Заримдаа ч цөхрөхөөрөө цаг хугацаа хурдан өнгөрөөд улс орны маань энэ нэг хачин гажиг нийгэм жаахан өөрчлөгдөөсэй гэж хүсэх юм. Дахиад 20, 30, 40, 50 жилийн дараа миний Монгол улс ямар болсон байх бол?
Утаагүй, хоггүй, замын түгжрэлгүй, тоос шороогүй Улаанбаатарын гудамжаар дугуй, нийтийн тээвэр, жижиг тэрэг хөлхөлдөөд л. Хүмүүс нь өнгөлөг гэгээлэг хувцастай, нүүрэндээ инээмсэглэлтэй алхалдаад л, цаанаа нэг жаргалтай.
Ажил төрөл хөөцөлдлөө гэхэд мэдээлэл нь ойлгомжтой, төрийн албаныхны үйлчилгээ хурдан шуурхай, үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч соёлтой, хүлээцтэй.
Эмнэлгийн үйлчилгээ үнэтэй ч гэсэн сайхан, эмч сувилагч нар нь хүнийг баян ядуугаар нь ялгахгүй зөвхөн өвчнөөр нь л ялгадаг. Энэ сайхан үйлчилгээтэй эмнэлгийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас ихэнх хувийг нь даадаг баян улс болохоор ядуу хүн ч өвдөх эмчлүүлэх эрхтэй.
Цөөхөн хэдэн их сургууль нь дэлхийн жишиг төлбөртэй ч дэлхийн жишиг боловсрол олгодог. Түүнд нь сурч байгаа оюутнууд нь энд тэндэхийн олон улсын хурал семинарт байнга оролцож монгол оюутан судлаачдын нэрийг дэлхийд дуурсгаж байдаг. Их сургуульд орох шалгаруулалт нь асар өндөр тул түүнд тэнцэж орох нь нэр төрийн гавьяа байхаас аавынх нь компани албан тушаалын гавьяа биш.
Хөдөөний малчид нь орчин үеийн техникжсэн фермерүүд болчихсон, манай улс адуу үхэр хонины махны томоохон экспортлогч орон болчихсон. Бүх малаа албан ёсоор хүн шиг вакцинжуулдаг, найдвартай болохоор гадаадад монгол малын мах нэр хүндтэй. Орон нутагт нь хүлэмжийн болон ашигт газар тариалан эрчимтэй хөгжчихсөн болохоор хятадаас ногоо бараг импортлохоо болисон, малын тэжээлийг л эс тооцвол.
Аялал жуулчлалын маш алдартай бүс нутаг болчихсон, жилд 10 сая жуулчин авдаг, аялал жуулчлалын бизнесийн боссууд нь монголчууд байхаас яг үйлчилгээний ажилчид нь дан гадныхан.
Төрийн албаны шалгаруулалт ажил үйчилгээ бүх зүйл нь маш ил тод явагддаг, бүх тайлан тэнцэл төсөв санхүү нь бүгд онлайнаар байж байдаг, ард иргэд нь байнга шалгаастай асуугаастай, хянаастай. Төсвийн мөнгөнөөс тендер нэрээр иднэ гэдэг ойлголт аль тэртээд улиран одсон, ганц төгрөг дутсан бол маш хатуу шийтгэлтэй. Гэхдээ ийм хэрэг огт гардаггүй.
Хүмүүсийн цалин хангамж нь амьдралд хүрэлцээтэй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ хангалуун, амьдрах орчин таатай болохоор хүмүүс илүү дутуу юманд ч шунадаггүй.
Монгол улсыг маань гадаадын ихэнх улс орон маш сайн мэддэг, мэдэхгүй бол харанхуй бүдүүлгийг нь гайхдаг.
Нэг ийм л улс орон болчихсон байгаасай хэзээ нэгэн цагт. Тэр цагийг би үзэж чаддаггүй юм гэхэд миний үр хүүхдүүд үзэх болно.
1 comment:
irnee irelgui yahav
Post a Comment