Thursday, February 14, 2013

Өнгөтөөр ярьж өгөх үү-3

За тэгээд төлбөр мөнгөний асуудал босоод ирэнгүүт хоолой дээр нэг юм тээглээд сонин болоод явчихсан гэж ярьж байлуу?

Одоо яах вэ гээд бодоод байдаг юм билээ. Нэг хэсэгтээ толгой ерөөсөө ажилладаггүй ээ. Тэгээд эмнэлгээс гараад автобусанд суугаад гэр лүүгээ явж байлаа. Яг манай сургуулийн хажуугаар өнгөрдөг юм. Сургуулиа харсан чинь гэнэтхэн сургуульдаа хэлье гэж бодол ороод ирлээ. Тэр дор нь утсаа гаргаж ирээд гадаад харилцааны хэлтэс рүү байр байдлаа тоочоод яах вэ надад туслах арга байна уу гээд имэйл биччихлээ. Хариад шууд унтаад өглөө юу ч бодолгүй. Маргааш өглөө нь босоод 2 хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгчихөөд эмнэлэг явах замдаа автобусанд имэйлээ шалгалаа. Өө тэгсэн чинь гадаад харилцааны хэлтэс түргэн авчихжээ надаас болоод. Маш дэлгэрэнгүй ойлгомжтой хариу бичсэн байна. Сийрүүлбээс "Танай нөхөр японд ажил хийдэг үү, өнгөрсөн жилийн орлого нь хэд байсан бэ, хэрвээ японд ажил хийдэггүй бол эрүүл мэндийн даатгалаар нилээн хөнгөлөгдөх ёстой. Чи боломжтой бол бид нартай оффис дээр ирж уулз, боломжгүй бол бид залгая, нөхрийнхөө эрүүл мэндийн даатгалын дугаарыг хэлээд өг, бид хотыг захиргаа руу ярьж тэр хөнгөлөлтийн талаар асууж тодруулья" гэнээ хөөрхий амьтад. Тэгэнгүүт би нөхрийн даатгалын картыг зургийг нь аваад утсаараа явуулчихлаа. Орчин үед техник технологи хөгжөөд сайхан юм дөө. Нөхөр дээр очоод сууж байсан чинь залгаж байнаа сургуулиас. "Бид нар хотын захиргаа руу ярьчихлаа. Чи яг одоо хотын захиргааны эрүүл мэндийн даатгалын хэсэг дээр очоодох" гэж байна. Эмнэлгээс автобусдаад хотын захиргаа орлоо. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс дээр нь очоод нөхрийн картыг өглөө. Тэгсэн чинь рс дээрээ нэг юм харж байснаа өөдөөс пижигнэтэл японоор яриад уналаа. Би ойлгохгүй шдээ. Тэгэнгүүт сургууль руу залгаад утас авсан хүнд нь шууд "Энэ хүн чинь японоор яриад байна, би юу ч ойлгохгүй байна" гээд ховлолоо ккк. Утас авсан гадаад харилцааны хүүхэн "Ок, наад хүндээ утсаа өгчих, би яриадхая". Өнөө даатгалын залууд утсаа өгсөн чинь гайхаж байна гэж жигтэйхэн. Тэгээд бодвол намайг тайлбарлаж өгсөн байх, өнөө залуу чинь цаасан дээр хэдэн ханз бичээд надад өгөөд дээшээ татварын хэсэг рүү яв гэж байна. Үүнийг нь надад гадаад харилцааны хүүхэн хэлж өгч байгаа юм шдээ. "Наад залуу чинь чамд одоо цаас өгнө, чи түүнийг нь аваад дээшээ 2 давхарт татварын хэсэг дээр очиж нөхрийгөө японд ажил хийдэггүй орлоггүй гэдгийг батал" гэх мэтчилэнгээр миний үйлдэл бүрийг нэгбүрчлэн орчуулж зааж өгч байгаа юм. 2 давхарт нь гарч очоод цаасан дээр нь бичсэнтэй ижил ханзтай хэсэг дээр яваад очлоо. Японы үйлчилгээ гэж сайхан шүү дээ. Намайг харангуутаа нэг хүүхэн гүйгээд ирлээ, түүнд нөгөө залуугийн өгсөн цаасыг өгсөн чинь уншиж үзсэнээ "Аан Токиогийн их сургуулиас ярьсан" гээд цаашаа гүйгээд нөхөр бид хоёрын нэртэй томоо хавтастай цааснууд аваад ирлээ. Тэгээд нэг анкет шиг зүйл сугалж гаргаж ирээд 0 гэдэг юмнуудыг нь бөглүүлээд надаас ганц нэг англи үгээр нөхөр чинь ажил хийдэггүй юм бол танайх юугаар амьдардаг юм бэ гээд асуугаад байна. Өө миний тэтгэлгээр амьдардаг юм шдээ гээд сайхан авч өглөө, жаахан гайхаад л байх шиг байсан, орлого гэдэг хэсэг дээр нь scholarship гэж бичүүлж аваад тамга дарсан жижиг хэсгийг нь ураад надад өглөө. Одоо доошоо яв гээд дохиод байна, доошоо өнөө залууд аваачаад өгсөн чинь ашгүй нэг нугалсан цаас өглөө. Тэр нь манай хоёр хүүхдийн эмнэлэгт үзүүлэхдээ авч очдог цаас л байна лээ. Тэр цаасыг үзүүлэхээр 3-р ангийн хүүхэд хүртэл бүх хүүхдийн эмчилгээ эм тан үнэгүй байдаг юм. Яг тэрэн шиг энэ цаасыг орлогогүй хүмүүс эмнэлгийн төлбөр 35,000 иенээс хэтэрсэн тохиолдолд үзүүлбэл 35,000-аа өөрөө төлөөд үлдсэнийг нь эрүүл мэндийн даатгалаас төлдөг гэнээ. Сайхан байгаа биз.
Өө тэгээд миний хувьд шууд нар мандаж байгаа юм чинь. Бөөн баяр том ажил бүтээсэн баатарлаг амьтан эмнэлэг рүүгээ явлаа даа. 
Эмнэлэг дээр очоод лифтэнд суух гээд зогсож байсан чинь өнөө тагнуул шиг царайтай орчуулагч хүүхэн гүйгээд ирлээ. "Та нарыг эмнэлгийн төлбөрийн тал дээр асуудалтай байгаа гэж сонслоо. Манай эмнэлэг рүү Токиогийн их сургуулиас ярьсан" гэж авдаг байгаа ккк. Гадаад харилцааны хүүхнүүд бүр ийшээ хүртэл ярьчихаж. "Өө тиймээ гэхдээ надад нэг сертификат байгаа хөнгөлөлтийн". Би чинь Аладдины шидэт дэнлүүтэй болчихсон юм шиг додигор байгаа юм бишүү. "Өө тэгвэл өгч байгаач. Бид нар одооноос түүн дээр чинь үндэслэж төлбөрөө тооцоолох ёстой" гэж байна. Май ав ав.
Нөхөрт орж ирээд ямар гавьяа байгуулснаа хэлбэл мундаг юмаа мундаг юм гэж байна. Ингээд өдөр хоног өнгөрсөөр эмнэлгээс гарах өдөр боллоо. Өглөө гүйгээд очсон чинь яарч байгаад өнөө алдарт сертификатаа мартаад ирчихсэн байгаа юм чинь. За урьд нь нэг өгсөн, дугаар мугаарыг нь тэмдэглээд авсан байлгүй дээ гэж найдаад төлбөрөө төлөх гээд хүлээгээд сууж байлаа. Тэгсэн эмнэлгээс гарч байгаа хүмүүс тусгай нэг өрөөнд орж төлбөрөө хийдэг юм байна, ресепшн дээр биш. За хэд гардаг бол доо, нөгөө сертификатыг нь нэхвэл юугаа хэлнээ гэж бодоод байлаа. Нөхөрт мартчихсан гэдгээ хэлээгүй ээ айгаад ккк. Хамгийн чухал юмаа мартаад ирдэг хүн гэж байхуу? Би ер нь ойрд тийм болоод байгаа, заавал нэг юм мартаж гарна гэрээсээ.
Тэгсэн нөхрийн нэрээр дуудаж байнаа, очиж суугаад төлбөрийн хуудсыг нь харсан чинь 35,000 дээр нэмээд хоол хувцасны мөнгө, нийлээд 42,800 иен. Баярласандаа золтой л уйлсангүй шүү. Баяр хөөртэй нь аргагүй төлчихөөд гарч ирээд нэг сайхан урт амьсгаа авч билээ.
Эмнэлгээс гарсны дараа ганц хоёр удаа ирж үзүүлээрэй гэж цаг өгсөн юм. Дахиж үзүүлэхэд 300 иен л байдаг юм байна лээ. Тэгээд энэ төлбөрөө ресепшн дээр биш, тусгай өрөөнд ч биш, автомат машинд хийдэг юм байна лээ. Хэтэрхий хөгжчихсөн газар шүү. Номер авч хүлээж байгаад АТМ шиг машин дээр очоод эмнэлгийн картаа хийгээд гарч ирсэн мөнгөн дүнг нь хийгээд л болоо.
Манай хүний гэдэс харин бараг сар гаран их шүүс гарсан. Өдөрт 2 удаа боолтыг нь солино. Боолтных нь марли нь яг хэлбэр дүрсээр нь хэмжээ дамжаагаар нь бэлэн савлачихсан байдаг, аптекаас түүнийг нь байнга авна, задлаад шархан дээр нь тавиад л болоо. Тусгай эмнэлгийн лентээр наана, удаан наахаар иймэрхүү цавуутай лентүүд арьс загатнуулаад шархлуулах гээд байдаг, японых харин чанар сайтай болохоороо нөхрийн арьс шархлаагүй. Би тэгэхэд 2 удаа кесерово хагалгаанд орсон, миний боолтыг нэг муу хужаа шархны лентээр л наадаг байлаа, аймаар загатнасаар байгаад сүүлдээ шархлаад цус мус гараад хагалгааны шархнаасаа эсэн юм болж байсан юм даг.
За нөхрийн эмнэлэгт хэвтсэн паян нэг иймэрхүү.

7 comments:

Ука said...

Ямар сайхан юм бэ. Монголд маань эрүүл мэндийн даатгал, энэ эмнэлгийн үйлчилгээ хэзээ утгаараа хэрэгжих юм бол доо?

Aamregled said...

хүний төлөө гэсэн газар сайхан юмаа тээ ...
гадаадын оюутнууд монголд өвдчүүл манайхан тэнэгтэж өгөх байхдаа

Anonymous said...

Manaihan itgehgui l baih gehdee Mongold bolomjiin emnelguudiin shudnii emchilgee chanar bol Amerikaas neg ih dutahgui bas tedniihtei haritsuulashgui hyamd baidag.

Anonymous said...

хэ хэ би олгой авахуулах юмсан

Anonymous said...

би олгой авахуулая

Бат said...


сэргэлэн хүүхэн нөхрөө бараг үнэгүй эмчлүүлжээ

Salinas Carpet Cleaning said...

Thanks for wrriting this