь өөрийгөө машин зам дээр явж байна гэж мэдэж байгаа юмуу үгүй юмуу гэмээр аймаар зоргоороо аажуухан алхаад байна шүү дээ. За за ингээд бухимдаад байвал бухимдах юм их л байна. Нөгөө сайн мэдээгээ юу болгочихов доо.   

Friday, December 3, 2010

E-book and its reader

Ажлын шаардлагаар цахим хэлбэрийн юм их унших хэрэгтэй болох юмаа. Тэр болгон РС дээр уншиж чадахгүй, гэртээ аваачаад ч гэрийн ком дээр уншина гэдэг ч худлаа. Тэгээд хэвлэж аваад яваад уншина гэхээр зөвхөн уншихын төлөө тэр их цаас үрэх хайран. Ядаж байхад би чинь байгаль орчны төлөө идэвхитэн юм болохоор ажлынхныгаа байнга л дэмий юм хэвлэж цаас тог үрж хор ялгаруулж байна уу гэж хардаастай сэрдээстэй үглээстэй байдаг хүн чинь өөрөө ямар хаягдал цаас үйлдвэрлээд байлтай биш. 
Техник технологи хөгжинө гэж яасан ч сайхан юм. Бүх зүйлийг электрон хэлбэртэй болгож байсан бол дараа нь тэр электрон хэлбэртэй зүйлээ уншихад зориулсан юмнууд гаргаад ирэх юмаа.  
 
Энэ зүйлийг харчихаад ёстой шүлс гоожих нь халаг байнаа. Kindle-ийн хамгийн сүүлийн загвар. Электрон ном уншихаас гадна pdf файл уншиж болно. Энэ нь надад хамгийн хэрэгтэй байгаа юм. Нэтээс 3G эсвэл Wi-Fi-аар номнуудаа татаад авчихна. Хаана ч аваад явсан авсаархан, зөндөө файл ном багтана. Урьдны загвараасаа илүү нимгэн, хөнгөн, тод дэлгэцтэй, батарей сайтай, нарны туяанд гялбахгүй, хуудас нь хурдан эргэдэг гэх мэт давуу талтай болжээ. Надаа бол хаваасаг. 
Үнэ нь 189 доллар гэж байна, free shipping. Нөгөө алдарт онлайн дэлгүүр лүүгээ утасдаад асуусан чинь оруулж ирж байгаа гэнээ. Free shipping /энэ нь Америк дотроо л доо/ гэсэн тул нийт Монголд ирэх зардал нь 254 доллар болно гэж байна. Ойролцоогоор 300,000 болж байгаа юм. Он гараад shipping ачаалал багассан хойно авдаг юмуу гэж бодоод байна.        

Муу мэдээ дуулгасанд уучлаарай

Та бүхнийхээ сонорыг муу мэдээгээр мялааж буй намайг уучлаарай. Гэсэн ч хэлэхгүй бол болохгүйнээ.2010 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсад золгүй байдлаар 1221 хүн нас барсан байна гэнээ. Цагдаагийн Ерөнхий Газрын 11-р сарын мэдээлэл. Тэгээд Замын Цагдаагийн Газрын ердөө 2-хон хоногийн мэдээнд нь 6 хүн автын ослоор нас барсан гэнээ. 2-хон хоногт 6 хүн үхэж байгаа юм чинь 365-р үржүүлэхээр юу болж байна? Дайн болоод байгаа гээд байгаа Иракт чинь юу гэлээ дайн эхэлснээс хойш нийтдээ 5,000 цэрэг л амь үрэгдсэн гэдэг биз дээ. Афганд ч жилийн эхний 10 сарын байдлаар 1000 гаруй хүн суманд өртөж нас бардаггүй байх шүү. 

Thursday, December 2, 2010

Монголын саятан нэвтрүүлэг

Түрүүчийн энэ нэвтрүүлгийн тухай, гол нь энэ нэвтрүүлэгт орж байгаа залуусын мэдлэгийн түвшний тухай бичсэн бичлэгийг маань гадаадад суудаг хүмүүс их сонирхож байнаа. Дэлгэрэнгүй бичээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ бичлэгийг бичлээ. Монголдоо байгаа бид хэд яахав, бүтэн сайн өдөр болгон л үзэж байна. Яг үнэнийг хэлэхэд би ч тийм мундаг хүн биш сүүлийн асуултуудыг нь бол хариулж мэддэггүй. Гэхдээ ямар ч байсан "Мики маус хэдэн хуруутай вэ?" гэдэг асуултанд хариулчихна гэж бодож байна. 

Wednesday, December 1, 2010

Тэвчээр муутай хөөн би

Би анх яг 1 жилийн өмнө энэ нөүтбүүкээ интернэтээр АНУ-с бараа авчирч зардаг онлайн дэлгүүрээр захиалж авч байлаа. Бөөн паян. Би анх удаа ийм алсаас захиалж худалдан авалт хийдэг худалдаа хийж байгаан. Үнэнээ л хэлье ямар урьд нь ингэж үзсэн биш, ямар нэг үнэтэй цайтай юм авах гэвэл энэ хотын хэдэн дэлгүүрийг дуусгаад авах бараагаа бараг л хазаж мэрж үздэг хүн чинь онлайнаар бараагаа сонгоод мөнгөө тушаачихаад бараа нь ирэхээр утасдаад авчраад өгчихнө гэхээр нэг л үлгэрийн юм шиг сонсогдоод байсан шүү.

Password байтугай ID-гаа мартав

Хүний амьдралд хамгийн эхлээд имэйл нээхээс эхлээд л маш олон ID бас Password үүсгэж цээжилж байх шаардлага гарах юмаа. Би уг нь гайгүй л ой сайтай юмсан. Тэгсэн амьдралын эрхэнд нээсэн баахан ID тэд нарын нууц үгийг цаг хугацааны эрхэнд мартсан байна. Ажлын имэйл, интранет, бас нэг албаны alternative email, ажлын database, Yahoo, Google account, Facebook, visa card code, mobile phone pin code эд нараа бол сайн л санаж байна л даа. 
Гэтэл энэ зарим сайтууд заавал ID нээ, тэгэж байж нэвтэрнэ мэдээллээ харуулна гээд байх юмаа. Нээгээд л үзээд л хараад л яваад байсан дахиад эргээд орох гэтэл таг. Нэг ижил ID нээгээд ижилхэн нууц үг өгөөд л яваад байх гэхээр ийм нэр байна та өөр ID сонгоно уу, эсвэл таны password чинь тэдэн тэмдэгт бас тоо моо оролцсон байх ёстой энээ тэрээ гэхээр тэгээд л өөр болоод л түүнийгээ эргээд санахгүй юмаа. Манай интранет их хэцүүтэй, ганц хоёр 7 хоног болов уу үгүй юу л та password-оо солих шаардлагатай гээд л унана. Ард нь нэг тоо хийгээд яваад байсан чинь 0-9 хүртэл дуусаад одоо 2 оронтой тоо руу ороод 50 хэд дээр явж байгаа. Нөгөө гайхал Twitter дээр ажлын шаардлагаар нэг юм нээсэн байхгүй ээ эргээд орох гэсэн тааг мартаа, бүр нууц үг нь байтугай ID нэрээ ч санахгүй байна. Бас Biznetwork account-аа санахгүй байна. Нэг мэдээлэл татаж авдаг сайтны нэр нууц үгээ 2-ууланг нь санахгүй байна. Уг нь өөрийнхөө нэрээр л хийсэн баймаар юм, орохгүйг бодоход ийм нэр байна гээд л өөр юм хийсэн болж таарлаа. Нэг гадаадын их сургуулийн database руу орж юм уншдаг байсан чинь нууц үгээ санадаггүй ээ.  Тухайн үед би одоо хэнийг юуг бодож байгаад нээчихсэн юм бол доо. 
Ядаж байхад энэ Mozilla Firefox-ын нууц үг хадгалах уу гээд байдаг үйлчилгээ нь их хэрэггүй юм байнаа. Үүнээс болж би их олон password мартаж байна шүү.  Одоо дандаа never гээд л дараад байхаас. Ахиад л account нээхээс дээ, одоо нэг жижиг дэвтэр дээр нээсэн юм болгоноо тэр сайтан дээр тйим account нээв гээд л бичээд явахаас даа.