Friday, April 26, 2019

Өсвөр насныхан

Манай гэрт 4 том хүн байна. Манайд ямар ч хүүхэдтэй холбоотой, хүүхэд энэ гэрт байдаг гэж санагдуулахаар зүйл юу ч байхгүй болсон. Хувцас, тоглоом, тв, аяга таваг, ханан дээр наасан цаас, зурсан зураг бүр юу ч байхгүй.

Манай хоёр жигтэйхэн том болсон. Бүр огцом гэнэт л эрс том болцгоочих юмаа. Ярьж хэлж өмсөж зүүхээс авахуулаад тв-гээр үздэг юм, хичээл ном, идэж уух нь хүртэл шал өөр, том хүнийх шиг болчих юм. Манай хүүд хүүхдийн тасгийн хувцас таарахаа байгаад том хүний тасгийн S размерийн хувцас өмсдөг болсон. Бүх хувцас гутал нь багадаад. Дээрээс нь аавынхаа гутал оймс цамц футболка тэсгээхээ байсан. Манай хүн байнга оймсоо алдчихна. Миний угаасан оймсноос нэг ч алга гээд л үглээд байна. Ядаж байхад эрэгтэй хүүхэд чинь хувцас их сайн шингээдэг юм байна шдээ. ТВ-гээр дан сагсны тэмцээн эсвэл кино л гарч байх юм. Хэдхэн жилийн өмнө Cartoon network-ын хэдэн хүүхэлдэйг хашраадаг байсан хүү маань дүү нарын жаахан хүүхдүүд ирээд энэ сувгийг тавихаар огиулчих гээд чихээ дараад өрөө рүүгээ орчихдог болсон ч байх шиг.
Охин бол бүр аль хэдэн жилийн өмнөөс л миний хувцаснаас булаацалдаастай том хүний тасгаас хувцас авдаг болчихсон байсан. 00 өрөөнд охины гоо сайхны юмнууд минийхээс олон өрөөстэй хөглөрөөстэй. Байсгээд л миний тийм ч тос дууссан, ийм ч foundation, cushion, нүүрний хөөс юу юу ч дууссан гээд л.
Нөхрийнхөө утас руу залгасан манай хүү утсыг нь авсан юм байна л даа, би танихгүй хайраа гэж яриад. Миний утсыг охин авчихвал манай хүн бас эндүүрч хайраа гэж баахан яринаа. Тэгэхээр охин "Май, нөхөр чинь яриад байна" гэх жишээтэй.
Гадуур хоол идэхэд хүртэл, ажлынхантайгаа юу идэх вэ гэж ярьж байгаа аятай бөөн хэрүүл болох юм. Хятад хоол идье, гүйээ тэдний хоол муухай, япон хоол идье гүйээ, со хоол идье тэдний кимчи жигэ нь сүүлд ороход дажгүй байсан шд гээд л манай хоёр бөөн санал хүсэлт. Гэрт хоол хийхэд хүртэл би нэг иймэрхүү яриатай "Анхаарлаа төвлөрүүлээд аятайхан хоол хийгээрэй, битгий эртээдийнх шиг сонин амттай хоол хийчээрэй" гэж хоёр хүүхдээ загнаастай.
Гадагшаа явахад бүр аймаар зардалтай болсон шдээ. Бүх юм шууд 4-өөр үржигдэнэ. Онгоцны билет, байр, хоол унаа унш, шоппинг энэ тэр зардлууд бүгд шууд 4-өөр үржээд л явж өгнө дөө. Хамгийн сүүлд Тайланд явсан. Бас овоо зардал гарсаан, одоо дахиж мөд гадагшаа явж чадахгүй байх өө ккк.
Дүү нар харин ёстой үржиж өгч байна. Манай хүн бид 2 чинь хоёулаа айлын том, доороо 2,3 дүү нартай, тэд нар нь одоо бүгд аль хэдийн хүнтэй суугаад тусдаа гарцгаачихсан болохоор бүгд хоёрдугаар гуравдугаар хүүхдээ төрүүлж байна. Зөвхөн энэ жил гэхэд дүү нарын гэр бүлд 4 шинэ хүн төрлөө, төрж байна, төрөх гээд байж байна. Тэд нар манайд ирэхээр яг цэцэрлэг шиг юм болох юмаа. Би одоо хоёр хүүхдийнхээ ийм жаахан байхдаа ямар байсныг ор тас мартсан байх юм. Бодвол ингээд л орилоод л чарлаад л чаргууцалдаад л явж байсан байх даа. Манай хоёртой насны хувьд дөхөж очих үеэл бүр огт байхгүй. Тийм болохоор тэр нөхдийг ирэхээр манай хоёртой тоглоод хөөрхөн байна майна гэдэг ойлголт байхгүй шдээ. Харин ч манай хоёр чинь том хүмүүс аятай л хүүхдийн хоол хийгээд өгчих, гадаа гаргачих, салхилуулчих, тв асаагаад өгчих, памперсийг нь сольчих гээд ажилд зарагдаад, бас нөгөө хэд нь өрөөнийх нь хамаг юмыг бусниулчихаад байдаг болохоор гэрт жижиг нөхдийг ирэхээр тун дургүй. Тийм болохоор манайд хүүхдийн юм их содон харагдана аа. Заримдаа нөгөө нөхдүүд энд тэнд айл хэсч байгаад оимс цамц ямар нэг юмаа гээчихээд манайхаас сураглавал би өөдөөс нь "Манайд тийм хүүхдийн ямар нэг юм байвал аймаар содон харагдана шдээ. Мэдэж байгаа биз дээ" гэнэ.
Тэгээд гэрт 4 том хүн байхаар ер нь бол оройдоо их уйтгартай болчих юмаа. Нөхөр хүү хоёр тв үзээстэй, охин утсаа маажаастай, нохой унтаастай, би тэгээд л наагуур цаагуур нэг явж байгаад гал тогоо эргүүлээстэй. Ойрдоо гэхдээ юм оёдог хообийтой болсон.
Манай гэрийн хамгийн намхан нь би, хамгийн жижиг нь манай нохой л байх шив дээ.
Ийм болохоор

1 comment:

Сүрэн said...

Хүүхдүүд том болоод, амьдрал тогтворжоод, "Нас тогтох сайхааанн ♪♪" гээд дуулах үе ирсэн байна даа, баяр хүргэе! :)