Wednesday, November 19, 2014

Манай улсад хүүхэд өсгөх нь

Төрөх: 
Мөнгөгүй л бол үхэхээр болсон байна Монголд. Улсын эмнэлэгт насаараа төлсөн эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй төрж байгаа нэртэй боловч, эмч ажилчдын гар хөлийг зохих шан харамжаар цайлгахгүй бол (эх барьсан эмчдээ 200,000 гээд доошоо явна) төрөхийн орон дээр эмчдээ тоогдохгүй үхэж ч мэдэхээр болжээ. Дээрээс нь элдэв эм тариа хангамжийн зүйлсийг 100% өөрсдөө гаднаас хангаж байж эмчлүүлнэ. Тэр дорхноо мөнгөө хурааж байгаад төлбөртэй хувийн эмнэлэгт нь төлдөг юмыг нь албан ёсоор төлөөд санаа амар төрсөн нь дээр болж. Бас төрөх эмнэлгийн хүрэлцээ муу болохоор ачаалал арай дэндүү их. Улсаас шинээр ганц ч төрөх эмнэлэг барихгүй юм.
Хүүхдийн эмчилгээ асаргаа: 
Монголд хүүхдийн эмнэлэг маш хэцүү байна. Ядаж байхад Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрчихсэн болохоор нялх нярай хүүхдүүд өвөлдөө амьсгалын замын өвчин тусалгүй, бүр тэр нь хүндрэлгүй өвлийг давдаг тохиолдол огт байхгүй болсон. Ганц ханиад хүрлээ гэхэд эм тан нь маш үнэтэй. 3 жилийн өмнө хоолой нь өвдөхөд авч өгдөг байсан антибиотикийн үнэ 2 дахин нугарсан байх жишээтэй. Тэгээд авч өгөхөөс өөр аргагүй. Өвөл болохоор аптек эмийн санд уртаас урт оочер. Хэдэн ядарсан ард түмэн нь үнэтэй эм танд хамаг байдгаа өгч дуусна. Тэгээд өвдөхгүй байхын арга байхгүй. Аймшигтай агаартай болохоор хүүхэд өвдөхөөс өөр аргагүй. Өвдөөд бүр хүндрээд эмнэлэгт очихоор эмнэлэгт нь багтахгүй, ачааллаа дийлэхгүй, нэг орон дээр 2 ээж хүүхэдтэйгээ зөрөлцөж унтдаг, газраар гудсаа дэвсчихсэн хэвтэж байгаа гэх мэт дүр зураг угтана. Ганц нэг хүүхдийн эмч нар хувийн эмнэлэг байгуулчихсан, төлбөр нь гэж хаданд гарчихсан, нэг үзүүлэхэд 30,000, дахиад ирээд үзүүлсэн ч тэрийгээ л төлнө. Ямар ч хямдрал, харж үзэх гэдэг ойлголт байхгүй. Тэгээд эм бичнэ, нөгөө эмнүүдийг нь авахаар 50-80,000 төгрөг элбэг болно. Ямар ч даатгал үйлчлэхгүй.
Хүүхдийн сургууль цэцэрлэг:
Ёооё энэ ёстой бас л бөөн стресс. Улсын цэцэрлэг үнэгүй боловч олдоц муу, анх бүртгүүлэхэд 8 сард эцэг эхчүүд гадаа 4 хоног хонон өнжин оочёрлож байж хүүхдээ бүртгүүлсэн гэсэн. Тэгээд нэг ангид 50 хүүхэд 2 багштай. Хувийн цэцэрлэг сарын 250 мянгаас төлбөр нь эхэлнэ, дээшээ тэгээд явж өгнө дөө 500$ төлбөртэй ч бий. Улсын цэцэрлэгийн багш нарын нэг юмыг ойлгохгүй юм. Хөөрхий муу асрагч багш л өдөржингөө баасан шээсэн асгасан цутгасан хамаг юмтай нь хутгалдаад ангийн багш нь гээд өндөр өсгийт бариу палаажтай хүүхэн ер нь ганц удаа хүүхэд тэвэрдэг юмуу гэмээр ярвайсан царайтай нөхөр сууж байх юм. Гэтэл япон солонгос хятадад цэцэрлэгийн багш гэдэг хормогч зүүж биеийн тамирын хувцас пүүз өмсөөд өдөржин тэврэхийг нь тэвэрч үүрэхийг нь үүрээд арчилж халамжлахаа ч хийгээд зургаа ч зураад юмаа ч бичүүлээд хичээлээ ч заагаад л явж байдаг юм.
Японд байхад манай 2 өөрсдөө сургууль руугаа гүйгээд явчихна, сургууль нь үнэ төлбөргүй, би зөвхөн өдрийн хоолны мөнгийг нь л төлдөг байлаа, бүр тэр нь хүртэл хөнгөлөгддөг байсан гээч. Сургууль нь тэгээд ямар сайн чанартай сургалттай, ямар олон талын мэдлэг мэдээлэл өгдөг байлаа даа. Нэмэлтээр сургуулиас гадуур өөр дугуйланд явуулж болно, тэд нар нь мэдээж үнэтэй, гэхдээ бас ч гэж боломжийн, байрлал нь ихэнх нь гэрийн ойр орчимд хүүхэд өөрсдөө гүйгээд оччихоор байдаг байлаа. Сургууль, дугуйлангаас гадна мэдлэгт чиглэсэн мэдээллийн эх сурвалж хаа сайгүй, тв-гээр дандаа шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүд гарна, номын сан нь үнэгүй бас хаа сайгүй, музей нь гайхалтай гоё, элдэв мэдээллийн арга хэмжээнүүд их болно (гамшгаас хамгаалах үзүүлэх сургалт гэх мэт). Харин би энд одоо 2 хүүхдийн боловсролын асуудлаар толгойгоо өвтгөж сууна. Улсын сургууль маш их хүүхэдтэй ачааллаа дийлэхгүй тул нэг хүүхдэд ногдох багшийн хүртээмж 1/50 харьцаатай дунджаар. Ангид 50 хүүхэд бужигнаад байхаар хүүхэд юу сурах уу, багш хүүхэд бүрт хүрч ажиллаж чадах уу. Гадны нэг боловсролын мэргэжилтэн манай улсын сургуулийн бага ангид 50 хүүхэд сурдагийг харчихаад "Энэ бол эмгэнэл. Хүүхэд ийм нөхцөлд юу ч сурахгүй. Том биеийн тамирын зааланд баахан хүүхэд оруулчихаад дунд нь үсэг бичсэн цаас шидчихээд за өөрсдөө сур наадхаа гэж байгаатай яг адил нөхцөл" гэсэн юм гэсэн. Тэгээд нэг ангид цөөхөн хүүхэд сурдаг гэдгээр нь хувийн сургууль яалтч үгүй сонгох болж байгаа юм. Хүмүүс баян тарган, мөнгөө багтааж ядсандаа хүүхдээ хувийн сургуульд өгөөд байгаа юм биш шүү дээ. За тэгээд хүмүүсийн зовлон дээр бизнес хийж байгаа аятай хувийн сургуулиудын төлбөр гайхамшигтай өндөр шүү дээ. Жилийн 15,000 долларын төлбөртэй сургууль байна (Тэгээд бүр энийгээ гайгүй байна гэж ярьцгааж байгаан шүү, хэсэг бүлэг хүмүүс). Мань мэт нь мэдээж ийм сургууль мөрөөдөөд ч дийлэхгүй нь ойлгомжтой. За нэг гайгүй төлбөртэй сургууль олоод өгчихлөө гэж бодъё. Тэгээд өглөө орой бүр хүүхдээ зөөнө шүү дээ. Элдэв дугуйлан секцэнд хүүхдээ оруулъя гэвэл сарийн 150-350,000 төгрөг төлнө, бас хэн нэг хүнээр зөөлгөнө. 
Би ер нь их стресстэй байгаа бололтой. Жаахан тайвшраадхая.