Friday, October 25, 2013

Ченж

Ченж гэж үзэгдэл байнаа манайд. Дамын наймаанаас эхтэй ч юмуу, манайхны амархан мөнгө олох хүслийн дагавар үзэгдэл ч юмуу. Гадаад дотоодоос бараа авчирч хэдэн цаас нэмээд ард иргэддээ зарахыг арай ч ченж гэж хэлж болохгүй байх л даа. Ногоочдын тарьсан ногоог, малчдын махыг хямд аваад өчнөөн нугалаад хэрэглэгчдэд зарж байгаа үзэгдэл байна. Хуучин эзнээс нь аваад жаахан цэвэрлэж янзлаад мөнгө нэмээд зарж байгаа машины ченж бол бас яахав гэхсэн. Харин шинэ байр шинэ утасны дугаар зэргийг барилгын компани, оператороос нь очиж аваад яг хэрэглэгчдэд нь дундаас нь мөнгө нэмж зарах бол арай л биш ээ. 
Хуучин дугаараа сэргээлгэж барих гээд Юнител орлоо. Наашаа ирэхээсээ өмнө дугаар луугаа залгаад л байсан юм, ашиглалтанд байхгүй гэхээр нь ашгүй хүн аваагүй байгаа юм байна гээд баясаад байсан юм л даа. Тэгсэн чинь таны хэлсэн энэ дугаар байхгүй байна хүн авчихаж гэнээ. Яасан сонин юм бэ сая хүртэл залгахад ашиглалтанд байхгүй байна гэсэн шдээ гэсэн чинь "Өө тэгвэл ченж л аваа биз. Тэд нар чинь бүх гайгүй дугаарыг түүж авчихаад дамлаж зардаг юм" гэнээ. Одоо тэгээд би хуучин дугаараа барья гэвэл ченжүүдээр сураглаж хайгаад өчнөөн үнээр худалдаж авах нь л дээ. За тэгвэл шинэ дугаар авъя гэсэн чинь цээжлэхэд гайгүй сонсоход эвтэйхэн дугаар нэг ширхэг ч алгаа. Бас бүгдийг нь ченжүүд хамаад авчихсан гэнээ. Баялаг бүтээхгүй зүгээр л бусдыгаа шулж амьдарч байгаа тийм даварчихсан амьтадтай тэмцвэл таарна. Ашиглаглагдахгүй 3 сар л болох юм бол шууд дахиад худалдаанд гаргачихдаг байвал таарна. 
Бас шинэ байр байна. Хүүе яасан гээч. Нэг гайгүй компанийн гайгүй байрлалтай байр м2 нь 1 сая 800-р зарагдаж л дээ. Тэгсэн чинь ченжүүд бүх байр орцоор нь худалдаж аваад тэгээд хүмүүст м2-г нь 2 сая 200-р зарж байвал яахуу. Арай ч дээ тийм байж болохгүй биз дээ.

Thursday, October 24, 2013

Ойрын сонин сайхан

Сайхан байнаа. Гэрээ цэвэрлээд л хоол унд хийгээд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж аваад л. 
Хуучин барьж байсан дугаараа эхний нэг жил хадгалалуулаад мөнгийг нь төлөөд яваад байсан юм сүүлдээ ч тоохоо байгаад тэр чигээр нь хаячихсан юмаа. Тэгээд наашаа ирэхийн өмнөхөн залгаад үзсэн чинь ашиглалтанд байхгүй байна гэхээр өө ашгүй хүн аваагүй байгаа юм байна гээд баярласан чинь хэхэ. Очоод энэ дугаарыг авъя гэсэн чинь уучлаарай хүн авсан байна гэнээ, ашиглалтанд байхгүй гээд байна лээ шдээ гэсэн чинь өө тэгвэл нэг ченжийн гар дээр л байгаа биз гэсэн шүү дээ хө. Одоо тэгээд хэрвээ хуучин дугаараа барья гэвэл ченжүүдээс өндөр үнээр л худалдаж авах бололтой. Ер нь энэ ченж гэж нэг балай юм их дэлгэрчээ. Бүр шинээр баригдаж байгаа аятайхан байрнууд бүгд ченжүүд худалдаж аваад м2 үнийг нь нэмж зардаг гэнээ. Бас ногоочдын ногоог ченжүүд хамж аваад аймаар өндөр үнээр дэлгүүрүүдэд өгдөг ч гэнэ үү. Баялаг бүтээхгүй мөртлөө бусдын хөдөлмөрийг шулж амьдрагсад их болжээ. 
Хүүхдүүд саяны хүйтрэлтээр жигтэйхэн даараад түрүүчээсээ аймаар муухай ханиалгаад байгаа. Дахиад л өнөө өвөлжингөө ханиадны эм уудаг амьдрал эхлэх нь дээ. Дэлгүүр орж дотуур өмд ороолт бээлий эд нар авахаас. Хүйтэн оронд зардал их гарах юмаа. Байшингаа зузаан барих ёстой, өвөлжингөө халаалт хэрэглэнэ, олон давхар зузаан хувцас гэр бүлийн гишүүдийн тоогоор авна гэх мэт. 
Ажил яахав сонин хараад л сууж байна даа. Тэгэж байтал нэг надад таарах ажил гарах байх гээд л ёстой сүх далайтал үхэр амар гэдэг шиг л байна. Ажлын зараас гадна сонин дээр хүртэл гоё гоё тэтгэлэг зарлагдаад гоё харагдаад байх юм. Ямар дахиад суралтай нь биш дээ гоё харагдлаа гээд яахав. Хүмүүс надаас гадагшаа сургуульд явсан туршлага их асууж байнаа. Тэгэж байгаад хэрхэн гадагшаа сургуульд явах талаар дахиад нэг бичлэг оруулнаа. Хэрэгтэй хүмүүс нь сонирхог. 
Нээрэн махтай хоол их идээд байсан чинь эрүү духан дээгүүр том том хөндүүр юм гараад ходоод өвдөөд эхэлсэн. Махан хоолоо багасгаад сүү тараг их ууж байгаа. Гоё гоё шинэ тараг сүүн уудаг ундаа эд нар гарсан байна. Хүмүүсийн эрүү духан дээр юм гараад байдаг чинь хүнд махан хоол их идээд шингээж чадахгүй дотор эрхтэн хямарч байгаагийн шинж юм байна гэж ойлголоо.
Гилийн хатан эгчтэй чанасан толгой хувааж иднэ гэж ярьсан юмсан. Хаана яваан бол доо. Манайд бас гоё гоё хоол ундны газрууд их нээгджээ даанч үнэтэй гэж жигтэйхэн юм. Миний мөнгөний үнэ цэнийн ойлголт яг 2 жилийн өмнөхөөр хэвээрээ байгаа болохоор яг тэр үеийнхээ үнэ ханшаар л төсөөлөөд байх юм. Хажуугийн дэлгүүрийг ёстой хашрааж байнаа. Дандаа мөнгө нь хүрэхгүй нэг юмаа буцаадаг. Одоо бүр кассчин охин нь андахаа байсан байна лээ. Хэдэн юм бичүүлээд мөнгө нь хүрээд буцаалт хийхгүй бол "Өө хүрчихсэн үү мөнгө чинь" гээд миний өмнөөс баярлаад байгаа юм биш үү өнөө охин чинь.

Monday, October 21, 2013

Гөлөг

Японд ямар золбин нохой гэж байх биш. Тэгсэн чинь ингэлээ. Машинтай явж байтал замын хажуугаар нэг гудамжны нохойны жижигхээн гөлөг гүйж явна. Өө байхгүй тэгсэн чинь манай охин харчихаад "Ээжээ ээжээ хөөрхий жижигхэн гөлөг явж байна авъя л даа хөлдөж үхлээ шдээ өлсөж байгаа даа машинд дайрууллаа шдээ, аваад явъя л даа" гээд орилоод сүүлдээ уйлаад бууна гэж хаалга булаацалдаад ёстой нээрээ бөөн юм боллоо. Ашгүй хүү сургуульдаа явчихсан байсан юм, байсан бол бүүр бөөн юм болохгүй юу.
Би бүр зөндөө тайлбарлаад ойлгодоггүй ээ. Энэ чинь золбин нохой гэдэг юм, манайд зөндөө байдаг тэгээд ямар ч хараа хяналтгүй өсөж үржээд байдаг юм, цаашид зөндөө тааралдах болно, тэр болгоныг авч тэжээнэ гэж байхгүй шдээ гээд. Урьд нь монголд байхдаа ерөөсөө золбин нохой анзаардаггүй байсан ч юмуу, японд очоод хэтэрхий амьтанд хайртай болчихсон ч юмуу "Тэгээд яах юм бэ энэ хөөрхий гөлөг үхэх юмуу хэн ч тоохгүй юмуу" гээд уйлаад болдоггүй. Нээрээ яамаар ч юм дээ. Яасан ч хэцүү юм. Сүүлдээ бүр аргаа бараад "Энэ гөлөгний ээж нь түр хоол хайгаад ажилдаа явчихсан байгаан, хэрвээ хоёулаа гөлгийг нь аваад явчихвал ээж нь орой ирээд гөлгөө хайгаад зөндөө уйлна шдээ" гэж байж охиноо тайвшрууллаа. "Нээрэн юмуу, нээрэн ээж нь түр явчихсан байгаа юмуу, эргэж ирнэ биз дээ" гэсээр л сургууль руугаа орлоо охин маань. Хэцүү ч юмаа даа. Гудамжны нохой хүртэл стресс нэмж байна шд Улаанбаатарт. Хар хүйтэнд бээвийгээд баацганаад яваад байгаа гөлгийг чинь харсаар байгаад орхиод явах хэцүү юмаа. Замаа ч засч чадахгүй хогоо ч цэвэрлэж чадахгүй байгаа улс чинь юун тэр золбин нохойгоо хяналттай болгох манатай байхөө дөө.

Friday, October 18, 2013

Сургууль, ажил гэх мэт

Хүүхдүүдийн сургуулийн асуудлыг шийдээд одоо өөртөө ажил хайх асуудал руугаа орж байна.
Сургууль
Япон явахын өмнө хүү гэрийн урд талын улсын цэцэрлэгт, охин ажил явах зам дагуу нэг жижгэвтэр хувийн сургуульд явдаг байсан болохоор өглөө гараад л хүүгээ оруулчихаад цаашаа алхаад охиноо оруулчихаад ажил руугаа алхаад орчихдог байлаа. Нөхөр заримдаа хүргэж өгвөл өгнө оройд авбал авна, завгүй үед нь нэг их түүртэхгүй тэгээд өөрөө зохицуулчихдаг байлаа. Японд яахав дээ хүүхдүүд гэртээ хамгийн ойр улсын сургуульд автоматаар хуваарилагдаад явдаг, сургууль хайх гэдэг ойлголт байдаггүй, хүүхдүүд ч өглөө оройд өөрсдөө гүйгээд явчихдаг, хачин сайхан санаа амар байж дээ. Одоо тэгсэн охин ч яахав хуучин сургуульдаа үргэлжлүүлээд орчихсон, харин хүү маань монгол сургуульд 1-р ангид орох гэсэн чинь сургууль олдоггүй юм даа. Эгчийнх нь сургууль нь 1р ангид орон тоо байхгүй, хүүхдийн тоо илүүдээд байна гээд авдаггүй. Улсын сургуульд өгөх гэхээр өдөр 12 гээд тарчихна, тэгэхээр хэн авч хэн харж байх юм гэдэг асар том асуудал гарч ирээд болдоггүй. Өөр хувийн сургуулиудад өгөх гэсэн чинь байр сав нь тиймхэн, байрлал нь хол, үнэ ханш нь аймшигтай гэх мэт. Тэгэж тэгэж гэрийн ойр нэг жижигхээн сургуульд түр л өгч байгаа. Орой 5 хүртэл хараад өгдөг юм байна. Эгчийнх нь сургуульд орон тоо гарвал хамгийн түрүүнд над руу ярина гэсэн. Монголд төрөлт ихсээд хүүхэд сургах цэцэрлэг сургууль хүрэлцэхээ байсан гэнээ. Ингээд одоо өглөөд сонин сонин байрлалтай газрууд руу хүүхдүүдээ хүргэж өгөх сонин маршруттай болчихлоо. Өглөөд хүйтэн, бас явган хүний зам гэж там болохоор алхаж явах ямар ч аргагүй заавал машинаар хүргэж өгнө, бас тэгээд зам нь таг бөглөрнө, сургуулийн ойролцоо машин тавих газар олдохгүй гэх мэт өглөө бүр бөөн стресс болж байна даа.
За ажил
Би явахдаа урьдны ажлаасаа бүрмөсөн гараад баяртай гээд явсан болохоор /угаасаа тэгэж явах ёстой/ ирээд хуучин ажилдаа эргээд орно гэсэн ойлголт байхгүй. Тэгээд одоо сонин харсан шигээ л ажил хайгаад сууж байна. Хүмүүс намайг төрийн байгууллагад /яам тамгын газар, эсвэл мэргэжлийн хяналт гэх мэт хэрэгжүүлэгч агентлаг/ ажилд орохгүй юмуу гээд байх юм. Тийм газрын цалинг нь сонсонгуутаа ухаан алдах гээд байх юм. Над шиг цалингаараа амьдардаг хүн сард тиймхэн цалингаар бол яасан ч амьдарч чадахгүй. Одоо тэгээд ийм өндөр өртөгтэй газар сайн цалинтай ажилд л орохгүй бол хэцүүдэх юм байна даа. Сонин дээр сайхан сайхан ажлын зарууд байна байна. Даанч нэг бол миний мэргэжил таарахгүй, нэг бол уул уурхайн компанид хөдөө ажиллах л болчихоод байна. Тэгээд надад таарах ажлын зар гарахыг хүлээгээд л сууж байх шив дээ үндсэндээ.
Гадагшаа гарахаас дургүй хүрээд байна. 2 жил японд өмсөхөд зүв зүгээр байсан гуталнууд 2хон долоо хоног өмсөөд л цул шороо тоос болоод халцарч малцраад хүн аймаар хуучин гутал шиг болдог байна шд. Нэг гарахаар л 100,000 төгрөг элбэг үрэгдчихээд байх юм. Би ямар ажил хийж цалингаа хурааж байгаад ирсэн биш надад үнэндээ мөнгө алга. Байсгээд л нөхрөөс нэг хэдэн зуу мянган төгрөг авна өнөөх нь 3 ч хонохгүй дуусах гээд байх юм. Өчигдөр нэг найзтайгаа уулзах гээд Chingis haan irish pub руу орсон чинь нэг хоол 30,000 төгрөг гэнээ, өө за найз нь төлж дийлэхгүй гаръяа л гэлээ. Зүгээр нэг кафе гуанзны хоолнууд хамгийн хямд нь 10,000 төгрөг болчихсон байна. Өчигдөр хажуу талын дэлгүүр лүүгээ ороод талх сүү ганц годгор хиам энээ тэрээхэн авсан чинь 20,000 төгрөг хүрдэггүй юм даа. Мэл гайхаад bill-ээ авч харж тоолж байж итгэлээ шд. Хиам чинь кг нь 14,000 болчихсон юм байна шдээ.
За ирээд хамгийн сайхан юм гэвэл мах идэх л байна даа. Манай мах төмс эд нар чинь ямар сайхан амттай гээч. Бас чанасан халуун аарц байна. Хонь үхрийн мах аваад ямар ч амтлагч хийхгүй зүгээр сайхан хоол хийгээд идэхэд үнэн сайхан шөл гарч байнаа. Одоо чацарганы ориг шүүс олж авна даа. Ориг гээд онцлоод байгааг минь ойлгож байгаа биз дээ. Дэлгүүрийн хужаа сиропоор найруулсан биш, монголд тарьсан чацарганыг шахаад гаргасан шүүс.
Хуучин ажлынхантайгаа, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж сонин сайхан ярьж диплом энэ тэрээ үзүүлсэн шигээ өнгөрсөн долоо хоног сайхан л өнгөрлөө.

Thursday, October 17, 2013

Reverse culture shock

Би зүгээр үнэнээ л хэлье тэгэх үү. Та нар намайг эх орноо мууллаа гээд яавал ч яа.  Хэлэхгүй бол болохгүй нь ээ.
БИД НАР ЧИНЬ УТАА ШОРООН ДУНДАА УУРЛАНХАН УРАЛЦАНХАН Л АМЬДАРДАГ ЮМ БАЙНА.
Ганц өгүүлбэрээр илэрхийлэхэд ийм л байна даа. Гадаадад хэр удаан амьдарснаасаа шалтгаалаад монголд ирсэн хүмүүс reverse culture shock-оосоо хэдэн сараас бүр хэдэн жилээр хүртэл гардаггүй гэж нэг газраас уншлаа. Би ч бас яахав том хүн учир ойлгоно, хүүхдүүд л хэцүү юм даа. Онгоцны буудлаас эхлээд л шоконд орсон юмнууд гэвэл
-Утаа утаа гайхамшигт утаа хамар нармай хорсгоод л аймшигтай мэдэгдэж байна лээ. Манайх ямар анх удаа ингэж хүйтэн өвөл болж үзэж байгаа газар биш, угаасаа л хүйтэн байсан байх ч болно, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гээд хүлээн зөвшөөрөгдчихсөн байна цаана чинь. Тэгээд ямар 10 сая хүн гал түлээд байгаа биш, ганц сая хүнтэй хотыг өвөлд нь утаагүй дулаан өвөлжүүлчих технологи бүр бодоод бодоод олддоггүй л юм байх даа. Япон Герман эд нар манай газар нутаг дээр бидний оронд байсан бол аль хэдийн тэр чигээрээ халдаг хот байгуулчихсан байгаа даа гудамж талбай хана туурга нь хүртэл халдаг.
-Зам дээр шүргэлцсэн 2 машины жолооч нар заамдалцаад зодолдох гэж байв. Хүмүүсийн харьцаа бол зодчихно шүү л гээд байх юмаа. Дэлгүүрт худалдагчаар нь гуйлгаж юм авдаг байсан бол ирээд монгол дэлгүүрээс худалдагчийг нь гуйж байж юм авах жишээтэй. Хүн орж гарахад "тавтай морил, баярлалаа" гээд хэлэхээ байг ээ байг. Ядаж зарж байгаа юмаа аятайхан тайлбарлаад өгдөг нэг ч худалдагч үзсэнгүй. Үзээ ч гүй л дээ угаасаа, үзэх ч гүй юм шиг байна дөө миний нас лав хүрэхгүй шинжтэй. 
-Байрны гадаа иртэл нохойгоо салхилуулж байсан 8,9 насны хүү хөөрхөн гөлгөө уяагаар нь шууд аймшигтайгаар ороолгоод байх юм. Охин хүү бид 3 бондгос хийтлээ цочив. Манай хүү бүр сэтгэл нь өвдчихсөн "Наад гөлгөө зодоод байх юм бол надад өгчих гээд хэлчих үү ээжээ" гээд.
-Машинтай явж байхдаа бөглөрөөд зогсож байтал хажууд зогсож байсан том автобусны кондуктор нь хогийн саваа барьчихсан автобуснаасаа бууж ирснээ шууд замын хажууд хогоо сархийтэл нь асгачихаад автобус руугаа орчихов. Хотын төвд сансрын тунель доор шүү дээ. Манай 2 хүүхдийн ам нь зүгээр л ангайгаастай нүд нь духан дээрээ.
-Замын бөглөрөл бол Гиннесийн номонд ч орохоор болжээ. Намайг явж байхад 170,000 машинтай гэж байсан ирсэн чинь 370,000 болчихсон байна шүү дээ. Машингүй байх ямар ч арга алга. Нийтийн тээвэр сайн хөгжөөгүй, бүх юм нь энд тэнд армаг тармаг байрлалтай, бас маш хүйтэн хэцүү цаг агаартай болохоор машингүй байх хэцүү юм, гэхдээ бас өдөржин бөглөрч таглараад 2хон ажил амжуулах ч бас хэцүү юм.
-Замын хажуугаар явган хүний зам гэж бараг юу ч байхгүй, алхах ямар ч боломжгүй, яг дайны зориулалтаар окоп ухаад хаячихсан аятай сэндийчээд хаячдаг яг хэвээрээ. Тэгээд шороо нь улаанаараа эргээд л. Бүх юманд шар өнгөтэй шороо түрхчихээд байгаа юм шиг л харагдаад байх юм. Хаашаа л харна шав шар шороо. Ойлгож байна л даа, угаасаа байгалийн тогтоц цаг агаар нь ийм хуурай гээд мэдэж л байна. Харин ч тийм учраас хотдоо ногоон байгууламж усан оргилуур гэх мэт агаарыг чийглэж зөөллөж байх юм маш ихээр байгуулах ёстой л баймаар юм.
-Хамгийн сүүлд хэлэхэд юмны үнэ аймшигтай нэмэгдчихжээ. Бүр аймшигтай. Урьд нь 10,000 төгрөгөөр 4 ширхэг юм авчихдаг байсан бол одоо 2 ширхэг юм авч хүрэхгүй болсон байна. Номин ороод 3 уут идэж уух юм авсан чинь тооцоо 118,000 болоод нүд орой дээрээ гарлаа. Японоос ч үнэтэй байнаа хүнсний барааны үнэ. 
За мэдэхгүй сэтгэл санаа маш их хямарч байна. Ийм газар амьдарч байсан билүү гэж бодлоо. Цаг агаараас авахуулаад бидний бүтээсэн хот бидний бүтээсэн нийгэм амьдрахад их хэцүү юм. Яагаад өөрсөддөө улам хэцүү орчин үүсгээд байдаг юм бүү мэдээ. Хийх юм асар их байна.