Wednesday, March 26, 2014

Хүүхдийн орчин

Хүүхэд өсч хүмүүжихэд орчин нь их нөлөөлж байнаа. Охин японд байхдаа "Одоо би том ангид орлоо, ахлах анги боллоо, илүү эрт босох хэрэгтэй, хичээлээ илүү сайн хийхгүй бол болохгүй, хөгжмөө улам сайн давтаж улам мундаг тоглодог болох хэрэгтэй байна" гэж ярьдаг байсан чинь энд ирээд монгол сургуульд ороод хэдхэн сар болсон чинь ингэж ярьдаг болчихжээ "Манай ангийнхан намайг ямар муухай цамц өмсчихсөн юм бэ гэсэн би энийг дахиж өмсөхгүй, манай ангийнхан бүгд iphone 5, samsung S4-тэй, намайг утасгүй юмуу гээд шоолоод байна, манай ангийн охин миний цамцыг жинхэнэ Zara мөн юмуу хулхи нь юм биш үү гээд байна, би 2 facebook account нээх хэрэгтэй байна, би чихээ цоолуулмаар байна манай ангийн охид бүгд цоолчихсон гоё гоё ээмэг зүүдэг" гэх мэтээр ярьдаг болчлоо. 
Японд хэзээ ч өмсөх хувцас, гадаад үзэмж, facebook internet, гар утас авах талаар ярьж байгаагүй зөвхөн хичээл хөгжим найзуудынхаа тухай ярьдаг байсан хүүхэд чинь одоо материаллаг эд зүйлсийн тухай ярьдаг болчихож. Японы бага сургуульд угаасаа гар утас авчрах, чихээ цоолох гэх мэтийг хориглодог болохоор амар ч юмуу. Монгол ангийнх нь хүүхдүүд гэж үнэтэй гар утас барьсан, өмсөх зүүхээр нэг нэгнээ ялгаварлаад байдаг бололтой юм. 
Сая март цэргийн баяр гэж юу болов оо. 4р ангийн хүүхдүүд зүгээр л бараа солилцооны өдөр болгочихсон байна шдээ. Цэргийн баяраар чи надад Лего тоглоом /тэр нь 80,000 төг/ авч өгвөл би яахав чамд мартаар үнэтэй бэлэг авч өгнө шүү гэж ангийнх нь банди хэлж байна гэнэ шүү. За энэ тухай дараа нь "Март Цэргийн баярын солиорол" гэдэг постоор дэлгэрэнгүй бичье.

Tuesday, March 25, 2014

Эргээд ирлээ

За сайн сууцгааж байна уу. Ногоохон Нараа нь эргээд ирлээ. Алга болсонд уучлаарай, блогоо хаасанд бүүр их уучлаарай. 
Яагаад блогоо хаасан бэ гэвэл бусдын лаг лаг юм бичсэн мундаг мундаг блогуудыг олж харангуутаа өөрөөсөө аймаар ичээд. 
Тэгвэл яагаад блогоо нээсэн бэ гэвэл би юу ч бичиж байлаа хамгийн гол нь миний бичсэн юмс жаахан ч гэсэн хүмүүст хүрч нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр болж байгаа болов уу гэсэн урам авлаа. Миний блогийг уншдаг хүн маш их байдаг юм байна гэдгийг олж мэдлээ хэхэ. 
Бас ээж минь надад их сайхан урмын үг хэллээ. "Миний охин бол нар юм шүү дээ. Хавь ойрынхондоо үргэлж л өөрийн мэддэг чаддаг зүйлээ ярьж өгч тайлбарлаж таниулж гэгээрүүлж байдаг, мэдлэгийн гэрэл гэгээ цацраасан миний охин бол яг л нар шиг. Ээж нь хүртэл охинтойгоо ярихад ганц юм ч гэсэн мэдээд авдаг" гэж хэллээ надад. Сайхан үг сонсох сайхан шүү.
Одоо тэгээд мэдсэн дуулсан бүхнээ та бүхэнтэй хуваалцахаар бичээд байж дээ.