Миний очсон хот Илсан гээд Сөүлээс хойшоо метрогоор 1 цаг орчим явдаг жижиг хот. Энд манай нөхрийн дүү нь эхнэртэйгээ амьдардаг юм. Эхнэр нь Сөүлд магистрт сурдаг.
Илсан хот нь харьцангуй шинэ байгуулагдсан залуу хот юм билээ. Хүн ам цөөтэй (2011 оны 1 сарын байдлаар 269'000 гэнээ), маш сайн зохион байгуулалттай орон сууцны хорооллоос ерөнхийдөө бүрдэх амар тайван residence хот гэхэд болно. Үйлдвэр завод, өндөр өндөр байшинтай хүн машин бужигнасан гудамж ер байхгүй. Хотын төвөөр нь маш цөөхөн машин явна, хүн ч гудамжаар нь цөөн. Өглөө оройд Сөүл рүү метро, автобусаар эсвэл машинаараа ажилдаа явчихаад давхилдаад ирдэг юм шиг байгаан. Залуус ихтэй юм билээ. Дундаж ба дундаас дээгүүр амьдралтай солонгосууд голдуу амьдардаг гэж байна лээ. Бас элдэв урлаг спортын одууд сүүлийн үед энэ хотод амьдрах болсон гэсэн. Би энэ хотод ер бөглөрөө гэж үзээгүй, харин Сөүлд хэд хэдэн удаа бөглөөнд зогссон. Гэхдээ тэр нь тэгэж их удах ч үгүй юм дөө.
За ганц атга ч сул шороо хот дотор нь олж харсангүй. Үүнийг нь ёстой Улаанбаатартаа хэрэгжүүлмээр санагдсан. Хүн явах газрыг нь асьфалдаад үлдсэнийг нь ногоон өнгөтэй болгохыг бол ёстой үзүүлсэн байна лээ. Шинээр байгуулсан хот болохоор тэр ч юмуу гудамжных нь бүх юм нь зохион байгуулалттай, зайтай, уужуухан юм.
|
Яг очсон эхний хэдэн өдөр эдний ургацын баяр нь байсан тул ихэнх хүмүүс нь хөдөө гадаа явчихсан байв. |
|
Ногоон байгууламжийг бол ёстой хайр найргүй байгуулж өгсөн байна. |
|
Хаа сайгүй дугуйн түрээс, дугуйн зам, дугуйн зогсоол. |
|
Ийм тоглоомын талбай бараг 5 алхаад л нэг тааралдаж байгаа юм. Манай 2 хүүхдийн ёстой магнай нь тэнийсэн дээ. |
Үүнээс жижиг тоглоомын талбай бас энд тэнд ганц нэг байна. Ер нь хүүхэд хөгшид тахир дутуу хүмүүсийн эрхийг дээд зэргээр хангаж өгсөн байнаа.
|
Ийм дасгалын хэрэгслүүд саад болгонд байх. Үүн дээр нь манайх шиг зөвхөн эмээ өвөө нар биш бүхий л насныхан оройд дасгал хийж байна. Бүр маш идэвхитэйгээр шүү. |
|
Саад болгонд ийм шувууны тайлбар самбар байх. |
|
Овгор товгор даваархуу зүйлийг ингээд тохижуулчихсан. Үүгээр нь хүмүүс өглөө оройд гүйх юмуу салхилж зугаална. Ер нь хаа сайгүй иймэрхүү модтой цэцэрлэгт хүрээлэнтэй. |
|
Энэ мод их гоё харагдаад зургийг нь авсан юм. Нэг жимсний л мод байсан, ойртож харж амжаагүй. |
|
Уулзвар бүрийн ойролцоох явган хүний замд заавал ийм ногоон резин дэвсэж өгсөн байх юм. Мөн машин орж ирэхээс хамгаалсан жижиг баганыг харж байна уу. |
|
За хаягжилт бол үнэхээр сайн. Манайх ийм хаягжилтын стандартыг ёстой шууд хуулаад л тавьчихмаар санагдсан. Солонгосоор англиар тэгээд харахад маш ойлгомжтой. |
|
Гудамжинд нь хогийн сав ерөөсөө харагдахгүй мөртлөө ганц ч хог байхгүй нь хүмүүсийн ухамсартай нь холбоотой юм болов уу. |
|
Шинэ хот учраас анхнаасаа төлөвлөхдөө орон зай, ногоон байгууламжийг маш хангалттай хийсэн бололтой. |
|
Гүүр нь гэхэд явган хүн явахаас гадна хүүхдийн тэрэг, дугуй эд нар явж болохоор мөн хальтирдаггүй резинэн зам тавьж өгсөн байх юм. |
|
Ийм сааднууд нь хажуудаа заавал ОО-той байгаа юм. Энэ зурган дээрх цаана байгаа шар жижиг байшин бол нийтийн бие засах газар. |
Хот тохижилтынх нь талаар хэлэхэд иймэрхүү. Эд нар бол өчнөөн олон зуун жил суурин амьдарсан бол бид чинь хэзээнээс суурьшин амьдарч сурч байгаа билээ дээ. Гэхдээ л манай хүний хэлснээр 88 оны Сөүлийн олимпоос хойш Солонгос улс эрс хөгжиж ийм цэвэрхэн соёлтой болоод эхэлсэн юм гэсэн. Манай хот 2020 он гэхэд л дажгүй болчихно доо.
Илсан хот ерөнхийдөө маш тайван амгалан хот юм билээ. Манай хоёр хүүхэд бүр 12 цаг болтол сааданд нь тоглож байгаад орж ирнэ. Орой 7-с хойш хотынх нь бараг бүх хүн биеийн тамирын хувцас өмсөөд энэ сайхан сайхан сааднуудаараа гүйх нь гүйгээд алхах нь алхаад дасгал хийх нь хийгээд салхилах юм. Ганц ч тарган хүн харсангүй. Солонгос хүүхнүүд таргалахаас гэдсээ унжихаас үхтлээ айдаг гэж бэрийн хэлсэн нь үнэн юм билээ. Уур амьсгалаас нь болоод арьс үс нь гялалзаж толилзсон өнгөлөг гэж жигтэйхэн. Тэгсэн мөртлөө дэлгүүр хоршоогоор нь дүүрэн арьс үс эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Тийм зөөлөн чийглэг сайхан цаг агаартай байж л биеэ арчилж тордоод л байгаа юм. Гэтэл ийм хатуу ширүүн цаг ууртай бид чинь үсэндээ сард ганц удаа ч болсон тос түрхчихдэг билүү гэж бодогдов.
Үргэлжлэл бий.
6 comments:
Нуршуу байсан ч яадаг юм бэ сайхан л санагддаг шд.
Ene 2 bichleg hoyulaa l saihan sonirholtoi bainaa. Solongost aylahaar tuluvluj bgaa bolohoor saihan medeelel ugsun-d bayarlalaa. Daraagiin bichlegiig huleej baiyaa.......
NB, Canada
Гоё хот шүү, бичээд байгаарай
bi bas on gargaad uugeer ayalmaar sanagdlaa. nadad zondoo sonirxoltoi bna. unshij duusaagui baij daraagiin bichleg xezee bol gej bodogdjiin. nurshuu sanagdaxgui ban.
Илсанд манай эгч ах нүүж очсон. Би урд нь Сөүлд байхад нь очиж байсан. Сонирхолтой юмаа. Ер нь бүх юм нь цэвэрхэн тохижилт тун сайтай. Таны хэлдэгээр тэр замын тэмдэг үнэхээр шууд хуулбарлаад авчихмаар сайхан санаа байна шүү.
shine jileer yavii gj bodoj bgaa, saihan temdeglel bolje. neeree ta jpn-d surch bgaa bilu
Post a Comment