Tuesday, June 4, 2013

Үнэгүй дээд боловсрол

Юу вэ энэ МАН-ынхан дээд боловсролыг үнэгүй болгох хуулийн төсөл өргөн барилаа гэчихсэн хэвлэлийн хурал хийж байна уу үгүй юу? Хуцаад байгаачээ хуцаад байгаач. МАН ч бай хэн ч бай их сургуулийг төлбөргүй болгоно гэж хэлбэл тэр хүнийг их сургууль гэж юу байдгийг ч мэддэггүй дээд боловсролын талаар ямар ч ойлголт байхгүй ёстой боловсролын түвшин 3 настай хүүхэдтэй адил нөхөр байна гэж л бодно. Нэртэйгээр нь монгол улсыг ямар ч их сургуульгүй, ямар ч дээд боловсрол олгодог институцгүй, ямар ч судалгаа шинжилгээний байгууллагагүй зөвхөн бүрэн дунд боловсрол л олгодог улс болгочихооч. Тэгээд хүүхдүүд нь 10 жилээ төгсчихөөд гадагшаа их дээд сургуульд орох гэж өрсөлддөг. Тэр нь бараг зүгээр ч юмуу доо.
Хамгийн инээдтэй нь за юу энэ их сургуулийг төлбөргүй болгоно гэж ярьж байгаа нөхдүүд өөрсдийн хүүхдээ энэ төлбөргүй сургуульдаа хэзээ ч бүр хэзээ ч сургахгүй шдээ. Оронд нь дэлхийн хамгийн үнэтэй төлбөртэй гадаадын их дээд сургууль руу хүүхдээ явуулна даа. Хүүхэд нь ээжээ ааваа би эндээ үнэгүй их сургуульд орчихоё л доо гэвэл битгий галзуур гэж ямар их уурлах болоо.
Яагаад дэлхийн хамгийн мундаг сургуулиуд хамгийн өндөр төлбөртэй байдаг юм бэ? Яагаад тэнд элсэж орохын мөрөөсөл болсон хүүхдүүд бас сургалтын төлбөр гэж үстэй толгойгоо зулгааж тэтгэлгийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэлддэг юм бэ? Яагаад өндөр хөгжилтэй баян орон ч гэсэн аав ээж нь хүүхдийнхээ коллежийн төлбөрт санаа зовдог юм бэ? Яагаад эцэг эхээ тэгэж зовоохгүйн тулд хүүхдүүд тэтгэлгийн төлөө алалцдаг юм бэ? Яагаад их сургуулийн төлбөр байрны орон сууцтай адил хүмүүсийн санааг тэгтлээ их зовоодог юм бэ? Хариулт нь их энгийн. Тэр сургуульд элсээд төгсөж чадвал чи насныхаа хоолтой золгодог учраас. Тийм сайн боловсрол өндөр үнэтэй байдаг юм. Харин манайд яаж байна, нэг ном уншиж лекц бичүүлсэн болоод мөнгө авч дүнг нь засч өгөөд л төгсгөчихөж байна шд. Ийм дээд боловсролыг бүр үнэгүй болгоод бүр үнэгүйдүүлж сөнөөх нь л дээ.
Сайн чанартай юм өндөр үнэтэй байдаг. Сайн чанарыг бүтээхийн тулд зардал их гарна, түүнийгээ дагаад өртөг нь өсдөг. Хэдийгээр гадаадын нэр хүндтэй их сургуулиуд судалгаа шинжилгээний ажлаасаа санхүүждэг, улсаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг ч гэсэн төлбөр бол өндөр хэвээрээ л байдаг. Төлбөрийг өндөрт барих нь нэг талаас тухайн сургуулийн нэр хүндийн илэрхийлэл, нөгөө талаас элсэн орж буй оюутнуудад нэг төрлийн шалгуур юм. Хэт өндөр төлбөртэй сургуульд орохын тулд нэг бол тэтгэлэгт өрсөлдөх нөгөө бол би үнэхээр энэ сургуульд сурах хэрэгтэй юу гэж асуух дээрээ тулна биз дээ. Энэ чинь нэг ёсны өрсөлдөөн үүсгэж байна, өрсөлдөөд хамгийн шигшигдмэл сайнууд нь орж ирж байна. Ядаж л сургалтын төлбөртөө нэмэр болохын тулд хичээлийн хажуугаар цагийн ажил хийж ажил амьдралаа зохицуулж сурах нь оюутан хүнд нэг сорилт шд. Төгсөж гараад ч тийм өндөр төлбөртэй тийм сайн сургууль төгссөнийхөө ид шидийг гаргахыг хүсч сайн ажиллланаа даа ядаж. Үгүй бол сургалтын төлбөрийн зээлээ төлөхийн тулд хүссэн хүсээгүй шаргуу ажиллах л хэрэгтэй болно биз дээ. Үгүй ядаж миний аав ээж миний сургалтын төлбөрийг төлөх гэж яаж зовж ажиллаж байж намайг төгсгөлөө дөө би одоо хичээх ёстой гэсэн ухамсар толгойд нь орж ирнэ ээ дээ хамгийн наад захаар бодоход.
За одоо энэ бүгдийг эсрэгээр нь бодоод үз. Ялангуяа манайх шиг дээд боловсрол нь бүрэн утгаараа дампуурсан, авлига хээл хахууль арын хаалга дээд цэгтээ хүртэл хөгжсөн газар дээд боловсролыг үнэгүй болгоно гэдэг нь зүгээр л устгаж хаяж байгаатай адил. Төлбөргүй болоод дээрээс нь сарын цалинтай оюутан гээд нэг төсөөл дөө. Ямар ч өрсөлдөөн байхгүй, ямар ч санаа зовох зүйл байхгүй зүгээр амар сайхандаа жарга гэж байгаа юмуу тээ. Одоо ийм байхад огт санаа нь зовдоггүй хичээл хийдэггүй, сарын 70,000-аараа баардаад шоудчихдаг оюутан нэртэнгүүд тэгээд сургууль нь төлбөргүй болчихвол хичээлдээ шамдаад номын санд оочерлодог болох гээд байна уу тээ. Төлбөргүй сургуульд цалинтай оюутан болохын тулд хүмүүс арын хаалга танил тал хээл хахуулийг ёстой шарилж шиг ургуулна биз дээ. Хэрвээ үнэхээр бүр үнэхээр тэгэж боловсролын системд өөрчлөлт шинэчлэл хиймээр байгаа юм бол эхлээд элсэлтийн шалгалтаа аймаар хатуу болгочих. Арын хаалга, хандивын анги манги гэдэг тэр балай юмаа устгачих /энэ бол ёстой ойрын 20 жилдээ бүтэхгүй байхөө дөө/. Баян ч бай ядуу ч бай дарга ч бай цэрэг ч бай хэний ч хүүхэд байсан яг л хичээлээ давтаж шалгалтандаа бэлдсэн толгойтой нь л орж чаддаг болгочих. Дараа нь сурч байх хугацаандаа шалгалтандаа унасан, сурч чадаагүй, даалгавраа хийгээгүй, кредит нь хүрэхгүй, сахилга батын зөрчил гаргасан оюутнуудаа шууд хөөгөөд явуулдаг болчих, битгий кредитний мөнгө гэдэг юм авч үлдээгээд байгаач. Гуравт нь гойд сайн сурлагатай оюутныг төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг болгочих. Тэгээд л болоо. Эхний ээлжинд энэ гурван мааш энгийн манай улсаас бусад бүх улсын их дээд сургуульд мөрддөг хамгийн наад захын ойлгомжтой дүрмээ биелүүлдэг болчихооч. Тэгэнгүүт аяндаа наад сургууль чинь эрүүлжээд эхэлнэ.
Манай хүнийг сурч байхад солонгос оюутнууд өглөөний 5 цагт номын сандаа оочерлоод зогсож байдаг байсан гэсэн. Цүнхээ оочерлуулж өрж тавьцгаачихаад наана нь цэцгийн мандлын ирмэг дээгүүр дугхийцгээж байдаг байсан гэсэн. Америкт сурдаг байсан нөхрийн найз солонгос хичээлийн хажуугаар 2 ээлжийн цагийн ажил хийж байр хоолны мөнгөө олоод дээрээс нь хичээлдээ шамдаж тэтгэлэгт өрсөлдөж сургалтын төлбөрөө төлдөг байсан гэсэн. Хүн ачаалал дааж байж юм сурдаг юм, бэлэн үнэгүй юм хэзээ ч хүнд сайн зүйл сургадаггүй.
Би уг нь Элбэгдоржид гайгүй л байсан, гэхдээ оюутнуудад хавтгайд нь сарын цалин өгөх болсонд нь аймаар дургүй хүрсээн. Уг нь үүнийг маш сайн сурсан оюутнуудад сарын бүр 300,000-500,000 төгрөг хүртэл өгдөг том хэмжээний улсын тэтгэлэг болгох байсан юм. Тэгвэл ядаж өрсөлдөөн үүснэ, оюутнууд нь ядаж тэрийг авах гэж хичээлээ хийдэг болно шд. Одоо бол зүгээр л хичээл хийдэг ч бай үгүй ч бай архичин ч бай шоучин ч бай өгдөг болохоор сар бүрийн мөнгө буух өдрийг тэсэн ядан хүлээсэн хүлээлт. Тэр мөнгө буудаг өдрийн орой нь УБ-ын баарууд ачааллаа дийлэхээ байдаг гэх чинь билээ. Яг тэр өдөр нь номын дэлгүүрийн орлого эрс нэмэгддэг гэдэг судалгаа би л лав одоохондоо олж хараагүй байна.
Дампуурчихсан байгаа дээд боловсролоо яаж олон улсын жишигт дөхүүлэх вэ /олон улсын үнэлгээгээр манай МУИС бүр 4000 хэдэд ч билээ дээ байдаг, ТИС бүр 7000-д байдаг гэж уншиж байсан/ гэж бодохын оронд яаж сонгуулийн шоу болгож ашиглаад устгаж дампууруулж хаях вэ гэж л бодох юмаа. Хөөе та нар тэр сонгуулиа мөрөөрөө хий, битгий боловсролын системээр оролдоод бай, Монгол улсад сайн боловсрол хэрэгтэй байна гээд очоод орилчихмоор байх юм.

3 comments:

Piglet said...

Ердөө сонгуульд зориулж эдийн засгийн боломж бололцоо муутай айл өрхүүдээс санал авах гэсэн нэг хэлбэр. Мэдээж хүүхдээ боловсролтой болгоод авахыг тэгээд бүр үнэгүйгээр шүү бүх хүн л хүснэ шд. Боловсрол үнэгүй байж болохгүй ээ, одоогийн энэ байдлаараа сүйрэх гээд байхад жинхэнэ сүйрэл болно биз дээ.
100% санал нэгтэй байнаа.

Aamregled said...

яг үнэн яг үнэн

Uuganaa said...

Харин тэх. Сонгуульд л ялж байвал хамаагүй гэсэн шиг тэнэг амлалт гаргах юмаа.