Friday, February 25, 2011

Хүүхдүүд

Өчигдөр орой 10 цаг болж байхад нөхөр бид хоёр 32-ын тойргийн тэндэх станцаас бензин аваад зогсож байлаа. Мэдээж 10 болж байгаа юм чинь хүний хөл татарчихсан хав харанхуй. Гэтэл нөхөр гэнэтхэн уулга алдаад "Хүүе энэ хоёр жаахан амьтан хаачих гэж яваа юм бэ?" гэлээ. Харсан чинь яг тэр клонкын хажуугаар 2 жаахан хүүхэд гүйж байна. Ах дүү хоёрын нас нь яг л манай хоёртой ижилхэн боловуу, үсрээд л ганц ах байх, миний таамагласнаар ах нь 7 настай дүү нь 5 настай л байхаа. Ах нь хичээлийн цүнхээ үүрчихсэн, дүү охиноо хурдал хурдал хурдан гүй гээд чирээд байгаа юмаа хөөрхий амьтан. Бид хоёр бушуухан бензинээ дүүргэж хөдлөөд араас нь харах гээд 32-ын тойргийн уулзварыг тойрч буцаж эргээд хүүхдүүдийн явж байсан 7 буудал руу өгсдөг замын харалдаа ирсэн боловч хоёр жаахан амьтад гүйлдсээр харанхуйд уусан оджээ. 
Уг нь хүргээд өгье гэж бодсон боловч амжсангүй. Ийм нялх амьтадаа харанхуй шөнө ингээд хоёулхныг нь явуулж байдаг гэрийнхнийх нь бөх зүрхтэйг гайхсаар бид хоёр харихаар явсан. Өдий орой болсон байхад хичээл сургуулиа тараад явна гэж байхгүй. Бодвол хэн нэг хүн нь замын энэ хавьд хүргэж ирээд "За дүүгээ дагуулаад гэр лүүгээ гүйчих" гэсэн байх. Гэр нь ойрхон байсан гэж л найдъя даа.  

Wednesday, February 23, 2011

Экселийн ханш

Эксел гээд машин их таксинд явдаг байсан, одоо их цөөрчээ. Нэг онигоо байдаг даа. "Компанийн захирлын авгай жийпээ унаад явж байтал тоормос нь ажиллахгүй болчихжээ. Сандраад нөхөр лүүгээ залгаад яах вэ гэтэл наад ойр хавьд чинь эксел явж байна уу гэж. Явж байна гэсэн чинь очиж мөргөөд зогсчихоо гэж гэнэ". Тиймэрхүү явдал өнөөдөр надад тохиолдлоо. 
Цас хялмаалчихсан байхаар нь машинаа унаагүй юмаа. Таксинд гар өргөтөл нэг эксел зогслоо. Суугаад явж байтал нэг туслах замаас гарч ирсэн машин манай экселийг хажуу бөөрнөөс нь ирээд ТҮГ. Аймаар сүртэй ч дуугардаг юм. Би ч орилоод л жолооч нь ч хараал урсгаад л буугаад явчлаа. Нөгөө ирж мөргөсөн машинаас нэг авгай бууж ирж байнаа . Хаалга нь онгорхой байгаа юм чинь надад бүх яриа нь тод сонсогдож байна. 
Манай экселийн жолооч:
-Яаж байгаа юм бэ та, болгоомжтой явахад яадаг юм.
-Харин тийм ээ, эгчийгээ уучлаарай. За яахав?
-Яах юу байдаг юм, 10-ийг өг. Өгөхгүй бол Авто дуудлаа. 
-Заа 10 байхдаа яадаг юм. Эгчид нь хэд байна үзээдхэе. 5 л болно шдээ. 
-Энэ чинь хүний машин шдээ. Би энийг чинь замаскдуулна, будуулна. 10-ийг өгөө, үгүй бол авто дуудлаа шүү. 
-Заа миний дүү битгий за, эгчид нь нийтдээ 10 л байна, эгч нь 4-өөр нь юм авах ёстой юм. Чи 6-г нь ав. Тэгэх үү, миний дүү, заа тэг.  
Хармаанаасаа задгай мөнгө гаргаж ирж тоолоод заримыг нь өөрөө аваад үлдсэнийг нь өгөв. Манай жолооч эгчдээ эрхэлж байгаа эрх дүү шиг уруулаа унжуулж ээ-ээ гээд л арай л больё больё гэж эрх хүүхэд шиг хоёр тийшээ савлаагүй байх. Нөгөө мөргөдөг эгч ч гэсэн Заа миний дүү сайн дүү шүү заа миний дүү гээд эрх дүүгээ аргадаж байгаа юм шиг л юм болов. Тэгээд л манай экселийн жолооч өгсөн 6-г нь аваад бүгд машин машиндаа суугаад зам мөрөө хөөж одоцгоолоо. 
Мөргүүлээд ч сурчихсан юм, мөргөөд ч сурчихсан юм биш үү гэж бодоод инээд хүрч явлаа. Мань мэт нь ингэж эксел мөргөсөн бол 10-ийг өг гэвэл уухайн тас өгөөд л айж бүлтгэнээд л яах байсан бол, хүмүүс чинь тэгдэггүй юм байна шдээ гэж бодоод бүүр инээд хүрээд...

Monday, February 21, 2011

Ийм боломж байна, хэлтэй хүмүүс сонирхоорой

Алимаа эгчийн сүүлийн бичлэгийг уншаад нэг юм бодогдлоо. Аль болох олон хүнд Алимаа эгчийн блогийг хэлж өгөөрэй, энд ийм сайхан мэдээлэл байдаг юм шүү гэж мэдэгдээрэй гэсэн байна. Би ч уг нь өөрийн мэдэх тэтгэлэг хайж байгаа найз нөхөддөө хэлээд л байгаа юм.
Далайд дусал нэмэр гэж бас нэг ийм олж мэдсэн 3 долоо хоногийн fellowship-ийн мэдээлэл оруулчихья.  Сонирхсон хүмүүс нь материалаа явуулаад үзэхгүй юу.

Thursday, February 17, 2011

Сэтгэгдлийн хариу

Сүүлийн бичлэгт маань сэтгэл гаргаж хариу бичсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Би сэтгэгдлийн доор бичих гэснээ болиод пост болгоод оруулчихъя гэж бодоод бичиж байна. 
Хүүгийн маань шээсний шинжилгээнд эритроцид /120-100-100/, уураг /1,1/ нь маш өндөр гарсан. Энэ нь шээсээр нь цус гарч байна гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл бөөр лүүгээ нөлөөлсөн, хүндэрч байна, хэвтрийн дэглэмээ сайн бариагүйгээс болсон гэсэн үг юм гэнэ. Бид 2 өчигдөр ЭНЭШТ-ийн зөвлөх эмч Гэрэлмаа гэдэг эмчид хувийн эмнэлэг дээр нь очиж үзүүлсэн.
Одоо бид 2 маш сайн хэвтрийн дэглэм бариад нөгөө алдарт Преднизолоноо 1 сар уугаад 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгөх заавар авлаа. Энэ өвчинд сүүлийн үед энэ преднизолоныг уухаа болисон гэж байна, гэхдээ танай хүүгийн судасны ханын нэвчилт маш өндөр байгаа учраас өөр арга байхгүй энэ гормоныг уу гэнээ. Гаж нөлөө ихтэй л гэнэ одоо яая гэхэв. Сэтгэгдэл дээр бичсэн байсан даа, их хөөж таргалдаг, хоолны дуршил ихддэг гээд.  Манай хүн ажлаа хаяад хүүгээ хараад гэртээ суухаар болсон. Хоолны дэглэм дээр нь чанасан жигнэсэн алим байцаа идэж болдог эсэхийг мэдмээр байх юм. Хүү маань ямар ч тэжээлгүй шим шүүсгүй хоол идээд их л ядарч байгаа юм шиг санагдаад байна. Царай нь хувхай цагаан, нүднийх нь доогуур томоос том хөхөрчихсөн,  турж эцэж байна гэж жигтэйхэн яс арьс, гарын алга нь аймаар хөлөрдөг, шөнө унтахдаа бас хөлрөөд байгаа. Ханиалгахгүй юм даа, тэгээд л арай үгүй байлгүй гэж бодоод байна. Хэрвээ ганц л ханиадаг юм бол шууд аваачиж цээжний зургийг нь авахуулая гэж бодож байна. Тийм юмны халдвар авах үндэслэл болоогүй дээ.   
Тэр өвгөн эмчийн тухайд хэлэхэд зөнөчихсөн юм шиг байна лээ. Уг нь их алдартай бараг ЭНЭШТ-ийн бүх эмч нарын багш нь л юм гэнэ. Гэхдээ яг энэ чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нь биш болохоор үзүүлээгүй нь ч болсон байх. Бүр намайг хүртэл үзнэ гээд байсан шүү хэхэхэ. Хүүе яагаад намайг үзэх гээд байгаан бэ гэсэн чинь би хүүхдийг нь ч үздэг ээж аавыг нь ч үздэг гээд байсан. Ядаж 10 жилийн өмнө бол сайн л эмч байсан байх. Одоо бол миний таамагласнаар 80 хүрч байгаа тэгэхээр ярьж хэлж байгаагаас нь харвал зөнөчихсөн юм билээ. Тэгээд ЭНЭШТ дээр очоод л дарга нарыг нь дарамтлаад байхаар нь нэг өрөө гаргаад өгчихсөн тэгээд тэндээ өөрийгөө зугаацуулаад сууж байдаг байх гэж би бодсон.   

Wednesday, February 16, 2011

Улсын эмнэлэгт үзүүлэх гэж оролдсон нь

Уг нь улсын эмнэлэг үнэгүй л дээ. Даан ч үзүүлэх гээд чадсангүй.
Хүүг маань эмнэлгээс гараад 7 хоноод шээсний шинжилгээ өгөөд үзүүлээрэй гэсэн юм. Саяны Даваа гаригийн өглөө шээсийг нь шинжилгээнд өгчихөөд цайны цагаар хариуг нь автал их үрэвсэлтэй байна гэж гараад. Сандраад л гэр лүүгээ гүйгээд хүүгээ аваад Эх нялхасыг зорилоо. Нөгөө хэвтэж байсан тасаг руугаа ороод эмчид нь үзүүлэх гэтэл амралтаа аваад явчихжээ. Утас руу нь залгаад бид 2 яах вэ гэтэл амбулаториор үзүүл гэж байна. Бүүр гадагшаа гараад хойно байдаг амбулатори руу нь ороод хувцсаа өлгүүл гэнэ өлгүүлчээд "Зүрх судас холбогч эд" гэсэн хаалган дээр очвол гадаа нь хүн байхгүй болохоор нь ашгүй оочергүй байна гэж баярлаад хаалгыг түлхтэл мэдээж цоожтой. Яачихсан юм бол гээд хартал нэг цаас наачихаж. "Дотоод ажилтай тул өнөөдөр үзэхгүй". 
Буцаад үүд рүү жижүүр шиг хүнээс нь яасан юм бол мэдэхгүй биз гээд асуувал ажилтай л юм байлгүй мэдэхгүй гээд мөрөө хавчснаа ноомер авсан юмуу гэж байна. Юун номер билээ гэвэл өглөө 8 цагт ирж оочерлож ноомер /үзүүлэх цаг/ авч байж үзүүлдэг гэнээ. За би ч яахав, хотын төвөөс давхиад ирнэ, хөдөө гадаанаас ирсэн хүмүүс яадаг юм бол доо. Энд чинь дандаа хөдөөнөөс ирсэн хүмүүс л үр хүүхдээ үзүүлэх гээд тэвэрчихсэн хөтөлчихсөн үүрчихсэн л пиг явж байх юм.  Улсдаа ганц эмнэлэг байж бас номер гэж хүнд сурталдаад яахнав дээ. Ядарсан зовсон хүүхдүүдийг ирсэн цагт нь үзэх л хэрэгтэй юм биш үү.
Тэгээд үзүүлэх найдвар тасраад горьдлого тээн коридороор нь хүүгээ тэврээд явж байтал яг тэр зүрхний өрөөний хажууд Монгол улсын зөвлөх эмч, ЭНЭШТ-ийн зөвлөх эмч яасан яасан гээд бөөн цол гуншинтай хүний хаалга байхаар нь шагайвал нэг өвгөн сууж байна. Та хүүхэд үзэх үү гэсэн чинь "Би бол монгол улсын зөвлөх эмч хүн. Ерөнхийлөгч ерөнхий сайдын хүүхдийг хүртэл үздэг хүн. Чи хэн юм" гэж байна. Би ч ерөнхийлөгч биш л дээ. Хүүхэд нь өвдөөд сандарч яваа жирийн нэг хүн байнаа гэсэн чинь ороод ир гэж байна. Ороод суусан чинь нөгөө өвгөн чинь ширээнээсээ өөрийнх нь тухай бичсэн сонингийн хайчилбарууд үзүүлээд л ханаар нь байгаа дурсамж эсвэл баярын бичиг шиг юмнуудаа унш гээд тэгснээ зүгээр нэрийн хуудсаа гаргаж ирснээ би энийг үзүүлээд л хүссэн улс руугаа чөлөөтэй явдаг энээ тэрээ гээд хачин хачин юм яриад эхэллээ шүү. Тэгснээ хэн ч гэнэв нэг хүн надад үзүүлээд өөрөө 30,000 хүргэн нь бас 30,000₮ 0,75 литрийн виски өгсөн би тийм л үнэ ханштай хүн гэнээ. Өө хөөрхий ЭНЭШТ-ийн зөвлөх эмч нь улсын эмнэлгийн нэг өрөөнд ийм өндөр ханштайгаар төлбөртэй үйлчилгээ үзүүлээд сууж байдаг юм байх даа. Би таны ханшийг төлж дийлэхгүй юм байна гэчихээд за за болилоо гээд хүүгээ тэврээд гараад ирсэн. Хүү маань ч эмчид үзүүлнэ гэсэн сэтгэгдэлтэй байснаа нөгөө өвгөний залхмаар өөрийгөө магтсан ярианд нь уйдаад сэлгүүцээд байж ядаад байсан юм. 
Ингээд л урамгүйхэн 2-уулаа гараад машиндаа хүлээж суусан аавдаа өөр эмч эмнэлэг олж үзүүлэх хэрэгтэй болсноо хэлээд явцгаасан юм даа.

Tuesday, February 15, 2011

Мэдээд авахад илүүдэхгүй шүү-2

Ерөнхийдөө эмнэлэгт байх хугацаа маань яг цагаан сарын баяр таарсан учраас Шинийн 4 буюу Даваа гариг хүртэл эмчилж буй эмч маань байхгүй, жижүүрийн эмч сувилагч нартай л байсан. Өвдөөд очсоны маргааш өглөө нь харин хүүгийн маань хөл өвдөх нь зүгээр болоод хавдар нь буучихсан байж намайг мэл гайхуулав. Шинийн нэгэнд яаж зүгээр байхав өвчтэй хүүхэдтэй мөртлөө жижүүр эмчээсээ гуйж байгаад чөлөөгөөр гарч хэдэн айлаар хэсээд орой нь гэртээ иртэл хүү маань дахиад хөл нь хавдаад явж чадахаа байгаад тууралт нь бүүр нэмэгдчихсэн байлаа. Баяраас болж хүүгээ хүндрүүлчихлээ гэж гэр бүлээрээ халаглаад эмнэлэгтээ буцаж ирж хэвтэв. 
Харин эмнэлгийн хоол нь их амттай яг хүүгийн маань дэглэмд таарахаар зөөлөн хоолнууд байсан бөгөөд хүү маань их дуртай идэж байсан шүү. Мэдээж зөвхөн хүүд маань л хоол өгнө, гэхдээ баяр болоод ихэнх хүмүүс чөлөөгөөр гарчихсан байсан болохоор хоол нь илүү гараад сахиуруудыг ч гэсэн хоол идээд өгөөч гээд байсан. Хөдөө хотоос ирсэн гэлтгүй бүгд л үнэгүй хоолонд нугасгүй юм чинь дор нь л дуусгаад хаяж байгаа юм чинь. Би хүртэл өглөө эртлэн босч каашаа авдаг болсон. Хүүгийн маань хоолны дэглэм нь их хатуу. Саахар чихэртэй юм, шоколад, гаазтай ундаа, өөх тостой хоол, шарсан хуурсан хайрсан хоол, лаазалсан консервлосон зүйлс, өндөг хиам, хүнсний ногоо, жимс жимсгэнэ ерөөсөө ч идэж ууж болохгүй. Зөвхөн гурил будаа өөхгүй хар мах, өндөггүй амтлагч сахар багатай жигнэж болгосон боов талх, хааяа маслотой талх, сүү цагаан идээ л идэж болно. Гэхдээ цагаан идээ гээд жимс жимстэй пакетласан иогурт сүү эд нар болохгүй. Өөрөөр хэлбэл удаан хадгалагч, будагч, амтлагч бодиснууд орсон хүнсний бүтээгдэхүүн болохгүй. Тийм бодиснууд цусанд нь ороод харшлаад байгаа юм гэж эмч нь тайлбарласан. 
Бас хүүгээ хөл дээр нь гишгүүлж хөлөнд нь ачаалал өгч огт болохгүй, тэгвэл тууралт нь ихэснэ. Эмнэлэг дотуур хүүгээ үүрээд л алхана. Бие засах болвол 00-ийн үүдэнд хүүгээ үүрч ирээд миний хүү хаашаа ч явж болохгүй шүү ээж нь бие засчаад гараад ирье гэж захиж захиж орчоод гараад ирэхэд аль хэзээний гүйгээд алга болчихсон дуудангуут булан тойроод л дэг дэг гүйгээд ирнэ. Тэгээд л надад загнуулаад үүрүүлээд өрөө рүүгээ явна. Тэр нэг харанхуй хавчиг өрөөнд нь ядаж байхад цахилгааны залгуур ч байхгүй болохоор утсаа цэнэглэх гэж өөр өрөөнд залгаж тавина. Тийм уйтгартай газар 4 настай ид хөдөлгөөнтэй эрэгтэй хүүхдийг өдөржин оронд нь хэвтүүлнэ гэдэг байж боломгүй даалгавар юм билээ. Азаар тэнд нэг тоглоомын өрөө гадаадын тусламжийн байгууллага байгуулж тохижуулж өгсөн нь их хөөрхөн газар байна лээ. Хүүхдүүд бүгд тэнд цуглана, даанч тоглоом нь цөөхөн болохоор бүгдэнгээр нь ганц цагийн дотор тоглож дуусаад дахиад л уйдаад эхэлнэ. Том хүүхдүүд 14-с дээш насныхан бол тэгэж орондоо хэвтэж хэвтрийн дэглэм сахина гэж ойлголт байхгүй, манай нөхөр манай тасгийн зарим өсвөр насныхныг гадаа дэлгүүрийн ойр хавиар л харж байна гэж байгаа юм чинь.  Манай хүүгээс жаахнуудыг бол аав ээж нь тэвэрчихсэн үүрчихсэн л коридороор хөлхөлдөнө. 
Эмнэлгийн үйлчилгээ бол цагийн тариаг яс хийнэ хаа очиж. Харин эм бол ёстой худлаа. Би нэхэл дагуул болж байж арай гэж уух ёстой 3 эмийнх нь нэрийг мэдэж авсан. Тэгээд өгөхгүй болохоор нь нөхөртөө хэлж байж аптекаас авчруулж уудаг болсон. Анх битүүний өдөр эмч нь үзээд танай хүүд 1 тариа 3 эмний эмчилгээтэй гэчихээд л явчихсан боловч юунд нь ямар эм тариаг яах гэж хэрэглэж байгааг ер хэлж өгөөгүй. Бас ээлжийн сувилагч болгон нэг эмнийх нь нэрийг зөрүүлж хэлээд байсан. Хамгийн анхны сувилагч 1. Хлорфенамин 2. Аскорутин 3. Курантил гэж хэлсэн. Би эхний 2-ыг нь сайн мэднэ, харин 3 дахь зүрх судасны эмийг нь огт сонсоогүй эм байсан тул цээжлээгүй юм. Дараагийн ээлжний сувилагч 1. Хлорфенамин 2. Аскорутин 3. Преднизолон гэж хэлсэн, би преднизолон авч уулгаж байтал 3 дахь ээлжний сувилагч 1. Хлорфенамин 2. Аскорутин 3. Фурадонин гэж хэлсэн, би бас л гэрээсээ авчирч уулгаж байгаад эмч рүү нь утасдаж асуугаад эргээд курантилийг нь өгч эхэлсэн. Тариа нь бол Пенциллин 8 цагаар. 
Ийм л маягаар шинийн 4 буюу Даваа гаригт эмчийгээ ирэх хүртэл байлаа. Амралтын өдрөөр хүүдээ идүүлж болох болохгүй юмны тухай би зөвхөн сувилагч болон хамт хэвтэж байгаа онош нэгт хүмүүсээс л сонсож байсан болохоор зарим зүйлийг асуух гээд эмч рүүгээ залгаад хүн амраасангүй гэж загнуулсан.
    

Friday, February 11, 2011

Мэдээд авахад илүүдэхгүй шүү

Хүүг маань ямар өвчин туссан юм бол гэж бодож байгаа байх. Би өөрөө ч эмч гэр бүлээс гаралтай ойр дотны бүх найз нарын маань тэн хагас нь эмч мөртлөө /уртаашаа 5 найзтай тэрний 2 нь эмч/ энэ өвчний тухай амьдралдаа анх удаа л сонслоо. 
Ингэсэн юмаа. Битүүний урьд өдрийн орой 2 хүүхэдтэйгээ шүдний эмнэлэг орчихоод ирж явтал хүү маань доголоод эхэллээ. Яасан бэ гэтэл "Ээж ээ миний хөл өвдөөд байна аа" гээд бүр орцны хаалган дээр иртэл "Ээж ээ би явж чадахгүй нь ээ, хөл аймаар өвдөөд байна" гээд би хүүгээ тэвэрч 4 давхар өөд мацаж арай гэж гэртээ орж ирээд яагаад хөл нь өвдөөд байгаа юм бол гээд хувцсыг нь тайлаад хартал хөлөөр нь улаан хүрэн цэгнүүд туурчихсан байна. Тавхай нь бамбайтлаа хавдаад хөлөнд нь хүрэхээр л орилоод байх юм.

Tuesday, February 8, 2011

Туулай жилийн мэнд!

Сайхан л туулай жил гарч байна. Сайхан дулаахан байлаа. Сайхан ч цас орлоо. Айл хэссээн хэссэн, алт мөнгө цуглуулсан. Та бүгд сайхан шинэлэв үү, онд мэнд тарган тавтай оров уу?
Яг сар шинийг бол эмнэлэгт өнгөрөөсөн. Юун тэр шинийн нэгэн, юун тэр зүг чиг мөр гаргах манатай л байлаа. Амны билгээ бодоод муу мэдээгээр шинэ оны мэдээгээ эхлээд яахав гэж бодлоо. Нэг хэсэгтээ амь тэмцсэн давчуу байсан болохоор нээт орж ирэх ч зав гарсангүй. Сэтгэл санаа их л хэцүүхэн байснаа хүүгийн маань сүүлийн шинжилгээ гайгүй гараад одоо нэг нэт орох наастртай болчихоод сууж байна л даа. Хажуугаар нь ажил гэж нам дарах нь ээ намайг.
Сүүлийн сэтгэгдэл дээр Бубу асуусан байсан. Тэднийх чинь http://www.ezbuy.mn/ гээд сайт нь байгаа тэндээс утсыг нь хараад авах юмаа асуучих. Шууд бодож байгаад үнийг нь за тэдэд авчирч өгнө гээд хэлдэг юм байна лээ.