Wednesday, December 29, 2010

Ичих хэрэгтэй

Өглөөд Google reader-т орж дагадаг хэдэн блогт маань юу нэмэгдснийг шалгадаг бүүр заншилтай болчихжээ. Гэтэл блогчдын сайн танил нийгмийн сэдвээр бичдэг Vinzo-гийн блогоос нэг сонин юм уншаад мааш их гайхлаа. Урьд нь түүний бичиж байсан Цагаан махны хэргийн тухай уншиж байсан л даа. Иймэрхүү нэр нүүргүй юм үе үе гарч л байдаг байх гэж бодож байсан ч арай ч ингэж уралдаан тэмцээнд ортлоо даварсан гэж бодоогүй байсан юм. Түүний дээхнэ үед бичиж Иргэний Зориг намын 10 жилийн ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлж байсан бичлэгийг гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд Монголын Засгийн газраас зарласан "Эх орныхоо хөгжилд миний оролцоо" сэдэвтэй зохион бичлэгийн уралдаанд Японд сурдаг нэг нөхөр шууд copy past хийгээд өөрийн нэрийг тавьж оролцоод тусгай байранд шалгарчихсан байх юм. 
Мэдээж Засгийн газрын нөхдүүд энэ эссе нь хаа нэг газраас туучихсан юм биш биз дээ гэж шалгахгүй байх л даа. Хамгийн гол нь энэ нөхөр өөрөө айх ичих ёстой гэж бодож байна. За байз би ингээд хуулаад тавьчихаар их олон хүн нэтээр уншина, тэгэхээр ямар ч байсан жинхэнэ бичсэн хүнийг нь таньдаг мэддэг үүнийг уншиж байсан хүн гарч ирж л таараа гэж боддоггүй юм байх даа. Эсвэл зөвхөн Засгийн газар луу л явна, өөр хэн ч уншихгүй гэж бодсон юм болов уу. 
Нээрэн бас нэг хуурамч луйврын тухай сонин дуулгахад  УИХ-ын гишүүн Тлейханы туслах Ш.Айдос гэгч нөхөр Ерөнхийлөгчийн гарын үсэг тамгатай хуурамч бичиг үйлдэн Оюу Толгой компани руу явуулж 300 сая төгрөг нэхсэн байх юм.
Луйвар янз бүрийн хэлбэрээр газар авч байна шүү.

Wednesday, December 22, 2010

Үнэгүй e-book олж авах газрууд

Нээг их олон газар олоогүй ээ. Гэхдээ хамгийн гол нь энд миний хайсан ихэнх номнууд байсан юм. 
Энд янз бүрийн хэлбэрийн файлууд байна лээ. Аудио хэлбэрээр гэх мэт. Зарим ном нь ном биш тухайн номыг уншсан review -ээ оруулчихсан байсан шүү. Анхаараарай. 
Харин энэ бол Гутенбергийн төсөл буюу хамгийн анх байгуулагдсан е хэлбэрийн номын сайт өөрөөр хэлбэл дижитал номын сан. Гэхдээ бас зарим ном байхгүй байна лээ. 
За 3 дахь нь харин овоо номтой юм байна лээ шүү. Би бараг ихэнх номоо эндээс олсон. 
Ер нь их олон сайтууд байдаг байх л даа. Гэхдээ би нилээн олон газрыг туршиж шүүж үзсэний эцэст энэ 3 л их зүгээр санагдлаа. Номоо ямар л бол ямар файлын хэлбэрээр татаж авч болно. Гол нь үнэгүй, тэгээд бүтнээрээ. Аан нээрэн би дандаа уран зохиолын ном хайсан юм шүү.     

Friday, December 17, 2010

Утаатай байлгах сонирхол бий юу?

Хөөрхий муу Улаанбаатар минь утаан дундаа сүүмэлзэнхэн байна. Жилийн 12 сарын бараг 9 сард нь гал түлж дулаацдаг учраас утаа байхаас өөр арга алга. Ямар хөлдөж үхэлтэй биш. Өнөөдрийн сонин дээрээс энэ мэдээллийг уншаад манай хотын удирдлагад Улаанбаатарыг утаатай нь байлгах сонирхол байдаг юм байна гэж бодов. 
Яагаад гэвэл жил бүр утааг багасгаарай гээд хотын төсөвт 4-6 тэрбум төгрөг суулгаж өгдөг. Үүнийг тендер зарлах нэрээр аж ахуйн нэгжүүдэд тарааж өгөөд тэднээс тендерт ялуулсны хөлс гэж тодорхой хувийг нь хүртдэг аргатай болчихсон юм шиг байгаан. Хэрвээ утаа багасаад дахин дахин төсөвт утааны мөнгө хуваарилах шаардлагагүй болвол энэ тендерээр баяжигсад хоолноосоо салах учраас утаа тэдэнд ашигтай юм байна. Яг л нөгөө эртээд миний хэлж байсан, траншейны тагийг хэзээ ч алга болохгүй хуванцар тагаар сольчихвол төмөр таг оруулж ирж улсад шахдаг нөхрийн бизнес зогсчих учраас улс хэзээ ч хуванцар тагийг авахгүй ээ гэж байсан түүнтэй адилхан л юм байна. Тэгэхээр одоо Лу.Гантөмөр гишүүний шөнийн цагаар цахилгааны төлбөрийг 0-лэх хувилбарт л найдахаас.  

Tuesday, December 14, 2010

Цэвэр агаар - Эрчим хүч хэмнэлтийн үзэсгэлэн үзэв

Ажлын шаардлагаар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохиож байгаа дээрх нэртэй үзэсгэлэн яармагийг очиж сонирхов. Хүйтэн болохоор ажлаас гармааргүй санагдаад байсан, арай гэж нэг суудлаасаа өндийж гарлаа шүү. 
 

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот...

Хүйтэн байна шүү гэсэн түрүүчийн бичлэг дээр маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг линкээ тавиад өгөөч гэсэн байсан. Би өөрөө ч үүнийг үзээгүй л дээ. Манай ажлын хүн л хэлсэн юм. Тэгээд зүгээр Гүүгэл ахаас асуусан чинь шууд гаргаад ирж байна шүү. Үүнийг хар л даа. Энэ мэдээллээ эндээс авсан юм байна. Гэхдээ энд уг нь өвлийн температурыг зөв бичсэн мөртлөө зуныхыг буруу бичсэн юм шиг санагдлаа. Зун бол бас сайн халдаг болчихоод байгаа биз дээ. 7 сарын сүүл 8 сарын эх мэхээр бол өдөртөө 30-с буухгүй шүү. Өнгөрсөн зун чинь аймаар байсан шд. Энд тэгэхэд 7 сарын дундаж нь +15С гэсэн байх юм. Би өөр source харсангүй, та нар өөрсдөө хайна биз. Ямар ч байсан аймшигтай хүйтэн байна энд. Өвөл нь хөлдөөж алчих гээд л, зун нь түлж алчих гээд байх юмаа. Өнгөрсөн жил манай ажил дээр ирсэн япон хүүхэн 2 давхар North Face-ийн өдөн куртка давхарлаж өмсөөд явж байсан шд. Ий ти ти ти.  

Monday, December 13, 2010

Хүйтэн байна шүү титити!

Өглөө гараашнаас гараад иртэл машины градус заагч тогтмол хурдаар өссөөр байгаад -26 хүрээд нэг юм зогслоо. Ойрноос ёстой нөгөө аймшигтай хүйтрэл нь эхэлчихлээ дээ. Аргагүй дээ одоо удахгүй 9 эхэллээ. Титити аймаар байна шүү. 

Машинуудын утаа олгойдоод л хотын утаа нь манантаад л аргагүй хүйтэн хоносон нь мэдрэгдэж байна. Манай улс ямар аймаар хүйтэн юм бэ? Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг юм гэсэн манай хотыг. Би их бээрэг л дээ ядаж байхад. Миний куртка муртка бол зүгээр л чукчагийнх гээд сэтгэчих. Тэгээд том үстэй малгай тавиад л нэхий гутлаа углаад цасны бээлийгээ өмсөөд ороолтоо нүднийхээ доод талын завхи хүртэл дээшлүүлчихээд л гарахад ганц ил гарч байгаа нүд хүртэл даараад байгаа юм чинь.   

Thursday, December 9, 2010

Google-ийг сайжруулах юмсан

Би нэг юм их мөрөөддөг юмаа. Удахгүй тийм болох байх л даа. Одооны бидний нэтээс хайдаг хайлтын систем маань зөвхөн үгээр л хайлт хийдэг. Тэгвэл яагаад зураг буюу image-ээр эсвэл ая буюу хөгжмөөр хайлт хийж болдоггүй юм болоо. Надад тийм хэрэгцээ асар их гарч ирэх юм. Жишээ нь нэг гоё ая сонсоно хэний ямар хөгжим дуу болохыг мэдэхгүй. Нэтээс хайх гэхээр дууных нь ч дуучных нь нэрийг мэдэхгүй юм чинь яаж хайхав дээ. Болдог бол microphone-оо залгаж байгаад л нөгөө аяа аялаад л бичиж авангуутаа түүнийгээ google руу оруулаад хайнгуут тухайн аяны долгионы хэлбэлзэлтэй таарч байгаа ч юмуу ямар нэг хайлтын систем дээр үндэслэн тухайн аятай төстэй файл болон түүний байрлаж байгаа сайтуудыг гаргаад ирдэг бол мөн гоё оо. Зургийг ч гэсэн ялгаагүй, сканердаж оруулаад л хайлт хийнгүүт google түүнийг скандаж үзээд л төстэй image-уудыг гаргаад ирдэг бол сайхан аа. Техник технологи ийм хурдацтай хөгжиж байгаа юм чинь удахгүй Google ах тийм болох байх л даа.   

Wednesday, December 8, 2010

Инээхгүй байхыг чинь харна аа!

Ийм тайлбартай мессенжерээр ирээд. Тэгсэн өнгөрсөн жил үзээд арай л сандлаасаа ойчоогүй савж унатлаа инээсэн бичлэг байна. Үзээгүй хүн байж магадгүй гээд оруулчихлаа. 
Спикерээ асаагаад үзээрэй. Ёстой инээхгүй байхыг чинь харна аа болно доо.

Хувийн юм бичээдэхье

Ёстой хувийн юм л даа уг нь. Тэгсэн чинь бичихгүй бол гар загатнаад хэлэхгүй бол ам загатнаад. Манай охин одоо 1-р анги л даа. Цэцэрлэгээ энэ жилийн хавар төгсөөд баахан төгсөлтийн зураг авчихаад ангийн хүүхдүүдэд нь тараана гэж бодож байсан амжаагүй юмаа. 
Тэгсэн саяхан гэрийн ойролцоо дэлгүүрт цэцэрлэгийн ангийнх нь нэг бандийн ээжтэй тааралдаад сайн сайн уу гэж байгаад би нөгөө зураг хөргийг нь өгье гэлээ. Тэр өдөр тэдний хүү нь манай охиныг учир зүггүй хайгаад л хамт зургаа авахуулна гээд салахгүй дагаад л манай охин нээг их тоохгүй яваад л нөхөр бид хоёр ангийн хүүхэд чинь зургаа авахуулъя гээд байна ш дээ авахуулаач гэж үглээд байсан юм. Тэгсэн чинь нөгөө хүүгийн ээж "Манай хүү их хэцүү байнаа. Танай охинд их сайн байсан юм. Одоо тэгсэн найз охиноосоо холдчихлоо санаад байна гээд уйлаад, шөнө бас хар дарж зүүдэлж танай охиныг дуудаад болохоо байлаа. Охинтой чинь нэг уулзуулдаг юм билүү гэж бодоод" гэнээ. 

Ээжээ, энэ чинь одоо юу вэ 6 настай л хүүхэд шүү дээ. Би ёстой шоконд ороод дуугарч чаддаггүй тэгээд "Өө тийм үү" гэлээ. 6 настай хүүхэд тэгэж байна гэдэг чинь нэг бол нөгөө алдартай Ромео Жулиеттагийн дурлал нь ийм насанд тохиосон ховор тохиолдол юмуу эсвэл одооны хүүхдүүдийн бэлгийн бойжилт ийм эрт эхэлдэг болчихсон юмуу?
Гэртээ ирээд охиноосоо асуусан чинь еөр тоож байгаа юм алга ойлгож байгаа ч юм уу үгүй ч юмуу. 
-Чи найз охин нь юмуу гэсэн чинь 
-Юу гэж дээ шаал тэнэг ийн , тэр чинь аймаар сахилгагүй хүүхэд гэнээ хөөрхий дөө.
Нөхөртөө хэлсэн чинь "Балай юм. Миний охин холхон байгаарай, яав ч эрүүл хүүхэд биш байна" гэсэн. 
Ийм нэг хачин ч юм шиг хөгжилтэй ч юм шиг сонинтой.    

Байгаль орчны тухай бас бус

      Нэг автомашин 1000 км явахад  нэг хүний бүтэн жил амьсгалах хүчилтөрөгчийг хордуулдаг.  Цэцэрлэгжүүлсэн нэг га талбай 100 сая шоо тетр агаарын найрлаг дахь тоос шорооны 40 хувийг шингээдэг.
·     Ургамлан бүрхэвч бүхий цэцэрлэгжүүлсэн гудамж талбайд чийг тунадасны 75 хувь хөрсөнд шингэж, 25 хувь нь ууршиж агаарыг чийглэнэ.  Мөн салхины хүчийг 71 хувиар бууруулж, нарны төөнөлтийг 10-15 дахин багасгаж  улмаар агаарын хэт халалт хөрөлтийг 2-3 хувиар бууруулна.
Судалгааны  материалаас үзэхэд нэг га арцан ой нэг өдөрт 30 кг дэгдэмхий фитонцидийг ялгаруулах бөгөөд энэ нь хүн амын дунд зэргийн нягтралтай хотын агаар дахь бүх нянг устгах чадвартай байдаг. 
Америкийн Нэгдсэн Улсад дэлхийн хүн амын 5% оногддог боловч дэлхий дээр ялгарч буй нийт нүүрстөрөгчийн 22%-ийг дангаараа ялгаруулж байна.
Нийт нүүрстөрөгчийн ялгаралтын 20-с 25 хувь нь зөвхөн ой модыг огтолж цэвэрлэх, газар ашиглалтыг өөрчилсөн үйлдлүүдээс үүсч байдаг.
Алтан мэлхий (Bufo periglenes) нь Уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөхсөн гэж хэлж болох анхны биологийн төрөл зүйл болж байна. Цаашид энэ категорид ороход бэлэн 16,928 төрөл зүйл байгаа нь дэлхий дээрхи нийт амьтан ургамлын аймгийн 40% нь болж байна.
Бидний хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд 1kW/h хэрэглэх тутамд 0,82 кг СО2 хий цахилгаан станцаас ялгарч байдаг. Тухайлбал; бичил долгионы зуух жилд 39 кг CO2 ялгаруулах тог зардаг бол угаалгын машин 51кг, LCD TV 5 кг (тэгэхэд 34 инчийн плазма TV 269кг!), хөргөгч/хөлдөөгч 175 кг-ийг өөрөөр хэлбэл ялгаруулдаг байна. 
1 ширхэг гэрийн ердийн шар 100 ваттын гэрлийн шилийг 20 ваттын fluorescent /цагаан өдрийн чийдэнгийн шил/ гэрлийн шилээр солиход жилд 84 кг СО2 ялгаралтыг бууруулж чадна.
ТВ болон бусад DVD тоглуулагч зэргээ удирдлагаар нь бус залгуураар нь салгаж байвал жилд 106 кг СО2 ялгаруулахгүй байж болно. 
20-р зуунд дэлхийн дундаж температур Цельсийн 0,7+0,8 градусаар нэмэгдсэн байна. Харин энэ чигээрээ байвал 21-р зууны эцэст Цельсийн 2,1+6,4 градусаар нэмэгдэнэ. 
   

Tuesday, December 7, 2010

Сайн мэдээ дуулгая

Манай Улаанбаатар хотынхон 50,000 траншейны нүхэн дунд амьдарч байдаг юм байна. 20 хүн тутамд 1 траншейны нүх. Аймшигтай байгаа биз. Түүнд унаж бэртэгсэд хэдэн арваараа бүр зуугаараа ч юмуу байдаг юм байна. Харин "Өдрийн сонин"-ыхон энэхүү хохирогсодтой нэгдэн Хотын захиргааг шүүхэд өгөхөөр болжээ.  Доорхи зургийг Өдрийн сонины web хуудаснаас авлаа. Би ч гэсэн орой болгон ажлаа тараад гэр лүүгээ алхахад 1,5 км замд нийтдээ 5 нүх байдаг, бүгд онгорхой.

Шүүхийн нэхэмжлэх нь зөвхөн хүний нэр дээр байх ёстой учраас хотын захирагч Г.Мөнхбаярыг шүүхэд өгөхөөр болжээ. Ашгүй дээ, одоо энэ хотын захиргааныхан одоо л ажлаа хийх байлгүй дээ. Манай хот их сонин шүү, өдий 21-р зуун гарчихаад байхад манайд хог ялгаж ангилдаг ганц ч төвлөрсөн цэг байдаггүй /би энд хувийн жижиг шил лааз хуванцар сав авдаг ТҮЦ-нүүдийг хэлсэнгүй/, хог дахин боловсруулдаг ганц ч үйлдвэр байдаггүй шд. Сургийг нь сонсоход их л олон газар /миний л мэдэхийн Япон, Герман, Солонгос/ хог дахин боловсруулдаг үйлдвэр барьж өгье гэсэн юм гэсэн. Яагаад ч юм бүү мэд зөвшөөрдөггүй гэсэн. 
Харин машин зам эхнээсээ овоо болж байгаа шүү. Хотын төвийн шинэ тавьсан замаар явж байхад урамтай. Гэхдээ л байрны дундах зам, хотын захын замууд аймшигтай. Ямар сайндаа л "Манай хотод бартаат замын авторалли зохиовол зам нь стандартад нь яв цав тохирно доо" гэж байхав. Бас энэ явган зорчигчид байнаа. Би өөрөө ч гэсэн явган зорчигч л доо. Гэхдээ дандаа ногоон гэрлээр гардаг, болж өгвөл гарцаар гардаг. Гарцгүй газраар гарч байгаа бол буруугаа мэдрээд хар хурдаараа гүйгээд гарчихдаг.  Ядаж л дайруулж үхэхээс айж байна даг. Тэгэхэд л энэ хүмүүс зам дээр тулж очингуутаа ямар ч гэрэл харах ойлголтгүй шууд л дайраад байх юм. Нөгөө машинууд нь ногоон гэрэл асангуут мэдээж  хөдлөөд л явна биз дээ, тэгтэл урдуур нь сүрэг хүн бэлчээд эхэлнэ.  Тэгээд мөрөөрөө явж байгаа машинууд дундуур дайруулж үхчих гээд л гүйлдээд унана. Уг нь явган зорчигч руу харсан гэрэл нь улаан асаад байгаа юм шдээ.  За тэгээд гарцгүй газраар гарч байж бушуухан гүйгээд гарчихгүй яг л үхэр бэлчиж байнаа. Ер  нь өөрийгөө машин зам дээр явж байна гэж мэдэж байгаа юмуу үгүй юмуу гэмээр аймаар зоргоороо аажуухан алхаад байна шүү дээ. За за ингээд бухимдаад байвал бухимдах юм их л байна. Нөгөө сайн мэдээгээ юу болгочихов доо.   

Friday, December 3, 2010

E-book and its reader

Ажлын шаардлагаар цахим хэлбэрийн юм их унших хэрэгтэй болох юмаа. Тэр болгон РС дээр уншиж чадахгүй, гэртээ аваачаад ч гэрийн ком дээр уншина гэдэг ч худлаа. Тэгээд хэвлэж аваад яваад уншина гэхээр зөвхөн уншихын төлөө тэр их цаас үрэх хайран. Ядаж байхад би чинь байгаль орчны төлөө идэвхитэн юм болохоор ажлынхныгаа байнга л дэмий юм хэвлэж цаас тог үрж хор ялгаруулж байна уу гэж хардаастай сэрдээстэй үглээстэй байдаг хүн чинь өөрөө ямар хаягдал цаас үйлдвэрлээд байлтай биш. 
Техник технологи хөгжинө гэж яасан ч сайхан юм. Бүх зүйлийг электрон хэлбэртэй болгож байсан бол дараа нь тэр электрон хэлбэртэй зүйлээ уншихад зориулсан юмнууд гаргаад ирэх юмаа.  
 
Энэ зүйлийг харчихаад ёстой шүлс гоожих нь халаг байнаа. Kindle-ийн хамгийн сүүлийн загвар. Электрон ном уншихаас гадна pdf файл уншиж болно. Энэ нь надад хамгийн хэрэгтэй байгаа юм. Нэтээс 3G эсвэл Wi-Fi-аар номнуудаа татаад авчихна. Хаана ч аваад явсан авсаархан, зөндөө файл ном багтана. Урьдны загвараасаа илүү нимгэн, хөнгөн, тод дэлгэцтэй, батарей сайтай, нарны туяанд гялбахгүй, хуудас нь хурдан эргэдэг гэх мэт давуу талтай болжээ. Надаа бол хаваасаг. 
Үнэ нь 189 доллар гэж байна, free shipping. Нөгөө алдарт онлайн дэлгүүр лүүгээ утасдаад асуусан чинь оруулж ирж байгаа гэнээ. Free shipping /энэ нь Америк дотроо л доо/ гэсэн тул нийт Монголд ирэх зардал нь 254 доллар болно гэж байна. Ойролцоогоор 300,000 болж байгаа юм. Он гараад shipping ачаалал багассан хойно авдаг юмуу гэж бодоод байна.        

Муу мэдээ дуулгасанд уучлаарай

Та бүхнийхээ сонорыг муу мэдээгээр мялааж буй намайг уучлаарай. Гэсэн ч хэлэхгүй бол болохгүйнээ.2010 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсад золгүй байдлаар 1221 хүн нас барсан байна гэнээ. Цагдаагийн Ерөнхий Газрын 11-р сарын мэдээлэл. Тэгээд Замын Цагдаагийн Газрын ердөө 2-хон хоногийн мэдээнд нь 6 хүн автын ослоор нас барсан гэнээ. 2-хон хоногт 6 хүн үхэж байгаа юм чинь 365-р үржүүлэхээр юу болж байна? Дайн болоод байгаа гээд байгаа Иракт чинь юу гэлээ дайн эхэлснээс хойш нийтдээ 5,000 цэрэг л амь үрэгдсэн гэдэг биз дээ. Афганд ч жилийн эхний 10 сарын байдлаар 1000 гаруй хүн суманд өртөж нас бардаггүй байх шүү. 

Thursday, December 2, 2010

Монголын саятан нэвтрүүлэг

Түрүүчийн энэ нэвтрүүлгийн тухай, гол нь энэ нэвтрүүлэгт орж байгаа залуусын мэдлэгийн түвшний тухай бичсэн бичлэгийг маань гадаадад суудаг хүмүүс их сонирхож байнаа. Дэлгэрэнгүй бичээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ бичлэгийг бичлээ. Монголдоо байгаа бид хэд яахав, бүтэн сайн өдөр болгон л үзэж байна. Яг үнэнийг хэлэхэд би ч тийм мундаг хүн биш сүүлийн асуултуудыг нь бол хариулж мэддэггүй. Гэхдээ ямар ч байсан "Мики маус хэдэн хуруутай вэ?" гэдэг асуултанд хариулчихна гэж бодож байна. 

Wednesday, December 1, 2010

Тэвчээр муутай хөөн би

Би анх яг 1 жилийн өмнө энэ нөүтбүүкээ интернэтээр АНУ-с бараа авчирч зардаг онлайн дэлгүүрээр захиалж авч байлаа. Бөөн паян. Би анх удаа ийм алсаас захиалж худалдан авалт хийдэг худалдаа хийж байгаан. Үнэнээ л хэлье ямар урьд нь ингэж үзсэн биш, ямар нэг үнэтэй цайтай юм авах гэвэл энэ хотын хэдэн дэлгүүрийг дуусгаад авах бараагаа бараг л хазаж мэрж үздэг хүн чинь онлайнаар бараагаа сонгоод мөнгөө тушаачихаад бараа нь ирэхээр утасдаад авчраад өгчихнө гэхээр нэг л үлгэрийн юм шиг сонсогдоод байсан шүү.

Password байтугай ID-гаа мартав

Хүний амьдралд хамгийн эхлээд имэйл нээхээс эхлээд л маш олон ID бас Password үүсгэж цээжилж байх шаардлага гарах юмаа. Би уг нь гайгүй л ой сайтай юмсан. Тэгсэн амьдралын эрхэнд нээсэн баахан ID тэд нарын нууц үгийг цаг хугацааны эрхэнд мартсан байна. Ажлын имэйл, интранет, бас нэг албаны alternative email, ажлын database, Yahoo, Google account, Facebook, visa card code, mobile phone pin code эд нараа бол сайн л санаж байна л даа. 
Гэтэл энэ зарим сайтууд заавал ID нээ, тэгэж байж нэвтэрнэ мэдээллээ харуулна гээд байх юмаа. Нээгээд л үзээд л хараад л яваад байсан дахиад эргээд орох гэтэл таг. Нэг ижил ID нээгээд ижилхэн нууц үг өгөөд л яваад байх гэхээр ийм нэр байна та өөр ID сонгоно уу, эсвэл таны password чинь тэдэн тэмдэгт бас тоо моо оролцсон байх ёстой энээ тэрээ гэхээр тэгээд л өөр болоод л түүнийгээ эргээд санахгүй юмаа. Манай интранет их хэцүүтэй, ганц хоёр 7 хоног болов уу үгүй юу л та password-оо солих шаардлагатай гээд л унана. Ард нь нэг тоо хийгээд яваад байсан чинь 0-9 хүртэл дуусаад одоо 2 оронтой тоо руу ороод 50 хэд дээр явж байгаа. Нөгөө гайхал Twitter дээр ажлын шаардлагаар нэг юм нээсэн байхгүй ээ эргээд орох гэсэн тааг мартаа, бүр нууц үг нь байтугай ID нэрээ ч санахгүй байна. Бас Biznetwork account-аа санахгүй байна. Нэг мэдээлэл татаж авдаг сайтны нэр нууц үгээ 2-ууланг нь санахгүй байна. Уг нь өөрийнхөө нэрээр л хийсэн баймаар юм, орохгүйг бодоход ийм нэр байна гээд л өөр юм хийсэн болж таарлаа. Нэг гадаадын их сургуулийн database руу орж юм уншдаг байсан чинь нууц үгээ санадаггүй ээ.  Тухайн үед би одоо хэнийг юуг бодож байгаад нээчихсэн юм бол доо. 
Ядаж байхад энэ Mozilla Firefox-ын нууц үг хадгалах уу гээд байдаг үйлчилгээ нь их хэрэггүй юм байнаа. Үүнээс болж би их олон password мартаж байна шүү.  Одоо дандаа never гээд л дараад байхаас. Ахиад л account нээхээс дээ, одоо нэг жижиг дэвтэр дээр нээсэн юм болгоноо тэр сайтан дээр тйим account нээв гээд л бичээд явахаас даа. 

Tuesday, November 30, 2010

Траншейны таг

Өнөөдрийн сонин дээрээс нэг таагүй мэдээ уншаад. Хэлэх гэсэн хэл ээдрээд бичих гэсэн гар салгалаад. Үр хүүхэдтэй хүмүүст сануулахад хүүхдээ таггүй траншейны нүхэнд уначихваа гэж ёстой байдаг чадлаараа анхааруулаарай.  Энэ траншей яагаад таггүй байна вэ?
1-рт траншейнд амьдрагсад орж гарч байх гээд аваад хаячихдаг байх. Энэ ч ойлгомжтой.
2-рт тэр таг нь цул төмөр байдаг биз дээ. Түүнийг нь тушаах гээд аваад явчихдаг юм гэсэн. Тэгээд л таггүй болчихдог гэнээ. Тэгсэн чинь нэг ийм компани хаягдал хуванцар сав гялгар уутыг дахин боловсруулаад хашаа, хайс, траншейны таг, машин замны хурд сааруулагч, гудамжны сандал гээд хөөрхөн хөөрхөн юм хийчихсэн байх юм.
 Тэдний хийсэн траншейны таг

Monday, November 29, 2010

Монголын саятан

... нэвтрүүлэг үзээд өчигдөр орой. Нулимсаа гартал нь ч юу юм гэхдээ ойрд инээгээгүйгээрээ л инээлээ. Хөөрхий хөтлөгч Нямбаяр нь сүүлдээ аргаа ядаад "Одооны залуусын үздэг хардаг уншдаг сонсдог юм нь бидний үеэс өөрөө өөр, мэддэгүүд нь мундаг, мэддэггүйнүүд нь бүр ч мундаг" гэж билээ. 
Энэ нэвтрүүлгээр орж байгаа нь эрхбиш Монголын залуу үеийн төлөөлөл биш гэж найдая. Мэдлэгтэй боловсролтой мундаг сайхан залуус нь иймэрхүү нэвтрүүлэгт орж 50,000 төгрөг олох гэж нүдний булай болж суудаггүй гэж найдая. 
Нямбаярт хэлэхэд байгууллагаар нь оруулж байвал яасан юм бэ хө, тэгвэл чи ингэж хоосон толгойтнуудтай нервээ барж ганц асуултанд хариулуулах гэж аргаа барж суухгүй байлгүй дээ ядаж.  

Bowling тоглов

Амралтын өдрөөр ажлын хоёр хүнтэйгээ боулинг тоглоод оо. Ёстой нусаараа хожигдоод сэтгэл санаа гэж зүгээр л газраар гулслаа. Уг нь би өөрийгөө гайгүй тоглочихдог гэж боддог байсан юмаа хэхэ. Яагаад тэгэж бодов гэхээр урьд нь найзуудтайгаа ороход дандаа л би хождог байлаа. Ер нь гайгүй үедээ 100 давуулчихдаг л байлаа, гайтай үедээ 80-аас буудаггүй л байсан юм. Гэтэл сая яав. Ойрд тоглоогүй төсөөрчихсөн юмуу, урьд нь хамт тоглож байгаагүй хүмүүстэй тоглоод тэгэв үү бүү мэд ээ. Манай хоёр намайг их л мундаг тоглодог гэж бодсон юм шиг байгаан, тэгсэн нөгөөдөх нь ёстой хэмх хожигдохоор бүр инээд нь хүрээд байх шиг байна лээ хэхэ. Хөөрхийс "Зүгээр ээ, ийм өдөр байдаг шдээ" гээд л инээлдээд л хэхэхэ. 

Одоо бүр тэр өдрийг бодохоор л гол харлаад байх юм. Гэртээ ирээд бүр Белергамин гэнэ үү тайвшруулдаг эм ууж жаахан юм хум уншиж тв идэвхитэй үзэж энэ тэр өөрийгөө сатааруулах гэж оролдлоо. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр би тэр үед их л догдолсон ч юмуу сэтгэл санаагаа тайван байлгаж чадаагүй юм шиг байгаан. Гэхдээ хожигдлоо гээд шантрахгүй байна. Харин ч бүр боулингоор идэвхитэй хичээллэмээр санагдчихлаа. За яахав дээ, хүнд чинь хааяа одгүй өдөр гэж байдаг ш дээ тэр нь л болсон юм байлгүй дээ. Рүүни хүртэл ДАШТ-д тоглож чадахгүй л байсан биз дээ. Гээд л өөрийгөө тайвшруулаад сууж байна.

Thursday, November 25, 2010

Байгаль орчны төрийн бус байгууллагуудын зөвлөгөөн-2

Өчигдөр энэ зөвлөгөөнд ажил үүргийн шаардлагын дагуу очиж суулаа. Энэ жил 2 дахь нь болж байгаа юм. 2008 онд эхнийх нь болж байсан санагдана. Зөвлөгөөний нээлтэн дээр ерөнхийлөгч ирж бас Гансүх сайд, гишүүн асан Бакей нар илтгэл тавьж, индэр дээр тэд нараас гадна дархан аварга Бат-Эрдэнэ, халзан Да.Ганболд нар сууж байгаа харагдсан.

Profile-аа өөрчлөөд

Уг нь би өөрийн сонирхдог сэдэв болох environment-аараа юм бичиж байя гэж блог нээсэн юм л даа. Тэгсэн хүмүүсийн блогийг уншаад байхад их гоё юмаа. Өөрсдийн бодсон санаснаа, үзсэн харсан юмтайгаа бичихээр би бас тэгэж бичмээр санагдаад тэгээд хэсэг тиймэрхүү юм бичиж байгаад санамсаргүй профайлаа харсан чинь тэс өөр юм байдаг байна шд. Тэгэхээр нь ингээд өөрчилчихлөө. Одоо их өргөн сэдвээр юу хүссэнээ бичиж байхад санаа зоволтгүй боллоо гэж бодож байна.

Friday, November 19, 2010

Газар хөдлөлтөнд тэсвэргүй барилга

Энэ өнгөрсөн жилийн мэдээлэл шүү. Манай ажил дээр Онцгой Байдлын Газрынхан ирж газар хөдлөлт ба түүний үед авах арга хэмжээний сургалт зохион байгуулсан юм. Тэр үед л энэ мэдээлэл бид нарт тарсан.

Sunday, November 14, 2010

Сонин уншив

Ойрд амралтаа авчихсан гэртээ бүгчихсэн байгаа учир блогтоо шинэ бичлэг нэмэхгүй удлаа. Сая ажил дээгүүрээ хальт дайрч хэд хоног хуримтлагдсан сонингоо авчирлаа. Би зөвхөн Өдрийн сонин л уншдаг юмаа. Өөр ямар ч сонин уншдаггүй юм. Хүмүүс ямар мангар юм бэ гэж магадгүй, гэхдээ л би Өдрийн сонины улаан фен, тэгээд ч цор ганц үнэн юм бичдэг сонин гэж боддог юмаа. Аль ахлах ангид байхаасаа л тэртээ арван хэдэн жилийн өмнөөс л уншиж байна даа. Өдрийн сонинг уншихгүй болохоор нэг юм үгүйлэгдээд байдаг гэвэл хөгшин хүн шиг сонсогдох байхаа.
За тэр ч яахав, юу хэлэх гэсэн бэ гэвэл саяхны нэг дугаар дээр УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяраас Ерөнхийлөгчид нэг захиа илгээжээ. Юун тухай сүрхий захиа явуулсан юм бол доо гээд гүйлгээд харсан чинь ойлгосонгүй, тэгэхээр нь үг үсэггүй нэг бүрчлэн уншаад арай ч дээ энэ одоо тоглоод байгаа юм болов уу ч гэж бодов. Энэ эрхэм гишүүн маань төрийн их гал голомт тулга гээч юмыг төрийн ордон дотор асааж гал түлүүлмээр байна гэсэн байна. Эрт дээр үеэс их тулгар улсын гал голомт бадарч байсан, одоо тэрийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байнаа. Ёооё эрүүл ухаанаар бодоод үз дээ. Манай төрийн ордон дотор нэг томоо тулган дотор гал түлээд /за цахилгаан хиймэл гал байсан ч гэсэн/ гадна дотны хүмүүст манай их улсын гал голомт гээд үзүүлэх юмуу хаашаа юм бэ. Юун тэр 21-р зуун, юун тэр глобалчлал. 
Ер нь би энэ аль дээр үеийн мухар сүсэг бишрэлийн үйлдлүүдийг ойлгодоггүй юмаа. Жишээ нь тэр төрийн их тахилга ч гэлүү нэг уулын оройг Ерөнхийлөгчтэйгөө очоод л орилдоод баахан идээ будаа цацаад гал түлээд мах идэж архи уудаг үзэгдлийг ойлгодоггүй. Тэгэж их тахихгүй бол болохгүй юм бол тэр лам хувраг орон нутгийн иргэд нь л тахих зан үйлээ хийнэ биз дээ. Тэрэнд Ерөнхийлөгч нь хүртэл очоод оролцоод уриалаад явж байдаг. Яг л нөгөө Мандухай цэцэн хатан, Мөнх тэнгэрийн хүчин доор кинон дээр гардаг шиг л уулаа тахиад явж байсан одоо 21-р зуунд яаг адил. Одоо бас ордон дотор тулганд гал түлнэ ч гэх шиг. Нэртэйгээр нь манайхан 13-р зуунд хаан нь 40 шар үхэр хөллөсөн том тэрэгтэй гэрт амьдарч залардаг байсан юм, одоо тэгэх ёстой тэгнэ ч гэх юм байна л даа. Төрийн их хуур гээд нэг мангар том морин хуур хийгээд тавьчихсан. Тэр нь одоо миний бодлоор угсаатны зүйн музейд л байх ёстой юм шигээ.
Одоо чинь техник технологи дээд цэгтээ хүртэл хөгжиж байгаа 21-р зуун. Хуучны уламжлалт зан заншилаа хадгалалгүй л яахав. Гэхдээ бас бодмоор юмаа. Дэлхий асар хурдацтай глобалчлагдаж байна. Манай улс алийн болгон 13-р зууны юм ярьж явах юм бэ. Энэ Батбаяр гишүүн ийм юм сэтгэж байхын оронд газаар гэр хорооллын халаалтыг шийдээд утааг багасгахад нэмэр болох юм сэтгэж болдоггүй юм байх даа. Аль хуучны ямар ч ашиггүй, хэрэггүй юм ухаж төнхөөд сэргээж мандуулаад байхын оронд эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг сонирхож амьдралд тустай ашигтай бүтээлийг нэвтрүүлж эсвэл улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах шинжлэх ухааны бүтээл сонирхож болдоггүй юм байх даа.
За жаахан нервтэв...
  

Sunday, November 7, 2010

Хэдэн кино үзэв

Ойрд амралтаа авсан дээрээ хэдэн кино үзлээ. Тэгээд сэтгэгдлээ хуваалцая гэж бодлоо. Эхлээд Resident Evil - 2 үзлээ. Би чинь тэр 3D гэдэг юмыг чинь анх Тэнгист Шрек үзэж л мэдэрсэн хүн шүү дээ. Хүүхэлдэйн кино болохоор тийм ч онц сэтгэгдэл төрүүлээгүй, бас Тэнгисийн тэр нүдний шил нь аймаар хүнд, муу хамрыг минь дарж өвтгөөд байсан. Харин ийм киног 3D-гээр үзсэн чинь ёстой ид шидийг нь мэдэрдэг байна ш дээ. Бас Өргөөгийн шил нь хөнгөхөн юм билээ.
За дараа нь Тэнгист Татар ажиллагаа үзлээ. Их хөөрхөн юмаа. Зохиол нь зураг авалт нь жүжигчдийн жүжиглэлт эд нар нь бүгд их дажгүй байсан шүү.
Дараа нь Помогите нам-2 үзсэн. Энэ харин жаахан бизнес талын кино болчихсон юм шиг санагдсан шүү. Уг нь 1-р анги нь их хөөрхөн байсан юм. Тэрийг нь хүмүүс их үзсэн болохоор 2-ыг нь хийе гэж шийдсэн юмуу даа.

Wednesday, October 27, 2010

Таргалалт ба хоол хүнсний илчлэг чанар

Ойрын үед жин нэмэх явдалтай эрс дайн зарлаж байгаа болохоор хоол хүнс таргалалтын талаар нэг юм бичье гэж бодлоо. 
Таны биед хуримтлагдсан 7,000 ккал илчлэг нь 1 кг өөх болж биед чинь үлддэг гэж энд  бичсэн байна. За тэгвэл хүн өдөрт хэдэн ккал энерги зарцуулж түүнийгээ нөхөхийн тулд хичнээн хэмжээний ккал илчлэг бүхий хоол хүнс идэх ёстой вэ гэдгийг цөмөөрөө тооцох гээд үзье. Эсвэл эсрэгээрээ бид хэдий хэмжээний юм идчихээд түүнээсээ хэдийг нь зарцуулаад хэд нь гэдэс гүзээ болж үлдээд байгааг тооцъё. Энд би энд тэндээс олсон уншсан мэдээллээ бөөгнүүлэх гэж оролдлоо. 


Wednesday, October 20, 2010

Мод тэр тусмаа жимсний мод тарьцгаая

Сүүлийн үед хүмүүс мод тарих их дуртай болжээ. Яг одоо бол намрын тарилт хийх цаг эхэлж байна. Модыг намар тарихад цааш амьдрах чадвар маш сайн байдаг. Намар суулгасан моднууд чинь хавар бараг бүгд л соёолоод гараад ирнэ шүү дээ. Айлуудыг бол би жимсний мод тарь л гэж зөвлөмөөр байдаг юмаа.

Монголын байгаль орчны үндэсний мэдээллийн сан

Танд Монгол орны маань байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, түймэр зуд байгалийн гамшиг, манай оронд хориглодог ашигладаг химийн хорт бодисууд, тухайн газар орны байгаль орчны үнэлгээ, хөдөөний зам харгуй, аймаг орон нутгийн хил төвүүд, монголын газрын зураг төрөл бүрээрээ, бүр аялал жуулчлалын кемпүүдийн байрлал гэх мэт мэдээллүүдээс аль нэг нь хэрэг болж байсан уу. Тэгвэл ийшээ ороод үзээрэй. Нэлээн их мэдээлэл байгаа шүү. Харин хэр хурдан ойр ойрхон шинэчлэгдэж байдаг юм гэхээс биш.

Нээлттэй мэдээлэл

Өчигдөр их дажгүй мэдээлэл олж авлаа. "Нээлттэй мэдээллийг сурталчлах өдөрлөг"-т оролцоод. Ийм учиртай юм байна л даа.
Та нарт ямар нэгэн сэдвээр хийгдсэн судалгааны ажил хайх хэрэг гардаг л биз дээ. Тэгээд интернэтээс хайхаар ихэнх мэдээлэл төлбөртэй байдаг . Бас судалгаа шинжилгээний ажил хийж буй эрдэмтэн судлаачид, мастерт сурагцагсад эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн байх гэдэг шаардлагатай тулгардаг. Ер нь тухайн эрдэмтний чанар чансааг түүний эрдэм шинжилгээний өгүүллээс хэр олон хүн ишлэл авч байгаагаар нь үнэлдэг гэж байна. Тэгэхээр өөрийн хийсэн ажлаа ямар нэг байдлаар хүмүүст хүргэж, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх зайлшгүй шаардлага гарч ирнээ дээ. Тэгвэл энэ Open Access гэдэг нь тодорхой төлбөртэйгээр эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын үр дүн зэргийг сэтгүүлүүдээс нэгтгэн байрлуулдаг нээлттэй сэтгүүлүүд юм байна л даа. Сэтгүүлүүд дээр гарсан бүтээлүүдийг нэгтгэсэн directory гэсэн үг. Харин хэрэглэгчид буюу уншигчид бол чөлөөтэй. Хүссэн мэдээллээ хайж уншиж хэрэглэж болно. Харин хэрэглэхдээ янз бүрийн ангилалтай байдаг юм байна. Зөвхөн ишлэл авахаас эхлүүлээд цаашид өөрийн хүссэнээр хувиргаж болох гэх мэт. Ямар ч байсан уншихад ямар ч үнэ төлбөргүй. Тэгэхээр мань мэтийн идэвхитэн уншигчдад бол их л сайхан юм байна. Бид чинь тэр бүр сэтгүүл захиалаад худалдаж аваад уншаад байж чадахгүй шд. Ялангуяа шинжлэх ухааны сэтгүүлүүдийг бол. Ийм нээлттэй сэтгүүлийн хаягууд гэвэл:
www.doaj.org
www.biomedcentral.com
www.plos.org
www.springerlink.com
Ийм нээлттэй сэтгүүлүүдэд өгүүллээ тавьснаар эрдэмтэд судлаачдад маань ямар ашигтай вэ гэвэл ингэж байна. 
1. Таны бүтээлийг, ажлын үр дүнг маш олон хүн үзнэ.
2. Таны бүтээлээс ишлэл авагсдын тоо нэмэгднэ.
3. Олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн гэдэг үнэлэмжтэй болно.
4. Таны сэдвээр судалгаа хийдэг өөр орны судлаач эрдэмтэдтэй харилцах боломжтой болно. 
5. Мөн peer review хийгдэнэ.
6. Танд ажлын болон өөр ашигтай санал ч ирж магадгүй. 
Гэх мэтчилэн миний ойлгосноор ийм байна. Өөр олон л мэдээлэл байна. Би яг судлаач, эрдэмтэн биш учраас зөвхөн өөрийн ойлгосноо л бичлээ шүү. Ямар ч байсан гүүглэ ах, вики эгч хоёроос гадна мэдээлэл хайх сайхан эх сурвалж нэмэгдлээ. 

Monday, October 18, 2010

LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий

Автогазаар (мөн хийн түлш ч гэдэг) явдаг машин тэрэг сүүлийн үед ихэсч байгаатай холбоотойгоор энэ талаар өөрийн дуулж мэдсэнээ хуваалцая гэж бодлоо.

Friday, October 15, 2010

Блог нээлээ!

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэдэг шиг блогийн идэвхитэн уншигч миний бие өөрийн блогийг нээхээр шийдлээ. Блог гээч энэхүү цахим ертөнцийн амтанд ороод даруй нэг жил өнгөрсөн боловч ер уншиж барахгүй, басхүү ер хагацаж салж чадахгүйгээр нэгэнт оржээ би. Бусдыг өөрийн адил блогийн амтанд оруулж өглөө бүр компьютерээ асаах тоолонд шинэ бичлэг нэмэгдсэн эсэхийг шалгаж дараагийн шинэ бичлэгийг тэсэн ядан хүлээн суудаг блог нэгээр нэмэгдээсэй хэмээн хүснэм. Чадах ядахаараа та бүхэнтэй мэдсэн дуулснаа хуваалцах болно.