Friday, November 25, 2011

Гэнэтхэн эмнэлэгт хэвтэв

Юуны өмнө ойрд миний хоолны дуршил өөрчлөгдөөд урьд нь идэж байсан япон хоолнуудаа идэх нь байтугай нэг нүдээрээ ч харахаа байсан тухай бичиж байсныг минь санаж байна уу.
Би жирэмсэн байсан юмаа. Японд ирэхдээ үүнийгээ мэдээгүй байлаа. Ирээд бараг сарын дараа л мэдсэн. Ойр дотныхоо хүмүүст хэлж бөөн хөөр болсон амьтан л байлаа. Манай хүн ч энэ удаа Японд төрөх нь, хүүхдээ өөрөө маллана арчилна өсгөнө том хоёроо багад нь хайхралгүй ажил ажил гэсээр том болгочихсон гээд баяртай байсан гэж жигтэйхэн. Тэгээд баяр хөөртэйгээр энд хүүхдээ гаргахаар шийдчихээд байсан юм. Би маш их хордлоготой байлаа, бараг л юм идэж чадахгүй байсан, монголоос ирсэн шууз борцоороо л хоол хийж иддэг байв. Өөр эндэхийн махаар хоол хийх байтугай үнэрийг нь ч авч чадахгүй байсан. Гудамжаар явахдаа хоолны газар тааралдвал тойрч яваад эсвэл ам хамраа зузаан гэгчийн ороолтоор дарж явдаг байлаа. Хичээл ихтэй, Токио руу хичээлд яваад оройдоо байнга сууж юм бичээд их ядарч байсан юм. Бас хажуугаар нь гэрийнхнээ төвхнүүлэх гээд.
5 дахь өдөр охины сургууль дээр очиж уулзчихаад бид хэд гэр лүүгээ алхаж явлаа. Гэнэтхэн л миний гэдсэн доогуур базалж өвдөөд болдоггүй. Бас доошоо юм гараад эхэллээ. Ойрын хэд хоног нуруугаар чилж өвдөөд байсан би тоогоогүй юм. Гэрийнхнээ хурдан түргэн алх гэж шамдуулаад бушуухан гэртээ орж ирлээ. Дөнгөж түлхүүрдээд орж иртэл доошоо пал гээд аймаар их юм гарав. Сандраад 00 ороод хартал цус. Нөхөр лүүгээ утас аваад өг гэж орилоод дотуур өмдөө солиод ариун цэврийн хэрэглэл хийв. Нөхөр сандраад шоконд орчихож яахаа мэдэхгүй дороо эргэлдээд. Утсаа аваад сургуулиас яаралтай үед залгаарай гэж өгсөн утасны жагсаалт түрийвчнээсээ гаргаж харж байгаад хамгийн ойр байдаг эмнэлэг рүү залгалаа. "Моши моши", би хичнээн I'm bleeding гэж орилоод хэл нэвтрэлцдэггүй юм даа. Англиар ярьдаггүй гэнэ. Дахиад өөр нэг эмнэлэг рүү залгав. "Do you speak english? No, I'm sorry". Одоо яах вэ, эд нар англиар ярихгүй байна гэж нөхөртөө хэлбэл түргэн рүү залга emergency юм чинь англиар ярих ёстой. 119-т залгалаа.
-Моши моши?
-Моши моши, do you speak english?
-Чото маде күдасай.
-?
-Hello? How can I help you?
-I'm pregnant, I'm bleeding. Bleeding a lot.
-Please tell me your address.
-.... - ....!
-Ok, now I'm connecting you to your town's emergency. Please say to them "Watashiwa ninpu desu. Shugetsu". Ok?
-Ok. Тэр үгнүүдийг нь 00-д байсан сэтгүүлийн нүүрэн дээр бичиж авав. Нөхөр өмнө сөхрөөд суучихсан яахаа мэдэхгүй.
-Би түргэнтэй холбогдож байна. Хүүхдүүдээ хувцасла. Эмнэлэг явахад бэлд. Эмнэлэг дээр удах байх. Нөхөр гүйгээд явчихав. Утасны цаана "Моши моши". Нөгөө үгнүүдийг нь хашгиран байж хэллээ. "Хая, аддресс?". Ашгүй нэг юм ойлголцлоо, хаягаа хэллээ. "Чото маде ...." гээд нэг юм хэлээд байсан, бодвол удахгүй очлоо л гэсэн байх. Босч өмдөө татаад 00-ын хаалга онгойлгоод гараад иртэл цонхны цаана "Ий-уун, ий-уун" гээд түргэний машин дуугардаг юм даа. Манай нөхөр бүүр гайхчихсан "Ийм хурдан ирнэ гэж баймааргүй юмаа? Чи сая утсаа таслаа биз дээ". Тэгээд гүйж очоод хаалга онгойлгож харснаа "Мөн байнаа. Насилк буулгаж байна". Тэгтэл хонх дараад гал хамгаалагч шиг гэхдээ цэнхэр хувцастай 3 эрэгтэй хүн ороод ирлээ. Аймаар сүртэй.
Японоор юм хэлээд байна, би гараа зангаж япон хэл мэдэхгүй гэдгээ ойлгуулав. Нэг нь гэдсээ дараад "Baby?" гэж байна. Yes, pregnant. I'm bleeding. Shugetsu. За тэгээд татаатунгаадаж байгаа юм. Ямар ч байсан хэдэн сартай жирэмсэн, хэр их цус гарсан, одоо гарсаар байгаа эсэх, өвдөж байгаа эсэхийг асууж лавлав. Гадаадын иргэний үнэмлэхээ гаргаж өглөө, эрүүл мэндийн даатгалаа гаргаж өглөө. Тэгтэл авч орж ирсэн том ногоон хулдаасан матрас шиг зүйлээ гал тогооны шалан дээр дэвсээд намайг дээр нь хэвт гэнээ. "I can walk?". Үгүй заавал тэрэн дээрээ хэвт гэнэ. Манай гэрийнхэн хувцаслаад бэлдчихсэн зогсож байлаа. Би өнөөх дээр нь хэвтлээ. Өнөө 3 залуу чинь намайг сэвхийтэл өргөөд гараад явлаа даа. Өө ямар эвгүй юм бэ, гэрээсээ хүнээр дамжлуулж гарах чинь. Тэгээд шатаар буугаад /манайх 2 давхарт/ шатны өмнө байрлуулсан насилкан дээр тавиад цааш нь түрж зам руу аваачаад түргэний машин руу орууллаа. Манай 3 бас орж ирээд суулаа. Тэгээд л дохиогоо асаагаад "Ий-уун, ий-уун" гээд давхичихлаа даа. Замдаа надад нөгөө эмнэлэгт байдаг зүрхний бичлэг даралт бүх юм нь гараад байдаг элеткрон дэлгэцтэй юмыг залгачихлаа. Энэ түргэний машин нь дотроо бараг нэг жижигхэн эмнэлэг шиг юм билээ гэж дараа нь манай нөхөр хэлсэн. Нэг эрэгтэй нь байнга миний даралтыг үзээд л. Нэг нь жолоогоо барьж байгаа бололтой. Нэг нь харин утсаар ярьж явлаа. Тэгсэн хамгийн ойр байх эмэгтэйчүүдийн тасагтай эмнэлэг рүү ярьж байсан юм билээ л дээ. Эхлээд нэг эмнэлэг рүү ярьсан боловч эмч нь байхгүй гээд, тэгээд өөр эмнэлэг рүү явж байгааг миний хажууд намайг хянаж явсан залуу яаж ийгээд ойлгууллаа. Нилээн удаан явж байж өнөө эмнэлэгт нь ирлээ. Намайг насилктай буулгаад түрж орууллаа. Тэгтэл ч дахиад палхийгээд маш их цус асгарав. Бүр өмд нэвтэрч байгаа нь мэдрэгдээд байлаа. Бас нуруугаар их чилж өвдөж байв. Нөхөртөө цус гараад байна өвдөөд байна гэдгээ хэлтэл миний хажууд байсан залуу яаж байна ийж байна гээд асууж байна. 2-3 сувилагч гүйлдээд ирлээ. Сувилагч нар намайг түрээд цаашаа үзлэгийн өрөө рүү гүйлдлээ. Манай гэрийнхэн болон өнөө түргэн тусламжийн 2 залуу нь араас гүйлдэв. Эмнэлэгт дүүрэн хүн байлаа. Бид нар луу гайхчихсан харцгааж байгаа юм. Манай хүн араас "Хайраа зүгээр үү, би хамт орох уу, бид 3 яах уу?" гээд орилоод. Хоёр хүүхэд маань бас орилолдоод сэтгэл санаа ёстой хачин боллоо. Нэг сувилагч тэд нарыг маань хаалганы цаана аваад хоцорлоо. Бас түргэний хүмүүс ч гэсэн үлдсэн. Дахиад хажуу тийш эргээд нэг жижиг хаалгаар ортол эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө байна. Намайг насилкан дээрээс өргөөд босготол цус миний жинсэн өмдийг нэвтрээд бүр дусалж байлаа. Бөгсөөрөө түмпэнтэй цусанд сууж байгаад босоод ирсэн мэт л сэтгэгдэл төрж байв. Өнөө насилк бол будаа болсон байгаа юм. 2 сувилагч хүүхэн миний өмдийг хоёр талаас тайлалцав, бас дотуур өмд ч гэсэн. Гэтэл ариун цэврийн хэрэглэл дээр атгасан гарын дайтай томоо нөжирсөн цус. Би орилоод суун туслаа. Хоёр сувилагч хүүхэн намайг тайвшруулж үзлэгийн орон дээр гаргав. Нэг эрэгтэй эмч гүйж ирлээ. Тэгээд эхогоор харав.
-My baby? OK?
-No, I'm sorry гээд гараа Х хэлбэртэй барьж байхгүй гэж ойлгуулав. Дотор харанхуйлаад л явчихдаг юм билээ. Хоолой зангираад нулимс нүд бүрхээд. Надаас японоор баахан юм асууж шалгааж гарлаа. Би юу ч ярих хүсэлгүй байв. "No japanese. Ego /японоор англи хэл гэсэн үг/" гэж л хэлэв. Тэгсэн хоорондоо баахан юм ярьж байгаад хоёр сувилагч хүрч ирээд намайг сугадаж өргөөд миний бүх хувцсыг тайлж аваад том том гялгар уутанд ангилж хийгээд надад том хүний памперс углуулаад өвчтний хувцас өмсгөөд өөр насилк авчирчд хэвтүүлээд түрээд аваад явлаа. Хаалгаар гартал манай 3 зогсож байна, бас түргэн тусламжийн нэг залуу. Нөхөртөө "Хүүхэд маань байхгүй болчихсон" гэж л хэлж амжлаа. Хоолой зангираад өөр юм ч ярьж чадсангүй. Хэрвээ би уйлаад эхэлбэл манай 3 маш их сэтгэл санааны дарамтанд орох учраас биеэ барьж байлаа.
Намайг өөр нэг өрөө рүү аваачаад миний зүүн гарт дусал залгаад дусал руугаа бас нэг тариа шахчихсан, харин баруун гарнаас бараг 3 хуруу шил цус авсан байхаа. Тариа хийдэг сувилагч нь маш эелдэг. Зүүгээ харуулаад ийм том учраас өвдөж магадгүй тайван байгаарай гэдгийг ойлгуулав. Тэр дусал нь юмуу тариа нь юмуу тайвшруулдаг нөлөөтэй байсан байхаа, миний нойр хүрээд дугхийчихсэн байдаг байгаа. Хүн гарт зөөлхөн хүрэхээр нь сэрээд хартал нэг сувилагч бас нэг цагаан халаадтай эрэгтэй хүн хоёр зогсож байна. Тэгсэн харин тэр англиар ярьдаг эмч юм байна. Намайг дахиад үзлэгт оруулах хэрэгтэй байгааг хэлэв. Намайг харин энэ удаа насилк биш түрдэг сандал дээр суулгаад дуслыг маань дугуйтай тавиурт бэхлээд хажууд маань түрээд явлаа. Дахиад өөр нэг эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд оруулж дахин эхогоор харж үзлэг хийв. Тэгээд сувилагчдаа баахан юм хэлсэнд өнөөх нь "Хая" гээд намайг түрээд аваад явлаа. Замдаа нэг хэсэг сандлын хажуугаар өнгөртөл манай 3 сууж байна. Намайг хараад гүйлдээд ирлээ. Сувилагч нь "Дайжибу дэс" гээд гараараа ОК гэж харуулж байна манай хэдэд. Манай хүний царай гэж авах юм алгаа. Бүүр барайгаад сэтгэл санаагаар унаад хачин болчихож. Хүүхдүүд маань айсандаа бүлтэгнэлдээд намайг зүгээр байгаа гэдэгт итгэж ядаад байх шиг байна намайг хүзүүдчихээд салдаггүй. Аргагүй шүү дээ, ээж нь түргэний машинаар ирснээ эмч сувилагч нар сандралдаж гүйлдээд насилктай түрээд эмнэлэг рүү дотогшоо орчихоор. Яг кинон дээр гардаг шиг л юм болж байгаа юм чинь. Би гэрийнхнээ тайвшруулж надад баахан тариа дусал хийсэн одоо гайгүй битгий санаа зов гэж хэллээ. Сувилагч цагаа харуулаад сан жу бан гээд байна. 30 минутын дараа хүрээд ирнэ гээд байх шиг байна бид 3 хүлээж байя даа гээд манай хүн 2 хүүхдээ хөтлөөд үлдэв. Намайг цааш түрсээр өөр тасаг руу аваачиж зүрхний цахилгаан бичлэг мөн цээжний рентген зураг авав. Тэгээд өнөө англи хэлтэй эмчийн өрөөнд хүргэж өглөө. Эмч нөхрөө дууд гэж байна. Сувилагч гүйж гараад манай хүнийг дагуулаад орж ирээд суулгав. Бид хоёрыг зэрэгцүүлж суулгаж байгаад тайлбарлаж өглөө. "Зулбалт явагдсан, одоо хүүхэд байхгүй, ямар ч нэмэргүй. Яагаад зулбасныг бид учрыг нь мэдэхгүй байна. Харин одоо хамгийн гол нь саванд чинь үр тогтолтоос юм үлдчихээд байна. Бид түүнийг гаргаж авах хэрэгтэй байна. Үүний тулд танд anesthesia /наркоз/ хийх хэрэгтэй байна. 15 минут л унтана, сэрэхэд чинь бүх юм дууссан байх болно. Санаа зовох юм юу ч байхгүй. Тэгэхгүй бол цус алдалт болох магадлалтай байна". Эмч ярьж би нөхөртөө орчуулж өгөв. Манай хүн над руу л хараад суугаад байлаа. Тэр эмч юм ярьж байгааг хайхарч байгаа шинж алга. Одоо тэгэхгүй гээд яахав дээ л гэж байна. ОК бид зөвшөөрч байна. Эмч хагалгаа 17.00 эхлэнэ гээд одоо бид бэлдэх хэрэгтэй байна, таны шинжилгээний хариуг хүлээж байна одоо хүрээд ирнэ гэв. Тэгээд бид хоёроор баахан анкет бичиг цаасан дээр тайлбарлаж өгч гарын үсэг зуруулж авав. Тэд нар нь цусны шинжилгээ авсан тайлбар бичиг, хагалгаанд зайлшгүй орох ёстойг тайлбарласан бичиг, хагалгааг зөвшөөрсөн өргөдөл гэх мэт байх шиг байсан миний ойлгосноор. 4-5 цаасан дээр л лав гарын үсэг зурсан юм даг. Тэгээд сууж байтал нэг сувилагч жижиг савтай юм бариад ирлээ. Эмч тайлбарлаж байна. Хагалгаанд орохын тулд миний цус алдалтын хугацааг тодорхойлно гэнээ. Чихнээс чинь жаахан зүснэ огт өвдөхгүй зүгээр гэнэ. Манай хүн уурлаад заавал чих байдаг нь ямар учиртай юм, ядаж хуруу муруу болдоггүй юмуу гэсэнд заавал чихнээс үздэг юм зүгээр санаа зоволтгүй гэв. Тэгээд миний чихний ирмэгнээс жаахан часхийлгэж зүсээд цус хэр хурдан дусч байгааг л үзсэн байх буцааж шархны лентээр эвтэйхэн нааж өгчихөөд яваад өгөв.
Ингээд 5 цаг ч болж намайг нэг аймаар сүртэй хүчилтөрөгчийн аппарат энэ тэртэй насилкан дээр хэвтүүлж аваад лифтээр өөр давхар луу аваад явчихлаа гэрийнхэнтэй цуг. Яг хагалгааны өрөө рүү хэдэн хаалга нэвтэрч орсон бэ бүү мэдээ. Хамгийн гадна талын хаалганы цаана гэрийнхнийг үлдээгээд дотогшоо явсаар орсон чинь 7-8 хүн мэс заслын эмчийн хувцастай хүлээгээд зогсож байгаа өрөө рүү ороод ирлээ. Юун сүртэй юм бэ? Яг л урьд хоёр хүүхдээ төрүүлэхэд орж байсан хагалгаархуу л юм боллоо. Гэхдээ бүтэн наркозтой. Хагалгааны өрөө нь хамгийн сүүлийн үеийн /бодвол тийм л байлгүй/ элдэв эмнэлгийн тоног төхөөрөжөөр маш сайтар тоноглогдсон том дугуй хэлбэртэй цонхгүй өрөө юм. Өрөөний голд хагалгааны ор байх. Намайг орон дээр хэвтүүлээд баруун гарт дусал, зүүн гарт даралтны аппарат залгаад аманд амьсгалын аппарат залгачихав. Хүн болгон л "Everything is OK, don't worry" гэцгээнэ. Өнөө англи хэлтэй эмч бас мэсийн хувцас өмсчихсөн байж байна, битүү маскных нь цаанаас арай гэж танилаа. Нэг эмэгтэй хүн шүлэг уншиж байгаа юм шиг юм ярив. Ойлгосон зүйлс нь он сар өдөр, миний нэр, нас байсан, бодвол өнөөдөр тэдний өдрийн тэдэн цагаас тийм нэртэй өвчтөний тийм оноштой тийм хагалгаа хийх гэж байна за эхэлье гэсэн байх. Түүнийг ярьж байхад ганц ч хүн хөдлөхгүй зогсож байгаад яг дуусангуут хөдөлгөөнд орцгоов. Сэнгэсэн сайхан хүчилтөрөгч амьсгалж байтал нэг их муухай үнэр үнэртээд явчихав. Пүү ямар муухай үнэр вэ гэж бодож амжив уу үгүй юу нүд манараад гэрэл бүдгэрээд шууд зүүдлээд эхэллээ...      

21 comments:

би said...

БУрхан минь, уйлан барин л уншлаа. Их хэцүү юм болжээ. Биеээ сайн тэнхрүүлээрэй. Гам сайн бариарай. Хүний нутагт гол нь эрүүл мэнд шүү дээ. Дахиад эргээд ирнээ. Гол нь эрүүл байгаарай.

Гуталчин said...

ymr haramsaltai zuil boloo ve magadgui ongotsni daralt noloolson bhig uguisgehgui, bas yavdal achaalal ihdeed yadarsnaas blsn bj magadguin. uilahgui bj chadsangui setgel ih sonin bolood, minii hamgiin muuhai hamgiin ih haramsdag dursamj maani sanagdaad bodold avtaad l suuj bn. mamu maani bas l nmg ihee tom bolchihson hoinoo orhiod yvchij bilee, biyee hurdan tenhruulj gam sain bariarai. udahgui byatshan ur n ergeed irnee, setgel sanaagaa taivan bailgah heregtei shuu. buh zuil shn bolnoo

Dosu said...

haramsaltai zuil boljee . odoo bie sain bodooroi odoo enchee mgl shig aimar huitergui ch gesen jihuun bdag bolhoor sain dulaalj yavkuu bol blkuu shuu . oir havid chini sugruuli chini tanih mgl hun bhguimuu uul ni tokyo havitsaa mgl-chuud ih bmaar

Anonymous said...

Үнэхээр харамсалтай юм болжээ. Нулимс дуслуулан байж уншлаа. Биеэ сайн бодоорой доо. Блогийг бичнь байнга уншиж, чамайг дэмжиж явдаг шүү. 頑張ってね!

Koyuki said...

Haramsaltai yum boljee.
Setgeleer neeh bitgii unaarai. Gol ni biyee sain bodooroi.

admin said...

Үнэхээр харамсалтай зүйл болжээ. Биеэ бодоорой.

Anonymous said...

haramsaltai yum boljee, achaalaltai yavsnaas bolood tonus ugsun bololtoi. hagalgaand orson ni zuv boljee, sain tseverluulchihsen bhoor odoo sanaa zovoltgui baihaa. biyee sain bodooroi.

Anonymous said...

Hi, yunii omno biee sain tordooroi. Setgel sanaagaar bitgii unaarai.

Bi chinii yaj jiremsen bolsoniig chin sain medehgui l dee. Gehdee nadad yag iim yavdal tohioldson. Heden sariin omno. Bi heseg jiremsnees hamgaalah um uuj bgaad, emee duusahaar n ter chigt n orhichihson, tegtel doroo huuhed olchihson bsan. Bienii um irehgui bolohoor n emnelegt shinjilgee ogood, 2 honogiin daraa udeesh hoish hariugaa avahaar bolood, tegeed ogloo n ajlaa hiigeed suuj btal dooshoo pul pal geed yavchihsan. Jiremsen bish l bj dee geed bodood suuj bsan chin emnelegees nad ruu zalgaad " chi jiremsen bna" gedeg bgaa. Bi oodoos n "minii um irj bna aa" gesen chin emch "tegvel chi zulbaj bna, yaraltai ir" geed. Ochood dahiad uzuulsen, hamag um garaad duussan, togtooh arga bhgui, sorry geed l ongorson shd. Yag jiremsen gedgee medsen odroo zulbachihsan.

Suuld bodoj bhnee, jiremsnii em hereglesnees heseg hugatsaanii daraa jiremsen bolbol zugeer um bn gej oilgoson.

Hervee chi em heregledeg bsan bol, yamar em, her hugatsaagaar uusan chin ene uil yavdald yamar 1 bdlaar noloolson bh.

Bi tuunees hoish dahij em uuhaa bolison. Chi emchees sain asuuj zovlogoo avaarai.

ari said...

Сэтгэлээ сайн бариарай, ямар харамсалтай юм болоо вэ. Бүүр сэтгэл сонин болчлоо. Гэхдээ зүгээрээ 2 сайхан үр нь байна. Дахиад хүрээл ирнэ. Их л ядраад ачаалал их өгчихжээ.
Тэгээд бас нэг юм байнаа ногоохон минээ чи минь нэг сайт дээр жирэмсэн болсноо бичсэн байсан уу. Би чамайг л бичсэн байх гэж бодоод хэзээ энэ мэдээгээ бяднуусд дуулгах юм болоо гэж хүлээгээл байсан юм. Тэнд битгий юм бичиж бай, нуль сөрөг энерги байдаг шд. За амжилт бие сайн тэнхрүүлээрэй, хань нь хажууд нь байгаа юм чинь алзахгүй ээ

mongolbusgui said...

Biye sain bodooroi, gam sain hiigeerei, torsonoos yalgaa yuu bhaw. Mongol argaaraa gam hiihees gadna nutgin huuhnuud yaaj gam hiidgiig sain asuugd, iddeg hool undiig n bas ideerei. Bi Solongost torood dalain baitsaanii sholiig n barag sar garan uusan ih hurdan tenherdeg ym bna lee nutgiin hool hunsiig heregleheer. Biyee bodooroi.

Монгол бүсгүй said...

танайхаар ойрд ороогүй, тун тоогүй юм болоод өнгөрчээ. гам сайн хийгээрэй. сэтгэл тайван байх хэрэгтэй.

Keeper said...

хамаг нуруугаар хүйт даагаад сэтгэл сэрдхийчлээ. сэтгэлийн хаттай юмаа, ийм харамсалтай зүйлийг үгээр буулгаж чаджээ. сайн гам хийж, биеэ сайн тэнхрүүлээрэй. харамсалтай байна.

chuups said...

haramsaltai yum boljee :(

dream said...

haramsaltai yum :(
het ih achaalalaa toohgui yavaad bsn iim baidald hurgesen bololtoi. anhaarmaar um bn, hervee jiremsen bolbol toohgui ih achaalaltai yavaad baij bolohgui yum bn.

taivan baih heregtei shuu, ta eruul saruul tenhervel ahiad huuhed n hureed irnee

Anonymous said...

yamar taagui medee ve, tun xaramsaltai bna. gexdee bolomj yamagt uldsen bdag bz dee. daraagiin udaa zaaval amjilttai bolnoo. ter tusmaa japand bxad buur ch alzaxgui gj itgej bna. ta buxendee amjilt xusie! otgonbayar

saixan said...

Take care!!! :)

Anonymous said...

biee sain tenhruuleerei. chamd hetsuu bgaag oilgoj bn. usand orohdoo bitii daaraarai. jich. jpand mongolchuud nileen ih zulbadag. zovhon mongol bish jpchuud ooroo hyatad kanad geed zulbalt mash undur bdag. mongolchuudad ch bas hatuu bdag jiremslelt deer. tiimees hool und agaart dastlaa ninshin bolsnii hereggui.

Anonymous said...

biee sain tenhruuleerei. chamd hetsuu bgaag oilgoj bn. usand orohdoo bitii daaraarai. jich. jpand mongolchuud nileen ih zulbadag. zovhon mongol bish jpchuud ooroo hyatad kanad geed zulbalt mash undur bdag. mongolchuudad ch bas hatuu bdag jiremslelt deer. tiimees hool und agaart dastlaa ninshin bolsnii hereggui.

Сүрэн said...

yamar hetsuu zuil tohioldoo ve, hicheel nomdoo yadarsan baih daa. biyee sain tordoj, hurdan tenhrehiig huseye

zz said...

xaramsaltai yum boljee..ajil dree nulimsaa dusluulan unshlaa.

Anonymous said...

Dooroosoo ogt daarahgui baih heregtei tehgui bol Mongol emegteichuuded ayultai shuu. Mongol tsag agaar yoponiihoos tes oor. Ene gol n tsag agaariin oorchiloltond gam sain bariaguigees bolson baih gesen budeg badag taamgiig heley. Oor neg komentod gadniihan bas yopond ih zulbadag gej baina ene gartsaagui yoponii ontslog uur amisgaltaig iltgej baina l daa. Gam sain barih heregtei!!!