Wednesday, December 19, 2012

2012-12-21: NASA юу гэж байна?

За энэ ч арай дэндэнээ. Сүүлдээ бүүр аргаа бараад цаг заваа хумслан НАСА-гийн сайт руу орж ийм юм орчуулаад сууж байна. Мэдлэгийг түгээж ард түмнийг гэгээрүүлэх үйлсийн төлөө миний энэ орчуулгыг хаана ч ямар ч байдлаар хуулбарлан түгээхийг машид дэмжинэ. Ногоохон блогийн Наран.
Эх сурвалж
Асуулт: 2012 онд манай дэлхийд заналхийлэх ямар нэг аюул бий юу? Интернэтэд маш олон вэбсайтууд дэлхийн төгсгөл 2012 оны 12 сард ирнэ гэх юм.
Хариулт: Дэлхий 2012 онд сүйрэхгүй. Манай дэлхий цаашид 4 тэрбумаас ч илүү олон жил оршин байсаар байх бөгөөд 2012 онтой холбоотой ямар нэг аюул тохиолдохгүй гэдгийг дэлхий даяарх эрдэмтэд мэдэж байгаа.
А:Дэлхийн сүйрэл 2012 онд болно гэдэг таамаг ер нь яагаад гарч ирэх болов оо?
Х: Анх энэ яриа Шумерчуудын нээсэн дэлхийг чиглэн ирж буй Нибуру хэмээх гаригтай холбоотой л доо. Эхэндээ энэ сүйрлийг 2003 оны 5 сард гэж зөгнөж байсан боловч тэр өдөр нь юу ч болоогүй тул одоо 2012 оны 12 сар луу шилжүүлж мөн үүнийгээ эртний Маяачуудын календарны дуусч буй нэг мөчлөгтэй холбож бүр 2012 оны 12 сарын 21-ний өвлийн туйл нар буцах өдрийг гэх болсон.
А:Тэгэхээр тэр Маяачуудын календар нь үнэхээр 2012 онд дуусч байгаа юм уу?
Х: Танай гал тогооны ханан дээр байгаа календар 12 сарын 31-нээр дуусч байгаа ч цаг тоолол тэгээд дуусчихдаггүй биз дээ. Яг л үүнтэй адил Маяачуудын календар энэхүү 12 сарын 21-нээр дуусч байгаа юм биш зүгээр нэг урт тоолол нь л дуусч байгаа юм. 1 сарын 1-нээс дахиад шинэ календар аваад хэрэглэдэг шиг Маяачуудын дараагийн нэг урт тоолол нь эхэлж байгаа юм.
А: 12 сарын 23-наас 25 хүртэл дэлхий даяар цахилгаан тасарч харанхуй болно гэж NASA ер нь таамаглал гаргасан уу үгүй юу?
Х: Огтхон ч үгүй. Ганц НАСА ч биш өөр ямар ч шинжлэх ухааны байгууллага тийм таамаглал гаргаагүй. Ийм ташаа ойлголт "гаригуудын давхцал" болох үед  цахилгаан байхгүй болдог гэх буруу ойлголттой холбоотой. Ямар ч тийм давхцал байхгүй. Энэ цуурхлыг гаргаж буй зарим газрууд манай НАСА-гийн зохион байгуулагч Чарльз Болдений онцгой байдлын үед бэлэн байх тухай яриаг иш татсан байна лээ. Энэ бол Америкийн засгийн газраас зарлаж буй онцгой байдлын үед бэлэн байх өргөн хүрээний кампанит ажлыг дэмжиж хийсэн л яриа. Үүнд ямар ч харанхуй болох цахилгаан тасрах тухай огтхон ч дурьдаагүй. Уг видеог үзэх.
А: Тэгвэл гаригуудын давхцал манай дэлхийд нөлөөлөх юм биш биз?
Х: Ойрын хэдэн арван жилдээ ямар ч гаригуудын давхцал болохгүй, болсон ч энэ нь манай дэлхийд онцын нөлөө үзүүлэхгүй. Нэг томоохон давхцал 1962 онд болсон, бас 1982, 2000 онуудад өөр 2 ч давхцал болсон. Жил бүрийн 12 сард нар дэлхий хоёр Тэнгэрийн заадал /Milky way/ галактикийн тодорхой төвд давхцдаг боловч энэ нь ямар ч нөлөөгүй, жилийн жилд болж л байдаг үйл явдал.
А: Нибуру, Экс гариг, Эрис гэх мэт ер нь манай дэлхийтэй мөргөлдөж эсвэл их хэмжээний хор хохирол учруулах гариг байгаа юу?
Х: Нибуру гэх мэтийн тийм санаан зоргын гаригуудын тухай яриа нь зүгээр л интернэтийн хууран мэхлэлт. Энэ тал дээр ямар ч баримттай үндэс нотолгоо байхгүй. Хэрвээ үнэхээр Нибуру ч юмуу Экс гариг ч юмуу тийм гариг байгаад 2012 оны 12 сард дэлхийг мөргөхөөр ирж явсан бол одон орон судлаачид ядаж сүүлийн арван жил түүнийг ажиглаж байна, тэгээд ч өдийд тэр гаригийг бид тэнгэрт харж байх ёстой. Мэдээж тийм гариг байхгүй. Эрис бол харин жинхэнээсээ байдаг, гэхдээ энэ бол Дэлхийн вантай адил манай нарны системийн гадна талын одой гариганцар бөгөөд дэлхийд хамгийн ихдээ л 4 тэрбум миль ойртож чадна.
А: Дэлхийн туйлууд шилжих тухайд? Хэдэн цагийн дотор биш юмаа гэхэд өдрийн дотор ингэж дэлхийн гадаргуу 180 градус эргэх боломж бий юу?
Х: Дэлхийн туйлууд тэгэж байраа солино гэдэг ямар ч боломжгүй зүйл. Тивүүдийн шилжих хөдөлгөөн байдаг боловч энэ нь маш удаан /жишээ нь, хэдэн зуун сая жилийн өмнө Өмнөд туйл эквадорын хавьд байсан/, гэхдээ энэ нь туйлууд тэгэж солигдохтой цуурхалтай огтхон ч хамаагүй. Гэтэл маш олон худалч веб хуудсууд юм мэдэхгүй хүмүүсийг хуурч молиго үмхүүлж байна. Тэд дэлхийн эргэлт болон соронзон туйл хоёрын хооронд ямар нэг холбоо байгаа мэтээр тайлбарлаж байгаа юм. Соронзон туйл нь дунджаар 400,000 жилд нэг удаа байраа сольдог. Ингэж соронзон туйл солигдох нь бидний мэдэхээр дэлхий дээрх амьдралд тэгтлээ гэм хор хүргэж чадахгүй. Тэгээд ч эрдэмтэд соронзон туйл солигдох явдал ойрын хэдэн мянган жилдээ тохиолдох нь юу л бол гэж итгэж байгаа.
А: 2012 онд дэлхий солиртой мөргөлдөх аюул бий юу?
Х: Дэлхий маань ер нь байнга ямар нэг солир сансрын жижиг биеттэй мөргөлдөх нөхцөлд байдаг боловч ийм том хэмжээний мөргөлт маш ховор. Хамгийн сүүлийн том хэмжээний солирын уналт 65 сая жилийн өмнө болж үлэг гүрвэлүүдийг сөнөөсөн шүү дээ. Өнөөдөр НАСА-гийн одон орон судлаачид Сансар огторгуйг хамгаалах судалгаа гээчийг хийж дэлхийтэй ойр томоохон солир сансрын биетийг ирж дэлхийг мөргөхөөс нь өмнө илрүүлэх ажил хийж байна. Динозавруудыг мөхөөсөн шиг тийм том хэмжээний солирын аюул байхгүй гэдгийг бид аль хэдийн тогтоосон. Энэ бүх солирын нээлтүүд манай NASA Near-Earth Object Program Office website дээр байгаа тул та бүхэн өөрсдөө эндээс 2012 онд манай дэлхийд заналхийлсэн солир байхгүй болохыг харж болно.
А: НАСА-гийн эрдэмтэд ер нь энэ 2012 он дэлхийн төгсгөл хэмээх цуурхлыг яаж хүлээж авч байна?
Х: 2012 оны тухай иймэрхүү гай гамшгийн тухай хий хоосон худал цуурхал тараагчдад хандаж хэлэхэд шинжлэх ухааны үндэс нь хаана байна, баримт нотолгоо нь хаана байна? Ямар ч баримт байхгүй. Иймэрхүү зүйлээр өчнөөн ч ном зохиол бичиж кино нэвтрүүлэг хийж интернэтийг тэр чигт нь иймэрхүү мэдээлэл эзлээд байгаа ч ганц ч баталгаа нотолгоотой зүйл байхгүй, байсан бол бид тийм жинхэнэ зүйлийг өөрчилж чадахгүй шүү дээ. 2012 оны 12 сард ямар нэг гай гамшиг болохыг баталж чадах хүлээн зөвшөөрч болмоор ганц ч баримт нотолгоотой мэдээлэл байхгүй.
А: Асар хүчтэй нарны шуурга 2012 онд болох уу?
Х: Нарны үйл ажиллагаа өөрийн циклтэй байдаг бөгөөд 11 жил тутамд оргилдоо хүрдэг. Яг энэ оргил үеийнх нь нарны гадаргуу дээрх дэлбэрэлт хиймэл дагуулын холбоо харилцаанд зарим нэг саатал учруулах боломжтой, гэхдээ инженерүүд одоо нарны шуурганаас хамгаалалттай тоног төхөөрөмж бүтээх талаар олж мэдэцгээж байгаа шүү дээ. Нарны дараагийн оргил үе нь 2012-2014 оны хооронд тохиох боловч дундаж л нарны цикл гэж таамаглаж байгаа. Урьд урьдын циклүүдтэй л адил, ямар нэг өөрчлөлт байхгүй.
Дэлгэрүүлж унших бол эх сурвалж хуудасны хамгийн дор нь байгаа.


Tuesday, December 18, 2012

Эрэгтэй хүн өвдөлт даахдаа муу

гэдгийг би бол зүгээр л туршилт хийж баталж байна шд энд. Манай хүн болбоос ган болд мэт бие хаатай хэзээ ч эмнэлэг домнолог явж байгаагүй хүн чинь энд эмнэлэгт хэвтээд хагалгаа магалгаа хийлгээд ёстой үзээгүй юмаа үзэж байна. Яаж азаар миний хажууд энд сайн сайхан газар байгаа дээрээ өвдсөн юм гэж ч бодох шиг. Монголд байсан бол халуураад өвдөөд байхад тэр чигээрээ диван дээрээ хэвтсээр байгаад үхэх байсан биз. Яагаад эрэгтэй хүн эмнэлэг явах ийм дургүй аймхай болчдог байнаа. Би бүтэн 7 хоног үглэж байж сүүлдээ шөнө унтаж чадахаа байгаад өвдөлтөндөө шаналаад ирэхээрээ аргагүй намайг дагаж эмнэлэг орж байгаа байхгүй юу, тэгсэн өнөө олгой нь аль хэдийн хагарчихсан ч байх шиг. За тэгээд хагалгааны дараах 3 хоног бол манай хүн зүгээр л өлгийтэй маамуу болсон шүү дээ. Ам руу нь хоол халбагадаж бие засуулж хувцас хунарыг нь сольж бүх юмыг нь хийж өгч 3 өдөр сахилаа. Чи одоо юун сүртэй юм бэ, олгойны хагалгаанд ингэж байгаа юм чинь над шиг 2 удаа кесерово хагалгаагаар хүүхэд гаргасан бол яах байсан юм, яг ийм оёотой онгорхой гэдэстэй дээр нь нэмээд хөхөнд чинь сүү орж чинээд дээр нь нэмээд бас нэг улаан нялзрай юм авчраад өгчихнө шдээ гэсэн чинь чи битгий хүн үхэх гэж байхад аймаар юм яриад бай л даа гэнээ хахаха.
За за дараа тухтай бичье. Одоо сургууль дээр илтгэл тавих ёстой. Хүүгээ босгож аваад чирээд явлаа. 

Tuesday, December 11, 2012

Сонин сайхан

Монгол мэдээ уншихаа больдог юм билүү. Маргааш чухал хуралтай байж энэ гайтай хөөтэй мэдээ уншсанаас болоод хамаг сэтгэл санаа үймрээд анхаарал төвлөрөхөө болиод пресентациа бичиж чадахаа байчлаа.
Ойрд их завгүй байлаа. Семестер дундаа орох гээд багш намайг зүгээр л чангалж байна дөө. Долоо хоног болгон ямар нэг байдлаар пресентаци тавих болгож хаячаад байх юм. Сониноос манай лабд шинээр филиппин охин ирсэн гэж хэлж байлуу? Тэр маань өөр department руу шилжиж байгаа шүү дээ. Манай лабын судалгааны ажлыг огтоосоо ойлгохгүй байна би бол sustainable environment талын л юм хийвэл таарах хүн гээд явах гэж байгаа. Судалгаа хийх сонирхолтой сэдэв нь ч e-waste буюу электрон хог хаягдал юм билээ. Гэтэл манайх чинь тэрнээс нь тээээээс өөр микробиологи болохоор халаад өмсөөд лабораторид туршилт хийдэг болоод явчиж байгаа юм л даа. Сая бас докторын дунд шатны хамгаалалтанд сууж үзлээ. Тэгсэн бас л нэг уламжлалт үзэгдэл давтагдах нь харагдав. Бусад лабын оюутнуудын судалгааны ажлыг бүх хүн ойлгоод байдаг харин манай лабын судалгааг зөвхөн манай багш тэнхмийн эрхлэгч 2 л ойлгодог. Би анх яг л энэ филиппин охин шиг юу ч мэдэхгүй амьтан орж ирж байлаа, харин одоо л нэг зүг чигээ ялгадаг болоод байгаан гээд байхгүй юу. Профессоруудыг юм асуухаар индэр дээр зогсож байгаа оюутны өмнөөс би чичирч өглөө шд.
Өөр чинь сонин сайхан юу боллоо. Охин нээрэн сургуулийнхаа марафонд оролцоод өнгөрсөн жил 60 хүүхдээс 58-д орж байсан амжилтаа энэ жил 60 хүүхдээс 30-д орж эрс ахиулсан. Марафонд орох өдөр нь бороотой болохоор маргааш нь болж хойшлогдохгүй юу. Тэгээд би өглөө болгон хоолоо идсэн халуун нь тэд байна марафонд орохыг зөвшөөрнө гэдэг картыг нь гарын үсгээ зурж тамгаа даралгүй явуулчихсан юм. Урьдных нь 20 өдрийг хориуланг нь бөглөөд явуулж байсан юм. Тэгсэн чинь л сургуулиас нь 4, 5 залгаад багш нь ч залгаад сүйд ээ. Яачив аа л гэж бодож байгаа юм чинь. "Та картан дээр нь тамгаа дараагүй байна, танай охиныг марафонд оруулж болох юмуу?" гэж асуух гэж өчнөөн залгасан байвал яах уу? Арай дэндүү хариуцлагатай хүмүүс шүү дээ.
Манай хоёр бас аквариумтай загас авсан. Өнөө манай найзын авчирч өгдөг яст мэлхий нь хоол идэхгүй байсаар байгаад үхчихсэн чинь манай хоёр сэтгэл санаагаар унаад бараг дагаад явчих шахаад, аргаа барсан аав нь өөрийнхөө мэддэг арчилж чаддаг амьтан авч өгсөн юм. Үхсэн яст мэлхийгээ гарч оршуулах юм болов оо. Их л удаан дуугүй хувцсаа өмсөцгөөгөөд байн байн үхсэн нь үнэн юмуу гэж асууцгаагаад тэгэж тэгэж гарцгааснаа хавь ойрын хамаг найзуудаа сааданд дуудаж бүгд өөр өөрсдийн мэддэг аргаараа үнэхээр үхсэн эсэхийг нь шалгаж үзэцгээгээд, тэгээд эцэст нь булчихаад орж ирсэн. Сэтгэл санаанд нь тун хүндээр тусаад байгаа учраас хайртай яст мэлхийг нь дурсахыг хориглосон. Манай хүү өвдсөн амьтныг эмчилдэг хүн болно гэдэг зорилгоо улам батжуулж харин охин дахиж амьтан тэжээхээсээ өмнө нухацтай боддог болно гэсэн. Одоо манай хоёр гэрийн хажуугийн номын сангаас янз бүрийн гэрийн тэжээмэл амьтдыг яаж тэжээх тухай номнууд авч уншаад л байгаа.

Monday, December 10, 2012

Асар их хэмжээний мөнгөтэй болвол юу хийх вэ?

Сугалаанд хождог ч юмуу олдог ч юмуу асар их хэмжээний мөнгөтэй болвол би лав өнчин гэр орноосоо дайжсан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийг цуглуулж том асрамжийн газар сайхан сургууль цэцэрлэг байгуулна гэж боддог юм. Ганц ч гэсэн хүүхэд сайхан орчинд сэтгэл санаа амгалан өсч сайн боловсрол эзэмшиг. Бас гадаад дотоодод эмчлүүлэх гээд төлбөрөө дийлэхгүй байгаа бүх хүүхдийн төлбөрийг төлж өгнө.
3 жилийн өмнө Бадамлянхуа асрамжийн газар, Сансарын өнчин хүүхдийн цэцэрлэг, Кино үйлдвэрийн тэнд байдаг бас нэг асрамжийн газраар очсон юм. Жаахаан юм өгөх гэж очсон юм л даа. Сүүлийн 2-т нь бол хүүхдүүдтэй нь нэг их харьцаж чадаагүй, хүмүүс нь ч хүүхдүүдэд нь хамаагүй хүрэхийг нэг их таашаадаггүй санагдсан. Харин Бадамлянхуад би тэр хүүхдүүдтэй тоглож нэг хэсэг хугацаанд хамт байсан юм. Их өрөвдмөөр. Хүн харангуутаа л ойртох гээд л юм ярих гээд л дотносох гээд л. Нэг л өрөвдмөөр харцаар хараад л. Би хэд хэдэн хүүхдийг өвөр дээрээ тэвэрч бүүвэйлээд бүүр хайр хүрээд чанга гэгч нь ч тэвэрч үнсэж билээ. Зөвхөн ээж нь л хүүхдээ үнэн сэтгэлээсээ тэвэрч үнсдэг шиг тийм сэтгэлээр чанга гэгч нь тэвэрч үнссэн. Явахдаа уйлаад л хүүхдүүдийг харахгүйг хичээгээд гарсан даа.
Манайд байдаг ихэнх асрамжийн газрууд дандаа гадаад хүн байгуулсан байдаг юм билээ. Бас нэг удаа охиноо балетын курсээс нь авах гээд очсон чинь нэг гадаад хүүхэн баахан монгол бас нэг гадаад хүүхэд дагуулчихсан бүх охидыг нь дотогшоо балетын хичээлд нь оруулаад өөрөө хөвгүүдтэй нь хүлээгээд сууж байсан. Яах аргагүй нэг гэрт амьдардаг хүүхдүүд байсан, бүгд англиар ярьж байсан, өмссөн зүүсэн нь цэвэр цэмцгэр, нүд нь цаанаа л баяр жаргалтай гялалзаж байсан. Тэр гадаад эмэгтэйн өмнө би их ичсээн.

25

Энэ насыг би гэрлэхийг зөвшөөрөх насны доод хязгаараар баталмаар байна монголд. Яагаад гэж үү.
Би чинь одоо 31-тэй, манай сургууль чинь graduate school, дандаа мастер докторын оюутнууд судлаачид байдаг, гэтэл би чинь эндээ хөгшин оюутанд ордог юм шдээ. Миний насыг асуусан хүн заавал ч үгүй аан тэгвэл докторантурт сурч байгаа юм байна тийм үү гэдэг юм. Би жаахан ичисхийгээд л үгүй ээ мастерын оюутаан л гэнэ. Тэгвэл эндэхийн оюутнууд бүгд надаас дүү, хэрвээ нас ойролцоо заа 27, 28, 29-тэй бол докторын л оюутан байгаа юм чинь. Мастерынхан бол зөө зүгээр 22-той 23-тай шижигнэсэн нялх амьтад байна. Над шиг гэр бүлдээ цагаа хувааж сурч байгаа оюутан их цөөхөн, ганц бие өөрөөсөө өөр хүнд санаа зовохгүй болохоор хамаг анхаарал цаг заваа зөвхөн судалгаандаа л зориулцгааж байгаа юм чинь.
Тэдэнд гэрлэх оройтлоо хүүхэд оройтлоо гэж санаа зовох юм алга, эхлээд сурч боловсроод гадаад дотоод яваад гахай тахианы хэлээр ярьж сурах нь халаг болтлоо юм үзэж нүд тайлаад олон сайхан хүнтэй найзалж нөхөрлөөд ажил төрөл хийгээд нийгэмд тодорхой байр суурь олсон хойноо л хүнтэй сууж гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё гэдэг бүр ухамсар хар багаас нь суулгасан байна. Харин манайд шаал эсрэгээрээ. Дөнгөж 25 хүрэв үү үгүй юу л хавь ойрын хүмүүс ах дүү найз нөхөд нь "Чи хүнтэй суугаачээ, хөгширлөө, үхлээ. Одоо ингээд хөгширчихвөл чамайг хэн тоох юм" гэх мэтээр сэтгэл санаагаар дайрч давшилдаг нийгмийн гаж үзэгдэл газар авчиж. Үүнээс болоод сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүд хүнтэй суух хүүхэд гаргахыг чухалчлах болж. Нийгэм нь ч дагаад 25 наснаас өмнө ямар нэг хүнтэй гэрлэж амжихгүй бол олигтой хүн ч олдохоо больж. Би одоо л өөрийнхөө амьдралаар бодоод үзэхэд их эрт гэрлэсэн байгаа байхгүй юу. Уг нь бакалавраа төгсөөд 2 жил болсны дараа л том охиноо гаргасан юм шдээ. Тэгсэн мөртлөө л надад эрт санагдаад байгаан.
Ийм учраас нийгмийн сэтгэхүйг тэр чигээр нь өөрчилж 25 хүрч байж л хүнтэй гэрлэх хүүхэд гаргах хууль гаргачихвал түүнийгээ дагаад залуус маань эхлээд сайн сурч боловсорч зан ааш нь ч тогтворжиж түүнийгээ дагаад салалт ч багасах байх гэж бодох юм. Юу юуны туханд хүрэлгүй амьдрал ч үзээгүй 20-той хоёр хүүхэд хоорондоо нийлээд дундаас нь бас нэг нялх амьтан гараад тэгснээ залуу халуун насны ааг омгоор бие биедээ тунирхаж гомдоод тэр чигээрээ салдаг тэгээд нэг дагавар хүүхэд бий болж амьдын хагацал үздэг л явдал түгээмэл болчихоод байна шдээ манайд.
За бүүр больё, манай дундаж наслалт бага дөнгөж 60 хүрдэг гэж бодъё. Тэгсэн ч 30-тайдаа хүнтэй суугаад хүүхэдтэй болоод 60 хүрэхэд хүүхэд чинь 30 хүрчихсэн байна болно биз дээ.

Friday, November 23, 2012

Хүн гэдэг сэтгэлийн амьтан

"Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав" гэж их гоё үг ээ.
Хүний бүх л эд эрхтэн нүдэнд харагдаж гарт баригддаг боловч харин сэтгэл гээч зүйл тийн хүртэлцэх мэдрэмжинд мэдрэгдэх нь үгүй. Гэвч оршин байдаг нь туйлаас үнэн юм. Хайрлаж дурлах, баярлаж догдлох, айх ичих, гомдож уурлах, уйтгарлаж гуниглах энэ бүгд сэтгэл гээч эрхтний гаргаж буй ааш аяг авир зан мөн бөлгөө. Хүний хийж чадах үйл үйлдлийн хэмжээ нь бие физиологийн онцлог, олж авсан мэдлэг боловсрол зэргээс шууд хамаарах боловч үүн дээр нэмээд сэтгэлийн хүч нөлөө их. Жишээлбээс уралдаж байгаад бүдрээд ойчсон хүүхдийг миний хүү чаднаа босоод гүйгээрэй гэж дэм өгвөөс хүү босоод улам хурдан гүйх нь дамжиггүй. Харин эсрэгээр ээ чааваас гэх мэтээр сэтгэлийг нь мохоон гутраавал хэдийгээр тэр хүүд босч гүйгээд түрүүлчих бие махбодийн чадвар байсан ч сэтгэлийн хүч үгүй тул түрүүлэх эсэх нь эргэлзээтэй.
Бид ямар нэг өвчин тусвал түүнээ илааршуулахын тулд эм уудаг. Гэтэл сэтгэл гээч эрхтэн өвдсөн тохиолдолд түүнд ямар эм тангаа өгөх билээ. Өвчнийг эхлээд оношилдог, түүн лугаа сэтгэлийн өвчнийг оношлон тогтоож таарах эмийг тохирох тунгаар өгөх нь зүйтэй мэт. Гэвч аливаа сэтгэл зүрхэнд тааран тохирох хамгийн анхны бөгөөд энгийн эм болбоос урмын сайхан үгс, сайхан инээмсэглэл гэж би бодном.
Зүү мэт шивэх үгсийг зүрх рүү минь бүү илгээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Wednesday, November 21, 2012

Баахан дэмий юм бодов

Энэ америкууд амьд мод огтолж ёолк засдаг үнэн харгис хүмүүс юмаа. Хэдхэн хоног тоглоом өлгөхийн төлөө хайр найргүй хөрөөдөх юм. Хэдийгээр тусгай модны фермд тусгай гацуурууд тарьж байгаа ч гэсэндээ сар хүрэхгүй хугацаанд хэрэглэхийн төлөө өчнөөн жил арай ядан ургаж байгаа модыг тайрч хөрөөднө гэхээр харгис л санагдаад байгаа юм даа. Тэр хэрэглэсэн амьд модоо кристмас дуусахаар яадаг юм болоо. Дараа жил хэрэглэж болохгүй нь ойлгомжтой болохоор хаяж л таардаг байх даа. Цаасны үйлдвэрт өгдөг юм болов уу? Тэд нарын хажууд бид чинь харин байгальд ээлтэй юм бишүү. Ганц хуванцар хужаа ёолк аваад насаараа хэрэглэнэ. Хэрэглэж дуусаад хайрцганд нь хураагаад л болоо, жил жил гаргаж ирээд засчихна. Бид нар зулсарын баярт нэг их ач холбогдол өгдөггүй болохоор бидэнд бол хиймэл мод чимэглэхэд хаваасаг байдаг, харин тэд нар чинь цаад утга учир нь амьд мод чимэглэх ёстой болохоор тэгдэг байх л даа.
Японы өвөл эхэлж байна даа. Гэртээ даарч бээвийдэг үе эхэлж байна. Энд чинь гадаа гэрт яг адилхан хэмтэй байдаг болохоор гадаа нэмэх 10 гайгүй сонсогдож байгаа ч гэрт бас нэмэх 10 байхаар үнэн зутруу. Зузаан цамц өмд бойтогтой л суухгүй бол жиндээд хэцүү. Байнга халаагч асаавал цахилгааны төлбөрт алуулна шүү дээ. Ийм үед паартай байшингаа мөн их үгүйлж байгаа юмаа. Өнгөрсөн жил шууд хүйтэн монголоосоо ирсэн болохоор нилээн оройхон 12 сарын дундаас л даарч эхэлсэн юм. Харин энэ жил зуныг энд өнгөрөөгөөд халуун уур амьсгалд нь дасчихсан юмуу их эрт даарч эхэлж байна шүү.
Намайг докторт үргэлжлүүлж сурахгүй юмуу гэж ятгаад байх юмаа манай лабынхан. Багшид хэлбэл чамайг дуртай дэмжинэ л гэнэ. Ёо арай гэж төгсчихөөд дахиад 3 жил гэж бодохоор аймаар санагдаад байнаа. Би чинь бушуухан буцаж очоод төвхнөмөөр байх юм. Бас нөгөөтэйгүүр заавал доктор хамгаалах чухал шаардлага байхгүй болохоор хүчлэхгүй л байна. 2 хүүхдийнхээ боловсролыг бодвол үргэлжлүүлж энд байх тухайд бодож болох л юм. Тэгэхээр нөхрийн ажил яах билээ. За ер нь буцсан нь л дээр юм байна.
Манай лабд, ер нь ганц манай лаб ч биш японы их дээд сургуульд докторын япон оюутан их цөөрч байгаа юм байхаа. Учир нь их сургуулийн профессор болох хэтийн зорилго байхгүй бол заавал докторт сурч хайран цаг мөнгөө үрэх шаардлагагүй, максимум нь мастертай байхад гайгүй ажил олддог юм байх. Тийм болохоор докторын япон оюутан нүдний гэм болсон гэж байна шүү. Манай лаб гэхэд хамгийн сүүлд 2009 онд япон оюутан доктор хамгаалсан түүнээс хойш дандаа гадаад оюутнууд л докторантурт элссэн байгаа юм.
За за номоо уншиж хичээлээ хийе дээ. Гэснээс блог хандалтын тал дээр нэг сонин юм ажигласан нь улс орон нийгэм эсвэл танин мэдэхүй шинжлэх ухааны юм бичихээр нэг их уншихгүй мөртлөө элдэв хов жив хэрэгтэй хэрэггүй юм бичихээр их уншигдах юмаа.  

Monday, November 19, 2012

Өвлийн өвгөн, Санта Клаус, бэлэг

Дээр үедээ зохиолч Болор-Эрдэний бичсэн шинэ жилийн бэлэгний тухай уншаад нээрэн хэрэгжүүлбэл зүгээр ч юмуу ухааны юм бодлоо. Хоёр хүүхэддээ шинэ жилээр тэртэй тэргүй л бэлэг өгдөг юм чинь учир утгатай өгье, ээж аавынхаа үгэнд сайн ордог ч юмуу нэг тийм сайн байвал Санта Клаус ч юмуу Өвлийн өвгөн ч юмуу хүссэн бэлгийг нь авчирч өгдөг гэж хэлье гэж сэтгэлээ би чинь. Тэгээд хүүгээсээ асуусан юмаа
-Миний хүү ёолкоор ямар бэлэг авмаар байна?
-Чипс. Манай хүү тэр үед 2 настай байсан болохоор энэ бол боломжийн хариулт байв. Нөхөр бид хоёр бие биен рүүгээ ирмэлцээд дотроо болж байна ухааны юм бодлоо. Охиноос асуув.
-Миний охин ёолкоор өвлийн өвгөнөөс ямар бэлэг авмаар байна?
-Ордон
-??? Ямар?
-Хүүхэлдэйнийх шиг ордон
-Аан за за. Нөхөр бид хоёр дэлгүүрээс хүүхэлдэйн байшин тоглоом аваад өгчихвөл болох юм байна гэж бодлоо.
-Хүүхэлдэйний байшин уу? Тийм тоглоом уу?
-Үгүй ээ. Тоглоом биш. Жинхэнэ ордон. Би дотор нь амьдарна. Миний орыг нүүлгэж оруулж өгөөрэй.
-Тийм том юм бол чиний өрөөнд багтахгүй шд.
-Би жинхэнэ ордон яриад байхад чинь юун өрөөн дотор багтахгүй юм яриад байгаа юм бэ. Мэдээж ордон чинь өрөөн дотор багтахгүй шд. Би жинхэнэ ордон яриад байна.
Нөхөр бид хоёр шууд хүссэн бэлгийг нь авч өгөх бодлоо хаяцгаав. За за хүүхдүүдээ өвлийн өвөө нь хүссэн бэлгийг чинь бол өгч чадахгүй юм байна, та хоёр өгсөн бэлгийг нь л аваарай. Ингээд энэ явдал өнгөрч жил жилийн ёолкоор хүүхдүүд өвлийн өвөөгийн өгсөн бэлгийг нь л авдаг уламжлал хэвээр үлдэв. Харин энэ жил нөхөр бид хоёр бас л 2 хүүхдээ баярлуулчих санаатай хүссэн бэлгийг чинь өгье гэвэл юу хүсэх вэ гэж битүүхэн тандав. Эхлээд гол проблем болсон охиноосоо асуув. "Шинэ iPad, эсвэл надад өөрийн гэсэн компьютер хэрэгтэй байна л даа". Нөхөр бид хоёр бие биен рүүгээ нээх том хараад л "Заа заа, юу ч гэсэн өвлийн өвгөнд хэлээд л үзье" гэлээ. 8 настай охины хүсч болох л бэлэг байна л даа. Дараа нь хүүгээсээ асуулаа /6 настай/.
-Миний хүү бэлэг өгье гэвэл ямар бэлэг авмаар байна?
-Машин
-За. Ямар машин? Удирдлагатай машин уу, эвлүүлдэг Легоны машин байвал зүгээр юмуу?
-Биш ээ жинхэнэ унаад явдаг машин хэлээд байхад чинь юун тоглоомон машин яриад байгаан бэ? гэж авдаг байна шүү.
За больё чи минь зүгээр. Мөрөөрөө л байя. Дахиж хэрэгт дурлаж элдэв дээдийн юм асуухаа больё.

Friday, November 16, 2012

Буудчих юмсан

Хэдэн өдөр нэт орж зүрх сэтгэлээ шархлууллаа. Өдөр бүр л олдсон болов уу гэж горьдож мэдээний сайт шүүрдэх юм. Одоо ч бараг олдохоосоо өнгөрөв бололтой. Эвий хөөрхий "Ядаж хүүг минь авчихаач дээ" гэж орилоод хилийн харуулын цэгийн хажуугаар өнгөрсөн байгаа юм. Оросын тал руу яг одоо яриад тосоод ав гээд хэлээд өгөөч дээ гэсэн чинь онцгойгийн ажилтнууд юу гэсэн гэнэ үү, "Дарга нар унтаж байгаа сэрээж болохгүй". Зөвхөн энэ үгийг хэлснийх нь төлөө би тэр үед хажууд нь байсан бол буудаж алах байсан байх. Тэр хүний өөрийнх нь эхнэр 8 сартай нялх хүүхэдтэйгээ мөсөн дээр урсаад явчихсан бол ингэж хэлээд зогсож байх байсан болов уу?
Энэ хэргээс ер нь ойрд манайд гарч байгаа хэрэг явдлуудаас манай улс яаж дотроосоо идэгдэж ялзарч дампуурч байгаа нь тод томруун харагдаж байгаа юм л даа. Энэ тухай дараа жич бичимз.

Thursday, November 8, 2012

Сонин сайхан...

Би гэдэг хүн чинь реактороо гашилгаж хаячихаад гавъяа байгуулсан хүн шиг багшаас шинэ хөрөнгө нэхээд л бахархалтай нь аргагүй сууж байнаа. Үгүй одоо яахав дээ туршилт амжилтгүй болоо л биз. Багшийн өөрийнх нь хэлсэн "Та нар энд туршилт амжилтгүй болохоос битгий ай. Та нар ийм туршилтыг эх орондоо хийж чадахгүй учраас баян газар байгаа дээрээ боломжийг ашиглаж ав. Алд алд дахин алд, харин алдаанаасаа суралц" гэсэн үгийг нь бамбай болгочихсоон сайхан. Хөөрхий үйлийн лайтай багш маань за би нэг үйлдвэр лүү явж хөрөнгө олж ирье дээ гэчихсэн л сууж байна лээ. Аймаар завгүй хүн шдээ уг нь.
Нөхөр ирсэн. Ирэхдээ бөөн паян. Онгоц нь аль 3:30-д буучихаад байхад чинь 7 болоод байхад ирдэггүй ээ. Уг нь цаг гарангийн дараа л ороод ирдэг байхгүй юу. Тэгсэн гэдэс нь өвдчихсөн үхэж байсан царайтай амьтан арай гэж ирдэг байна шүү. Яасан гэсэн, нисэхийнхээ урьд орой нь душёнктой будаатай хуурга идчихэж. Шөнөжин гэдэс нь сонин дуугарч хоноод өглөө босохоос авахуулаад хатгаад унасан юм байх. Тэр чигээрээ гүрийгээд онгоцондоо суучихсан чинь нислэгийн турш хэдэн үйлчлэгч хүүхнүүдийг сандаргасан гэнэ. Онгоцноос буухад үйлчлэгч нар нь эмнэлэг дуудаад өгье гэхээр нь гадаадаас халдварт өвчин тээж ирлээ гээд тусгаарлачихаж магад бушуухан эхнэр хүүхдийнхээ барааг харъя гээд татгалзаад шууд тэр чигээрээ наашаа зүтгэчихсэн гэнэ. Ирснээсээ хойш 3 хоног шөнөжин халуурч гэдэс рүү нь аймаар хатгуулж өвдөхөөс өөр шинж тэмдэггүй, юу ч идэхгүй 6 кг турж, 4 дэх өдрөөс нь арай гайгүй болж халуурахаа больж хоол унданд орж гэдэснийх нь өвчин алга боллоо.
Манай найз манай 2 хүүхдэд хоёр яст мэлхий бэлэглэсэн юмаа. Өнөөхөө манай 2 чинь бараг өвөртөлж унтдаг байхгүй юу. Заримдаа савнаас нь гаргаад газар тавьчихсан байдаг юм. Тэгсэн чинь манай хүн нэг удаа 00 орчихоод явж байхдаа "Миний хүү энийгээ газраас ав. Аав нь харахгүй гишгэчихнэ" гэсэн чинь охин "Өө энэ аав гуай чинь хоёр гурав хоног хоолгүй байцан чинь ухаан санаа нь самуураад амьд амьтан ч харахгүй гишгэж алдаг болоо юу" гээд үглээд унадаг юм даа. Манай 2-ын хэл амны паян дуусахгүй юмоо.
Манай найзыг яст мэлхий авчирч өгөх сургаар өнөө 2 чинь цаг хараад хүлээгээд суучихлаа. Ээжээ одоо яаг хаана явж байгаа бол гээд л. Би метроны буудлаас найзыгаа тосч аваад гэрт хаалгаар дөнгөж ороод ирсэн чинь манай хүү эгчийгээ дуудаад "Аниа аа, яст мэлхий ороод ирлээ" гэж үү. Санаа зовмоор. Ядаж ээж найзтайгаа ороод ирлээ гэж хэлж болно доо.
Аав нь яст мэлхийнд нь аквариум авч өгөөд өнөө гурав чинь тэрийгээ тохижуулж яст мэлхийгээ хийх гээд ванны өрөөнд бөөн бужигнаан болж байлаа. Аав нь хүүд "Ээжээсээ төмпөн гуйгаад аваад ир". Хүү над дээр ирснээ "Ээж, аав таныг айлаас төмпөн гуйгаад ир гэнээ".

Tuesday, November 6, 2012

Autumn scene

Энд модны навч дөнгөж шарлаж эхэлж байна. 12 сар гарахаар бүрэн шарладаг юм. Манай сургуулийн хашаан дотуур агч моддыг гайхалтай донжийг нь олж тарьсан байдаг юм. Ялангуяа навч нь шарласан үедээ их сайхан харагдана. Энэ зургуудыг өнгөрсөн жил 11 сарын сүүл 12 сарын эхээр авч байсан юм. Манай их сургуулиуд бас хашаандаа ийм нэг дурсгалын ч гэмээр сүрлэг сайхан мод тариад сургуулийн бэлэг тэмдэг болговол зүгээр юмуу гэж бодогдсоныг нуух юун.

Tuesday, October 30, 2012

Сонин юмаа

Өнөөдөр чухал пресентацитай түүнийгээ бэлдээд нойр муутай хоноод өглөө сургууль дээр очоод дэн дун амьтан юмаа бичиж байсан чинь нөхөр монголоос залгаад болдоггүй ээ. Шууд ингэж залгана гэдэг чинь чухал онц яаралтай хэрэг гарсан гэсэн үг. Яав аа гэсэн чинь ээж нэг юм яриад байнаа охин хаана байна гэлээ. Гайхаад охин хичээл дээрээ л байгаа шдээ ээж юу гээв гэсэн чинь "Ээжийн сая талийгаач болсон ах нь зүүдэнд нь орж ирээд Наранд охиноо битгий аялалд явуулаарай гэж хэл гээд дахин дахин хэлээд байсан гэнээ, ээж охин чинь ойрд аялал зугаалганд явах уу гэж байна" гэв. Дотор палхийлээ. Би ч уг нь мухар сүсэгтэй хүн биш л дээ. Хэрвээ ямар нэг аялал зугаалганы сураг ажиг байгаа ч үгүй бол би энэ яриаг огт тоохгүй өнгөрөх байлаа. Нас барсан хүмүүс маань гуйгаад зүүдэнд аль орж ирэхийг тэр гэхэв л гэж бодох байлаа /Нас барсан хүн зүүдлэгдэнэ гэдэг нь араас нь маань уншиж өгөөч гэж гуйж байгаа юм гэсэн/. Гэтэл ирэх 11 сарын 16-нд сургуулиас зохион байгуулдаг гадаад оюутнуудын автобустай аялалд би 2 хүүхэдтэйгээ явна гээд дөнгөж өчигдөр бүртгүүлсэн юм. Сонин юмаа. Энэ зүгээр санамсаргүй давхцал уу эсвэл учир жанцантай зүйл үү?
Блогоор энд тэндгүй хүмүүс сүнс сүлд зүүд зөнгийн тухай биччихсэн байх юм.

Friday, October 26, 2012

Ядаргаа, сонин мэдрэмж, дуу

Ойрд хичээлээ шөнө сууж хийгээд байсан чинь ядраад тэгэж байгаа юм байлгүй хоолой дээр юм тээглэчихээд зүгээр болохгүй юм. Найзаасаа асуусан чинь ядрахаар тэгэж улаан хоолой нарийсдаг гэнээ. Би чинь өглөө 7-д босч охиноо хичээлд нь явуулчаад дараа нь хүүгээ босгож аваад хоёулаа сургууль руу дугуйдаад цэцэрлэгт нь оруулчаад 9 цагт лаб руугаа орж юмаа хийж байгаад орой 4 юмуу 5 цагт хүүгээ аваад ирж гурвуулаа хоолоо хийж идчихээд гэр орны ажил ус цасанд оруулах юм хум угаах хүүхдийн хичээл давтуулах гэсээр байгаад орой болохоор хоёр хүүхдээ унтуулчихаад арай гэж нэг юм завтай болж шөнө 12-с хойш нэг сайхан нам гүмд анхаарлаа төвлөрүүлж байж хичээлээ хийх боломж олдох юм. Тэгсээр байгаад арай гэж шөнө 2 заримдаа 3-т унтана. Сүүлийн долоо хоног бол дандаа 3т унтсан. Ойрд нэг л сонин болчлоо. Оройн хоолоо идчихээд өөрөө мэдэлгүй шууд ширээнийхээ доор газар нам уначихаад байна. Нэг мэдсэн шүлсээ гоожуулчихсан унтаж байх юм. Босоод ирэхээр нээх сонин мэдрэмж төрөх юмаа. Архи уусан хүмүүс тасарлаа гэж яриад байдаг бодвол ингэдэг байх даа гэж бодохоор инээд хүрээд. Бүр нөхөртэйгээ видео коол хийж байгаад тасраад уначихсан байгаа юм. Нөхөр гайхаад ээж нь хааччихваа гэсэн ширээн доогуур унтаж байнаа гэсэн гэнэ.
Дараагийн мэдрэмж нь энэ клипийг үзэхээр л ховсдуулаад байгаа юм шиг нэг сонин мэдрэмж төрөөд дахин дахин үзээд байнаа. Ямар ч гоё зураг авалт cinematography юм, ямар ч гоё аялгуу аранжировка юм. Яг энэ клип нь л гоё. Нөгөө клип нь бас жинхэнэ дуу нь үүнийгээ гүйцдэггүй.



1. Train - 50 ways to say goodbye 
2. Passion Pit - Take a walk
3. Pink - Blow me one kiss
4. The Wanted - Chasing the sun
5. Rihanna - Diamonds
6. One republic - Feel again
7. Maroon 5 - Payphone
8. Fun feat. Janelle Monae - We are young
9. One direction - What makes you beautiful
 Гэрт хүн байхгүй бол хөгжмөө чангалаад эсвэл чихэвчээр чанга сонсоорой.

Wednesday, October 24, 2012

Вакцин гаргаж авах юмсан

Ахлах ангийн охин архинаас болж нас барсан хэргийг сурвалжлахаар очсон сэтгүүлч тэр сумыг тэр чигээрээ архин далайд зүгээр л живчихэж гэж уулга алдаж. Ганц тэр сум ч биш ер нь л манай улс архинд бүр живлээ. Улс орны аюулгүй байдлын тухай ярих хэмжээнд хүрээд байгаа биз дээ. Бүр монгол хүний ген удмын санд нөлөөлж эхэлсэн ч байж магад.
Тэгээд би бодлоо л доо. Миний цуснаас анти-этанол вакцин гаргаж авч болдоггүй юм байх даа. Архины албадан эмчилгээнд хэрэглэдэг. Тэгвэл мөн гоё юм болно доо. Амиа хорлоход хэрэглээд унадаг юм болов уу.
 

Tuesday, October 23, 2012

Очоод хийх зүйлс

Ерөнхийд нь хувийн ба хувьсгалын гэж 2 ангилж байгаан. Эхлээд хувийн ажлаа ярьдаг юмуу.
- 2 хүүхдээ монгол сургуульд нь оруулж зүгшрүүлэх.
Гадагшаа гэр бүлээ авч явсан чинь юм үзээд нүд тайлаад сайхан байгаа ч хүүхэд эх хэл соёлоосоо эрс холддог юм байна. Манай 2 одоо монголоор ярих гэж алаад хаяж байна шд. Охин эмчийн үзлэг гэж хэлэх гээд "эмнэлгийн үзэлбэр, эмчийн үзлэлт, эмчийн үзүүлэн..." гэх мэтээр монгол гэхэд ч хэцүү биш ч гэхэд хэцүү юм яриад байх юм. За хүү бол өөрт тохиолдсон нэг юмаа хэлэх гэж хошин шогийн тоглолт тоглоод унана. Уг нь би орой болгон ном уншиж өгөөд байгаа шдээ. Охин дүрс үсэг бичсээр байгаад монгол бичгийн хэв нь ёстой авах юмгүй болж байна. Ядаж байхад дөнгөж 2-р ангидаа оронгуутаа энд хүрээд ирсэн бичгийн хэв нь зүгширч амжаагүй байсан. Хүүхдүүдээ буцаад монгол сургуульд нь сургаж дасгахад дор хаяж 6 сар элбэг зарцуулах байхаа. За тэгээд ямар сургуульд сургах уу, сургалтын төлбөр гээд л...
- Би өөрөө ажил олж хийх.
Нээрээн би чинь одоо яанаа. Хуучин ажилдаа буцаж орно гэж хүмүүс ойлгоод байдаг юм. Манайх чинь хэт ардчилсан газар, юу гэж тэгэж хүний ажлын байрыг 2 жил хадгалаад сууж байхав, бас буцаад ирж байгаа хүнийг шууд ажилд нь буцаагаад авдаг тийм систем байхгүй. Ажлын байр гарвал шалгаруулалт зарлаад бусад хүмүүстэй хамт өрсөлдөөд орж чадвал тэр, чадахгүй бол уучлаарай. Яахав урьд нь энд ажиллаж байсан гэдэг нь ажлын туршлага дээр л давуу тал болно. Яг үнэнийг хэлэхэд манай гэрт нөхрийн орлогыг байр машин тавилга электрон бараа хүүхдийн төлбөр гэх мэт томоохон хөрөнгө оруулалтанд зарцуулж миний орлого өдөр тутмын хоолны мөнгө болдог болохоор би чинь цалингаас үнэн хараат аа. Тийм болохоор төрийн албаны бага цалингаар амьдарч чадахгүй л болов уу, гэтэл миний доор дурьдах хувьсгалын ажил намайг төрийн албанд ажиллахыг шаардаад байгаа юм. За дөхөж байтал учир нь олдох байгаа.
- Family planning
Очоод нэг 2-3 жил болж байгаад 3 дахь хүүхдээ гаргана. Хүн амаа өсгөе гэж бодож байвал гэр бүл 2-с дээш хүүхэдтэй байх ёстой гэнэ. 2 хүүхэдтэй байлаа ч хүн амын өсөлтийн индекс 0 л байдаг юм байна, учир нь аав ээж нь хөгшрөөд байхгүй боллоо гэхэд 2 хүүхэд тэднийхээ л тоог нөхдөг учраас нийт хүн амын тоо өсдөггүй юм байна. Тиймээс боломжтой гэр бүлүүд бол дор хаяж 3 хүүхэдтэй болох хэрэгтэй гэж байна шүү. Улс орнууд нийгмийн дундаж давхаргынхны хүүхдийн тоонд их анхаарал хандуулдаг юм байна, тэднийг л аль болох олон хүүхэдтэй болгомоор байдаг гэнэ. Харин хэт ядуу, нийгмийн эмзэг давхаргынхан өсөж үржээд байвал хэцүү гэнэ. Бөөн ажилгүй боловсролгүй ядуу хүмүүс л нэмэгдээд байдаг, нийгэмд сайн сайхан юм авчирдаггүй гэнээ.
Хувьсгалын ажил
-Гэр хорооллын эрүүл ахуйн стандарт
Миний гол зорилго бол гэр хорооллын нөхцлийг сайжруулах юм шүү дээ. Алийн бүгд нүх ухаад шууд бие засдаг, түүхий нүүрс түлж угаартаж суудаг, өвлийн хүйтэнд хөлдөх гээд зуны халуунд шатах гээд жаахан бороо орохоор урсчих гээд, харанхуй гудамжаар бүдчээд явж байхав дээ. Ядаж л гэр хорооллын нэг аятайхан жорлонгийн стандарттай болъё л доо. Яг л тэр стандартын дагуу л барих ёстой.
-Хогийг ялгадаг болох
Бүх ахуйн хогийг ялгадаг болгомоор байна. Энэ чинь нээг их тийм хэцүү дааж давшгүй нүсэр улстөрийн бодлого шаардсан зүйл биш шүү дээ. Хүнсний хог ба бусад гээд 2 ангилчихвал эхний ээлжинд их том дэвшилт. Бүх хогийн саваа 2 болгоод, айлууд 2 ууттай хог гаргаж хаядаг байхад л болоо. Дараа нь бусад хогийг нь ялгадаг болно биз. Яаж харин ийм болгох вэ. Очоод л хөлөө хүрэх газраар явж хүн амьтантай уулзана даа. 
-Орцныхоо гадна ёстой занаж байгаад цэцэг зүлэг тарина даа. Манай орцны үүд гэж зэрлэгэндээ даруулсан нуль шороо байдаг байсан, бодвол хэвээрээ л биз. Би хааяа мандлын цэцгийн үр аваад 1 давхрын айлдаа цацчихаарай гээд өгдөг байсан. Одоо очоод 2 хүүхэдтэйгээ газрыг нь цэвэрлээд янзалж байгаад зүлэг цэцэг тарина.
-Усны нөөц
Гадаргын ус хэрэглэдэг болмоор байх юм. Манай улсын, үгүй ядаж УБ-ын усны нөөц хэр байгааг судалж нийтэд ил тод болгомоор байна. Туул голоо тордож байгаад яваандаа гадаргын ус хэрэглэдэг болох юмсан. Бүх газрыг усны тоолууртай болгож усны үнийг нэмэх хэрэгтэй. Гэр хорооллын усны үнийг буулгах биш байрны усны үнийг нэмэх хэрэгтэй шд. Хаянхярваа гэж дурак мөрөөрөө далд орохгүй тэгэж тэнэгтсэн шүү дээ. Усны газрынхан нь ч эсэргүүцээд боож үхэхгүй юугаа ч хийцгээж байсан юм. Би энд боож үхэх гэж байхад.
-Хөрсний бохирдлын шинжилгээ
УБ хотын бүрэн хэмжээний хөрсний шинжилгээ хийлгэмээр байна. Хэр зэрэг бохирдож байгаан, бид юун дунд амьдарч байгаагаа мэдмээр байна шд. За агаарын бохирдол бол 12-р 1-р саруудад байж болох дээд хэмжээнээс 100-150 дахин хэтэрдэг юм шүү дээ. 2 дахин ч биш, 100-аар биш, 100 дахин. Агаарын чанар муу биш, маш муу биш, хүний биед онц ноцтой хортой, аюултай түвшинд хүрдэг. Бүр манай өмнөх гадаад дарга би ийм аймаар агаартай газар амьдарч чадахгүй өөр улс руу томилж өгөөч гэсээр байгаад явсан шүү дээ. Энэ муу агаар дахь хүнд металууд хортой бодисууд хөрсөн дээр бууж л байж таараа.
-Агаарын бохирдол ба эрүүл мэнд
Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалмаар байна. Жил болгон хичнээн хүүхэд ханиад нь хүндэрч хатгаа болж эмнэлэгт хэвтэж байна, хичнээн хүн тоос шороо шарилжны харшил шинээр тусч байна, хичнээн хүн уушгины хорт хавдар тусч байна, үүнд агаарын бохирдол нөлөөлж байна уу. Одоо болтол нэгдсэн судалгаа байхгүй байгаан. Эсвэл байдаг ч олон нийтэд мэдэгдэхгүй байна.
Энэ хувьсгалын ажлуудыг шууд очоод пижигнэтэл хийгээд унахгүй байх л даа. Гэхдээ болгохын төлөө зүтгэж тодорхой хэмжээгээр өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. 
Гэх мэт зөндөө санаж бодсон зүйлс байна. Очоод үзэж тарна даа. Монгол яваад ирсэн найзаасаа монголд ямар байна гэсэн амьдрал буцалж байна гэсэн, очиж амьдрал буцалгах юмсан.

Monday, October 22, 2012

Монгол эмэгтэйчүүд хүчирхэг үү хүчирхэг

Лаос охины төрсөн өдрийг энэтхэг хятад монгол япон грек охидууд тэмдэглэлээ. Хөзөрдсөн чинь би хамгийн сүүлийн байранд орсон. Би ер нь хөзөр тоглож мэддэггүй юмаа. Бага байхад аав ээж хоёр хөзөр чинь ажилгүй хүний тоглоом, тэрний оронд шатар тогло гээд ер тоглуулдаггүй байсан болохоор ганц ч хөзрийн тоглоом мэддэгүй байлаа. Их сургуульд ангийнхантайгаа ийш тийшээ явахдаа л аль нь алинаасаа том хөзөр гэдгийг заалгасан байх шүү. 
За тэр яах вэ, гол яриандаа оръё. Өнөө лаос охины төрсөн өдрөөр манай хоёр хүүхэд ярианы гол сэдэв болчлоо. Тэгсэн манай энэ интернэйшнл найзууд намайг супер ээж гэнээ. Яагаад гэсэн, чам шиг хоёрын хоёр хүүхдээ асраад тэгээд бараг ганцаараа /манай хүнийг хавраас хойш ирэн очин байгааг мэддэг юм/ гэр орноо авч яваад тэгээд дээр нь сургуульд сурдаг оюутан эмэгтэй ховор ер нь байдаггүй байх, бусад оюутнууд ч гэсэн чамайг их гайхдаг гэнээ. Хэхэ, энэ чинь монголд ердийн үзэгдэл би хэзээ ч үүнийг супер үйлдэл гэж бодож байгаагүй юм байна гэсэн чинь тэгвэл танай монгол эмэгтэйчүүд супер юм байна гэв. Тэрийг бол харин хүлээн зөвшөөрч болох юм. Нээрэн бодоод байсан манай монгол эмэгтэйчүүд их гүжирмэг сэтгэлийн хаттай амьдралын их ачааг нуруун дээрээ авч явж чаддаг мундаг юм байна даа л гэж бодлоо. Монголд нийгмийн аль ч түвшинд аль ч албан газар луу шагайхад гүйцэтгэх түвшинд дандаа эмэгтэйчүүд л хамаг ажлыг нугалж байна. Манай хуучин ажил хүртэл жолоочоос бусад бүх албан тушаалд эмэгтэй хүмүүс, ямар сайндаа жендерийн асуудал хурцаар тавигдаж байхав. Монгол эмэгтэйчүүд нөхөртөө хаягдсан ч, ажил нь бүтэлгүйтсэн, алдаж оносон ч, ер нь юу ч тохиолдож байсан хэзээ ч амьдралд бууж өгч хэзээ ч шантарч ухарч байгаагүй юм байна. Бид чинь хайр дурлал гэрлэлт үр хүүхэд гэр орны амьдралын хажуугаар ажил хичээл бизнес улстөр ер нь бүх юмыг зохицуулаад л явдаг. Япон ихэнх эмэгтэйчүүд хүнтэй суугаа л бол гэртээ хүүхдээ хараад суудаг, тийм болохоор нөхрөөс санхүүгийн хувьд бүрэн хараат байдаг болохоор нөхөр нь хаяад явахаар хүүхдээ алаад хаячихдаг, эсвэл хүүхэд гаргаад хэт стрессдэхээрээ бас хүүхдээ алаад хаячдаг сонин хүмүүс шүү дээ /байсгээд л хүүхдээ алсан эмэгтэйн тухай мэдээ гараад байдаг юм/. Лалын шашинтай орнууд нөхөр нь бүхнийг зохицуулна, эхнэр нь хүүхдээ хараад л хоолоо хийгээд л гэртээ сууж байна. Нөхөр нь үгүй болчихвол яадаг юм бол доо. Нэг бангладеш оюутан гэр бүлээ авчирсан чинь тэтгэлгийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь эхнэрээ ажил хийлгээч гэсэн чинь нүд нь орой дээрээ гарсан шдээ. Тийм ойлголт байхгүй гэнээ, тэжээнэ гэж авч суусан л бол тэжээх ёстой гэнэ. Цаанаасаа нэг бодлого юмуу манай энэ хажуугийн лаос охины байдаг ус судлалын лабд бангладеш оюутан их байдаг юм. Япончууд бангладеш филиппин тайланд малайз улсуудад маш их тусламж өгдөг, олон төсөл хэрэгжүүлдэг, оюутнуудыг нь олноор авчирч сургадаг гэх мэт нэг бодлого явагдаад байгаа юмаа. Өө юу ярьж байгаад юу яриад явчив аа. 
За ямар ч байсан монгол эмэгтэйчүүд, эхчүүд хэзээ ч ямар нэг юм боллоо гээд хүүхдээ алж байгаагүй эсвэл хүүхдээ хаячихаад амиа хорлож байгаагүй, ямар ч нөхцөлд үр хүүхдээ өсгөхөө хэзээ ч супер мупер үйлдэл гэж боддоггүй, юу ч тохиолдож байсан амьдралд хэзээ ч бууж өгч байгаагүй юм байна л гэж бодлоо. Бидний түүхэнд хүртэл ухаантай улс орноо удирдаж байсан сайн сайхан хатдын бахдам түүх зөндөө л байна. Өнөөдөр ч гэсэн бидний дунд архичин эсвэл хаяад явсан нөхрөө хараад уйлж унжаад үхэж үрэгдээд суугаад байлгүй ганцаараа зүтгээд үр хүүхдээ гэр орноо аваад явж байгаа эмэгтэйчүүд зөндөө л байна, тэд ч гэсэн баатарлаг л гавъяа байгуулж байна гэж бодож байна.
Ээжийн маань яриа: "Чамайг төрөх үед ид социализмийн үе байлаа. Ажил таслах байтугай ажлаас хоцроход ч хичнээн нялх нойтон хүүхэдтэй байсан хамаагүй байсан юм. Аав бид хоёр чинь хадмынхаас тусдаа гарч байгаа нь энэ гээд ажлаасаа монгол гэр аваад одоогийн Баянзүрх дүүргийн тэнд хашаанд буучихсан. Өвлийн ид хүйтэн өглөө аав чинь жижүүрээс бууж ирээгүй, өглөө 5 цагт босоод цэв хүйтэн гэрт шүдээ зууж босоод гал түлж дулаацуулж байгаад чамайг сэрээгээд хөнжлөөр чинь боож тавьчихаад тэс хөлдчихсөн усны савнаас шанагаараа цөм цохиж байгаад ус авч цай чанадаг байлаа. 8 цагт ажил дээрээ гозойж байхын тулд 2 автобус дамжиж явж чамайг 120 мянгатад цэцэрлэгт чинь өгчихөөд буцаад 2 автобус дамжаад ажил дээрээ ирэхийн тулд өглөө 5-д босохоос өөр арга байгаагүй. Тэр үед ядаж байхад цэцэрлэг ачаалал ихтэй хадмаар яриулж байж олсон сул орон тоотой цэцэрлэг нь л тэр байлаа..."
Бүүр хэцүү амьдрал туулсан эх хүний хажууд юу ч биш л дээ. Гэхдээ би зүгээр монгол эмэгтэй хүн, эх хүн ямар их сэтгэлийн хаттай, тэвчээртэй, зоригтой, агуу, амьдралын төлөө тэмцдэг юм бэ гэдгийг л хэлэх гээд байна. Монгол эмэгтэйчүүдээ өөрсдөөрөө бахархацгаа. Бидний жирийн л өдөр тутмын амьдрал бусдын нүдэнд супер эмэгтэй шиг харагддаг юм байна. Хааяа бас юмыг сайн сайхнаар олж харах хэрэгтэй гэж байгаан шд.

Friday, October 19, 2012

Махсаж байна гэж жигтэйхэн

Нөхрийгөө ирэхэд нь нэг хааг тэр чигээр нь, нэг гуяыг шулаад аваад ир гэж захилаа шд. Аймаар махсаж байнаа. Намар болоод тэгэж байгаа юмуу угаасаа л монгол хүн болоод тэгэж байгаа юмуу сайхан чанасан мах эсвэл хорхог идмээр санагдаад байх юм. Чанасан хавирга сайхан шүү тийм ээ.
Бас банштай цай эсвэл сайхан гурилтай шөл идмээр байна. Эндэхийн махаар чинь тийм хоол хийж идэж болохгүй юм чинь. Нөхрийгөө бараг хаалгаар ороод ирэнгүүт нь алив махаа гаргаад ир чанаж идье гэж орилох нь ээ.
Хэзээ нэг цагт Гилийн хатан эгчтэйгээ чанасан толгой хувааж иднэ гэж бараг занаад л яваад байгаа шд. Иднэ дээ.

Tuesday, October 16, 2012

Машинд тамхи татах нь илүү хортой

Цонх нь онгорхой байсан ч, агааржуулагч нь ажиллаж байсан ч машинд тамхи татах нь агаар дахь хортой бодисын байж болох дээд хязгаарыг хэт давж байгаа тухай эрдэмтэд мэдээлж байна.
 Шотландын багийнхны 85 машинтай аялагчдын дунд хийсэн хэмжилтээр энэхүү хортой бодисын хэмжээ ДЭМБ-с тогтоосон хязгаарыг давж буй тухай үүнд хойд суудалд сууж яваа хүүхэд илүүтэй хорддог тухай Tobacco Control сэтгүүл мэдээллээ.
Хүүхдүүд харьцангуй хурдан амьсгалдаг, дархлааны систем нь гүйцэд хөгжөөгүй, дам тамхидалтаас өөрийн хүсэлтээр зайлах холдох боломжгүй байдаг нь ийнхүү тэднийг хохирогч болгож байна гэж Абердийний их сургуулийн доктор Шон Сэмпл хэлжээ.
Машины арын суудалд байрлуулсан төхөөрөмжөөр машин доторх агаарын чанарыг 10 минутаас 1 цагийн доторхи хугацаанд шалгасан байна. 85 машинаас 49-т нь тус бүр 4 хүртэл тамхи татсан байна. Эдгээр 49 машин дахь ширхэглэгт тоосонцорын /particle matter-2.5/ хэмжээ 85микрограмм/м3 байсан нь ДЭМБ-аас тогтоосон доторх /indoor/ агаарын бохирдлын хязгаар болох 25 микрограмм/м3-с даруй 3 дахин өндөр байсан байна.  Хэдийгээр эдгээр машин зарим нь цонхоо томоор онгойлгосон байсан ч, ганц ширхэг тамхи татсан ч агаарын бохирдлын хэмжээ тодорхой цэгүүдэд хязгаараас давж байжээ. Харин үлдсэн 36 тамхи татаагүй машинаас 34-д нь энэхүү үзүүлэлт дунджаар 7.4 μg/m3 байв. 
ДЭМБ-ын стандарт, агаарын бохирдлын дээд хязгаар нарийн ширхэглэгт тоосонцрын хувьд РМ2.5 - 25μg/m3, том ширхэглэгт тоосонцрын хувьд РМ10 - 50μg/m3 байдаг байна.
Тиймээс эцэг эхчүүдэд хүүхэд тань машинд яваа үед ямар ч тохиолдолд тамхи битгий татаж байгаарай гэж зөвлөе.
Дашрамд Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээ оруулчихая. Хаанаас үүнийг хардагийг мэднэ биз дээ. ЭНД
 

Би чамд хайртай!

Хэдийгээр чи минь үүнийг олж уншихгүй ч гэлээ нэгэн биений минь тал болсон чамдаа би нь энэхүү бичлэгээ зориулж байна.
Анхны болзоондоо эргэлзэн байж очоод нүдэнд дулаахан бондгор бор залууг харахад их л дотно санагдсан юм. Тэр цагаас хойш тэр өдрөөс хойш бие биендээ ухаангүй дурлаж, дурлал маань хайр болон асч, нэг ч өдөр бие биенийхээ тухай бодолгүй нэг ч өдөр бие биенээ хайрлалгүй өнгөрөөсөн өдөр үгүй юм даа.
Амьдрал гэдэг тоглоом бишээ. Бидний хамтдаа өнгөрүүлсэн энэ он жилүүдэд хэцүү ч үе байсан, жаргалтай ч үе байсан. Хамгийн гол нь бид хамтдаа энэ бүхнийг туулан гараад өнөөдрийг хүртэл явж иржээ. Эцсийн эцэст амьдрал бол хайр итгэл хоёр дээр л тогтдог юм байна гэдгийг хоёулаа ойлгосон. Өнгөрүүлсэн он жилүүдээ харахад их юм шиг санагдавч өчигдөрхөн л анх уулзаж байсан юм шиг санагдах юм. Хамтдаа өнгөрүүлсэн энэ жилүүдэд бидний хайрын цэцгийг гандаалгүй услан тэтгэлцсээр байгаа чамдаа хичнээн их талархнам.
Хүний амьдралд муу сайн муухай сайхан олон зүйл л тохиолдоно. Тэр болгонд зөвхөн чамдаа итгэж зөвхөн чинийхээ талд л зогсох болно. Бусдын хар цагаан хэл ам, атаа хорсолтой нүдний хороос би чинь чамайгаа хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах билээ. Гэсэн ч эсрэгээрээ чи минь намайг бүхнээс хайрлаж хамгаалдгийг мэднээ хайр нь. Уул шиг түшигтэй уужуу сайхан жинхэнэ монгол эр хүн чинийхээ энгэрт хоёр хүүхэдтэйгээ эрх хурга шиг л тоглож байна. Санаад байна гээд нүднээс минь нулимс бөмбөрөнгүүт чинийхээ шаналж байгааг хараад уйлсандаа харамсах юм. Адилхан л хоёулаа санан бэтгэрч байж уйлж дуулж чамайгаа зовоодогтоо өөрийгөө буруутгаж сууна.
Чамдаа ямар их хайртай юм бэ. Зүрхнээс эцэс төгсгөл үгүй хөгжмийн аялгуу шиг, хязгаар үгүй өргөн тал шиг, зах нь харагдахгүй цэлэлзэх далай шиг л хайр гээч энэ зүйл урсан гарах юм. Өдий хүртэл зөвхөн чамдаа л итгэж чамайгаа л хайрласаар ирсэн, хайрлах ч болно. Бид гурав л чиний амьдралын утга учир гэж чиний минь хэлсэнтэй адил чи минь ч гэсэн миний амьдралын утга учир юм.
Өөр юунд ч санаа зоволгүй зорьсон зүйлдээ сэтгэлээ тавь даа хайр минь. Би нь чамайгаа ойлгоод хоёр хүүхдээ бөөцийлөөд хичээлээ сайн хийгээд санааг тань чилээлгүй хүлээж сууя.
Чамайгаа ямар их санаж байна гээч. Амьсгал давчдам чанга тэвэрдэг чинь, сахалтай эрүүгээрээ хатган үнсдэг чинь, шат өөд үүрээд гардаг чинь, миний хайраа гээд дууддаг чинь, өдөрт дор хаяж 3 удаа залгадаг чинь, өвөр дээрээ суулгаад эрхлүүлдэг чинь бүх юмыг чинь санан үгүйлнэ. 
Чамайг яг одоо залгах гэж байгааг чинь мэдэж байнаа хайр нь.
11 жилийн өмнөх энэ л өдөр танилцан учирч байснаа санаад энэхүү бичлэгийг тэрлэв.
2012 оны 10-р сарын 10.

High responsibility

Японд хувь хүний ч бай байгууллагын ч бай үүрэг хариуцлага түүнийгээ ойлгож ухамсарлах чадвар асар өндөр. Өчүүхэн зүйл дээр ч маш тодоор мэдрэгдэнэ.
Жишээ 1.
Хүүхдүүдтэйгээ Baskin Robinson-с мөхөөлдөс авч байлаа. Нэг залуухан охин үйлчилж байсан юм. Гэтэл өгдөггүй удаад байлаа. Гайхаад лангуун дээгүүр нь өнгийн харвал өнөө нэг ахимаг настай ажилчин мөхөөлдөс хутгадаг халбагаар арай дундуур мөхөөлдөс хутгаж аваад электрон жин дээр аягатай мөхөөлдөс тавьчихсан өнөө охинд нэг юм хэлээд тоо руу нь заагаад байна. Тэгснээ  ахиад нилээн ахиухан хутгаж аваад ахиад өөр аяганд хийж жинлэж үзээд охинд нэг юм хэлээд байна. Өнөө охин толгой дохиод тэр мөхөөлдсийг авч бид нарт өглөө. Миний ойлгосноор ажлын туршлагагүй охин өгөх ёстой жингээс арай бага хэмжээтэйг өгөх гэж байсан бололтой. Хал ажилчин үүнийг нь харчихаад жинд нь хүргэж үйлчил гэж зааж өгч байгаа нь тэр байх. Хэдийгээр стандарт хэмжээ ч гэсэн ганц хүнд үл ялиг бага хэмжээтэйг савлаад өгөхөд бид нар лав тоохгүй шд. Гэтэл энд хэзээ ч тэгэхгүй.
Жишээ 2.
Хоёр хүүхэдтэйгээ харанхуйд замын хажуугаар алхаж явлаа. Гэтэл туслах замаас байшин дундаас машин гарч ирээд төв зам руу нийлэх гээд зогслоо. Яг бид нарын явж байсан замыг таглаад зогсчихлоо. Энэ тохиолдолд монголд яадаг билээ, үйлийн лайтайгаараа явган зорчигч өнөө машиныг тойрч гардаг биз дээ. Машин доторх хүний хувьд явган хүн үл үзэгдэгч нөмрөг нөмөрсөн мэт тоож харах ч үгүй. Тэгвэл энд яадаг вэ? Өнөө машин шууд ухрах араандаа хийгээд хойшоо ухарч өгөөд дээрээс нь гэрлээ унтрааж өгнө. Бид нарыг урдуур нь өнгөрсний дараа гэрлээ асааж урагшилж ирээд зам руу нийлж байгаа юм даа. Энд явган хүн дугуйтай хүн хоёр л машиныг дээрэлхэнэ /гэхдээ хуулийн хүрээнд/.
Жишээ 3.
Бага сургуулийн хичээлийн эрхлэгч нь хүүхдүүдтэйгээ сургуулиа цэвэрлээд зогсож байдаг гэж урьд нь хэлж байсан. Тэгвэл захирал нь яадаг бол? Өглөө болгон охины сургуулийн захирал нь гудамжинд гараад зогсчихсон хүүхдүүдээ ирэхийг харна, булан тохой бүрийн аюулгүй байдлыг шалгаж үзнэ, уулзвар болгон дээр очиж дарцагтай сайн дурынхантай уулзаж мэнд мэдэнгээ баярласан талархсанаа илэрхийлнэ. Бүр өглөө болгон шүү. Хүүхдүүдийн гол явдаг гудамжаар сургууль цуглаж дуустал эргүүл хийгээд алхаад явж байдаг. 
Жишээ 4.
Дэлгүүр болгон бонус карттай байдаг. Худалдан авалт хийх тоолондоо өнөө картаа уншуулж оноо цуглуулна. Заримдаа дэлгүүрээр хальт дайраад ганц 100 иений бохь чихэрхэн авах хэрэг гарна. Тэр тоолонд кассны хүмүүс заавал бонус карт байгаа эсэхийг лавлана. Хичнээн бага мөнгөн дүнтэй худалдан авалт хийж байсан ч хичнээн их оочер дараалалтай ачаалал их байсан ч заавал тэр карт байгаа эсэхийг асуудаг, байвал уншуулж өгдөг. Огт төвөгшөөлгүйгээр. 

Санаанд орж байгаа нь энэ байна. Цаашид үргэлжлүүлнээ.

Friday, October 12, 2012

...

Охин харь гаригийн хүнтэй кино үзэж сууснаа,
-Хэн анх энэ харь гаригийн нисдэг таваг гэж ярьсан юм болоо?
Хүү,
-Лам.
Охин:
-Яагаад?
Хүү:
-Өө тэд нар чинь юу ч ярьж мэдэх улс гэнээ хахаха. 

Монголын дунд сургуулиудын байдал

Өнөөдөр үүнийг олж уншаад сэтгэлээр их уналаа. Хөөрхий манай хүүхдүүд. Ийм байгаа хүүхдүүд том болоод хэн болох уу, цаашид яаж явах юм. Бүүр цаашилбал манай улсын ирээдүй юу болох бол.  Нам мам энээ тэрээ нь ч яахав. Хамгийн гол нь ийм судалгаагаар ийм үнэлгээ авсан гэдэг нь үнэн байна. Өөрөөр хэлбэл монголын ЕБС-н өнөөдрийн байдал ийм л байна.

Отгонбаярын нууж байсан “F” үнэлгээ

МАН засаг барьсан он жилүү­дэд, Боловсролын сайдаар Ё.От­гонбаяр ажилласан цаг хугацаанд номын хуудас эргээд л байж, Мон­голын үрс юу ч суралгүй явсаар байж. Байдал ийм дор орсныг сайд Ё.Отгонбаяр ажлаа өгөх хүртлээ нууж дарж байжээ. Үүний нотолгоо нь Олон улсын боловс­ро­лын үнэлгээний нийгэмлэг, Гер­маны өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон коллеж, Ка­надын статистикийн газар хамт­ран хийсэн "ТИМСС ба ПИРЛС 2011" судалгааны дүн юм. Уг су­далгааны дүнгээр Монголын ерөн­хий боловсролын сургуулийн су­рагчдын сурлагын чанарын дүг­нэлт олон улс дахь хамгийн доод түвшин буюу "F" үнэлгээ авчээ. Тус судалгааны байгууллагад тухайн үеийн БСШУЯ-ны зүгээс 1.5 сая ам.доллар төлсөн байна. Яамны бүтэн жилийн төсвийн тал хувийг тушаан байж хийлгэсэн судал­гааны дүн Монголын хүүхдүүдийн боловсролын түвшин шалан дээр байгааг нотолсон хэрэг болжээ. Сонгуулийн дүнд муугаар нө­лөөлнө гэж үзсэн бололтой тухайн үеийн яамны удирдлагууд судал­гааны дүнг хав дарсан байна. Аль дөрөвдүгээр сард хийгдсэн су­далгааны дүн уржигдархан олон түмэнд дэлгэгдлээ. Эцэг эхчүүд бид үр хүүхдүүдээ ямар түвшинд суурь боловсрол эзэмшиж байгааг ха­раад гутарлаа. Засаг солигдоогүй бол энэ мэтийг нуусаар, бүх асуу­дал окей гэж ойлгуулсаар дуусгах байжээ. Ё.Отгонбаяр сайд, МАН-ын дарга нар олон зүйлийг ард түм­нээс нуусан байж болно. Харин үр хүүхдүүдийнх нь хувь заяаг ээж ааваас нь нууж болохгүй байсан юм. Тухайлбал, сайд асан Ё.От­гонбаяр та боловсролын систе­мийн шинэчлэл нэртэй төсөл бо­ловсруулаад тэрбумаар нь мөнгө угааж байсан нөхдийг нууж болно. Харин түмний үр хүүхдийн боловс­ролын чанар шалан дээр унасныг нуусан тань дэндүү муухай хэрэг болжээ. Үүний чинь төлөө таныг Их хурлын гишүүний сэнтийгээс буул­гамаар байна. Та болоод танай намын дарга нар жилийн 18000 ам.долларын төлбөртэй америк сургуульд хүүхдээ сургадаг байж болно. Харин өөрсдийн хүүхдүү­дийн сурч байгаа орчин шигээр ардын хүүхдүүдийг ойлгож болох­гүй байсан юм. Та бүхний амьдрал тасарсаан тасарсан. Харин ард түмний амьдрал бол ахиж дэв­жээгүй хэвээр байгаа. Хэдэн бор хүүхэд нь нэг ширээн дээр гурав дөрвөөрөө шахцалдаж суугаад хичээлээ хийж байгаа. Үүнээс болж Монголын хүүхдүүдийн 68 хувь нь ямар нэг ужиг өвчний шинж тэм­дэгтэй болсон судалгааны дүн хүртэл гарсныг ноён сайдтан мэдэж байсан уу, үгүй юу. Наад захын ийм л юмыг ойлгохгүй, мэдрэхгүй Боловсролын сайдтай байсан нь монголчуудын эмгэнэл юм. 

Олон улсад боловсролын ча­нарын баталгаа болдог дээрх судалгааны "ПИРЛС"-аар дөрөвдү­гээр ангийн сурагчдын унших чад­варын түвшнийг судалсан бол ТИМСС нь дөрөв болон наймду­гаар ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түв­шинг тогтоосон юм билээ. Тус судалгаанд 80 гаруй улс орон хамрагдсанаас манай улс анх удаа оролцсон аж. Судалгаанд хотын 12, хөдөө, орон нутгийн 28 сур­гуулийн дөрөвдүгээр ангийн 43 бүлгийн 1313 сурагч, наймдугаар ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх идэвхтэй хамрагд­сан байна.  

Судалгааны дүнг дүгнэх явцад л эхнээсээ муу дүн авч эхэлжээ. Наад зах нь сургуулиас ирүүлсэн сурагчийн овог, нэр, төрсөн онтой холбоотой мэдээллээс эхлээд их алдаатай, тэр бүү хэл зарим багш, сургууль хэдэн хүүхэдтэйгээ  ч мэдэхгүй байсан байна. Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал манай улсын дөрөвдүгээр ангийн сурагчдын  хувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, ун­шаад ойлгох чадвар сул байна. Хот, хөдөөгийн зарим сургуулийг харьцуулан нарийвчилсан судал­гаагаар хотын захын зарим сур­гууль хөдөөгийн сургуулиас илт муу байжээ. Хөдөөгийн сурагчдын үзүүлэлт хотынхоос доогуур  бо­ловч бичгийн хэв сайн, хариулах чадвар чанартай байсан байна. Ер нь бол сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр зөв хариултыг таамгаар сонгох, хариултыг баг­цаалан хайж байгаагаас тодорхой харагдсан гэж судалгааг гардаж хийсэн мэргэжилтнүүд дүгнэлтдээ тусгажээ. Ийнхүү судалгаанд оролцсон дөрөвдүгээр ангийн сурагчдын сурлагын чанарыг хан­галтгүй гэж үзсэн бол наймдугаар ангийн сурагчдын тестийн дүнг маш муу гэж дүгнэсэн байх юм. Тухайлбал, Улаанбаатарын сур­гуулиудын математикийн дундаж дүн 28 хувь, байгалийн ухаан 33.6 хувь гэсэн үнэлгээ авсан байхад Баян-Өлгий аймгийн сургуулиуд математик 14.9 хувь, байгалийн ухаан 17.0 хувь гэсэн үнэлгээ авчээ. Нэгтгээд улсын хэмжээнд дүгнэвэл манай улс 39.6 хувь буюу олон улсын үнэлгээгээр "F" үнэлгээ авчээ. Ийм л муу үр дүнтэй гарсан Монголын боловсролын салбарыг шинэчлэлийн Засгийн газар хүлээн авч байгаа бололтой. Хэдий хугацаанд, ямар үр дүн гаргаж ажиллахыг мэдэхгүй байна. Харин бодит үнэн гэвэл нийтээрээ нийлэг шахуу болчихсон Монголын бага дунд боловсролыг өмнөх засгийн нөхөд Кембирж мембирж гэсэн яриагаар хуурч өнөөдөрт хүрсэн байсан нь л үнэн байна.

Thursday, October 11, 2012

Таргалалт ба хоол хүнсний илчлэг чанар

Энэ постыг 2 жилийн өмнө анх дөнгөж блогоо нээж байхдаа бичиж байжээ. Сая статистикаа хараад сууж байсан энэ постыг гүүглээр их хайж их олон хүн уншсан байх юм. Тэгэхээр нь хүмүүст сайн хүрэг гэж бодоод дахиад оруулчихлаа.

 
Ойрын үед жин нэмэх явдалтай эрс дайн зарлаж байгаа болохоор хоол хүнс таргалалтын талаар нэг юм бичье гэж бодлоо. 
Таны биед хуримтлагдсан 7,000 ккал илчлэг нь 1 кг өөх болж биед чинь үлддэг гэж энд  бичсэн байна. За тэгвэл хүн өдөрт хэдэн ккал энерги зарцуулж түүнийгээ нөхөхийн тулд хичнээн хэмжээний ккал илчлэг бүхий хоол хүнс идэх ёстой вэ гэдгийг цөмөөрөө тооцох гээд үзье. Эсвэл эсрэгээрээ бид хэдий хэмжээний юм идчихээд түүнээсээ хэдийг нь зарцуулаад хэд нь гэдэс гүзээ болж үлдээд байгааг тооцъё. Энд би энд тэндээс олсон уншсан мэдээллээ бөөгнүүлэх гэж оролдлоо. 


Wednesday, October 10, 2012

Дахиад л японы бага сургуулийг магтан дуулъя

Магтах ч үг олдохгүй юм дөө. Юу юу сургаж байгааг та нар ингэж над шиг өдөр тутам мэдэрдэг ч болоосой. Би өөрөө монгол сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ өгч байгаад энд ирээд үргэлжлүүлж байгаа болохоор сургалтын стандартын ялгааг аймаар мэдэрч байна. Сургуульд дан ганц тоо бодох унших бичихийг заахаас гадна хэл ярианы хөгжил, гар урлал, гарын ур дүй, биеийн хөгжил, хөгжмийн зэмсэг тоглож сурах гэх мэт өчүүхэн жижиг мөртлөө амьдралд нэн хэрэгтэй зүйлсийг их заах юмаа.

Tuesday, October 9, 2012

Уран зохиолын хичээл

Хонь зулзагална гэж ярьдаг болжээ одооны хүүхдүүд. Тэгсэн арван жилийн программд нь уран зохиолын хичээл хасчихсан байх юм. Сэтгүүлч зохиолчид хуучны учир мэддэг хүмүүс манай улсыг устгах бодлого төр засгийн хэмжээнд явагдаад байна гэж хардах нь ч аргагүй юм.
Өчигдөр 2 хүүхэддээ "Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай, хөлдөө жороотой, хүзүүндээ молцогтой, чонон хоёр чихтэй, цолмон хоёр нүдтэй..." гээд шүлгийг үг бүрийн утгыг нэг бүрчлэн тайлбарлаж өглөө. Жишээ нь урт сайхан зоотой гэж юу гэсэн үг вэ гэсэн чинь манай 2 урт сайхан хүзүүтэй гэх. Тэгээд л үглэн дуулан байж урт сайхан зоо нуруутай гэж байгаа юм гээд л зааж өглөө. За тэгээд цаашлаад жороо морь яаж явдгийг дөрвөн хөллөж давхиж баахан үзүүллээ. Би өөрөө хотын хүүхэд. Хөдөө тоотой л явж байсан. Жороо морь унах нь бүү хэл жирийн морь ч тоотой унаж үзсэн. Тэгээд жороо морины явдлыг яаж мэддэг болсон бэ гэвэл ном ном номноос.
Энэ боловсролын яамныхан тэр заавал унших ёстой ч билүү дунд сургуулийн хичээлийн программд оруулах ёстой ч билүү номын жагсаалтаа хурдхан гаргаад уран зохиолын хичээлийг буцаад албан ёсоор ордог болгомоор юм. Манай охины ангид Уншлагын хичээл гээд тусгай хичээл ордог. Түүн дээрээ японы хөөрхөн хөөрхөн жижигхэн зохиолууд уншаад ойлгосноо өөрсдийн үгээр бичдэг, бас нэг нэгээрээ илтгэл бэлдэж самбарын өмнө гарч ярьдаг гэж байгаа юм. Дөнгөж 3-р анги шүү дээ. Ер нь аль ч улс дунд сургуулийн хөтөлбөртөө тухайн улс орны хэл уран зохиолын хичээлийг заавал оруулдаг. Энэ нь бүр тусгай бодлогоор тодорхойлогддог. Тэгэхэд монголын боловсролын систем программаасаа уран зохиолын хичээлийг хасаад хаячихсан ч байх шиг. Юу ч гэхэв, хэлэх үг олдохгүй юм.

Sunday, October 7, 2012

Өөр блог нээдэг юмуу?

Мэргэжлийн талын юм бичдэг өөр блог нээдэг юмуу? Эсвэл эндээ авгай хүүхэд хоол ундтайгаа холиод бичдэг юмуу? Хааяа нэг мэргэжлийн талын ч гэх юмуу нийгмийн ч гэх юмуу юм бичмээр байх юм, гэтэл энд ердөө ч зохицохгүй санагдаад байх юм.

Saturday, October 6, 2012

iPhone 5 авлаа /дахин оруулав/


Японд ирснээс хойш Apple-ын бүтээгдэхүүн хэрэглэж үзээд энэ хазсан алимны улаан фен болчихлоо. Эхлээд лабын макпро хэрэглэж үзээд сураад таалагдаад өөртөө нэгийг авчихлаа. Дараа нь энд чинь iphone жирийн хэрэглээ болохоор аргагүйн эрхэнд холбоо барих юмтай болох гээд авсан юм. Тэгээд өөрөө хэрэглэж үзээд мэдрээд ирэхээр энэ iDevice-уудад чинь шууд донтдог юм байнаа. За тэгээд iPhone 5 гарсан сургаар 9 сарын 20-нд захиалга өгсөн юм.

Tuesday, October 2, 2012

Хөгжилтэй ярианууд

Ойрд манай гэрт болсон ярианууд.
Хүү:
-Чи ингэж уншдаг. Эр-тээ урь-дын ца-гт гэж удаан уншдаг.
Охин:
-Тэгвэл чи өөрөө уншиж чаддаггүй биз дээ.
Хүү:
-Би чалчаа болохоор унших хэрэг байхгүй ээ.
.....

-Ээжээ, энэ аниа намайг хичээл хий гээд зодоод.

-Битгий хов зөөгөөд бай.

-Би хов зөөгөөгүй ээ. Болсон процессийг яриад байна шдээ. Та одоо ойлго л доо.
....
Охин:
-Би монголд очоод усан гахай юмуу туулай авахаа болилоо. Харин зараа авдаг юмуу?

-Яагаад?
-Хэтэрхий эгдүүтэй болохоор би биеэ барьж чадалгүй базаад алчихаж магадгүй. Харин зарааг бол базаж чадахгүй шд. 
Хүү:
-Хөөе чи тэгвэл миний гөлөгнөөс хол байгаарай.
...
Манай хүү их янгууч юм л даа. Тэгсэн нэг удаа "Аймаар өргөс зоогдчоод аймаар өвдөөд байна" гээд болдоггүй. Бараг нүдэнд харагдахгүй юман дээр янгуучлаад байгаа нь ойлгомжтой байлаа. Тэгээд аваад өгөх гэсэн чинь өнөө өргөс нь хэтэрхий жижигхэн болохоор би олж хардаггүй ээ. Тэгсэн хүү "Таны хараа улам муудаад байгаа юмуу даа. Ийм аймаар өргөс хүүгийн чинь биед зоогдчоод байхад л харахгүй байгаан" гээд үглээд унадаг байна шүү.
...
Байхгүй ардуур манай 2 зодолджээ. Зодолдохоороо аймаар дуу чимээ гаргадаг байхгүй юу. Би бүр хажуу айл, гудамжаар яваа хүн амьтнаас их санаа зовдог юм.
-Та хоёр муудалцаж зодолдоо юу?
-Энэ чинь диваны ардуур хичээл хийхгүй гэж нуугдаж орчоод. Би бүр арай гэж чирч гаргалаа шд.
-Пээ тэгвэл та хоёр ч ёстой аймаар орилолдож чарлалдсан юм байна даа тийм үү.
Хүү:
-Та байгаагүй нь ч болсон. Байсан бол ёстой айсандаа ухаан алдах байсан юм. Бид хоёр тийм аймаар байсан.
Яанаа хүн амьтан юу гэж бодсон болоо. Ёстой байгаагүй нь ч болж.  
....
Манай хүү цэцэрлэгийнхээ багш нарт "Манай аав Тоторо" гээд гэдсээ бүдүүн болгож үзүүлсэн гэсэн. Багш нар нь савж унаад аавыгаа цэцэрлэг дээрээ авчраарай гэсэн гэнээ.
....
Цэцэрлэгийн багш нь хэлж байна.
-Танай хүү зүгээр үед бид нарын ярьж хэлж байгааг маш сайн ойлгоод байгаа мөртлөө буруу юм хийчихээд намайг болохгүй гэхээр "Би монгол хүн. Япон хэл мэдэхгүй" гээд японоор хэлээд байх юм. Түүнийг хэлэхийг нь болиулж өгөөч.
 ....

-Танай хүү бүх биеэ шавраар бүрхчээд зоомбий гээд ангийнхаа хүүхдүүдийг араас нь хөөгөөд.
-Тэгээд яасан?
-Бид нар бүх хувцсыг нь тайлж байгаад зүлэг усалдаг шүршүүрээр шүршиж угаасан юм.
Гэртээ ирээд чи тийм хэрэг хийгээд тэгэж угаалгаа юу гэсэн чинь,
-Намайг ёстой яг машин угааж байгаа юм шиг угаадаг байна шд манай багш нар.

Sunday, September 30, 2012

Монголын сайхан орон /Фото пост/

Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэж байгаа юм шүү дээ. Гэснээс одооны хүүхдүүд "Миний нутаг"-ийг мэддэггүй байтугай хэдэн аймгаа ч зааж нэрлэж мэддэггүй болж өсч байнаа. Манай охины ангийнхан /Японы бага сургуулийн 3-р ангийнхан/ улсынхаа бүх мужийг нэр устай нь байрлалтай нь зааж мэддэг гэнээ. "Бүр 1-р ангид нь заачихсан байна лээ" гэснээ манай охин "Тэгэхэд би монголынхоо аймаг хотуудыг ч мэддэггүй шд, тэр Дархан Эрдэнэт чинь хаана байдаг юм" гэж намайг загнасан шүү дээ. Нээрэн яагаад бүр бага ангид нь иймэрхүү юм зааж болдоггүй юм болоо. За за тэрийг дараа ярилцъя. Одоо бүгдээрээ манай хүний авсан сайхан зурагнуудаас үзэцгээе.

© Your_Blog


14 хоног

14 хоног гэдэг чинь ийм хурдан байдаг билүү? Эрхэлж наадаад л инээлдэж хөхрөлдөөд л байж байтал нөхрийн буцаад явах хугацаа болчих юмаа. Манай нөхрийн ажлын хуваарь одоо 1 сар монголд, 14 хоног японд болж байгаа юмуу хаашаа юм ккк. Сар монголд байж байгаад ирж 14 хоночоод дахиад л яваад өгөх юм. Ажил нь гайгүй байгаа хүнийг чинь одоо яахав дээ, ажлаа хаячихаад миний хажууд байж бай гэлтэй биш. Нөхрийг ирсэн хэд хоног манайх гэдэг айл "Ид ид бас дахин ид" гэдэг уриатай ажиллаа шүү дээ. Манай хүн чинь өөрөө хоол сайхан хийдэг, их хоолсог, бүдүүн хүн болохоор бараг хаалгаар орж ирэнгүүтээ бид гурвын турж эцсэн олигтой хоол унд идээгүйг гайхаад унадаг юм. Тэгээд би чинь хэдхэн хоногт нөхрөөрөө бордуулсаар байгаад жирэмсэн юм шиг гэдэс бүдүүрээд өмдөө давж унжаад нөхрийн араас орох шинжтэй болоод явчихаж байгаа юм чинь. Нээрэн бүдүүн гэснээс, нөхөрт куртка авах гээд дэлгүүр орсон чинь таарах юм олдохгүй хэцүүдсэн шд. Нэг куртка хараад л хамгийн том XL размераас нь өмсөөд үзэхээр жадайгаад байгаа юм чинь. Үүнээс том байна уу гэхээр энэ хамгийн том size нь гээд. Манай хүн сүүлдээ уурлаад "Энэ хувцасны фирмүүд нь зөвхөн туранхай хүнд л зориулж хувцас үйлдвэрлэдэг юмуу хаашаа юм. Махлаг бүдүүн хүн хувцас өмсөх эрхгүй юм байна л даа. За за харьж турчаад эргэж ирж дэлгүүр хэсье мэсье" гээд үглээд хахаха. Тэгээд нэг шинэ зеланд брэндийн европ өмсгөлтэй дэлгүүрээс таарах юм олсон. Би уг нь овоо тураагаад 93 кг болгочоод явуулсан чинь 98 кг болчоод хүрээд ирсэн.
Манай хүн харин дахиад баахан гоё гоё зураг авсан байна лээ, засаж байгаад сайхан зурагтай пост хийнэ ээ. Зураг оруулна гэхээр залхуу хүрээд байх юмаа. Тэр олон зургийг сонгоод хэмжээг нь жижигрүүлж янзална гэхээр их цаг орох юм. Уг нь ийшээ тийшээ явсан хэдэн зураг байгаа юмсан, нэг өдөр л уйгагүй суухаас.
Би нээрэн iphone 5 захиалчихсан. Хэзээ ирэх юм ёстой бүү мэд. Дэлхий даяар захиалгандаа дарагдаад хангамж нь хүрэлцэхгүй байгаа юм гээ биз дээ. Авчихаад та нартай сэтгэгдлээ хуваалцнаа. 4, 4S, 5-ыг харьцуулсан судалгаа хийнэ. Нөхөртөө 4S аваад өгчихсөн чинь нөгөө нээт мээт комьютер энээ тэрээ огт сонирхдоггүй хүн чинь улаан фэйсбүүкчин болчдог гэнээ.  Хэдэн зургаа байнга тавьж байдаг болсон, бүр миний хачин сонин байрлалтай /дүр төрх, байр байдал гэж байгаа юм шүү/ зураг мураг тавих гээд, би орилж хашгирч байж болиуллаа шд ккк.

Monday, September 24, 2012

Японы хүүхдийн эмчилгээ үнэгүй

Манай 2 энд ирснээсээ хойш автоматаар эрүүл мэндийн даатгалд хамрагдаад явдаг байлаа. Эмнэлэг орох нэг их шаардлага гараагүй байсан юм. Тэгсэн охины нуруун дээр юм туураад хүүгийн хоолой өвдөж халуураад аргагүй эмнэлэг орох хэрэг гарлаа. За төлбөр нь хэд гардаг юм бол доо, 70 хувь хөнгөлөөд 30 хувь төлнө гэхээр бас овоо хэдэн иен болох байлгүй гээд 5000 иен аваад гарсан юм. Тэгээд том нэгдсэн эмнэлэг рүү явах цаг байхгүй болохоор ойрхон байдаг хувийн жижиг эмнэлэг рүү очлоо. Энд чинь хувийн ч бай улсын ч бай эмнэлэг нь хачин сайхан цэвэрхэн, үйлчилгээ мүйлчилгээ гэж янзын, тонголзож бөхөлзөөд нүүр дүүрэн инээмсэглээд сайхан шүү дээ. Улсын хувийн ялгаагүй эмчилгээний чанар адилхан байдаг юм шиг байгаан.
За тэгээд татаатунгаадаж нэр усаа бүртгүүлээд хүүхдийнхээ даатгалын цааснуудыг өгчихөөд номероо хүлээгээд суулаа. Удалгүй манай хүүхдийн нэрийг эмчийн өрөөнөөс дуудлаа. Яваад орсон өвгөн эмч байна, ашгүй хэд гурван үгээр англиар ярьдаг юм байна. Хэт их хөлөрснөөс болж охины нуруун дээр юм туураад байгааг, хүүгийн хоолой идээлснээс болж халуураад байгааг дараалан сайхан тайлбарлаад бүр хүүгийн хоолойг комьпютер дээрээ тусгай програм дээр ийм болцон гээд харуулаад өглөө. Охинд 2 янзын тос өгнө, хүүд бол антибиотик өгнө гэж байна ойлгомжтой. За дуусаад эмчийн өрөөнөөс гарлаа. Ресепшн сувилагчаас даатгалын дэвтрүүдээ авах ёстой тул дахиад хүлээлээ. Эмчийн өрөөнд байсан сувилагч хавтастай бичиг баримтыг нь ресепшнд авчраад өгчихлөө. Дуудаж байнаа бид 3-ыг. Хэд гарах болоо мөнгө хүрэхгүй бол яанаа гээд яс хавталзаад байлаа. Баахан цааснууд өгөөд аптек булан тойроод байгаа, энэ цаасаар эмээ аваарай л гээд байна оок оок. Тэгснээ баярлалаа гээд тонголзоод байна. Аан за гээд л түрийвчээ гаргаж барьчихаад хараад зогсоод байлаа, нэг мөнгөний тоо хэлэх байх гэж бодоод. Тэгсэн намайг ойлгов бололтой, өнөө өгөөд байсан олон цааснууд дотроосоо нэг цаасыг нь сугалж гаргаад 1 оноо нэмэх нь 2 оноо нийтдээ 3 оноо ч гэнүү сонин тоо харуулаад инээмсэглээд л байх юм. Тэгээд болсон дууссан баярлалаа гээд бөхөлзөөд уналаа. Өө юу вэ, мөнгө төлөхгүй юмуу? За эмнэлэг нь хүүхдэд үнэгүй байдаг юм байна ашгүй дээ. Гараад булан тойроод аптек руу нь орлоо. /Сүүлд мэдэхнээ улсын хувийн бүх эмнэлэг хажуудаа ийм аптектай, түүгээрээ л эмчийнхээ бичсэн жорын эмийг олгодог юм билээ/. Текэн дээр нь очсон тонголзож бөхөлзөөд өнөө эмний цаасыг аваад анх удаа ирж байгаа юу гэж байна, тиймээ. Жаахан хүлээж байгаарай гээд сандал руу зааж байна. Тэнд нь дүүрэн хүн сууж байгаа юм. Очоод сууж байтал өөр нэг хүүхэн үзэг цаас бариад хүрч ирснээ өмнө сөгдөж суугаад хүүхдүүдийн жин өндөр, эмний алерги байгаа эсэхийг татаатунгаадаж асуулаа татаатунгаадаж хариулсаар өнөө тестийг нь бөглөж дуусгалаа. Баярлалаа жаахан хүлээж байгаарай гээд босоод яваад өглөө. 10 орчим минут болж байтал нэрээр дуудлаа яваад очсон 2 уут дүүрэн бичиг цаас. Юу вэ? За эхнээс нь сайхан тайлбарлаж байгаа юм даа. Эхний уутанд хүүгийн эмнүүд байна. Антибиотик өдрийн 3 удаа нийт 5 өдөр уух 15 ширхэг /тэр нь нунтаг, бүх төрлийн шингэн уух юманд найруулж болно/, халууны эм 3 ширхэг /зөвхөн 38,5-с дээш халуурвал л өгөөрэй гэж хатуу анхааруулсан/. Бүх эмнүүд нь тус тусдаа гялгар уутанд хүүхдийн нэр усыг эмний зураг тайлбар тунтай нь өнгөтөөр хэвлэсэн цаастай цуг хийчихсэн. Бас нэг банкны дэвтэр шиг зузаан дэвтрийн нүүрэн дээр хүүгийн нэрийг хэвлээд дотор нь эхний хуудсан дээр хүүгийн нэр ус, хаяг адрес, эмнэлэг аптекийн хаяг утсыг хэвлээд наачихсан, тэгснээ өнөөдрийн бичсэн эмний жорыг хэвлээд наачихсан байна. Дараа ирэхдээ энэ эмний дэвтрээ авчраарай гэж байна. Охиных бас адилхан ийм дэвтэртэй. Охины нэг тос нь 2 янзын тос найруулж өгч байгаа юм байна. Манайд байсан бол бүгдийг нь ав гэх байх даа, юун тэгэж 2 шинэ тос задлаад хольж найруулж өгөх. За бүх эм тан тос мосоо яаж идэж уух түрхэж мүрхэхээ сайхан тайлбарлуулаад авлаа. Төлбөрөө одоо л хийнэ дээ, хэд болох бол доо, даатгалтай юм чинь гайгүй байх ухааны юм бодоод л зогсож байлаа. Дууслаа баярлаа гээд тонголзоод байна ямар ч мөнгө нэхсэнгүй. Хэхэ инээд хүрээд л явчихаж байгаа юм чинь. Мөнгө төлдөггүй юм байна. Эмчилгээ, эм хоёрт хоёуланд нь хүүхэд мөнгө төлдөггүй юм байна, даатгалаас нь 100 хувь даадаг юм байна. Сүүлд хүнээс асуусан чинь төрснөөс авахуулаад бага сургуулийн 3-р анги төгстөл даатгал 100 хувь төлдөг юм байна лээ. Тэрнээс цааш том хүнтэй адил 70 хувь хөнгөлдөг 30 хувиа төлдөг болох байх.

Tuesday, September 18, 2012

Дүүрэн

Өө нөхөр ирсэн. Гэр гэдэг чинь өрхийн тэргүүний орон зайгаар дүүрээд л, хүүхдүүд бид гурвын сэтгэл ааваараа дүүрээд л, өрөөний булан шүүгээний тавиур хүртэл нөхрийн эд юмсаар дүүрээд л,  хөргөгч хүртэл монгол хиам амттан шимттэнээр дүүрээд л яасан ч сайхан юм дээ.
Гилийн хатан эгч маань буцаад ирсэн нь бас яасан сайхан юм бэ. Нэт ертөнц бас дүүрээд л явчихлаа шд. Гуталчин маань бас блогоо бичиж эхэлнэ гэсэн. Сайхан байна өө сайхан байна, дүүрэн сайхан байна.

Wednesday, September 12, 2012

9-р сарын сонин сайхан

Өө юу байхав дээ. Уг нь энэ чинь семестер дуусаад амралт маягийн хугацаа байгаан, 10 сарын 1-нээс шинэ семестер эхэлнэ, гэхдээ энд тэгээд амраад назгайраад байгаа хүн ганц ч алга. Сургууль ёстой бужигнаж буцалж байна. 10 сарын 1-нээс японы их дээд сургуульд сурахаар олон гадаад оюутнууд ирдэг юм. Тэд нарын түүчээ бололтой сургуулийн кафед дүүрэн хар шар хараагүй нүүрний арьснууд.

Ий аажий...

Жаахан хүүхдийг тэгэж айлгадаг биз дээ. Би сая өөрөө өөртөө тэгэж хэлээд сууж байна. Юу харчаад айгаад байгаан гэж үү. Монголын үл хөдлөхийн сайтууд дээрх байрны үнийг харчихаад шууд ар дагз руу нэг юм хатгаад л явчихдаг байна шд. Энэ байр сууцны үнэ чинь ёстой ий аажий болчихсон юм байна. Өнгөрсөн жилийн өдийд намайг явахад гайгүй л байсан чинь ганц жил хүрэхгүйн дотор 50-100% нэмэгдчихсэн юмуу хаашаа юм. Гайгүй цэвэрхэн шинэ баригдсан байрны 2 өрөө 100 сая, 3 өрөө бол 150-200 сая гэнээ. Хаана байгаан тэр их мөнгө?

Saturday, September 8, 2012

Эр хурга

Овоо шдээ. Бат-Үүл гуай болж байна. Эр хурга. Жинхэнээсээ хариуцлага гэж юу байдгийг, төрийн албан хаагчид юуны төлөө яах гэж ажилладгаа мэдэрч эхлэж байх шиг байна. Кран нурж хүүхэд дарагдаж нас барсан хэрэг гарсан шүү дээ /үнэхээр аймшигтай/. Тэр краны барьж байсан байшин нь 3 давхар барих зөвшөөрөлтэй мөртлөө 10 болгон хууль бусаар барьж байсан юм байна. Иймээс энэ явдалд хяналт тавьж уг барилгыг нураах шийдвэр гаргах эрх мэдэлтэй мөртлөө арга хэмжээ аваагүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг ажлаасаа огцор гэжээ. Бас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сургуулиасаа гарч яваад машинд дайруулж амь насаа алдсан 7 настай хүүхдийн хэргээс болж Баянгол дүүргийн засаг даргыг огцор гэсэн байна. Зөв шдээ, зөвөөс зөв. Би 2 гараа 2 хөлтэйгээ өргөөд ураа хашгираад дэмжиж байна. Цаашид траншейны нүхэнд хүн унавал тухайн дүүргийн засаг даргатай ч гэсэн хариуцлага тооцож байвал таарна.
Мэдээж энэ хүмүүс албан тушаалаа өгөхгүй гэж орилолдоно, өгөх ч үгүй байх. Харин тэдэнд ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцдог юм шүү гэдгийг сануулсан асар том сануулга болно гэж бодож байна. Төрийн алба бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш түүний чинь ард маш том үүрэг хариуцлага байдаг юм шүү гэдгийг одоогийн энэ албан тушаалтнуудад сануулсан маш гэнэтийн тэдний хувьд цочиж унамаар шийдвэр байлаа. Урьд нь бол кран байтугай барьчихсан байшин нь нурж хүн ална уу байна уу, машинд хэн дайруулж үхнэ үү байна уу хяналт тавих ёстой албан газар байгууллагын хувьд падлий ч байдаггүй байв. Одооноос хүмүүс ажлаа жинхэнэ утгаар нь хийх байх гэж найднам.

Friday, September 7, 2012

Don't cite Wikipedia!

Манай багш бид нарыг зүгээр нэг энгийн хичээлийн даалгавар дээр эх сурвалж wikipedia гээд тавьчихаар маш их уурладаг юм. "Та нар яасан ч wikipedia-г эх сурвалж гэж дурьдаж болохгүй. Учир нь энэ бол нээлттэй эх. Хэн ч юу ч гэж өөрчлөлт оруулж болно. Хамгийн гол нь тэр мэдээлэл худлаа байвал эргээд хариуцах эзэн байхгүй учир хэзээ ч wikipedia-г эх сурвалж гэж ишлэж болохгүй" гэдэг юм. Санаад авахад илүүдэхгүй биз.

Сургалтын төлбөр

Би одоо гадаадад мастерт сурахдаа лав сургалтын төлбөрт санаа зовоогүй юм. Тэгсэн очоод төлөх 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бодоод шууд айдаг байна шд.

Wednesday, September 5, 2012

Мардайн уурхайн цацрагийн хэмжилт

Мардайн уурхайн тухай өчнөөн сонсож байснаас газар дээрээ байдал ийм байгаа гэж зүүдэлсэн ч үгүй. Тэнд яг голомтондоо цацраг идэвхийн хэмжээ 5 микрозиверт/цаг байна гэж байна. Гэтэл манай энэ хотод 0.2 байна гээд манай хотынхон боож үхэх гээд хотын даргаа барьж идэх гээд байгаа шд. Мардайн уурхай дээр Токиогийн их сургуулийн багш очиж хэмжилт хийсэн юм байна. Та нар өөрсдөө уншаад үзээрэй. Цацрагийн аюултай гэсэн анхааруулга самбарыг нь нэг айл аваачаад амбаар хийчихсэн байна лээ.
Эх сурвалж

Яриа

Өнөөдөр өдөр гэртээ ирээд цайгаа ууж байтал /мөнгөө хэмнэж байгаа юм/ утас дуугарлаа. Аваад хартал лабораториос ярьж байна. Манай нэг оюутан,
-Naran san. Your reactor... /Нараа, чиний реактор чинь.../
-What's happened? Exploded?  /Яасан? Дэлбэрчихсэн үү?/
-Hahaha. No no. Why do you think so? Set a bomb there? /Хахаха. Үгүй ээ үгүй. Чи яагаад тэгэж бодоов? Бөмбөг тавьчихсан юмуу?/
-Of course no. So what's happened? /Мэдээж үгүй. Тэгээд юу болсон бэ?/
-Your reactor's sensor has problem. You should check it. /Реакторын чинь мэдрэгч асуудалтай байх шиг байна. Шалгасан нь дээр байхаа/
-Oh, Adeline. Please don't call me with so serious voice, unless it explode. /Өө Аделин. Наадах чинь дэлбэрчихээгүй л бол над руу битгий ингэж сүртэй залгаж байгаарай/
-Ok ok.
Ёоо нээрээ үхтлээ айлаа шд. Энэ нэг юм нь дэлбэрчихсэн юм байх л гэж бодлоо. Ойрд миний хийж байгаа туршилтын нэг бодис нь арьсандаа хүргэчихвэл хүний ДНК-д нөлөөлж болзошгүй хортой юм гэсэн. Дараа нь удахгүй хийх ёстой туршилтын нэг бодис нь маш хортой, сайн хамгаалахгүй бол хорт хавдар үүсгэдэг гэсэн. Заримдаа би юу хийгээд байна даа, цаасны судалгаа хийдэг ч байжуу гэж бодох юм. За за айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биз дээ. Хөдөлмөр хамгааллаа сайн уншихаас.
 


Addiction

Түүнд би анх тийм сайн байгаагүй юмаа. Бусад хүүхнүүд ялангуяа хуучин ажлын ахимаг насны эгч нар түүнийг харангуутаа бүр унан тусна. Ялангуяа гадаадад сургууль соёл төгсөж ирсэн хүмүүс түүнийг элдвээр магтаад л. Тэр ч гадаадаас дөнгөж ирсэн гоё сайхан хувцас хунартай хачин ганган амьтан л байдаг байв. Тэр үед нь би "За яршиг аа. Нэг муу хар юмны төлөө..." гэж боддог байлаа. Бүр заримдаа суугаа ажилтай эгч нарын биеийн чилээг нь сайн гаргаж өгдөг нөхөр юм байна даа гэж шоолон боддог байлаа. Ингээд яахав дээ, хүн гэдэг чинь их саваагүй юм болохоор би түүнтэй учрахаар шийдэв. Нэгэнт хэрэгцээ юм болохоор олдоц ихтэй нялуун хулхины гаруудтай хэрэгцээгээ хангаж явсан болохоор яг төгс сайхан гэж бусдын магтаад байгаа энэ нөхрийг үзэхээр шийдсэн юм. Нэг их зориг зүрх ч шаардаагүй ээ. Харин анхны удаа гэдгээ хүмүүсээс нуухаар л шийдэж байсан юм даг. Хичнээн залуу жаахан байсан ч гэсэн юм үзээгүй амьтан гэж хүнд хэлүүлмээргүй санагдсан юм шиг байгаан.
Анхны учрал маань миний бодсон шиг сайхан байсангүй. Хүн бүр тийм байсан байх гэж бодож байна. Бид хоёрын анхны учралаас хойш бараг 10 жил өнгөрчээ. Түүнээс хойш би түүнтэй байнга уулзаж учирдаг болсон. Өдөр, сар, жил ирэх тусам түүнийг ямар сайхан болохыг мэдэрч эхэлсэн. Алга болчихоор нь араас нь хайж гүйнэ. Энд тэнд тааралдвал түүнд мөнгө хайрлахгүй. Түүнийг гэртээ авчирч нөхөртэйгээ танилцууллаа. Эхнэрийх нь толгойг эргүүлээд байгаа хар юманд ямар ч эр хүн сайн хандахгүй тийм биз дээ. Тийм л юм болсон. Дараа нь би жирэмсэн болж хүүхэд гаргасан 2 удаа. Тэр үед л бид хоёр хэсэг хугацаанд холдсон байх. Мэдээж жирэмсэн эсвэл хөхүүл жаахан хүүхэдтэй эмэгтэй хүн түүнд таалагдахгүй байлгүй дээ. Ямар л олиг байв гэж. Хүүхдээ харж баясаад би түүнийг хэсэг хугацаанд мартсан байсан. Хүүхэд томорсны дараа би эргээд ажилдаа ортол түүнтэй халз тааралддаг байгаа. Тэгээд л ахиад л түүнд дурласан, хуучны дурсамж сэргээд л. Өдөр болгон, бүр заримдаа өдөрт 5 нахидаг болсон. Бие хөнгөрөөд л, сайхан болоод л бөөн эрч хүч амтагдаад л. Сайхан шүү.
Одоо би өнөө шоолон боддог байсан ажлын эгч нар шигээ түүнд үнэхээр сайн, бүр түүнгүйгээр байж чадахгүй болтлоо дурласан байх юм. 

Этанол

Этанол гэж этилийн спиртийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний ойлголтоор архи. Гэхдээ архи бол этилийн спиртийн 38%-ийн шингэрүүлсэн уусмал. Харин виски 40%, за тэгээд өөр дөчин хоёр моёр градустай юмнууд чинь 42% нь этилийн спирт 58% нь ус гэсэн үг. Alcohol-5% гэсэн пиво бол этилийн спиртийн агууламж 5% юм л даа.

Tuesday, September 4, 2012

Шашин ихэдвэл

Ямарваа юм тун нь ихдэхээрээ хор болох юм даа. Одооны энэ хэт шашинт улсууд хэтэрхий шашиндаа автаад ч юмуу, албаар шашныг мунхруулах хэрэгсэл болгон ашиглаж ард түмнийг хяналтандаа байлгах гэж оролддог хэсэг бүлэг хүмүүсийн явуулга хэрээс хэтрээд ийм болчихсон ч юмуу сонсоод чихэндээ итгэмээргүй нийгэм цогцлоочихсон байх юм.

Нөхөр бид 2-ын яриа

Нөхөр монголд байгаан. Нээрэн энэ facetime гээч чинь яасан сайхан эд вэ тээ. Skype энэ тэртэй харьцуулахад гацнаа нэг байхгүй юм. Нөхрийн дүү нар нутагтаа эхнэр жирэмсэн эхнэрүүдээ дагуулан ирж эхнээсээ төрцгөөж байгаа юм. Манай хүн дүүгийнхээ шинэ хүнийг эргэж очиж л дээ. Тэгээд орой нь над руу ярьж байнаа.
-Тулгын шинэ хүн нь овоо уйлдаггүй сайн хүүхэд байна лээ.
-Тийм үү. Манай 2 ч гэсэн уйлдаггүй л байсан шд.
-Тийм билүү. Би бага байсныг нь бараг санахгүй юм.
-Тэгэлгүй яадгийн, чи биш би бараг ганцаараа өсгөсөн юм чинь.
-Би хайччихсан байсан юм?
-Чи ажил гээд л өглөө 7-д босоод гарч яваад шөнө 12 цагт л ирдэг байсан шд.
-За тийм дээ. Манай 2 том болчихсон чинь жаахан хүүхэд хөөрхөн харагдаад байх юм. Сая Тулгын хүүхдийг хараад нялх хүүхэд чинь ийм жаахан байдаг билүү гэж бодлоо шд. Ямар ч эгдүүтэй юм. Үнэр танар гэж байнаа байна. Манай 2 хажууд нь динозавр юмаа. Ерөөсөө хоёулаа нэг шинэ хүн бодно байгаа, намайг очихоор.
-За гуцаа гуц.

Monday, September 3, 2012

Судлаач япон эмэгтэй

Манай сургуульд япон эмэгтэй оюутан их ховор. За бакалаврт зөндөө байж магад, дээшлээд Graduate school-д бол цөөрөөд л, бүр манайх шиг байгалийн ухаан мухааны сургуульд бол ганц нэг болоод л явчихна.

Friday, August 31, 2012

Гохь нь ээ гохь нь гэдгийн шдээ

Хахаха. Бүр өөрийн эрхгүй инээд хүрээд байх юмаа. Хүрэлсүх Баярсайханыг шанаадаж унагаадаг бичлэг үзсэн чинь бүр нэг гөх инээд хүрээд ккк.
Хүрэлсүх чинь харин ёстой шударга эр хүн шиг үзчихдэг гар уу үгүй юу. Гараад эр хүн шиг үзчихэе гэлээ. Баярсайхан ч нэрээ бодоод дагаад гарлаа. Эхэлж алхам хийе гэж бодсон юмуу Хүрэлсүхийг заамдаад авлаа. Харин цаадах нь ёстой овоо цохилоо. Хахаха.
Баярсайхаан юун шалчигнасан юм бэ чи. Эр хүн шиг үзчихэе гэхэд нь чи тэгэе гээд дагаад гараа биз дээ. Тэгээд л үзлээ хожигдлоо. Тэртэй тэргүй 2 боксчин тулалдахад аль нэг нь заавал ялагддаг л биз дээ. Ялагдсан нь ялсныгаа шүүхэд өгдөггүй л байхгүй юу. Тэгэж ярих юм бол эр хүн шиг үзчихэе гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй байсан юм биш биз дээ? Арай гараад авгай хүүхнүүд шиг амаа урагдтал хэрэлдэнэ гэж бодоогүй биз дээ. Хахаха.

Thursday, August 30, 2012

Хаалгаа цаанаас нь хаа

Хүү охин хоёр эрвээхэй барьдаг баатрууд болоод тор авахуулсан юм. Дэлгүүрээс ирэнгүүтээ өнөө тороо бариад гарцгаалаа. Тэгээд бараг цагийн дараа хүү хаалга онгойлгосноо нэг гартаа тороо чирчихсэн их л баатарлагаар,
-Ээж! Би сэми барьсан. Одоо гэртээ тэжээнэ.
-Хаалгаа цаанаас нь хаагаадах даа.
-За гээд хаалгаа хаагаад гадаа хэсэг байснаа гэнэт ойлгов бололтой дахиж онгойлгоод,
-Ээ ээж, би оръё л доо.

Халамж

Хэдхэн сарын өмнө дөө, нэг тв-ээр ...-р хорооны хамгийн ядуу айлд очиж танилцаад ч байгаа юмуу яагаад ч байгаан нэг нэвтрүүлэг үзэж байсныг бичмээр санагдаад байна. Би энд илүү дутуу юу ч тайлбарлахгүй. Та нар өөрсдийнхөөрөө ойлго.

Хашааны тал нь байхгүй, нэг ноорхой гэр байна. Сурвалжлагч нар яваад орвол нэг хөгшин эмээ байна. Бас 2 хүүхэн, 1 залуу (бүгд 20-25 насны), 3 жаахан хүүхэд (0-3 насны) байна.
- ... гуай, та нас сүүдэр хэд хүрч байна даа?
- Эмээ нь наян ...-тэй.
-Яажшуухан амьдарч байна даа?
-Өө хэцүү хэцүү. Тэтгэвэр гэж 140,000 төгрөг авдаг яагаад ч амьдралд хүрэлцэхгүй байна.
-Энэ таны хүүхдүүд үү?
-Тийм ээ, миний ач охид байгаа юм. Хүү бэр 2 маань эрт бурхан болцгоосоон.
-Хүүхдүүд тань ажил хийдэггүй юмуу?
- Манай энэ том ач охин нэг гуанзанд ажиллаж байгаад хүүхэд гаргаад гэртээ суучихсан. Нөхөр нь ажилгүй. Манай бага ач охин 2 хүүхэд дараалаад гаргачихсан бас ажилгүй гэртээ хүүхдээ хардаг юм. Нөхөр нь зах дээр тэрэг түрдэг юм, одоо ажлаасаа арай ирээгүй байна. Өдөрт хэдхэн төгрөг л авчирдаг. Бид хэд чинь өвөл түлээ түлш гээд хэцүү байнаа. Миний муу тэтгэвэр чинь аманд ч үгүй хамарт ч үгүй алга болчих юм.
-Тэгээд танайх гэдэг айл яаж болгодог юм бэ?
-21 мянгаа л хүлээх юм байна шүү дээ.

Би зүгээр ганц л юм асууя. Энэ айлд 21,000 төгрөгний халамж үнэхээр хэрэгтэй юу?

Wednesday, August 29, 2012

Сөнөөх бодлого

Улс орныг мөхөөх сөнөөх ямар бодлого байж болох вэ? Ард түмнийг нь ядуу залхуу боловсролгүй мэдээлэлгүй харанхуй байлгах.
Тэрний тулд яах вэ? БЭЛЭН МӨНГӨ ТАРАА, ХАЛАМЖ ӨГ. 
Халамж нэрийдлээр бэлэн мөнгө авдаг хүмүүс ажил хийх сонирхолгүй болно. Ажил хийхгүй бол сурч боловсрох шаардлагагүй болно. Бас уйдна, тэгээд архи уудаг болно. Архидалтыг дагаад нийгмийн бүх муу муухай юмс хөгжин цэцэглэнэ. Тэгээд л тэр үндэстэн улс орон аажимдаа мөхөж алга болно. Ийм жишээ дэлхийд олон шүү.  

Заримдаа ч

Заримдаа ч би ер нь яагаад ийм нарийн юм сонгочихвоо гэж бодох юм. Багцаалдаг юмаараа л сурдаг байж, яах гэж ийм огт мэдэхгүй бүр ямар ч ойлголт байхгүй юм сонгодог байнаа гэж өөрөө өөрийгөө зүхэх юм. Тэгснээ бас техник технологиороо гайхуулдаг Японд ийм л нарийн юмаар сурахгүй юм бол энд ирж сурах ямар хэрэг байгаа юм гэж өөрийгөө зөвтгөх юм. Би биеийн амраа хараад уур амьсгалын өөрчлөлт Монголд нөлөөлөх нь гэх ч юмуу сэдэв сонгоод диплом биччихэж болох л байсан. Гэхдээ би тэгэе гэж бодсонгүй. Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг судалж хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж дээр ажиллаж үзье л гэж бодсон юм. Одоо тэгээд хүссэн юм хүзүүгээр татаад сууж байна даа. Заримдаа ч нээрэн...

Google reader

Дээр нэг блог уншиж байсан чинь нэг хүн ингэж сэтгэгдэл үлдээсэн байсан. "Яагаад бичлэг нэмэхгүй байгаа юм бэ? Шинэ юм нэмэгдэж үү гэж өглөө болгон орж үздэг хэдэн блог байдаг юмаа" гэсэн байсан. Та тэгэж дуртай блог болгон руугаа орж үзэж байхад жаахан түвэгтэй байгаа биз дээ. Тэгвэл Гүүгл уншигчийг хэрэглэж сураарай гэж зөвлөх байна. Мэддэг хүмүүс нь алгасна биз. Мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магад.
Эхлээд та Гүүгл аккаунт нээх хэрэгтэй. Өөрийн yahoo hotmail gmail ямар ч имэйл хаягаараа нээж болно. Дараа нь reader.google.com руу ороод Subscribe товчин дээр дараад өөрийн унших дуртай блогийн хаягийг оруулаад Add дарна. Бүх блогоо ингэж оруулаарай. Ингээд л та өдөрт зөвхөн гүүгл уншигч руугаа ороод л бүх дуртай блогууддаа шинэ юм нэмэгдсэн эсэхийг харж байх болно. Унших бол дээр нь дараад л гүйцээ. Бас мэдээний сайтууд болон зарим блог дээр байгаа RSS товчийг дарвал таны гүүгл уншигч руу автоматаар нэмэгдэнэ. RSS бол адилхан зориулалттай.
Шинэ бичлэг нэмэгдсэн блог тод (bold) өнгөөр бичлэгийн тоотойгоо, харин шинэ юмгүй блогууд арай бүдэг харагдаж байгааг харж байгаа бизээ. Тухайн блогийн шинэ бичлэгийг эндээсээ уншиж болно, эсвэл блогийн нэр дээр дараад өөр лүү нь ороод уншсан ч болно доо.

Friday, August 24, 2012

150 сая vs 3 сая

Хэдэн бангладеш оюутнуудтай хичээл дээр хууч хөөрч суув. Юу ярьж байгаад ч билээ авилга руу яриа хальтраад орчихлоо.
-Манайд авилга маш их. Авилгаас болоод манай улс хөгжиж чадахгүй байгаа. Бидний хэдэн гадаад дотоодод сургууль төгссөн эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс яаж ч тэмцээд дийлэхгүй байгаа гэж нэг бангладеш оюутан хэлэв. Би,
-Манайд ч гэсэн авилга ихсээд байна. Авилгаас болоод бид эрүүл саруул орчинд сайн сайхан амьдарч чадахгүй байна.
-Яг үнэн. Авилга ихтэй болохоор хууль дүрэм ерөөсөө хэрэгждэггүй гэж бангладешүүд дуу дуугаа аван орилолдов.
-Манай оронд нэг том гүүр барих болсон юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, JICA эд нараас хөрөнгө оруулалтыг нь шийдээд. Гэтэл тэнд асар том авилга явагдчихсан. Бүр ерөнхий сайд түүний хамаатнууд оролцоод. Түүнийг нь Дэлхийн банк Азийн хөгжлийн банкныхан мэдээд хөрөнгө оруулалтыг зогсоочихсон. Одоо тэгээд бид нэг сайхан гүүр бариулж авах байсан боломжгүй болсон гэж нэг оюутан хэлэв.
-Манайд ч гэсэн тиймэрхүү юм зөндөө болдог. Хамгийн наад захын жишээ нь автозам байна. Тендерт нэг даргад нь авилга өгсөн компани ялдаг, тэр нь өнөө мөнгөө гаргаж авахын тулд замын зардлаас танаж эцэст нь зам чанаргүй болдог гэхэд
-Яг үнэн. Тэгээд бас тийм чанаргүй зам чинь төрийн ажилчдад мөнгө олох арга зам болж өгдөг, жил бүр эвдэрсэн замыг дахин засахын тулд төсвөөс мөнгө төсөвлөнө, дахиад тендер зарлана, бүх юм эхнээсээ явагдана. Ингэж хэлэхэд нь надад яг манай улсын тухай яриад байгаа юм шиг санагдав. Ийнхүү цааш нилээн ярихад тэдний улс манай улс хоёр авилгын тал дээр яг адилхан байлаа.
-Энэ хууль бус үйлдлийг нь илчлэх гэж оролдсон хүмүүсийг ямар ч аргаар хамаагүй үгүй хийдэг. Хилс хэргээр шоронд суулгана, эсвэл тэр хүн нь зүгээр л осолд ороод үхчихдэг. Нэг гэр бүлийн 2 сэтгүүлч байсан юм. Засгийн газрын асар том булхайг олж мэдээд олон нийтэд дэлгэх гэж байсан юм. Гэтэл нэг шөнө гэрт нь хүмүүс дайрч ороод буудчихсан. Маргаашийн сонин дээр нь хулгай хийх гэж гэрт нь орсон дээрэмчин хүмүүс буудчихсан л гэж гарсан. Би лав огт итгээгүй. Энэ бол мэдээж засгийн эрхэнд байгаа хүмүүсийн л хийж байгаа ажил. Иймэрхүү маягаар замаасаа зайлуулж дуугүй болгодог.
Надад маш их айдас төрөв. Энэ яасан танил сонсогдож байнаа. Эдний төр чинь 40 жилийн настай. 1971 онд энэтхэгээс салан тусгаар тогтносноос хойш өдий болтол төрийн систем нь ингэтлээ авилгад идэгдэж одоо болтол эрүүлжиж чадахгүй байна. Гэтэл би өөрийн улсаа дахиад 20 жил болоход сайхан болох байх, энэ түр зуурын шилжилтийн үе гэж бодож байдаг.
-Гэхдээ танай улс чинь 3-хан сая хүн амтай. Хүн ам  цөөн болохоор яаж л бол яаж өөрчлөлт шинэчлэл хийж авилгын эсрэг арга хэмжээ авч болно. Харин манай улс 150 сая хүн амтай. Системийг цэвэрлэнэ гэдэг бидний хувьд маш хэцүү гэж нэг бангладеш оюутан хэлэв.
Нээрэн тийм дээ. Бид чинь 3-хан саяулаа шүү дээ. 3-хан сая хүн өөрсдийн гэсэн диваажин байгуулчихаад яаж л бол яаж сайн сайхан амьдарч болно доо.

Friday, August 17, 2012

Сэми, мими

Японоор сэми Солонгосоор мими гэдэг энэ амьтны муухай дуутай муухай царайтайг яанаа. Модон дээр амьдардаг нисдэг энэ том шавьж ямар азаар манай оронд байдаггүй юм. Дүр төрхийг нь жаахан сийрүүлбээс голио жоом хоёрын дундаас төрж болохуйц гэх юмуу. Эсвэл асар том дэнгийн эрвээхэй жоом хоёрын дундаас л иймэрхүү амьтан гарч магадгүй. Модны хажуугаар явах үед чих дүлийртэл орилолдож байгаа юм даа. Нэг тийм ий-уу ий-уу гэсэн хахирган муухай дуутай, хамгийн гол нь чанга гэж жигтэйхэн. Өчигдөр цонхны торны цаад талд нэг ирээд суучихсан байхаар нь ёстой эм хүнээс гарамгүй зориг гарган ойртон очиж зургийг нь дарсан юм.
Хүний гартай харьцуулахад ямар том байгааг нь харж байгаа биз дээ.

Ер нь халуун орны хорхой шавьжны муухай бас томыг яанаа. Энэ амьтан гэдэс нь хувхай цагаан мөртлөө далавч нь улаан хүрэн өнгөтэй. Учиргүй ялаа шиг олуулаа энд тэндгүй нисэлдээд байхгүй ч гэсэн харанхуйд хааяа гэрлийн хажууд ганц нэг төөрсөн нөхдүүд нисч ирнээ. Тэгэнгүүт эгч бол мангас үзсэн юм шиг орилж зугтаагаад л хүн амьтныг цочоогоод л.

Шар шувуу болсон шүү дээ

Японы халууны улирал эхэлснээс хойш би гэдэг хүн ерөнхийдөө шөнийн амьдралтай болоод байгаа. Орой 9-с хойш РС-ны ард суугаад л тэр чигээрээ өглөө үүр цайлгана. Ялангуяа шөнө 2 цагаас хойш бараг онгод ороод байна уу яаж байна гэлтэй юм бичихэд их сайхан төвлөрч байна. Тэгээд л үүрээр 5, 6 гэж унтаад өдөр 1 цагт босч ирээд 2 хүүхэддээ хоол хийж өгчихөөд өдөржин нэг мансуурлын байдалтай нөхөр манарч сууж сууж байгаад оройн хоолны цаг болонгуут нэг хоол хийж өгчихөөд заримдаа сургууль руу явна заримдаа дугхийгээд л. Тэгээд орой болонгуут кофегоо бэлдэж аваад л суух юм. Шөнийн нойр дутуу болохоор маргааш өдөр нь ажлын чадваргүй гэж жигтэйхээн. Бас хажуугаар нь өдөрт 10 аяга уугаад байна уу энэ кофег. Намайг дагаад манай 2 хүүхэд бас шөнө 2 гэж унтаад маргааш нь 1 цагт босох юм. Зуны амралт нь эхэлчихсэн болохоор намайг дагаж сайхан дампуурч байна даа. Ээж унтахгүй болохоор элэг бариад л тоглож наадсан болоод шөнө болгочихно. Өдөр юм хийх гэхээр 2 хүүхдийн шуугианд бас халуунд үнэндээ боломжгүй, сургууль номын сан руу явах гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Бид 3 зуныг нэг иймэрхүү л байдалтай барж сууна даа.

Wednesday, August 15, 2012

Харри Поттер-1


Харри Потер ба Гүн ухааны Чулуу
    I бүлэг
Амьд явах хувьтай хүү
    Прайвет Драйвын 4 тоотод аж төрдөг Дарслигийнхан өөрсдийгөө их л энгийн улс гэж бахархан ярьдаг юм. Гэвч тэд нэгэн нууцлаг зүйлтэй холбоотой гэдгээ  яахин мэдэх билээ.
Ноён Дарсли бол “Гранинс” хэмээх өрөмдөгч машин үйлдвэрлэдэг нэгэн компанийн  захирал хүн. Тэрбээр богинохон хүзүүтэй, хүчирхэг лагс биетэй, бавайсан сахалтай эр билээ. Харин хатагтай Дарсли бол туранхай, цайвар шаргал үстэй бөгөөд  ердийн хүнийхээс хоёр дахин урт хүзүү нь цэцэрлэгийн хашаан дээгүүр өнгийн, хөршүүдээ тандан харж,  цагийг зугаатай өнгөрүүлэхэд тун ч нэмэртэй байдаг аж. Дарслигийнхан өөрсдийнхөө бодлоор бол “хаа ч байхгүй сайн”, Дадли хэмээх  нэгэн бяцхан хүүтэй.

Ном

Хүн сургуулиа төгсөөд, хүнтэй суугаад, бас дарга болохоороо ном огт уншихаа больчихдог юм байна. Гэтэл яг энэ 3 тохиолдолд л харин ч хамгийн их ном унших ёстой гэнээ. Яагаад энэ 3 тохиолдохоор ном уншихаа больчихдог юм болоо гэсэн чинь завгүй болчихсон гэнээ. 
Бодоод байсан чинь би амьдралдаа уншсан ихэнх номоо 10 жилдээ л уншсан юм билээ. Монгол хэлний номон дээрх өгүүлбэр зүйн дасгалын өгүүлбэрийг ямар зохиолынх болохыг нь шууд хэлдэг байлаа. Аав ээж 2 номын цагаан солио тусчихна гээд сүүлдээ намайг ном уншихыг хориглоод. Би чинь суусан ч боссон ч идсэн унтсан ч ном шагайгаастай байсан болохоор тэгсэн юм болов уу. Шаал худлаа юм ярьж хүн хориод, миний л мэдэхийн тийм өвчин туссан хүн алга. Ганц би ч биш миний үеийнхэн бүгд л тэгэж уншдаг байсан даг. Тэгэж хорьсон ч гэсэн миний орны гудсан доогуур дүүрэн ном, хувцасны шүүгээ нэг эвхээстэй хувцас нэг ном гэдэг дараалалтай, 00 дотор почки дотор гялгар ууттай ном нуучихсан байдаг л байлаа. Ямар сайндаа хажуу айлын эгч орж ирчээд ээж намайг ном уншлаа гэж загнаж байгааг сонсоод "Хүн чинь хүүхдээ ном унш гэж загнадаг байхад чи ном уншлаа гэж загнаж байдаг" гэдэгсэн. Аргагүй ч юмуу, би чинь Монте-Кристо гүнг 3-р ангидаа уншиж байлаа шд /дараа нь зөндөө удаа дахиж уншсан/. 4-р ангид байхдаа гараа хугалаад, аав ээж хоёр чинь надад 75-аараа бууж өгөөд миний охин яамаар байна хүссэнийг нь биелүүлье гэхээр нь тэр шүүгээний араар нуусан ном аваад өг дөө гэж байлаа. Тэгэж уншаад л байсан мөртлөө одоо бодож байхад уншиж амжаагүй ном зөндөө байнаа. Дараа нь англи хэлний зах зух гадарладаг болоод эх хэл дээр нь ном унших дуртай болсон юм байна. Би чинь мөхөс буурай хүн болохоор одоохондоо англи хэлээс өөр хэл дээр ном унших чадалгүй л байна даа, бусад хэлнүүд нь мэндээс цаашгүй. Одоо харин ном унших гэхээр миний толгой хүлээж авахаа больчихсон ч юм шиг санагдаад байх юм. Хөлдөж мөлдөөд биш л дээ. Сүүлийн үеийн номнууд нэг л санаанд хүрэхгүй юмаа. Эхний өгүүлбэрийг уншаад л эсвэл гарчигийг нь хараад л өө энэ ч мөнгөний ном байна, өө энэ ч орчуулга биш оршуулга байна, өө энэ ч дээ найруулга гэж авах юм алга хэн редакторлодог байнаа гэж голж шилсээр байгаад авах ч юм олдохгүй юм. Хүүхдийн номнууд бол ёстой болгоомжтой сонгохгүй бол хэл гэж мод, хүүхэд байтугай би ч уншаад ойлгохгүй байгаа юм чинь. Нөхөр сая ирэхдээ охинд хэдэн үлгэрийн орчуулгын ном авчирч өгсөн чинь зүгээр л хог.  Хайран цаас л гэж бодлоо. Хауфын үлгэрийг л орчуулсан царайтай юм шиг байгаан. Тэгсэн миний багадаа уншиж байсан Хауфын үлгэр мөн үү гэж бодох шахлаа, бараг шинээр зохиочихсон юм биш үү? Хэл найруулга нь яасан ч модон юм, дандаа байв байв гэдэг төгсгөлтэй, ядаж байхад номных нь гарчиг нь хүртэл Хуафын үлгэр шүү хахаха. Ийм юм уншсан хүүхэд тэр агуу хүний гайхамшигт сайхан үлгэрүүдийг яаж амтархаж сонирхож, цаашаа яах бол гэж тэсэн ядан унших болж байнаа. Яг үнэнийг хэлэхэд Хауфын үлгэрүүд манай охинд томдоно л доо, өсвөр насныхан л уншвал зүгээр юмуу. Одоо харин буцаж очихоороо монгол хэл дээр зохиогдсон номнуудаас сонирхоё гэж бодоод байгаа орчуулга нь бүтэхгүй юмаа гэхэд зохиол нь гайгүй байлгүй дээ.
Дээр үеийн сонгодог зохиолууд ч гэж зохиол байж, орчуулга ч гэж орчуулга байж дээ. Соц нийгмийн үеийн ганц сайхан юм нь хүмүүс ажлаа хийсэн шиг хийдэг байжээ. Энэ номыг орчуулсан болоод бушуухан зарж мөнгө олъё гэсэн ойлголт байх биш, орчуулагч нар нь ч редакторыг нь хийж байгаа хүмүүс нь ч аугаа хүмүүс байсан юм байна. Тэр үеийн сайхан сайхан номнуудыг яг тэр чигээр нь дахиад хэвлэдэггүй юм байх даа. Тийм сайхан юм уншаад өсчихсөн бид нар чинь одооны энэ модон хэллэгтэй оршуулгын номнуудыг гололгүй яахав дээ.
Ном орчуулна гэдэг тийм амар ажил биш шүү дээ. Нэрийг нь сонсоод л биширмээр хүмүүс хийдэг байсан ажлыг одоо бараг хүн болгон л хийдэг болсон юмуу даа.