Thursday, January 5, 2012

Японы бага дунд сургууль

Манай охин бага сургуульд явж байгаа болохоор эдний бага сургуулийн талаар их ойлголттой болоод байна. Наашаа ирэх гэж байхад энд сураад очсон манай найз хүүхэн "Японы дунд сургуулийн хүүхдүүд их хэцүү, гадаад хүүхдийг их гадуурхдаг, дээрэлхдэг, өөрөөр хэлбэл ижимэддэг" гээд байсан юм. Миний санаа зовж блогчин Бямбаа, Гилийн хатан эгч рүү хүртэл имэйл бичин асууж байлаа.
Харин энд ирсний дараа энэ асуудал харьцангуй гайгүй шүү, бага анги нь гайгүй байдаг юм байна.  Анхны 7 хоногт нь хоолондоо оочерлож байхад нь нэг охин араас нь хөл рүү нь өшиглөөд байсан гэсэн. Тэгэхээр нь эргүүлж өшиглөөд нударга зангидаад үзүүлчихсэн чинь дахиж тэгээгүй гэнэ лээ. Манай охин хэлээ хурдан сураад ангийнхантайгаа их нийцтэй байгаа бололтой ангийнхан нь жигтэйхэн сайн. Энд тэнд ангийнх нь хүүхдүүд тааралдахаар ".... жан" гэж нэрээр нь дуудаж орилолдоод, эсвэл гүйж ирээд л, эсвэл гараа даллаад л бөөн юм болно. Том хүнийг "... сан" гэж дууддаг шиг хүүхдийг "жан" гэж дууддаг шиг байгаа юм. Нэг удаа манай гэр лүү орох гэж бөөнөөрөө дайраад манай охин арай гэж болохгүй дараа болъё гэж ойлгуулсан юм гэсэн. Жаахан хоол унд чихэр жимс бэлдэж байгаад гэртээ оруулахаас. Охины ангийн Сава гэдэг охин гэртээ ангийнхнаа аваачсан юм байхаа. Ээж нь гоё амттай гэрийн жигнэмэг хийж өгч жүүсээр дайлаад ангийнх нь хүүхдүүд гэрийг нь нураасан юм байхаа. Ор дэрэн дээгүүр нь гүйлдсэн л гэнэ, өрөө болгоноор нь орилж хашгирч хөөцөлдсөн л гэнэ, бүх юмыг нь авч үзэж оролдсон л гэнэ,  заримыг нь нураасан л гэнэ, хамгийн гол нь ээж нь юу ч гэхгүй алгаа ташаад л "Кабая нээ" гээд л инээгээд байсан гэнээ. Яанаа би тэгэж япон айлын ээж шиг сайхан ааштай гэрээ буулгуулж чадахгүй байхаа хихихи.
Охины ангид тоо япон хэл байгаль шинжлэл гэх мэт үндсэн хичээлээс гадна дуу хөгжим, биеийн тамир, компьютер гэдэг 3 хичээл ёстой жинхэнэ утгаараа орж байнаа. Биеийн тамирын хичээлийг бүр онцолж хэлмээр санагдаад байна. Бүх сургууль нь /ахлах ч бай бага дунд ч бай их сургууль ч бай/ заавал биеийн тамирын заал, гадаа биеийн тамирын томоо талбайтай. Ёстой хүүхдүүдийг шүүслэж өгч байгаа юмаа. Марафон гүйлгэдэг л гэнэ, модон хөндлөвч дээгүүр харайлгадаг л гэнэ, элсэн дээр харайлгадаг, хөл бөмбөгийн дасгал хийлгэдэг л гэнэ яадаг яадаг гэчихвээ. Манай охин одоохондоо 60 хүүхдээс 53-т гүйж байгаа гэсэн. Аргагүй биз дээ монгол сургуульд биеийн тамирын хичээлд онц ач холбогдол өгдөггүй шд. Нэг өдөр сургуулиас нь нэг сүртэй бичиг ирлээ. Сандраад л юу юм бол доо гээд япон хүнээр уншуулсан чинь "Марафон гүйлтийн тэмцээнтэй тул ирж хүүхдээ дэмжинэ үү" гэжээ. Бид хэд гэр бүлээрээ очоод том тэмцээн юм байх охиноо сайн гүйгээрэй энээ тэрээ гэсэн чинь тэр нь 2-р ангиудын дундах тэмцээн байв. Ингэж их ач холбогдол өгч байна эд нар чинь. Тэгээд бөөн аав ээж нар хүүхдээ "Камбатээ" гэж орилолдоод их идэвхитэй дэмжиж байгаа юм. Бас нэг онцлог харагдсан нь эд нар хөл бөмбөгт улаан хообиитой. Хар багаас нь хаа сайгүй хөл бөмбөгөөр нүдчих юм. Ямар сайндаа л бүх сургууль нь том том хөлбөмбөгийн талбайтай, багтай, байнгын дасгал сургууль хийгээстэй. Ингэж байж л улсынх нь баг нь азидаа номер 1 байдаг биз.  
Бараг орой болгон ирэхдээ баахан бичиг цаас авчирна манай охин. Тэр нь янз бүрийн анхааруулга, хоолны цэс, унших номны жагсаалт, зөвлөгөө гэх мэт янз бүрийн л юм байна. Цаасанд их дуртай хүмүүс шүү дээ энэ япончууд чинь. Манайд бол сургуулийн зарлалын самбар дээр гаргадаг зарлалуудыг энд бүгдийг нь хүүхдийнхээ тоогоор хэвлээд хувилаад эцэг эхэд нь өгч явуулна. Манай охин "Ээж би цаастай ирсэн шүү" л гэдэг юм. Өнөөхийг нь унших гэж элгийн юм болноо ээж нь. Дан хираганагаар бичсэн байвал уншчихаад байгаан iPhone ашиглаад. Ханзтай юм болонгуут англиштай япон хүн бараадах хэрэгтэй болно. Тэгээд ойлгохгүй цааснуудаа ээж нь хичээлдээ авч явж сургуулийнхаа багш ажилчдаар уншуулдаг гэж байгаа. Ханз орчуулдаг юмаа хурдан авах юмсан. Баяжихаараа л авъя гээд байдаг баяждаггүй ээ гээд байхгүй юу.  




Нэг өглөө охиноо хүргэж өгөх гээд сургууль дээр нь очлоо. Тэгэхэд цаг 7:45 орчим болж байсан байхаа. Бага сургууль нь 6-р анги хүртэл байдаг юм байна манай охины сургууль. Тэгсэн тэр 5, 6-р ангийнхан нь /ахлах ангийнхан нь гэсэн үг шүү дээ/ бараг тал нь шахуу энэ том биеийн тамирын талбайдаа хичээл ороод дуусч байгаа бололтой бужигнаад байж байх юм, тал нь хичээлийн эрхлэгчтэйгээ /охиноо сургуульд анх оруулахад уулзаад бүх юмыг нь зохицуулж өгөөд байсан ахимаг насны эрэгтэй хүн/ сургуулийнхаа үүдээрх хог шороогоо шүүрдээд цэвэрлээд зогсцгоож байх юм. Тэгээд тэднийг өнгөрөөд сургуулийн хашааны үүд рүү чиглэж явтал 2-3 охин цэцгийн мандал дээр тонгойчихсон зэрлэг өвсийг нь нэг бүрчлэн зулгааж байх юм. Хар өглөөгүүр шүү дээ. Хүүхдүүд нь эдгээр ажлаа маш их хичээнгүй үнэнчээр хийцгээж байгаа юм. Хийсэн болоод аргалчихая гэдэг ч юмуу хийсэн дүр үзүүлье гэсэн хөдөлж ядсан шинж ерөөсөө ч байхгүй байгаан. 
Миний л мэдэхийн манай ангийнхан лав субботник хийх гэж бөөн юм болдог байж билээ. Багшаас зугтаагаад л, баригдсан нэг нь хөдөлж ядаад л, хүрз энэ тэрд хүрч ядаад л, зарим ганган охидууд нь ам хамраа дарж цэмцэгнээд л, үнэнчээр хийж буй нэгнээ ярвайж хараад л. Ганц манай анги ч биш ер нь л бүх хүүхдүүд тийм байсан, одоо ч тийм хэвээрээ байх гэж бодож байна. Ингэж бодон бодон өнөө 12-13 орчим насны боловуу тэр япон хүүхдүүдийг харж байхад "Үүнийг маш сайн хийхгүй бол үмх хоол өгөхгүй өлсгөж ална шүү" гэчихсэн аятай л чин үнэнчээр хийж байгаа юмаа. Ганц өглөө биш хэд хэдэн өглөө энэ дүр зургийг харсан. 
2-р ангид компьютерийн анхан шатны хэрэглээ ордог юм шиг байна лээ. Яаж copy paste хийх тухай одоо үзэж байгаа гэсэн. Охины ярианаас нэг юм анзаарсан нь "Ээж ээ, би комьютерийн хичээлд орох гээд ангийнхантайгаа коридорт хүлээж зогсохдоо хөлдөж үхэхээ шахсан шд". "Яагаад хүлээсэн юм бэ? Юу хүлээсэн юм?" "1-р ангийнхан аймаар удаан гардаг юмаа. Тэд нарыг компьютерийн ангиас гарч дуусахыг нь хүлээхгүй юу". Тэгэхээр 1-р ангиас нь ордог юм шиг байгаан. 
Бас дуу хөгжмийн хичээл байна. Хүүхэд болгонд нэг дардаг хөгжим, үлээдэг хөгжим өгдөг юм гэсэн. Манай охин энд байхдаа хальт мульт төгөлдөр хуур дарж сурч байсан нь их хэрэг болсон шүү. Шууд заасан аяыг нь тоглож байгаа гэсэн. Багш нь "Суго ий" гэсэн юм гэнэ лээ хихихи. Бүх 2-р ангийнхан зааланд ороод нэг аяыг найрал хөгжмөөр тоглодог гэсэн. Хүүхэд болгон ямар нэг хөгжмийн зэмсэг тоглоно. Тэгэхээр эдний хүүхдүүд аль нэг хөгжмийн зэмсэгний талаар тодорхой хэмжээгээр ойлголттой бага сага юм тоглочихдог болж байна. 
Зун байгаль шинжлэлийн хичээлээрээ аялалд явна, амьтан тэжээнэ гээд л баясаад байгаа манай охин. Аргагүй шд, монголд ямар тийм юм байх биш. 
Ингээд харж байхад хүүхдээ багаас нь тал бүрийн юмаар маш жигд нүдэж байна. Анхан шатны өргөн хүрээний боловсрол олгож байна. 
Инээдтэй ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг юм хэлэх үү. Манай нөхөр хэлж байна "Чи хүүгээ анзаарсан уу? Манай хүү энд ирээд л савлуур дээр тоглож сурч байна" гэсэн шдээ. Урьд нь монголд ойр хавьд савлууртай тоглоомын саад байхгүй, энд тэнд савлуур тааралдсан ч тухайн үедээ л савлаад өнгөрдөг байсан болохоос байнга дасгал сургуулилт хийгээд байх боломжгүй байж л дээ. Тэгээд үеийнх нь япон хүүхдүүдийг харсан чинь энэ нэг хэдэн саадны тоглоомон дээрээ сармагчин шиг л авирч дүүлж сэнсэртлээ савлаж байх юмаа. Бас дээрээс нь бүгд архаг дугуйчид.  
Монголд хүүхдийн тоглоомын талбай ховор гэж та нар мэднэ биз дээ. Монгол дахь манай байрны урд хүүхдийн цэцэрлэг байдаг юм. Тэндэхийн амбасын соц үеийн төмөр хэдэн тоглоом дээр манай 2 тоглодог байлаа. Тэгээд ч өдөрт дээд тал нь 2 цаг л гадаа гаргадаг байлаа. Яагаад гэвэл өдөржин гадаа зэлэрч зэлэрч орж ирдэг хуучны сайхан цаг биш шүү дээ одоо чинь. Хүүхдээ хараа хяналтгүй гаргана гэдэг үх гээд явуулж байгаатай л адил болсон. Харин энд хаа сайгүй цөөхөн тоглоомтой ч гэсэн том том саад цэцэрлэг дүүрэн байдаг болохоор манай хоёр өдөр гараад орой гэртээ орох хөгжим дуугартал /4 цагт нэг тийм ая гадуур явдаг юм, анх бид нар гайхаад юун хөгжим яваад байдаг юм бол доо гэсэн чинь хүүхдүүдээ харанхуй боллоо одоо гэртээ ороорой гэсэн дохио юм гэсэн/ гадаа тоглоостой. Хүүхэд гадаа тоглоно гэдэг чинь бие бялдар хөдөлгөөний эвсэл эд нарт их сайнаар нөлөөлдөг юм байна шдээ. 



Эндэхийн хүүхдийн тоглоомуудыг харж байхад яг тийм зорилгоор хийсэн нь шууд харагдаж байгаан. Манайд чинь нийтийн сааданд жаахан аятайхан юм хийнгүүт хэн нь яах гэж тэгдэг юм бүү мэд хэдхэн хоногийн дотор л хуга хуга өшигчөөд эвдлээд хэмхлээд хаячихсан байдаг юм. Их сонин хүмүүс шүү.   

8 comments:

chuups said...

barag buh togloom ni modon baina uu daa? goe yumaa hezee manaih iim bolnoo :(

zz said...

ern hogjiltei ornuud iim saikhn bh yumdaa..buh yumaa xuniihee toloo hiidg..ern ene delxii dr hun ooroo amidarch bga.hunii sian saikhnii toloo buh zuilee zoriulna ..

manaih neeree hezee im bolh boloo..bidnii huuhduud ih hohirch bn daa..ach guch maani yadj iim uye uzeesei

ZAYA said...

Сайхан байдаг гэсээн, хүүхдэд.
Харин тэр ижимэг бол эхнээсээ үзэлцээд байхаар яаж ч чаддаггүй юм шиг байгаан.
Том хүмүүс нь ч гэсэн тиймэрзантай шүү. Ажил дээр анзаарагддаг юм.

Гуталчин said...

Sainuu sonin saihan ihtei saihan beegii bichih umaa bi bolohoor tulga toirson l idsen uusanaa l shahuu bichihiin ichmeer hehe,

kabai bish kawaii nee gedeg chn hoorhon umaa, egduutei umaa gesen ug shuu hehe tseejleed avaarai.

jaahan huuhed arau zaluuhan emegteig geh umuu oiroltsoogoor 20orchim nasni busguig ...chyan gej duuddiin.Jishee ni Nogoohon chyan gedeg ch umuu hehe. Momo chyan ch gedeg umuu.

Endhiin buh um hunii toloo baidag n, buh zuiliih unen setgeleesee hiideg ni alham tutamd gaihshrald oruulaad bhin hehe. Manaih arga ch ugui bz dee zaaj bui bagsh nar ni oorsdoo nugliin nudiig gurilaar huursan bolood l tsagaa argatsaadag um chn tm zuil harj osson huuhed adilhan bolohoos ch bish yahav.

Mongoldoo heregjuulmeer avaad ochmoor um har myanga bnoo tee

MRowan said...

Гоё бичжээ. Хүүхэд байхдаа сурсан мэдсэн юм насан туршид мартагдахгүй. Гадаадад очихоор үеийнхнийхээ дэргэд өөрийгөө эрхгүй голдог. Авъяас байлаа гэхэд хөгжимдөж сураагүй, зурж сураагүй, бүжиглэж бараг сураагүй. Тэхэд хөгжилтэй орны залуус авъяасгүй байсан ч би хийнэ, би тийм юм чадна гэх жишээтэй

Aamregled said...

ямар гоё орчин бэ? бид нээрээ тэгдэг тээ.. аймар сонин наасн.. Мангартаад тэрийг эвдэж байдаг ямар мал шиг хүмүүс байнаа ... Хүүхдээ унаган япон хэлтэй болгоод аваарай

Aamregled said...

ямар гоё орчин бэ? бид нээрээ тэгдэг тээ.. аймар сонин наасн.. Мангартаад тэрийг эвдэж байдаг ямар мал шиг хүмүүс байнаа ... Хүүхдээ унаган япон хэлтэй болгоод аваарай

Мармелад said...

вааааааа ёстой гоё цэвэрхэн юмаа