Wednesday, October 10, 2012

Дахиад л японы бага сургуулийг магтан дуулъя

Магтах ч үг олдохгүй юм дөө. Юу юу сургаж байгааг та нар ингэж над шиг өдөр тутам мэдэрдэг ч болоосой. Би өөрөө монгол сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ өгч байгаад энд ирээд үргэлжлүүлж байгаа болохоор сургалтын стандартын ялгааг аймаар мэдэрч байна. Сургуульд дан ганц тоо бодох унших бичихийг заахаас гадна хэл ярианы хөгжил, гар урлал, гарын ур дүй, биеийн хөгжил, хөгжмийн зэмсэг тоглож сурах гэх мэт өчүүхэн жижиг мөртлөө амьдралд нэн хэрэгтэй зүйлсийг их заах юмаа.
Монголд охин маань нэг хувийн сургуульд явж байсан гэж хэлсэн. Яахав зөвхөн англи хэл тоо хоёроор өдөр шөнөгүй хүүхдийг хаширтал нь шахдаг бусад хувийн сургуультай харьцуулахад биеийн тамирын заалтай, хүүхдийг хувь хүн талаас нь илүү хүмүүжүүлнэ гэж мэрийдэг, үдээс хойш янз бүрийн дугуйлан секц /ширээний теннис, даам, бүжиг, зураг гэх мэт/ хичээллэдэг гэх мэт давуу талтай байсан ч Японы жирийн нэг улсын бага сургуулийн жирийн л нэг стандарт сургалтын хаана нь ч хүрэхгүй байгаа юм чинь.
Жишээ 1.
Та нараас нэг юм асуух уу? Танай 8 настай охин чинь хогоо ганц ширхэг ч үлдээлгүй шүүрдээд шалаа мөлхөж байгаад цэмцийтэл нь угааж чадах уу? Битгий гомдоорой чадахгүй гээд хэлчихэе. Манай охин монголд байхдаа шал угааж үзээгүй байлаа. Манай гэр битүү ширдэгтэй, сургууль нь тусдаа цэвэрлэгчтэй. Тэгээд хэзээ ч бага ангийн хүүхдээр сургууль шал угаалгахгүй шдээ манайд. Гэтэл энд ирснээс хойш япон сургууль чинь хүүхдүүд нь бүгд өөрсдөө тэр том сургуулийнхаа бүх юмыг цэвэрлэдэг. Бүр бүх юмаа хүүхдүүд нь багштайгаа цуг өдөр болгон хийчихдэг, тэнд цэвэрлэгч гэдэг орон тоо байдаггүй. Өглөө очиход 5-р ангийн хүүхдүүд хичээлийн эрхлэгчтэйгээ сургуулийн гадаах навч шороог шүүрдээд зогсоцгоож байдаг, 4-р ангийнхан нь бүх цэцгийн мандлаа арчилж байхад, өөр ангийхан биеийн тамирын талбайгаа янзалж байх гэх мэтээр бүх анги бүр хүүхэд болгон тэр цэвэрлэгээнд мааш идэвхитэй үнэнч оролцдог. Охин заримдаа өнөөдөр цэвэрлэгээний өдөр болохоор сургуулийн шат үхтлээ зүлгэж байгаад ирлээ гэсээр ирдэг. Одоо манай охин чинь шал шүүрдэх угаах хоёрт ёстой мастер болсон шүү дээ. Баян ядуу хэний ч хүүхэд байсан бүгд адилхан юм хийнэ тэр хэрээрээ юм хийж сурна. Нөхөр бид хоёрын олзуурхсан гэж яаваа. Аягүй л бол бид нар чинь хүүхдээ эвий хөөрхий гээд хэр баргийн юм хийж сургахгүй дээ.
Жишээ 2.
Янз бүрийн жижиг сажиг зүйл их зааж сургах юмаа. Оригаминаас авахуулаад нөгөө бид нар бага байхдаа тоглодог байсан урт утас хоёр гарынхаа хооронд хуруундаа углачихаад нэгэн доогуур нь нөгөөг нь гаргаж явсаар байгаад хэрээн сарвуу болгоод байдаг даа, тэрийг чинь энд хичээл дээр нь ордог байвал яахуу? Бас дугуй унаж сургаж байна. Ямар дугуй? Нэг дугуйтай дугуй. Миний хувьд зөвхөн циркэд л харж байсан дугуйг чинь энд 1-р ангид нь заадаг юм байна. Сургууль дээр зөндөө ийм дугуй байхаас гадна дугуйны дэлгүүрт нь өнгө зүс төрөл бүрээрээ. Бас бага байхдаа цагны эд ангийг ширээн дээр эргэлдүүлж тоглодог байсан уу? Яг тиймэрхүү гэхдээ арай том ээрүүл шиг төмөр тоглоомыг маш эвтэйхэн шидэж эргэлдүүлж тогтоодог тоглоом бас сургалтанд нь багтсан байгаан.
За тэгээд усанд сэлэлт, бийрээр бичдэг калиграф, байгаль орчны хичээл, хөгжмийн зэмсэгний хичээл л гэхэд лимбэ тоглуулж эхэлж сургаж байна, хүүхэд бүр лимбээ худалдаж авна, тэр нь нэрийг нь сийлцэн тусгай ширэн сав мавтай үнэн хөөрхөн эд байгаа юм чинь. Байгаль орчны хичээл гэхэд ангидаа эрвээхэй тэжээгээд түүнийгээ өндөг байхаас авгалдай хүүхэлдэй эрвээхэй болох хүртэл нь тасралтгүй ажиглаад маш сайн ойлголттой болж авч байгаа юм. Тэр сурах бичиг мичиг нь ч гэсэн ямар ч гоё юм, яасан ч ойлгомжтой юм, яасан ч их мэдээлэл өгдөг юм. Тэгэхэд хажууд нь би монголын шинэ гарсан 1-р ангийн монгол хэлний сурах бичгийг ойлгохгүй байна шүү дээ. Байгаль орчны хичээл юмуу эсвэл угаасаа ч тэгдэг юмуу, үе үе хоттойгоо танилцах аялалд явж байна. Нэг бол тусгай автобусанд суугаад бүүр хол элдэв гоё том цэцэрлэг сааданд очиж зугаалж байна. Эсвэл энүүхэн ойр хавьдаа тодорхой маршрут гаргаад 100м зай болгонд багш нар нь цуварч зогсоод хүүхдүүд групп болж хуваагдаад газрын зураг бариад явцгааж байна. Эсвэл метро юмуу автобусаар тодорхой зайнд явж үзэцгээж байна гэх мэт.
Жишээ 3.
Биеийн тамирын хичээл бол ёстой жинхэнэ утгаараа орох юм. Тэр хэрээрээ хүүхдийн бие хаа чангарч байгаа юм чинь. Монгол 3-р ангийн хүүхэд япон 3-р ангийн хүүхэд хоёрыг 300 метр гүйлгэвэл монгол хүүхэд нь замдаа бахардаад унана даа. Бүх сургууль стандартын том биеийн тамирын талбайтай гаднаа. Бас усан сантай /бүгд үгүйг мэдэхгүй/. Ер нь тийм том талбайтайгаар нь сургууль байна гэж би таньдаг юм. Хичнээн газар үнэтэй газар хэрэгцээтэй гэж байсан ч ийм талбайгүй сургууль ганц ширхэг ч байхгүй. Манайхан шиг сургуулийн биеийн тамирын талбай дээр нэг өглөө босоод ирэхэд дураараа барилга барьчихсан байна гэдэг ойлголт байхгүй юм даа. За тэгээд бүх хүүхэд биеийн тамирт ижил хувцастай орно.
6-р ангийнхан зогсож байна. Энэ улаан малгайгаа нөгөө талаар нь өмсвөл цагаан багийнхан болно.
Янз бүрийн спорт өдөрлөг уралдаан тэмцээн байнга болно. Түүндээ хүүхдүүдийг оролцохыг маш идэвхитэй дэмжинэ, урамшуулна. Хүүхдүүд ч тэр эцэг эхчүүд ч тэр аймаар идэвхитэй оролцож мааш өндөр ач холбогдол өгдөг иймэрхүү тэмцээндээ.
Жишээ 4.
Хүнтэй мэндэлж, хүнтэй зөв харьцаж сургаж байна. Хүнсээ цуглуулах гэж явахдаа нэг ахлах сургуулийн хажуугаар өнгөрдөг юм. Хааяа биеийн тамирын хичээлийнх нь нэг хэсэг бололтой жагсаалаар гудамжаар гүйж байгаа хүүхдүүдтэй тааралдана. Тэгэхээр тэд нар надтай мэндлээд байдаг байлаа. Анх би гайхаад намайг таньдаг багштайгаа эндүүрч байна даа гэж боддог байлаа.Тэгсэн чинь эд нар чинь гудамжинд яваа бүх хүнтэй мэндлэх ёстой байдаг юм байна лээ шд. Манай охин аяллаар гудамжаар явцгааж л дээ. Тэгсэн багш нь замд тааралдсан хүн болгонтой заавал мэндэл гэж хэлсэн гэсэн. Хүүг ч гэсэн цэцэрлэгийн багш нар нь өглөө ирэхэд нь заавал "Өглөөний мэнд" гэж хэлүүлж байж анги руу нь оруулдаг юм. Бага сургууль цэцэрлэг ч биш манай сургууль дээр ч гэсэн коридорт хэн нэгэнтэй тааралдаад танихгүй ч гэсэн эелдгээр толгой дохиод өнгөрнө. Энэ чинь хүнд их сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа юм чинь.

Энэ бүх сайхан сургалт өндөр стандарт тэгээд үнэгүй гээд бод л доо. Японд бага сургууль үнэгүй, ахлах сургуульд харин их зардал гардаг гэж сонссон. Гэхдээ л бага сургуулийн энэ сургалтанд ядуу баян ямар ч айлын хүүхэд ав адилхан боловсрол олж авч чадаж байна. Тэгэхэд би одоо буцаж очоод яг энэ стандартыг нь алдагдуулалгүй үргэлжлүүлэн сургана гэвэл мааш өндөр төлбөртэй сургуульд сургаад дээрээс нь калиграф, усанд сэлэлт, хөгжим, спортын ямар нэг сургалт дамжаанд нэмж мөнгө төлөх болж байгаан. Тэгээд дээрээс нь сургууль дамжаа аль нь ч хувь хүний хүмүүжил, байгаль орчин, амьтныг хайрлах сэтгэл, энээ тэрээ жижиг сажиг зүйлсийг сургаж чадах уу? Мэдээж чадахгүй.

6 comments:

Aamregled said...

ямар сайхан юм бэ тэ

chuups said...

harin tiimee manai bolovsroliin system uneheer hetsuu, bi buur 10 jild too, mongol hel zaahaasaa gadna yaj zov hun bolj, zov amidrah talaaar ni surgah system oruulaasai gej huuhedtei bolson tsagaasaa l hoish boddog bolsiin. manai bolovsroliin yamniihan bolon bagsh nar yadaj iim systemtei uls oron luu yavj turshlaga sudlaasai daa.

Aamregled said...

манай боловсролын яам эхлээд багш нарынхаа занг засах хэрэгтэй л д ээ

mongolbusgui said...

h tiimee, manai erunhii bolovsrol arai l bish sanagdaad baigaa ymaa. Ohindoo bolohgui bol uuruu tsaasan nugalam, hatgamal, ene ter gd heegtei zuilsiig n zaaj ugnu gej bodood baigaa. Bolohoor zuilsiig n geriin sur-guuliar zaaj bhaas. Bi bas ohinoo uruvuduud geriin ajil hiilgehgui gej boddog bsn chinii bichlegiig unshaad bodoloo uurchilluu, ugluu ert bosgoj, ger ornii ajild ch bas tusluulj bainaa tom bolohoor n. :) hehe

Anonymous said...

цэцэрлэг нь бас ярих юмгүй. 1 ангид 12 хүүхэд 4 багштай байдаг юм билээ.Өдөр бүр харилцах дэвтэр дээр тэр өдөр хүүхдийнх нь хийсэн бүх үйлдийг бичнэ.Яаж тоглосон, юу идсэн уусан, хэдэн цаг унтсан гээд л..Дуу хөгжим тоглоом заахаас гадна наад зах нь гутал хувцсаа зөв өмсөх гээд л бид нарын анзаардаггүй юмыг хүртэл заадаг юм билээ.Монгол шиг байс гээд тийм юмны ийм ч юмны гээд мөнгө нэхээд байхгүй амар. Хүүхдийг чин сэтгэлээсээ харж хүмүүжүүлж байгаа юм даа.

Anonymous said...

эдгээрийг манай эх эцгүүд арчаатай бол зааж өгч болно ш дээ