Friday, June 21, 2013

Амьдрал баян - 2

Хэдийгээр миний бага нас ингэж өнгөрсөн ч би харамсдаггүй ээ. Зовсны эцэст жаргана гэдэг үгэнд итгэдэг. Алдартай мундаг хүмүүсийн намтарыг уншихад бага насандаа дандаа зовлон туулсан байдаг юм билээ. Хамгийн гол нь тэр зовлондоо дарагдаад уналгүй харин ч сөрж босч ирж өөрийн гараар өөрийн жаргалыг бүтээх ёстой гэж би боддог юм.
Миний өсвөр нас

Өсвөр насныхаа тухай ярих гэхээр 10 жилийнхээ тухай ярих болж байна л даа. Урьдны бичлэгт хэлж байсанчлан би их сайн сурдаг хүүхэд байлаа. Би гадаа нэг их гардаггүй, над дээр ирдэг ангийн найз гэж ч байдаггүй, бас хойд аав маань байнга хичээлээ хийхийг шаарддаг байсан болохоор өглөө хичээлдээ явлаа, өдөр орж ирлээ, цайгаа уулаа, хичээлээ хийгээд суулаа, суусаар байгаад орой унтах цаг болголоо, унтлаа. Ер нь тиймэрхүү амьдралын хэмнэлтэй байсан даа. Хичээлээ давтах ном уншихад ихэнх цагаа зориулдаг байсан. Аавын талынхан бүгд бичгийн хүмүүс. Тэр цус надад байдаг болохоор ч тэр юмуу ном, уран зохиолд их дуртай. Ямар сайндаа 3-р ангидаа МонтеКристо гүнг уншиж байгаад хойд аавдаа хэт том ном уншлаа гэж загнуулж байлаа. Хойд аав маань намайг ном уншихыг их дэмждэг байснаа сүүлдээ номын цагаан солио тусчихна гэж айгаад хориглосон юм. Гэхдээ л нууцаар хамаг номыг уншиж дуусгасан даа. 4-р ангид байхдаа гараа хугалаад, аав ээж 2 юу хүссэнээ хэл, авч өгье, биелүүлье гэсэн чинь уурлахгүй биз гэж гэж байснаа "00-ын почки дотор нуусан ном аваад ир дээ, уншаад дуусгаадхая" гэж билээ. Хаа очиж хойд аав ээж 2 маань намайг багад их ном авч өгдөг байсан юм. Би их том номын сантай байсан, даанч нэг удаа ээж сална гээд нүүхдээ тээршаагаад миний номнуудыг эгчийнхээ хүүхдүүдэд өгсөн чинь өнөө зэрлэг бүдүүлгүүд нь бүгдэнгээр нь ураад гал асаачихсан байж билээ. Нэг удаа тэднийд очоод түлээний хайрцагнаас нь урагдсан "Буратиногийн адал явдал"-аа аваад гарч ирсэн. Хайран цуглуулга, надад монгол хэл дээр гарсан бүх орны үлгэрийн номнууд байдаг байсан юм.  Дараа нь жаахан томроод өөрөө номоо олоод уншчих дайтай болонгуутаа хойд аавын номын сан руу орж дуусгаад төрсөн аавын гэр дэх номын сангийн номыг нэг нэгээр нь зөөж уншиж дуусгаад. Сүүлдээ ээжтэй цуг нэг айлд ороод гарах хооронд диван дээр нь хэвтэж байгаа номыг уншиж дуусгачихаад гараад ирэх жишээтэй болсон доо. 
Хичээлийг бол бүх сэдвийг нь сурах бичгээсээ харж байгаад түрүүлж үзээд бүх бодлогыг нь бодчихдог байлаа. Хими, физик, тоо, англи монгол хэл, газарзүй, нийгэм, түүх за ер нь биеийн тамираас бусад бүх хичээл миний хувьд их амархан байсан. Жилд өчнөөн хичээлийн олимпиадад бэлддэг байв. Би хотын төвийн нэг сургуулийн тооны сонгоны анги байсан юм. Сүүлдээ надад тэр ангидаа үзэж байгаа хичээлийн програм огт хангалтгүй санагдаад байдаг болчихсон байсан. Уг нь яг энэ үед хэн нэгэн нь намайг анги дэвшүүлдэг ч юмуу өөр онцлог сургалттай сургууль руу шилжүүлсэн бол гэж боддог юм хааяа. Манай ангийнхан намаг "Чи яагаад тэр гоц авъяастны 93 луу шилждэггүй юм" гэж шоолдог байж билээ. Анги дээшлэх тусам миний хараа их муудаад. Нэг удаа аав сургууль дээр ирж уулзахдаа "Чиний хараа муудахгүй байна уу? Манай удмынхан бүгд ном шагайсаар байгаад хараа муутай. Чи ч гэсэн муу л байгаа даа" гээд дагуулж явж үзүүлж нэг том хар хүрээтэй шил аваад өгчихсөн чинь би яг шар шувуу шиг харагддаг болчихож билээ. Тэгээд "Гавал", "Эйнштейн", "Шар шувуу" гэдэг хочтой. Хэт гоц сурлагатай байсан болохоор тэр юмуу эсвэл ядуу айлын ядарсан охин байсан ч юмуу надтай хэн ч дотносож нийлдэггүй бүгд дөлдөг харин шалгалт болохоор бүгд намайг тойроод би дунд нь нар шиг хүүхдүүд цацраг шиг нь суудаг байж билээ. Тэгээд бүх хүүхдэд хуулуулдаг байв, бүр хуулаагүй хүүхэд байна уу гэж асууж байгаад өгдөг байлаа. Хичээл болгон дээр багш хүүхдүүдэд шинэ сэдэв заагаад надад өөр материал өгдөг байв. Тэгэхгүй бол би тэр хичээлийг нь аль хэзээний үзчихсэн дуусгачихсан байдаг болохоор хийх юм олддоггүй байлаа. Хичээл асуух болохоор багш надаас бусдыг нь л асуудаг байв. Ер нь ахлах ангидаа асуугдахаа ч байсан юм байна бодоод байсан чинь. Англи хэлийг бие дааж сурсан юмаа. 10 жилд ордог байсан л даа. Тэр нь надад хэт амархан юм байсан болохоор багш хичээл дээр надад өөр ном сэтгүүл өгчихдөг байсан юм. Тэгээд ч би мэдэхгүй юмаа асуухаар багш өөрөө ч мэддэггүй байсан. Аргагүй л дээ, тэр үед орос хэлний багш нарыг нэг семинар сургалтанд суулгасан болгоод англи хэл заалгуулчдаг байсан юм билээ. 9,10-р ангидаа англи хэлний багшийн оронд заримдаа бага ангийнханд /5-7-р анги/ хичээл заачихдаг байлаа. Англи хэлний багш сайхан гар сургуульд мэдэгдэлгүй намайг орондоо тавьчихаад ийш тийшээ алга болчихдог байсан юм. Сургуулийн коридорт өнөө бага ангийнхантай тааралдахаар "Багш аа" гэж орилолдож гүйгээд манай ангийнхан намайг гайхаж хараад. 
Ингээд төгсөх боллоо. Конкурс ойлгомжтой, би мат-аар шалгалт өгөөгүй харин хими физикээр өгсөн. Улсын 2 сургуульд хуваарь авсан ч арай нэр хүндтэйд нь орсон. Конкурсэн дээр ард сууж байсан нэг банди хуулуулчих гэж улайм цайм гуйгаад байлаа. Би дургүй хүрээд шууд үгүй гэсэн юм. Дараа нь хувийн хэрэг ч билүү нэг юм сургуульд аваачиж өгөх хэрэг гараад. Сургууль дээр хэн ч байхгүй байлаа. Би сургалтын албаны өрөө лүү л орсон санагддаг юм. Гэтэл яасан гээч. Өнөө надаас хуулуулчих гэж гуйгаад байсан банди, ээж нь бололтой нэг авгай, тэгээд конкурсэн дээр явж байсан сургуулийн нэг багш гурав, конкурсны хариуг бичээд /яагаав кодтой, ард нь авсан оноо нь, тэгээд улаан зураас татчихсан байдаг сургуулийн гадаа өлгөдөг том хариутай ватум цаас/ гадаа хаддаг цаасан дээр улайм цайм нэг юм засч бичээд зогсож байдаг байгаа. Миний гайхсан гэж. Тэр гурвын сандарсан гэж. Хүн ороод ирнэ гэж огт бодоогүй байх л даа. Намар 9 сард очсон чинь тэр банди манай анги болчихсон байсан. Би лав тэрийг шалгалтандаа тэнцсэн гэж бодохгүй байна. Дараа нь мэдэхнээ нэг том эмчийн хүү байсан, анагаахын шалгалтандаа уначихсан юм билээ. Ингэж л би шударга бус зүйлтэй нүүр тулж эхэлсэн дээ. ...-р курсын нэг хичээл дээр нэг онцгой номноос 200 бодлого бодож ирэх даалгавар өглөө. Энэ нь бие даалтын 30 оноо болно, бусад бүх юмаа хичнээн сайн хийсэн ч энэ даалгаврыг хийхгүй бол 70 оноо л болно гэлээ багш. Тэр онцгой ном нь хаана ч байхгүй, зөвхөн улсын төв номын санд л байдаг гэнэ. Би хэрэг болгон аав ээжээсээ номын сангийн үнэмлэх нээлгэх мөнгө гуйгаад нээлгээд очиж өнөө номыг нь олж аваад 200 бодлогоо гараар хуулж аваад /тэр үед copying machine их ховор байв/ орос хэлнээс нь орчуулаад өдөр бүр бага багаар бодсоор дуусгаад багшид өгчихлөө. Ингээд семестэр дуусч дүн гарах боллоо. Гэтэл манай ангид тэр даалгаврыг хийсэн хүн надаас өөр нэг ч алга. Бүр ядаж номыг нь олоод харчихсан ч хүн алга. Тэгэхээр би ганцаараа 100 гараад бусад нь үсрээд үсрээд 70 гарах болчихоод байгаа биз дээ. Тэгсэн чинь багш намайг 100 гаргадгаар нь гаргаад бусад хүүхдүүдийг 90 хэд гаргаад гаргаад тавьчихдаг юм байна. Надад их сонин байлаа. Тэгвэл би энэ даалгаврыг өөрийгөө зовоон зовоон хийх ямар хэрэг байнаа. Бүгд ингээд гуйгаад гуйгаад дүнгээ тавиулчдаг юм бол. Ингээд миний хичээл хийх хүсэл ор тас унтарсан. Нэг их хичээхгүй байгаа мөртлөө л онц сураад төгссөн дөө. Шалгалт шүүлэг болохоор шууд хүрч ирээд ном юмуу лекцийн дэвтрээ нэг гүйлгэж харчихаад л орчихдог байв. Семинар дээр асуугдах болохоор шууд босоод ярьчихад А авдаг байлаа. Дээд тоо моо чинь үнэн амархан байдаг байсан юм. Ганц сорьдог хичээл бол дүрслэлийн геометр байсан даа. Уйгагүй зурж суусан шүү нэг хэсэг. 10 жилийн суурь боловсролд үзсэн юм л ер нь их сургуульд үргэлжлээд явдаг болохоор үндсийг нь ойлгочихсон болохоор хичээл огт хэцүү биш байсан. Тэгээд оюутан байхдаа ерөөсөө хичээж биеэ дайчилж сураагүй.  Би энэ үед ингэснээрээ их том алдаа гаргасан гэдгээ хожим л ойлгосон юм. Бусад хүүхдүүд тэгээд гуйлгын дүнгээ авна уу хуулгын дүнгээ авна уу ямар хамаа байнаа, би улам сайн хийж, улам сайн сураад улам бүр дээшээ явах ёстой байсан юм. Тэгсэн мөртлөө л сургуулийнхаа хамгийн сайн сурлагатай оюутнуудын нэг байлаа. А-с өөр дүн авч үзээгүй дээ, харин ч 100-р А тавьсангүй, би яг ямар шаардлагыг нь хангаагүй болоод 99 тавьж байгаан гэж багш нартайгаа заргалддаг байлаа. 
1,2-р курсын оюутнууд дан А дүнтэй бол гадаадад сурах шалгалт өгөх эрхтэй болдог юм. Ингээд 1-р курсэд байхдаа тэр шалгалтанд орлоо. Хуучин соц орнууд л голдуу байснаас хамгийн гайгүй Европ зүг рүү нь сонгосон юм миний чиглэлд. Эхний шалгалт нь хими, 2 дахь нь англи хэл. Англи хэлэнд айх юм алга, харин хими бол ярвигтай. 10 жилд химийн сонгон биш байсан болохоор миний химийн хичээлийн чадвар 10 жилийн стандартаар л хязгаарлагдаж байсан. Гэтэл химийн олимпиадад байнга ордог 33 мэтийн дагначихсан сургуулийн хүүхдүүд айхтар байсан юм. Ядаж байхад би химээр явах шийдвэрийг 10-аа төгсөж байхдаа гаргасан болохоор бэлтгэл гэж бараг юу ч байхгүй. Ингээд тэр шалгалтанд орсон. Химидээ тийм сайн оноо аваагүй ч нилээн дээгүүр байлаа. Харин англи хэлэндээ овоо гайгүй авсан, ингээд нийлбэр оноогоор бодсон чинь нэг охин надаас химийн оноо нь аягүй сайн тэгээд нийлбэрээрээ яг 3 ч билүү оноогоор илүү тэгээд тэр 1-т би 2-рт орчихлоо. Сандраад юу билээ хэдэн хуваарь байгаа билээ гээд харсан чинь тэр улс руу ердөө ганц хуваарь байна. Ингээд би ялагдлын гашуун нулимсаа урсган харилаа даа. Сургууль дээр очсон чинь багш нар толгой дээгүүрээ тасдуулчихав уу за яахав дараа жил дахиад үзээрэй гэж сэтгэл засаад л. Хэрвээ уг нь эртнээс химээр дагнасан байсан бол би чадах л байсан юм гэж өөрийгөө аргадаад л. Гадаадад сурах шалгалтанд тэнцсэн хүүхдүүд 8 сард ерөнхийдөө явцгаадаг юм. Манай ангид байсан нэг охин хувийн зардлаар хойно сурах болоод 8 сард бидний хэдэн найзууд гаргаж өгөх гээд зогсож байваа. Тэгтэл өнөө надтай өрсөлдсөн охин бас явах гээд яг тааралддаг юм. Сайн уу явах нь уу сайн яваарай гэж байтал тэр "Уг нь энэ чиглэлээр ганц л хуваарь байсан тээ? Тэгсэн чинь 3 хуваарь байсан гээд тэр 2 охин надтай хамт явах гэж байгаа шдээ" гээд тээр тэнд аав ээж ах дүүгээрээ үдүүлж байгаа хүмүүс рүү заагаад. Миний ёстой сэтгэл санаа шалан дээгүүр урсаад л явчихсан. Уг нь бол 3 хуваарь байсан юм байна л даа. Яагаад ч юм 2 хуваарийн эзэн нь тодроод үлдсэн ганц хуваарь дээр ардын хүүхдүүд алалцсан болж таарсан. Одоо тэгээд яахав дээ би тэр улс руу явах ёсгүй л байсан юм байгаа биз. Дараа жил нь хэдийгээр миний дүн хангалттай байсан ч тэр шалгалтанд дахиж ороогүй. Зуны амралтаараа худалдагч хийдэг байлаа. Намайг ажилласан чинь тэр дэлгүүрийн орлого суга өсөөд, дараа нь хичээл эхэлчихсэн хойно дэлгүүрийн эзэн нь ээжээс намайг хагас өдрөөр ч болсон ажиллуулчих гэж гуйгаад байж билээ. Орлого нэмэгдсэн шалтгаан нь хүн болгонтой их сайхан ааштай инээж харьцдаг байлаа, бас гадаадуудад англиар бараагаа тайлбарлаад өгчихдөг байсан юм. Тэр үед чинь супермаркет гэж байдаггүй, Миний дэлгүүр мэлгүүр чинь дөнгөж л үүсч байлаа шүү дээ. Тэгээд англи хэлтэй худалдагч байтугай хүмүүс ч ховор байсан юм. Бас телевиз, сонин, FM радиод гадаад мэдээний орчуулга хийж өгдөг байлаа, хот дотор guide-д хэдэн удаа явж үзсэн, энэ үедээ үнэтэй ресторанд анх орж үзээд амаа ангайж билээ. 
Надад найз гэж бараг байгаагүй гэж хэлж байсан даа. 8-р ангид байхад миний өнөө цорын ганц найз маань төрсөн өдөртөө намайг аваачих гээд бөөн найзуудтайгаа шуугилдаад хүрээд ирлээ. Миний баярласан гэж. Даанч хойд аав бүгдийг нь загнаад хөөгөөд явуулчихсан. Хоорондоо ярилцан инээж ханиан шуугилдаж яваа тэр хүүхдүүдийг араас нь цонхоор харж зогсохдоо би өөрийгөө ямар ганцаардмал өрөвдөлтэй амьтан бэ гэж бодоод уйлж байж билээ яг л шоронгийн хоригдол шиг. Хойд аав надтай хүүхэд уулзах гэж ирэхээр их зэвүүн үгээр загнадаг байсан юм. "Битгий манайхаар эргэлдээд хүүхэд уруу татаад бай. Манай хүүхэд чам шиг яадгаа алдсан тэнэмэл биш" гэх мэтээр. Ингэж хэлүүлсэн хүүхэд дахиж хэзээ ч намайг гэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Ангийнхан ийш тийшээ явах, ямар нэг юм зохиохдоо надад огт хэлдэггүй байлаа, хэлээд ч нэмэргүй юм чинь. Нэгнийхээ төрсөн өдөрт очих, гадаа ярьж суух, үерхэх, утас шөрмөсөөр ярих гэх мэтийн өсвөр насны хүүхдүүдийн хийдэг бүх зүйлийг би хийж үзээгүй тойроод гарсан гээд бод доо. Оюутан болчихоод ангийнхантайгаа юунд ч билээ явах болсон чинь хойд аав явуулахгүй гээд хаалга биеэрээ хааж зогсчихоод дөвчигнөж байсан гээд л бод. Ингэж нийгэмтэй харьцахгүй байсаар байгаад оюутан болоод дараа нь төгсөж гараад ч гэсэн би бусадтай харьцах харьцаан дээр их алддаг байсан. Хүүхдийг ингэж хоригдол шиг нийгмээс нь тусгаарлаж үеийнхэнтэйгээ харьцах, тэдэн дунд биеэ авч явах чадваргүй болгох нь их аюултай юм билээ. 
4-р курсэд байхдаа Японы шалгалтын тухай сураг сонсов. Тэгээд өөрийн чиглэлээр харсан чинь их сургууль гэж байхгүй харин мэргэжлийн сургууль л гэж байгаад байх юм. Багшаасаа асуусан чинь техник мэргэжлийн сургууль байгаа юм чи өөрөө л мэд гэлээ. Шалгалт нь хавар биш намар авдаг гэнээ. Ингээд Япон явдаг юм билүү гэж бодож байтал миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн нэг хүн гараад ирлээ.
Үргэлжлэл бий...

15 comments:

Behi said...

Ingej surch boldogoo :)

Piglet said...

Яг адилхан гавалмаа гэж хочлуулаад явдаг байж билээ, тэр хочноосоо дургүйцээд нэг хэсэг хичээл хиймээргүй 2 авмаар санагдаж байсан.
Ямар хэцүү эрх чөлөөгүй хүүхэд нас вэ? Гэхдээ л тэр дундаас өөрийгөө аваад гараад ирсэн, асуудлыг өөртөө ашигтай болгож чадсан л байна.
Сүүлийн 2 бичлэгийг уншихаар миний бас хүүхэд нас дурсагдаад, гэхдээ чиний туулсан хүүхэд насны хажууд ердөө хэлтэрхий нь л байж дээ.

Anonymous said...

speeeeeeeeechlesssss. very very proud of you.

Anonymous said...

U rock mannn!! So inspirational!

би said...

дараагийн бичлэгийг бүүүүр тэсэн ядан хүлээлээ шүү.
Амьдрал үнэхээр баян юм даа.

Zoey said...

Zarim talaar nadtai ih tostei yum. Gehdee yalgaa n minii hoid aav bish torson aav min baisan.
Bas bi 2-3 sain naiztai bsan ch ted nart za er n barag hend ch yu tuulsnaa, yamar bgaagaa hezee ch yarij uzeegui. Hediigeer odoo aav min bhgui, bi aavdaa gomddoggui ch tanii suuliin 2 bichlegiig unshaad haa neg hol ochood gantsaaraa saihan uilmaar sanagdaj bna. Huuhed ch gsn setgel n shanaldag, ter n ergeed amidral, huntei haritsah, hund itgeh tal dr n mash sorgoor ilerdeg, shuude

Zoey said...

Ene buhniig davaad odoogiin amidralaa bosgoson tanaar uneheer baharhaj bna!!! :D

Anonymous said...

Iim hund berh gachigdal gantsaardal zovlong davaad garaad irsen bolohoor chamd odoo jargal l uldsen um shig sanagdaj baina.Turuunii bichlegiig ynshsan chin uuriinhuu ohiniig harj chamaig bodoj uruvduud bailaa.Zunduu ih az jargaliig husen eruuy.

Anonymous said...

би бол шинэ уншигч. сүүлийн 2 бичлэгийг дэлгэрэнгүйгээрээ гарч ирэх байх гээд коммент гэдэг дээр нь дарсан чинь комент нь дангаараа гарч ирдэг юм байна. тэгээд бааахан чи зовж зүдэрч уйллаа этр гэсэн сээгий уншаад аймшгийн муухайгаар төсөөлцийм байлгүй_ би хувьдаа ээжийгээ жаргаах юм сан гэсэн өгүүлбэрт л уярч нулимс гялтагнууллаа, аав бол ширүүн ч гэсэн сайхан сэтгэлтэй хүн байжээ.
архи уудгаасаа болоод ажилд тогтдоггүй биш, ажилд тогтохгүй өөр шалтгаантайгаасаа болоод архи уудаг байж дээ, сэтгэл зүйч гэж тэр үед байгаад уулзаж эмчлүүлсэн бол амьдралдаа гутрах, хямрах бухимдах шалтгаанаа олж мэдээд таануус сайхан амьдрах байсан байж ч магадгүй л юм даа? Гээд хэн мэдэх вдээ

Номинговь said...

...бүгд намайг тойроод би дунд нь нар шиг хүүхдүүд цацраг шиг нь суудаг байж билээ... гэнээ хэхэхэ. Хүний амьдрал үнэхээр баян шүү. Энэ бүхнийг даваад гарсан тэсвэр тэвчээртэй мундаг юмаа. Блогийн чинь байнгын уншигч болохоор өмнөх бичлэгүүдээс чамайг их зөөлөн, эмэгтэйлэг, гэр бүлсэг, хайр халамжаар дүүрэн тийм хүнээр төсөөлдөг.

Aamregled said...

хэхэ сонирхолтой болж эхэлж байна...
сайн сурдаг байжээ... цагийн сайханд би ч гэсэн ТООНЫ МАШИН гэж цоллуулж явлаа
харин би олон сайхан найзуудтай байсаннн...

би said...

Үүе ээ, таны бичлэгнээс болоогүй шүү.
Миний тэр чинь эрхэндээ хатаад элийрч байх үедээ бичсэн бичлэг шүү.

byambaa said...

uneheer mundag, bi tonoos yostoi hol yavsan, bas himiees.:)

zz said...

urgeljlelee bicheerei..
Mundag gaval bjee.

Unknown said...

Urgeljuuleed bicheech tehuu? please. Bi urgeljleliig ni buten 4 jil huleelee. Guij bna.