Намайг жаахан байхад манайх хотын захад хашаа байшинтай фермтэй байлаа. Хагас бүтэн сайнд бид гэр бүлээрээ очдог, тэнд эмээ бол байнга байдаг байв. Манайх 3 үхэртэй, 17 гахайтай, тавь гаран тахиатай, нэг нохойтой байсан юм. Би тахианд их дуртай. Тахиануудтайгаа ч их ноцолдоно. Тэгээд ажиглаж байхад тахиа гэдэг амьтан өөрийн гэсэн дүрэм журам бүхий нийгэмтэй юм билээ.
Тахиа бол бидний бодож байгаачлан зүгээр л нэг будаа идээд өндөг гаргаад байдаг амьтан биш. Энэ асар олноор нь торон дотор тэжээдэг тахианы үйлдвэрийн тахиа ямар байдгийг мэдэхгүй юм. Хөдөөгүүр айлуудад байдаг нутгийн тахиа буюу бөөнөөрөө хамтдаа байдаг тахианууд нь хүн шиг нийгмийн байгуулалтай байдаг. Манайх Леггорн үүлдрийн тавь гаран тахиатай байлаа. Нэг азаргатай, бусад нь бүгд эмэгчин тахиа.
Азарган тахиа
Азарган тахиа бол мэдээж тахианы вант улсын хаан. Тэрбээр бүгдийг захирна, түүний үг бол хууль. Тиймээс тэр хэмжээгүй эрхт хаанаас гадна хууль журам сахиулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Гаднаас танихгүй хүн орж ирвэл урдаг нохой шиг дайрна. Бас гэр бүлийн гишүүдээс ч гэсэн таалагдахгүй хүн рүүгээ дайрна. Жишээ нь манай дүү бид хоёр гэх мэт. Азарган тахианаасаа дүү бид хоёр ухаан алдатлаа айдагсан. Дайруулахаар гуя хөл нуруу ууц хөх эрээн заримдаа бүр шархнаас нь цус гарна. Тийм аймаар дайрдаг. Их хямсгар бардам, жинхэнэ ихэмсэг зантай. Барагтай бол ихэмсэг яравгар зангаа хаяж доошоо орохгүй. Би заримдаа энэ азаргыг өвдөөд шалдаа буучихсан байхыг нь харах юмсан, ямар харагдах бол гэж боддог байж билээ. Бүх тахиа хашаан дотор бэлчиж байхад азарган тахиа ганцаараа ийш тийшээ харж ажиглаж зогсоно. Тэгээд ямар нэг хэрэг гарвал дор нь шийднэ. Хоолны цаг болоод хоол өгөхөөр нээх ууртай үглэж үглэж байж очиж иднэ. Бас өндөр юм хуман дээрээс /жишээ нь шатаар буух, тахианы байрны өндөр довжоон дээрээс/ буух зэрэгт ууртай дуугараад байдаг юм. Ээж тэгэхээр нь “Оо ёо ёо, ямар ууртай тахиа вэ? Яасан, их өндөр юман дээрээс буулгаад байна уу таныг?” гээд л цаашлуулдагсан. Хэзээ ч эм тахиатайгаа хоолоо булаацалдахгүй. Тэгэж эм амьтантай новширч доошоо орно гэж байхгүй шүү. Харин ч гадуур явж байгаад жаахан хоол юмуу идчихмээр юм олоод тоншчихвол “Гүг гүг, гүг гүг” гэж тоншингоо дуугараад эм тахиануудаа дуудна. Бодвол энд хоол байна наашаа ирээрэй гэж байгаа байх. Тэгэж дуугарангуут нь нөгөө хэд нь жооргонолдоод л гүйлдээд очно. Азарга эм тахиагаа гишгэхдээ их харгис гишгэнэ. Тэрийг нь мэдэхгүй хүн харвал эм тахиагаа зодож байна л гэж харах байх. Азарган тахиа нэг тийм сонин дуугараад биед нь ойртонгуут эм нь доошоо навтас гээд л нүдээ аниад хэвтээд өгнө. Азарга дээрээс гишгэж дээр нь гараад толгойных нь арын үснээс нь хошуугаараа зулгаадаг юм. Энэ хооронд бөгс нь гялс нийлээд авдаг юм билээ, хүн бол юу ч харж амжихгүй. Энэ явдал нь удаан үргэлжлэхгүй л дээ. Үсрээд 5 секунд болно. За бараг хүрэхгүй ээ, нэг хоёр гурав гэж тоолох хооронд л юм байна. Хааяа өндөг шарах гээд хагалахаар жижигхээн хар толботой ээдэрцэн юм шиг хэсэгтэй өндөг гарч ирдэг. Энэ чинь тэр үр тогтсон өндөг нь байгаа юм. Ийм өндөгийг инкубаторт хийх юмуу дардаг эм тахиагаар даруулбал дэгдээхэй болно гэсэн үг. Тэрнээс өндөг болгон дэгдээхэй болохгүй.
Эмэгчин тахианууд
Эм тахианууд дотроо үндсэндээ 3 янзын зэрэг дэвтэй. Хаан буюу азарган тахианд хамгийн ойр шадарлагч их хатан бага хатан 2 тахиа байна /энэ зөвхөн манай тохиолдолд шүү/. Энэ хоёр яг л хааны хатан ямар эрх ямбатай байдаг яг тийм. Их хатныг нь Томоо, бага хатныг нь Шоотог гэдэг байсан. Байнга азарган тахианы ойр хамт байна, орой унтахдаа азарган тахианыхаа хоёр талд унтана, бас түүнтэй хамт хооллоно. Маш дээрэлхүү. Эзэн гар дээрээс хааяа хоол өгвөл энэ хоёр л гүйж ирж авна, энэ хоёрт бусад нь хамаагүй ойртохгүй. Хэрвээ зиндаагаа мэдэхгүй хоол идэх зэрэгт санамсаргүй хажууд нь оччихвол шууд тоншуулж зодуулна. Тахиа их зэвүүн тоншдог юм бие биенээ, улаан залаанаас нь хошуугаараа зулгаана, тэр нь бид нарт тоншиж байгаа юм шиг харагддаг. Өөрөөр хэлбэл залаанаас нь эвэр хошуугаараа чимхэчихэж байна гэсэн үг. Ер нь бие биенээ зодож зиндаагаа тодорхойлдог. Нөгөөдөх нь муухай орилоод л зугтана шүү дээ. Ойртоод харвал тахианы залаа нь нуль шарх сорви байдаг юм. Сорви багатай бол дээгүүр зиндааны тахиа, ихтэй бол доогуур гэсэн үг.
За дараагийн зиндаа нь шивэгчин хааны ордны үйлчлэгч гэж хэлж болмоор тахианууд. Эд нар дийлэнх хувийг эзэлнэ. Хүний нийгмээр ярьвал нийгмийн дунд сэхээтэн давхаргынхан. Азарган тахиа хоёр хатан тахиагаа гишгэхээс /үржилд орох/ гадна энэ давхаргынхныг бас гишгэнэ. Гэхдээ бүгдийг биш, арай царайлаг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, өнгө зүстэй тахиаг гишгэнэ. Энэ давхаргынхан хааны хатан хоёр тахианд дээрэлхүүлнэ, доод зиндааныхныг дээрэлхэнэ, харин хоорондоо бол жинхэнэ үсээ сэгсийлгэж байгаад үзчихнэ шүү дээ. Тэдний зодооныг азарган тахиа ирж салгана. Зодолдсон хоёрыг хоёуланг нь залаанаас нь тоншиж хашраана. Энэ давхаргад бараг 30-аад тахиа байдаг байсан. Эд бол жинхэнэ өндөг үйлдвэрлэгч хүчин. Гэхдээ сайн ажиглаад байхад энэ давхаргынхан дотроо ч бас зэрэг зиндаа байгаа нь мэдрэгддэг. Манай дүү бид хоёр нэг нэг тахиа гаршуулаад сургачихсан байж билээ. Миний тахиаг Шүүгий гэдэг. “Шүүгий Шүүгий” гэнгүүт зөөлөн дуугаар хоол нэхэж орилоод гүйгээд ирнэ. Гар дээрээс хоол иднэ, айхгүй биеэ илүүлнэ. Тахианы нүд нэг тийм хүйтэн муухай харцтай, өөрөөр хэлбэл нүдэн доторх хүүхэн хараа нь их жижигхэн болохоор тэгэж харагддаг байх. Харин миний Шүүгийгийн нүдний хар нь их том бараг нүд нь тэр чигээрээ хар өнгөтэй болохоор их зөөлхөн хөөрхөн өрөвдмөөр харагддаг байсан юм. Дүүгийн тахиа нь ганц ширхэг хар цоохор тахиа байсан. Аймаар зодоонч, азарган тахиа шиг зогдороо сэгсийлгэчээд л зодолдоод явж байдаг, хөөгөөд баригддаггүй ёстой хурдан. Дүү бид хоёр баргийн тахиаг бариад авдаг, харин энэ хар цоохорыг ерөөсөө барьж чаддаггүй байж билээ.
Гурав дахь буюу доод зиндааныхан. Энд хамгийн сул дорой, өвчтэй, ядруу, бие жижигтэй, үлбийсэн зэрэг тахианууд орно. Ер нь энэ давхаргынхны ирээдүй тун бүрхэг. Бүх юман дээр байнга дээрэлхүүлж зодуулдаг болохоор олигтой хоол унд идэж олигтой байрлалтай газар унтаж ч чадахгүй. Тэднийг эзэд нь болсон бид нар л арчилж эм тан өгч тусад нь хооллож бүр заримыг нь гэртээ оруулж тусад нь байлгана. Тэгэхгүй бол зодуулсаар байгаад үхчихдэг юм. Тахиа ер нь их муухай дээрэлхүү амьтан шд.
Зарим эм тахиа өндгөө гаргачихаад өндөглөдөг байрнаас гарч ирэнгүүтээ орилоод байдаг юм. “Би хайран өндөг гаргачихлаа, одоо яах юм бэ? Миний хайран өндөг” гээд л байгаа юм шиг байгаан. Тэгэнгүүт нөгөө азарга чинь бас муухай дуугаар орилоод унана. Би тэрийг нь “Дуугай бай, ганц өндөг гаргаа л биз, юун сүртэй юм” гэж байна гэж боддог юм. Тэгээд бид нар гүйлдэж очоод өндгийг нь авчихаар эм тахиа ч орилохоо болино, азарга ч дуугүй болно. Өдөрт 3-4 удаа донгодно. Өглөө өдөр, үдээс хойш, бүүр орой нар жаргахын алдад биеэ эгцэлж байгаад хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч байгаад заримдаа далавчаа дэвчихээд “Куу ка ре куу/Гоо го роо гоо/” гэж орилно. Хоолны цаг болохоор тахианууд хоол нэхээд орилолдоод эхэлдэг байж билээ. Би ер нь тахианы дуугарч байгаагаар нь юу гэж байгааг нь мэднэ дээ.
Тахианы хоолонд чанасан улаан буудай, махны өвдөл цөвдөл өгөхөөс гадна бага хэмжээгээр шил чулуу, халгай, яс, шохойн чулуу эд нар өгөх ёстой. Шил, чулуу, яс, эд нараа сайн нүдэж жижиглэж байж өгнө. Хааяа ногоо идүүлж байх хэрэгтэй. Тахиа цадахаараа энгэрт нь байрлах өехий нь түнтийчихсэн явцгааж байдагсан. Хашаан дотор бэлчиж байгаад хэн нэг нь идэх юм олчихоороо амандаа зуугаад жооргоноод л аваад гүйнгүүт бусад нь араас нь хошуурч гүйлдээд. Нөгөөх нь гайхуулаад байгаа юмуу, олсон газраа зогсож байгаад л идчихгүй ийш тийш нь заавал олон тахианы дундуур гараад гүйгээд байдагсан. Их сониуч, аавыг хашаан дотор ямар нэг юм хийхээр гүйлдэж ирээд л хөдөлгөөн бүрийг нь дагуулж хараад л зогсоцгоочихно. Бид нарыг хашаан дотуур явахаар бас араас гүйлдээд дагаад байна. Тахиа чинь хоёр талдаа нүдтэй шдээ. Тийм болохоор нэг юм сониучирхвал толгойныхоо нэг талаа ойртуулж байгаад л хараад байна шүү дээ. Дүү бид хоёр айлын хүүхдүүдтэй урдхан талд байдаг том цөөрмөөс очиж шанаган хорхой барьж ирнэ. Варений шил дүүрэнг авчраад тахиануудаа дуудаад хоолны сав руу нь асгангуут ёооё жинхэнэ алаан болно доо, ёстой юун тэр зэрэг зиндаа болж байгаа юм чинь.
Үргэлжлэл бий...
Үргэлжлэл бий...
3 comments:
yasan hoorhon um bichtsiin bee, buh ondognuud l degdeehei boldog, bolohoos ni omno l bulaagaad avchdag gj boddog blaa hehe.
urgeljleliig tesen yadan huleeye. tahia tejeene gej boddin, zondoo olon um medej avlaa. bayarlalaa
Waaw yamar sonirholtoi yum be? tahianuudtai huuheldei baidag shdee ter sanaand orchihloo azargan tahia ni hurandaa baidag kk!
tahiag bi iim gej bodoj baigaagui yum bainaa! sonirholtoi l yum baina bayarlalaa
estoi hoorhon bichleg baina. Chinii blogiig olj avaad 2 odor amtarhan unshij baina. Ih taalagdlaa. Keep it up!
Post a Comment