Wednesday, June 19, 2013

Амьдрал баян

Ойрд завгүй байж байгаад ирсэн чинь манай хэдэн блогчид бага нас эмэгтэй хүний амьдралын талаар их бичжээ. Хараад байхад ер нь л эмэгтэй хүний амьдрал ав адилхан байх юм даа. Би ч бас дурсамжаа хуваалцмаар санагдлаа. Хэдий завгүй байгаа ч жаахан юм биччихэе.
Миний бага нас

Би "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүр сууна даа" гэдэг дуунд аймаар дургүй. Яагаад гэхээр хүн болгоны хүүхэд нас сайн сайхан өнгөрөөгүй шүү дээ. Жишээ нь минийх л гэхэд сайн сайхан гэхээсээ илүүтэй муухай дурсамж л дүүрэн байдаг болохоор. Бага насны дурсамжаа ярихын тулд эхлээд ээж аавынхаа түүхийг ярих хэрэгтэй болоод байна л даа.
Ээж маань их сайхан хүүхэн байсан юм гэсээн. Гэхдээ сувилагч байсан юм. Харин аав маань эмч байсан. Ээжийн сэтгэлийг татах гэж олон эрчүүдтэй өрсөлдсөн юм гэсэн. Харин тэгээд зорилгодоо хүрээд ээжийг дагуулаад гэртээ очтол манай аавын ээж аав удмаараа эмч мэргэжилтэй сэхээтэн гаралтай айл ээжийг маань хүлээн зөвшөөрөхгүй их зовоосон гэдэг юм. Уг нь ээжийн аав нь цэргийн дарга их мундаг хүн байсан боловч ээжийг ахлах ангид орох үед нь гэнэт нас бараад ээж сэтгэл санааны цохилтонд орж сурлага нь муудаад анагаахын дээдийн конкурсандаа унаад аргагүйн эрхэнд анагаахын дундад орсон юм гэнэ лээ.  За тэгээд хадмууддаа хүлээн зөвшөөрөгдөхгүй ад үзэгдээд аавтай цуг тусдаа гараад амьдарч байсан ч ер нь л цаашдаа таарч тохирохоо байгаад намайг 3тай байхад салсан гэдэг юм. Тэгээд удалгүй ээж маань хойд эцэгтэй сууж манай 2 дүүг төрүүлсэн юм.
Хойд аав маань уг нь Чехэд боловсрол эзэмшсэн анхны монголчуудын нэг, шинжлэх ухааны хүрээлэнд ажилладаг боловсролтой нэгэн байсан боловч ээжтэй суух үедээ архинд орчихсон, өмнөх амьдралаасаа салчихсан явсан юм гэсэн. Ээжтэй маань суугаад ч архинаас гараагүй ээ харамсалтай нь. Ингээд л миний амьдрал там болсон доо. Хойд эцэг маань аймаар агсам хүн байсан юм. Архи уухаараа заавал гэр бүлдээ агсам тавьдаг, зодож цохидог хүн байсан. Архичин хүний бүх юм нь бүтэлгүйтээд л амьдрал нь геометрийн прогрессоор уруудаад л явчихдаг юм шүү дээ. Орсон ажил болгоноосоо халагдаад л, хувиараа юм хийх гэхээр тэгээд хаяад л архидаад алга болчихно, ерөөсөө итгэж найдаж юм даалгаж болохгүй. Хамгийн сүүлийн сохор зоосоороо ч архи уух боломж гарвал өвчтэй хүүхдэдээ эм авч очих ёстой байсан ч тоохгүй ууж л орхино, тэгээд ирээд хүүхэд нь халуураад өвчтэй байхад агсам тавиад зодож цохиод унадаг сонин хүн байсан юм. Би зөндөө зодуулдаг байлаа. Намайг бол үзэхгүй шүү дээ дагавар хүүхэд гээд. Хамгийн анх удаа зодуулсан нь, би 5 настай л байсан байх, ээжтэйгээ тэднийд ирж амьдардаг болоод удаагүй байсан юм, нэг удаа согтуу ирээд ээжийг маань аймаар зодоод шатны коридор луу энгэрээс нь заамдаад чирч гаргахаар нь би чаргууцалдаад "Миний ээжийг тавь" гээд орилсон чинь намайг 5 гишгүүр дамнаад үсэрч унатал алгадаж билээ, зүүн тал минь юу ч үгүй хавдаж байсан санагдана. Орцны бүх айлууд гэрээсээ гарч ирээд ээж бид 2-г салгаж авч байсан санагдана, зөндөө хүн цуглачихсан байсан юм даг. Тэрнээс хойш зөндөө л аймаар юм болж байсан одоо бодохоор яг аймшгийн кино үзчихээд эргээд санаж байгаа юм шиг муухай мэдрэмж төрж байна. Санаанд хамгийн тод үлдсэнүүд нь гэвэл 6 настай байхад намайг чимхэж зодоод өглөө босоод ирсэн 2 гуя тэр чигээрээ хөх эрээн болчихсон, би яагаад ийм хөх өнгөтэй болчихсон юм бол доо гээд гайхаж байснаа санадаг юм. Бас том дүүг төрсний дараахан нэг удаа бас бөөн юм болоод ээж цагдаа дуудах гээд гараад гүйгээд явчихсан чинь нөгөө өрөөнд нялх дүүгээ тэврээд зогсож байсан над руу давхиж ирээд "Тэгвэл охиныг чинь зодно доо. Тэгэхээр чи орж ирэхгүй хаачдаг юм" гэснээ намайг дагзнаас минь барьж байгаад нүүр лүү зангидсан гараараа буулгаж өгдөг байгаа. Би дүүгээ цохиулахгүй гээд хамгаалчихаад орилоод байснаа санадаг юм. Дараа нь миний нүүр яг хөөсөн боов шиг ёстой аймаар пэмбийтлээ хавдаж билээ. Бүтэн сар гэрээсээ гарч чадаагүй юм даг. Энэ хэргээс нь болоод цагдаад баривчлуулаад 1 сар хориулж байсан санагдана. Бас нэг удаа чихнээс минь зулгааж чирээд миний чих яг ар талаараа тасрахаа шахаж байсан, хэдэн оёо тавиулсан байхаа. Оюутан байхад 1-р курсэд начиртательный геометр /дүрслэлийн геометр/ гээд шугам зураг зурдаг хичээл ордог байлаа. Тэрний даалгаврыг хийхийн тулд төмөр урт шугамаар зурдаг байв. Нэг орой зургаа зураад сууж байтал согтуу ирчээд агсам тавиад намайг тэр шугамаар ороолгосон чинь яг сэлмээр цавчсан юм шиг нуруу аймаар болчихсон, ээж намайг хамгаалж бас нуруугаа цавчуулаад, бид хоёр нэг хэсэгтээ нурууны шарханд хувцас наалдаад хэцүү явж билээ. Тийм төмөр шугам чинь ёстой аймаар юм билээ. Хавтгай талаар нь цохихоор урт гувдруу болоод иртэй талаар нь цохихоор сэлмээр цавчсан юм шиг зүсчихдэг. Би, ганц би ч биш ээж 2 дүү, бид нар согтуу ирэхээс нь үхтлээ айдаг байлаа. Орцны хаалгаар орж ирэхдээ л орилж хашгирсаар орж ирдэг байсан юм. Тийм болохоор оройтсон шөнө нь бид нар айгаад унтаж чаддаггүй байв. Дотроо "Битгий ирээсэй" гэдэг үгийг маань шиг л уншдаг байлаа. Ирэхгүй хоновол үхтлээ баярладаг байж билээ. Тэгээд шөнө орцонд хүний хөлийн чимээ гарангуут аймаар цочиж сэрдэг байлаа. Ядаж байхад миний өрөөнөөс орц их тод сонсогдоод байдаг байсан юм /эсвэл би айсандаа сайн сонсдог болчихдог байсан ч юмуу/.
Намайг үздэггүй л байсан юм, бүх юм миний буруу гэнэ, бүр өөрөө халбагатай давс хоолондоо алдаж унагачихаад нөгөө өрөөнд хичээлээ хийж байсан над руу чамаас боллоо гээд давшлаад байж билээ. 2 дүү бага байхдаа зүгээр л уйлахад чи яачихав гээд намайг загнаад байдаг байсан, нялх хүүхэд зөндөө л уйлдаг биз дээ. Гэрт ямар нэг бүтэлгүй муу юм болвол надад ямар ч хамааралгүй байсан ч би айсандаа гар салгалаад ирдэг байж билээ. Тэгэхээр би хэрвээ ямар нэг алдаа гаргавал юу болдог байсан нь ойлгомжтой байгаа биз дээ. Хамгийн сонин юм нь оройд унтахынхаа өмнө тамхиа татангаа намайг заавал 1 цаг муу хэлж шүүмжилж байгаад унтдаг байсан юм. Одоо бодоод байхад хүн муулахгүй бол эсвэл хэрүүл хийхгүй бол тайван унтаж чаддаггүй байсан юм шиг байгаан. Намайг яаж муулах вэ гэхээр "Ааль тэгээл явж мавж байгаа нь хоёр тийшээ хайвганаал. Идэж мидэж байгаа нь үхэж байгаа амьтан шиг. Эртээд тэр халбагыг албаар савных нь гадуур тавьж байна лээ, яаж байгаан намайг өөрөө хураа гэж байгаа юмуу, яг ямар санаатай байгаан, миний сандлыг албаар хажуу тийш нь далийлгаж байгаан, бодвол намайг чадах гэж байгаа санаатай юм байх даа, хн ёстой үхсэн хойноо гайгүй байлгүй, танай муу дагаварт би дээрэлхүүлэх үү" гэх мэтийн юм ярьж ярьж амандаа үглэж байгаад унтдаг байсан юм. /Орой болгон сонссоор байгаад хэлдэг үг нь чихэнд хоногшчихжээ. Хэт дэлгэрэнгүй бичсэнд уучлаарай/. Ээж намайг өмөөрөөд ганц үг хэлчихвэл "Чи хүүхдээ өмөөрч байна уу" гээд орноосоо үсрээд босоод ирдэг, тэгээд шөнөжин хэрүүл хийгээд унтуулдаггүй хүн байсан юм. Тийм болохоор ээж намайг тэр бүр өмөөрч хэрэлдэж чаддаггүй байсан юм. Намайг хааш нь ч явуулахгүй, найзууд надтай уулзах гэж ирвэл аймаар загнаад хөөгөөд явуулчихдаг, тэрнээс нь айгаад хүүхдүүд ч манайд ирдэггүй байлаа. Миний хичээлийн хуваарийг харж байгаад ирэх цагийг бүртгэдэг, хичээлээсээ 5 минут хоцорч ирвэл хаачсан бэ гэж аймаар загнадаг байлаа. Тийм болохоор би хичээлээс гадуур юун элдэв дугуйлан юм хуманд явах байтугай ангийнхаа хүүхэдтэй ч уулзаж чаддаггүй байв. Тийм болохоор надад ямар ч найз байдаггүй байв. Ердөө цор ганц л найз байсан, яагаад ч юм түүнийг л надтай уулзахыг зөвшөөрдөг байсан юм. Тэр найзтайгаа одоо болтол ойр дотно байгаа даа. Хичээлээс өөр ямар нэг юманд явах хэрэг гарвал бөөн юм болж байж арай гэж л гэрээс гаргадаг байсан юм.
Манайх их ядуу байлаа. Олсон хамаг мөнгөө хойд аав архинд өгчихдөг байсан болохоор сүүлдээ хэдэн хүүхдээ харж байгаад өлсгөхгүй гэсэндээ ээж маань хувиараа юм оёж зардаг болсон юм. Оёж байгаа юмнаас нь ганц ч тус болохгүй мөртлөө байнга архины мөнгө нэхэж хэрүүл хийдэг байлаа. Өгөхгүй гэхээр "Чи муу наад хэдэн төгрөгөө харамлаж үхлээ юу. Баяжихыг чинь харнаа чамайг" гэх мэтчилэн харааж зүхэх юмуу бүр дургүйг нь хүргэвэл оёж байгаа юмыг нь урж тасдах, оёдлын машиныг нь эвдэх юу ч биш байсан юм. Манайх аж ахуйтай байсан гэж хэлж байсан даа. Түүнийг бараг ээж маань л авч явдаг байлаа. Хэрвээ хойд аавыг ганцааранг нь үлдээчихвэл архи уугаад амьтдаа ч хооллохгүй алга болчихдог байсан болохоор ээж маань л бид хэдийг нааш цааш нь чирч явангаа зохицуулдаг байсан юм. Дараа нь тэр аж ахуйг 500,000 төгрөгөөр зарахад ээж 80,000 төгрөг л авч амжсан бусдыг нь бүгдийг нь 7 хоног алга болоод ууж дуусгачихаад ирж байж билээ. Бүр ирчихээд өнөө 80 мянгаа нэхээд хэрүүл хийгээд байсан санагдана. Байхгүй ардуур нь манай гэрт инээд ханиад дүүрээд, ээж дүү бид нар жигтэйхэн сэтгэл санаа тайван, сайхан байдаг байж билээ. Би сайн сайхан хувцас өмсөж сайн сайн сайхан газраар явж үзээгүй ээ. Жилдээ ганц л удаа ээж маань хоолныхоо мөнгөнөөс хойш нь хурааж байгаад ганц хувцас авч өгвөл дээдийн заяа байсан. Ямар сайндаа 7-р ангид байсан байхаа, нэг цагаан пүүзтэй хавар зун намаржингаа явчихаад өвөл болоод байдаг надад өвлийн гутал байхгүй. 11 сар гараад бүх хүүхэд өвлийн гутал өмсчихөөд байхад би тэгээд В-ын нэг охин бид хоёр л цагаан пүүз гялалзуулаад гүйгээд байдаг. Өглөө болгон би сургууль дээр очоод тэр охиныг пүүзтэйгээ байвал ханьтай байна гэж баярладаг байж билээ. Гэтэл нэг өглөө өнөө охин чинь цоо шинэ хар өвлийн гутал өмсөж ирээд би үхтлээ сэтгэлээр унаж байсан юмдаг. Гэхдээ нэг их удалгүй ээж маань яаж ийгээд өвлийн гутал авч өгсөн л дөө.
Төрсөн аав маань надтай нууцаар уулздаг байсан юм. Ээж намайг төрсөн эцэгт нь өгчихөе гэхээр яагаад ч юм хойд эцэг маань огт зөвшөөрдөггүй байсан гэдэг. Намайг төрсөн эцэгтэйгээ уулздагийг мэдвэл аймшигтай том хэрэг мандах байсан юм. Тийм болохоор ээж бид хоёр аавтайгаа уулздагаа тас нуудаг байлаа. Аав сургууль дээр ирж уулздаг, манай сургууль бараг тэр чигээрээ мэддэг байсан юм намайг. Аав маань нэг хэсэг хойшоо урагшаа наймаа хийдэг байхдаа надад шинэ хувцас хунар гоё юм авчирч өгөхөөр би авч чаддаггүй байлаа. Гэртээ очоод хэнээс авсан гэж хэлэх арга байхгүй болохоор яаж ч чаддаггүй байв. Тэр гялалзуулаад гүйгээд байгаа цагаан пүүзийг аав маань өгсөн юм. Тэгээд ээж бид хоёр гэрт хүлээн зөвшөөрөгдөж оруулахын тулд ээжийн ээжийг /нагац эмээ/ цагаан сараар надад бэлэглэсэн болгож байж билээ. Гэхдээ л бөөн юм болсон юм даг, "Танай ээж чинь яахаараа охинд чинь ийм үнэтэй цайтай юм өгдөг юм" гээд бөөн хэрүүл болно шүү дээ. Хөөрхий төрсөн аав маань уг нь хүнд өвчин тусаагүй байсан бол намайг өөр дээрээ авах гэж зүтгэсэн хэвээр л байх байсан даа. Нэг удаа би зодуулчихаад уйлаад аав дээрээ очсон чинь хүнд өвчтэй хэвтэрт байсан аав маань гэнэт халадаа нөмрөөд босоод ирлээ. Ааваа та яах нь вэ босч гэсэн чинь "Ганц охин минь хүнд дээрэлхүүлээд байхад би ядаж босоо байя даа, хэвтмээргүй байна" гэж билээ. Ямар аргаа барсан хүний үг байхав дээ. Би тэгэж тийм байдалтай аав дээрээ очиж сэтгэлийг нь зовоосондоо одоо гэмшээд гэмшээд бардаггүй юм. Дахиж хэзээ ч тэгэж уйлж дуулж очоогүй.
За одоо хойд аавынхаа сайн талыг нь бичье. Хэдийгээр байнга агсам согтуу тавьж зодож нүддэг байсан ч хойд аавд маань сайн тал зөндөө байсаан. Бас ч тийм яадагтаа тулсан муу хүн байгаагүй юм шүү. Баяр болгоноор ялангуяа шинэ жилээр жигтэйхэн сайхан ширээ засаад дүү бид нарт зөндөө амттай юм авч өгдөг байж билээ. Миний хичээлийг уйгагүй хийлгэдэг байлаа. Хичээлдээ зөвхөн онц авахыг онц сурахыг л нэхдэг байлаа. Онцоос өөр дүнг огт хүлээн зөвшөөрдөггүй байв. Бодож чадахгүй бодлогыг минь уйгагүй өөрөө нухаж бодчихоод надад нэгбүрчлэн тайлбарлаж өгдөг байлаа. 3-р ангид байхад минь өөрийнхөө чехэд англи хэл сурч байсан сурах бичгээ өгч яаж ашигладгийг нь зааж өгч байлаа. Эндээс л би англи хэлийг анх сурсан юм даа. Намайг болж өгвөл гэрийн ажил гэх мэт өөр юм хийлгэдэггүй байлаа. Зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуул гэдэг байв. Ямар нэг уралдаан олимпиадад орж амжилт гаргахад маш их баярладаг байв. Би чинь 10 жилдээ математик, монгол хэл, англи хэл, физикийн олимпиадад ордог, сургуулийн хүндэт самбарт зураг нь залагдаастай хүүхэд байлаа шүү дээ. Энэ бүхэн хойд аавын минь л ач. 10 жилээ төгсөхөд би уг нь тооны гүнзгий анги төгсөж байгаа болохоор МУИС-ын эдийн засгийн сургуульд орьё гэж бодож байтал хойд аав маань "Үгүй ээ химийн ангид ор" гэж тас зөрсөн юм даг. Би яаж тэр химийн сургуулийн химиэр дагнацан хүүхдүүдтэй конкурсдэх юм бэ гэсэн чинь үгүй ээ хожим чамд хэрэг болно гэсээр байгаад намайг химийн ангид конкурсдуулж байсан юм. Би дараа нь эдийн засагч болох байсан юм гэж зөндөө уурлаж байсан, гэхдээ одоо бол химийг сонгосондоо мааш их баярлаж явдаг. Хэдийгээр миний бага нас муухай дурсамж ихтэй ч амьдралыг минь зөв тийш нь залуурдаж өгсөн хойд аавдаа би огт гомддоггүй юмаа. 
Бага байхад хойд  аав маань ийм байсан гэж би одоо гэр бүлийнхэндээ огт ярьдаггүй. Яагаад гэвэл хэдийгээр миний хойд аав гэдгийг мэддэг ч гэсэн миний үр хүүхэд хань ижил маань хойд аавыг миньүзэн ядахыг би зөвшөөрөхгүй. Хэрвээ багын дурсамжаа ярьж өгвөл мэдээж хайртай ээжийг нь, хайртай ханийг нь зовоодог байсан хүнд таатай хандахгүй шүү дээ. Тийм учраас би ярьдаггүй юмаа. Гэхдээ манай хүн мэддэг юм, ээж дүү нар зах зухаас нь ярьсан юм шиг байна лээ, хааяа уулзахаар их жийрхүү хандаад байдаг юм. Одоо хойд аав маань хөгшрөөд намба суусан л даа.
Төрсөн аав маань дахиж хүнтэй гэрлээгүй ээ. Насаараа ганц бие явсаар байгаад хүнд өвчин тусаад хэвтэрт орчихсон юм. Өнгөрийнхөө урьдхан нэг эмэгтэйтэй дотносоод дөнгөж хүүхэд нь төртөл аавын бие нь улам муудаад бүр босч чадахаа байчихсан, тэгээд жил ч бололгүй өнгөрсөн дөө. Тэр эмэгтэйг нь хүүхэдтэй нь харж ханддаг юмаа. Аав маань өнгөрийнхөө өмнөхөн "Аав нь охиндоо тус болж ер чадсангүй, харин ч бүр дараа болж байх шиг байна" гэхэд нь миний өр өмөрсөн. "Яалаа гэж дээ, ааваа та намайг энэ хорвоод төрүүлсэн. Тэр л хангалттай" гэж би хэлсэн. Аавыгаа асарч тойлоод ядаж хэдэн жил наслуулаад хүүхдийг нь ааваа гэж дууддаг болтол нь амьд байлгаж чадсан бол гэж их харамсдаг юм. Би хамт амьдарч сэтгэл тэнүүн ааваа гэж дуудаж дуудуулж чадаагүй ч ядаж энэ хүүхэдтэйгээ эцэг үр шиг элэг бүтэн хэдэн жил байсан бол гэж боддог юм. Өнгөрснийх нь дараа гудамжаар явж байгаа хүн болгон аавтай минь адилхан харагдаад надад их хэцүү байж билээ. 
Одоо би ээжийгээ жаргаах ёстой. Хэдэн хүүхдээ тэжээх гэж харанхуй амьдрал дунд залуу насаа өнгөрөөсөн муу ээжийгээ нэг жаргаах юмсан гэж л мөрөөдөж явна даа.
Үргэлжлэл бий...

29 comments:

dmda D said...

Уйлав, тас уйллаа. Та нар чинь ямар ийм их хүнд ачаатай хүмүүс байсан юм уу?? За за бурхан бүгдийг нь өршөөг ээ гэж, өнгөрсөнд болсон бүгдийг нь цав цагаан болтол нь уучилж өгөөд өнөөдөртөө бас маргааш руугаа марш.

Гэхдээ хойд аав чинь архины халуунд л худлаа жаахан тэгдэг байсан болохоос тийм их муу хүн биш байх аа. Тэр хүн их муу хүн байсан бол өнөөдөр чи ийм мундаг бүсгүй байхгүй байх байсаан.

Anonymous said...

Ийм амьдралд томчууд л буруутай, ийм амьдралыг туулчихаад одоо өдий зэрэгтэй яваад чинь бахархаж байна. Эхний хэсгийг уншаад сэтгэл их өвдлөө

Anonymous said...

nudend haragdaad uuriin erhgui uilchihlaa...hunii amidral yamar uur uur baidag yum be...

Meegaa said...

ee burhaan, suugaad udaagui bhdaa tegj aimar zoduulchihaad, deer ni chamaig tegj zodoj bhad eej chine yagaad salaagui yum bol?

Anonymous said...

Hunii olon saintai muutai, uuliin mod urttai boginotoi gej yaaj onoj helee we. emegtei hund yaasan ih tevcheer, hatuujil zayaadag ym be gaihah ymaa. Bi ch bas undr nuhuruusuu salah uu bh uu gej gaihaad l suuj bna. Balgachihdag, suuld gar hursen. gehde tuunees hoish dahij uuhgui gej amlaad amsaagui shn l bna. Gehdee uuuriih n uuj idej, agsam sogtuu tawij bsn hund yamar daramttai bsniig eruusuu oilgohgui ym. Chinii buruu bsn uchiraas heden udaa hatuu ug helsenii tuluu surtei ym gehiin, er n tgd gertee huruunii uzuur ch hudulguhgui, bi neg zarts shig l bh yostoi ym bhaa. Tgd dandaa ineej bh yostoi gehiin. Salah n zuv bh daa.

Gavaa Lkhava said...

Emegtei hun yaasan ih tevcheertei ym be, emegetei hun dahiad salahiig huseegui bh, esvel jiremsen bsn blhooroo dahaid huuhdee unchruulehiig huseegui blgui dee Meegaa egchee.
manai nogoohon eejiigee jargaaj bgaa :) tsaashdaa ch jargaah bhaa.
Amidral, busgui hunii amidral zovlon jargalaar bayan ymaa.
Er n manai busguichuud setgeliin gund bdg zuilsee yariad bvl nariin nadnin zovlon jargaliin asuudal ih l garah nee. Bi ch bas zarimdaa bchmeer sanagdaad gar zagatnaad l bdg ym, deer zah zuhaas halit bichsn, daraa bichmeer sanagdwal bichnee.

peakfinder said...

Яасан их тэвчээр вэ! Бас ингээд уучилдаг яасан уужуу сэтгэл вэ!

Behi said...

Zarim hesgiig ni aigaad unshij chadsangui ee.
amidral bayan...
Sain saihan buhniig husye

bold said...

Ger buliin huchirhiilel uneheer setgel emzegluulsen asuudal. Emegtei huniig bas yagaad Tiim Ih tevcheer uuchilah setgeltei yum bol gej gaihdag yumaa. Asuudliin gol ni bid nar huvguuduu usguj chaddagguid l uchur bgaa baih. Er hun hatuujiltai bh yostoi, uilah yosgui geh met mash utgagui humuujuuleh argaa bolih heregtei yum shigee. Bagaasaa Hairaar dutmag ussun eregtei huuhed Yaj hunii ohiniig hairlah ve. Er Hund bolgond pride gehiimuu neg Tiim yum bdg teriigee huuhed bhaasaa l Gargaj ilerhiilehiig husdeg teriig manai Etseg ehchuud Yu ch bodolgui ul toomsorlon us tsatsaj orhidog. Ter ni hojim Amidral deer garaad Uurtuu mash itgelgui Setgeleer unamtgai Tiim l erchuud bii bolj bnashd. Eregtei huuhdiig baildaanii zevseg mayagtai usguduguu bolichihvol ger buliin huchirhiilel medegdehuits bagasah bhdaa

Anonymous said...

Mongold 100 000 hun tutam dahi huchingiin hergeeree Azid terguun bairand ordog gesenuu delhiid terguun bairand ordog yumuu. Tehleer Mongol er hunii zerleg adguuslag hargis chanar asar ih nuutslag baidag baih. Mongold hoid etseg eh n dagvar huuhdee aihtar zovooson jisheenuud duulddag. Tal burees yum sursan medsen humuus l iimerhuu zerleg ugshiltai ooriin burangui soyl irgenshilee aajmaar deeshluulj er em 2 niileed evtstei amidardag kulituriig l uusgej buteehiig oroldoh yostoi baih.

Meegaa said...

Lkhava-Ur huuhdee onchruulehgui geed nasaar ni amidraliig ni tam bolgoh uu, eruul mend setgel zuigeer ni togloh uu? Bas sonin yum yarih yumaa. Iim daramtand osson huuhduud ihenh ni deppressiv boldog. Emegtei bol nohortoo zoduuldag, er ni ehneree zodddog daraagiin ue ruugee orj bna sh dee.

Delgermaa Erka said...

би ч бас аавдаа их зодуулдаг байсан .. байнга л хэрүүлтэй лайтай амьдардаг байв..
салаад олон жил болжийнааа ... арван дөрвөн жил шахуу болж байна шүү.. одоо бага насны аймарр байсан дурсамжууд надад бол алго болсон байналээ..
гэхдээ би хүнд зодуулахаас үхтэлээ айдаг .. бүррр үхтэлээ айдаг шүү...
цаанаасаа зүрхэнд нь орчихсон юмшиг байгаам
би одоо хүнд итгэдэггүй ... эрэгтэй хүнд итгэдэггүй .. хүнтэй хурдан суухгүйү байгаа нь энэнтэй холбоотой байгаа байх ч гэж боддогоо...
гэхдээ манай аав ийм аймарр бас байгаагүй ээ.. харин мунхаг хүн байсан юм ..

гэхдээ л би миний найз залуу байсан ТЭРийг намайг зодож байхад л тэсээд л хуримлана гэж боддог л байлаашдээ хөө...

Delgermaa Erka said...

энэ нийтлэлийн гарчиг АМьдрал баян чинь их л зөв гарчиг болжээ...
чиний уучлал агуу юм..
би харин энгэж уучлаж чадахгүй .. магадгүй би аава гэж чин сэтгэлээсээ хандаж чадахгүй байдаг юм

edna said...

хэцүү амьдрал туулжээ. бас уучилж чаддаг чи агуу юмаа. бага байхад ээж маань элэг бүтэн өсөж байгаадаа баярла гэж хэлдэг байж билээ. амттан шимттэн, гутал хувцас л авч өг гэж нэхэхээс биш утгыг нь ойлгодоггүй байж. одоо өөрөө үр хүүхэдтэй болохоороо л ээж аавтайгаа өсөхийн утгыг ойлгож байнөө.
үргэлжлэлийг нь хүлээе.

Piglet said...

Нээрээ л юун хүүхэд нас руугаа эргэж очих тухай бодох вэ дээ ийм хэцүү байсан бол.
Надад ч бас хүүхэд насныхаа нэгээхэн хэсгийг огт дурсмааргүй, өөрөөсөө хүртэл тас нуусан хэдэн жил байгаа. Тэр бүхнийг байнга бодонгоо дахиж тийм юмтай учрахгүйн тулд хүн их хичээдэг юм байна лээ.
Бичлэгийг чинь уншиж байхад ээж маань бас нүдэнд харагдаад бас л энэ хооронд 80 юм бодоод амжлаа.

Gavaa Lkhava said...

Harin tmee. Manaa nz ohin yag iim uudag nuhurtei huuhdee unchruulehgui gd hamt bgd l bdg bsn. Heden nz ohiduud n, manai tenhimiin heden bagshh nar hurtel yatgaad baraagui. Odoo boltol ter ohinii songoltiig oilgoogui, uneheer l huuhdee unchruulehees aijee l gej boddog odoo.

Anonymous said...

@Meegaa хөндлөнгөөс хараад хэлэхэд амархан л даа. Яагаад гэдгийг тэр хүн өөрөө л мэдэж байгаа. Өөр хэн ч ойлгохгүй, хэзээ ч яг тэр хүн шигээр.
Монголд харамсалтай нь хүмүүс ярьж хэлдэггүй л болохоос ийм амьдрал зөндөө л дөө. Үүнийг уншсан чинь би бас яг тэгж боддог (хүүхэд нас луугаа очих юмсан гэж боддоггүй) юм байнаа гэж бодогдлоо. Аав архи уудаг/гэхдээ зодож байгаагүй/, гэтэл ээж харин их зоддог /бодвол их нервтэй байдаг байсан байх л даа/ байж билээ. Гэсэн ч би одоо болтол ээжийгээ уучилж чаддаггүй юмаа. Би өөрөө муу хүн болохоор л тийм байх. Одоо ээж маань настай болоод, ач зээгээ ингэж тэгж хүмүүжүүл гээд заах гээд байхаар нь бүр уур хүрээд байдаг юм. Өөрөө хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй байж, одоо ийм байх хэрэгтэй гээд зааварлаад байхаар нь. Гэтэл хамгийн их айж байгаа юм нь би өөрөө тэр алдааг нь давтах юм биш байгаа гэж бодогдоод байх юм. Аав ээжээрээ сайхан хайрлуулж үзээгүй болхоор одоо өөрөө хүүхдүүдээ хайрлаж мэдэхгүй юм. Хүүхдүүдээ эрхлүүлж мэдэхгүй юм. Нэг л тийм хөндий хүйтэн хүн болчихдог юм байна. Эцэг эх нь хүний амьдралд, хүмүүжилд ямар том нөлөөтэй байдаг болохыг мэдэрч байна даа гэж.

mycolorfulworld said...

Тийм аймаар хүнийг тэсэж тэвчсэнээр барахгүй уучилж өршөөж, бусдын хэл амнаас хүртэл хамгаалдаг та ямар мундаг бүсгүй вэ.

Anonymous said...

Meegaa д өөрөө их сонин юм асуух юм, өнгөрснийг шүүх эрх бидний хэнд маань ч байхгүй. Дипресс болсон бол ногоохон өнөөдөр ингээд явж байх уу, болсон байсан ч гэсэн энэ хүүхэд өөрөө асар их сэтгэлийн тэнхээ, уучлал өршөөлөөр амьдралыг аз жаргалтайгаар үргэлжлүүлээд явж байгаа нь бахархмаар юм биш үү гэж бодогдлоо. Дээр байгаа уучилж чадахгүй байгаа гэсэн хүмүүс ч гэсэн ижий аавыгаа уучил л даа. Тэр муу муухай уучилшгүй хүмүүс чинь байхгүй байсан бол бид нар төрөхгүй л байсан биз дээ. Уучлал гэдэг агуу зүйл шүү дээ. Ууучлахгүй яваад л байвал бид өөрсдөө л зовдог эцэст нь.

chuups said...

mundag yumaa heleh ug oldohgui bn

S said...

Unshaad ooriin erxgui nudend nulims duureed irlee. Iim baga nasiig tuulchixaad ingej uuchilj bgaag chn bodoxod ooriigoo xajuud n u ch uzeeguim bnaa gej bodogdloo.
Xuchirxiilel xuchirxiilliig toruuldeg, aav eejdee zoduuldag, daramtluuldag bsan xuuxed tom bolood ger buliinxnee daramtaldag, zoddog xun boldog met sanagddag. Tiim boloxoor bi xuuxdee ali bolox ailgaj zagnaj zodoxguig xicheedeg... Tegtel zarim xumuus xuuxed ax zaxtai osox xeregtei, zodox n zov mov gegedtei sanal niildeggui.
Neg l gunigtai bolchixloo, gexdee l chamaar baxarxaj bna. Nogooxon chi unexeer mundag umaaa :)

Buyanaa said...

iim amedral dundaas tsetseglej chadsan mundag emegtei bna

byambaa said...

yooy. aimar yum aa...

aguu uujim setgeltei yum aa...

Anonymous said...

mash ikh uillaa. yag l baga nas maani nudnii urduur jirelzeed ungurch bna. manai aav zaluu baikhdaa saikhan zaluu bsan gedeg. eej maani bas l suvilagch.... aaviin tal eejid maani mash durgui bsan ch aav eej 2 maani suuj, egduutei 5 khuukhedtei bolson. aav maani mash ikh arkhi uudag, eejiig maani eruusuu khairladaggui bsan yum. bi uuruu ailiin tom okhin, aaviigee eejeesee mash ikh umuurdug blaa. duu naraa zovookhgui gej geriinkhee bukh l ajliig khiideg khuukhed bsan. aav maani namaig jaakhan baikhad khajuu ailiinkhaa egch deer orj khonood eej shunujinguu uilj khonoj bsan ni sanaanaas eruusuu gardaggui yum. tegj bsan ch bi aaviigaa mash ikh umuurdug, eejiinkhee uuuduus kherelddeg bsan. eejiin maani bie ni mash ikh uvddug bolson... khooloi ni uvduud amaaraa uusan tsaigaa khamraaraa gargadag baikhad ch bi aaviigaa l umuurdug tiim l teneg okhin bsan.. uuniig bichsen chini saikhan dotor uujirch bnaaa.......
eej maani namaig 9-r angid baikhad neg saikhan khuntei uchirsan. ter khuneesee minii khamgiin baga duug turuulsen yum. bi tegekhed ni mash ikh emzeglej khicheelee eruusuu khiikhee bolij khuukhduudtei zui busar kharitsdag, zerlegduu avirtai bolj baij bilee. tegekhed eej maani: eej ni aavaas ni yavchikhval minii okhin kharamsakh uu gej nadaas asuusan... bi shuud eejiinkhee uuduus khezee ch tantai duugarakhgui gekhed mash ikh uilad ternees khoish eruusuu ter khunteigee uulzaagui... odoo bi 4 shurgej bna... Eejiinkhee ter ikh tevcheeriig odoo khurtel gaikhdag yum. odoo khurtel aav maani eejiig khairlaagui kheveer l bgaa.... khunii amidral gedeg ikh sonin shuu!!!! odoo bol bi aavdaa mash durgui.... nuuren deer ni aavaa l gedeg ch dotroo eejigi mini akh duu naraasaa door uzdegiig ni bodokhoor kharmaargui sanagddag aa. gekhdee aav bgaagui bol bid khed baikhgui shuu dee... amidral unekheer bayan shuu!!

miracle said...

Миний бага нас ч гсн ингэж өнгөрсөн азаар ээж маань намайг 11тэй байхад хойд ааваас салж билээ. Ёстой тэр гэрт ямар нэгэн юм болохгүй байхад заавал би буруутай байдаг нь хамгийн хэцүү би бүр жорлонд орохдоо хүртэл заавал хэлж байж ордог тийм болчихсон байсан шд. Би одоо болтол тэр хүнийг уучилж чаддаггүй одоо болтол үзэн яддаг. Нэг удаа над руу яриад аав нь байнаа гэхэд нь юун аав гэж хэлээд утсаа тасалж байлаа. Одоо тэр үеийг бодохоор нээрээ заримдаа ээждээ гомддог. Хүний хамгийн чухал сонголт бол ханиа сонгох сонголт байдаг гэдгийг л маш сайн ойлгож авсан даа

Anonymous said...

САЛ

Anonymous said...

би ч бас ийм аьдрал туулсан, аав битгий ирээсэй л гэж залбирдаг байлаа. ээжийгээ салаач гэж зөндөө гуйдаг байлаа, даанч ээж салаагүй юм. одоо хүртэл хөгшин болсон хэрнээ л аав ээж -ын хэрүүл тасрахгүй, аав ээжийг дээрэлхэх нь зогсоогүй л байх юм. ийм зүйлээс бүр залхсан, халширсан.

харин миний амьдрал яагаад ч ийм бас ийм тал руу хэлбийх гээд л байх юм. хайрласан хүн минь намайг хайрлахгүй юм, хуурах юм, ирээд уураа надад гаргах юм, гар хүрдэг болох юм даа.

ямар ч байсан ийм амьдрал туулж ээжийгээ зовоохгүй юмсан, ийм юм үзүүлж хүүхдээ зовоохгүй юмсан гээд их хүсэх юм. болохгүй бол салаад хүүхэдтэйгээ амьдарнаа гэж бодоод л явж байна. сэтгэлээр дүүрэн гутралтайгаар шинэ долоо хоногийг эхэлж байна даа.

Anonymous said...

Мээгаа гээд бгаа гар чинь оороо 70тай овоотэй амьдардаг(оороо 30 тай байж) оороо хунд заагаад байхаар амьтан биш шуу дээ depressionд ороод эмийн хучээр худлаа инээж овоодоо мон тууний хуутэй нь явдаг янхан гар ш дээ

Battulga Muhkhtuya said...

Тийм шүү, ээж аав муудалцахад яг л дагавар хүүхэд рүүгээ дайрдаг. Манай аав ч бас муу хүн биш боловч юм ойлгодоггүй бүгдийг уурлаж шийддэг зантай хүн. Бүхий л зүйлд би илүүдээд байгаа юм шиг, буруутгагдаад байгаа юм шиг сэтгэлгээ суучихдаг юм байна. Ганц удаа алгадсанаас өөрөөр гар хүрч байгаагүй ч сэтгэлийг минь зөндөө муухай үгээр "зодсон". Ээжийгээ өмөөрч чаддаггүй. Аймшигтайгаар зодчихоод аргаддагийг нь ойлгодоггүй. Заавал тэгж байж нэгнээ дарах ёстой гэж үү. Ээж ч салдаггүй. Эрэгтэй хүн уурлахад би их айдаг. Аав шиг гартаа таарсан юмаа шиддэг хүнээс бүр их айдаг :-( уужим сэтгэлтэй бүсгүй юм аа