Ногоохон нь энэ хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө бас жаахан ч гэсэн юм хийе гээд ганц нэг ажил хийлээ.
Улаанчулуутын хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм байна. Гэхдээ ямар ч хараа хяналтгүй, хууль үйлчилдэггүй, эрүүл мэнд боловсролын нийгмийн үйлчилгээ авдаггүй зүгээр л ертөнцөөс тусгаарлагдсан тийм хүмүүс байдаг юм байна. Тэд нар тэгээд амьд амьтан л болсон хойно үржинэ үр хүүхэд гаргана. Гарсан хүүхдүүд нь үнэхээр өрөвдөлтэй юмаа, ертөнцийн хамаг муу муухай бүхнийг үзэж харж мэдэрч өртөж өсдөг юм байна.
Тэр газар хүүхдүүдэд зориулаад Вэлүү гээд гадны эхнэр нөхөр хоёр өөрсдийн санаачилгаар байгуулсан цэцэрлэг байдаг юм байна. Харин хажууд нь бас нэг монгол залуугийн байгуулсан ТББ цэцэрлэгээс дээш сургуулийн насны хүүхдүүдийг албан бус сургалтанд (нас хамаарахгүй бага боловсрол олгох) хамруулдаг газар байна. Гадаад эхнэр нөхрийн байгуулсан нь бол харьцангуй хангамж тусламж сайн санагдсан. Харин монгол залуугийн байгуулсан албан бус сургалтын төвд тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй юм билээ.
Тэгээд их юмаар туслаж чадахгүй ч ажлынхнаа уриалж хэдэн төгрөг цуглуулаад тэр хүүхдүүдэд хичээлийн цүнх дэвтэр үзэг авч өглөө. Бас ажлынхандаа ийм газар байдаг юм шүү, юугаар ч хамаагүй туслаарай гэж уриаллаа. Дараа нь манай ажлын хэд хэдэн хүн чадах чадах зүйлсээрээ (хүүхдийн шинэ хоргодох байранд нь хөнжил гудас, нэг өдрийн хоол, сүү тараг, халаагуур гээд л) тусалсан.
Түүний дараа хүүхдүүдийн тархи толгой руу жаахан оюунлаг хөрөнгө оруулалт хийе гэж бодоод 10 жилээ төгсөж байгаа ахлах ангийн сурагчдад зориулаад мэргэжлээ яаж сонгох уу, тэтгэлэг яаж олох уу, англи хэл яаж сурах уу гэх мэт сэдвээр хотын захын 3 сургууль сонгож пресентаци хийж өглөө. Үнэнийг хэлэхэд хотын захын сургуулийн хүүхдүүд мэдээллээр маш их бүр маш их цангаж дутагддагийг тэгэхэд л мэдэж авлаа. Биокомбинат, Партизаны САА байдаг сум (Сонгинохайрхан дүүрэгтээ ордог юм байна), Зүүнсалаа гэх мэт. Тэр хүүхдүүдэд яг энэ хэрэгтэй сэдвээр нь яриад өгдөг хэлээд өгдөг зөвлөөд өгдөг хүн эсвэл ямар нэг эвэнт эд нар байдаггүй юм байна гэж ойлгосон.
Одоо бас нэг ажил төлөвлөөд байгаа. Энэ зунаас өмнө хийх санаатай.
Блогтоо оруулах нэг орчуулгын юман дээр сууж л байна. Блогтоо л бага багаар оруулаад явъя гэж бодоод байна.
1 comment:
Yamar mundag yum be
Post a Comment