Friday, June 29, 2012

Одоо болтол дүн гараагүй ч гэх шиг

Өдрийн 12 цаг болж байхад одоо болтол дүн гараагүй ч гэх шиг. Энэ СЕХ болиосой. МАН руу утасдаал одоо яахуу навс ялагдчихлаа шдээ гадаа хүмүүс дүн хүлээгээд байна, үүнээс удаан байлгаад байж болохгүйнээ та нар хурдан юм хумаа хийж дуусч байна уу гээд байгаа юм байх даа. Тэнэг хүн гэж боддог юм байх даа ард түмнийг. Автомат машины дүнг нийлүүлээд тооны машинаар бодчиход тийм олон цаг хэрэг болдог юм байх даа. Эсвэл хэсгийн хороонууд нь хороо шургуулаад мэдээгээ өгөхгүй хүлээлгээд "байж бай байж бай бид нар юмаа хийчээд МАН ялсан мэдээ өгнө наанаа аргалж бай" гээд байгаа юм байх даа. Уур хүрч эхэлж байна шүү. МАН ялсан мэдээ гараад ирвэл ер гайхахгүй болоод байна. Үгүй ер нь хэзээ байтлаа урьд орой нь 8 цагт дууссан сонгуулийн дүн маргааш өдөр 12 цаг болчоод байхад гардаггүй байсын бээ. Юм шургуулаад байгаа нь ойлгомжтой юм шүү.

Гүндалай сумо Батбаяр

Урьдчилсан дүнг харж байсан чинь Хөвсгөлөөс Гүндалай байхгүй, Ховдоос сумо Батбаяр байхгүй байгаан байна шд. УИХ нэг сумогоор дутахгүй байлгүй дээ, харин Гүндалай хааяа ч гэсэн үнэн үг дуугарчдаг байсан шүү.
Ёоо юу вэ Фэнг-Шү Ганбаатар, Монголын алтын Номтойбаяр, Моносын Эрдэнэчимэг, шарга азарганы Наранхүү эд нар тууж явахын. Ганбаатарын насны хүсэл нь биелж байх шиг байна шд. Хэдэн жил зүтгэснийх зорьсондоо хүрдэг л юм байна. Анх л фэншү байгуулаад л олон удаа тв-гээр гараал олонд нүүрээ таниулаал. Аймаар менежменттэй явж байгаан шүү. Номтойбаяр Наранхүү хоёр бол мөнгөөр юу хүссэнээ авч болдогийн амьдын амьд жишээ. Би уг нь хүний сонгох сонгогдох эрхийн тухай яримааргүй байна л даа. Гэхдээ би ер нь Их хуралд нэр дэвшмээр санагдчихлаа. Азхүү байгаад ёозхүүгээр цохивол хэдэн жилийн дараа гарчихдаг л газар юм бишүү.
Ер нь энэ хэдэн блогчид нэгнээ дэвшүүлээд түүнийгээ зүтгүүлсээр байгаад гаргачихвал яасын. Гарвал гараад ирэхээр л юм байна шд.

Ямар ч байсан олонх болчихжээ

Заа за, АН ямар ч байсан олонх болж чаджээ. Би өөрөө ялчихсан юм шиг сэтгэл нэг л сайхан хангалуун байх чинь. Одоо яаж ажиллахыг нь харах л үлдэж байх шив дээ. МАН тийм ч амар бууж өгөхгүй л дээ. Ялагдсан ч сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх байлгүй бүр хэдэн зуун хувиар.

Гараар тоолно гээд

дэвхцээд байхын. Тэгэж гараар тоолох байсан юм бол анхнаасаа яах гэж саналын машин авсын, машинаар санал авахыг нь хүлээн зөвшөөрсийн бэ. Ямар ч арга саамгүй чин үнэнээр нь машинаар уншуулахаар харин ч энэ чинь ард түмний жинхэнэ сонголт гарч ирж байгаа юм бишүү. МАН-ынхаан ялагдаж сур л даа.

Саналын машины тооллого гар тооллого хоёр зөрсөн гэвүү?

Сонгууль эхлэхийн өмнө 4 удаа шалгахад зүгээр байна гээд байсан байж одоо гараар тоолохоор зөрж байна гээд байдаг нь ямар учиртай юм. Иймхэн юмыг шалгаагүй байсан юмуу? Тэгээд юуг нь шалгасан болж байна. Тогонд залгаад ажилллаж байна уу үгүй юу, хуудсаа уншиж чадаж байна уу үгүй гэж л шалгасан юмуу хаашаа юм бэ.

Thursday, June 28, 2012

Яршиг төвөгтэй богинохон цагтай...

Анх удаа ийм яршиг төвөгтэй бөглөдөг /зүгээр дугуйлах ч биш бүр дүүргэж буддаг шүү/ бас дээрээс нь ийм олон юм бөглөдөг  тэгээд машин руу аваачиж хийдэг яршиг төвөгтэй сонгууль өгч байж яасан богинохон цагаар сонгууль өгүүлдэг юм бэ? Өглөө 7-с оройны 8 гэнэ шүү. Харин ч орой 8-с хойш сонгуулийн ирц өндөр байдаг юм бишүү. Ядаж 9 эсвэл санаагаар болдог бол 10 хүртэл өгүүлэх юмсан.
Сонгууль өгөх байрны гадаа бөөн оочер дараалал гэнээ. Ээж маань 2 удаа очиж байж арай гэж орсон гэнэ, ороод өнөө сонгуулийн хуудсаа харж учрыг нь ойлгох гэж бас л овоо хэдэн минут зарцуулсан юм байх, хэтэрхий бүдүүн гардаг фломастер нь шугамнаасаа хальж гарч зурагдаад байсан л гэнэ. Их л хүндрэлтэй байсан юм байх. Ээж л "Би ингэж байгаа юм чинь хөгшин хүмүүс ер нь саналаа өгч чадсан юм болов уу даа" гээд байсан.
Балаар шууд дугуйлчихдаг санал биш учраас нэг хүний зарцуулах хугацааг урьд урьдны сонгуулиас арай их байхаар бодоод санал авах цагаа арай сунгуу тавьж болоогүй л юм байх даа гэж бодогдох юм.
Нийт сонгогчдын 60 хувь л саналаа өгсөн гэх шив. Тэрнээс нь одоо бас хүчингүй хуудас овоо хэдэн хувь гарах л байх даа. Жил ирэх бүр сонгуулийн ирц буураад байх юм. Залуу үеийнхэн сонгуульд идэвхигүй ханддаг нь улс орон бүрт адил байх шиг байна шүү.

Wednesday, June 27, 2012

Нэг юм хэлчихэе

Ямар хүмүүс сонгуульд нэр дэвшинэ үү, хэн хэндээ саналаа өгнө үү надад ердөө ч падлий алга. Энэ чинь ардчилсан нийгэм дэх хувь хүний сонгох сонгогдох эрх. Жишээ нь, манай ээж Энхбаярын МАХНамд өгнө гэсэн, манай эмээ МАН-ын улаан идэвхитэн мэдээж тэдэндээ өгөх нь ойлгомжтой, энэ жил манай нөхөр ИЗ-Ногоон намд өгнө гэсэн. Би бол ардчилсан хүчинг дэмждэг гэхдээ би энэ намын идэвхитэн гишүүн ямар нэг юм биш. 
Хамгийн гол нь хэн нэгэн нь би, бид нар заавал ялах ёстой, сонгууль бидний талд болох ёстой гэж ямар нэг арга чарга, хөрөнгө мөнгө, булхай луйвар, заль мэх хэрэглэх ёсгүй бүгд яг л адилхан шударгаар өрсөлдөх ёстой гэж бодож байна. Хэн нэгэн нь булхай арга хэрэглээд буруу юм хийгээд байгаа учраас би энд ингээд боож үхэх гээд дэвхцээд байгаа юм. Хэн юу хийгээд байгааг та нар өөрсдөө мэдэж байгаа биз. 

Tuesday, June 26, 2012

Дахиад үглэхээс

Би нь сонгуулиар амьсгалаад хэцүү байнаа. Ингэж байгаад галзуурчих вий дээ. Өнөөдөр тэгсэн бас нэг нөхрийн ярилцлагыг үзээд тэсдэггүй ээ. 
МАН-ын гишүүн нэг өвөө ярилцлага өгсөн байна л даа "Би 32 жил энэ намын гишүүн байна, анх 1980 онд элсэж байлаа" гэжээ. Өнгөц харахад хуучин МАХНамын гишүүн улаан коммунист манай эмээтэй л адил, жирийн л хөгшчүүлийн нэг байгаа юм. Бидний өвөө эмээ нар бүгд энэ намын гишүүн шүү дээ. Гэтэл бодоод үзэхээр ийм юмаа. 
1. Тэр үед энэ намаас өөр нам байгаагүй. Тэгэхээр энэ намд элсэх эсвэл элсэхгүй гэсэн 2 сонголт л байсан. Гэхдээ намд элсээгүй хүнийг элдвээр боож хавчдаг байсан болохоор намын гишүүн болохоос өөр сонголт байгаагүй гэсэн үг. Хэрвээ тэр үед олон намаас сонголт хийх боломж байсан бол бусад хүмүүс өөр нам сонгоод байхад би л энэ намыг сонгож элсээд одоо болтол гишүүн нь хэвээр үнэнч явж байна гэж ярьж болох юм.
2. Тэгээд бас бодоод байсан чинь энэ чинь нэрээ солиод МАН болоод батлахаа ч солиод гишүүддээ шинэ батлах тараагаад сүйд майд болоод байсан биз дээ. Тэгэхээр яаж ч бодсон би наян онд элссэн 32 жилийн гишүүн гэж ярих үндэслэлгүй ч юм шиг.
Уг зүй нь бол энэ нам 90 оны хувьсгалын дараа үзэл бодол чиг баримжаа нь өөрчлөгдсөн байх учиртай. Үгүй бол коммунист нам биз дээ энэ чинь. Тэгэхээр бид коммунистуудтай зэрэгцэн амьдарч байна гэсэн үг үү, хэрвээ тийм олон жилийн түүхтэй гээд зүтгээд байгаа юм бол? Ухаан мэдээ орсон цагаасаа манай нам миний нам гэж яриад сурчихсан яс маханд нь шингэчихсэн хөгшчүүлийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь тэр намын чинь нөхдүүд намаа  төрөөс луйвар хийх арга болгон ашиглаад байгааг яаж ч тайлбарлаад ойлгодоггүй юм билээ, манай эмээгээр жишээ авахад. Хуучны үнэнч хөгшин гишүүдээ асарч тойлж барьж байхаа сайн мэднээ эд нар чинь, хүсвэл эндээс уншина биз.
Зүй нь бол 90 оны ардчиллын дараа энэ намыг татан буулгаад эд хөрөнгийг нь хурааж улсын мэдэлд аваад, за та нар үнэхээр итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдмээр байгаа бол хүссэн хүнтэйгээ хүссэн нэртэй намаа байгуулаад яв, ямар ч байсан одоо ардын хувьсгалт нам гэдэг коммунист нам байхгүй гэх ёстой байсан юм. Тэгээд бүгдээрээ гараанаас зэрэг хөдлөнө биз. Тэгэхгүй одоо нэг яаж ч хасаад 90-с буудаггүй настай нэг нам байгаад л байх юмаа. 

Толгой эргэх вий

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас чинь харин ёстой нэг эргүүтмээр эд байх чинь вэ? 3 мандаттай газрын хүмүүс бол 3 хүний нэрний урд талын бөөрөнхийг бөглөж будаад дараа нь доор нь 1 намын нэрийг будаад тэгээд болоогүй арагшаа нь эргүүлээд ИТХ-ын 1 хүний нэрний урдахыг бас 1 намын нэрний урдах бөөрөнхийг будах нь дээ. Ганц бөглөөс л дутуу бол таны санал хүчингүй болно. Хамгийн дээд тал нь 3 мандаттай газрын хүмүүс нийтдээ 7 удаа будах нь байна шүү дээ хүмүүсээ.

Sunday, June 17, 2012

Мэдээгүйдээ хэлээрэй

Иргэн бүрт хувь хишиг хүртээнэ гэж 1072 хувьцаа өгч байгааг мэдсэн биз дээ. Энэ хувьцааг Монгол улсын иргэн хүн авах эрхтэй, авах ч ёстой. Гэтэл одоо засгийн эрхэнд байгаа МАН гуайчууд энэ хувьцааныхаа оронд 1 сая төгрөг ав тэгээд хувьцаа авах эрхгүй болно гэж байгаа гэнэ. Хоногийн хоолоо бодсон өнөө хүмүүс нь нэг сая төгрөгийг нь аваад хувьцаанаасаа татгалзаж байгаа юм байх. Бүр хороо хорин болгон дээр "1 сая төгрөгөө авъя аа, хувьцаанаасаа татгалзая аа" гэж өргөдөл бичүүлж авч байгаа гэнэ. Манай эмээ тэгэж байна лээ. Эмээ маань мөнгөө авна гээд өргөдлөө бичээд өгчихсөн гэнэ. Бас л аашиллаа эмээгээ. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ, ээжийгээ эмээгээ мэдээлэл муугаас болж яаж тархиа угаалгаж буруу ойлголт авч бас хулхидуулах гэж байгааг нь өөрийн биеэр олж мэдлээ. Би ч яахав ямар ч байсан эндээс учирлаж тайлбарлаад үнэн мөнийг нь ойлгуулаад өгч болно. Харин над шиг тайлбарлаад өгөх хүн байхгүй хүмүүс ганц сая төгрөгөөр насаараа эх орныхоо хувь хүртэх эрхээ хасуулах нь байна шд. Тэгээд тэр муу МАН-ынхан их зальтай, энэ 1 сая төгрөг чинь манай намын өгнө гэж амласан мөнгө юм шүү дээ, бид ингээд л амласнаа өгчихлөө гэж байгаа гэнэ шүү. Энэ чинь зүгээр л арай дэндсэн луйвар заль булхай дээрэм тонуул юм бишүү. Хэлэх муу үг ч олдохгүй юм. 
Хүмүүсээ, Монголд байгаа ах дүү нартаа тэр нэг сая төгрөгийг нь авч хувьцаанаасаа татгалзаж болохгүй шүү гэдгийг сайн хэлж өгөөрэй. Ард түмнийг мэдлэг мэдээлэл муутайг нь далимдуулж дээрэмдэж байна. 

... жилийн дараа миний Монгол улс

Заримдаа ч цөхрөхөөрөө цаг хугацаа хурдан өнгөрөөд улс орны маань энэ нэг хачин гажиг нийгэм жаахан өөрчлөгдөөсэй гэж хүсэх юм. Дахиад 20, 30, 40, 50 жилийн дараа миний Монгол улс ямар болсон байх бол?
Утаагүй, хоггүй, замын түгжрэлгүй, тоос шороогүй Улаанбаатарын гудамжаар дугуй, нийтийн тээвэр, жижиг тэрэг хөлхөлдөөд л. Хүмүүс нь өнгөлөг гэгээлэг хувцастай, нүүрэндээ инээмсэглэлтэй алхалдаад л, цаанаа нэг жаргалтай. 
Ажил төрөл хөөцөлдлөө гэхэд мэдээлэл нь ойлгомжтой, төрийн албаныхны үйлчилгээ хурдан шуурхай, үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч соёлтой, хүлээцтэй. 
Эмнэлгийн үйлчилгээ үнэтэй ч гэсэн сайхан, эмч сувилагч нар нь хүнийг баян ядуугаар нь ялгахгүй зөвхөн өвчнөөр нь л ялгадаг. Энэ сайхан үйлчилгээтэй эмнэлгийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас ихэнх хувийг нь даадаг баян улс болохоор ядуу хүн ч өвдөх эмчлүүлэх эрхтэй. 
Цөөхөн хэдэн их сургууль нь дэлхийн жишиг төлбөртэй ч дэлхийн жишиг боловсрол олгодог. Түүнд нь сурч байгаа оюутнууд нь энд тэндэхийн олон улсын хурал семинарт байнга оролцож монгол оюутан судлаачдын нэрийг дэлхийд дуурсгаж байдаг. Их сургуульд орох шалгаруулалт нь асар өндөр тул түүнд тэнцэж орох нь нэр төрийн гавьяа байхаас аавынх нь компани албан тушаалын гавьяа биш. 
Хөдөөний малчид нь орчин үеийн техникжсэн фермерүүд болчихсон, манай улс адуу үхэр хонины махны томоохон экспортлогч орон болчихсон. Бүх малаа албан ёсоор хүн шиг вакцинжуулдаг, найдвартай болохоор гадаадад монгол малын мах нэр хүндтэй. Орон нутагт нь хүлэмжийн болон ашигт газар тариалан эрчимтэй хөгжчихсөн болохоор хятадаас ногоо бараг импортлохоо болисон, малын тэжээлийг л эс тооцвол. 
Аялал жуулчлалын маш алдартай бүс нутаг болчихсон, жилд 10 сая жуулчин авдаг, аялал жуулчлалын бизнесийн боссууд нь монголчууд байхаас яг үйлчилгээний ажилчид нь дан гадныхан. 
Төрийн албаны шалгаруулалт ажил үйчилгээ бүх зүйл нь маш ил тод явагддаг, бүх тайлан тэнцэл төсөв санхүү нь бүгд онлайнаар байж байдаг, ард иргэд нь байнга шалгаастай асуугаастай, хянаастай. Төсвийн мөнгөнөөс тендер нэрээр иднэ гэдэг ойлголт аль тэртээд улиран одсон, ганц төгрөг дутсан бол маш хатуу шийтгэлтэй. Гэхдээ ийм хэрэг огт гардаггүй. 
Хүмүүсийн цалин хангамж нь амьдралд хүрэлцээтэй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ хангалуун, амьдрах орчин таатай болохоор хүмүүс илүү дутуу юманд ч шунадаггүй. 
Монгол улсыг маань гадаадын ихэнх улс орон маш сайн мэддэг, мэдэхгүй бол харанхуй бүдүүлгийг нь гайхдаг. 
Нэг ийм л улс орон болчихсон байгаасай хэзээ нэгэн цагт. Тэр цагийг би үзэж чаддаггүй юм гэхэд миний үр хүүхдүүд үзэх болно. 

Миний ээжийн тархийг хэн угаачихав аа?

Монголд суугаа ээжтэйгээ ярилаа.
-За ээж сонгуулиар хэнд өгөх гэж байна?
-Миний охин хэнд өгсөн?
-Мэдээж Ардчилалдаа л өгнө шд. Өгсөөр ч ирсэн. Гэхдээ энэ жил ИЗНогоон намаас бас гайгүй хүмүүс дэвшиж байна лээ. Та яахав харьцуулаад үзэхгүй юу.
-Ээж нь МАХНамд өгдөг юмуу л гэж бодоод байна.
-Юу?
-Энхбаярын шинэ намаа. Өнөө хуучин МАХНам чинь МАН болоод шинээр байгуулагдчихсан шдээ.
-Тэр чинь зүгээр л нэрээ сольчихсон байхгүй юу. Нэрээ сольсон ч хүмүүс нь хэвээрээ байдаг юм байгаа биз дээ. Ээ ээж минь дээ та очиж очиж Энхбаяр байхдаа яахав дээ. Яагаад вэ?
-Өө энэ Элбэгдорж чинь ёстой нээрээ аймаар идэж уусан амьтан байна шд. Дорлигжавыгаа томилонгуутаа яасан яасан гэнэ вэ.
-Хэн тэгэж байна?
-Энхбаяр ард түмэндээ хандаад хачин сайхан хоёр хуудас захиа бичсэн байна. Тэр Элбэгдоржийн хамаг булхайг нь дэлгэж.
-Юуны чинь хамаг булхай. Харин ч өөрөө ёстой хамаг муу муухайн үүр уурхай байхгүй юу. Ээжээ юуны чинь хачин сайхан захиа, та чинь юугаа яриад байгаа юм бэ. Хэн таны тархийг ингэтэл чинь угаачихдаг байнаа. Хөөрхий муу ээж минь дээ. Таны насныхныг мэдээллээс хол байдаг мэдлэг боловсрол тааруугаар нь далимдуулж эд нар нээрээ, нээрээ арай ч дээ. Ингээд ард түмнийг ядуу буурай харанхуй бүдүүлэг мэдлэг боловсролгүй байлгах бодлого явуулдаг байхгүй юу наад МАХН-ынхан чинь.
-МАХН чинь одоо Энхбаяр болсоон. Хуучин МАХН чинь одоо МАН гээд шинээр байгуулагчдихсан шдээ.
-Мэдэж байнаа мэдэж байна. Мэдэхийн дээдээр мэдэж байна.
-Битгий хар яр гээд байгаач ээж рүүгээ.
-Таньд уурлаагүй ээ. Таны тархийг ингэтэл чинь угаасан хүмүүсийг бодоод уур хүрээд байна.
P.S.
-Манай тойрогт Энхбаярын намаас Уянгаа нэр дэвшиж байгаа юм билээ. Ээж нь Энхбаярт өгөх гээгүй ээ Уянгаад саналаа өгөх гэж байгаа.
-Ямар Уянгаа? Сэтгүүлч шар үст Уянгаа юу?
-Тийм
-Юу вэ, тэр чинь Энхбаяраас л муу хүн алга гээд ТВ-ээр муулаад л сууж байдаг байсан биз дээ. Яахаараа Энхбаярын намаас дэвшчихсэн явж байдаг байнаа. Иш манай сонгууль ч гэж дээ. Төсвийн мөнгөнөөс хулгайлах гэсэн хулгайч нарын нэр нүүргүй уралцаан л болох юм дөө.
-За за ээж нь дараа ярья.
P.S. Өнгөрсөн сонгуулиар надтай цуг ардчилсан намд зүв зүгээр саналаа өгөөд явж байсан ээжийг минь намайг эзгүй ардуур хэн ингэтэл нь тархийг нь угаачихдаг байнаа.

Thursday, June 14, 2012

Land Cruiser - 200

Энэ машиныг Японд ирснээсээ хойш өнөөдөр анх удаа л харлаа. Улаанбаатарт бараг форм болсон энэ том жийпийг үйлдвэрлэдэг улсад нь 8 сарын турш ганц ч хараагүй байна шүү.
Энэ Япончууд чинь тийм том машин унахгүй шүү дээ. Хамгийн жижигхэн, шатахуун бага зарцуулдаг машин унана. Байгаль орчны асуудлаас гадна татвар асар өндөр. Хэрвээ шатахуун их зарцуулдаг утаа их гаргадаг машин бол асар өндөр татвар төлнө. Гадаад машин бас их өндөр татвартай. Гэсэн мөртлөө BMW, Audi, Benz, Volkswagen, Chrysler эд нарын гэр бүлийн юмуу жижиг тэргүүд зөндөө явна. Том жийп бол нүдний гэм. Телевизээр нь хүртэл шатахуун хамгийн бага зарцуулдаг эсвэл жижигхэн эсвэл бүр цахилгаан машин гэж л рекламдана. Одоо энд 100 хувь цахилгаан машин их моодонд орж байгаа. 
Хааяа нэг Prado юмуу Pajero харвал уулзалгүй удсан хамаатнаа харсан мэт нүдэнд танил гэж жигтэйхэн. Монголд дүүрэн байдаг Hammer Porsche Land Cruiser гэх мэт бензин их зарцуулдаг том оврын жийпийг би энд ирснээсээ хойш огт хараагүй гэж дээр хэлсэн. Харин Токио хотын төвөөр бол асар үнэтэй алдартай брэндийн седан зөндөө тааралдахаас жийп ховор доо. Тэгээд л өнөөдөр 200 харчихаад нүд орой дээрээ гараад байхав. 
P.S. Дашрамд нэг юм хэлмээр санагдчихлаа. Манай сургуулийн багш профессорууд чинь ийш тийшээ маш олон оронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хурал зөвлөгөөн гээд байнга явдаг хүмүүс байна биз дээ. Тэгсэн нэг профессор "Баян хөгжингүй орнууд ялангуяа Европын орнуудад очоод засгийн газрын төлөөлөгчидтэй нь уулзахад төрийн албан хаагчид нь дугуйгаар эсвэл нийтийн тээврээр ажилдаа ирдэг туранхай хүмүүс байдаг. Ядуу буурай орны төрийн албан хаагчид нь том том бандгар жийпээр ажилдаа ирдэг том том гүзээтэй хүмүүс байдаг" гэж билээ.

Wednesday, June 13, 2012

Оюутны стиль

Кет авдаг юмуу? Сургууль руу нааш цааш мянга санжигнаж байхад энэ хэдэн углааш шаардлага хангахгүй болоод явчлаа шүү. Ядаж л дугуйныхаа түшүүрийг өшиглөж байхад хайран үнэтэй хөөрхөн углаашаа урахгүй амар. 
Бас үүргэвч авмаар байх юм. Энэ хажуудаа үүрдэг аяллын маягийн цүнх эсвэл эмэгтэйлэг арьсан цүнх чинь оюутан хүний амьдралын хэв маягт ооогт тохирохгүй байна. Үүргэвчинд хамаг юмаа чихэж үүрчээд дугуйдаад явсан ч амар юм. Дугуйны урд талын сагсанд цүнхтэй рс-гээ хийсэн чинь дугуйтайгаа юман дээгүүр харайх тоолонд рс доргиод муугаар нөлөөлж байгаа байх гэж бодоод санаа зовоод байх юм. 
Малгайтай цамц их хэрэгтэй юмаа. Орж гарахдаа шүүрээд углачихад их амар юм. Бороо орсон ч толгой дээгүүрээ малгайг нь нөмөрчихнө. Халуун өдөр цахилгаанаа тайлчихна, хүйтэн бол цахилгаандчихна.
Саравчтай малгай авмаар байна, нарнаас бас борооноос хамгаалж байгаан хөөрхөн нүүрээ ккк. 
За ингээд нийлүүлээд харахаар хэн харагдаж байна. Оюутан л харагдаж байгаа биз дээ. 
Тэр сайхан палааж малаажийг чинь Монголд очоод ажил хийгээд албаны хүүхэн болохоороо л өмсөнө гээд хадгалж байхаас. 

Хичээлээ хийгээчээ

Өөртөө хэлж байгаан. Маргааш би аймаар чухал пресентаци тавих ёстой юм, дор хаяж нэг цаг ярих ёстой, тэгэхээр чинь овоо хэдэн слайд бэлдэх хэрэгтэй еэ дээ. Тэгтэл эгч одоо юу хийж байна? Блог хэсээл сээгий үлдээсэн шиг өөрийн блогтоо хэрэгтэй хэрэггүй юм эрээчсэн шиг сууж байх юмаа. Болиосой хичээлээ хийгээсэй би. Маргааш яах гэж байгаа юм болоо. За яадгийн яадгийн, хэдэн үг холбочихоол гаръя.
Алимаа эгчийн блогийг хальт шагайсан чинь нэг юм бичмээр санагдаад гар загатнаад болдоггүй ээ. Гадаадад сурсан сурч байгаа хүмүүс бусдадаа туршлагаасаа хуваалцвал зүгээр юмуу гэж бодогдоод. Яахав дээ яаж гадаадад сурахаар ирчихээд байгаагаа өнгөтөөр ярьж өгвөл гоё юмуу гэж бодсон өөрийгөө зөвтгөх гээд л шалтаг хайгаад байгаан ккк. Би чинь өнгөтөөр ярих их дуртай шд мэднэ биз дээ.

Tuesday, June 5, 2012

More flowers

Refreshing myself by nice flowers  pictures. I took their photos when I was going to bank. I know that you're raising your eyebrow and going to ask me "Why were you carrying a camera to the bank?". My answer is "I don't know. Maybe that time my head was busy of complicated lessons. Of course I returned to my home for pick up my purse that I've forgotten already":)

Нар хиртэлтийн зураг

2012 оны 5 сарын 22-ны өглөөний 7 цаг 30 минутын хавьцаа Японы Токио хавийн газар нутгаар нарны бүтэн хиртэлт тохиосон юм. Энэхүү ховор агшныг гэрэл зурагт буулгаж үлдээснээ хүргэж байна. 

Monday, June 4, 2012

Ядуу+Оюутан

Оюутан гэдэг үг ядуу гэдэг үгтэй байнга хамт явах заяатай байдаг юмуу эсвэл энэ хоёр угаасаа л холбоо үг юмуу бүү мэдээ. Би одоо оюутан болсон цаг мөчөөс эхлээд л ядуу болчих юм. Өмнө нь ажилчин анги байхдаа мөн ч сайхан байж дээ. Тэгсэн яав, оюутан болонгуут л өмсөж зүүх идэж уух гадуур дотуур орж гарах гээд бүх юм хязгаарлагдаад мөнгө гээч юм чинь орж ирээд байгаа мөртлөө аманд ч үгүй хамарт ч үгүй алга болцроод байх юмаа.