Thursday, March 24, 2011

I LOVE CAKES SO SO MUCH!

Уг нь ч би блогтоо хоол оруулахгүй гэж мааш их хичээж байгаа л даа. Ялангуяа кекс тоортны зүйлс. Учир нь би илүүдэл жинтэй дайн зарлаж байгаа. Аль болох амттай юм идэхгүйг хичээж байна. Гэхдээ л тэсэхгүй юмаа. Үүнийг би хийгээгүй ээ. Зүгээр л блогоо гоё зургаар чимдэг юмуу гэж бодоод. Хааяа харж арааны шүлсээ гоожуулаад л. Би ийм юм хийх дуртай, бүр хэтэрхий их духовкоо ажиллуулсаар байгаад тогны мөнгөө 80,000 гаргаж нөхрөө шоконд оруулаад эцэст нь духовка маань ажлын ачааллаа даалгүй эвдэрч чадхийснээр миний тоорт кекс хийдэг дон маань жаал дарагдсан. Эрчүүд бол тоохгүй байх л даа. Харин эмэгтэйчүүд бид чинь ийм юманд үхнэ шүү дээ.

Усны яст мэлхийн гэдэснээс гарсан юм

Энэ бол Аргентиний эргээс баригдсан залуу далайн яст мэлхийний гэдэснээс гарсан пластик хуванцар хог хаягдлын зураг. Ганцхан яст мэлхийн гэдэс шүү.
Хүн төрөлхтөн жилд 260 САЯ тонн хуванцар пластик үйлдвэрлэдэг байна. Үүний 0,25 % нь далай тэнгист оршуулагддаг ажээ. Өөрөөр хэлбэл жил бүр 650,000 тонн хуванцар хог хаягдал далай тэнгисийн ус руу хаягдаж уусч алга болохгүй учраас үүрд бохирдуулдаг байна.

Электрон ном унших буюу e-reader болох нь

Дээхнэ би e-reader авмаар байна гэж байсан даа. Энэ нь нэг талаас авч явахад авсаархан, маш олон ном багтана зэрэг давуу талаас гадна цаасан ном хэвлэх зардлыг хэмнэснээр таны байгаль дэлхийгээ хамгаалж үлдэх үйлсэд том хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Бод л доо. Тэр их цаасан номыг хэвлэхэд хичнээн их цаас, цахилгаан, ус, элдэв химийн бодис хэрэглэх вэ? Доорхи зургаас харвал та ойлгоно. Яахав уламжлалт сэтгэлгээгээр бол номын тавиуртаа дүүрэн гоё ном өрчихсөн байх, дуртай үедээ хараад уншиж байх сайхан л даа. Гэхдээ уншаад л өнгөрөх маш олон ном байдаг шүү дээ. Ядаж тэд нарыгаа электрон хэлбэрээр уншиж хадгалж байвал ганц ч гэсэн мод цаас болохын тулд огтлуулалгүй үлдэх юмуу гэсэн санаа.
Жишээ нь энд ингэж байна. Өнгөрсөн жил Amazon болон iTunes-ээр 7 сая 200 мянган э-ном зарагджээ. Хэрвээ энэ ном нь цаасан ном байсан бол үүнийг хийх гэж 1 сая 267 мянган модыг огтлох байжээ. Тэгэхээр энэ моднууд аврагдсан гэсэн үг. Хөөрхий энэ аврагдсан моднууд маань 5,000 машины ялгаруулах 30,412 тонн СО2-ыг жилд шингээж, 2 сая 534 мянга 400 хүнийг амьсгалуулах амьдруулах дайны хүчилтөрөгч ялгаруулна гэжээ.

Thursday, March 17, 2011

Яг голомтын газартаа ийм л байна.

Зарим хүмүүс болсон явдлыг хэт дэвэргэж байна гэж үзээд байх шиг байна. Тэгвэл энэ зургуудыг хараад бодол нь өөрчлөгдөх байхаа. Байгалийн гамшиг гэдэг үнэхээр хэнийг ч өмнөө сөхрүүлж хоромхон зуурт амьдралыг орвонгоор нь өөрчлөх хэзээ ч ам гарч болохгүй хамгийн аймшигтай эд гэдэг эндээс харагдаж байна. 
Мияги муж. Цунами орж ирж байна.

Sunday, March 13, 2011

Их тайван хүмүүс юмаа

Японд байгаа хүмүүс таньдаг найз нөхөдтэйгээ холбоо барилаа. Бүгд зүгээр байна, ашгүй дээ. Наашаа ирээчээ гэсэн чинь яах юм бэ гээд байх юм. Япончууд ийм байгалийн гамшигт маш сайн бэлтгэгдсэн хүмүүс байдаг юмуу их тайван байцгаах юм, түүнийг нь дагаад тэнд байгаа манайхан ч бас тайван болчихдог бололтой. Энд байгаа бид хэд л сандралдаад өчнөөн юм болж байхад тэнд байгаа хүмүүсээс ганц нь ч наашаа ирэх талаар огт санаа бодолгүй байх юм. 
Үнэхээр сэтгэл санааны хувьд ч эд материалын хувьд ч газар хөдлөлтөнд асар бэлтгэлтэй байдаг нь энэ өнгөрсөн өдрүүдээс харагдаж байна. Япончууд үнэхээр гайхалтай ард түмэн юм. Хэрвээ өөр ямар нэг улсад энэ хэрийн хүчтэй баллын газар хөдлөлт болсон бол энэ зэргийн хохиролтой үлдэж чадах уу үгүй юу. Хамгийн гол хохирол нь цунамигаас л үүдэлтэй болохоос биш хотын барилгууд нь хэсэг ганхаад л зүгээр болчих юм. Японы хотуудын өндөр барилгын архитекторын япон инженерүүдийн ур ухааныг дэлхийн бүх мэдээллийн сувгаар шагшин бахдан гаргаж байлаа. Дүрэм журмыг ягштал мөрддөг энэ улсад улсын байцаагчийг хэдэн орой баардуулаад хулхи материалаар барьсан байшингаа улсын комисст хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зуруулах гэдэг ойлголт байдаггүй болохоор сайхан юм даа л гэж бодож байлаа.   

Saturday, March 12, 2011

Зөвхөн гадна талынх нь байшин дэлбэрсэн гэнээ

Сая NHK-гээр тайлбарлаж байна. Зөвхөн гадна талынх нь байшин дэлбэрсэн гэнээ, цацраг идэвхит бодис тархаагүй, тархах боломжгүй л гэж байна. Ашгүй дээ. 
Бас хятадад газар хөдөлсөн юм байна шдээ 25 lost юм байна. 

Японыг бурхан ивээг!

Ингэж л хэлмээр санагдаж байна. Газар хөдлөлт цунамигаас гадна бас одоо атомын цахилгаан станц аюулын харанга дэлдээд эхэллээ. Японы албаны хүмүүс цацраг идэвхит бодис тараагүй гэж байгаа ч CNN болон BBC нар тархсан гэж мэдээлж байна. Худлаа байгаасай. Өндөр хөгжилтэй техник технологи дээд зэргээр хөгжсөн улс иймэрхүү аюул тохиолдвол авах арга хэмжээ нь мундаг байдаг биз дээ гэж найдаж байна. 
Монгол улс эхний ээлжинд 1 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдээд байна. Онцгой байдлын аврагч албан хаагчид Япон руу очиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.  Японд байгаа наашаа буцах хүсэлтэй хүмүүсийг үнэ төлбөргүй буцааж татах арга хэмжээ авагдаж байна. Энд салхитай байгаа учраас онгоц газардаж чадахгүй байгаа болохоор түр Сөүлд иргэдээ байрлуулах болсон гэнэ. Өглөө мэдээгээр AeroMongolia-гийн онгоцоор баахан ноосон хөнжил /5тонн/ гэсэн байхаа илгээж байгааг мэдээлсэн. Гандан хийд хүртэл Японы ард түмэнд зориулж ном уншиж байна. Ихэнх албан газрууд мөнгө нэг өдрийнхөө цалингаа хандивлаад эхэллээ. Манай ажил ч гэсэн нэг том арга хэмжээ авах байх. Хамгийн түрүүнд Японы салбар дахь ажилчдаа гэр бүлтэй нь бүртгэсэн байна лээ бүгд зүгээр гэсэн. 
Өчигдөр ажил дээр байхад манай ажлын сүлжээгээр шууд breaking news japan earthquake tsunami гээд ороод ирсэн юм, би ажилдаа түүртээд нэг их сонирхоогүй. Харин орой гэртээ ирээд мэдээгээр харсан чинь аймаар юм болж байдаг байна шүү. Энэ бүхэн ингээд л намжаасай. Цаашаа хаана ч ямар ч аймаар юм битгий болоосой. Ядаж байхад энд зарим нэг нөхдүүд "Заа тэр, 2012 эхэллээ" гээд солиороод сэтгэл санаа үймүүлээд байх юм.
Яана даа, тэр орон гэргүй болсон хүмүүс, хоргодох байранд байгаа хүмүүс, цахилгаан ус нь тасарсан хүмүүс. Бушуухан тусламж очоосой.      

Thursday, March 10, 2011

Албан ёсны архины өдөр нэгээр нэмэгдэв

Өнөөдрийн сонин гарчиглатал ингээд биччихэж. "Монгол цэргийн өдөр"-ийг бүх нийтийн баярын өдөр болгоно гэнээ.
Нөгөө эрчүүд нь марттай барьцаад эрчүүдийн баяр болгоод эсвэл бид цэрэгт явсан яваагүй дайн болвол явна шд гээд ууцгаагаад байдаг байсан одоо албан ёсны уудаг өдөр болоод амар сайхандаа жаргах юм байна л даа. Манайхны баяр архи хоёр нь ямар барагдах биш дээ. 
Гэснээс нэг инээдтэй юм хэлэх үү. Өнгөрсөн намар 11 сард билүү дээ, нэг орой би дэлгүүр гарч явлаа 9 өнгөрч байсан юмдаг. Тэгсэн манай хүүгийн цэцэрлэгийн хоёр багш нь явж байна. Хүүгийн цэцэрлэг манай урдхан талд байдаг юм л даа. 
-Хүүе та хоёр чинь ийм орой юу хийж яваан. Арай ийм орой болтол ажилласан юм биш биз дээ гэсэн чинь 
-Аан, нягтлан бодогчдын баяр болж байгаан. Тэгээд бид нар ня-ботойгоо тэмдэглэж байгаан гэж үү. Тортой баахан архи вино чихэр жимс барьчихсан. 
Гэртээ ороод нөхөртөө хэлсэн чинь "Энэ цэцэрлэгийнхэн аймаар архиддаг шд. Зарим орой цонхоор архидаж байгаа нь харагдаад сонсогдоод байдаг юм" гэнээ. Цэцэрлэгийн арын цонхнууд нь манай гэрийн цонхоор харагддаг юм л даа. Тэгээд би бодож байсан юм, хэрвээ хувийн цэцэрлэг байсан бол яг л ингэж багш ажилчид нь ажил дээрээ архидаж харагдана даа, захиралдаа алуулна биз дээ.  

Monday, March 7, 2011

Преднизолоны нөлөө

Манай хүү Преднизолон уугаад 20 гаруй хонож байна уу даа. Идэх нь ёстой эрс нэмэгдэж байна аа. Жин нь ч мөн ялгаагүй 10 хоногийн дотор 1,8 кг нэмсэн байгаа юм. Хацар нь түнтийгээд толгой нь томроод мөнхийн идэх юм нэхээстэй. Хамгийн сүүлийн шинжилгээгээр шээсэн дэх эритроцидийн тоо 100-аас 70 болж буурсан байна. 
4 настай эрэгтэй хүүхдийг өдөржин оронд нь хэвтүүлнэ гэдэг байж болшгүй шийтгэл ч юмуу биелүүлж боломгүй хүнд даалгавар шиг л байх юм. Үсрээд 5 минут л хэвтэнэ, тэгээд л гэдгэнэж годгоноод үсэрч босоод энд тэнд гүйж явна. Тэр хэрээрээ загнуулна их сэтгэл санаагаар унах юм хөөрхий. Ямар ч шинэ тоглоом ном хүүхэлдэйн кино авч өгөөд бас л үсрээд 1 цаг л саатуулж дийлэх юмаа. 
Идэх хоолны төрөл нь хязгаартай болохоор өгөх юм олдохгүй заримдаа сандарнаа. Өглөө босоод бантан хийж өгөөд дөнгөж идэж дуусангуут аяга халбагыг нь хураах гээд эргэнгүүт л өлсөөд байна идэх юм өгөөч л гэнэ. Ер нь бол 2 цагийн зайтай бантан каш гурилтай шөл сүүтэй будаа энээ тэрээ гээд халуун хоол идээд завсар зайгаар нь талх боов зогсолтгүй идэж байна. 
Нэг удаа нөхөр бид хоёр юманд явах хэрэг гараад эмээг нь дуудаж харуулахаар болоод. Ээжээ аймаар иддэг юм шүү, та хоолыг нь үдээс хойш 2-3 удаа өгөхөөр ахиухан хийгээд тавьчихаарай, нэхэхээр нь халаагаад өгчихөд амар байдаг юм, талхнуудыг нь бараг л түрхээд бэлдээд тавьчихдаг юм шүү гэсэн чинь ээж за за тийм юм гэж юу байдаг юм ганц хүүгээ хооллож дийлэхгүй байхдаа яахав гээд л үлдсэн юм. За үгээ хэлнэ дээ гэж бодоод явчихаад орой ирсэн чинь ээж ёстой үгээ хэлчихсэн сууж байдаг байна шүү. Дөнгөж хаалгаар ороод ирсэн чинь л энэ хүүхэд чинь яачихсан юм бэ, та 2 ямар эм өгөөд байгаа юм бэ, хүүхдийн ходоод гэдэс аллаа гэчихсэн ээж үглээстэй цаанаас хүү маань эмээ би өлсөөд байна шдээ идэх юм өгөөчээ гээд орилоостой, чи чинь дөнгөж сая хоолоо идээд эмээ нь аягыг чинь ч хурааж амжаагүй байна шдээ гээд эмээ нь орилоостой. Ёстой сандарлаа шүү чиний хэлсэн үнэн юм байна гэж билээ. 
Преднизолоныг гаж нөлөө ихтэй л гэх юм. Ходоодны шарх үүсгэдэг, их таргалуулдаг, ууж байх үедээ дааруулахгүй гам барьдаг, биеийг их хордуулдаг, курсээр ууж дуусаад хорыг нь тайлах хэрэгтэй л гэнэ. Зарим эмч нар энэ өвчинд энэ эмийг хэрэглэхээ больсон л гэх юм. Ер нь хүн болгон л нэг өөр юм хэлэх юмаа. Аан тийм, Гепарин гээд гэдэс рүү тарьдаг тариаг нь би айгаад хийлгэхгүй байгаа шүү. Ёстой дур мэдсэн том толгойны асуудал болсоон. Яаж гэдэс рүү нь тариа хийлгэх билээ гэж бодохоор муу хүүгээ өрөвдөөд. Одоо ууж байгаа Курантил нь яг адилхан цус шингэлэх үйлчилгээтэй болохоор заавал энэ тариа шаардлагатай ч юмуу даа гэж бодоод. Би ч ёстой том толгой гаргаад хүүгээ баллаад байна уу яагаад байна.