Tuesday, May 21, 2013

Инээх үү

Гэнэтхэн инээмээр санагдаад. Бүгдээрээ тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаа бичих үү. Комментийг хялбар бичдэг болгочихлоо.
Эмээгийнд байхад нэг удаа цуйван хийж идэх гээд гурилаа элдэж дэлгэж тавьчихаад хоолоо хийж байлаа. Манай 2 жаахан байсан юмаа, хүү ой гарантай л байсан юм. Тэгээд гурилаа хэрчих гэсэн чинь тавьсан газраа байдаггүй. Хайгаад явж байсан чинь эмээ нэг салбархай уранхай гурилын өөдөс барьчихсан "Энэ юун нойтон даавууны өөдөс вэ" гэчихсэн явж байдаг юм. Хүүе наадах чинь миний элдсэн гурил байна бусад нь хаана байна гэсэн чинь мэдэхгүй нөгөө өрөөний газраас олсон гээд. Очсон чинь манай хүү бүгдийг нь үйчиж хаяад үлдсэн жаахныг нь эмээ олчихсон явж байсан.
Бас нэг цагаан сараар битүүний өдөр ширээгээ засч бэлдэж бэлдчихээд за одоо битүүрье хүссэн юмаа идээрэй гээд ширээндээ суусан чинь манай охин /4 настай байсан юмаа/ "За тэгье идье" гэснээ засчихсан тавагтай боовны хамгийн доод талынхаас нь шууд татаад тавагтай идээ нураачихаж билээ. Ул боовыг л их идмээр санагдаад байсан юм шиг байгаан. Уг нь өгсөн л дөө. Маргааш нь нь ч билүү хүн ирээд ширээндээ суулгаж дайлж цайлж байгаад өөрөө бас юм ярих гээд ширээндээ суучихаад харсан чинь тавагтай идээний нэг боовон дээр нь жижигхээн 4 шүдний ором тодоос тод гарчихсан байсан /дүүгийнх нь/.
Хүү дөнгөж төрчихсөн байлаа. Охин дөнгөж 2 ой гарантай байсан юмаа. Бие засах болохоороо охиноо дүүтэй нь үлдээж болдоггүй хүүгээ заавал тэргэн дээр нь тавиад 00-ынхоо үүдэнд авчирч байгаад хаалгаа томоос том дэлгээд хоёуланг нь харж байгаад бие засдаг байлаа. Нэг удаа тэгэхээс залхуураад хүүгээ орон дээр орчихоод охиндоо дүүдээ хүрч болохгүй шүү гэж хэлж хэлчихээд гялс шээчээд гүйгээд ороод ирсэн чинь охин аль хэзээний орон дээр гарчихсан дүүгээ гурил элдэж байгаа юм хоёр гараараа шиг нааш нь цааш нь өнхрүүлчихсэн сууж байсан.
Бас тэр үед нэг орой тв үзээд сууж байтал охин нөгөө өрөөнөөс орж ирээд миний хажууд суулаа. Охин руугаа харсан чинь зүгээр л байсан юм. Бид хоёр хүүхэлдэйн киногоо үзэж дуусчихаад бослоо. Охин над руу харсан чинь нүүрнийхээ нөгөө талыг миний уруулын будгаар нилд нь будчихсан байдаг юм. Цочсондоо аймаар муухай орилоод. Яг Бушхүүгийн үлгэр дээр гардаг тал нүүртэй чөтгөр шиг нүүрнийхээ талыг будчихсан. Тэгээд угаагаад угаагаад арилдаггүй, савандаж угаах гэхээр уйлаад угаалгадаггүй. Нэг хэсэгтээ л охин тал нүүр нь улаан туяатай явсан.
Өөр зөндөө л юм болдог байсан, мартжээ.

Saturday, May 18, 2013

Монгол тв үзэх гэсэн чинь

tv.univision.mn гээд нэг сайхан юм гарчээ уг нь. Манайх ч аль дээр л мэддэг болсон л доо. Манай хүн монгол тв-нүүдээр мэдээ бас хөлбөмбөг үздэг байсан юм. Би бас дуурайгаад монгол тв үзэх гэсэн чинь нээрэн тоглоомгүй үзэх юм олдохгүй байсан шүү. Нэг бол ярилцлага, нэг бол дэлгүүрийн реклам, нэг бол солонгос драм, нэг бол за ямар ч байсан ямар ч өгөөжгүй юм л гараад байх юм. Хааяа нэг тэр хөтөлбөрөөс нь харж байгаад 2 хүүхдэдээ орчуулгын баримтат кино үзүүлэх гэж хичээдэг байлаа, даанч бичлэгийг нь голоод үзэхгүй байна лээ, яасан харанхуй бараан юм бэ дүрс нь харагдахгүй байна гээд. Аргагүй л дээ, япон чинь дижитал системтэй болохоор тв нь их тод өнгө дүрсний ялгарал сайтай байдаг, манайх аналог системтэй болохоор тэгээд дээрээс нь нэтээр дамжуулж байгаа болохоор муу байх нь аргагүй аргагүй.  Тэгээд хүүхэлдэйн кино үзүүлдэг баатар болов оо өнөө хоёртоо. Би нөгөө өрөөнд юмаа хийж байгаан. Тэгсэн чинь гэнэтхэн "... хараал идсэн..." гээд орилоод уналаа өнөө тв маань. Хүүе та хоёр суваг сольчихов уу, хүүхэлдэйн киногоо үзээчээ гэсэн чинь үзэж байна гэх юм. Итгэхгүй өөрөө гүйж ирээд харсан чинь яах аргагүй хүүхэлдэйн кино нь байнаа. Юу вэ айн? Хүүхэд үздэг хүүхэлдэйн киног орчуулахдаа заавал ийм хараалын үг оруулдаг нь ямар учиртай юм бэ? Хичнээн тэр кинон дээр нь тийм үг байгаа ч гэсэн хасчихаж болно шдээ. За боль боль гэлээ аргаа бараад. Тэрнээс хойш монгол тв үзэхээ байсан. Хүүхдэдээ хүүхэлдэйн кино хүртэл хамаагүй үзүүлээд орхиж болохгүй нь ээ энэ монгол сувгуудаар. Тэр сэтгэгдэл бичдэг журам гаргаж байхын оронд энэ тв-нүүдийнхээ хэл ярианы соёлыг цэгцэлбэл таарах юм.

Tuesday, May 14, 2013

Унтана даа унтана

Хүний нүүрний яг нэг тал нь татвалзаад байвал нүүр нь унжчихдаг юмуу. Ээжээс асуучихсан биш байнга утасдаад унтаж амар ууж ид гээд байх юм. Тийм амарч байдаг зав хаана байнаа. Нүүр татвалзах ч гайгүй байнаа, харин энэ харшил шиг юм л их хэцүүтэй байна. Ажиглаад байсан чинь нойр муутай хонох юмуу хэт их ажиллачихаар хөдлөөд байх шиг байна. Уг нь би ямар ч харшилгүй л дээ. Тэгсэн сүүлийн 2-3 сарын турш загатнаад маажингуут гөвдрүү гараад ирдэг болчоод байна. Их загатнанаа ядаж байхад, тэгээд л маажаад хаянгуут сайхан аймшгийн киноны баатар шиг юм болчихно. Сургуулийн эмнэлэгт үзүүлсэн чинь хлорфеномин бичиж өгсөн, өнөөхийг нь өдрийн цагаар уулт байхгүй мансуураад л нойр хүрээд юм хийх чадваргүй болчихно. Бас гар хөлийн яс яг том болох гэж байгаа юм шиг янгинаад өвдөөд байдаг болчлоо. Яагаав дээ, бага байхад гар юмуу хөлийн яс нэг тийм шаналгаатай янгинаад л, ээж том болох гэж байгаа юм ээж нь барихаар зүгээр болчдог юм гээд барьж өгдөг байсан уу та нарыг бага байхад. Ёоо би нээрээ үнэн арчаагүй гар юмаа. Өөрийгөө бодохоор уур хүрээд байх юм. Иймхэн юманд ядарч мадраад ингэж тэнэгтээд байгаа юм байх даа. Ямар тэнэг юм бэ би. Ганц өдөр 9 хүртэл унтчихвал гайгүй болчоод байгаа юмаа уг нь. Даанч өдөр бүр тэгэж сайхан унтах зав алга. Дипломоо дуусгаад нэг сайхан унтана даа гэж занаад л байна. Унтана даа унтана нэг сайхан өдөр. Бас харьж байгаад Гилийн хатан эгчтэйгээ чанасан толгой хувааж иднэ дээ. Гэснээс чанасан хавирга идэх юмсан. Юу вэ бөөн ууж идэж унтаж хэвтэх тухай бичлэг болчлоо.

Monday, May 6, 2013

Ойлгодоггүй юм бас нэг байна

Би энэ гавьяат жүжигчин, СТА эд нар гээд цолыг ёстой ойлгодоггүй шд. Энэ чинь социалист нийгэмд л байсан эд биз дээ. Тэгээд энэ захзээлийн нийгэмд юу хийж яваан. Зах зээлийн нийгэмд орсон юм бол бүх юм захзээлээрээ л зохицуулагдах ёстой ёо доо? Хэрвээ тэр жүжигчин дуучин хүн чинь үнэхээр алдартай сайн мундаг хүн бол цомог момог нь сайн борлогдоод энд тэндгүй урьж залагдаад тоглолт моглолтыг нь пиг хүн амьтан үзээд нийгэмд өндөр байр суурьтай нэр төртэй болоод од гээч нь болоод мөнгө гээчийг нь хүүлээд яваад өгнө биз дээ. Юун тэр соёлын тэргүүний ажилтан эсвэл гавьяат жүжигчин гэдэг энгэрийн тэмдэг цол гуншин. Аль социализмийн үед орос ах нараас авсан уламжлал яг тэр сэтгэхүйгээрээ л яваад байх юмаа. Тийм юмны төлөө насаараа хөдөлмөрлөж ирсэн ахмад үе нь за байж болноо гэхэд цэвэр захзээлийн нийгэмд өссөн төрсөн амьдарч байгаа орчин үеийн залуус нь хүртэл энэ нэг хэнд ч хэрэггүй одон тэмдэгийг авах гэж улайрч ч байх шиг, аваад баярлаад ч байх шиг. Одоо бүр сүүлдээ өнөө цол тэмдэг нь биш тэрийг олгодог зам нь захзээлд орчихсон. Хэн амбицтай байна, хэн яам маамаар танил тал ихтэй байна, хэн тв-гээр их гарсан, хэн ахиу мөнгө олох гэж ахиу тоглолт хийсэн тэр хүн ста мста болоод байгаан бишүү. Би лав хошин шогийн жүжигчин байгаад хэдэн хошиг шогийн тоглолт хийгээд мөрөөрөө явж байтал надад ста өгнө гээд байвал "За төр гуай зүгээр л байгаарай. Хэдэн цаас олох гэж мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа намайг хүртэл олж харчаад ста өгнө мөгнө гээд хошин шогтоод байх юм. Би өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөж байна, өөр ямар ч гэм хийгээгүй" гэж хэлнэ.

Friday, May 3, 2013

Рекламдчих юм байна л даа.

Нэг мэдээлэл олж үзэх гээд нийгмийн хамгааллын яамны сайт руу орлоо л доо. Одоо тэр чинь Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын Яам гэдэг болсон юм байна, сайд нь С.Эрдэнэ болсон юм байна. Тэгсэн чинь энэ яамны нүүр хуудсан дээр "Гурвантамир сургууль ахмад настан, хүүхдүүдэд автобус хандивлалаа" гэдэг мэдээ тодоос тодоор дурайтал байж байх юм. Хороололд байдаг Гурвантамир сургууль болбоос нөхөр С.Эрдэнийн хувийн сургууль гэдгийг захаас аваад замаар шогших нохой ч мэднэ шүү дээ. Сайд хүн өөрийн хувийн бизнесийг улсын яамны сайт дээр ингэж рекламдуулж болох уу?
Сайд гуай бас өөрийгөө зурганд оруул гэж хэлэхээ мартаагүй бололтой.
Би эхлээд гайхлаа л даа. Яахаараа нийгмийн хамгааллын яамны сайтан дээр хувийн сургуулийн нэр томоос том гарчихсан байдаг билээ гээд хараад байсан чинь доод талд нь эрхэм сайд гуай нийгмийн ажилчдын баярын өдөр ахмад ажилтны энгэрт медал зүүж өгч байгаа зураг нь байж байх юм. Тэгээд л өө энэ хүн сайд нь байсан юмуу тэгээд л хувийн бизнесийн нэр нь яамны сайтан дээр реклам болчихсон тууж яваа юм байна шдээ гэж ойлголоо.
Эх сурвалж

Thursday, May 2, 2013

6 настай хүү

Манай хүү ойрд нэг иймэрхүү яриатай.
Тв-гээр жаахан хүүхдүүдийг тоглодог тоглоом нь гэнэт яриад эхэлбэл яах нь уу гээд нууц камер тавьчихаад хараад байгаа нэг тийм хөөрхөн нэвтрүүлэг гарч байнаа. Бүгд шууд итгэж байгаа юмаа. Нээх хөөрхөн хайртай бамбарууш нь юмуу тоглоомон төгөлдөр хуур нь гэнэт яриад эхлэхээр эхэндээ айж байснаа дараа нь харилцан яриад гуйсан юм хумыг нь хийж өгөөд байгаа юм. Охин бид хоёр тачигнатлаа хөхрөлдөж байснаа хүү рүүгээ хараад,
-Чи бас ингээд тоглоом чинь яриад эхэлбэл итгэх үү?" гэсэн чинь
-Итгэлгүй яадаг юм. Тэрбайтугай би Ironman, Batman-д итгэдэг хүн" гэнээ хахаха. Хөөрхий минь үнэнээ л хэлж байна даа.
Бас манай хүү нээрэн ингэсэн шүү дээ. "Хүүхдэд яагаад ээж нь ийм хөөрхөн харагдаад байдаг юм болоо. Та бол энэ дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэй. Өөр ямар ч эмэгтэй тань шиг хөөрхөн харагддаггүй" гэсэн шүү дээ. Үр хүүхэд, хань ижилдээ л хөөрхөн, сайхан харагдаж, хайрлагдаж байвал өөр юу хэрэгтэй юм бэ тийм ээ хө.

Wednesday, May 1, 2013

Анги дэвших = Хариуцлага нэмэгдэх

Охин би том анги болчихсон, би том анги болчихсон гээд үглээд байх юм. Яасан, том анги болохоор яадаг юм гэсэн чинь ажил нь нэмэгддэг гэнээ. Ямар ажил гэсэн чинь "сургуулиа цэвэрлэх, элдэв арга хэмжээнд бэлдэх, багш нартаа туслах, бага ангийн дүү нараа асрах" гээд зөндөө ажил хийх болдог гэж байна шүү анги дэвших тусмаа. Урьд нь зүгээр ангиа, ангийнхаа үүд хавийг, коридороо угааж цэвэрлэдэг байсан бол одоо өглөө эрт сургууль цуглахаас өмнө очиж сургуулийн коридор, гадна тал, цэцгийн мандал эд нарыг шүүрдэж угааж арчлахаас гадна бага ангийнхныг хоолоо идэхэд нь туслах, сургуулийн арга хэмжээнд тэд нарыг дагуулж явж юу хийх яахыг нь зааж өгөх, 7 хоногт нэг удаа нэг цагийн хичээлийг хамтдаа өнгөрөөж ярьж тоглох гэх мэт ажил хийдэг гэнэ. Бас үдээс хойш дугуйланд явдаг болсон. Өглөө 7 гэж босоод 7:30 гэж гардаг байсан хүүхэд одоо 6:30 гэж босоод 7 гэж гардаг боллоо, оройд уг нь 3 гэж хичээл нь тардаг ч үдээс хойш дугуйлантай гээд 5 дөхүүлж л ирэх юм. Яасан орой тарж байнаа гэсэн чинь "Би гайгүй 4-р анги, манай 6-р ангийнхан бүр аймаар завгүй байдаг юм шдээ" гэсэн. 6-р анги нь бага сургуулийнх нь ахлах ангийнхан байхгүй юу. Ингэж анги дэвших тусам ажил хийлгэж үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлдэг нь сайхан санагдлаа. Ямар сайндаа япон сургуульд цэвэрлэгч гэдэг орон тоо байдаггүй юм шүү дээ. Тэр олон хүүхдийн хүчийг ашиглаад хамаг юмаа хийгээд авна, хамгийн гол нь хүүхдүүд ажил хийж сурч байна. Ийм багаасаа ажлыг хар бор гэж гололгүй яг үнэн сэтгэлээсээ хийж сурч байгаа байхгүй юу. Бас хөгжмийн болон биеийн тамирын ямар нэг дугуйланд явангаа тэр хөгжмийн дугуйлан чинь элдэв баяр ёслол арга хэмжээн дээр бүх хөгжмийг нь тоглочихдог, спортын тэр төрлөөрөө сургуулиа төлөөлөөд уралдаан тэмцээнд ордог юм. Аль аль талдаа ашигтай.
Ер нь байна шүү дээ, Япон Солонгосын их дээд сургуулийн шалгалт нь асар өндөр шалгууртай, арын хаалга гэж байдаггүй, ядуу ч бай баян ч бай айлын хүүхэд яг өөрөө үнэхээр сайн байж байж л ордог маш шударга болохоор, анхнаасаа бүх хүүхдийг сайн муу баян ядуу гэж ялгалгүй багаас нь яг ижилхэн стандартын сайн боловсролоор ижил түвшинд хангаж өгөөд л "За бүгд яг нэг гараанаас гарлаа. Хэн илүү хөдөлмөрлөж, илүү хичээж, илүү хичээлээ давтсан нь цойлж ялгарна" гэдэг зарчимтай юм байна. Та нар кинон дээрээс Япон Солонгос хүүхдүүд их сургуулийн шалгалтандаа бэлдэж нойр хоолгүй сууж, тэгээд тэнцчихээд үхтлээ баярлаж орилж хашгирч гүйгээд ээж аав нь уйлж дуулаад байдгийг харсан биз дээ. Хичнээн ядуу айлын хүүхэд ч байсан хичээлдээ үнэхээр сайн бол амьдралынх нь түвшин ахиж нийгэмд дээгүүр байр суурь эзлэх шударгын шударга ганц арга нь энэ юм.