Friday, June 21, 2019

Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 2

Гарчигийг нь жаахан буруу өгчихсөн юм шиг санагдаад хүмүүсийн ярианы хэлээр өөрчилчихлөө.
За маргааш нь эмнэлэг дээрээ давхиад очлоо. Нөгөө уриалгахан охин чинь бөхөлзөж нахилзаад угтаж аваад цаашаа дахиад өөр охинд өгчихлөө намайг. Нөгөөх нь намайг дагуулаад бүүр цаашаа эмнэлгийн гүн рүү явлаа. Тэгсэн чинь тэр чинь ямар том байсан юм бэ? Би наагуур лобби, эмч нарын өрөө, нүд шалгадаг баахан тоног төхөөрөмжтэй том танхим эд нараар төсөөлөөд байсан чинь бүр цаашаа хагалгааны хэсэг гээд өөр бас том хэсэг байсан байна. За тэгээд хувцас солих өрөөнд орж бүх хувцсаа тайлаад эмнэлгийн хувцас өмсөөд дахиад нэг өрөөний үүдэнд суулгачихлаа. Өөр нэг сувилагч охин ирээд нүд рүү нэг тестерний цаас шиг зүйл хийж үзэж байна. Нулимсний хэмжээг үздэг тест гэнэ. Тэгсэн энгийн хүнийх 5 хүртэл микрограмм ч билүү нулимстай байх ёстой байтал минийх 1.7 гарч маш бага нулимстай өөрөөр хэлбэл "огт уйлдаггүй хүн" за за тоглосон юм маш хуурай нүдтэй байнга хиймэл нулимс дусааж байвал таарах хүн болов. Үүнийг дагуулж орж ирсэн англи хэлтэй сувилагч охин тайлбарлаж өгөв. Охин охин гээд л байдаг тэд нар чинь нэг жаахан охин шиг харагдахаар туранхай яс арьс, тэгээд гоё арьстай, нүд амаа будчихсан болохоос биш нас нь бол зарим нь надаас ч хөгшин байх л даа.

Tuesday, May 28, 2019

Дахиад л хүүхдийн шүд

Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн төлөө ганц сайхан зүйл хийж байгаа нь энэ жил хэрэгжиж буй "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хэтөлбөр юм. Үүнд 0-12 насны хүүхдүүдэд улсаас нэг удаа 60,000 төгрөгийн шүдний эмчилгээ үнэ төлбөргүй хийж өгч байгаа юм байна. 60к гэдэг шүдний эмчилгээнд бол хаана ч хүрэхгүй өчүүхэн бага мөнгө ч гэсэн эцэг эхчүүд ядаж хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх боломж гаргаж өгч байгаа юм уу даа. 
Хамгийн харамсалтай нь нийтдээ одоогийн байдлаар 31,000 хүүхэд энэ хөтөлбөрийн хүрээнд шүдний эмнэлэгт хандснаас ердөө 1,700 хүүхэд буюу 0.05% нь л эрүүл шүдтэй гэж гарчээ. Бусад бүх хүүхэд шүдэндээ ямар нэг байдлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан гэсэн үг. 
Миний ажигласнаар хүмүүсийн ахуйн соёл ариун цэвэр аймшигтай муудсан санагддаг. Хааяа нэг автобусанд суух хэрэг гардаг юм. Пээ та нар хүмүүс ямар аймаар үмхий амтай хэзээ ч шүдээ угаадаггүй байх гэмээр үнэр танартай байдаг гэж бодно автобусанд. Бас дээрээс нь ойрд усанд ороогүй эсвэл бүр ойрын ойрд хувцсаа угаагаагүй байх гэмээр үнэртдэг. Ганц автобус ч биш лифтэнд тэгэж үнэртдэг. Өөрсдөө ийм байгаа хүмүүс хүүхдийнхээ шүд аманд анхаарч шүдийг нь угаалгадаг гэж би лав огт бодохгүй байна. 
Та нар санаж байгаа даа. Японд байхад япон сургуулийн 1500 хүүхдээс 2хон хүүхэд шүд нь асуудалтай тэр нь манай 2 монгол хүүхэд байсаан гэж. Тэгээд хүүхдээ дагуулаад шүдний эмнэлэг явж байгаа ээжийг их муу хэлдэг, муу ээж арчаагүй ээж гэдэг гэж ангийнхан нь миний охиныг шоолсон гэж. Түүнээс хойш би үхтлээ ичээд 2 хүүхдийнхээ шүдтэй ёстой ноцолддог болсон доо. Сая манай хоёрын сургууль дээр шүдний эмчийн үзлэг болоод (эдний сургууль нэг сайхан юм нь жил бүр эмч нар ирээд шалгаад үзээд анхаарах зүйлс, өвчтэй шүд гэх мэтийг тэмдэглэсэн форм бөглөөд аав ээж рүү нь явуулдаг) манай 2 ямар ч шүдний өвчлөл байхгүй гарсан байна лээ. Харин охиныг шүдээ хэтэрхий удаан үрж угаадаг юм байна, гадарга нь жаахан элэгдсэн байна гэсэн. Бас Д витамины дутагдлаас үүдэлтэй Кальцийн дутагдал үүсч байгаа шинж тэмдэг байна, Д витамины шинжилгээ өгч нэмэлтээр Д + Calcium уугаарай гэсэн байсан. 
Ер нь би нэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Манай улсад хүүхдийн шүдний өвчлөл ийм аймшигтай асар их байгаа нь эцэг эхийн арчаагүй, хайхрамжгүй, мэдлэг боловсролгүй хатуухан хэлбэл тэнэг бүдүүлэг байгаагийн шинж юм байна аа гэж. Тиймээс хүүхдийнхээ шүдийг байнга угааж өг, угаалгаж сурга, шүд угаахыг бүр зуршил болгож сурга. Хүүхдийг 7 нас хүртэл нь шүдийг нь угааж өгөх ёстой гэдэг юм байна лээ. Тэгэхгүй бол тэр нөхдүүд чинь өөрөө зөв бүрэн угааж чаддаггүй гэсэн шүү. 

Monday, April 29, 2019

Нийгмийн сайн сайхны төлөө

Ногоохон нь энэ хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө бас жаахан ч гэсэн юм хийе гээд ганц нэг ажил хийлээ. 
Улаанчулуутын хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм байна. Гэхдээ ямар ч хараа хяналтгүй, хууль үйлчилдэггүй, эрүүл мэнд боловсролын нийгмийн үйлчилгээ авдаггүй зүгээр л ертөнцөөс тусгаарлагдсан тийм хүмүүс байдаг юм байна. Тэд нар тэгээд амьд амьтан л болсон хойно үржинэ үр хүүхэд гаргана. Гарсан хүүхдүүд нь үнэхээр өрөвдөлтэй юмаа, ертөнцийн хамаг муу муухай бүхнийг үзэж харж мэдэрч өртөж өсдөг юм байна. 
Тэр газар хүүхдүүдэд зориулаад Вэлүү гээд гадны эхнэр нөхөр хоёр өөрсдийн санаачилгаар байгуулсан цэцэрлэг байдаг юм байна. Харин хажууд нь бас нэг монгол залуугийн байгуулсан ТББ цэцэрлэгээс дээш сургуулийн насны хүүхдүүдийг албан бус сургалтанд (нас хамаарахгүй бага боловсрол олгох) хамруулдаг газар байна. Гадаад эхнэр нөхрийн байгуулсан нь бол харьцангуй хангамж тусламж сайн санагдсан. Харин монгол залуугийн байгуулсан албан бус сургалтын төвд тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй юм билээ. 
Тэгээд их юмаар туслаж чадахгүй ч ажлынхнаа уриалж хэдэн төгрөг цуглуулаад тэр хүүхдүүдэд хичээлийн цүнх дэвтэр үзэг авч өглөө. Бас ажлынхандаа ийм газар байдаг юм шүү, юугаар ч хамаагүй туслаарай гэж уриаллаа. Дараа нь манай ажлын хэд хэдэн хүн чадах чадах зүйлсээрээ (хүүхдийн шинэ хоргодох байранд нь хөнжил гудас, нэг өдрийн хоол, сүү тараг, халаагуур гээд л) тусалсан. 
Түүний дараа хүүхдүүдийн тархи толгой руу жаахан оюунлаг хөрөнгө оруулалт хийе гэж бодоод 10 жилээ төгсөж байгаа ахлах ангийн сурагчдад зориулаад мэргэжлээ яаж сонгох уу, тэтгэлэг яаж олох уу, англи хэл яаж сурах уу гэх мэт сэдвээр хотын захын 3 сургууль сонгож пресентаци хийж өглөө. Үнэнийг хэлэхэд хотын захын сургуулийн хүүхдүүд мэдээллээр маш их бүр маш их цангаж дутагддагийг тэгэхэд л мэдэж авлаа. Биокомбинат, Партизаны САА байдаг сум (Сонгинохайрхан дүүрэгтээ ордог юм байна), Зүүнсалаа гэх мэт. Тэр хүүхдүүдэд яг энэ хэрэгтэй сэдвээр нь яриад өгдөг хэлээд өгдөг зөвлөөд өгдөг хүн эсвэл ямар нэг эвэнт эд нар байдаггүй юм байна гэж ойлгосон. 

Одоо бас нэг ажил төлөвлөөд байгаа. Энэ зунаас өмнө хийх санаатай. 
Блогтоо оруулах нэг орчуулгын юман дээр сууж л байна. Блогтоо л бага багаар оруулаад явъя гэж бодоод байна. 

Friday, April 26, 2019

Өсвөр насныхан

Манай гэрт 4 том хүн байна. Манайд ямар ч хүүхэдтэй холбоотой, хүүхэд энэ гэрт байдаг гэж санагдуулахаар зүйл юу ч байхгүй болсон. Хувцас, тоглоом, тв, аяга таваг, ханан дээр наасан цаас, зурсан зураг бүр юу ч байхгүй.

Friday, April 5, 2019

Сайн уу 2019 он!

Энэ жил маш гайхамшигтай эхэлсэн шүү. Бөөн бөөн сюрприз дүүрэн.
Би гэдэг хүн блогийнхоо пасс байтугай аккаунтыг мартаад хэдэн жил орж чадахгүй таг суулаа шд. Шинээр нээх гэхээр хайран энэ блог минь санагдаад. Тэгээд Google-тэй хэдэн сар хэлэлцээр хэрэлдээн хийсний эцэст нэг юм өнөөдөр л орж ирлээ. Та нар хүртэл намайг энэ нөгөө Ногоохон чинь мөн үү гэж бодож байна уу? Би мөн байна аа мөн байна. Жаахан хөгширснийг эс тооцвол ккк. Одоо идэвхитэйхэн бичиж байна аа.
Энэ хугацаанд надад юу тохиолдов? Юу ч тохиолдоогүй. Хүний урманд та нарт сонирхуулаад хэлчихмээр сонин сайхан байсангүй, амьдрал яг хэвийн нэгэн хэмээр үргэлжлээд л хоёр хүүхдийн ангийн тоо нь л дээшээ нэмэгдэхээс өөр өөрчлөлт байхгүй. Ийм байхаар блог дээр юм бичихээс ч урамгүй байсан байхаа.
Харин одоо ямар ч байсан бичих юм бодож гаргаж ирээд бичнэ дээ.

Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 1

Бичиж үлдээхгүй бол мартчих гээд байна. Өнгөрсөн намар Солонгос явж нүдэндээ лазер хийлгэж нүдний шил зүүхээ болилоо. Сэтгэл ханамж хэдэн зуун хувь, эртхэн хийлгэхгүй яав даа гэж бодов. 
За энэ шийдвэрийг тийм удаан бодож гаргаагүй юмаа, бараг гэнэт шийдсэн гэхэд болно. Ээлжийн амралтаа аваад нэг гадагшаа явъя гэж бодоод хаашаа явах вэ гэж байснаа ойрд солонгос яваагүй, тэнд бас нэг хэдэн ах дүү нар байгаа очъё, бас нөхрийн солонгос найзын ятгалгаар нүдээ нэг үзүүлээдхэе гэж бодлоо. Зүгээр үзүүлье гэж бодсоноос яг лазер хийлгэнэ гэж ч үнэндээ бодоогүй юм. 
Онгоцны билетээ тулгаж захиалснаас болоод хөнгөлөлттэй билет олдохгүй 4 хүний ирж буцах билет бас аюулын үнэтэй болоод болдоггүй. Бас хажуугаар нь визний материалаа бүрдүүлж өгсөн чинь ачаалал ихтэй байгаа тул ердийн гардаг хугацаанаасаа дахиад 2 долоо хоногийн дараа гарна гээд хямраав. Би чинь яг цаг нартай ажилтай, амралтаа урагшлуулж хойшлуулах илүүдүүлж дутуудуулах ямар ч боломжгүй болохоор бүх явах суух эргэж ирээд ажилдаа орох, ороод хийх юмнуудаа яг таг төлөвлөчихсөн байдаг юун тэгэж дахиж 2 долоо хоног сунгаж хойшлуулах боломж байх вэ дээ. 
За тэгээд байж байсан чинь гэнэт утас дуугараад билетийн касснаас хөнгөлөлттэй гэр бүлийн билет оллоо гэхдээ маш хатуу нөхцөлтэй буцааж болохгүй, өөрчилж болохгүй  тэгвэл асар өндөр торгуультай гэнээ. Өө авъя авъя, яг тэр өдөр судраараа бичээд гаргачих гэнгүүтээ Солонгосын ЭСЯ руу гүйлээ. Дүрэм журмаараа явж байгаа албан газрын ажлыг урагшлуулж баахан орилж хашгирч уйлж дуулсанд одоо тэндээс миний бичсэнийг уншиж байгаа хүн байвал уучлаарай. Гэхдээ маш их баярласан шүү. Бидний паспортыг орой нь гаргаад өгчихсөн (7 хоногийн дотор гэсэн үг). Тэгээд л юмаа баглаж аваад маргааш үүрээр нь нисчихсэн. Очсон чинь аймаар халуун, бүх юм тод өнгөтэй, нүдний шилээ арччихсан юм шиг санагдаад. Хоол унд хүртэл амттай шимттэй гэж жигтэйхэн, дэлгүүр хоршооны бараа таваар нь наашаа ороод ир наашаа ороод ир гэж дуудаад. За тэр яах вэ, гол яриандаа оръё.