Wednesday, March 6, 2013

Японы бага сургуулиуд багшаа сольдог юм байна

Нэг юм олж мэдлээ. Японы бага сургуулиуд хүүхдүүдээ жил бүр шинэ ангид хольж хуваарилдаг гэж хэлж байсан даа. Хүүхэд жил бүр анги дэвшихдээ шинэ анги хамт олон шинэ багштай болдог. Ингэснээрээ хүүхэд үе тэнгийнхээ бүх хүүхэдтэй нэг ангид хамт сурч үзэж тэр хэмжээгээрээ олон найз нөхөдтэй болж тэр хэмжээгээрээ бүх багшаар хичээл заалгаж үзэж багш нар ч бүх хүүхэдтэй харьцаж үзэх боломж нээгдэж байгаа юм. Манай охин 2-р ангид ирээд тэр ангиа төгсөөд 3-т орсон чинь дахиад цоо шинэ хүүхдүүд шинэ багштай болсон, хуучин ангиас нь ганцхан хүүхэд л байсан гэж байгаа юм. Одоо 4 сараас 4-р ангид орно, дахиад бүх хүүхдийг холиод шинээр бүх ангиудад хуваарилна, дахиад шинэ хамт олон, шинэ багштай болно. Энэ жил бас л баахан шинэ найзтай болох байх.
Тэгсэн чинь дээрээс нь нэмээд бага ангийн багш нар жил бүр ойр хавийн бусад сургуулиуддаа солигдож ажиллацгаадаг гэж байна шүү нэг жилийн хугацаатай. Ингэснээр багш нар хоорондоо туршлага солилцох мөн хамгийн гол нь нэг сайн багш байлаа гэхэд тэр хотын бараг ихэнх хүүхэд тэр багшаар хичээл заалгаж үзэх боломжтой болж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бүх хүнд тэгш боломж адил эрх өгч, сургалтын стандартыг нэг түвшинд барьж байна гэсэн үг. Манайд чинь тэр сургуулийн тийм багш сайн гэнэ, тэдний ангид хүүхдээ оруулчих юмсан гэсэн яриа байдаг гэтэл энд тийм ойлголт огт байдаггүй юм байна. Харин ахлах сургууль нь бол тэс өөр. Ёстой жинхэнэ тэр сургууль сайн гэнэ тийшээ яаж орох вэ гэдэг өрсөлдөөн явагддаг гэсэн.
Бас түүнээс гадна манай охины байгаль шинжлэлийн хичээл дээр ёстой хөөрхөн хөөрхөн туршилтууд хийдэг байхгүй юу. Нөгөө миний арван жилдээ зөвхөн номноос л үзэж байсан гэрлийн ойлт, цахилгаан дамжуулалт, соронзон орны шинж чанарыг чинь энд хүүхэд бүрт цаанаасаа үнэгүй том том багц хэрэгслүүд тараагаад өгчихдөг, хүүхдүүд өөрсдөө түүгээрээ хичээл дээрээ туршилтаа хийдэг юм. Жишээ нь, гэрлийн ойлт хугаралт, гэрэл сүүдрийн тухай хичээл үзэж эхэллээ гэхэд хүүхэд бүрт дотроо нэг нэг гар чийдэн, толь эд нартай нэг том ууттай багц /set/, дараа нь цахилгааны тухай хичээл үзэхээр эвлүүлдэг байшин, батарей, жижигхэн чийдэнгүүд гэх юмтай хайрцагтай багц, соронзон орны тухай үзлээ гэхэд дотроо янз бүрийн өнгө хэлбэр хэмжээтэй 6 ширхэг соронзон гэх мэт. Гэтэл би чинь арван жилд байхдаа хими физик түмэн бодисыг чинь номноосоо л үздэг байлаа шд, юун тэгэж туршилт муршилт хийх. Ганц удаа химийн анги руу орж спиртэн дэн харсан ч юмуу үгүй ч юмуу санахгүй байна. Багш л хааяа байгаа материал бололцоогоо ашиглаж ганц хоёр энгийн туршилт өөрийнхөө ширээн дээр хийж үзүүлж байсан санагдана. Тэгсэн чинь сая энэ мэдээг олж уншаад ямар их баярлаваа. Манай охины энд үздэг хэрэглэдэг тэр гоё туршилтын хэрэгслүүдийг монголын жирийн сургуулийн хүүхдүүд бас хэрэглэх боломжтой болж байгаа юм байна.

4 comments:

bama said...

Yasli tsetserlegiin bagsh nar ch bas soligddog um bilee.Anh ydaa ohinoo uuruusuu holdyylj yaslid ugsun,ehendee sanaa zovood ohinoo uruvduud stressdeed ih hetsuu baisan.2 bagsh ni saihan asraad zunduu um zaagaad,odoo ohin mini ovoo biyee daagaad dyrtai yavaad bgaa,bayarlamaar.Ene zyn mongol yavahdaa bagsh nar ni baij baival huurhun zuulun noolyyran oroolt avchirch uguh umsan,avah bolov yy.Avilga bolchihdog um bolov yy kk.

Piglet said...

Нэмж хэлэхэд багш ч гэлээ хүн л учраас сурагчдаа ялгаж гадуурхах үйлдлээс сэргийлж (удаан нэг анги даасан багш хэнийг ямар ажилд хуваарилахаа мэддэг болчихсон урд нь муу хийсэн ч одоо сайн хийх болов уу гэж итгээд өөр нэгнээр хийлгэдэггүй гэх мэт), хэн нь хэн гэдгийг жинхэнээр нь үнэлүүлэх хэн нэгний анзаараагүй зөвхөн тэр л хүүхдэд байгаа авъяасыг илрүүлж өгдөг гэх мэт жил бүр багш солих давуу талыг тайлбарласан байсан. Бас анги хамт олныг нь сольсоноороо өмнөх ангидаа ичиж зовж эсвэл бүр дээрэлхүүлдэг байсан хүүхэд дараагийн ангидаа шинэ хүүхдүүдийн дунд анхнаасаа биеэ чөлөөтэй авч явж өөртөө итгэлтэй болгоход их нөлөөтэй гэсэн байсан.

hina said...

Medmeer ym bna shde ingj soligdoj olon huuhedtei nuur tulj ajillahad bagshid ch bas huuhdudig tanij medhed ih heregtei bdg bhda,

Unknown said...

тийм байшдээ, холигдож солигдож байх ёстой юм байна. маниусыг бага байхад нэг л их лабортораараа уралдсан багш нар, хэн гоё цэвэрхэн шинэ сонин юмтай лаб-тай байна тэр мундаг багш. даанч мань мэтийн сурагчид чааваас ганц ч туршилт хийж үзээгүй наасан... манай боловсрол ер нь буруу юм аа буруу юм. харин манай хүү одоо 1-р анги. багш нь бол намхан гээд урд, өндөр гээд ард суух албатай биш гээд хольж солиод суулгаад байдгийн. бас эцэг эхийн зөвлөл гэж хамаг ачааг хэдэн хүний нуруун дээр үүрүүлэхгүй гээд л яриад байсын. их зөв санагдаад байгаан