Tuesday, August 27, 2013

9 сард бэлдэх юмс

Ёстой бүх юм давхцсан сар болох нь дээ энэ 9 сар чинь. Ааг амьсгаагүй байж байгаад л явах нь. Наашаа ирэхэд бас ийм байсан. Эндээс явахад ч гэсэн бөөн бужигнаан болж байгаад яваад, очоод бас бөөн хөл толгойгүй бужигнаан болох нь.
За хийх ёстой ажлуудаа жагсаавал
-Thesis-ээ 5 хувь хэвлэж сургуульд хүлээлгэн өгөх
-Ээж рүү урилга бичиг баримт бэлдэж шуудангаар явуулах
-Сургуультай номны тооцоо дуусгах
-2 хүүхдийн монгол сургуультай холбоо барих
-Ачаа хийх хайрцаг цуглуулах

-Хүнээс хуучин печь олж худалдаж авч энэ байрны эвдэрсэн печийг нь сольж тавих
-Сургууль орж лаборатори цэвэрлэх, дээжнүүдээ хүлээлгэж өгөх
-Ээж рүү ярьж биеийн хэмжээгээ өгөх /төгсөлтийн дээл оёулах/
-2 хүүхдийн хичээлийн юмыг өнөө маргаашгүй бэлдэх /Японы зуны амралт дуусаад хичээл орлоо, ганц сар ч гэсэн япон сургуульдаа явах юм/
-Дэлгүүр орж дүүгийн захиасны юмнуудыг авч шуудангаар явуулах
-Монгол сонин бас завсар зайгаараа харж аятайхан ажил сураг ажиг тавьж л байх
гэх мэт цаашаа хөврөх шинжтэй. Мартаж болохгүй чухлыг нь энд биччихээд харж сууя хааяа.
Хамгаалалтаас хойш 7 хоног юу ч бодохгүй сайхан амарлаа. Хамгаалалт дажгүй болсон. Санасныг бодоход их тайван сайхан болоод өнгөрлөө. Ингээд дууслаа гэж бодсон чинь нэг л итгэж өгөхгүй, нэг их завтай болчихсон чинь юу билээ гээд гайхах ч шиг.
За ингээд дараагийн амьдралдаа санаа зовох эхэлж байгаа юм даа. Яаж нүүх үү, энэ үнэтэй авсан ТВ-гээ аваад явах уу зараад явах уу, загаснуудаа яах уу, дугуйнуудаа яах уу, хүүхдийн тэтгэмжээ 10 сараас өмнө авч болдог юм болуу хөөцөлдөх юмсан гээд л толгой өвдөх юм мундахгүй байна даа. Бас ах дүү найз нөхдөдөө гар цайлгах бэлэг цуглуулна. Төгсөлтийн баяраар далимдуулж ээжийгээ авчрах гэж байгаа юм гарч орж жаахан юм үзүүлмээр байна. Цаашилбал нутагтаа очоод ямар ажил хийх үү, хэр хурдан ажил олж орох бол, хүүхдүүдээ хаана сургах уу, сургалтын төлбөр нь хэд болох бол, гэр орноо дахин төвхнүүлж баахан цахилгаан бараа авах хэрэгтэй байдаг, гэр бүлийн бүх гишүүнд өвлийн хувцас авах хэрэгтэй бас. Мөнгө л их хэрэг болох нь дээ яадаг юм байгаан. Японд 2 жил болсон мөртлөө сохор зоосгүй харих нь дээ хэхэ.

Япон хүүхдүүд


Хүүгийн ангийнхан нэг өдөр манайд ирэв ээ. Эд нар бие биенийхээ гэрт ирэхээрээ бүх тоглоом юм хумыг нь ухаж үзээд бүх өрөөгөөр явж танилцаад идэж болох бүх юмыг амсаж үзээд тоглож болох бүх юмаар тоглоцгоогоод явдаг юм.
За тэгсэн чинь манайд орж ирцгээж ойр зуур юмтай танилцангуутаа компьютер тоглоом нэхээд хайгаад давхицгаачихлаа. Манайд байхгүй ээ PSP л байна гэсэн чинь голоод байна. ТВ-д залгаад тоглодог playstation ч юмуу тийм видео тоглоом нэхээд болдоггүй ээ. Манайд тэр нь байхгүй юм чинь яах юм. Эдний хүүхдүүд гэж компьютер тоглоомонд донтсон юмнууд байдаг юм. Дэлгүүрт эсвэл сааданд эгнээд суучихсан ямар нэг PSP, Nintendo тас ширтээд тоглоцгоож байна шүү дээ.
Тэгэхээр нь хүүхэлдэйн кино үзэх үү гэлээ. Манай хүү чинь Ghibli Studio-ын хүүхэлдэйн кинонууд хачин дуртай бүр дахин дахин үздэг байхгүй юу. Нэг хүүхэлдэйг нь тавиад өгсөн чинь огт мэддэггүй юм байна. Энэ хүүхэлдэйг үзэж байгаагүй юмуу гэсэн чинь бүгдээрээ мэдэхгүй үзэж байгаагүй гээд байх юм /Мононоке гүнж/. Тэгээд жаахан үзэж байснаа сонирхолгүй байна видео гэйм байхгүй юмуу л гэцгээгээд байх юмаа. Хүү болохоор өнөө хүүхэлдэйгээ учиргүй шимтэн үзээд байгаа юм хөөрхий. Эцэст нь интернэтээр тоглоомны сайт руу орж хэдэн тоглоом тоглуулж ганц цаг саатуулах шив дээ. Манайхыг их сонирхолгүй уйтгартай айл байна гэж дүгнэх шиг боллоо хэхэ. Эд нар чинь тэгвэл гэртээ яадаг юм бэ гэсэн чинь өө гэрт нь бол тэр playstation эд нар чинь ёстой төрөл бүрээрээ бүр хог шигээрээ хөглөрч байдаг гэнэ, үсэрч дэвхэцдэг бүжиглэдгээс авахуулаад бууддаг уралддаг төрөл бүрийн гар хөл залгаж байгаад тоглодог янз бүрээрээ л байдаг юм байхаа, тэгээд байнга тэрийгээ тоглож байдаг юм гэнэ. Заримдаа бүр зомби момбитой аймшгийн юм үздэг гэнэ үү тоглодог гэнэ үү. Би ёстой тиймэрхүү юм 2 хүүхдэдээ үзүүлдэггүй шд. Кино минон дээр жаахан эвгүй цус нөж алаан хядаантай хэсэг гарангуут "Буруу хар" гээд орилчихдог юм. Манай хоёр бүүр сурчихсан, зэрс гээд л буруу харна шүү дээ. Тэгээд хүүхэд нь зомби үзээд байхад аав ээж нь юу ч гэхгүй байна уу гэсэн чинь огт тоохгүй байсан гэнэ, ямар зомби гэсэн чинь охин хажуунаас "ёстой аймаар шөнө зүүдэлмээр" гэх юм. За ямар ч байсан хүүхэд үзэж болохоор хөөрхөн зомби биш бололтой ккк.
Ghibli Studio-н Тотороноос бусад хүүхэлдэйн киног нь японы баргийн хүүхдүүд мэддэггүй юм байна лээ. Би бүр гайхаад хүүгийн байтугай охины найзуудаас нь бүгдээс нь асуусан гээд бод доо. Мэдэхгүй байна лээ, осолдохгүй Тоторогоо л мэдээд байгаа юм. Тэгсэн мөртлөө сувенирийн дэлгүүрт орохоор тэдний бүх хүүхэлдэйн киноны баатруудын сувенир байгаад байдаг юм.  CD-ны дэлгүүрт хүртэл Ghibli-н бүх хүүхэлдэйн кинонууд янз бүрээрээ л байж байдаг уг нь. 

Хөгжил буурай орнуудын

нэг ив ижилхэн тал байна аа.
Японы тв-гээр нэг нэвтрүүлэг гардаг юм. Дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа япон хүмүүс дээр японы нэг алдартай хүн нь телевизийн багийнхантай очиж амьдрал ахуйг нь сурвалжилдаг юм. Тэгээд африк азиас авахуулаад европ, латин америкийн орнууд гээд янз бүрийн газар амьдарч байгаа япон хүн дээр очиж байгаа юм л даа. Ингээд зам зуураа тухайн орны хөгжил, аж байдал, хүрээлэн буй орчин, зан заншил, хүмүүсийн харьцаа бүх л юм нь камертай аялагчдын дуранд тодоос тод бууж байгаа юм.
За ингээд хараад байхад Африкийн аль нэг улсад буяны үйл ажиллагаа хийж олон хүмүүсийг тэжээж тэтгэж зааж сургаж амьдардаг буяны ажилд өөрийгөө зориулсан, эсвэл өөрийн гэсэн шинэ бизнесээ эхлэх гэж түүхий эд ажиллах хямд хүч бараадан ирсэн япон хүмүүс ч байна. Зам зуур тухайн орны ард иргэдийн соёл боловсролын түвшин, харьцаа бол дээд зэргээр харагдаж байгаа юмаа. Нэг африкийн улсад зам асуусан чинь баахан сармагчин шиг хар нөхдүүд мөнгө нэхээд орилолдоод байх юм. Юм асууж байгаа юм бол мөнгөө төл мөнгөө төл гээд. Лалын шашинтай нэг оронд зам зааж өгөх гэж байгаа сахалтай нөхөр шууд телевизийн багийнхныг хурдан яваач гэж загнаж байх жишээтэй. Зүүн өмнөд азийн орны хүмүүс харин ядуу ч гэлээ инээмсэглэсэн уриалгахан хүнд тусархуу нийтлэг шинж ажиглагдаж байна лээ. Африкчууд бол ёстой хэрэг байхгүй, яахаас ч буцахгүй ажилгүй боловсролгүй залхуу хүмүүс юмуу даа гэж харагдлаа.
Хамгийн гол нь ази ч бай африк ч бай бүх хөгжил буурай оронд аялж байхад нэг нийтлэг ав адилхан дүр зураг нь, гудамжинд нь хог хөглөрсөн, шороотой, бас гудамжаар нь дүүрэн гиюүрсэн, дэмий суусан, хөлхөлдсөн хар бараан навсгар хувцастай хүмүүс дүүрэн байх юм. Гэтэл европ юмуу японы эсвэл латин америкийн гайгүй хөгжилтэй орны дүр зураг гарахад гудамж нь цэвэрхэн, ганц ч хог байхгүй, хүмүүс нь их завгүй нааш цааш хөлхөлдсөн бас гэгээлэг өнгөлөг хувцастай байх юм.
Яахаараа хөгжил буурай ядуу орон гэхээр хогондоо дарагдсан гудамжтай, үгүй ээ хүмүүс нь гудамжиндаа хогоо шууд хаяад тэр хогон дотроо юу ч бодохгүй явах түвшний ухамсартай байдаг юм бол доо. Тийм ч учраас улс орон нь хөгждөггүй ядуу хэвээрээ л байдаг байх гэж бодогдлоо.

Saturday, August 10, 2013

Хүүхдийн хүмүүжил

Бид ер нь хүүхдийн хүмүүжлийг их орхидог юм шиг санагдаж байна. Өлсөх вий цангах вий, өвдчих вий зовчих вий гэж л бие физилогийн хувьд нь санаа зовоод байхаас хүмүүжлийг нь үнэтэй хувийн сургууль дамжаанд найдаад орхиод байх шиг байна.
Саяхан монголоос найз маань хүүхэдтэйгээ манайд айлчилж ирлээ л дээ. Хүү нь 8 настай. Аавын амь гэнэ, хүссэн бүгдийг нь л биелүүлдэг юм байх. 8 настай хүүхдэд Samsung Galaxy S4, new ipad, PSP гээд байхгүй юм алга. Үнэтэй хувийн сургуульд явдаг л гэнэ, эрт 5 настайд нь оруулсан гээд гайхуулаад байсан. Байсгээд л хүүхдээ дуудаад юм идчих уучих яамаар байна гээд л хошуу дэвсээд байх юм. Гэтэл ингэж өсгөсөн хүүхэд нь ааш муутай хүмүүжилгүй гэж жигтэйхэн юмаа. Манай хүүг шууд "Хөөе холдооч чи мангар юмуу" гээд аймаар загнадаг байна шд зүгээр урд нь зогсож байсан чинь. Ер нь их дээрэлхүү, ах зах гэж мэддэггүй, их дураараа, бүх хүн миний урд бөхөлзөх ёстой гэсэн хандлага л алхам тутамд нь мэдэгдээд байгаа юм. Миний муу хүү хамт тоглох гэж ядаад сүүлдээ бүр гайхчихсан над дээр ирээд "Ээж энэ ямар муухай ааштай хүүхэд вэ тээ?" гээд. Харьцаа марьцаа гэж ёстой хэрэг алгаа. Хэрвээ миний хүүхэд байсан бол ёстой хүмүүжүүлнэ гэдгийг үзүүлээд өгөх байлаа хэхэхэ.
Үгүй ээ энэ ч инээдэм биш л дээ. Ганц энэ хүү ч биш, монголд ер нь иймэрхүү гайгүй амьдралтай гэр бүлд иймэрхүү хүмүүжлээр өсч хүмүүжиж байгаа хүүхэд нэг биш нилээн хэдтэй тааралдаж байна. Ямар ч амьдрал мэдэхгүй, аав ээжийн хөрөнгөн дээр сагсалзсан бүхэл бүтэн нэг үе төрөн гарч ирж байх шиг байна. Аав ээж нь хүссэн бүхнийг нь авч өгөөд л үнэтэй гадаад дотоодын сургуульд явуулснаараа сайн сайхан өсгөөд байна л гэж бодоод байх шиг байгаа юм. Үгүй шд, "буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх. Хичнээн үнэтэй хичнээн сайн сайхан сургууль байгаад хүүхдэд хүмүүжил гэдэг зүйлийг олгож чадахгүй шдээ. Хүүхэд үүнийг гэр бүлээсээ л олж авна.
Сэтгэл маш их эмзэглэв энэ хүүг хараад. Найздаа хэдэн үг хэлээд л хаясан, гэхдээ аавд нь хэлж чадаагүй ээ, аав нь бол хүүдээ ёстой хир халдаахааргүй шинжтэй байна лээ.
Би бол 2 хүүхэдтэйгээ үзэж тардаг юм. Аав нь хүссэн бүрийг нь авч өгөх гээд байдаг юм, харин би бол албаар мөнгө байхгүй гээд тас гүрийчихнэ. Үүнийг чинь авдаг мөнгийг аав ээж хоёр чинь ингэж ингэж зовж ажиллаж байж олдог юм гээд тас гүрийнэ шүү дээ. Намайг эсвэл аав нь үгүй л гэсэн бол тэгээд л болоо, өөрийн хүссэнээр болгох гэж уйлж унжиж шалчигнах ч үгүй. Би боддог юмаа, 2 хүүхдээ ямар ч байсан сайн боловсрол олгохоос гадна хүн болгож хүмүүжүүлнэ гэж. 

Monday, August 5, 2013

Thesis бичилтийн явцад

Манай багш миний дипломыг бараг үг үсэг бүрээр нь шалгасан, бүр бүгдийг нь нэгбүрчлэн. Нэг юм л буруу бичих тоолонд намайг ирж уулз гэж дуудна. Нэг ишлэл өгүүлбэр жаахан буруу бичсэн байхад дуудаад "Энэ чиний бичсэн зүйл чинь энэ ишлэл авсан өгүүлэл /paper/-тэйгээ арай тохирохгүй байна, хэрвээ яг энэ зүйлийг бичих гээд байгаа юм бол өөр өгүүллийг ишлэл ав" гээд л хөөгөөд гаргах жишээний. However гэдэг үгэнд аймаар дургүй, тийм үгийг зүгээр л автоматаар устгаад л дахиж засч бич гэх. Аргаа бараад энэтхэг найзаасаа яагаад профессорууд however гэдэг үгэнд дургүй юм гэсэн чинь тэр чинь тодорхой утгыг үгүйсгэчихдэг, "заримдаа" гэх мэт утгатай болчихдог гэнээ. Өө тэгээд нэг өгүүлбэр жаахан эвгүй хэллэгтэй биччихвэл академик бичлэгийн хэлбэр ийм байхгүй ээ, зас зас гээд л улаан эрээн болгоод буцаана. Thesis чинь уг нь бүтэц нь Abstract - Introduction - Literature review - Methodology - Result - Discussion - Conclusion гэдэг бүтэцтэй байдаг бол бичихдээ Methodology - Results - Discussion - Conclusion - Introduction - Abstract гэх дарааллаар бичдэг юм байна. Харин literature review-ыг бүр эхлээд биччихсэн байвал зүгээр байдаг юм байна. Энэ одоо scientific research thesis бүтэц үү, social science, law эд нарын thesis ямар байдаг юм бол доо. Ер нь бичилт бол 1 сарын турш үргэлжлээд сүүлийн 2 долоо хоног бол засах засах дахин засах гэдэг л үйл ажиллагаа хэдэн арван удаа давтагдлаа. Багш над руу нэг chapter бүрийг бараг 10 удаа дахин дахин явуулж байлаа. Тэгээд нэг chapter дотроо дахиад дэд бүлгүүд бичиж нэмж дэлгэрэнгүй тайлбарлах, үр дүнгээ үзүүлж буй арга нь арай хангалтгүй тул статистикийн зарим нэг аргачлал нэмж хэрэглэж шинэ үр дүн гаргаж авах гэх мэт нэг юмнаас улбаалсан жижиг сажиг ажил ёстой мунддаггүй юм байна. Хамгийн наад зах нь бүх график дүрсээ нэг ижил дизайнтай болгох, хүнд харууштай ойлгомжтой гэхдээ хэт эрээн мяраан биш график байгуулах гэх мэт. Ганц юм л жаахан ерөнхийдүү тайлбарласан байвал дахиад энэ сэдвээр олон paper уншаад дэлгэрүүлээд бичээдэх дээ гээд л буцаагаад шидчихнэ шүү дээ. "Чиний үр дүн их сонирхолтой учраас дараа нь чиний thesis-г барьж авч унших хүн их байх болно" гээд багш үглээд байсан, тийм учраас намайг их шахсан байхаа. Яг тэр өгдөг өдөр миний алдаа бол, ядаж юу юу хэрэгтэй байдаг юм бэ яаж өгдөг юм гээд хүн амьтнаас урьдчилаад ч асуучихгүй, тэр дүрэм журмыг нь англи хэл рүү орчуулаад өг гээд сэнпайгаа ч хэлчихгүй, зөвхөн thesis бичихдээ л хамаг анхаарлаа хандуулчихсан байгаа юм.
За энэ хугацаанд ар гэр 2 хүүхэд маань зүгээр шууд л орхигдсон доо. Ёстой нээрээ хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч сүүлдээ бүр ямар ч хамаагүй хүн дуудаж 2 хүүхдэд минь хоол хийгээд өгөөч гэж гуймаар санагдсан шүү. Яг ид төвлөрөөд асар их юм уншиж бичих шаардлагатай бүр босч шээж ч чадахгүй сууж байхад хүүхдүүд орж ирээд өлсөөд байна гэхээр ёстой нээрээ үсээ зулгаамаар л санагдаж байлаа. Осолдохгүй өлсгөөд алчихгүй л байлгаж байхын тулд хоолоор нь тасалсангүй дээ нээрээ ккк. Сүүлийн 2 долоо хоног бол шувт гоймон чанаж өгөөд л, combini-с бэнто авчирч өгөөд байсан чинь нэг өдөр манай хүү "Ээж та thesis-ээ өгчихөөд хамгийн түрүүнд надад хоол хийж өгөөрэй" гэсэн шүү дээ. За тэр гэр орон моронг бол хэлээд юу гэхэв, шууд хаясөөн хаясан. Гэрийнхээ нэг өрөөнд ороод хаалгаа хаагаад бүгчихсэн, газраар орон дээгүүр нэг ном дэвтэр цаас, кофений аяга, энержи дринк, дэлгүүрийн кофений аяга хөглөрчихсөн, дараа нь харахад дурсгалтай юм даа. Өдрийн цагаар манай хоёр орилолдоод, ийм ч юм тийм ч юм гээд л, эсвэл нэг дэлгүүр явж идэж уух юм цуглуулж авчрах гэх мэтээс болоод ажлын бүтээмж их муу, харин шөнө бол ямар ч саад болох юм байхгүй их сайхан суудаг байлаа. Тэгээд миний нойр солигдчихсон, өдөр нэг энд тэнд унаж тусч ганц хоёр цаг дугхийчихээд шөнөжин суудаг болчихсон хэмнэлээсээ одоо болтол гарч чаддаггүй ээ. Thesis-ээ дуусгахад хамгийн их баярласан хүмүүс бол 2 хүүхэд маань л байлаа шүү дээ. "Ээж та үүнийгээ дуусгачихвал завтай болоод бид 2-г тооно тийм ээ" гээд өдөр хоногийг хуруу дарж тоолж байлаа. Яг өгсөн өдрөө би хичнээн нойргүй хоночихсон ядарч унах гэж байсан ч гэртээ ирээд тэсэн ядан хүлээгээд сууж байсан 2 хүүхдээ баярлуулж их дэлгүүрийн ресторан орж гоё хоол авч өглөө шүү дээ. Хэд хоног бараг л ээжгүй байцгаасан, баярлаж байна гэж жигтэйхэн. Энэ хугацаанд нөхөр минь намайг сэтгэл санаагаар их дэмжсээн дэмжсэн. Сүүлд ажил дууссан хойно ярьж байсан чинь намайг овоо энгийн хүн шиг ярьж байна тайвшраад сэтгэл санаа чинь гайгүй болчихсон байх шиг байна гэнээ. Би урьд нь яаж ярьдаг байсан юм гэсэн яг нэг асар хурдтай машин жолоодонгоо утсаар ярьж байгаа хүн шиг л байсан гэнэ.
Одоо тэгээд ажил дуусаагүй ээ, эцсийн хамгаалалт гээд бас нэг том юм хүлээж байна. Өөрөө өөртөө хэд хоногийн амралт өгсөн юм, одоо ингээд дуусч байна буцаад хичээлээ үзэж юмаа хийе дээ. 

Thesis is written

За их юм сурч байна. Японы их дээд сургуульд дипломоо бичиж дуусгаад хураалгана гэдэг чинь их том ажил байдаг юм байна.
Thesis submission deadline өдөр би өглөө 7 цагт сургууль дээр очоод жижиг сажиг зүйлсээ янзлаад хамгийн их цаг алдсан зүйл нь chapter болгоны header-г chapter-ынхаа нэрээр өөрчилж нэрлэх гэж ухнатсан явдал  байлаа. Үүнийг одоо болтол сураагүй л явсан байна. За тэгэж байтал нэг мэдсэн 11 цаг болчихжээ. Дипломоо яг 13-15 цагийн хооронд хураалгана гэсэн юм. Тэгтэл манай лабд poctdoc-р орсон нэг япон сенпай ороод ирлээ. Түүнийг надад заавар чиглэл өг гэж багш хэлсэн байсан юм.
-Наран сан болж байна уу цаг болохоо байлаа.
-Өө болж байна болж байна, одоо 20 минут. Би дотроо юун ч яаруу юм дээ 1-с биз дээ ухааны юм бодоод байгаа юм. Тэгээд бас зүгээр л 4 хувь хэвлээд л аваачаад өгчих юм бодоод байгаа юм шүү дээ. Өнөөх чинь бичиг хэргийн дэлгүүрээс /манай сургуулийн харьяа дэлгүүр/ thesis хавтаслах хавтас авчирна гээд миний дуртай өнгийг асуугаад гүйгээд явчихлаа. Энэ хооронд би яг thesis, abstract, submission sheet эд нараа pdf болгоод хэвлэхэд бэлэн болгочихоод нэг л хэвлэж түвдэхгүй хүн амьтныг хүлээсэн шигээ суугаад байлаа /юугаа хүлээсэн юм болоо ккк/. Өрөөнд хэн ч байдаггүй, би бас яахаа сайн мэдэхгүй эргэлзээд. Тэгтэл ашгүй өрөөний хятад оюутнууд ороод ирлээ.
-Хүүе юу хийж байгаан. Чи чинь өнөөдөр thesis submission date биз дээ?
-Тийм ээ харин хэвлэх гээд л сууж байна.
-Хүүе ээ хэвлээчээ. Хавтас нь хаана байна, наадаг машин хаана байна?
-Мээдкү. /миний хариулт мөн таарсан байгаа биз ккк/
Өнөөдүүл чинь сандралдаад л цүнхээ шидэцгээгээд нэг нь намайг хэвлэ гээд бусад нь хавтас машин олж ирэх гээд бужигналдаад эхэллээ. Нэг нь хэвлэснийг авч эмхлээд нөгөө нь нарийн бичиг рүү гүйж наадаг машин олж ирж, тэгтэл сэнпай ч хавтас барьсаар орж ирж, би submission sheet дээр багшаараа гарын үсэг зуруулах ёстойг нарийн бичгээс олж сонсоод багшийг олохоор гүйж, бөөн бужигнаан. Ингэсээр байтал 1 өнгөрчихлөө. Тэгтэл софт хэлбэрээр дипломоо өгөхдөө pdf болгохдоо бас учир жанцантай хөрвүүлдэг болж таарав. Тэгэхгүй бол thesis хүлээн авах комисс pdf хөрвүүлэлтийг нь шалгаж үзээд чанарын шаардлага хангахгүй бол буцаачихдаг гэнэ /зарим тохиолдолд pdf файлыг нээхэд фонт нь танигдахгүй гэх мэт асуудал байдаг гэнэ үү, тийм учраас нэг стандарт гаргаж өгсөн гэнэ/. Сэнпай сиди дээр буулгах ажлыг хариуцаж аваад миний pdf файлуудыг шалгаж үзтэл болохгүй байна гэнэ, намайг дахиад бүр эх Word-ын файлаа өгөөдөх би өөрөө хөрвүүлнэ гэв. Дахиад flash disc-ээ барьж өрөө рүүгээ гүйж өөрийн рс-нээс файлуудаа хуулаад эргээд сэнпайгийн өрөө рүү гүйж. Гэтэл бүр бүхэл бүтэн thesis-д орсон бүх зурган файлуудаа бүүр эх сурвалжаар нь өгөөдөх гэв. За дахиад бүх image хадгалагдаж байгаа бүүр raw файлуудаа олж сэнпай руу явуулах хэрэгтэй болов. Ингэсээр байтал 2 өнгөрчихдөг байгаа. Тэгээд яг сиди дээр бүх файлуудаа бичих гэсэн чинь би нэг form бөглөхийг мартчихсан байлаа. Тэр нь ямар үйлдлийн системтэй ямар рс дээр ямар ямар программ ямар ямар хувилбарыг нь ашиглаж thesis-ээ бичсэн бэ гэдэг form байлаа. Өө дахиад л өрөө рүүгээ гүйж өнөөхийг нь гялс бөглөөд сэнпай руу явуулж нэг юм сидигээ бичүүлж авлаа. Өрөөндөө ороод ирсэн миний thesis-г манай хэд бүгдийг нь хэвлээд хавтаслаад нурууг нь хүртэл наагаад бэв бэлэн болгочихож. Бариад нарийн бичгийн өрөө рүү гүйлээ. Тэнд сэнпай нарийн бичиг авгай 2тойгоо нийлж байгаад бүх материалаа бүртгэж үзлээ. Өчнөөн нарийн ширийн юм байгаа юм чинь, тухайлбал нэг хувь үдээгүй thesis хийсэн дугтуйны гадна талд, бас сиди дээр,  бас абстрактынхаа хуудас бүр дээр нэр ус оюутны үнэмлэхний дугаараа бичих гэх мэт. Ингээд бэлэн гэж үзээд сэнпай намайг дагуулаад department office руу явлаа. Очсон чинь эхлээд 2 хүүхэн бүх материалыг бүртгэж үзээд сиди дээрх pdf файлуудыг нэг бүрчлэн хуудас бүрээр нь шалгаж үзлээ. "ОК" гээд намайг 3 хувь thesis-ээ бариад тэр өрөө рүү ор гээд нэг хаалга руу зааж байна. Бариад орсон чинь 2 профессор сууж байна, нэг нь манай багш байвал яахуу? Намайг thesis"-ээ өгсөн чинь авснаа бараг хуудас бүрийг нь үнэрлэж үзэх нь холгүй доторх агуулгыг нь гарчигтай нь тулгаж мулгаж үзлээ. Манай багшийн над руу муухай харж байгааг ээ. Тэр харцыг нь орчуулбал, "энэ нэг юм юугаа хийж хаагуур явж байгаад дөнгөж одоо ирж байгаа юм". Тэгэж байснаа нээг их том он сар дардаг тамга гаргаж ирээд бүгд цагаа харж байснаа 3-уулангийнх нь хавтас дээр дарчихлаа. Энэ хооронд миний зүрх айсандаа аймаар чанга цохилоод. Ёох нэг юм өрөөнөөс нь гарч ирээд өнөө хүүхнүүдийн хажуугаар өнгөрөхдөө нөгөө бүртгэд байсан хүснэгтийг нь харсан чинь япон оюутнууд бүгд дөнгөж 1 цаг өнгөрөв үү үгүй юу ирээд тушаачихсан байгаан. 3 гадаад оюутны нэг нь би 2:45 тушаасан байгаан, нөгөө 2 /манай найз лаос охин, нэг бангладеш оюутан/ нь одоо болтол ирээгүй. Эндээс нэг юм харагдаж байгаа биз.
Тэндээс гараад лаос охины өрөөний үүдээр өнгөрч явтал бөөн орилоон бужигнаан. Гайхаад шагайсан чинь лаос охин бангладеш оюутан хоёрын word-ын файл нь pdf болохгүй байна гээд цагтаа амжихаа байлаа гээд лаос охин уйлж орилж хашгирч гүйгээд лаб-ынх нь япон оюутнууд бүгд царай нь барайчихсан бүгд дор бүрнээ рс дээрээ тэр 2-ын файлыг хөрвүүлэх гэж оролдоод сууцгааж байх юм. Бас дунд нь орж баахан бужигналаа. Цаг дуусахаас 1 минутын өмнө лаос охиных болоод аваад гүйсэн, бангладешийнх болоогүй. Ингээд хугацаандаа өгч амжихгүй бол төгсөж чадахгүй, дараа семестер хүртэл хойшилдог гэнэ шүү. Тийм учраас л манай сэнпай цаг цаг гээд сандраад гүйгээд байж л дээ. Намайг тушаачихсан гэсэн чинь бүгд баяр хүргээд байсан юмаа даанч.