Wednesday, June 29, 2011

Тахианы вант улс

Намайг жаахан байхад манайх хотын захад хашаа байшинтай фермтэй байлаа. Хагас бүтэн сайнд бид гэр бүлээрээ очдог, тэнд эмээ бол байнга байдаг байв. Манайх 3 үхэртэй, 17 гахайтай, тавь гаран тахиатай, нэг нохойтой байсан юм. Би тахианд их дуртай. Тахиануудтайгаа ч их ноцолдоно. Тэгээд ажиглаж байхад тахиа гэдэг амьтан өөрийн гэсэн дүрэм журам бүхий нийгэмтэй юм билээ.

Хүний хөгжлийн илтгэл-2011

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монголын хүний хөгжлийн илтгэл-2011 гаргасан байгаа. Сургалт судалгаа хичээл номондоо хэрэглэх бол аваарай. Их хэрэгтэй хэрэгтэй тоо баримтууд байдаг юм шүү. 
Энэ удаагийнх нь байгаль орчны тал руугаа болсон байна лээ. Эндээс татаж аваарай.

Monday, June 27, 2011

Хүүхдүүд ээ гэж

Манай хоёр өчигдөр орой аавдаа загнуулаад. Тэгээд аав нь орой юманд гараад явчихсан юм. Тэгсэн манай хоёр диван дээрээ толгойгоо тулаад тв үзээд хэвтэцгээж байна. Эгч нь тэгэж байнаа,
-Ёооё, энэ аавтай нэг гэрт амьдрахад улам л хэцүү болоод байх юмаа. Дүү нь,
-Хайрин тх
Ингэж ярьцгааж байвал яахуу энэ одооны хүүхдүүд. 
 

Амралтын өдрийн сонин хачин

Манай хүү миний утсаар AngryBird тоглож байгаад бүх зургийг устгачихжээ. Нэг хэсэг гэр чив чимээгүй болчихвол миний утсыг аваад хаа нэг газар ороод нуугдчихсан тоглож байна гэсэн үг. Энд тэнд авахуулсан хэдэн зураг байсан юмсан. За одоо өнгөрсөн. Зураг гэснээс би уг нь гайгүй зурчихдаг л даа. Гэхдээ зөвхөн харж л зурдаг юм. Итгэлт баяны хэлсэн үг байдаг даа. Юм мэддэг хүний хажууд ичмээр дамшиг даа билүү. Мэргэжлийн зураач хүнд бол үзүүлж болохгүй юм байгаан.

Friday, June 24, 2011

Зам засвар хурдан дуусаасай

Өнөөдөр би талбайн хойд талаас нэвт урагшаа алхаад Гадаад явдлын яам орох гэвээ. Тэгсэн яг тэр Шангрилагийн урд ГЯЯ-ны тэр уулзварыг засаж байгаа юм байна. Ордны хоёр талаарх замыг хоёр урсгалтай болгох гэж байгаа тул энэ уулзварыг машид өргөтгөн засч байгаа ажээ.

Thursday, June 23, 2011

Нэг рекламны дууг олох юмсан

Содмонголын шатахууны картны нэг реклам байдаг юмаа. Энэ шатахуун хомсдохоос өмнө ТВ-үүдээр их явдаг байсан юм. Одоо бол огт явахаа байсан. Нэг нөхөр өглөө босоод л дандаа үнэтэй брэндийн юмнуудаа аваад л хамгийн сүүлд Содмонголын картаа түрийвчиндээ хийгээд гардаг нэг реклам байдаг даа. Хаанахын ч билээ костюм пиджак өмсөөд л Mont Blanc үзгээ аваад л Mercedes Benz-ийн түлхүүрээ аваад л. Тэр рекламны ард явдаг нээх ноцтой сүртэй ая байдаг даа. Тэр аяыг олмоор байнаа. Мэддэг хүн байвал хэлж өгч туслаач. Содмонголоор нь хайгаад ч, реклам хийдэг газраар нь хайгаад ч олохгүй байна. 

Даргын зөвлөгөө

Сонин харснаа манай дарга хэлж байна.
-Бридж группын захирал хийдэг байсан нэг япон нөхөр хар залуугаараа /50 гаран настай/ зуурдаар өнгөрчихөж. Манай Монголд их удаан /98 оноос хойш/ амьдарсан юм байна. Аягүй бол манай хоол унд агаарын бохирдол энээ тэрээд хордоод ийм бага насалж байгаа даа. Хэрвээ энэ хүн Япондоо байсан бол ингэж бага наслаа ч уу, үгүй ч үү. Япончууд чинь ямар ч байсан 70 элбэг хүрдэг биз дээ гэнээ. Тэгэхээр нь бид нар,

-Тэгээд бид нар Монголчууд өөрсдөө яагаад хордохгүй байгаан? гэсэн чинь дарга
-Бид нар чинь утаа мутаа хортой хоол хүнсний дархлаатай болчихсон байхгүй юу. Нараан чи Японд очихоороо эхэндээ машины зам бараадаад л яваад байдаг юм шүү дээ гэнээ.
-Яаж байгаан? гэсэн чинь,
-Яахав дээ. Очоод цэвэр агаарын хордлогонд орчихов. Жаахан машины утаа үнэрлэж дасч байгаад цаашаа цэвэр агаараар амьдрахгүй юу гэнээ. Баахан хөхрөлдөв.

Monday, June 20, 2011

Найздаа гомдов

Оюутан цагаасаа найзалсан гарын таван хуруунд элбэг багтах хэдхэн найзтай юм би. Ажил амьдралын мөр хөөсөөр амрах зугаалах завдал ч болдоггүйгээс тэрүү амьдрал зохиосон эмэгтэй хүний жам ёсоор ч тэрүү найз цөөтэй. 
Сарын өмнө овоо л юм үзэж нүд тайлсан найз маань над руу гэнэт залгаад сая төгрөг өгөөд элсэж ордог сүлжээний тухай учиргүй магтаад орохыг ятгаад байсан юм. Би түүнд тархиа угаалгасныг нь мянга тайлбарлаад наадах чинь гэмт хэрэг чи хохирогч болно эсвэл хамтран залилагч болно гэж мянга хэлээд байхад л өөрийнхөө зүтгээд байсан юм. Уг нь их л ашигтай юм шиг байна шдээ гээд гэнэн зангаа хэн нэгэнд ашиглуулсан нь тов тодорхой байсан муу найз маань. Чи удахгүй учрыг нь ойлгоно, наадхыг чинь санхүүгийн пирамид гэдэг залилангийн хэрэг, бушуухан холдож үз гэж ятгасны хүчинд найз маань өөрөө ч орчихолгүй өрөөлийг ч ятгалгүй салсан байх.
Гэтэл өнөөдрийн сонин дээр өнөөх сүлжээний хүмүүсийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн хорьсон мэдээ гарсныг хараад гэнэн цайлган зангаараа найз руугаа залгаад "Чиний нөгөө яриад байсан сүлжээнийхэн баригдаад эрүүгийн хэрэг үүсчихсэн байна" гээд хэлчихсэн чинь харин өөдөөс учиргүй уурлан тас намжирддаг байна шүү. "1-рт тэр чинь миний сүлжээ биш, 2-рт би наад мэдээг чинь 3 хоногийн өмнө сонссон. Гэхдээ яахав мэдээлэл өгсөнд чинь баярлалаа". "Би чинийх гээгүй чиний ярьж байсан гэсэн шдээ". "Тэгээд яачихаав. Ямар ч байсан мэдээлэл өгсөнд чинь баярлалаа". "Аан заа за" гээд би загнуулсандаа гомдоод дуу маань цаашаа ороод утсаа тавьчихсан. Би уг нь түүнд энэ чинь гэмт хэрэг гэж хэлсэн маань үнэн байгаа биз дээ л гэж хэлэх гэсэн юм. Угаасаа л 10 жилийн алгебрийн хичээл дээр санхүүгийн пирамид гээд залилангийн тухай үздэг л биз дээ. Элсэж орсон хүмүүс нь доороо бас олон хүн оруулаад тэднийхээ оруулсан мөнгөөр цалинждаг, тэгээд хамгийн эхний пирамидын орой дээрх хүмүүс нь хожоод доод суурины хүмүүс нь бүгд хохироод үлддэг гээд.
Өдий олон жил найзалчихаад надад ингэж муухай хандахад нь гомдмоор санагдлаа. "Харин тийм байна лээ, найз нь ойлгосон" гэж хэлэх болов уу л гэж бодсон юм.   

Богино кино үзээрэй

Ой модны хэмжээ


2000 онд манай дэлхийн ой мод ийм байсан байна:


Одоогийн хэрэглэж байгаагаар ой модоо хэрэглээд байвал 2100 онд ийм болох юм байна. 

 Үүнээс үүдэж гарах хүлэмжийн хийн ихсэлт, цаг уурын өөрчлөлтийн талаар яриад ч хэрэггүй биз.

Sunday, June 19, 2011

Шинэ мэдээ!

Уг нь энэ мэдээ маань нилээн дээр ирсэн юм. Гэхдээ би гэр бүлийн болон ойр дотны хэдхэн хүндээ хэлсэн байсан юм л даа. Харин та нартаа хэлэхэд болохгүй нь юу байхав дээ гэж бодлоо. Би ирэх намар Япон руу сургуульд явна. 2-хон жил болчихоод ирнээ. Нэг сургуульд apply хийгээд дараа нь тэр сургуулиараа дамжуулж тэтгэлэгт өрсөлдөөд, тэгсэн 5 сарын сүүлээр хамгийн эцсийн хариу маань ирээд. 
Ингээд би гэдэг хүн энэ намар 10 сарын 1-нээс эхлээд Токиогийн их сургуульд магистрт ADB-ын тэтгэлгээр сурах боллоо. Нэг л санаанд багтахгүй юм, гэхдээ болох байлгүй дээ. Ажлынхандаа хэлээгүй байгаа, наадмын дараа хүний нөөцдөө эхлээд хэлнэ дээ. Явахын өмнө ажлын болон амины зохицуулах ажил асар их байнаа. Ямар ч байсан блогоо таслахгүй хөтөлсөөр байх болно. 
      

Friday, June 17, 2011

Би үйлдвэртэй болмоор байна

Юуны гэж үү. Хүнсний. Яагаад гэж үү. Энэ бол маш том зах зээл. Хүн амьд амьтан тул хамгийн түрүүний нэн шаардлагатай хэрэгцээ нь идэх. 
Яг ямар хүнс үйлдвэрлэхээ одоохондоо бодоогүй л байна. Манай орны онгон цэвэр хөрс шороонд ургасан хүнсний ногоо эсвэл гурил будааны гаралтай байх юм.
Нэг япон нөхөр энд Баянзүрхийн товчооны энд ногооны ферм байгуулаад элдэв төрлийн ногоо тарьж ресторан хувь хүмүүст захиалгаар хүргэж өгдөг юм байна. Бидний чадахгүйг л чадчихсан байна шдээ. Солонгосууд Халх голд бүрэн усалгаатай томоохон эрчимжсэн аж ахуй байгуулах гэж байгаа юм гэсэн. Дэвшил трэйд ТЭЦ-4-ийн тэндэх хүлэмжиндээ тарьсан шинэ ургацын өргөст хэмх улаан лоолио зараад эхэлчихэж. Эдний ногоо зах зээлд ямагт үнэтэй сайн нь байдаг, дорхноо ч дуусчихдаг юм. Дэлгүүрүүдээр Монгол хөрсөнд тарьсан голланд сортын төмс гээд угаагаад ууталчихсан сайхан шар төмс зараад дорхноо л дуусчих юм. 
Хийвэл ч ажил зөндөө байна даа. Зах зээл ч хангалттай байна. Ногоогоо тариад сайхан угааж савлаад "Органик" шошго зүүгээд яагаад Япон Солонгос руу гаргаж болохгүй гэж. Хятад руу ч гаргасан болно шд. Хятадын баячууд нь гаднаас авчирсан өндөр үнэтэй органик ногоо хэрэглэдэг юм гэсэн. 
Ер нь органик гэдэг чинь байгалийн хөрсөнд ямар ч бордоо хэрэглээгүй ургуулсан ногоог хэлээд байгаа юм шдээ. Тэгэхэд бид чинь лагерийнхаа хашаанд хүрзээр хэд онгичоод хэдэн төмс хуваагаад булчихад ганц шуудай төмс хураачихдаг шд. Тэрийг бордож бариад сүйд болоод гүйгээд байдаггүй биз дээ. Воо воо энэ чинь органик байхгүй юу. 

Бид баян хүмүүс үү?

Ажлын эгчийн Герман найз нь ирсэн гэнээ. Супермаркет орж хүнс цуглуулж л дээ. Тэгсэн кг нь 18,000төгрөг /10 евро/ гэсэн усан үзмийг хараад "Би Германдаа ч ийм үнэтэй усан үзэм үзээгүй юм байна" гэсэн гэнэ. 

Wednesday, June 15, 2011

Ёооё энэ хүүхдүүд үү?

Өнөөдөр манай 2-ыг харах хүн байхгүй болохоор дүүгийн найз охиныг ганц өдөр хараад өгөөч гэж гуйсан юм. Иймээ тиймээ юм болох юмуу эсвэл манай хоёр орилж хашгираад дийлдэхээ байвал залгаарай гэсэн. Тэгсэн сая үдээс хойш залгаж байнаа. "Энэ хоёр чинь Маамуу нааш ир тоглоомын газар луу явж тоглоё гээд гар хөлнөөс зуураад орилж чарлаад байна шдээ яах уу?" гэнээ. Бүр тэсэхээ байхаараа залгаж байна гэсэн үг л дээ. Манай хоёр чинь баргийн хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг юм. 
Би ч уурлаад л "Битгий дэмий юм яриад бай гэж хэл. Алив манай охинд утсаа өгөөдөх дөө, эгч нь загнаадхая" гэлээ. "Май ээж чинь ярья гэж байна" гээд цааш нь өгч байна. Байна уу гээд авангуут нь
-Та хоёр яагаад эгчийгээ зовоогоод байгаан. Эгчид нь ээж нь мөнгө үлдээгээгүй. Тэгээд ч тэр тоглоомын газар луу амралтын өдөр л явна. Битгий маяглаад байгаарай. Эгчийнхээ үгэнд яагаад орохгүй байгаан гээд л урсгаж өглөө. Тэгсэн чинь охин жаахан сонсож байснаа,
-Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу" гээд тасалчихдаг юм даа. Ёооё би яг уурандаа бөглөрөх гэж байна шд. Инээд ч хүрээд уур ч хүрээд. Ажлынхандаа хэлсэн чинь савж унацгаагаад.

Tuesday, June 14, 2011

Сайд дарга нарын завхрал

Манай нэг хэлтсийн монгол даргыг нэг яамны сайд дууджээ өнөө өглөө. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг гаргаад хүрээд ир гэсэн гэнэ. За л гэж л дээ мэдээлэл авах хэрэгтэй болсон юм боловуу гэж бодоод. Яваад очсон чинь үүдэнд нь суудаг туслах нь "Манай сайд ... аймагт ирэх жил нэр дэвших гэж байгаа юм. Танайх тэр аймагт хэрэгждэг эсвэл хэрэгжүүлдэг төсөл бий юу, сайд тэр талаар л асуух гээд байгаа юм" гэсэн гэнэ.  Тэгээд гайхас гээд л орсон ингэсэн гэнээ.
Сайд:
-Чамайг хэн энэ албан тушаалд чинь томилдог юм?
Манай дарга:
-Эндэхийн байгууллагаас санал болгосон хүмүүс дундаас сонгож Нью Йоркоос томилдог. 
Сайд хэсэг дуугүй сууж байснаа,
-Энэ төслүүдийг чинь хэн баталдаг юм. 
Дарга:
-Манай Үндэсний Зөвлөлдөх Хороо.
Сайд:
-За тэгвэл тэр хүмүүсийг чинь өөрчилнө.
Дарга:
-Тэр хүмүүсийг чинь хэн нэгэн дураараа өөрчилдөггүй юм. Эндээс байгууллагын зүгээс санал болгосныг том дарга /гадаад хүн/ батлаад Нью Йорк руу явуулдаг тэндээс Глобал менежер үзээд батлавал батлана үгүй бол үгүй. Ер нь ямарваа нэг байгууллагын дотоод хэрэгт хэн нэгэн хүн дураараа оролцох эрх байдаггүй юм гэж хэлчихээд дургүй нь хүрээд гараад ирсэн гэнээ.
Манай байгууллагаар дүүрэн яриа. Хүмүүс аймаар дургүйцэж байна. Хэн бэ тэр одоо юу вэ. Бүхэл бүтэн байгууллагын ажлыг өөрийн сонгуулийн шоундаа зориулж өөрчилнө гэж байдаг. Ухаандаа ҮЗХ-ны хүмүүсийг өөрийн хүмүүсээр сольчихоод өөрийн сонгуульд нэр дэвших аймагтаа төсөл батлуулж өгөх юм байна л даа. Сонгуулиар дахин гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй юм байна. Манай гадаад дарга нар ийм юм болсныг сонсох юм бол ойлгох ч үгүй, бараг ярьсан хүнийг нь сайдыг гүтгэж худлаа ярьж байна гэх байлгүй. 
Хамгийн том дарга маань гадаад хүн байдаг юм. Зайсангийн тэнд байранд амьдардаг мэдээж Монголд байх хугацаандаа хөлсөлж шүү дээ. Тэгээд нэг өглөө ирчихээд хурал дээр "Манай орцонд дандаа төрийн албан хаагчид амьдардаг. Би Монголын төрийн албаны цалинг мэднэ. Тэгэхэд тэд яаж би насаараа мөнгөө хураагаад ч авч чадахгүй 600,000 долларын үнэтэй байранд амьдраад байгааг ойлгохгүй байна. Бизнесмен байсан бол яахав" гэсэн шүү.  

Saturday, June 11, 2011

Хүүгийн хэллэг

Манай хүү 5 настай, зарим үгийг их сониноор хэлнээ. Тухайлбал,
Сарьсан багваахай - Шарсан багваахай
Бат бэх - Бэт бат
MacDonalds - Балдага нааск
BBQ - Мини Бикү
Чебурашка - Бүрүүшка
Бусдыг нь мартчихаж, дараа санахаараа үргэлжлүүлнээ.

Friday, June 10, 2011

Энэтхэгт сурч байсан хүний бичсэн шүлэг

Энэтхэгт сурч байсан Отгонпүрэв гэдэг хүний блогоос шууд коопи пааст хийгээд оруулаад ирлээ. Надад маш их таалагдаад. Ер нь л явж явж Монгол шиг минь /гэхдээ хөдөө нь шүү/ жаргалтай сайхан газар байгаа ч юмуу үгүй ч юмуу. Энд Ганга эгчийн бичсэнийг уншаад өөрийн эрхгүй тэгэж бодогдов.

Wednesday, June 8, 2011

Хөдөө явсан зургууд

5 сарын дундуур хөдөө явсан гээд байсан даа. Тэр зургуудаасаа орууллаа. Хөдөө ёстой сайхан байна лээ. Бүх юм нь амгалан тайван, хүмүүс нь жаргалтай, стресстэж бухимдах юм ерөөсөө алга. Би ер нь 40 гараад нөхөртэйгээ хөдөө байшин барьж ногоо тарьж тахиа гахай тэжээж амьдарна гэж мөрөөддөг юм.

Tuesday, June 7, 2011

Бүрүүшка

Бүрүүшка
Хүүхдийн баяраар аав нь хүүдээ эвлүүлдэг робот охиндоо ярьдаг Чебурашка авч өгсөн юм. Тэгсэн манай хоёр тэр Чебурашкаг маш их сонирхож байнаа. Уг нь хүүхэлдэйн киног нь үзэж л байдаг яг гартаа барихаар тийм их сонин байгаа юм болов уу байнга л өнөөхөө булаацалдаж орилоон чарлаан хэрүүл болно. Дүү нь эгчийнхээ нүдийг хариулж байгаад булаагаад гүйчихнэ охин араас нь орилж гүйгээд л. Тэгсэн хүү ингэнээ,
-Ээжээ энэ Бүрүүшка чинь яг ямар амьтан юм бэ? Би ээрч муураад яг ямар амьтан болох талаар нь бодож байх зуур охин өмнөөс маань хариулж байна.
-Сохор номин байхгүй юу.
Хаха, нээрээ энэ Чебурашка чинь ямар амьтан юм бэ? Би лав хүүхдэдээ хариулж чадаагүй шд.

Monday, June 6, 2011

Манай гаригийн мөс хайлж байна

Хэрвээ та бүхэнд жаахан зав байвал энэ бичлэгийг үзнэ үү. English subtitle-ийг нь тавиад үзвэл илүү ойлгомжтой байх болов уу.
Mr. James Balog дэлхийн дулаарлын нөлөөгөөр манай гаригийн мөсөн бүрхүүл хэр хурдацтай хайлж татарч буйг фото зургийн аргаар харуулсан байна.
Зарим зүйлийг нь би бас сайн ойлгосонгүй гэхдээ л үнэхээр ийм хурдан хайлж татарч байгаа юм бол тун удахгүй ердөө хэдхэн жилийн дараа гэхэд манай дэлхийн мөсөн бүрхүүл хайлж дуусаад далайн түвшин тэр хэмжээгээр нэмэгдэх юм болов уу.