Showing posts with label Миний бодол. Show all posts
Showing posts with label Миний бодол. Show all posts

Saturday, January 18, 2014

Аль замаар нь явах вэ гэж

Нэг сонголт хийх хэрэгтэй болоод байна. Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллах уу, хувийн хэвшилд ажиллах уу? Үүнээс миний цаашдын ирээдүй шалтгаалах гээд байна л даа. 
Бас хувийн хэвшилд ажиллахдаа 100% монгол компанид ажиллах уу, эсвэл гадаад компанийн монгол дахь салбарт ажиллах уу гэх мэт бодох асуудал их гарч ирдэг юм байна. Яаманд ажиллах гэсэн чинь цалин нь ойролцоогоор 500$ юм байна. Ажилдаа бүхнээ зориулаад цалингаараа амьдардаг над шиг хүн ийм цалингаар яаж бүхэл бүтэн сар амьдрахав дээ. Тэгээд ажиллаж чадахгүйнээ гээд хэлчихлээ. /Ер нь яаманд ажилладаг хүмүүс яаж ийм бага цалингаар амьдардаг юм болоо. Ёстой ойлгохгүй юм. Гэр бүлийн хүн нь хангалттай орлого олдог болохоор цалинд санаа зовдоггүй хүмүүс байдаг юм болов уу/ Төсөл дээр ажиллахаар төсөл чинь үсрээд 2-3 жил л үргэлжилнэ, төсөл дуусаад дахиад ажилгүй болно гэх мэт бас л бодох асуудал юм байна. Тэр дорхноо гайгүй компанид ороод хэдэн жил ажиллаад дэвших мэвшихээ бодож байдаг ч юм билүү.
Төсөл дээр ажилладаг хүмүүс тэгээд л төслөөрөө дагнаад л явчихдаг, хувийн компанид ажилладаг хүн тэгээд бас тэрүүгээрээ л дагнаад явчихдаг юм байна. Над шиг ингэж алин руу нь ч орж магадгүй зааг дээр ирсэн хүн байдаг ч юмуу үгүй ч юмуу. Яах вэ байз ойрын хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Ойрхон ойрхон ажил сольж CV-гээ doubtful болгомооргүй л байх юм.

Friday, June 21, 2013

Амьдрал баян - 2

Хэдийгээр миний бага нас ингэж өнгөрсөн ч би харамсдаггүй ээ. Зовсны эцэст жаргана гэдэг үгэнд итгэдэг. Алдартай мундаг хүмүүсийн намтарыг уншихад бага насандаа дандаа зовлон туулсан байдаг юм билээ. Хамгийн гол нь тэр зовлондоо дарагдаад уналгүй харин ч сөрж босч ирж өөрийн гараар өөрийн жаргалыг бүтээх ёстой гэж би боддог юм.
Миний өсвөр нас

Wednesday, June 19, 2013

Амьдрал баян

Ойрд завгүй байж байгаад ирсэн чинь манай хэдэн блогчид бага нас эмэгтэй хүний амьдралын талаар их бичжээ. Хараад байхад ер нь л эмэгтэй хүний амьдрал ав адилхан байх юм даа. Би ч бас дурсамжаа хуваалцмаар санагдлаа. Хэдий завгүй байгаа ч жаахан юм биччихэе.
Миний бага нас

Sunday, April 14, 2013

Strong, more stronger

I'm a student who is studying in the graduate school as well as mother of 2. I have to be strong more than normal mother and more than normal student.
Sometimes I think that why I need to sleep at 1-2 am and wake up 5 or 6 in the morning everyday. For what? Why I have to rush lab and try to finish experiment before my kids come from school. Why I have to run between lab and home twice for cook lunch and dinner for my kids before my next reactor cycle starts.Why I have to clean home, wash dishes, go shopping and do laundry along my writing assignments and preparing presentations?
But I believe that I will see my result of my work and effort in one day. In that time, my kids, my family and my friends would be proud of me.
Sorry my dear readers, nowadays I'm suffering from stress of midterm defense which will be in next week. That's why I'm seeking a way to release my stress such as writing this kind of crazy post or drinking 6-8 cup of coffee per day. Hope recover soon.

Friday, April 12, 2013

Ичих булчирхай

Баярцогтод ичих булчирхай байхгүй. Уг нь байсан байх, одоо бол байхгүй. Яагаад байхгүй болсон бэ? Өнөөгийн Монголын нийгэмд төрийн албанд ажиллаж байгаа хүний ичих булчирхай хайлчихдаг юм шүү дээ. Яг ийм үүрэгтэй булчирхай гэж байхгүй боловч бид айх гэдэг зүйлийг мэдэрдэгтэй адил ичих гэдэг сэтгэлийн хөдөлгөөнийг бас л мэдэрдэг. Харин одооны төрийн албанд ажилладаг хүмүүс энэ мэдрэхүйг огт мэдрэхээ больсон юм шиг байгаан.
Бурхан төрүүлсэн гэж ярих, түүнийг нь очиж сурвалжлах, түүнийг нь төв эфирээрээ гаргах, маргааш дэлхий сөнөнө гэж хөдөө рүү дүрвэх, ууланд очиж ард түмнээ даатгана гэж яваад далуулаа төөрөх, гадаадын оффшорт сая доллар нуух, нуучихсан юм тэгээд та нар яах юм гэж басамжлах ер нь бүгд ичих булчирхай нь оогт ажиллагаагүй болсны л нэг илрэл шүү дээ том жижиггүй.
Одоо удахгүй Улаанбаатарын гудамжаар нүцгэн хүмүүс яваад эхэлбэл би лав гайхах ч үгүй. Ичнэ гэдэг зүйлийг мэдэрдэггүй болчихсон хүмүүс яах юм бэ, тоохгүй шд.

Monday, April 1, 2013

  Ганцаараа

Ганцаараа гүрийх чинь их хэцүү юм байнаа. Нөхөр солонгос явчихсан, тэндээсээ монгол явна. Би одоо ганцаараа 2 хүүхдээ хараад хичээл эхлэхээр сургуульд нь явуулаад өөрөө дунд шатны хамгаалалт бас нэг хуралд оролцох ёстой. Хүү 1-р ангид орж байдаг, хичээлийн бэлтгэл авах хэрэгтэй байдаг. Хүүхдүүд өдөр эрт тарж ирж байдаг болчихно, гэтэл миний судалгаа оргил үе дээрээ явж байдаг, надад лабд зарцуулах цаг маш их хэрэгтэй байна. Нөхөр маань байхад амар байж дээ. Цагаа олж явлаа чи гэж уурлаж уурлаж л явууллаа. 
Уг нь хүү цэцэрлэгт явдаг байхад арай л амар, би орой 6 болтол сургууль дээр байж болоод байдаг байсан юм. Охин 3 хагас гэж хичээлээ тарж ирээд бэлэн юм идчихээд орой намайг иртэл гэртээ ганцаараа байж байдаг байлаа. Одоо 1-р ангийнхан 3 гэж тарж ирдэг, хүүг ирэхэд нь би заавал гэртээ байж байх хэрэгтэй болчихоод байх юм. 
Өглөө 6-д босч 2 хүүхдийнхээ хоол ундыг бэлдэж босгож хичээлд нь 7 хагас гэж гаргаад өөрөө гялс сургууль руу дугуйдаад юмаа хийж байгаад 3 гээд гүйж ирж сургуулиасаа ирэхэд нь тосч авч гэрт хоол хийж өгчихөөд гялс буцаж сургууль дээр ирж орой 6 хүртэл юмаа дуусгаад харьж байхаас. Бичих юмаа шөнө л амжуулдаг юмуу даа. Гэрт юм бичих аймаар хэцүү. Манай хоёрын шуугианд бас гэр орны ажлын хажуугаар төвлөрч суугаад юм бичнэ гэдэг бараг л бүтэхгүй асуудал.
Нөхрийг иртэл 2 сар гүрийх хэрэгтэй байна даа. Бүүр дийлэхгүй бол нөхрийг ажлаа хаяад ирж намайг дипломоо бичиж дуустал энд бай гэж хэлдэг юмуу яадаг юм.   

Monday, March 25, 2013

Японы хүн ам буураад байгаа нь

Амьдарч байгаа газар нийгмийн сонин сайхан нүдэнд тусаад байгаа болохоор сонирхол төрөөд бичиж байгаа юм шүү. Тэрнээс Япон улс миний дүгнэлттэй дүгнэлтгүй удахгүй цогц бодлого эсвэл арга хэмжээ авч эхлэх байлгүй дээ.
Японы хүн ам буурч байгаа тухай би өмнө нь бичиж байсан. Учир шалтгаан нь хүмүүс хоорондоо гэрлэн үр хүүхэдтэй болж гэр бүлийн амьдрал зохиох нь эрс багассан явдал юм. Японд байж үзээгүй хүмүүсийн хувьд сонин байж магадгүй л дээ "Яагаад япончууд гэрлэх дургүй болоод байгаа нь". Одоогоор японы нийгэмд ганц бие хүмүүсийн  тоо, түүнийг дагаад ганц бие хөгшчүүлийн тоо асар хурдацтай нэмэгдэж байна. Тэгвэл япончууд яагаад гэрлэх дургүй болчихов.
Нэгдүгээрт энэ нь цэвэр санхүүгийн асуудал. Учир нь эрэгтэй хүнд гэрлэлт гэдэг санхүүгийн хувьд маш хүндээр тусдаг. Нөхөр нь байрны төлбөр, хоол унд, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт тухайн гэр бүлтэй холбоотой бүх мөнгийг олох үүрэг хүлээдэг. Харин эхнэр нь гэртээ сууж гэр орноо зохиуцуулж үр хүүхдээ асарна. Нэгэнт эр хүн гэрлэж хүүхэдтэй болсон бол тэднийгээ тэжээхийн төлөө, мөнгө олохын төлөө, өөрөөр хэлбэл ажлын төлөө морь мал мэт зүтгэх хэрэгтэй болно. Японы компанийн ажил гэдэг хүний шим шүүсийг сорж, нойр хоолоо умартан, гэр бүлээ мартан, чөлөөт цагаа бүрэн дүүрэн зориулж байж ажилдаа тэсч цалингаа авч байхыг шаарддаг их харгис системтэй. Хэрвээ нөхөр нь ажлаасаа халагдчихвал тухайн гэр бүл бараг шууд сүйрдэг. Иймээс гэрлэнэ гэдэг нь эрчүүдийн хувьд маш хүнд дарамт болдог байна.
Хоёрдугаар том шалтгаан нь. Эмэгтэйчүүдийн хувьд хүнтэй сууж хүүхэд гаргаа л бол ажлын career нь шууд дуусдаг явдал юм. Япон бол маш уламжлалт сэтгэхүйтэй нийгэмтэй бөгөөд эмэгтэй хүнийг ялангуяа гэрлэсэн эмэгтэй хүнийг ажлын байран дээр ихэд доогуур үнэлдэг. Мөн нөгөө талаасаа гэрлэсэн хүүхэдтэй эмэгтэй хүнд ажил хийх боломж бараг зуугаас ганц хувь. Цэцэрлэг асар өндөр үнэтэй, олдоц байхгүй, хүнээр хүүхдээ харуулах боломж бараг байдаггүй гэх мэт. Иймээс сайн боловсрол эзэмшиж сайхан ажил хийж байгаа эмэгтэй хүн хүнтэй сууж гэртээ үлдсэн насаа өнгөрөөх сонголт хийх нь сэтгэл зүйн асар өндөр тэвчээрийг шаардаж байгаа юм. Хичнээн сайн боловсролтой байсан ч, урьд нь ямар ч мундаг ажил хийж байсан тухайн эмэгтэй, хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон л бол дахин ажил хийх боломж нь будаа болж байнаа л гэсэн үг. Хүүхэдтэй гэр бүлтэй ч гэсэн ажил хийгээд амьдарч байгаа япон эмэгтэйчүүд зөндөө байгаа л даа. Гэхдээ ээж нь ажил хийгээд явчихаар тухайн гэр орныг харж хандах, нөхөр хүүхдүүдээ халуун хоол ундтай тав тухтай байлгах ажил бас л орхигдчихож байгаа юм. Ингээд ерөнхийд нь авч үзвэл гэрлэнэ гэдэг эмэгтэй хүнээс бас маш том золиос шаарддаг учраас япон эмэгтэйчүүд гэрлэх дургүй болжээ.
Миний хувьд ч гэсэн, хүнтэй суугаад хүүхэд гаргавал гэртээ суухаас өөр аргагүй болно гэвэл би их л бодож байж шийдвэр гаргана, ер нь суухгүй ч гэж шийдэж магадгүй. Манай лабд нэг мундаг постдок япон хүүхэн байсан даа. Тэр хүртэл хэлж байгаа юм чинь, "Ойрын 10 жилдээ лав хүүхэдтэй болох төлөвлөгөө байхгүй. Миний career дөнгөж эхлээд ид дундаа явж байхад чинь одоо хүүхэд гаргаад гэрт суучихвал ямар хэрэг байхав" гэж байсан. Гэтэл нас нь 36 хүрч байна гэж байгаа юм.
Миний бодлоор компанийн ажилчдыг орой 6 гэхэд яс тараадаг болгох. Илүү цагаар аль болох ажиллуулахгүй байх. Ингэж байж аавыг нь гэр бүлийнхэнтэйгээ цуг байх цагтай болгоно.
Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж орой хүртэл ажилладаг болгож төлбөрийг нь тодорхой хэмжээгээр буулгах. Мөн сургуулийн дараа хүүхэд хардаг газрыг нэмэгдүүлэх. Ингэснээр ээжүүдэд ажил хийх боломж олдоно. Ядаж иймэрхүү маягаар массын нуруун дээр ирэх дарамтыг буулгах арга хэмжээ авбал зүгээр дээ.
За хүний нийгмийг баахан оношлолоо. Харьж байгаад өөрийн нийгмээ бас баахан оношилноо.  

Friday, March 22, 2013

Бурхнаар бөөлжсөн нь буюу ухралт уу?

90-ээд онд хаалттай соц нийгмийг дөнгөж халаад бүх юм ил задгай болж хүмүүс юу хүссэнээ хийдэг эрх чөлөөг эдэлж эхэлж байхад Ромбу гаригтай холбоо барьсан нь, Алтанцөгцний хэрэг, гал гаргадаг Өнөрмаа гэх зэрэг нийгмийн элийрэл балайрлын шинж тэмдэг дээд зэргээр илэрч байсан билээ. Тэр үед бид дөнгөж хаалттай нийгмээс ангижирч байсан, юм үзээгүй нүд тайлаагүй, бүх юмыг шинэ соргогоор мэдэрч хүлээж авч байсан гэх мэт олон зөвтгөх шалтгаан олж хэлж болох юм. Одоо эргээд харахад ёстой шилжилтийн нийгмийн элийрэл балайрал гэхээс өөрөөр нэрлэх үг олддоггүй. Тэр үед гадаадын мэдээллийн хэрэгслээр юу гэж мэдээлж байсан бол доо гэж бодохоор инээд хүрээд байдаг юм.
Одоо харин иймэрхүү зүйлсийг нэг бол үлгэрийн номноос, үгүй бол илбэчний үзүүлбэр үзүүлж буй тайзан дээр /илбэ гэдэг хүний харааны түвшинг хуурах үзүүлбэр гэдгийг санаарай/, эсвэл комьютер график ашигласан кинон дээрээс л харж болох юм. Бас хөгжил буурай ядуу тарчиг хүн ам нь бичиг үсэг боловсролгүй харанхуй бүдүүлэг Африкийн орнууд Аманзонкийн ой дахь бүдүүлэг омог аймгуудад төстэй үзүүлбэр байж болох юм.
Тэр үеийн Өнөрмаа нарын хэргийг би лав нэг нийгэм нөгөө рүү шилжих үеийн хүмүүсийн ухамсрын түвшний хямралын хамгийн тод жишээ гэж боддог юмаа. Харин сүүлийн үед энэ мэдээллийн хэрэгслээр /анх аль нь эхэлж мэдээлсэн юм бэ/ гараад байгаа бурхнаар бөөлждөг хүүхний тухай сонсоод /бурхан ч бай юу ч бай хүний бөөлжис харахыг би лав хүсэхгүй/ манай нийгэм хаашаа яваад байгааг гайхан бодлоо. Шилжилтийн хамгийн эгзэгтэй эрсдэлтэй үеэ бид давснаас хойш 20 жил болж байна. Хүмүүсийн зан төлөв ухамсрын төлөвшил аль хэдийн суугаад Өнөрмаагийн тухай бодохоороо тийм юманд итгэж байснаа бодохоороо ичингүйрэн мушилздаг болсон байх гэж бодож байна. Гэтэл тэр үеийн сэтгэхүй нь яг хэвээрээ, дараа дараагийн Өнөрмаанууд гарч ирэх боломж бололцоо нь дахин бүрдэж байгааг хараад би лав манай нийгэм урагшаа биш хойшоо ухраад байгаа юм бишүү гэж гэнэт айлаа. Ийм элий балай юм хийх санаа төрж байдаг мөн элий балай хүн ээ тэр хүүхэн. Ийм элий балай юмыг мэдээлж байдаг мөн таарчихсан элий балай телевиз вэ. Ийм элий балай юманд итгэж байвал таарчихсан элий балай хүмүүс вэ. 
Хамгийн гол нь ийм юм гарах, гаргуулах орон зай нөхцөл боломж бүрдэж бүрдүүлж байгаа манай монголын нийгэм өөрөө аймшигтай байна.
iPhone5 гарлаа, Galaxy S4 нээлтээ хийлээ,  саран дээр нарны зайн станц барих төсөл боловсруулжээ, роботоор хөгшин хүн асруулах түвшинд хүрчээ гэх мэт мэдээ уншиж байгаад гэнэт ийм мэдээ харангуут ой чинь гутахгүй байна уу хүмүүс ээ?

Thursday, March 21, 2013

Баялаг, брэнд

Бас юун ч хуралдах дуртай юм дээ. Нэг л их хуралдаж семирнадсан хүмүүс байх юмаа. Брэнд яаж бүтээх үү гэдэг хурал ч хийж байх шиг. Тэгэж их санаа зовоод байгаа юм бол хурал мурал хийж байхын оронд зүгээр л жижиг дунд үйлдвэрлэлийг чөлөөтэй хөгжих боломж л олгочихооч.
Баялгийн тал дээр миний боддог зүйл гэвэл шавхагдаад дуусдаг, эргэж нөхөгддөггүй, хэрүүл маргаан дагуулж байдаг байгалийн баялгаа шавхаж бөөн бөөн бохирдолтой сөнөсөн газартай үлдэж байхын оронд нөхөгддөг өөр төрлийн бүтээгдэхүүнээр баялаг үйлдвэрлэж брэнд бий болгож болмоор санагдах юм.
Жишээ нь аялал жуулчлал байна. Үйлчилгээгээ л сайн хөгжүүлбэл бараг юу ч зарлагадахгүй орлого олох боломжтой. Манайд харин үйлчилгээ гэж 00-ын ногоон тэг шүү дээ. Гадаад хүн гэхээр нэг бол мөнгөтэй гэж бодож хэт дагаж далжигнана, нэг бол манайхыг шулахаар ирж гээд хэт үзэн ядна. Тэрний оронд сайхан аашилж инээж ханиаж байгаад сайхан хоол хийж өгч сайхан хоттой хонио үзүүлчихээд хэдэн цаас салгаад авахаа бодохгүй. Дэлхийн улс орнууд байгалийн баялаг гэхээсээ аялал жуулчлалаар мөнгө босгох бодлого баримталдаг болж. Солонгосыг хар. Ганц Чежү арлаараа хэдэн тэрбум доллар хийх гээд чичрээд дайраад байх юмаа.
Органик мах ногоо хүнсний үйлдвэрлэл. Саяхан facebook дээр нэг ийм мэдээлэл тавьчихсан байхыг харлаа. "Хятадууд Тайландуудыг эм гормонтой тахианы махаар бордсоор байгаад тайландад lady boy их болчихсон, тиймээс хятадаас тахианы мах авахаа больё, хятадууд биднийг албаар хорлож байна" гэсэн утгатай. Яг үнэндээ тайландчуудад юу тохиолдсныг мэдэх юм алга, дайны дараа хятад гэлүү япон нь ч гэлүү эрчүүдийнх нь генийг өөрчлөх туршилт хийсэн гэдэг ам дамжсан яриа сонсож байсан юм байна. Харин тэр тахианы махны хувьд бол ганц хятад биш бүх л тахианы мах үйлдвэрлэдэг орнууд тийм гормонтой тэжээлээр бордож тарган тахиа үйлдвэрлэдэг шүү дээ. Ганцхан тахианы мах ч биш, гахайн мах, сүү зэргийг үйлдвэрлэхэд тийм тэжээл хэрэглэж байгаа. Үхрийг тийм тэжээлээр бордож байж арвин сүү өгнө, гахайг ч гэсэн нэг торон хашаанд хөдөлгөлгүй байлгаж тордож байж арвин мах авна. Гэвч ийм аргаар үйлдвэрлэсэн хүнсийг удаан хугацаанд хэрэглэснээс хүн амын дунд эмэгтэй гормон давамгайлсан хүмүүс олширч байгааг нотлосон судалгаа одоохондоо алга. Зөвхөн таамаг төдий л байна. Гэхдээ л ямар ч байсан хүний биед муу гэдэг үүднээс өнөөдөр органик хүнс гэдэг ойлголт гарч ирчихээд байна. Америкт одоо тэрнээс чинь болж органик хүнсний хувьсгал гарах дээрээ тулж байна. Харин бид хөдөө хээр өөрийн дураар өвс зулгааж идэж байгаад ирсэн малын махаа хэрэглэж байна. Энэ бол жинхэнэ органик мах юм шүү дээ. Зөвхөн мах гэхэд хятадыг махаар хангая гэвэл ямар том зах зээл байгаа нь ойлгомжтой.
За тэгээд ноос ноолуураа зөв менежментээр явуулбал бас л том зах зээл байна. Цаашлаад арьс ширэн эдлэл гээд явж өгнө дөө.
Хамгийн гол нь энэ бүгд нөхөгддөг баялаг. Бид дараа нь сэндийлсэн шороо, ухсан нүх, бохирдсон гол, хордсон хүн малтай үлдэхгүй юм шүү дээ.

Мэдээ уншаад бодлоо

Сэтгэгдлийг хянана гээд хэдэн муу муухай үгтэй хяналтын систем байгуулж байна ч гэх шиг. Бүр элгийн гэхэд элгийн юм хийх юмаа энэ АН-ынхан. Биднийгээ их л сайн хянаж цагдмаар санагдаж л дээ. Гэхдээ хамгийн инээдтэй нь АН засаг барьж байх үед энэ талаар дув дуугай байснаа өөрсдөө засгийн эрхэнд гарангуутаа Сэлэм Тогмид царайлаад баруун солгойгүй муусайн хар шар хувалзууд гээд цавчиж өгөх юмаа. Энэ нэр нь хүртэл адилхан болчихож. Хуучин ядаж л МАХН ба АН гээд ялгачихдаг байлаа, одоо ч бүр АН ба АН болж дээ.
Миний бодлоор сэтгэгдлийг хянаж цагдах гэж байхын оронд нийт массынхаа боловсролыг дээшлүүлэх тал дээр л ажиллах хэрэгтэй санагдах юм. Ард иргэдийн ихэнх хувь нь хүнийг ингэж харааж доромжилдог болтлоо сэтгэхүй боловсрол нь муудсан байна гэдгийг энэ Ардын Намынхан үгүй ээ Ардчилсан Намынхан ойлгодоггүй юм байх даа. Хүний үг хэлэх эрхийг хааж боочихоод яаж Ардчилсан нам гэдэг нэрийг зүүж явж чадаж байгаа юм бол доо. Хэдийгээр муу муухай үг хэлж байгаа ч гэсэн тэр чинь хүний үг хэлэх л эрх чөлөө шүү дээ эцсийн эцэст. Ийм тэнэг арга хэмжээ авч байхын оронд яаж нийт массаа аажим аажмаар соён гэгээрүүлж хүнийг элдэв муу муухай үгээр хэлдэггүй болгох вэ л гэж бодмоор юм. Яаж ч бодсон тиймэрхүү үг чинь боловсрол өндөртэй гайгүй сэтгэхүйтэй хүний амнаас гарахгүй шүү дээ. Амнаас нь гарч буй үг тухайн хүнийг ямар хэмжээний боловсролтой нийгмийн аль түвшний хүн бэ гэдгийг шууд л тодорхойлдог. Угаасаа тийм зан араншинтай тийм үг амнаасаа урсгаж байдаг түвшний хүнийг тийм үг хэлэхийг нь хорьлоо гээд тэр чинь сайн сайхан хүн болоод төлөвших үү? Үгүй л байх. Үүнийг засахын тулд одооноос боловсролын системдээ анхаарч хүнийхээ амьдрах нийгмийг эрүүл саруул аюулгүй болгоход л санаа зовмоор юм шиг.

Wednesday, March 6, 2013

Нутаг буцах уу, газар үзэх үү?

Ингэлээ л дээ. Манай өнөө Лаос охин маргааш нутаг руугаа түр явчихаад ирнэ гэнээ. Яасан бэ ээж аав чинь зүгээр үү, одоохон төгсөхийн хооронд яах гэж байгаан гэсэн чинь "Ээж бүр өдөр бүр ир гээд утасдаад амраахгүй байна. Өнгөрсөн зуны амралтаар очоогүй, өвлийн амралтаар бас очоогүй. Одоо хамаатны хүүхдийн хурим болох гэж байгаа юм, түүгээр намайг заавал ир гээд байна. Цаашид тэвчихгүй гэнээ" гэж байна. Өнгөрсөн зун Японы хойд мужуудаар аялаад сая өвөл миний ятгалгаар Солонгос явчихаад ирсэн юм. Би бүр гайхлаа. "Хайран мөнгө байгаа даа. Тэр мөнгөөрөө Окинава эсвэл Хоккайдо ч юмуу эсвэл бүр Тайван яваачээ. Юун төгсөхийн хооронд нутаг руугаа явчихаад ирэх вэ" гэсэн чинь "Ээж харин ирсэнгүй гээд уурлаад байнаа, явахаас өөр арга алга. Уг нь өөр тийшээ аялмаар л байна" гэх юм. Ганц Лаос охин ч биш, Ветнам, Энэтхэг, Филиппин, Камбож зарим нэг хятад охидууд ээж аавдаа очно гэртээ харьчаад ирье гээд аль нэг амралтаар дандаа явчихдаг юм.  Яаж сайн мэдээд байна гэхээр чемоданаа чирч явж байгаад дандаа надтай тааралддаг байсан юм. Зарим нь яахав удаан хугацаанд энд байх, байгаа, байсан оюутнууд л байх. Гэхдээ ихэнх нь миний мэдэхээр надтай цуг ирсэн 2-хон жилийн мастерууд ш дээ.
Тэгтэл өнөөдөр Кристинатай /Greece/ тааралдлаа. Бас л 2 жилийн мастер. "Ойрд харагдсангүй хаачив аа чи?" гэтэл "Өө Хятадыг хөндлөн гулд дуусгачихаад ирлээ" гэнээ. Грек рүү гэр лүүгээ ер нь харьсан уу аль нэг амралтаар гэсэн чинь "Төгсөөд очоод насаараа амьдрахаас хойш тийшээ явж яах юм. Энд байгаа дээрээ ойр хавийн газраар аялж юм үзэж байсан нь дээр биз дээ" гэж байна. Ер нь европ цагаан арьст оюутнууд нутаг руугаа буцчихаад ирье гэж байхыг нь би ер сонсоогүй юм байнаа. Тэрний оронд тэд нар дандаа ийшээ ч явж тийм ч юм үзье л гээд байдаг юм. Ээж аав нь өдөр бүр байтугай ер нь утасддаг ч юмуу үгүй ч юмуу.
Азиуд ер нь их гэр бүлсэг, санамтгай, зууралдамтгай, өөрөөр хэлбэл хэт нялуун улс юмуу. Лаос охин энэ жил 26-тай, ээж нь яагаад 26тай хүүхнийг 2хон жил гадаадад сурчихаад ирэх хооронд санаад байна гээд төгсөхийн хооронд ирүүлэх гээд байгааг ойлгохгүй юмаа. Өөрөө тайлбарлахдаа үргэлж хамт байсан, хэзээ ч ингэж удаан салж үзээгүй юм гээд байгаа юм. Өдөр болгон skype messenger-ээр бараа туруугаа хараад ярьж байна, амьд мэнд байгааг нь харж байна болоо юм бишүү. Тэр дорхноо ийш тийшээ явж найзуудтайгаа газар орон үзэж байсан нь л дээр санагдах юм одоохон төгсөөд явахын хооронд. 

Японы бага сургуулиуд багшаа сольдог юм байна

Нэг юм олж мэдлээ. Японы бага сургуулиуд хүүхдүүдээ жил бүр шинэ ангид хольж хуваарилдаг гэж хэлж байсан даа. Хүүхэд жил бүр анги дэвшихдээ шинэ анги хамт олон шинэ багштай болдог. Ингэснээрээ хүүхэд үе тэнгийнхээ бүх хүүхэдтэй нэг ангид хамт сурч үзэж тэр хэмжээгээрээ олон найз нөхөдтэй болж тэр хэмжээгээрээ бүх багшаар хичээл заалгаж үзэж багш нар ч бүх хүүхэдтэй харьцаж үзэх боломж нээгдэж байгаа юм. Манай охин 2-р ангид ирээд тэр ангиа төгсөөд 3-т орсон чинь дахиад цоо шинэ хүүхдүүд шинэ багштай болсон, хуучин ангиас нь ганцхан хүүхэд л байсан гэж байгаа юм. Одоо 4 сараас 4-р ангид орно, дахиад бүх хүүхдийг холиод шинээр бүх ангиудад хуваарилна, дахиад шинэ хамт олон, шинэ багштай болно. Энэ жил бас л баахан шинэ найзтай болох байх.
Тэгсэн чинь дээрээс нь нэмээд бага ангийн багш нар жил бүр ойр хавийн бусад сургуулиуддаа солигдож ажиллацгаадаг гэж байна шүү нэг жилийн хугацаатай. Ингэснээр багш нар хоорондоо туршлага солилцох мөн хамгийн гол нь нэг сайн багш байлаа гэхэд тэр хотын бараг ихэнх хүүхэд тэр багшаар хичээл заалгаж үзэх боломжтой болж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бүх хүнд тэгш боломж адил эрх өгч, сургалтын стандартыг нэг түвшинд барьж байна гэсэн үг. Манайд чинь тэр сургуулийн тийм багш сайн гэнэ, тэдний ангид хүүхдээ оруулчих юмсан гэсэн яриа байдаг гэтэл энд тийм ойлголт огт байдаггүй юм байна. Харин ахлах сургууль нь бол тэс өөр. Ёстой жинхэнэ тэр сургууль сайн гэнэ тийшээ яаж орох вэ гэдэг өрсөлдөөн явагддаг гэсэн.
Бас түүнээс гадна манай охины байгаль шинжлэлийн хичээл дээр ёстой хөөрхөн хөөрхөн туршилтууд хийдэг байхгүй юу. Нөгөө миний арван жилдээ зөвхөн номноос л үзэж байсан гэрлийн ойлт, цахилгаан дамжуулалт, соронзон орны шинж чанарыг чинь энд хүүхэд бүрт цаанаасаа үнэгүй том том багц хэрэгслүүд тараагаад өгчихдөг, хүүхдүүд өөрсдөө түүгээрээ хичээл дээрээ туршилтаа хийдэг юм. Жишээ нь, гэрлийн ойлт хугаралт, гэрэл сүүдрийн тухай хичээл үзэж эхэллээ гэхэд хүүхэд бүрт дотроо нэг нэг гар чийдэн, толь эд нартай нэг том ууттай багц /set/, дараа нь цахилгааны тухай хичээл үзэхээр эвлүүлдэг байшин, батарей, жижигхэн чийдэнгүүд гэх юмтай хайрцагтай багц, соронзон орны тухай үзлээ гэхэд дотроо янз бүрийн өнгө хэлбэр хэмжээтэй 6 ширхэг соронзон гэх мэт. Гэтэл би чинь арван жилд байхдаа хими физик түмэн бодисыг чинь номноосоо л үздэг байлаа шд, юун тэгэж туршилт муршилт хийх. Ганц удаа химийн анги руу орж спиртэн дэн харсан ч юмуу үгүй ч юмуу санахгүй байна. Багш л хааяа байгаа материал бололцоогоо ашиглаж ганц хоёр энгийн туршилт өөрийнхөө ширээн дээр хийж үзүүлж байсан санагдана. Тэгсэн чинь сая энэ мэдээг олж уншаад ямар их баярлаваа. Манай охины энд үздэг хэрэглэдэг тэр гоё туршилтын хэрэгслүүдийг монголын жирийн сургуулийн хүүхдүүд бас хэрэглэх боломжтой болж байгаа юм байна.

Tuesday, March 5, 2013

За байз юу гэмээр ч юм дээ

За би нь их буруу хэрэг хийжээ тийм ээ. Хөөрхий муу эмээгээ муу хэлээд л. Гэнэт ороод ирсэн чинь хэрүүлийн алим шидчихээд яваад өгсөн юм байна шүү дээ би чинь. Тэгээд бодоод байсан чинь яагаад эмээ маань бэрийг уйлуулсан учрыг тайлбарлалгүй шууд үр дүнг биччихжээ. Өөрөөр хэлбэл уртаас урт тоон илэрхийлэл байлаа гэхэд яаж бодсон ямар аргаар бодсоноо бичилгүй тэнцүүгийн тэмдгийн ард шууд хариуг нь тавьчихсан байна. Тэгэхээр чинь хүн болгон яагаад ийм хариу гарч байгаа юм, яаж бодохоороо гэж асуух нь ойлгомжтой. За тайлбарлах гэж оролдъё доо. Нэгэнт өөрөө эхлээд тийм юм биччихсэн юм чинь.
За эхлээд хэлэхэд би хадам эмээгээ үзэн яддаггүй ээ. Огтхон ч үзэн ядаад байх сэтгэл алга надад. Зүгээр л тийм хэцүү ааштай хүн байдаг шүү гэж л хэлсэн юм. Миний амьдралын хамгийн стресстэй жилүүд бол тэр хадмынд амьдарсан 2 жил л байлаа. Уг нь манайх тусдаа амьдардаг байсан юм. Гэтэл нөхрийн дүү гадагшаа явах болоод эмээ ганцаараа болчихоод эмээг харах гэж л нүүж очсон юм. Тэр үед охин 2 настай, хүү нэг ойтой л байлаа. Бас манай хүн нэг кафе ажиллуулдаг, шөнө 1-2 гэж ирээд өглөө жаахан унтаж байгаад 10 гээд явчихдаг өдөржингөө ажилтай байдаг байлаа. Би бас ажилтай. Өглөөд 2 хүүхдээ тэвэрч гараад цэцэрлэгт нь оруулж өгчихөөд цаашаа ажилдаа явна, оройд бас тэврээд л ирнэ. Жирийн л нэг монгол залуу гэр бүлийн жирийн л нэг амьдрал байлаа.
Тэгээд хадам эмээгийнд нүүж ирлээ. Эмээ "Миний хүүхдүүд манайд ирж эмээтэйгээ бай. Эмээ нь ганцаараа хэцүү байна" гээд өдөр бүр утасдаж дуудсаар байгаад ирүүлсэн юм. Ирсэн эхний 2-3 долоо хоног бол сайхан л байлаа. Тэгтэл удалгүй эмээгийн ааш эвдрээд эхэллээ. 
Миний араас яг дагаад хийсэн юм болгоныг голоод хажуугаар өнгөрөхдөө амандаа нэг юм үглээд эхэллээ. Угаасан юмнууд өлгөхөөр зөвхөн миний хувцсыг түүж аваад ор луу шидчихнэ. Яаж байгаа юм гэхээр өө хатчихсан юм байх л гэж бодсон шд гэх. Хоол хийгээд өгөхөөр хн гээд ширээ рүү шиднэ. Тэгээд орой нөхрийг ирэхээр хүзүү ам хөшөөд би уг нь нэг сайхан шөл идье гэж бодсон болохгүй нь ээ за яахав өөрөө л хийж идэхээс гэж хэлнэ. Гэхдээ тэр сайхан шөлтэй устай хоолыг нь хийгээд өгөхөөр хуушуур хийгээгүй юмуу гэнэ. Тв үзэх гэхээр байнга ирээд дээр нь гараа тавьж үзээд халж байна уу үгүй юу, энэ их халаад байнаа, одоо үзэж болохгүй салгая гээд эхэлнэ. Эсвэл гал тогооноос юм аваад ирэхээр унтраачихсан байна. Өөрөө 8 гээд хэвтдэг юм. Хэвтэнгүүтээ гэрлээ унтраачихна, бид нар гэрэл асааж болохгүй. Нүдэнд ёлтойгоод байна наад гэрлээ унтраагаад өгөөч гээд орилоод эхэлнэ.
Гар утас цэнэглүүлэхгүй, уртасгагч залгууруудыг бүгдийг нь салгаад салгаад хаячихна. Компьютер дээр юм хийж байтал чинь ирээд л залгуурыг нь салгаад хаячихна. Угаалгын машин эхэндээ ажиллуулахгүй гэж байснаа сүүлдээ нөхөр хэлж байж ажиллуулсан чинь хажуугаар нь өнгөрөх тоолондоо залгуурыг нь өшиглөж салгах гэж оролдоно. Уг нь нөхөр бид хоёр бүх байр ток усны мөнгийг бид нар төлнө гэж бараг сая живаа удаа хэлсэн, тэгээд хангалттай мөнгө өгдөг байсан юм. Өөрийнхөө тэтгэврийн мөнгөө хадгал, өөрийнхөө дуртай авъя гэж бодсон юмаа авч бай, өөртөө зориул гэх мэтээр зөндөө ятгаад нэмэргүй, дүүгийнх нь хүүхэд гээд нэг архичин хар юмыг мөнгө нэхээд ирэнгүүт нь өгчихнө.
Би ажил хийгээд 2 жаахан хүүхэдтэй их ядардаг байлаа. Уг нь хуучин гэртээ байхдаа амралтын өдрөөр өглөө 10 хүртэл жаал унтдаг байсан юм. Одоо ямар айлд ирчихээд үд хүртэл унтаад байлтай нь биш гэхдээ яахав 7д биш 9д босдог байлаа. Нөхөртэйгээ цуг жаахан хэвтдэг байлаа. Гэтэл эмээ орж ирээд "Үд боллоо босооч чи. Энэ шал шавар сойздож угаа" гэж орилсноо "Өө миний хүү сэрчихэв үү, унт унт иш ядарч байгаа зайлуул" гэнэ. Юм хум цэвэрлэхээр "Манай гэр цэвэрхээн, чамд тэгтлээ цэвэрлэх юм байхгүй" гэснээ утсаар хамаатны өнөө архичин хар юм луу залгаснаа "Аан эмээ нь байнаа, гал тогооны чийдэн дээрх тоосоо арчиж чаддаггүй ээ, миний хүү эмээдээ ирээд арчаад өгөөч" гэж улайм цайм миний дэргэд ярина. Манай гэрийн бүх юмыг ад үзээд л, хажуугаар нь өнгөрөх тоолондоо энэ яасан том юм энэ хэнд хэрэгтэй юм гэдэг байлаа. Аргаа бараад хүүхдүүдийнхээ дугуй машин эд нар зарим овортой юмаа ээжийнх рүүгээ зөөлгөв. Тэгсэн ч хэвээрээ "Яасан ч их новштой юм" гэж байнга үглээстэй. Нэг удаа том өрөөнд хураачихсан байсан манай юмнуудыг бид хоёрыг ажилдаа явчихсан ардуур хажуу айлын хүнээр коридор луу зөөлгөчихсөн байлаа. Нөхөр үхтлээ уурлаж билээ. "Үр хүүхдээ ад үзэх байсан юм бол яах гэж хамт амьдаръя гэж дуудсан юм" гээд. Ёолк боллоо. Манайх ёолкоо 12 сарын 20нд бариад он гараад 1 сарын 3нд буулгадаг уламжлалтай байлаа. Гэтэл 20нд ёолк засчихаад "Эмээ хар даа, гоё байна уу" гэсэн чинь "За за гоё гоё байна.Маргааш буулгаарай, гэрэл хаагаад гэр орон харанхуйлаад байна" гэдэг байгаа. Гэр орон дөнгөж цэвэрлэнгүүт тамхины үнсээ энд тэндгүй хаяад эхэлнэ. Битгий өрөө болгонд тамхи татаа, гал тогоондоо хаалгаа хааж байгаад тат, хүүхдэд утаа нь муу гээд хэлчихсэн чинь чамаар загнуулахгүй шүү цагдаа дуудаад өгчихнө шүү гэнэ. 00 ванн дөнгөж угаагаад цэвэрлэнгүүт бие засах гэж орсноо нусаа нийгээд суултуур дээгүүр хаячихдаг байлаа. Бие засч чадахаа байтлаа хөгшин байгаагүй юм шдээ тэр үед. Миний гэсэн юм болгоныг илүү үзээд байдаг байлаа. Өлгүүрт байгаа бүх адилхан хувцаснаас ганц миний хувцсыг "Яасан том юм, яасан муухай сэгсгэр юм өмсдөг юм" гэнэ. Гутлын тавиураас зөвхөн миний гутлыг гаргаад хажууд нь тавьчихна. Манай нөхрийн, хүүхдүүдийн, тэгээд өөрийнхөө гутлыг өрөөд тавьчихна. Хоол идчихээд аяга тавгаа хураахаар эмээ нь эмээ нь гэснээ угаалтуур дотор байгаа аягануудаас зөвхөн өөрийн тэгээд манай нөхрийн аяга хоёрыг л түүж аваад угаачихдаг. Нэг удаа гал тогооны шүүгээнээс миний тортны хэвийг гаргаад ирчихсэн энэ юу юм ямар хэрэгтэй юм гээд зогсож байна, тортны хэв байгаамаа, би торт хийхдээ хэрэглэдэг юм гэсэн чинь аан цс гээд буцаагаад тар хийтэл шидчихсэн юм. Тэгээд нэг их удалгүй би тэр тортны хэвээ хайгаад хайгаад олоогүй. Уг нь овоо л үнээр авсан сайн хэв байсан юм.
Тэр нэг хамаатны хүн нь гээд архичин хар юм нь эмээгээс байнга архины мөнгө аваад сурчихсан, манай нөхрөөс нууцаар аваад байдаг байлаа. Эмээгийн тэтгэвэр буух үеийг андахгүй, утасдаад эхэлнэ. Тэгээд ажилдаа явчихсан ардуур эмээгээс ирээд мөнгө аваад байдаг байлаа. Би тэсэлгүй хэлчихлээ. "Та тэтгэврээ битгий тэр хүнд өгөөд байгаачээ, таныг элэг барьж мөнгө аваад сурчихаж. Та өөртөө юм ав л даа" гэсэн чинь "Хэндээ юугаа өгөхөө чамаар заалгахгүй. Чамайг бодвол миний мах цусны тасархай" гэнэ. Айлын хүн ороод ирэхээр намайг нөгөө өрөөнд байхад улайм цайм худлаа муу хэлнэ "Би их зовж байна" гэж ярина. Гэтэл би эмээг яаж зовоосноо ерөөсөө бодоод олдоггүй байлаа. 2 жаахан хүүхдээ маллаад, ажлаа хийгээд, эмээг харж хандаад, ганцаараа гэр орны ажлаа бүгдийг зохицуулаад явж байхад яагаад намайг ойлгодоггүй юм болоо гэж их гомддог байлаа.  Ямар нэг юм болонгуут намайг шууд "зайл чи манайхаас" гэдэг байлаа. Би хөгшин хүнтэй юу ярихав дээ, зөнөж байгаа байх гэж бодоод юм хэлдэггүй байлаа. Хамгийн гол нь энэ бүхэн эмээ бид хоёр хоёулхнаа байх үед л болно, манай нөхрийг байх үед хайлсан тугалга шиг ааштай болчихно. Зөнөчихсөн юмуу гэхээр үгүй, ухаан санаа нь эв эрүүл сав саруул, хэнтэй яаж харьцахаа сайн мэднэ. Нэг удаа надаас танай ээжийн утасны дугаар хэд юм гэсээр байгаад бичиж авлаа. Би ч юм бодсонгүй, хааяа ярьж сонин сайхан мэдэлцэх гэж байгаан байх гэж бодоод өнгөрлөө. Гэтэл нэг удаа ажил дээр сууж байтал ээж залгалаа. "Эмээтэйгээ муудалцаа юу? Танай хадам хөгшин чинь сая залгаад танай охинтой амьдарч чадахгүй, ирж охиноо авч яв гэлээ" гэдэг юм. Би бүр мэл гайхлаа. Хүүе энэ эмээ яг солиорчихож л гэж бодлоо. Тэгээд нөхөр лүү хэллээ, нөхөр итгэсэнгүй ээж рүү залгаж асуулаа, тэгээд эмээ рүү залгасан чинь "Би ерөөсөө тийм юм яриагүй" гээд тас гүрийчихлээ. Ээжид хэлсэн чинь "За яахав дээ хөгшин хүн. Орхи орхи" гээд тэр явдлыг өнгөрүүлсэн юм даг.
Ингэсээр би чинь хүн л юм хойно ядраад стрессдээд эхэллээ. Нүүр аман дээгүүр юм гараад хатигандаа баригдаад дотроо бухимдаад их ууртай уцаартай боллоо. Өөрийнхөө ээжид хэлэхээр ээж хавьтуулахгүй шүү дээ. "Чи ганц хөгшин хүний аяыг олохгүй. Хэд насалдаг юм наад хөгшин чинь. Та нараар асруулах гэж л дуудаа биз дээ. Битгий хадмаа муулаад бай. Хадмаа муулсан хүн муухай байдаг юм" гээд сонсохгүй. Найз нөхдөдөө хэлэхээр тэр бүр хүн ойлгохгүй. Миний ганц сэтгэл тайван байдаг үе ажил дээрээ л байлаа даа тэр үед. Сүүлдээ бухимдлаа нөхөртөө гаргадаг боллоо. Бид хоёрын муудалцах давтамж ихсээд байлаа. Эмээгийнд ирснээс хойш анх удаа бид хоёр чанга дуугаар хэрэлдлээ. Тэгсэн чинь эмээ гүйж орж ирээд "Миний хүү рүү хашгирдаг хэн бэ чи, зайл чи манайхаас" гэж авдаг байгаа. Нөхөр боож үхэхээ шахлаа. "Миний эхнэрийг та яахаараа хөөдөг юм. Танд бид хоёрын хэрэг ямар ч хамаагүй, дахиад дундуур ороод үзээрэй" гэж эмээд хатуухан хэлснээс хойш харин дахиж хэзээ ч бид хоёрын хэрэгт оролцохоо байсан.
Өөр зөндөө зөндөө боож үхмээр юм болдог байж билээ. Хагас бүтэн сайн болно гэхээр би бүр яс хавталздаг болчихсон байлаа. Өдөржин эмээтэй байна гэж бодохоос хэцүү байдаг байсан.  Нэг удаа намайг бүр өшиглөсөн гээд бод доо. 70 хэдтэй хөгшин шүү дээ. Юунаас боллоо доо. Би шал угааж байсан чинь гаднаас орж ирсэн гуталтайгаа шууд нөгөө өрөө рүү угаасан шалан дээгүүр явахаар нь "Эмээ би шал угааж байна шдээ, та хэзээ гадуур гуталтайгаа гэртээ явдаг болчихсон юм бэ" гэчихсэн чинь "Би гэртээ юутайгаа яаж явах нь чамд еөр падлий байхгүй. Чи муу угаахгүй яадаг юм. Муу г... чинь, юу гээд байгаан чи" гэснээ хажуугаар өнгөрөхдөө дөрвөн хөллөөд шал угааж байсан намайг өшиглөөд авдаг байгаа. Харин яг тэр үед нэг юм авах гээд манай хүн ажлаасаа түр ороод ирчихсэн байсан юм. Эмээ нөхрийг байгааг мэдэлгүй надад томрохгүй юу. Нөхөр гал тогооноос үсэрч гарч ирээд эмээг аймаар загналаа. "Та яахаараа дандаа хүргэн бэрээ ингэж зовоож байдаг юм. Аавыг бас ингэдэг байсныг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Миний эхнэр яасан юм. 2 нялх хүүхэдтэй дээрээс нь ажил хийгээд дээрээс нь таны ая эвийг олох гээд ядарч байна. Та яасан үр хүүхдээ боддоггүй муухай хүн бэ. Яаж байгаан та сая. Яасан нас намбагүй муухай юм бэ" гээд баахан загналаа. Эмээ бантсандаа биеэ өмөөрөөд нөхөртэй баахан хэрэлдэж байгаад гараад явчихлаа. Эмээг гарсны дараа бид 2 түс хийтэл инээд алдчихаж билээ. Манай хүн түүнээс хойш бас нервтдэг болчлоо. Гэрт байх үедээ эмээг байнга "Та манай хүнийг зовоож байна уу" гээд асуух загнахын хооронд байдаг боллоо. Энэ нь надад бүүр ч хэцүү байлаа. Надаас болж эмээ хүү хоёр эв түнжин муудаад байгаа юм шиг.
Уг нь эмээ насаараа нэг яаманд бичиг хэргийн ажилтан хийж байсан их айхтар хүн байдаг юм. Харин яагаад хүргэн бэрдээ ийм ааш гаргаад байдаг юм бүү мэд. Бодвол өөрийн гэр бүлийн хүн гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй юм шиг байгаан. Тэгээд 2 жил болоод тэсэхээ байгаад манай хүн тусдаа гарахаар шийдэж билээ. Гэхдээ эмээгийнхтэй ойр нүүсэн юм. Өдөр болгон би хоолноосоо халуун саванд аваад эмээд оруулж өгнө, амралтын өдрөөр ирж гэрт нь их цэвэрлэгээ хийж өгнө, дэлгүүрээс дуртай амттай юмыг нь аваачиж өгнө, биеийнх нь бүх л болохгүй юмыг нь үзэж харж өгнө, хумсыг нь авч өгнө. Яг л хамт байхдаа яаж асардаг байсан тэрэн шигээ л. Ганцаараа байх болсон чинь их сайхан зантай болчихсон. Эмээгийн өөр ямар ч хамаатан садан байхгүй, байгаа тэр ганц архичин нь юун эмээг асрах манатай. Тэгээд энд байгаа асрах ёстой ганц хүн нь манай хүн, гэхдээ л эрэгтэй хүн хойно жижиг сажиг юм анзаарахгүй ээ. Их л болж мөнгө л өгнө биз. Дулаахан хувцастай байгаа юу, нуруугаар нь жиндэж байна уу, ямар хоол идмээр байна, усанд орж чадаж байна уу, өтгөн нь хатаж байна уу гэх мэт нарийн ширийн зүйлийг чинь эрэгтэй хүн мэдэхгүй шүү дээ.  Ер нь эрэгтэй хүүхэд чинь тэгэж эцэг эхээ асарна гэж байдаггүй юм билээ. Нэг эхнэр аваад л тусдаа гараад ажлын мөр хөөгөөд алга болно. Эцэг эхийг насны эцэст хэн асардаг вэ гэвэл охин нь эсвэл бэр нь л асардаг юм шиг байгаан амьдралаас харж байхад.
Бид нүүснээс хойш  эмээ бид хоёрын харьцаа эрс сайжирч билээ. Анх нүүсний эхний өдөр би шинэ гэртээ өөрийн дураар ханатлаа унтсан юм даг. Яваандаа би тэр үеийг мартаж, стрессгүй сайхан болж манай гэр бүл эргээд тайван сайхан болсон. Эмээ надад аймаар хайртай боллоо. Би ч эмээгээ л гэдэг байлаа. Бид хоёр төрсөн ээж охин шиг болсон доо. Тэгээд би эмээгийн тэр аашийг таг мартсан байлаа, эмээг дахиж хэзээ ч тийм ааш  гаргахгүй гэж боддог байлаа.

Тэгтэл нөхрийн дүү эхнэрээ дагуулаад өнгөрсөн жил эмээгээ асрахаар ирсэн юм. "Би ганцаараа байж чадахгүй, хэн нэгэн нь намайг асрах хэрэгтэй байна" гэж үглэсээр биднийг очтол нөхрийн дүү эхнэртэйгээ очих үүрэг хүлээсэн нь тэр. Гэтэл надад тохиолдсон явдал яг тэр чигээрээ манай бэрд тохиолдож эхэлсэн гэнэ. Бид дээр үед нөхрийн дүү эхнэртэй нь уулзаж байхдаа санамсаргүй эмээгийн тухай яриад, "Эмээ ч хэцүү хүн шүү дээ" гэсэн чинь манай бэр намайг тоглоод байна эмээгээ цаашлуулж байна гэж бодсон гэнээ. Харин би бэрийг очсон сургаар эмээ зүгээр байдаг байгаа даа, хэрвээ өнөө зангаа гаргаад эхэлбэл бэр маань хэр удаан тэсэх бол доо, бас л сэтгэл санаа нь хямраад хэцүүднэ дээ гэж бодож байсан юм. Тэгтэл эртээд бэрийн ярьснаар бол энэ удаа эмээ бүр их хатуурхаж байгаа бололтой. Бүр 6 цагт гэрлээ унтраачихдаг болсон гэнэ, тв бол бүр ор тас үзүүлдэггүй гэнэ өөрөө үзчихээд шууд унтраачихдаг гэнэ, орой 6-с хойш дүү бэр хоёр шивэгнэж ярьдаг л гэнэ, эмээ хажуу хавийн бүх айл амьтанд бэрийг муулдаг л гэнэ, хийж өгсөн хоолыг нь голоод иддэггүй, тэгснээ шөнө өлсөөд босч ирж голсон хоолоо халаалгаж иддэг л гэнэ, одоо бүр бэрийг элдвээр хэлдэг болсон гэнэ, өнөө архичин хамаатандаа шөнийн 3 цагт босч хоол хийж өгсөнгүй унтаж хэвтлээ гэж загнасан л гэнэ. Надад хэлж байгаа нь л энэ байх, өөр зөндөө юм байгаа байхаа. Уг нь манай бэр чинь намайг бодвол гав шав хийсэн их ажилсаг хүн байхгүй юу. Надаас л дээр тэр гэр орныг цэвэрлэж надаас дээр л хоол унд хийж өгч байгаа. "Би эмээг ийм гэж ёстой бодоогүй. Би хөгшин эмээ минь гээд байдгаараа хайрлаад асарч тойлоод байхад чинь надтай яг гудамжны тэнүүлч гөлөг гэрт нь ороод ирчихсэн юм шиг харьцаад байна" гээд гомдоод байна лээ. Аргагүй ээ аргагүй, үнэн л юм чинь. Тэгээд хэр удаж байж эмээгийн зан ааш зүгээр болж "Иш миний муу охин" гэдэг болох юм байгаан мэдэхгүй л байна. Чадахаар нь утасдаж эмээг жаахан загналаа. "Таныг одоо асрах хүн наад бэр чинь. Та тэгээд хүнд ингэж хандаад байхаар хэн таныг гэх юм бэ" л гэлээ. Хэцүү хүн шүү дээ манай хадам эмээ чинь.

Monday, December 10, 2012

Асар их хэмжээний мөнгөтэй болвол юу хийх вэ?

Сугалаанд хождог ч юмуу олдог ч юмуу асар их хэмжээний мөнгөтэй болвол би лав өнчин гэр орноосоо дайжсан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийг цуглуулж том асрамжийн газар сайхан сургууль цэцэрлэг байгуулна гэж боддог юм. Ганц ч гэсэн хүүхэд сайхан орчинд сэтгэл санаа амгалан өсч сайн боловсрол эзэмшиг. Бас гадаад дотоодод эмчлүүлэх гээд төлбөрөө дийлэхгүй байгаа бүх хүүхдийн төлбөрийг төлж өгнө.
3 жилийн өмнө Бадамлянхуа асрамжийн газар, Сансарын өнчин хүүхдийн цэцэрлэг, Кино үйлдвэрийн тэнд байдаг бас нэг асрамжийн газраар очсон юм. Жаахаан юм өгөх гэж очсон юм л даа. Сүүлийн 2-т нь бол хүүхдүүдтэй нь нэг их харьцаж чадаагүй, хүмүүс нь ч хүүхдүүдэд нь хамаагүй хүрэхийг нэг их таашаадаггүй санагдсан. Харин Бадамлянхуад би тэр хүүхдүүдтэй тоглож нэг хэсэг хугацаанд хамт байсан юм. Их өрөвдмөөр. Хүн харангуутаа л ойртох гээд л юм ярих гээд л дотносох гээд л. Нэг л өрөвдмөөр харцаар хараад л. Би хэд хэдэн хүүхдийг өвөр дээрээ тэвэрч бүүвэйлээд бүүр хайр хүрээд чанга гэгч нь ч тэвэрч үнсэж билээ. Зөвхөн ээж нь л хүүхдээ үнэн сэтгэлээсээ тэвэрч үнсдэг шиг тийм сэтгэлээр чанга гэгч нь тэвэрч үнссэн. Явахдаа уйлаад л хүүхдүүдийг харахгүйг хичээгээд гарсан даа.
Манайд байдаг ихэнх асрамжийн газрууд дандаа гадаад хүн байгуулсан байдаг юм билээ. Бас нэг удаа охиноо балетын курсээс нь авах гээд очсон чинь нэг гадаад хүүхэн баахан монгол бас нэг гадаад хүүхэд дагуулчихсан бүх охидыг нь дотогшоо балетын хичээлд нь оруулаад өөрөө хөвгүүдтэй нь хүлээгээд сууж байсан. Яах аргагүй нэг гэрт амьдардаг хүүхдүүд байсан, бүгд англиар ярьж байсан, өмссөн зүүсэн нь цэвэр цэмцгэр, нүд нь цаанаа л баяр жаргалтай гялалзаж байсан. Тэр гадаад эмэгтэйн өмнө би их ичсээн.

25

Энэ насыг би гэрлэхийг зөвшөөрөх насны доод хязгаараар баталмаар байна монголд. Яагаад гэж үү.
Би чинь одоо 31-тэй, манай сургууль чинь graduate school, дандаа мастер докторын оюутнууд судлаачид байдаг, гэтэл би чинь эндээ хөгшин оюутанд ордог юм шдээ. Миний насыг асуусан хүн заавал ч үгүй аан тэгвэл докторантурт сурч байгаа юм байна тийм үү гэдэг юм. Би жаахан ичисхийгээд л үгүй ээ мастерын оюутаан л гэнэ. Тэгвэл эндэхийн оюутнууд бүгд надаас дүү, хэрвээ нас ойролцоо заа 27, 28, 29-тэй бол докторын л оюутан байгаа юм чинь. Мастерынхан бол зөө зүгээр 22-той 23-тай шижигнэсэн нялх амьтад байна. Над шиг гэр бүлдээ цагаа хувааж сурч байгаа оюутан их цөөхөн, ганц бие өөрөөсөө өөр хүнд санаа зовохгүй болохоор хамаг анхаарал цаг заваа зөвхөн судалгаандаа л зориулцгааж байгаа юм чинь.
Тэдэнд гэрлэх оройтлоо хүүхэд оройтлоо гэж санаа зовох юм алга, эхлээд сурч боловсроод гадаад дотоод яваад гахай тахианы хэлээр ярьж сурах нь халаг болтлоо юм үзэж нүд тайлаад олон сайхан хүнтэй найзалж нөхөрлөөд ажил төрөл хийгээд нийгэмд тодорхой байр суурь олсон хойноо л хүнтэй сууж гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё гэдэг бүр ухамсар хар багаас нь суулгасан байна. Харин манайд шаал эсрэгээрээ. Дөнгөж 25 хүрэв үү үгүй юу л хавь ойрын хүмүүс ах дүү найз нөхөд нь "Чи хүнтэй суугаачээ, хөгширлөө, үхлээ. Одоо ингээд хөгширчихвөл чамайг хэн тоох юм" гэх мэтээр сэтгэл санаагаар дайрч давшилдаг нийгмийн гаж үзэгдэл газар авчиж. Үүнээс болоод сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүд хүнтэй суух хүүхэд гаргахыг чухалчлах болж. Нийгэм нь ч дагаад 25 наснаас өмнө ямар нэг хүнтэй гэрлэж амжихгүй бол олигтой хүн ч олдохоо больж. Би одоо л өөрийнхөө амьдралаар бодоод үзэхэд их эрт гэрлэсэн байгаа байхгүй юу. Уг нь бакалавраа төгсөөд 2 жил болсны дараа л том охиноо гаргасан юм шдээ. Тэгсэн мөртлөө л надад эрт санагдаад байгаан.
Ийм учраас нийгмийн сэтгэхүйг тэр чигээр нь өөрчилж 25 хүрч байж л хүнтэй гэрлэх хүүхэд гаргах хууль гаргачихвал түүнийгээ дагаад залуус маань эхлээд сайн сурч боловсорч зан ааш нь ч тогтворжиж түүнийгээ дагаад салалт ч багасах байх гэж бодох юм. Юу юуны туханд хүрэлгүй амьдрал ч үзээгүй 20-той хоёр хүүхэд хоорондоо нийлээд дундаас нь бас нэг нялх амьтан гараад тэгснээ залуу халуун насны ааг омгоор бие биедээ тунирхаж гомдоод тэр чигээрээ салдаг тэгээд нэг дагавар хүүхэд бий болж амьдын хагацал үздэг л явдал түгээмэл болчихоод байна шдээ манайд.
За бүүр больё, манай дундаж наслалт бага дөнгөж 60 хүрдэг гэж бодъё. Тэгсэн ч 30-тайдаа хүнтэй суугаад хүүхэдтэй болоод 60 хүрэхэд хүүхэд чинь 30 хүрчихсэн байна болно биз дээ.

Friday, November 23, 2012

Хүн гэдэг сэтгэлийн амьтан

"Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав" гэж их гоё үг ээ.
Хүний бүх л эд эрхтэн нүдэнд харагдаж гарт баригддаг боловч харин сэтгэл гээч зүйл тийн хүртэлцэх мэдрэмжинд мэдрэгдэх нь үгүй. Гэвч оршин байдаг нь туйлаас үнэн юм. Хайрлаж дурлах, баярлаж догдлох, айх ичих, гомдож уурлах, уйтгарлаж гуниглах энэ бүгд сэтгэл гээч эрхтний гаргаж буй ааш аяг авир зан мөн бөлгөө. Хүний хийж чадах үйл үйлдлийн хэмжээ нь бие физиологийн онцлог, олж авсан мэдлэг боловсрол зэргээс шууд хамаарах боловч үүн дээр нэмээд сэтгэлийн хүч нөлөө их. Жишээлбээс уралдаж байгаад бүдрээд ойчсон хүүхдийг миний хүү чаднаа босоод гүйгээрэй гэж дэм өгвөөс хүү босоод улам хурдан гүйх нь дамжиггүй. Харин эсрэгээр ээ чааваас гэх мэтээр сэтгэлийг нь мохоон гутраавал хэдийгээр тэр хүүд босч гүйгээд түрүүлчих бие махбодийн чадвар байсан ч сэтгэлийн хүч үгүй тул түрүүлэх эсэх нь эргэлзээтэй.
Бид ямар нэг өвчин тусвал түүнээ илааршуулахын тулд эм уудаг. Гэтэл сэтгэл гээч эрхтэн өвдсөн тохиолдолд түүнд ямар эм тангаа өгөх билээ. Өвчнийг эхлээд оношилдог, түүн лугаа сэтгэлийн өвчнийг оношлон тогтоож таарах эмийг тохирох тунгаар өгөх нь зүйтэй мэт. Гэвч аливаа сэтгэл зүрхэнд тааран тохирох хамгийн анхны бөгөөд энгийн эм болбоос урмын сайхан үгс, сайхан инээмсэглэл гэж би бодном.
Зүү мэт шивэх үгсийг зүрх рүү минь бүү илгээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Wednesday, October 24, 2012

Вакцин гаргаж авах юмсан

Ахлах ангийн охин архинаас болж нас барсан хэргийг сурвалжлахаар очсон сэтгүүлч тэр сумыг тэр чигээрээ архин далайд зүгээр л живчихэж гэж уулга алдаж. Ганц тэр сум ч биш ер нь л манай улс архинд бүр живлээ. Улс орны аюулгүй байдлын тухай ярих хэмжээнд хүрээд байгаа биз дээ. Бүр монгол хүний ген удмын санд нөлөөлж эхэлсэн ч байж магад.
Тэгээд би бодлоо л доо. Миний цуснаас анти-этанол вакцин гаргаж авч болдоггүй юм байх даа. Архины албадан эмчилгээнд хэрэглэдэг. Тэгвэл мөн гоё юм болно доо. Амиа хорлоход хэрэглээд унадаг юм болов уу.
 

Tuesday, October 23, 2012

Очоод хийх зүйлс

Ерөнхийд нь хувийн ба хувьсгалын гэж 2 ангилж байгаан. Эхлээд хувийн ажлаа ярьдаг юмуу.
- 2 хүүхдээ монгол сургуульд нь оруулж зүгшрүүлэх.
Гадагшаа гэр бүлээ авч явсан чинь юм үзээд нүд тайлаад сайхан байгаа ч хүүхэд эх хэл соёлоосоо эрс холддог юм байна. Манай 2 одоо монголоор ярих гэж алаад хаяж байна шд. Охин эмчийн үзлэг гэж хэлэх гээд "эмнэлгийн үзэлбэр, эмчийн үзлэлт, эмчийн үзүүлэн..." гэх мэтээр монгол гэхэд ч хэцүү биш ч гэхэд хэцүү юм яриад байх юм. За хүү бол өөрт тохиолдсон нэг юмаа хэлэх гэж хошин шогийн тоглолт тоглоод унана. Уг нь би орой болгон ном уншиж өгөөд байгаа шдээ. Охин дүрс үсэг бичсээр байгаад монгол бичгийн хэв нь ёстой авах юмгүй болж байна. Ядаж байхад дөнгөж 2-р ангидаа оронгуутаа энд хүрээд ирсэн бичгийн хэв нь зүгширч амжаагүй байсан. Хүүхдүүдээ буцаад монгол сургуульд нь сургаж дасгахад дор хаяж 6 сар элбэг зарцуулах байхаа. За тэгээд ямар сургуульд сургах уу, сургалтын төлбөр гээд л...
- Би өөрөө ажил олж хийх.
Нээрээн би чинь одоо яанаа. Хуучин ажилдаа буцаж орно гэж хүмүүс ойлгоод байдаг юм. Манайх чинь хэт ардчилсан газар, юу гэж тэгэж хүний ажлын байрыг 2 жил хадгалаад сууж байхав, бас буцаад ирж байгаа хүнийг шууд ажилд нь буцаагаад авдаг тийм систем байхгүй. Ажлын байр гарвал шалгаруулалт зарлаад бусад хүмүүстэй хамт өрсөлдөөд орж чадвал тэр, чадахгүй бол уучлаарай. Яахав урьд нь энд ажиллаж байсан гэдэг нь ажлын туршлага дээр л давуу тал болно. Яг үнэнийг хэлэхэд манай гэрт нөхрийн орлогыг байр машин тавилга электрон бараа хүүхдийн төлбөр гэх мэт томоохон хөрөнгө оруулалтанд зарцуулж миний орлого өдөр тутмын хоолны мөнгө болдог болохоор би чинь цалингаас үнэн хараат аа. Тийм болохоор төрийн албаны бага цалингаар амьдарч чадахгүй л болов уу, гэтэл миний доор дурьдах хувьсгалын ажил намайг төрийн албанд ажиллахыг шаардаад байгаа юм. За дөхөж байтал учир нь олдох байгаа.
- Family planning
Очоод нэг 2-3 жил болж байгаад 3 дахь хүүхдээ гаргана. Хүн амаа өсгөе гэж бодож байвал гэр бүл 2-с дээш хүүхэдтэй байх ёстой гэнэ. 2 хүүхэдтэй байлаа ч хүн амын өсөлтийн индекс 0 л байдаг юм байна, учир нь аав ээж нь хөгшрөөд байхгүй боллоо гэхэд 2 хүүхэд тэднийхээ л тоог нөхдөг учраас нийт хүн амын тоо өсдөггүй юм байна. Тиймээс боломжтой гэр бүлүүд бол дор хаяж 3 хүүхэдтэй болох хэрэгтэй гэж байна шүү. Улс орнууд нийгмийн дундаж давхаргынхны хүүхдийн тоонд их анхаарал хандуулдаг юм байна, тэднийг л аль болох олон хүүхэдтэй болгомоор байдаг гэнэ. Харин хэт ядуу, нийгмийн эмзэг давхаргынхан өсөж үржээд байвал хэцүү гэнэ. Бөөн ажилгүй боловсролгүй ядуу хүмүүс л нэмэгдээд байдаг, нийгэмд сайн сайхан юм авчирдаггүй гэнээ.
Хувьсгалын ажил
-Гэр хорооллын эрүүл ахуйн стандарт
Миний гол зорилго бол гэр хорооллын нөхцлийг сайжруулах юм шүү дээ. Алийн бүгд нүх ухаад шууд бие засдаг, түүхий нүүрс түлж угаартаж суудаг, өвлийн хүйтэнд хөлдөх гээд зуны халуунд шатах гээд жаахан бороо орохоор урсчих гээд, харанхуй гудамжаар бүдчээд явж байхав дээ. Ядаж л гэр хорооллын нэг аятайхан жорлонгийн стандарттай болъё л доо. Яг л тэр стандартын дагуу л барих ёстой.
-Хогийг ялгадаг болох
Бүх ахуйн хогийг ялгадаг болгомоор байна. Энэ чинь нээг их тийм хэцүү дааж давшгүй нүсэр улстөрийн бодлого шаардсан зүйл биш шүү дээ. Хүнсний хог ба бусад гээд 2 ангилчихвал эхний ээлжинд их том дэвшилт. Бүх хогийн саваа 2 болгоод, айлууд 2 ууттай хог гаргаж хаядаг байхад л болоо. Дараа нь бусад хогийг нь ялгадаг болно биз. Яаж харин ийм болгох вэ. Очоод л хөлөө хүрэх газраар явж хүн амьтантай уулзана даа. 
-Орцныхоо гадна ёстой занаж байгаад цэцэг зүлэг тарина даа. Манай орцны үүд гэж зэрлэгэндээ даруулсан нуль шороо байдаг байсан, бодвол хэвээрээ л биз. Би хааяа мандлын цэцгийн үр аваад 1 давхрын айлдаа цацчихаарай гээд өгдөг байсан. Одоо очоод 2 хүүхэдтэйгээ газрыг нь цэвэрлээд янзалж байгаад зүлэг цэцэг тарина.
-Усны нөөц
Гадаргын ус хэрэглэдэг болмоор байх юм. Манай улсын, үгүй ядаж УБ-ын усны нөөц хэр байгааг судалж нийтэд ил тод болгомоор байна. Туул голоо тордож байгаад яваандаа гадаргын ус хэрэглэдэг болох юмсан. Бүх газрыг усны тоолууртай болгож усны үнийг нэмэх хэрэгтэй. Гэр хорооллын усны үнийг буулгах биш байрны усны үнийг нэмэх хэрэгтэй шд. Хаянхярваа гэж дурак мөрөөрөө далд орохгүй тэгэж тэнэгтсэн шүү дээ. Усны газрынхан нь ч эсэргүүцээд боож үхэхгүй юугаа ч хийцгээж байсан юм. Би энд боож үхэх гэж байхад.
-Хөрсний бохирдлын шинжилгээ
УБ хотын бүрэн хэмжээний хөрсний шинжилгээ хийлгэмээр байна. Хэр зэрэг бохирдож байгаан, бид юун дунд амьдарч байгаагаа мэдмээр байна шд. За агаарын бохирдол бол 12-р 1-р саруудад байж болох дээд хэмжээнээс 100-150 дахин хэтэрдэг юм шүү дээ. 2 дахин ч биш, 100-аар биш, 100 дахин. Агаарын чанар муу биш, маш муу биш, хүний биед онц ноцтой хортой, аюултай түвшинд хүрдэг. Бүр манай өмнөх гадаад дарга би ийм аймаар агаартай газар амьдарч чадахгүй өөр улс руу томилж өгөөч гэсээр байгаад явсан шүү дээ. Энэ муу агаар дахь хүнд металууд хортой бодисууд хөрсөн дээр бууж л байж таараа.
-Агаарын бохирдол ба эрүүл мэнд
Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалмаар байна. Жил болгон хичнээн хүүхэд ханиад нь хүндэрч хатгаа болж эмнэлэгт хэвтэж байна, хичнээн хүн тоос шороо шарилжны харшил шинээр тусч байна, хичнээн хүн уушгины хорт хавдар тусч байна, үүнд агаарын бохирдол нөлөөлж байна уу. Одоо болтол нэгдсэн судалгаа байхгүй байгаан. Эсвэл байдаг ч олон нийтэд мэдэгдэхгүй байна.
Энэ хувьсгалын ажлуудыг шууд очоод пижигнэтэл хийгээд унахгүй байх л даа. Гэхдээ болгохын төлөө зүтгэж тодорхой хэмжээгээр өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. 
Гэх мэт зөндөө санаж бодсон зүйлс байна. Очоод үзэж тарна даа. Монгол яваад ирсэн найзаасаа монголд ямар байна гэсэн амьдрал буцалж байна гэсэн, очиж амьдрал буцалгах юмсан.

Monday, October 22, 2012

Монгол эмэгтэйчүүд хүчирхэг үү хүчирхэг

Лаос охины төрсөн өдрийг энэтхэг хятад монгол япон грек охидууд тэмдэглэлээ. Хөзөрдсөн чинь би хамгийн сүүлийн байранд орсон. Би ер нь хөзөр тоглож мэддэггүй юмаа. Бага байхад аав ээж хоёр хөзөр чинь ажилгүй хүний тоглоом, тэрний оронд шатар тогло гээд ер тоглуулдаггүй байсан болохоор ганц ч хөзрийн тоглоом мэддэгүй байлаа. Их сургуульд ангийнхантайгаа ийш тийшээ явахдаа л аль нь алинаасаа том хөзөр гэдгийг заалгасан байх шүү. 
За тэр яах вэ, гол яриандаа оръё. Өнөө лаос охины төрсөн өдрөөр манай хоёр хүүхэд ярианы гол сэдэв болчлоо. Тэгсэн манай энэ интернэйшнл найзууд намайг супер ээж гэнээ. Яагаад гэсэн, чам шиг хоёрын хоёр хүүхдээ асраад тэгээд бараг ганцаараа /манай хүнийг хавраас хойш ирэн очин байгааг мэддэг юм/ гэр орноо авч яваад тэгээд дээр нь сургуульд сурдаг оюутан эмэгтэй ховор ер нь байдаггүй байх, бусад оюутнууд ч гэсэн чамайг их гайхдаг гэнээ. Хэхэ, энэ чинь монголд ердийн үзэгдэл би хэзээ ч үүнийг супер үйлдэл гэж бодож байгаагүй юм байна гэсэн чинь тэгвэл танай монгол эмэгтэйчүүд супер юм байна гэв. Тэрийг бол харин хүлээн зөвшөөрч болох юм. Нээрэн бодоод байсан манай монгол эмэгтэйчүүд их гүжирмэг сэтгэлийн хаттай амьдралын их ачааг нуруун дээрээ авч явж чаддаг мундаг юм байна даа л гэж бодлоо. Монголд нийгмийн аль ч түвшинд аль ч албан газар луу шагайхад гүйцэтгэх түвшинд дандаа эмэгтэйчүүд л хамаг ажлыг нугалж байна. Манай хуучин ажил хүртэл жолоочоос бусад бүх албан тушаалд эмэгтэй хүмүүс, ямар сайндаа жендерийн асуудал хурцаар тавигдаж байхав. Монгол эмэгтэйчүүд нөхөртөө хаягдсан ч, ажил нь бүтэлгүйтсэн, алдаж оносон ч, ер нь юу ч тохиолдож байсан хэзээ ч амьдралд бууж өгч хэзээ ч шантарч ухарч байгаагүй юм байна. Бид чинь хайр дурлал гэрлэлт үр хүүхэд гэр орны амьдралын хажуугаар ажил хичээл бизнес улстөр ер нь бүх юмыг зохицуулаад л явдаг. Япон ихэнх эмэгтэйчүүд хүнтэй суугаа л бол гэртээ хүүхдээ хараад суудаг, тийм болохоор нөхрөөс санхүүгийн хувьд бүрэн хараат байдаг болохоор нөхөр нь хаяад явахаар хүүхдээ алаад хаячихдаг, эсвэл хүүхэд гаргаад хэт стрессдэхээрээ бас хүүхдээ алаад хаячдаг сонин хүмүүс шүү дээ /байсгээд л хүүхдээ алсан эмэгтэйн тухай мэдээ гараад байдаг юм/. Лалын шашинтай орнууд нөхөр нь бүхнийг зохицуулна, эхнэр нь хүүхдээ хараад л хоолоо хийгээд л гэртээ сууж байна. Нөхөр нь үгүй болчихвол яадаг юм бол доо. Нэг бангладеш оюутан гэр бүлээ авчирсан чинь тэтгэлгийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь эхнэрээ ажил хийлгээч гэсэн чинь нүд нь орой дээрээ гарсан шдээ. Тийм ойлголт байхгүй гэнээ, тэжээнэ гэж авч суусан л бол тэжээх ёстой гэнэ. Цаанаасаа нэг бодлого юмуу манай энэ хажуугийн лаос охины байдаг ус судлалын лабд бангладеш оюутан их байдаг юм. Япончууд бангладеш филиппин тайланд малайз улсуудад маш их тусламж өгдөг, олон төсөл хэрэгжүүлдэг, оюутнуудыг нь олноор авчирч сургадаг гэх мэт нэг бодлого явагдаад байгаа юмаа. Өө юу ярьж байгаад юу яриад явчив аа. 
За ямар ч байсан монгол эмэгтэйчүүд, эхчүүд хэзээ ч ямар нэг юм боллоо гээд хүүхдээ алж байгаагүй эсвэл хүүхдээ хаячихаад амиа хорлож байгаагүй, ямар ч нөхцөлд үр хүүхдээ өсгөхөө хэзээ ч супер мупер үйлдэл гэж боддоггүй, юу ч тохиолдож байсан амьдралд хэзээ ч бууж өгч байгаагүй юм байна л гэж бодлоо. Бидний түүхэнд хүртэл ухаантай улс орноо удирдаж байсан сайн сайхан хатдын бахдам түүх зөндөө л байна. Өнөөдөр ч гэсэн бидний дунд архичин эсвэл хаяад явсан нөхрөө хараад уйлж унжаад үхэж үрэгдээд суугаад байлгүй ганцаараа зүтгээд үр хүүхдээ гэр орноо аваад явж байгаа эмэгтэйчүүд зөндөө л байна, тэд ч гэсэн баатарлаг л гавъяа байгуулж байна гэж бодож байна.
Ээжийн маань яриа: "Чамайг төрөх үед ид социализмийн үе байлаа. Ажил таслах байтугай ажлаас хоцроход ч хичнээн нялх нойтон хүүхэдтэй байсан хамаагүй байсан юм. Аав бид хоёр чинь хадмынхаас тусдаа гарч байгаа нь энэ гээд ажлаасаа монгол гэр аваад одоогийн Баянзүрх дүүргийн тэнд хашаанд буучихсан. Өвлийн ид хүйтэн өглөө аав чинь жижүүрээс бууж ирээгүй, өглөө 5 цагт босоод цэв хүйтэн гэрт шүдээ зууж босоод гал түлж дулаацуулж байгаад чамайг сэрээгээд хөнжлөөр чинь боож тавьчихаад тэс хөлдчихсөн усны савнаас шанагаараа цөм цохиж байгаад ус авч цай чанадаг байлаа. 8 цагт ажил дээрээ гозойж байхын тулд 2 автобус дамжиж явж чамайг 120 мянгатад цэцэрлэгт чинь өгчихөөд буцаад 2 автобус дамжаад ажил дээрээ ирэхийн тулд өглөө 5-д босохоос өөр арга байгаагүй. Тэр үед ядаж байхад цэцэрлэг ачаалал ихтэй хадмаар яриулж байж олсон сул орон тоотой цэцэрлэг нь л тэр байлаа..."
Бүүр хэцүү амьдрал туулсан эх хүний хажууд юу ч биш л дээ. Гэхдээ би зүгээр монгол эмэгтэй хүн, эх хүн ямар их сэтгэлийн хаттай, тэвчээртэй, зоригтой, агуу, амьдралын төлөө тэмцдэг юм бэ гэдгийг л хэлэх гээд байна. Монгол эмэгтэйчүүдээ өөрсдөөрөө бахархацгаа. Бидний жирийн л өдөр тутмын амьдрал бусдын нүдэнд супер эмэгтэй шиг харагддаг юм байна. Хааяа бас юмыг сайн сайхнаар олж харах хэрэгтэй гэж байгаан шд.

Friday, October 19, 2012

Махсаж байна гэж жигтэйхэн

Нөхрийгөө ирэхэд нь нэг хааг тэр чигээр нь, нэг гуяыг шулаад аваад ир гэж захилаа шд. Аймаар махсаж байнаа. Намар болоод тэгэж байгаа юмуу угаасаа л монгол хүн болоод тэгэж байгаа юмуу сайхан чанасан мах эсвэл хорхог идмээр санагдаад байх юм. Чанасан хавирга сайхан шүү тийм ээ.
Бас банштай цай эсвэл сайхан гурилтай шөл идмээр байна. Эндэхийн махаар чинь тийм хоол хийж идэж болохгүй юм чинь. Нөхрийгөө бараг хаалгаар ороод ирэнгүүт нь алив махаа гаргаад ир чанаж идье гэж орилох нь ээ.
Хэзээ нэг цагт Гилийн хатан эгчтэйгээ чанасан толгой хувааж иднэ гэж бараг занаад л яваад байгаа шд. Иднэ дээ.