Monday, August 25, 2014

Гомдолтой байна!

Манай ажил дээр "Зөвлөх" гэдэг албан тушаалтай, салбарынхаа хувьд ёстой мэдэхгүй чадахгүй юм байхгүй маш өргөн мэдлэгтэй, үнэхээр 7 буудуулсан хашир чоно гэдэг шиг айхтар өвөө байдаг юм. Би уг нь түүнтэй гайгүй л харьцаатай байдаг байлаа. Байлаа ч гэж, байдаг гэж боддог байлаа. Хааяа би мэдэхгүй юмаа асуухаар уриалгахан нь аргагүй хэлээд л өгдөг байсан юм. Гэтэл нэг асуудал гарч ирэв ээ.

Wednesday, August 13, 2014

Солонгос драм

Яасан ч олон тв суваг вэ, ядаж байхад бүгдэнгээр нь солонгос драм гарах юм. Уг нь би гэр бүлийн хэрүүлтэй драм үздэггүй л дээ, гэмт хэрэг мөрддөг драм бол үздэг ээ үздэг. Гэхдээ рс дээр юм хийж байхад хажууд тв-гээр нэг юм гараад байхаар яах ч аргагүй чихэнд сонсогдоод байх юм. Тэгээд бодлоо л доо. Пээ энэ солонгос аав ээж нар яасан аймаар хүүхдийнхээ амьдралд оролцдог юм бэ, бас хадам ээж болгон нь бэрээ заавал дарамталж зарцалж гэрийнхээ хамаг ажлаа хийлгэж суух ёстой юм шиг байгаамаа, кино болгон дээр л нөхөр нь өөр хүнтэй яваад байх юм, тэрнээс үүдсэн хэрүүл. Иймэрхүү зүйл байнга, орой болгон, суваг болгоноор гараад байхаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг нь бүү мэд. Ямар ч байсан олигтойгоор л нөлөөлөхгүй байх. Хүүхдүүд хүртэл үзээд байна шдээ үүнийг чинь. Манай 2 лагерь яваагүй гэртээ өнжсөн өдрөө орой ажил тараад ирэхэд иймэрхүү драм тавьчихсан сууж байх юм. Санаатай үзэх гэж тавиагүй, зүгээр л тв-гээ асаагаад орхичихсон, өнөөхөөр нь ийм балай хэрүүлтэй юм гарч байгаа юм. ТВ-гийн урд суугаад үзэхгүй ч гэсэн ярьж хэлж байгаа үг нь сонсогдоод байгаа юм. Ядаж байхад яг орой 6-8 цагийн хооронд бүх суваг дээр иймэрхүү сериалууд урсчихна. 
Шинжлэх ухааны, мэдлэг мэдээллийн нэвтрүүлгүүдийн эзлэх хувь арай дэндүү бага юмаа энэ олон тв-нүүдийн эфирийн цагт. Тв-үүд тэгээд яаж эфирээ дүүргэж байна гэхээр нэг болсон болоогүй орчуулгатай солонгос драм, болсон болоогүй мэдээ, болсон болоогүй хүнтэй хийсэн ярилцлага, болсон болоогүй дэлгүүрийн бараа гартаа барьж байгаад рекламдсан бичлэгээр л дүүргэж байна.

Хямрал, цомхотгол

Хаа сайгүй ажилчдаа хоморголон халж байна. Халахаас ч өөр арга алга. Уул уурхайн компаниуд болон түүнтэй холбоотой бизнесийн байгууллагууд ямар ч ашиггүй ажиллаж байгаа тул одоо байгаа ажилчдынхаа 30-90 хувийг цомхотгож байж энэ хямралын давалгаанд дампуурчихалгүй үлдэх арга хэмжээ авч байна.
Манай улс уул уурхайгаас дэндүү хараат болчихож. Түүхий эдийн үнэ дэлхийн захзээлд савлангуут энд байгаа хэдэн компани хямраад л, түүнд нь бараа материал үйлчилгээ нийлүүлдэг дотоод гадаадын бөөн бөөн компани бас хямраад л. Ажлаасаа халагдаж байгаа хүмүүс тэдний гэр бүл үүнийг дагаад худалдан авах чадвар нь буураад, бас элдэв банкны зээлээ төлж чадахгүй болоод л. Тэгэнгүүт хүнс барааны жижиглэн худалдааны бизнес хямраад, банкнаас зээл авах хүн олдохоо байнгуут банк хямраад. Энэ бүгд чинь бүгдээрээ бөөн бөөн ажлын байрнууд, орлого байхгүй бол цалингаа тавьж чадахаа байна. Тэгээд л хямралын гинжин урвал цаашаа үргэлжилж нийгмийн бүх салбарт нөлөөлөөд байна.
Хямралд өртөөд байгаа нь нийгмээс шууд л харагдаад байна. ТВ сонингоор дүүрэн машин зардаг компаниудын бөөн бөөн урамшуулал амласан зарууд. Зээлийн хүсэлтэндээ дарагддаг байсан Хаан банк одоо бүр зээл аваарай гэдэг зар явуулдаг болчихож.
Манай улс уул уурхайн оронд аялал жуулчлал гэх мэт нөөц нь дуусдаггүй салбараа хөгжүүлэх юмсан. Уул уурхай бол яахав дээ, газрын хэвлий дэх нөөц дуусахад л гүйцээ. Тэгээд уул уурхайгаас орж ирж байгаа энэ түр зуурын мөнгөө боловсрол боловсрол бас дахин боловсролд зарцуулах юмсан.

Хариуцлага гэж алга

Хайран геологич сайхан залуу. Харамсаад барахгүй юм. Эндээс бөөн бөөн хариуцлагагүй үйлдлүүд харагдаж байгаа юм. Бидний хэнэггүй, хариуцлагагүй, арай дэндүү хариуцлагагүй байдлын нэг тодоос тод жишээ. Хөөрхийг ганцааранг нь харанхуйд цааш нь явуулж л байдаг, явж л байдаг. Олгой хаймаргүй, сансрын утасгүй хөдөө хээр явж л байдаг гэх мэт тоочоод баршгүй зөндөө зөндөө үүрэг хариуцлага.
Бас энэ эмэнд хордсон хүүхдүүдийн асуудал. Эмийн үйлдвэр нь яг ялгагдахгүй адилхан савлагаатай хийж л байдаг, өнөөхийг нь эмийн санч нь шалгаж үзэлгүй өгч л байдаг. Бүр нийтдээ 20 хэдэн хүнд ганц ч удаа зарж байгаа эм рүүгээ харалгүй өгсөн байгаа юм. Ядаж байхад тэр эмийн үйлдвэр нь яг нярай хүүхдүүд үзүүлдэг эмнэлгийн хажуу дахь салбарт "Танайд зөвхөн хүүхдийн тунгаар хийснээ л өгнө" гэчихээд нярай хүүхдийн тунгаар үйлдвэрлэсэн эмээ биш том хүний тунгаар үйлдвэрлэснээ очиж очиж өгчихдөг нь ч юу юм.
Бас нэг өөр сэдэв.
Машинд явж байгаа хүүхдүүдийг зориулалтын хүүхдийн суудалд суулгаж баймаар байна. Бүр тийм суудал заавал авч тавьж хүүхдээ суулгаж явахыг хуульчилдаг ч юмуу яадаг юм, хатуу арга хэмжээ авмаар байна. Ядаж хүүхдийн суудал авч өгч чаддаггүй юм бол доош нь сандалд суулгаж бүсийг нь зүүлгэж явмаар байна. Хүүхдээ машин дотор сул зогсоогоод явуулж байгаа, урд талын суудалд хүүхдээ өвөр дээрээ авч сууж байгаа хүмүүсийг хуга нуга торгоод өгөөчээ. Дараа нь гарч болзошгүй аймшигтай эрсдлээс одооноос л хүмүүст анхааруулж ойлгуулж сэргийлэхгүй юм бол ингээд л энэ чигээрээ хэнэггүй яваад л байвал яваад л байна. Тархинд нь хэлээд ойлгохгүй юм бол түрийвчтэй нь ярихгүй юу. Би лав замын цагдаа байсан бол хүүхэд нь машины цонхоор цухуйгаад явж байгаа, эсвэл урд талын суудал дээр хүүхдээ өвөр дээрээ авч суусан машин бүрийг зогсоогоод зад торгох байсан юм. Тэгвэл дараа нь ядаж хүүхдээ хайрладаггүй юмаа гэхэд торгуулахаасаа айгаад тэгэж явахаа болих байх.