Friday, October 14, 2011

Бүртгэл, бичиг цаас, соёлтой харьцаа

Анхны өдөр сургууль дээрээ очоод бүртгүүлнэ, дараа нь хотын захиргаанд очиж гадаадын иргэний бүртгэлээ хийлгэж гадаадын иргэний үнэмлэх авах өдрөө товлуулна. Тэр үнэмлэхийг гартал хэрэглэж байх бүртгэлийн цэнхэр цаас өгнө, түүнийг нь аль болох олон хувь авах хэрэгтэй юм билээ шүү. Мөн тэндээ Японы Үндэсний эрүүл мэндийн даатгалд оюутан гэдэг визтэй учраас автоматаар хамрагдана. Энэ даатгал нь нэг удаад 7500 иений үнэтэй юм билээ. Нэг жижиг карт өгнө түүгээр эрүүл мэндийн үйлчилгээ аваад 70 хувь хөнгөлүүлнэ, өөрөө үлдсэн 30 хувийг нь төлнө гэсэн үг. 

Нөгөө цэнхэр орлогч цаас чинь их олон юманд хэрэгтэй. Нэг хувийг нь сургуульдаа өгнө, нэг хувийг нь банкинд данс нээлгэхдээ өгнө, нэг хувийг гар утас авахдаа өгнө, дахиад гэр бүлээ авчрах бичиг баримт бүрдүүлэхэд бас өгнө гэх мэтээр гадаадын иргэний үнэмлэх хэрэг болох бүх юманд л нэг хувь цэнхэр цаасаа өгөөд байна гэсэн үг. Учир нь гадаадын үнэмлэх чинь их удаж гардаг юм билээ. Би хаширлаад 5 хувийг авсан одоо бараг дуусч байх шиг байна.
Японы нэг онцлог нь аливаа бичиг цаасны ажил их удаж байж шийдэгддэг юм шиг. Жишээ нь банкинд данс нээлгэхэд нэг банк нь 7-10 хононо, нөгөө нь ядаж л 2 хононо гэх. Гадаадын үнэмлэх нь минийх лав 22 хоногийн дараа гарах болсон. Гэр бүлийн чинь Японд амьдрах эрх олгох Certificate of Eligibility нь гэхэд материалаа өгснөөс хойш дор хаяж бүтэн 1 сар болно гэх жишээтэй. Ачаалал ихтэй бол түүнээс ч уддаг гэж байгаа. Харин ачаалал багатай үед 14 хоногийн дотор гарах тохиолдол бий гэсэн. Тэгээд ЭСЯ-нд виз мэдүүлэхэд бас 7 хоногийн дараа хариу нь гарна. Манайд бол банкинд данс нээлгэхэд 2 хоногийн дараа шийдэгдэнэ гэвэл боогоод үхнэ биз дээ юун 7-10 хонох байтугай. Эд нарын аливаа юманд маш хянуур няхуур ханддаг зан юмуу даа. 
Элдэв арга хэмжээнд орохоор цаасаар булахыг үзүүлж өгөх юмаа. Заримдаа бүр хайран цаас гэж халагламаар санагдах юм. 2 өдөр гадаад оюутнуудад зориулсан Orientation болов оо. Зүгээр л хавтас хавтас дүүрэн гарын авлага брошур элдэв цаасаар дарчихсан. Над шиг цаасанд харам хүнд их л үрэлгэн зан шиг санагдав. Монголд байдаг Монгол-Японы төв ч гэсэн ямар нэг арга хэмжээ семинар сургалтанд хавтас дүүрэн дүүрэн ном сурах бичиг, элдэв бичиг цаас л өгөөд байдаг. Японд удахаараа энэ занг нь сурах л байх даа. НҮБ хүртэл цаасыг хэмнэж ямар ч албан бичгийг хоёр тал дээр нь хэвлэж байх үүрэг өгөөд байгаа үе шүү дээ. 
Хамгийн анх авсан хавтастай бичиг цаас. Үүнээс хойш өдөр болгон зүгээр л хавтас хавтсаар нь уут уутаар нь цаас цуглуулсан. 
Нэг иймэрхүү анхан шатны мэдээллүүд агуулсан. Дараа нь энэ мэдээллүүдээ дэлгэрүүлээд том том гарын авлага элдэв сурталчилгааны хуудастай тарааж байгаа юм. 
Энэ зурагнууд оруулахаар яагаад хажуу тийш харчихаад байгааг ер ойлгохгүй байна. Уг нь РС дээр бол зүв зүгээр байгаан. Энэ гарын авлаганд орон байр олохоос авахуулаад метро хоол унд хувцас хунар сургуулийн газрын зураг хэрэгтэй газруудын мэдээлэл гээд бүх юм бий. 
Хажуулдчихаад байгаа нь миний буруу биш шүү. ECCS account-ийн гарын авлага. Энэ тухай дараа дэлгэрэнгүй тайлбарлая. 
Өнгөт хэвлэл бол хайр найргүй шүү дээ. Монголд манай байгууллага хүртэл өнгөт хэвлэл маш хязгаартай байдаг байсан бол энд зүгээр л бидний оюутны өрөөний дундын принтер нь өнгөт лазер ч байх шиг. 

Энэ бол Токиогийн их сургуулийн мэдээллийн сангийн тухай. Дараа би энэ тухай дэлгэрэнгүй хэлж өгнөө.

Гэр мэрээсээ мэдээллийн сан руу орох чинь их учир жанцантай. 

Мэдээж ёс зүйн асуудал бол маш чухал. 

Аюулгүй байдлын талаар бас семинар орсон. Түүний гарын авлага.

Энэ гарын авлагыг нээж хараагүй юм байна. Нэг завандаа харна аа.

Янз бүрийн брошурууд. Энэ дээр байгаа асуудал хаана ч байдаг байх даа. Манай ажил дээр энэ сэдвээр чинь бүхэл бүтэн онлайн хичээл сургалт семинар байнга болдог байлаа. 

За бас л нэг гарын авлага явж байна. 

Банк нь хүртэл өөсрдийгөө рекламдахаар ирэхдээ энэ хавтсаар пиг дүүрэн ном цаас өгсөн. Залхуу хүрээд тэд нарынх нь зургийг ч авсангүй. Пиг дүүрэн л юм байсан даг. 

Ийм жижигхэн санамж хүртэл. 


За номын сан нь бол бүр тусдаа сургалт явуулаад видео хичээл үзүүлээд бөөн бөөн гарын авлага ном брошурууд өгөөд одоо бүр хэзээ ч гэлээ номын сангуудаараа Тour зохиох юм гэсэн. Бүр ямар ч хүн ойлгохоор байгаа юм чинь.  Арай дэндүү. Ямар тэнэг хүн байгаа биш дээ.  

Энэ брошурны английг нь хайгаад олдоггүй уг нь байсан юм. Амиа хорлох үзэгдэл Японд их байдаг болохоор тэрүү ийм зөвлөмж хүртэл тууж явна лээ. 
 Оюутны сурах орчинг арай дэндүү бүрдүүлж өгсөн юм байна лээ. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, орчин, оюутнуудад хандсан үйлчилгээ зэрэг бол гайхалтай. Нэг жишээ хэлэх үү. Би гэр бүлээ авчирмаар байгаагаа хэллээ л дээ. Тэгсэн 7 хоног бүр сургуультай гэрээтэй хууль зүйн товчооны англи хэлтэй ажилтан ирж визний зөвлөгөө өгч мөн материал хүлээж авч цааш нь Immigration рүү өмнөөс маань аваачаад өгчихдөг юм байна. Мэдээж тодорхой үнэ хөлстэй. Гэхдээ л энэ чинь дөнгөж ирээд учраа олохгүй байгаа хүнд чинь үнэн амар байгаа юм чинь.  Тэгээд бичиг баримт бүрдүүлээд гүйлээ л дээ. Тэгсэн сургуулийн тодорхойлолт гэнээ тус сургуулийн оюутан нь үнэн гэсэн. Сургалтын алба ч арай биш юмаа, Student affairs гээд хэлтэс дээр очоод нөгөөхөө авъя гэсэн чинь үг дуугүй гаргаад өгсөн юм. Тэгсэн маргааш нь надад дахиад нэг хувь хэрэг болоод дахиад очлоо. Дотроо бол үнэн санаа зовоод байгаа юм чинь. Өгөх болов уу яах бол яагаад ийм олон удаа ойрхон аваад байгаан гэх боловуу гээд яг Монгол сургууль шигээ сэтгэж байгаа юм чинь. Тэгсэн яасан гээч. Өнөө хэлтэсийн нэг ажилтан нь намайг уриалгахан нь аргагүй нааш ир гээд буланд байсан нэг томоо цэнхэр төмөр хайрцаг руу дагуулаад очлоо. Тэгсэн нэг юмны автомат машин байнаа. Дээшээ харсан touchscreen-тэй юм. Тэгсэн "Та өөрөө хүссэн үедээ тэр тодорхойлолтоо япон англи аль ч хэл дээр энэ автомат принтерээс хэвлээд авчихаж байгаарай" гээд оюутны үнэмлэхний дугаар нууц дугаар хийгээд яаж хэвлэхийг нь заагаад өгдөг юм байна. Ёо би монголд хэдэн жилийн өмнө оюутан байхдаа нарийн бичиг эгчийн уурыг хүргэн хүргэн авдаг байсан тодорхойлолт гэдэг юмыг чинь энд автомат принтерээс хэвлээд л авчихдаг юм байна шдээ. 
Гэх мэтчилэн соёлыг гайхаж байна өө гайхаж байна. За тэгээд үйлчилгээний соёл гэж ёстой сайхан. Солонгост явж байхад дэлгүүрийн худалдагч нар нь уриалгахан гэж жигтэйхэн "Чогио" гэнгүүт л "Иеэ" гээд л гүйлдээд ирдэг байлаа. Энд ч гэсэн "Сумимасээн" гэнгүүт л "Хая" гээд л гүйлдээд ирнэ. Тэгээд ганц нэг мэддэг өгүүлбэрээрээ юм асуучихвал нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л "Нэ нэ, нэ нэ, нэ нэ, нээ. Нэ нэ, нэ нэ, нэ нэ, нээ" гээд л бөхөлзөж тонголзоод л тайлбарлаж гарна шүү дээ. Юу ч ойлгохгүй ч гэсэн сайхан харьцааг нь хармаар мэдэрмээр санагдаад худлаа "Хая" гээд л зогсож байгаад баярласнаа хэлээд яваад өгдөг юм. Японы үйлчилгээ нь Солонгосоос илүү юм билээ. Учир нь Солонгост зарим жижиг дэлгүүр хоршооны худалдагч нар нь арьс өнгөний үзэл гаргаад байдаг юм. Хоорондоо солонгосоос өөр хэлээр яриад шуугилдаад байхаар сонин сонин хараад л, юмаа бичүүлэхээр огт дуугарахгүй бага зэргийн ярвайлттай өгч энэ тэр. Харин энд бол нэг хар энэтхэг оюутантай эсвэл хэдэн хужаа оюутнуудтай хаана ч ямар ч дэлгүүр хоршоо үйлчилгээнд орсон япон хүнээсээ огтхон ч ялгаж харьцахгүй. Дэлгүүр дотор байгаа бүх хүнтэй яг адилхан харьцаж үйлчилж байгаа юм. 
За эцэст нь нэг хөгжилтэй юм бичье. Нэг лекц дээр багш оюутнуудыг эхлээд нэг алим зураадах гэлээ. Бид нар зурчихлаа. Тэгсэн дараа нь Snowman зураадах гэлээ. Би юу ч бодсонгүй нэг цасан хүн зурчихаад эргэн тойрноо харсан чинь европ оюутнууд би мэтийн цас ордог өвөл болдог цасан хүн хийдэг газрын оюутнууд зурчихаад сууж байгаан. Тэгсэн өнөө цас ордоггүй өвөл болдоггүй орны оюутнууд жигтэйхэн сандралдчихсан ийш тийшээ хүмүүсийн цаас руу өнгийчихсөн "What is snowman?" гэчихсэн сууцгааж байдаг байгаа. Хөөрхий амьтад, тэгээд нэг Лаос, Бангладеш, Энэтхэг, өөр бас хаанах ч юм хэдэн оюутанд зурсан цасан хүнээ хуулууллаа шд. 

7 comments:

Anonymous said...

хаха

Saruul said...

hehe snowmantai tuuh ni ih hugjiltei blaa, uneheer engii sonirholtoi hoshin baidlaar bichih yumaa , goy blog hutulj bdagt bayarlaj bna

Saruul said...

hehe snowmantai tuuh ni ih hugjiltei blaa, uneheer engii sonirholtoi hoshin baidlaar bichih yumaa , goy blog hutulj bdagt bayarlaj bna

Enkhtaivan BuBu said...

surlagiin amjilt!

Koyuki said...

Japan bol uilchilgeegeeree delhiid no.1 shu dee.
Solongos bol Japanii copy uls.

Buyanaa said...

Юуны өмнө сайхан бичлэг оруулдаг тань баярлалаа.
Шинээр очиж буй оюутануудад хэрэгтэй санагдлаа.
Тэр сургуулиас тодорхойлт авдаг хэсэг нь таалагдлаа, солонгос бас 1000 вон төлөөд автомар машинаас авчихдаг ш дээ.
Монгол бол хэцүү дээ. Би хааяа юм асуух гэж халширсаар бгаад таардаг ш дээ. Урдаас аймар ууртай, ааштай хүмүүс.

Anonymous said...

Сайн уу. Намайг Цэцэгмаа гэдэг. Би удахгүй япон руу сургуульд явах гэж байгаа юм л даа. Очингуутаа гэр бүлээ татна гэж бодож байгаа. Гэр бүлээ татахад ямар ямар бичиг баримт бүрдүүлж өгдөг вэ. Чиний бичлэгээс харахад Certificate of Eligibility тун амархан авсан бололтой юм. Миний сонсосноор гэр бүлээ тэжээх боломжийн орлоготой гэдгээ нотлох баримт шаарддаг гэсэн. Би тэтгэлээр сурна л даа тэхээр тэр гэр бүлийнхээ Certificate of Eligibility авахад хэр амархан байдаг юм болоо. Монголоос очихдоо бэлдэж авч очих бичиг баримт байдаг уу (гэрлэлтийн баталгааны орчуулга гэх мэт). Миний хувьд 4 сард очоод л 5 сарын дундуур гэхэд нөхөр хүүхдээ татчихна гээд төлөвлөөд байгаа. Очоод гэр бүлээ яаж татах талаар дэлгэрэнгүй бичлэг оруулж өгөөч гэж гуйх гэсэн юм. Бас нөхөр чинь цагийн ажил хийж байгаа юу. Манай нөхөр хэл ус мэдэхгүй болохоор очоод ямар ажил хийхэв гээл санаа зовоосон асуудлууд их байх юмаа.