За энэ ч арай дэндэнээ. Сүүлдээ бүүр аргаа бараад цаг заваа хумслан НАСА-гийн сайт руу орж ийм юм орчуулаад сууж байна. Мэдлэгийг түгээж ард түмнийг гэгээрүүлэх үйлсийн төлөө миний энэ орчуулгыг хаана ч ямар ч байдлаар хуулбарлан түгээхийг машид дэмжинэ. Ногоохон блогийн Наран.
Эх сурвалж
Асуулт: 2012 онд манай дэлхийд заналхийлэх ямар нэг аюул бий юу? Интернэтэд маш олон вэбсайтууд дэлхийн төгсгөл 2012 оны 12 сард ирнэ гэх юм.
Хариулт: Дэлхий 2012 онд сүйрэхгүй. Манай дэлхий цаашид 4 тэрбумаас ч илүү олон жил оршин байсаар байх бөгөөд 2012 онтой холбоотой ямар нэг аюул тохиолдохгүй гэдгийг дэлхий даяарх эрдэмтэд мэдэж байгаа.
А:Дэлхийн сүйрэл 2012 онд болно гэдэг таамаг ер нь яагаад гарч ирэх болов оо?
Х: Анх энэ яриа Шумерчуудын нээсэн дэлхийг чиглэн ирж буй Нибуру хэмээх гаригтай холбоотой л доо. Эхэндээ энэ сүйрлийг 2003 оны 5 сард гэж зөгнөж байсан боловч тэр өдөр нь юу ч болоогүй тул одоо 2012 оны 12 сар луу шилжүүлж мөн үүнийгээ эртний Маяачуудын календарны дуусч буй нэг мөчлөгтэй холбож бүр 2012 оны 12 сарын 21-ний өвлийн туйл нар буцах өдрийг гэх болсон.
А:Тэгэхээр тэр Маяачуудын календар нь үнэхээр 2012 онд дуусч байгаа юм уу?
Х: Танай гал тогооны ханан дээр байгаа календар 12 сарын 31-нээр дуусч байгаа ч цаг тоолол тэгээд дуусчихдаггүй биз дээ. Яг л үүнтэй адил Маяачуудын календар энэхүү 12 сарын 21-нээр дуусч байгаа юм биш зүгээр нэг урт тоолол нь л дуусч байгаа юм. 1 сарын 1-нээс дахиад шинэ календар аваад хэрэглэдэг шиг Маяачуудын дараагийн нэг урт тоолол нь эхэлж байгаа юм.
А: 12 сарын 23-наас 25 хүртэл дэлхий даяар цахилгаан тасарч харанхуй болно гэж NASA ер нь таамаглал гаргасан уу үгүй юу?
Х: Огтхон ч үгүй. Ганц НАСА ч биш өөр ямар ч шинжлэх ухааны байгууллага тийм таамаглал гаргаагүй. Ийм ташаа ойлголт "гаригуудын давхцал" болох үед цахилгаан байхгүй болдог гэх буруу ойлголттой холбоотой. Ямар ч тийм давхцал байхгүй. Энэ цуурхлыг гаргаж буй зарим газрууд манай НАСА-гийн зохион байгуулагч Чарльз Болдений онцгой байдлын үед бэлэн байх тухай яриаг иш татсан байна лээ. Энэ бол Америкийн засгийн газраас зарлаж буй онцгой байдлын үед бэлэн байх өргөн хүрээний кампанит ажлыг дэмжиж хийсэн л яриа. Үүнд ямар ч харанхуй болох цахилгаан тасрах тухай огтхон ч дурьдаагүй. Уг видеог үзэх.
А: Тэгвэл гаригуудын давхцал манай дэлхийд нөлөөлөх юм биш биз?
Х: Ойрын хэдэн арван жилдээ ямар ч гаригуудын давхцал болохгүй, болсон ч энэ нь манай дэлхийд онцын нөлөө үзүүлэхгүй. Нэг томоохон давхцал 1962 онд болсон, бас 1982, 2000 онуудад өөр 2 ч давхцал болсон. Жил бүрийн 12 сард нар дэлхий хоёр Тэнгэрийн заадал /Milky way/ галактикийн тодорхой төвд давхцдаг боловч энэ нь ямар ч нөлөөгүй, жилийн жилд болж л байдаг үйл явдал.
А: Нибуру, Экс гариг, Эрис гэх мэт ер нь манай дэлхийтэй мөргөлдөж эсвэл их хэмжээний хор хохирол учруулах гариг байгаа юу?
Х: Нибуру гэх мэтийн тийм санаан зоргын гаригуудын тухай яриа нь зүгээр л интернэтийн хууран мэхлэлт. Энэ тал дээр ямар ч баримттай үндэс нотолгоо байхгүй. Хэрвээ үнэхээр Нибуру ч юмуу Экс гариг ч юмуу тийм гариг байгаад 2012 оны 12 сард дэлхийг мөргөхөөр ирж явсан бол одон орон судлаачид ядаж сүүлийн арван жил түүнийг ажиглаж байна, тэгээд ч өдийд тэр гаригийг бид тэнгэрт харж байх ёстой. Мэдээж тийм гариг байхгүй. Эрис бол харин жинхэнээсээ байдаг, гэхдээ энэ бол Дэлхийн вантай адил манай нарны системийн гадна талын одой гариганцар бөгөөд дэлхийд хамгийн ихдээ л 4 тэрбум миль ойртож чадна.
А: Дэлхийн туйлууд шилжих тухайд? Хэдэн цагийн дотор биш юмаа гэхэд өдрийн дотор ингэж дэлхийн гадаргуу 180 градус эргэх боломж бий юу?
Х: Дэлхийн туйлууд тэгэж байраа солино гэдэг ямар ч боломжгүй зүйл. Тивүүдийн шилжих хөдөлгөөн байдаг боловч энэ нь маш удаан /жишээ нь, хэдэн зуун сая жилийн өмнө Өмнөд туйл эквадорын хавьд байсан/, гэхдээ энэ нь туйлууд тэгэж солигдохтой цуурхалтай огтхон ч хамаагүй. Гэтэл маш олон худалч веб хуудсууд юм мэдэхгүй хүмүүсийг хуурч молиго үмхүүлж байна. Тэд дэлхийн эргэлт болон соронзон туйл хоёрын хооронд ямар нэг холбоо байгаа мэтээр тайлбарлаж байгаа юм. Соронзон туйл нь дунджаар 400,000 жилд нэг удаа байраа сольдог. Ингэж соронзон туйл солигдох нь бидний мэдэхээр дэлхий дээрх амьдралд тэгтлээ гэм хор хүргэж чадахгүй. Тэгээд ч эрдэмтэд соронзон туйл солигдох явдал ойрын хэдэн мянган жилдээ тохиолдох нь юу л бол гэж итгэж байгаа.
А: 2012 онд дэлхий солиртой мөргөлдөх аюул бий юу?
Х: Дэлхий маань ер нь байнга ямар нэг солир сансрын жижиг биеттэй мөргөлдөх нөхцөлд байдаг боловч ийм том хэмжээний мөргөлт маш ховор. Хамгийн сүүлийн том хэмжээний солирын уналт 65 сая жилийн өмнө болж үлэг гүрвэлүүдийг сөнөөсөн шүү дээ. Өнөөдөр НАСА-гийн одон орон судлаачид Сансар огторгуйг хамгаалах судалгаа гээчийг хийж дэлхийтэй ойр томоохон солир сансрын биетийг ирж дэлхийг мөргөхөөс нь өмнө илрүүлэх ажил хийж байна. Динозавруудыг мөхөөсөн шиг тийм том хэмжээний солирын аюул байхгүй гэдгийг бид аль хэдийн тогтоосон. Энэ бүх солирын нээлтүүд манай NASA Near-Earth Object Program Office website дээр байгаа тул та бүхэн өөрсдөө эндээс 2012 онд манай дэлхийд заналхийлсэн солир байхгүй болохыг харж болно.
А: НАСА-гийн эрдэмтэд ер нь энэ 2012 он дэлхийн төгсгөл хэмээх цуурхлыг яаж хүлээж авч байна?
Х: 2012 оны тухай иймэрхүү гай гамшгийн тухай хий хоосон худал цуурхал тараагчдад хандаж хэлэхэд шинжлэх ухааны үндэс нь хаана байна, баримт нотолгоо нь хаана байна? Ямар ч баримт байхгүй. Иймэрхүү зүйлээр өчнөөн ч ном зохиол бичиж кино нэвтрүүлэг хийж интернэтийг тэр чигт нь иймэрхүү мэдээлэл эзлээд байгаа ч ганц ч баталгаа нотолгоотой зүйл байхгүй, байсан бол бид тийм жинхэнэ зүйлийг өөрчилж чадахгүй шүү дээ. 2012 оны 12 сард ямар нэг гай гамшиг болохыг баталж чадах хүлээн зөвшөөрч болмоор ганц ч баримт нотолгоотой мэдээлэл байхгүй.
А: Асар хүчтэй нарны шуурга 2012 онд болох уу?
Х: Нарны үйл ажиллагаа өөрийн циклтэй байдаг бөгөөд 11 жил тутамд оргилдоо хүрдэг. Яг энэ оргил үеийнх нь нарны гадаргуу дээрх дэлбэрэлт хиймэл дагуулын холбоо харилцаанд зарим нэг саатал учруулах боломжтой, гэхдээ инженерүүд одоо нарны шуурганаас хамгаалалттай тоног төхөөрөмж бүтээх талаар олж мэдэцгээж байгаа шүү дээ. Нарны дараагийн оргил үе нь 2012-2014 оны хооронд тохиох боловч дундаж л нарны цикл гэж таамаглаж байгаа. Урьд урьдын циклүүдтэй л адил, ямар нэг өөрчлөлт байхгүй.
Дэлгэрүүлж унших бол эх сурвалж хуудасны хамгийн дор нь байгаа.
5 comments:
Би уншаад өнгөрсөн бол та орчуулсан байна. Сайн зүйл хийжээ. Хүмүүст мэдээлэл хүргэж байгаад баярлалаа. :-)
Нийт массын 70 с дээш хувь үүнд итгэж байгаа нь өөрөө МАНГАР ТОМ СҮЙРЭЛ шүү дээ.
яг НАСА -ийн сайт руу орж унших гэж байлаа. энийг яасан гоё орчуулсын
..... гадна талын одой гариганцар :thumbs up:
Гоё мэдээлэл байна. Ер нь сонирхолтой хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт баярлалаа : )
Hi, nohriinh ni biye zugeer biz dee. Ireh ondoo ajliin ondor amjilt huseye, bas eruul enhiig huseye.
Post a Comment