Friday, April 4, 2014

Ажилд орох зөвлөгөө

гэх юмуу өөрийн энэ хугацаанд олж мэдсэн туршлагаа хуваалцая гэж бодлоо.


1. Ажлын зар хайх
Ажлын зарыг хаанаас хайж болох тухай өмнөх постод бичсэн нь ойлгомжтой байгаа гэж бодож байна. Бас нэг юм хэлэхэд зөвхөн мэргэжилдээ хязгаарлагдах хэрэггүй. Жишээ нь, ня-бо хүн байлаа гэхэд заавал ня-бо хийнэ гээд л нябо-гийн ажил хайгаад байвал ажил хайх хүрээ чинь хязгаарлагдана. Гэтэл өөр зөндөө боломж байна, хангамжийн ажилтан хийж болж байна, санхүүгийн боловсрол олгодог газар нябогийн багш хийж болж байна, санхүүгийн зөвлөгөө өгдөг компанид зөвлөх хийж болж байна, аудитороор ажиллаж болж байна. Гэх мэтчилэн сонголт өргөжөөд явчихаж байгаа биз дээ. Манай улсын боловсон хүчний нэг онцлог нь их хөрвөх чадвартай байдаг нь давуу тал гэж би боддог юмаа. Учир нь олон хүн амтай газар бол яг нэг мэргэжлээр маш нарийн бэлтгэгдсэн зөвхөн тэр юмаа л хийж чаддаг хүмүүс байдаг бол бага хүн амтай газар нэг хүн олон ажил хийх чадвартай байхыг шаарддаг. Тиймээс ажил хайж байгаа хүмүүст хэлэхэд, яг таны мэргэжлийн ажил биш ч гэсэн төстэй өөр ажлуудын тавьж байгаа шаардлагыг уншиж үзэж байгаарай гэж зөвлөх байна.



2.  Материалаа явуулах
Хамгийн наад зах нь англиар сайхан ажилд орохыг хүссэн захиа, CV 2-оо бичээд сурчих хэрэгтэй.
а) Ажилд орохыг хүссэн захиа буюу Cover letter, Letter of interest
Энэ захиаг тухайн ажил болгонд зориулж бичнэ. Тэрнээс нэг ерөнхий захиа биччихээд толгойг нь солиод л ажил зарласан газар болгон руу явуулаад байж болохгүй. Захиагаа бичихдээ ерөнхий 3 хэсэгтэй бичнэ.
Эхний танилцуулга хэсэг: Үүнд намайг тэр гэдэг би тэр сонин дээр зарлагдсан танай тийм ажилд apply хийж байнаа. Би тийм тийм сургууль төгссөн, тийм мэргэжилтэй гэх мэт бичнэ.
Гол хэсэг: Энд шууд л ажлын зар дээр бичигдсэн шаардлагуудыг чи яаж хангаж байгаагаа бичих ёстой. Тэгээд заавал жишээ авах ёстой. Жишээ нь, ня-богоор ажилласан 5 жилийн туршлагатай байх гэсэн байвал "Би тэдэн онд төгссөнөөсөө хойш тийм газар нябогоор тэдэн жил, ийм газар ерөнхий нябогоор эдэн жил ажилласан, нийт тэдэн жилийн ажлын туршлагатай" гэж бичнэ. Тэгээд ур чадварын шаардлагыг яаж хангаж байгаагаа заавал бичих ёстой шүү. Удирдан зохион байгуулах чадвартай байх гэсэн байвал "Би тэнд ажиллаж байхдаа тэдэн хүнтэй багийг амжилттай удирдан тийм төсөл хэрэгжүүлж байсан" гэх мэт. Энэ мэтээр ажлын заран дээрх шаардлага бүрийг харж байгаад тус бүрт нь нэг нэг жишээтэй өгүүлбэр бичвэл сайн. Ерөнхийдөө өөрийн хамгийн сайн чаддаг мэргэжлийн ур чадварын тухай түүнийгээ баримт жишээгээр тайлбарлах ёстой.
Төгсгөл хэсэг: Энд өөрийгөө ерөнхийд нь дүгнэж "би тийм тийм юм хийж чадах чадвартай, тэр талын мэдлэг туршлагатай" гэх мэтээр бичээд, тухайн байгууллагад энэ зарласан албан тушаалд орох юм бол яаж сайн ажиллахаа санал болгосон маягаар бичвэл зүгээр, жишээ нь "хэрвээ танайд орвол 10 жилийн өөрийн мэргэжлийн туршлага дээр үндэслэн нягт нямбай ажлын гүйцэтгэл, дээд зэргийн зохион байгуулалттай, чадварлаг удирдах арга барилаа та бүхэнд үзүүлэх болноо" ч гэдэг юмуу.
Эндээс нэг зүйл харагдаж байгаа байх. Тухайн ажлын байр болгон өөр өөрийн шаардлагатай, тиймээс тэр бүхэнд тохируулж захиа болгоныг шинээр бичих хэрэгтэй. Жишээ нь, нэг нябогийн зар удирдах чадвартай, нягт нямбай, ачаалал даах чадвартай, 5 жилийн туршлагатай гэсэн байвал яг энэ шаардлага бүр дээр нь бичлээ гэж бодъё. Гэтэл өөр нэг зар болохоор нягт нямбай, ачаалал даах чадвартай, 5 жилийн туршлагатай гэснээ өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бие даан ажиллах чадвартай гэчихсэн байвал сүүлд нэмэгдэж байгаа энэ 2 шаардлага дээр өөрийн чадвараа тайлбарлан нэмж бичихгүй бол болохгүй нь харагдаж байна. Тэгэхгүй түрүүчийн ажилд явуулсан захиагаа шууд толгойг нь солиод явуулчихвал таны хэнээс ч хараат бус бие дааж ажиллаж чаддаг, өөрийгөө хөгжүүлэхийн тулд сургалт семинарт суудаг, мэргэжлийн ном сэтгүүл уншдаг гэх мэт сайн чанарууд чинь өчүүхэн залхууралтын улмаас анзаарагдахгүй орхигдох нь байна шүү.
б) Анкет буюу СV
Мөн адил ажил болгонд зориулж анкетаа шинэчилж засч явуулах хэрэгтэй. Ерөнхий resume буюу CV-ний бүтэц доорх шиг байвал их зүгээр байдаг бөгөөд гэрлэлт, үр хүүхэд, хобби гэх мэт хувийн мэдээллийг огт оруулдаггүй.
Profile хэсэгт өөрийн ур чадвар, туршлагын тухай ёстой хайр найргүй магтаад бичих хэрэгтэй шүү. Над мэтийн өөрийгөө магтаж чаддаггүй хүн энэ хэсгийг нь бичиж ерөөсөө чадахгүй байж байгаад сүүлдээ сурсаан сурсан. 


 
Хийж байсан ажил болгоныхоо доор Main duties гээд юу хийдэг байсан ажил үүргийн хуваариа бичээд дахиад доор нь Key achievements гэж байгаад ямар ямар амжилт гаргаж байснаа өнгөрсөн цаг дээр бичээрэй.
Education хэсэг дээр бакалавр ба түүнээс дээш сурсан сургуулиудаа сүүлийнхээс нь эхлээд бичнэ. Харин Training гэдгээ тусад нь ялгаж бичсэн нь дээр байх. Үүнд мэргэжил мэргэшлийн сургалтуудад хамрагдаж байснаа бүгдийг нь сүүлийнхээс нь эхлээд бичээрэй. Энэ хэсэг ажил олгогчид их сэтгэгдэл төрүүлдэг юм байна лээ шүү. За үүн дээр нэмээд шагнал урамшуулал (Awards & Scholarship) гэж байгаад авсан гавъяа шагналаа бичиж болно. Дандаа сүүлээс нь эхэлж бичихээ мартав.
Нэг л CV биччихээд л тэрийгээ олон газар луу явуулаад байваа гэж хэлж байсан даа. Ажил болгоноос хамаарч зарим юмыг нь өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь урьд санхүүгийн талын ажил хийж байсан боловч одоо хангамжийн чиглэлийн ажилд материалаа явуулах гэж байгаа бол өмнөх ажлынхаа хангамжийн чиглэлээр ажиллаж байсан туршлагаа жижигхэн эсвэл цөөхан ганц ч гэлтгүй илүү тодотгон бичиж оруулах хэрэгтэй шүү. Гэх мэтээр ямар ажилд apply-дах гэж байгаагаас шалтгаалаад тухайн ажилтай холбоотой ажлын туршлага ур чадвараа илүү дэлгэрэнгүй бичиж өгөөрэй.

3. Ярилцлагад орох
Та яг зарласан мэргэжлийн хүн нь мөн бөгөөд таны мэдлэг чадвар тэдний тавьсан шаардлагад нийцээд явуулсан материал нь сайн бол таныг ярилцлаганд дуудахаас өөр аргагүй. Анх ажлын зарыг нь олж харсан үеэс эхлээд тухайн байгууллагаа интернэтээр сайн судлах хэрэгтэй шүү. Энэ нь танд ярилцлагын үеэр их хэрэг болно.
а. Уулзалтын цагаас хэзээ ч хэзээ ч хожигдож болохгүй. Замын бөглөрлийг заавал тооцож гараарай.
б. Ажил хэргийн уулзалтаар заавал гар барьдаг учир гар тань хүйтэн эсвэл нойтон байхаас сэргийлээрэй.
в. Хамгийн эхлээд тавьдаг асуулт бол "За өөрийгөө танилцуулаач". Энэ бол өөрийгөө рекламдах маш том боломж гэдгийг сайн санаж бай. Тийм болохоор тухайн байгууллагыг сайн мэддэг гэдгээс яриагаа эхэл. Интернэтээс олж мэдсэн мэдээллээ боломжоороо ярь. Тэгээд өөрийгөө ямар мэргэжлийн хүн болох хичнээн туршлагатай ямар ямар ур чадвартай, 10 жилдээ юу юуны олимпиадад ордог байсан, энэ ажилд таны ямар ямар чадвар тохирно гэх мэт өөрийн сайн талуудын тухай аль болох их юм яриарай.
г. Ярилцлага англи монгол аль ч хэл дээр явагдсан, ажил олгогчийн зүгээс тавих дуртай нэг алдартай асуулт байдаг юм. "Таны сул тал юу вэ? /What is your disadvantage or weakness?/. Энэ асуулт зайлшгүй ирнэ гэж бодож хариултаа бэлдсэн байх хэрэгтэй. Уг нь энэ асуулт таны хийх гэж буй ажилтай огт хамаагүй боловч тухайн үеийн хариулт ажил олгогчид янз бүрийн нөлөө үзүүлчих гээд байдаг талтай. Тийм болохоор ажилтай огтоос хамаагүй хувийн шинжтэй хариулт өгвөл ер нь зүгээр байдаг юм даа. Жишээ нь, таны орох гэж буй ажил УБ-т л суудаг, хөдөө явах ямар ч шаардлагагүй ажил бол "Би хөдөө явах дургүй, их тухгүй байдаг болохоор" гэх мэтээр хариулж болно. Миний хэлэх дуртай хариултууд: "Би хөдөө явах дургүй. Би өлсөж тэвчдэггүй. Ширээн дээр тоостой байхаар дургүй. Цэвэрлэгчдээ жаахан шаардлага тавьчихдаг" гэх мэт. Яг ажилтай холбоотой сул тал бий юу гээд зарим HR manager-үүд шалгаагаад байдаг юм. Тэгвэл "Би их хурдтай дайчин ажилладаг болохоор ажилдаа удаан назгай хүмүүст жаахан шаардлага тавьчих гээд байдаг" гээд л хэлчих.
д. Ярилцлагын үеэр заримдаа их тэнэг тэнэг юм асуудаг юмаа. Жишээ нь, ажлын ачаалал дааж чадах уу, илүү цагаар ажиллах шаардлагатай болох байх зүгээр үү, хүмүүстэй харьцах харьцаанд чинь ямар нэг асуудал бий юу гэх мэт. Зүгээр гэж хариулахыг мэдсээр байж иймэрхүү улиг болсон асуулт асуувал юу ч байсан чадна зүгээр асуудалгүй гэх мэт positive хариулт өгч байгаарай. Нэг их үнэнч царайлаад "За би жаахан хүүхэдтэй болохоор оройтож чадахгүй байхаа" гээд үнэнээ хэлээд байв даа. Тэр бол ажилд орсны дараа зохиуцуулж болох асуудал болохоос ажлын ярилцлага дээр хамаг үнэнээ тоочих хэрэггүй.
е. Худлаа ярьж болохгүй. Ямар нэг байдлаар худлаа мэдээлэл өгч худлаа ярих нь эргээд таныг эвгүй байдалд оруулна шүү. Жишээ нь би франц хэлээ бараг мартчихсан юм байж франц хэлний анхан шатны гээд CV-н дээрээ биччихсэн байсан чинь ярилцлаган дээр HR manager нь шууд францаар баахан юм асуугаад. Ёоё би ганц хоёрт л нь хариулж чадсан. Нүүр гэж чавга болсон байхаа. Франц хэлээ давтах минь яаваа, яах гэж тэгэж бичив ээ л гэж бодсон шүү.
ё. Өөртөө маш итгэлтэй ярих хэрэгтэй. Тэр газартаа "За энэ хүнд итгэж болох юм байна" гэж бодогдуулах ёстой. Мөн чаддаг юмныхаа тухай ярихдаа огт айх хэрэггүй. Бас авч байсан гавъяа шагналаа ичиж зоволгүй хэлэх хэрэгтэй юм байна лээ шүү. Хамгийн гол нь ажлын заран дээрх шаардлагуудыг маш сайн уншиж судлаад тэр болгонд өөрийгөө яаж тэнцэж байгаагаа бүр хуруу даран тоочиж байгаад ярьсан ч болно. "За танайх ийм шаардлага тавьсан байна лээ, би ингэж чадна, ийм ийм туршлагатай" гээд. Өөрийн ур чадварыг харуулсан 1-2 жишээ ярихад бэлдсэн байх хэрэгтэй. Надаас дандаа "гэнэтийн ч юмуу хэцүү даалгавар тулгарч байсан уу, тэрийгээ яаж шийдэж байснаа хуваалцаач" гэж асуудаг юм. Би асуудлыг хэрхэн амжилттай шийдсэнээ баримттайгаар 2-3 жишээ хэлж ярьдаг.
ж. Таны хүсч байгаа цалингийн тухай асуудаг болсон байна лээ ялангуяа хувийн компаниуд. Цалин гэдэг бол таныг хэмжих хэмжүүр учраас шууд л айлгүйгээр өөрийнхөө хүсч буй цалингаа хэлэх хэрэгтэй. "Өө би 2 саяас доош цалингаар ажиллаж чадахгүй ээ" гээд шууд л хэл. Тэдний хайж байгаа хүн нь та мөн бол таныг алдахгүйн тулд тэд хичээх болно.

За ингээд бүх шатны ярилцлага шалгалтанд тэнцээд таныг сонголоо гэдгээ хэлээд нэг бол та хэзээнээс ажиллах уу эсвэл та тэднээс ажиллах боломжтой юу гэвэл шууд за гэж болохгүй шүү. Би эргээд залгая, бодоодхоё гэж хэлээрэй. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж залгаад хариугаа хэлээрэй.


4 comments:

Tsomo said...

Saihan Zovlogiind bna. Bayrlalaa

Tsomo said...

Bas blog-oo butsaaj neesend chini bur ih bayrlalaa..

miracle said...

Нээрээ энэ ажилд орох зөвөлгөө их хэрэгтэй шүү. Анх ярилцлаганд орох гээл мөн ч их сандарч байсан шүү. Харин ярилцлага авч байсан хүн нь хүний нөөцийн албаны дарга их туршлагатай хүн байсан болохоор дөнгөж сургууль төгссөн намайг тайвшруулаад жирийн юм асууж байгаал гаргасан. Угаасаа ч хамгийн доод албан тушаал байсан болохоор нэг их аймар аймар асуулт асууж байгаагүй. Тэр сул талыг бол яг асуудаг шүү. Би ч би жоохон яаруу тийм болохоор бусад хүмүүсийг өөр шигээ байлгах гээд байдийн л гэж хэлж байсан. Бас тэвчээртэй юу уурлахаараа яадаг вэ гэж асууж байсан угаасаа теллерин ажил болохоор тэгж асуусан байх л даа. Би ч тэвчээртэй бүүр уур хүрвэл хар цагаан дуугүй болдог гэж хэлж байсан

Unknown said...

Баярлалаа сайхан зөвлөлгөө байна. Бас дандаа хэрэгтэй зүйл бичдэг шүү. Амжилт хүсье.