Monday, February 25, 2013

Японоос социализм үнэртдэг үү?

Соц нийгмийн үед бүх юм хаалттай мэдээлэл гадагшаа дотогшоо ч явж болохгүй бодсон санаснаа ч илэрхийлж чадахгүй гэх мэт сул талууд зөндөө байсан байх л даа. Гэхдээ бас сайхан зүйлс байжээ.
-Соц нийгмийн үед хүүхдүүд ах захаа мэддэг байж, ахмад хүнийг хүндэлдэг байж. Одооны ахлах сургуулийн байтугай бага ангийн хүүхэд хүртэл сургуулийнхаа цэвэрлэгчийг хэл амаар доромжилсон хэрэг сонсогдож л байх юм. Ээж шиг нь эмээ шиг нь хүнийг шүү. Тэгэхээр ахлах ангийнхан нь орцны үүдэнд битгий шүлсээ хаяад бай гэхээр хуц гэх нь аргагүй ч юм даа.
-Хүүхдүүд гадаа тоглохдоо айх аюулгүй байжээ. Би чинь гэрээ цэвэрлэчихээд дүүгээ дагуулаад оройн хоол хүртэл гадаа тоглодог байж билээ. Зуны орой сайхан шүү. Байрны гадаа хөгшид хүүхдүүд бужигналдаад. Аав ээж ажлаасаа ирэн иртэл тэгээд гадаа л байж байдаг байлаа. Согтуу галзуу хүн ч байхгүй, дайраад ороод ирэх машин тэрэг ч байхгүй. Ер нь аюул одооныхтой харьцуулахад харьцангуй бага байж. Одоо бол би лав 2 хүүхдээ хоёулахныг нь гадаа гаргаж чадахгүй ээ. Нэг согтуу нь байрны гадаа машинтайгаа хурдтай ороод ирвэл яах юм, нэг сэтгэцийн өвчтэй нь хүүхэд айлгаж ичээвэл яах юм гээд бөөн сэтгэлийн дарамт.
-Хүн бүр хор найруулалгүй урдах ажлаа үнэнчээр хийдэг байсан байхаа. Одоо чинь авч байгаа цалин нь амьдралд нь хүрэхгүй болохоор бас өөрийн шуналаасаа болоод хүн бүр ажлын байраа ашиглан ахиу мөнгө олох арга сэддэг болчихсон юм шиг байгаан. 100 айлын иргэний бүртгэл дээр явж байсан чинь 2 хүн хоорондоо тэгэж ярьж байсан "Эд нар чинь өдөр нь хувийн ажлаа шөнө нь эсвэл амралтын өдрөөр улсын ажлаа хийчихдэг юм шүү дээ" гэж. Мэдээж хошигнол байх л даа. Гэхдээ л үнэний ортой байх. Энэ татварын газрынхны дуулианыг харж байхад. Хэдэн төгрөг гэчихэв ээ, тооны машинд ч томдохоор мөнгөн дүн дуулдаад байх юм.
-Хот маань соц нийгмийн үед их цэвэрхэн байжээ. Үе үе суботник гээд л зарладагсан. Манайхаас айлын томоороо би л гардаг байлаа. Тэгээд айлын хүмүүстэйгээ нийлээд байрны гаднахаа зад цэвэрлэдэг байж билээ. Байрны дарга ...хүү гуай майжиг майжиг алхалаад "За одоо болно доо хүүхдүүд ээ" гээд явж байдагсан. Одоо ч орцны жижүүрт л найдаад юун суботник. Орцны үүдэн дэх цэцгийн мандал гэж тамхины үнсний сав шиг л юм байдаг болж. Очиж байгаад би харин тэнд нь цэцэг тарина гэж бүр заначихаад байгаа.
-Дүрэм журам хууль тогтоол яг дүрэм журмын дагуу үйлчилдэг байжээ. Одоо ямар сайндаа л Монголын хууль 3 хоног гэдэг үг гартлаа хуулиа хэрэгжүүлж байхав дээ.
Японд ирээд ажиглаж байхад дээр дурьдсан соц нийгмийн үеийн дурсамжууд харагдаад байх юмаа.
-Уламжлалаа дагаад ч тэр сургалт хүмүүжлийн ачаар ч тэр Япончууд ахмад ах зах хүнээ маш их хүндэтгэнэ. Хүүхдүүдийг заавал мэндчилж сургаж байна, ёслож сургаж байна. Ахмад хүнийг хүндэтгэх бол дээд зэргийн. Ахмад хүн юм хэлбэл юун тэгэж өөдөөс нь юм хэлэх.
-За гадаа тоглоход санаа зовох юм юу ч алга. Гараад л алга болно. Тэгээд хамаа намаагүй тоглуулахгүй, орой 5 цаг болонгуут гудамжинд байрлуулсан цагаан хоолойгоор хот даяараа дуу яваад хүүхдүүдийг гэртээ ор гэж дохио өгнө. Ороогүй хүүхдүүдийг нь ойр хавийн байшингийн сайн дурын харуул өвөө эмээ нар хөөгөөд оруулчихна. Үүнийг харахаараа манай хүн яг соц нийгмийн үе санаанд ороод байх юм гээд байдаг юм.
-Хааяа хот даяараа эсвэл тухайн хороо хорин нь ч гэх юмуу зохион байгуулаад бүх нийтээрээ цэцэрлэг парк саадан дахь хогоо цэвэрлэх аян зохион байгуулдаг юм. Тэр нь бас их хөөрхөн урамшуулалтай. Нэг уут дүүрэн хог түүвэл нэг ширээний сальфетка ч өгдөг юмуу. Ер нь орчин нь маш цэвэрхэн, хот тохижилтынхон байнга цэвэрлээд байгаа нь харагдахгүй ч хүмүүс нь ч хог тарьдаггүй, унагаасан хогоо бушуухан авчих ухамсартай байх юмаа.
-Дүрэм бол дүрэм, хууль бол хууль шүү дээ. Бүр ясын яс. Уучлаарай манайх ийм дүрэмтэй гээд тас гүрийчихнэ. Тэр дүрэм журмаасаа гадуур юм хийнэ гэж ойлголт байхгүй. Заримдаа энэ нь хүний сэтгэхүйг хэт хайрцаглаад барьчихсан юм шиг санагдаад байдаг юм.
Санаанд орж байгаа нь энэ хэд байна.

Friday, February 22, 2013

Сонин сайхан

Ойрд тун завгүй байлаа. Эхний шатны туршилтаа дуусгах гэж. Миний туршилт 2 үе шаттай юм. Эхний үе нь урьдны төгссөн оюутны хийсэн туршилтын дээжнээс бактерийн ДНК ялгах ажил байлаа, үүнийгээ амжилттай хийж дуусгалаа. Хүн өөрөө хийж үзэж байж л их юм сурдаг юм байна. "Мянга сонсохоор нэг үз" гэдэг юутай үнэн үг вэ гэж л бодлоо. Урьд нь зөндөө хичээлээр энэ сэдвийг үзээд л байсан үзээд л байсан харин яг өөрөө гардаж хийж байж бүх юмыг нь ойлгож авлаа. Багш маань хийсэн ажилд маань овоо сэтгэл хангалуун байна.
За одоо дараагийн туршилт маань урьдны оюутны хийсэн энэ туршилтыг реактор дээр дахиж хийж батлах юм байгаан. Хэрвээ баталж чадаад адилхан үр дүн гаргаж авбал их том ажил болох юм, магадгүй би paper хэвлүүлэх ч боломжтой болно. Энэ их ярвигтай ажил аа. Өнгөрсөн зунжин намаржин би энэ муу реакторын ажиллагааг тогтворжуулах гэж үгээ хэлж үсээ зулгаасан, реакторын ажиллагаа тогтвортой нэгэн жигд байж байж л би туршилтаа эхлэх юм. Тэгэхгүй бол би ийм туршилт хийсэн чинь реакторын ажиллагаа ингэж өөрчлөгдсөн гэж хэлж чадахгүй болно. Багшид үнэнээ л хэлсэн, би тогтворжуулж чадахгүй байсаан, шалтгааныг нь мэдэхгүй байна, бусад оюутнуудтай яг адил аргаар үндсэн протоколын дагуу л хийсээн гээд үнэнээ л хэлсэн. Харин багш овоо уриалгахан "За за би чамд шинэ хөрөнгө олж ирье. Чи дахиад нэг хичээгээд хийгээд үз дээ" гэж байна. Баярлаад л нисчихсэн. Манай багш их сайн хүн юм байгаан. Тэгэхэд бусад лабын оюутнууд багшдаа дарамтлуулаад үгээ хэлж байна шдээ цаана чинь. Одоо 4 сард дунд шатны хамгаалалттай, түүнээс цааш 6 сарын дунд гэхэд thesis-ээ хураалгах ёстой, тэгээд 8 сарын эхээр эцсийн хамгаалалттай, тэгээд л дуусаа даа. Ёох нохойн дуу ойртож байна шүү.
Би ер нь яагаад гэнэтхэн ДНК анализ хийх мийх гээд ийм нарийн сэдэв рүү орчихсон юм болоо. Надад ямар ч background байхгүй юм байгаан шдээ. Би чинь уг нь химийн анги төгссөн юм. Тэгээд төгсөөд хэзээ ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй, дандаа бичиг цаасны оффисын ажил хийж явж байгаад гэнэт технологи нарийвчилж сурмаар санагдаад энэ сургуульдаа ирсэн чинь л ийм сэдэв аваад цагаан халаад маск бээлий өмсчихсөн лабораторид туршилт хийгээд зогсож байх юмаа. Би энэ талаар дараа нэг тусдаа пост хийнээ, бодоод л яваад байгаа.
Албаны ажил нэг иймэрхүү. Амины ажил гэвэл өнгөрсөн 7 хоногт өнөө интернэшл паартигаа хийсэн. Манай хэдэн гадаадууд манайд цуглаад хоолны амттайг Чингис архины чангыг гайхаж гайхаж л явлаа. Манай хүн хоолоо гардаж хийсэн юм, би нэг туслах тогоочийн үүрэгтэй. Тэгсэн чинь өнөө хэд чинь хоол хэн хийснийг мэдэнгүүтээ "Бүгдээрээ ийм сайхан амттай хоол хийдэг нөхөр олж авахын тулд Монгол явцгаая" гэж наргицгаагаад бөөн инээдэм боллоо. Сонин шүү, хүнд нэг төрөлхийн авьяас гэж байдаг даа тэгвэл манай хүн хоол хийх авьяастай юм шиг байгаан. Би яг тэр орсон материалаар нь яг тэр хоолыг нь хийхэд хэзээ ч амтыг нь гүйцдэггүй юм.
Манай хүү их хачин хачин юм ярьдаг юм шдээ. Би уг нь тэр дор нь бичиж авах гэж байгаад мартчихаад байх юмаа. Нөхөр бид хоёр хүүгээ их эрхлүүлнээ. Эгдүү хүрээд энд тэндээс нь хааяа хаздаг юм шиг байгаан. Тэгсэн нэг өдөр "Би одоо чонын бэлтрэг юмуу хаашаа юм. Намайг дандаа л шилэн хүзүүнээс, эрүүнээс, гар хөлнөөс хазаж байх юм" гэчихсэн сууж байсан. МНТовчоон дээр духан дээрээ ганц нүдтэй Дува сохор гэж гардаг шдээ, түүнийг нэг удаа хоёр хүүхдэдээ уншиж өгсөн юм. Дараа нь нэг өдөр манай хүү ундааны бөглөө скочоор духан дээрээ наачихаад "Думбаа сохор" гэчихсэн гүйж байсан. Ойрд таргалаад байгаа юмуу хацар нь урагшаа түмбийгээд унжаад байхаар нь "Яасан том хацартай юм бэ?" гэсэн чинь "Энэ чинь үнсэх зориулалттай хацар байхгүй юу" гэж авч байсан. Нээрэн ангийнхаа нэг хөөрхөн охинд эгчээрээ захиа бичүүлж аваачиж өгсөн юм байна шдээ. Өнөө охиных нь ээж нь захиаг нь уншчихаад инээдээ барьж чадахгүй тачигнатал хөхрөөд гүйгээд байсан цэцэрлэг дээр.  Угаасаа тэр охин өөрөө эхлээд манай хүүд "дайсукий" /аймаар дуртай гэх юмуу/ гээд байдаг байсан юм. Захиандаа юу гээд биччихсэн юм бүү мэд надад уншуулаагүй харуулаагүй гээч.
Гэснээс одоо бүр хүүхдүүдийнхээ захиаг уншихын тулд япон хэл сурах зайлшгүй шаардлага гарч ирж байнаа хахаха. Охин хааяа энд тэндээс захиа авна, өөрөө бас захиа бичээд сууж байдаг юм. Тагнуулч ээж тагнах гэхээр ойлгохгүй. Тэгэхээр одоо япон хэлээ сурья даа.

Thursday, February 14, 2013

Хятадуудтай хууч хөөрөхөд

Манай лабд нилээн олон хятад оюутан байдаг юм. Гайгүй ээ тусархуу гэж жигтэйхэн, ааш зан харилцаа сайтай. Хааяа бид хэд хоолонд оронгоо хууч хөөрнө өө.
 Япон их сургуулиуд хятад оюутныхаа тоогоор дэлхийд хятадынхаа дараа орох байхаа.  Ер нь адилхан ханз үздэг, газар нутгийн хувьд ойрхон, дэлхийд дээгүүрт орох өндөр боловсролтой гээд японыг их олон хятад оюутан зорьж ирдэг юм шиг байгаан. Манай сургууль ч гэсэн зөндөө хятадуудтай. Гэхдээ хятад чинь хүн ам ихтэй болохоор иймэрхүү өндөр зэрэглэлийн их сургуульд ёстой шилэгдсэн шилэгдмэлүүд нь аймаар өрсөлдөөнийг давж гарч ирдэг болохоор тэр юмуу их сүрхий шүү. Лабд хэн хамгийн эрт ирж байна, хятад оюутнууд, хэн хамгийн орой явж байна, хятад оюутнууд, ер нь хэн хамгийн их хичээл хийж байна хятад оюутнууд л байна шдээ. Энд асар их юм сурч өөрийгөө дээд зэргээр боловсруулж авахгүй бол харьж очоод ажилд орох гэхээр маш их өрсөлдөөнтэй хэцүү гэж байгаа юм.
Анх эхлээд Лаос охины дагуулж ирсэн нэг хятад охин өөрийгөө "Намайг тэр гэдэг, би Бээжингээс ирсэн" гэж танилцуулснаас энэ бүх яриа үүдэлтэй юм л даа. Тэр охин интернэшнл оюутнууд дунд орж ирчихээд өөрийгөө хятадаас ирсэн л гэж хэлэхгүй яагаад Бээжингээс ирсэн гэж хэлээд байгаа юм бол доо, бид нарт түүний аль хотоос ирсэн нь ямар хамаатай юм бэ хятад л бол хятад шүү дээ бидний хувьд гэж бодоод өнгөрсөн юм. Тэр охины өмсөж зүүсэн эдэлж хэрэглэж байгаа нь үнэтэй цайтай зүйл болох нь нүдэнд тусаад би дотроо "Хятадууд ганц хүүхэдтэй, гайгүйхэн айл нь ганц хүүхдийг амаар нь гартал бульдаж өсгөдөг байх даа" гэж бодож байсан юм.
Дараа нь лабдаа байхдаа өрөөний хэддээ хэллээ. "Нэг хятад охин өөрийгөө Бээжингийнх гэж танилцуулаад байсан, бидэнд тэрний Бээжингийнх байна уу, Шанхай байна уу ямар хамаа байнаа. Та нар хятад л бол хятад шдээ" гэсэн чинь манай хэд инээлдээд хэлж байнаа. "Тэр охин анх удаа гадаадад ирж байгаа байх, эсвэл хэт өөртөө бардчихсан юм байна, эсвэл хэтэрхий жаахан нас залуу тэнэг байна. Ер нь гадаадад бол би хятад л гэж ярина, харин дотроо бол бид нарт аль хотоос ирсэн гарал үүсэл мааш чухал" гэж байна. Яагаад гэсэн ингэж байна шүү.
Хятадад хот хөдөөгийн ялгаа асар их гэнэ. Том хотынхон бол хөдөөнийхнөө тоодоггүй ер нь хүнийг хотынх хөдөөгийнхөөр нь их ялгаж харьцдаг гэнэ. Тэгээд харьяашил гэх юмуу нэг тийм үнэмлэх байдаг гэнэ. Томоохон хотын үнэмлэхтэй хүмүүс азтай, тийм үнэмлэх байхгүй хүмүүс хотод амьдрахад хэцүү, нийгмийн үйлчилгээ авч чаддаггүй, их мөнгө төлөх хэрэгтэй болдог гэнэ. Өрөөний хятад охин Янг хэлж байна. Тэр өөрөө жижиг тосгоноос гаралтай, ээж аав нь тэнд жимс ногоо тарьж амьдардаг гэнэ. Одоо Янг нөхөр олоход их хэцүү байна гэнэ, буцаж очоод ажилд орох гэж бөөн юм болно, бас аятайхан нөхөр олох гэж бөөн юм болно гэнэ. Хятадад оюутан байхдаа найз охидтойгоо хэдэн банди нартай танилцсан юм байхаа, тэгсэн өнөөдүүл нь Бээжингийн залуус, охидууд болохоор хөдөөний жижиг хотоос гаралтай, ганц удаа уулзаж гарал үүслээ мэдэлцсэнээс хойш өнөө залуус дахиж сүүдрээ ч харуулаагүй юм байх. Ажилд ороход хүртэл хотоос гаралтай залуус хурдан ажилд ордог гэнэ. Компани албан газрууд хүртэл хотоос гаралтай хүнийг ажилд авах дуртай байдаг юмуу даа. Гэрлэхэд хүртэл, хөдөө гаралтай залуу хотын охинтой гэрлэлээ гэхэд хотын хадмууд муу хүргэн худын талдаа их дээрэлхүү ханддаг юм байх. Янгийн хамаатны залуу Бээжингийн охинтой сууж л дээ. Тэгсэн худууд нь хүргэнээсээ юу ч асуулгүй Хонгконгийн 5 одтой зочид буудалд хурим хийхээр төлөвлөчихсөн, бүх юм захиалга хийгдээд яах ч аргагүй болчихсон хойно хүргэнд төлбөрийн хуудсыг өгч төл гэсэн юм байх. Дараа нь хүргэний ээж нь өвдөөд Бээжинд эмнэлэгт хэвтжээ. Тэгсэн хотын бэр ганц ч удаа эргэж очоогүй гэж байна шүү.
Бас нэг юм ажигласан нь, манай лабд байдаг 5 хятад оюутны жижиг хотоос гаралтайнууд нь бүгд нэг ах юмуу эгчтэй, өөрөөр хэлбэл эхээс хоёулаа байхад том хотоос ирсэнүүд нь бүгд айлын ганц байх юм. Ах эгчтэйгээс нь яагаад хоёулаа байгааг нь асуусан чинь "Ганц хүүхдийн бодлого хэрэгжихээс өмнө төрсөн" гэж байсан. Гэхдээ хөдөөгүүр тэр ганц хүүхдийн бодлого хэрэгждэггүй гэж бусад нь хэлж байна лээ.
Нэг эрэгтэй оюутан охинтойгоо хоёулхнаа энд сурдаг юм байна. Эхнэр чинь яасан юм бэ гэсэн нутагтаа ажлаа хийгээд байж байгаа гэнэ. Яагаад цуг ирээгүй юм гэвэл, хэрвээ наашаа ирэх бол сайн дураараа ажлаа орхих хэрэгтэй болно, ажлаасаа гарчихвал дараа нь буцаж очоод ажилдаа эргэж орох эсвэл бүр ажил олох найдвар байхгүй гэнэ. Тэр өөрөө Тяньжин хотынх гэнэ, эхнэр нь хөдөө жижиг хотынх, тэгээд тэр хоёр гэрлэсэн ч эхнэрт нь хотын үнэмлэх өгдөггүй, бүр охинд нь ч хотын үнэмлэх өгдөггүй /хүүхэд нь ээжийнхээ хаягаар хаяглагддаг гэнэ/, тиймээс эхнэр охин хоёр нь хотод амьдрахад их хэцүү байсан гэнэ. Охин нь сургуульд ч орж чадахгүй, орвол маш их мөнгө төлөх болчихоод, харин энд Японд үнэгүй сургуульд сураад аавтайгаа байж байсан нь дээр байгаа юм байхаа. Эхнэр нь арай гэж орсон ажилдаа яваад тэндээ байж байсан нь хэн хэндээ дээр гэнэ. Ер нь ажилд ороход өрсөлдөөн аймшигтай гэж байна шүү. Хичнээн их оюутнууд гадаадын мундаг сургуулиудад сураад төгсөж очиж байгаа билээ дээ, тэр хэмжээгээр нэг ажлын байран дээрх өрсөлдөөн жил ирэх тусам ширүүсч байгаа гэнэ. Янг хэлж байна, "Чи эргэн тойрноо хар л даа, зөвхөн энэ факультетэд гэхэд хичнээн их хятад оюутан байна, төгсөж очоод бид нар бүгдээрээ хоорондоо өрсөлдөгчид шүү дээ". Нээрэн тийм дээ л гэж бодлоо.Төрийн албанд ажилд ороход бас танил талгүй л бол бүтэхгүй гэж байна шүү манайхтай адил. Бас орсон хойноо ч гэсэн дээшээ дэвших эсэх нь танилын хүрээ татааснаас л хамаарна гэнэ.
Хятадын засгийн газраас гэхдээ нэг бодлого хэрэгжүүлдэг гэнэ. Гадаадад төгсөж ирсэн оюутнууддаа гарал үүсэл нь хамаагүй аль хүссэн том хотдоо амьдрах зөвшөөрөл, өнөө алдарт үнэмлэхийг нь өгдөг гэнээ. Тиймээс гадаадад сурч байгаа оюутнууд нь буцах их хүсэлтэй байдаг юм билээ. Хөдөөний буюу жижиг хотын хүүхдүүдийн хувьд амьдралын level-ээ дээшлүүлэх алтан боломж юм байна, гадаадад сургуульд явна гэдэг. Тэр хэмжээгээр гадагшаа явах өрсөлдөөн ширүүн, дотроосоо шигшигдсэн сайнууд нь л ирдэг юм байна гэж бодлоо.
Гэтэл манай лаос охиныг хар, их сургуулийн багш байсан гээд байгаан, юу ч мэдэхгүй. Хүн муулаад байж болж байна уу үгүй юу. Аав ээж хоёр нь хоёулаа Лаосын үндэсний сургуульд багш гэж байгаа юм. Ганц охиноо бас сургуулийнхаа багш болгочихсон. Тэгээд энэ тэтгэлэгт бараг хаалтгүй ганцаараа тэнцэж ирсэн гэж ам алдаж байсан. Би нэг удаа хэр баргийн юм мэдэхгүй байхаар нь гайхаад "Чи мастер хамгаалаагүй байж яаж их сургуулийн багш болсон юм бэ" гэж асууж байсан юм, хариулт нь дээрх байж л дээ. Манайд ч гэсэн дээ, аав ээж нь хоёулаа МУИС-ын багш байсан бол ганц охиноо яаж ийгээд сургуульдаа багш болгоод оруулчихсантай адил л юм даа. Тэгээд төрийн албанд ажилладаг гэдэг утгаараа тэтгэлэг авах болзолд тэнцчихнэ. Лаос гэснээс нэг юм санаанд ороод. Тухайн улс орон шинжлэх ухаан дээр тулгуурлаж хэр хөгжиж байгааг нь гаргасан нэг үзүүлэлт гарчээ. Түүгээр манай улс 160 орноос 140-д орсон байвуу даа. Баахан африкийн улсуудын дунд л тууж явна лээ. Ямар ч байсан Лаос манай хойно орчихсон байсан юм даг. За манай боловсрол бол ойлгомжтой, аль хэзээний дампуурсан. Гэтэл манай найз чинь нутагтаа ажил ихтэйгээ гайхаад байсан юм. Өглөөнөөс үдэш болтол хичээл заадаг, хичээлээ бэлддэг, өглөө үүрээр сургуульдаа очдог, их сургуулийн хичээл аймаар их гээд байсан юм. Тийм их ажиллан байж юугаа зааж юугаа сурахаараа манай дараа ордог байнаа гэж бодоод инээд хүрээд. За за өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж хүнийг муулаад байх юмаа би.

Өнгөтөөр ярьж өгөх үү-3

За тэгээд төлбөр мөнгөний асуудал босоод ирэнгүүт хоолой дээр нэг юм тээглээд сонин болоод явчихсан гэж ярьж байлуу?

Wednesday, February 13, 2013

Сар шинийн мэнд ээ хө!

Хүмүүс золгоод айл хэсээд сайхан явж байгаа байх даа. Энд ямар ч наастр алга оо. Бид хэд Австрали үхрийн мах авч бууз хийж идлээ битүүнээр. Хөөрхөн ширээ зассан зассан.
Маргааш шинийн нэгэн, өглөө эрт босч мөрөө гаргана гэсэн чинь манай хоёр хүүхдийн гайхаж байгааг ээ. Энэ хүүхдүүд яахаараа орчиндоо хэт хурдан дасан зохицдог юм болоо. Хэзээ ч цагаан сар тэмдэглэж үзээгүй юм шиг л аашлаад байх юм. Мөр гаргана гэж юу гэсэн үг юм л гэнэ, золгож яадаг билээ ч гэх шиг ккк.
Нөхөр гэр бүлээ төлөөлөөд өглөө мөр гаргадаг баатар болов оо. Тэгсэн 2 хүүхэд нь ингэж ярьж байгаан. "Аав мөр гаргана гэж яадаг юм, та зүгээр гадаа шороон дээр ингээд л гишгээд хөлийнхөө мөрийг гаргаад болоо юм байгаа биз дээ" гэнээ. Манай хүнийх шүдэнз зурж гал гаргах ёстой гэж байлаа, асаагуураа аваад гаръя гэсэн чинь "Таныг сааданд гал түллээ гээд цагдаа ирвэл яах юм" гэж орилолдоод "За худлаа худлаа аав нь гал асаахгүй ээ" гэж байж гарлаа шд. Тэгээд ороод ирсэн чинь "Мөр чинь яаж гарч байна, ямар мөр гарсан" гээд асуугаад байх юмаа энэ хүүхдүүд ккк. Нөхрийг орж ирэнгүүт өглөөний цайгаа ууж иднэ гэж гүйлдсээр байгаад тэр өдрөө хоёр хүүхэдтэйгээ золгохоо мартчихсан байна лээ.
За нэг иймэрхүү л шинэлэх шив дээ. Монголд байсан бол айл хэсч алт мөнгө цуглуулаад явж өгч байгаа даа.
Сониноос ирэх хагас сайнд гэртээ хэдэн найзуудаа урьж интернэйшнл паарти хийх гэж байгаа. Бараг 2 жил болж байхад би гэртээ ганц ч удаа дайллага цайллага house warming хийгээгүй, одоо нэг хийхгүй бол залгуулаад дипломын ажил гэсээр байгаад нэг мэдэхэд явах болох нь.

Tuesday, February 5, 2013

Хэдэн пост нөхөөд оруулчихлаа

Энэ постуудыг хүмүүст илүү хэрэгтэй болов уу гэж бодоод нөхөөд оруулчихлаа. Миний блогийг софт хэлбэрээр хадгалж байгаад надад гүн туслалцаа үзүүлсэн Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Гантөмөрийн Золжаргал дүүдээ маш их баярлалаа.

Нөхөж оруулав: Ажлын байран дахь бэлгийн дарамт


Сая мэдээ харж байсан чинь манай улсын нэг цэрэг цагдаагийн байгууллагад цол нэмэх явдалд эмэгтэй ажилчид их бэлгийн дарамтад өртдөг гэжээ. Тэгсэн доор нь нэг нөхөр худлаа байлгүй юу гэж доод тушаалын эмс хүүхнүүдтэй зууралдаж байдаг юм гэчиж. Би бол ийм дарамт ганц энэ газар биш хаа сайгүй байдаг л гэж бодож байна.
Би нэг хувийн компанид ажиллаж байхад манай төсөл дээр нэг хөөрхөн охин миний доор ажиллахаар ирсэн юм. Тэгсэн түүнийг манай нэг инженер ах өдсөөр байгаад өнөөх нь тэсэлгүй ажлаасаа гарсан шд. Тэр инженер ах угаасаа тийм донтой гар, гайгүй царайлаг залуухан охид хүүхнүүдийг эргүүлээд давхичдаг, хамгийн сонирхолтой нь хэн ч түүнд юу ч хэлж чаддаггүй байлаа. Өнөө охин надад зовлонгоо хэлээд "Энэ ах чинь намайг оройд хүргээд өгье, хоолонд хамт орох уу энэ тэр гэдэг байснаа одоо сүүлдээ өрөөнд хоёулхнаа байх үед бүсэлхийгээр тэврэх гэж оролдох, даарч байна уу гээд хацар барьж үзэх гэж оролдоод байх боллоо. Би хамт үлдэхээс ч айж байна" гэж билээ. Тэгэхээр нь бид хоёр хүний нөөцийн менежер хүүхэнд очиж гомдол гаргалаа. Тэгсэн чинь юу гэсэн гээч. "Наадах чинь угаасаа тэгдэг юмөө. Бүгд мэднэ. Намайг хүртэл анх ажилд орж байхад тэнэгтээд байсан юм" гэж авдаг байгаа. Тэгэхээр нь би дургүй хүрээд өнөө ахад очоод хэлчлээ. Гэтэл өнөө муу гахай чинь шууд хөөрхий охин руу давхиж очоод "Чи юу гээд олон долоон юм яриад яваан. Битгий хүний нэр хүнд унагаагаад бай. Яг одоо яв зайл чи. Чамтай цуг ажиллаж чадахгүй" гээд орилж чарлаад. Хөөрхий амьтан тэгээд "Наран эгчээ би таныг ингэж хамт ажилладаг хүмүүстэй чинь муудалцуулаад төвөг болоод яахав. Би зүгээр л ажлаасаа гарлаа. Өөр газар олдох л байлгүй" гээд шууд хувцсаа аваад гараад явчихсан. Би тэр инженер ахтай үргэлжлүүлж баахан хэрэлдээд хэд хоног дуугарахгүй сэтгэл санаа хачин байж билээ. Ядаж байхад томоо гэдэстэй би чинь.
Энэ бол наад захын л жишээ. Дараа нь бас нэг газар ажиллаж байхад жолооч нар нь дандаа бүсэлхийнээс доош юм ярина. Түүнд дургүйцээд хэдэн үг хэлчихвэл ирж авахгүй байх, цагтаа машинаа авчрахгүй байх гэх мэтээр жижиг жижгээр хөөрхөн чадаад байнаа. Бас нэг удаа найз охины дүү нь хүнд зодуулчихсан гээд хохирогчийн ар гэр гээд хамт очоод уулзаад өгөөч гээд очсон чинь өнөө байцаагч залуу нь манай найз охинд илт хандархаад "ийш тийшээ орж ууж идэнгээ дүүгийн чинь тухай яръя, сайн яривал сайхан л шийдээд өгнө шд" гэж дарамтлаад. Тэгээд би бодож байж билээ. Хөөрхөн төрөх хэцүү юмаа гэж.
Ер нь монголд бэлгийн дарамт бол зүгээр өдөр тутмын асуудал юм биш үү. Тэгэхээр энэ мэдээн дээр гарсан асуудал бол туйлын үнэн гэж л бодож байна.

Нөхөж оруулав: Үнэн үнэн


Ёолкоор энд сурдаг манай найз охин хүүтэйгээ ирж шинэ он гаргасан юм. Тэгсэн чинь хүү нь монголд байснаасаа нилээн мяриалчихжээ. Хүүе ямар хөөрхөн бондгор болчихсон юм бэ гэсэн чинь харин ч японд ирээд япон сургуульд яваад биеийн тамирын хичээл жинхэнэ утгаараа ороод 11кг хасагдчихаад байна гэнээ. Пөөх анх ирэхдээ тийм бүдүүн байсан юмуу гэсэн чинь зүгээр өшиглөвөл өнхөрчихмөөр бөмбөг шиг нөхөр ирсэн гэнэ 12 настай хүүхэд шүү дээ.
Яагаад ингээд таргалчихав аа гэсэн чинь ээжийг нь япон руу сургуульд явчихсан ардуур эмээ өвөө нь эрхлүүлээд дандаа гадуур пицца бургер шарсан тахиа ялангуяа BBQ chicken билүү тэдний тахиаг их авч өгдөг байж л дээ. Тэгээд таргалаад сүүлдээ элэг цөс нь өвдөөд нэг сар эмнэлэгт хэвтээд, хэт их тостой шарсан хуурсан хоол идсэнээс болоод цөс нь бөглөрсөн гэнэ үү.
Энд ирэхдээ гүйж чаддаггүй бахардаад бөглөрч үхчих гээд байсан хүүхэд чинь япон сургуульд ороод 10-хан сарын дотор тураад одоо бүр сургуулийнхаа өмнөөс бага сургуулиудын марафонд ордог болсон гэнэ, бас бэйсболын дугуйланд явж байгаа, усанд сэлж сурсан гэнээ. Анх ээж нь бэйсболын дугуйланд оруулах гэсэн чинь "Тэрүүгээр чинь яадгийн би явахгүй шал тэнэг" гээд байхаар нь ганц удаа л яваад үзчих гэж гуйсаар байгаад явуулсан чинь одоо бэйсболын улаан фен гэнэ, жигтэйхэн дуртай явдаг болсон юм байхаа. Тэгээд жаахан хүүхэд мөртлөө ингэж яриад байгаан. "Миний монголд явдаг байсан сургууль мянган долларын төлбөртэй хувийн сургууль байсан мөртлөө биеийн тамирын хичээл нь нэг жижигхэн өрөөнд ордог, тэгэхэд энд зүгээр жирийн л сургууль нь биеийн тамирын хичээлийг жинхэнэ утгаар нь ордог юм байна лээ."
Би хэлээд байдаг биз дээ. Японы бага сургуулийн сургалтын стандарт гайхамшигтай гэж. Монголын сургуулийг өөрчлөх цаг болжээ. Бас хүүхдээ их бодолтой хайрлах хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулах хэрэгтэй болж. Тэгэхгүй бол бидний хойч үеийнхэн юу ч мэддэггүй чаддаггүй, үнэтэй цайтай юм хэрэглэсэн, хар багаасаа өвчний үүр болсон нөхдүүд л болох вий дээ.
Дээр би хэлж байсан даа. Манай дунд сургуулийн боловсролын түвшин ямар байгааг дэлхийн олон улсын шалгалтаар илрүүлсэн гэж. Тэр чинь их алдартай шалгалт юм байна. Одоо тэр шалгалтын дүнгээр Япон Солонгос ер нь азиуд шинжлэх ухаан математикийн хичээлдээ тэргүүн байруудад нь орсон гээд л энүүгээр шуугиад байна. Ерөнхий боловсролын улсын сургуулийн 4 ба 8-р ангийн хүүхдүүдээс гол 4 хичээлээр шалгалт авч сургалтын түвшин хэр байгааг тодорхойлдог шалгалт юм л даа. Нийт 60 гаруй орны 500 гаруй сургуулийг шалгасан юм байх. Манай улс хангалтгүй буюу F үнэлгээ авсан 12 орны нэг нь болсон байсан.
Гэтэл харин сүүлийн үед манай дунд сургуулиуд дээр шинэ арга зүй нэвтрүүлж их сайн үр дүн гарч байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээ уншчихсан шүү. Болж байна шдээ, сайн байна.

Нөхөж оруулав: Улаанбаатарын агаарын бохирдол ямар түвшинд байгаа вэ?


Сая Бээжингийн агаарын бохирдол 800 хүрчихсэн байсныг Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яам зарлаад, олон нийтэд мэдэгдлээ гэж Бээжин нь уурлаад хөөрхөн л юм болж байх шиг байна. Тэгвэл энэ 800 хүрчээд байгаа үзүүлэлт нь юу юм, манай алдартай агаартай Улаанбаатарт хэд хүрдэг юм бэ?

Агаар дахь тоосонцрын ширхэглэлийг 2 янзын үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Particle Matter 2.5, Particle Matter 10 гэнэ. Энэ нь 1 метр куб эзэлхүүнтэй агаарт 2.5 ба 10 микрограмм хэмжээний тоосонцор хэр байгааг үзүүлсэн хэмжээ юм. Эдгээр тоосонцор бусад агаар бохирдуулагч хийнүүдээсээ ч илүүтэй эрүүл мэндэд аюул учруулж зүрх судас амьсгалын замын өвчин цаашилбал хорт хавдар үүсгэдэг байна. Тоосонцрын ширхэг нарийн байх тусмаа уушгинд хүрч тэндээ үлддэг гэнэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон стандартаар эдгээр үзүүлэлтүүдийг 24 цагийн, сарын дундаж, жилийн дундаж, гадна орчин, байшин доторх гэх мэтээр үздэг. 
АЧС - Агаарын Чанарын Стандарт
ДЭМБ - Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага