Friday, February 22, 2013

Сонин сайхан

Ойрд тун завгүй байлаа. Эхний шатны туршилтаа дуусгах гэж. Миний туршилт 2 үе шаттай юм. Эхний үе нь урьдны төгссөн оюутны хийсэн туршилтын дээжнээс бактерийн ДНК ялгах ажил байлаа, үүнийгээ амжилттай хийж дуусгалаа. Хүн өөрөө хийж үзэж байж л их юм сурдаг юм байна. "Мянга сонсохоор нэг үз" гэдэг юутай үнэн үг вэ гэж л бодлоо. Урьд нь зөндөө хичээлээр энэ сэдвийг үзээд л байсан үзээд л байсан харин яг өөрөө гардаж хийж байж бүх юмыг нь ойлгож авлаа. Багш маань хийсэн ажилд маань овоо сэтгэл хангалуун байна.
За одоо дараагийн туршилт маань урьдны оюутны хийсэн энэ туршилтыг реактор дээр дахиж хийж батлах юм байгаан. Хэрвээ баталж чадаад адилхан үр дүн гаргаж авбал их том ажил болох юм, магадгүй би paper хэвлүүлэх ч боломжтой болно. Энэ их ярвигтай ажил аа. Өнгөрсөн зунжин намаржин би энэ муу реакторын ажиллагааг тогтворжуулах гэж үгээ хэлж үсээ зулгаасан, реакторын ажиллагаа тогтвортой нэгэн жигд байж байж л би туршилтаа эхлэх юм. Тэгэхгүй бол би ийм туршилт хийсэн чинь реакторын ажиллагаа ингэж өөрчлөгдсөн гэж хэлж чадахгүй болно. Багшид үнэнээ л хэлсэн, би тогтворжуулж чадахгүй байсаан, шалтгааныг нь мэдэхгүй байна, бусад оюутнуудтай яг адил аргаар үндсэн протоколын дагуу л хийсээн гээд үнэнээ л хэлсэн. Харин багш овоо уриалгахан "За за би чамд шинэ хөрөнгө олж ирье. Чи дахиад нэг хичээгээд хийгээд үз дээ" гэж байна. Баярлаад л нисчихсэн. Манай багш их сайн хүн юм байгаан. Тэгэхэд бусад лабын оюутнууд багшдаа дарамтлуулаад үгээ хэлж байна шдээ цаана чинь. Одоо 4 сард дунд шатны хамгаалалттай, түүнээс цааш 6 сарын дунд гэхэд thesis-ээ хураалгах ёстой, тэгээд 8 сарын эхээр эцсийн хамгаалалттай, тэгээд л дуусаа даа. Ёох нохойн дуу ойртож байна шүү.
Би ер нь яагаад гэнэтхэн ДНК анализ хийх мийх гээд ийм нарийн сэдэв рүү орчихсон юм болоо. Надад ямар ч background байхгүй юм байгаан шдээ. Би чинь уг нь химийн анги төгссөн юм. Тэгээд төгсөөд хэзээ ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй, дандаа бичиг цаасны оффисын ажил хийж явж байгаад гэнэт технологи нарийвчилж сурмаар санагдаад энэ сургуульдаа ирсэн чинь л ийм сэдэв аваад цагаан халаад маск бээлий өмсчихсөн лабораторид туршилт хийгээд зогсож байх юмаа. Би энэ талаар дараа нэг тусдаа пост хийнээ, бодоод л яваад байгаа.
Албаны ажил нэг иймэрхүү. Амины ажил гэвэл өнгөрсөн 7 хоногт өнөө интернэшл паартигаа хийсэн. Манай хэдэн гадаадууд манайд цуглаад хоолны амттайг Чингис архины чангыг гайхаж гайхаж л явлаа. Манай хүн хоолоо гардаж хийсэн юм, би нэг туслах тогоочийн үүрэгтэй. Тэгсэн чинь өнөө хэд чинь хоол хэн хийснийг мэдэнгүүтээ "Бүгдээрээ ийм сайхан амттай хоол хийдэг нөхөр олж авахын тулд Монгол явцгаая" гэж наргицгаагаад бөөн инээдэм боллоо. Сонин шүү, хүнд нэг төрөлхийн авьяас гэж байдаг даа тэгвэл манай хүн хоол хийх авьяастай юм шиг байгаан. Би яг тэр орсон материалаар нь яг тэр хоолыг нь хийхэд хэзээ ч амтыг нь гүйцдэггүй юм.
Манай хүү их хачин хачин юм ярьдаг юм шдээ. Би уг нь тэр дор нь бичиж авах гэж байгаад мартчихаад байх юмаа. Нөхөр бид хоёр хүүгээ их эрхлүүлнээ. Эгдүү хүрээд энд тэндээс нь хааяа хаздаг юм шиг байгаан. Тэгсэн нэг өдөр "Би одоо чонын бэлтрэг юмуу хаашаа юм. Намайг дандаа л шилэн хүзүүнээс, эрүүнээс, гар хөлнөөс хазаж байх юм" гэчихсэн сууж байсан. МНТовчоон дээр духан дээрээ ганц нүдтэй Дува сохор гэж гардаг шдээ, түүнийг нэг удаа хоёр хүүхдэдээ уншиж өгсөн юм. Дараа нь нэг өдөр манай хүү ундааны бөглөө скочоор духан дээрээ наачихаад "Думбаа сохор" гэчихсэн гүйж байсан. Ойрд таргалаад байгаа юмуу хацар нь урагшаа түмбийгээд унжаад байхаар нь "Яасан том хацартай юм бэ?" гэсэн чинь "Энэ чинь үнсэх зориулалттай хацар байхгүй юу" гэж авч байсан. Нээрэн ангийнхаа нэг хөөрхөн охинд эгчээрээ захиа бичүүлж аваачиж өгсөн юм байна шдээ. Өнөө охиных нь ээж нь захиаг нь уншчихаад инээдээ барьж чадахгүй тачигнатал хөхрөөд гүйгээд байсан цэцэрлэг дээр.  Угаасаа тэр охин өөрөө эхлээд манай хүүд "дайсукий" /аймаар дуртай гэх юмуу/ гээд байдаг байсан юм. Захиандаа юу гээд биччихсэн юм бүү мэд надад уншуулаагүй харуулаагүй гээч.
Гэснээс одоо бүр хүүхдүүдийнхээ захиаг уншихын тулд япон хэл сурах зайлшгүй шаардлага гарч ирж байнаа хахаха. Охин хааяа энд тэндээс захиа авна, өөрөө бас захиа бичээд сууж байдаг юм. Тагнуулч ээж тагнах гэхээр ойлгохгүй. Тэгэхээр одоо япон хэлээ сурья даа.

6 comments:

Anonymous said...

Ногоохон минь ээ, ногоохон минь. Ер удаан алга болов оо чи, гэж. Тэсүхүйеэ бэрх агаад мөн чиг уртыг туулах инү, чи нэг "Сонин сайхан" хэмээж цээж уужруулав байна....хэ хэ.

MRowan said...

Нөхөр хүүхдүүд нь юун хөөрхөн юм бэ хэхэ.

Anonymous said...

Sudalgaaniihaa ni ajild amjilt husiye!

Unknown said...

хэ хэ хэ, ямарч хөөрхөн юм бэ дээ. Захиаг нь ойлгохгүй байх ч нээрээ "лүд" юм байна аа, ккк.

mongolbusgui said...

Amjilt husye! Nohoin duu ch oirtoj bna daa, udahgui tugsuud hariarai! 2-laa oirtoltsoo tugsuh ym shig bna daa :) Oguulelee hurdan gargaarai!!!

Anonymous said...

deer bichsen anon ooroo bicheed ooroo hariulaad hahaha, chaddin bol ooroo blog neegeed yu hiidgee bicheech... shar n hodlood ataarhaj uhlee l dee hoorhii...