Японд хувь хүний ч бай байгууллагын ч бай үүрэг хариуцлага түүнийгээ ойлгож ухамсарлах чадвар асар өндөр. Өчүүхэн зүйл дээр ч маш тодоор мэдрэгдэнэ.
Жишээ 1.
Хүүхдүүдтэйгээ Baskin Robinson-с мөхөөлдөс авч байлаа. Нэг залуухан охин үйлчилж байсан юм. Гэтэл өгдөггүй удаад байлаа. Гайхаад лангуун дээгүүр нь өнгийн харвал өнөө нэг ахимаг настай ажилчин мөхөөлдөс хутгадаг халбагаар арай дундуур мөхөөлдөс хутгаж аваад электрон жин дээр аягатай мөхөөлдөс тавьчихсан өнөө охинд нэг юм хэлээд тоо руу нь заагаад байна. Тэгснээ ахиад нилээн ахиухан хутгаж аваад ахиад өөр аяганд хийж жинлэж үзээд охинд нэг юм хэлээд байна. Өнөө охин толгой дохиод тэр мөхөөлдсийг авч бид нарт өглөө. Миний ойлгосноор ажлын туршлагагүй охин өгөх ёстой жингээс арай бага хэмжээтэйг өгөх гэж байсан бололтой. Хал ажилчин үүнийг нь харчихаад жинд нь хүргэж үйлчил гэж зааж өгч байгаа нь тэр байх. Хэдийгээр стандарт хэмжээ ч гэсэн ганц хүнд үл ялиг бага хэмжээтэйг савлаад өгөхөд бид нар лав тоохгүй шд. Гэтэл энд хэзээ ч тэгэхгүй.
Жишээ 2.
Хоёр хүүхэдтэйгээ харанхуйд замын хажуугаар алхаж явлаа. Гэтэл туслах замаас байшин дундаас машин гарч ирээд төв зам руу нийлэх гээд зогслоо. Яг бид нарын явж байсан замыг таглаад зогсчихлоо. Энэ тохиолдолд монголд яадаг билээ, үйлийн лайтайгаараа явган зорчигч өнөө машиныг тойрч гардаг биз дээ. Машин доторх хүний хувьд явган хүн үл үзэгдэгч нөмрөг нөмөрсөн мэт тоож харах ч үгүй. Тэгвэл энд яадаг вэ? Өнөө машин шууд ухрах араандаа хийгээд хойшоо ухарч өгөөд дээрээс нь гэрлээ унтрааж өгнө. Бид нарыг урдуур нь өнгөрсний дараа гэрлээ асааж урагшилж ирээд зам руу нийлж байгаа юм даа. Энд явган хүн дугуйтай хүн хоёр л машиныг дээрэлхэнэ /гэхдээ хуулийн хүрээнд/.
Жишээ 3.
Бага сургуулийн хичээлийн эрхлэгч нь хүүхдүүдтэйгээ сургуулиа цэвэрлээд зогсож байдаг гэж урьд нь хэлж байсан. Тэгвэл захирал нь яадаг бол? Өглөө болгон охины сургуулийн захирал нь гудамжинд гараад зогсчихсон хүүхдүүдээ ирэхийг харна, булан тохой бүрийн аюулгүй байдлыг шалгаж үзнэ, уулзвар болгон дээр очиж дарцагтай сайн дурынхантай уулзаж мэнд мэдэнгээ баярласан талархсанаа илэрхийлнэ. Бүр өглөө болгон шүү. Хүүхдүүдийн гол явдаг гудамжаар сургууль цуглаж дуустал эргүүл хийгээд алхаад явж байдаг.
Жишээ 4.
Дэлгүүр болгон бонус карттай байдаг. Худалдан авалт хийх тоолондоо өнөө картаа уншуулж оноо цуглуулна. Заримдаа дэлгүүрээр хальт дайраад ганц 100 иений бохь чихэрхэн авах хэрэг гарна. Тэр тоолонд кассны хүмүүс заавал бонус карт байгаа эсэхийг лавлана. Хичнээн бага мөнгөн дүнтэй худалдан авалт хийж байсан ч хичнээн их оочер дараалалтай ачаалал их байсан ч заавал тэр карт байгаа эсэхийг асуудаг, байвал уншуулж өгдөг. Огт төвөгшөөлгүйгээр.
Санаанд орж байгаа нь энэ байна. Цаашид үргэлжлүүлнээ.
No comments:
Post a Comment