Friday, March 22, 2013

Бурхнаар бөөлжсөн нь буюу ухралт уу?

90-ээд онд хаалттай соц нийгмийг дөнгөж халаад бүх юм ил задгай болж хүмүүс юу хүссэнээ хийдэг эрх чөлөөг эдэлж эхэлж байхад Ромбу гаригтай холбоо барьсан нь, Алтанцөгцний хэрэг, гал гаргадаг Өнөрмаа гэх зэрэг нийгмийн элийрэл балайрлын шинж тэмдэг дээд зэргээр илэрч байсан билээ. Тэр үед бид дөнгөж хаалттай нийгмээс ангижирч байсан, юм үзээгүй нүд тайлаагүй, бүх юмыг шинэ соргогоор мэдэрч хүлээж авч байсан гэх мэт олон зөвтгөх шалтгаан олж хэлж болох юм. Одоо эргээд харахад ёстой шилжилтийн нийгмийн элийрэл балайрал гэхээс өөрөөр нэрлэх үг олддоггүй. Тэр үед гадаадын мэдээллийн хэрэгслээр юу гэж мэдээлж байсан бол доо гэж бодохоор инээд хүрээд байдаг юм.
Одоо харин иймэрхүү зүйлсийг нэг бол үлгэрийн номноос, үгүй бол илбэчний үзүүлбэр үзүүлж буй тайзан дээр /илбэ гэдэг хүний харааны түвшинг хуурах үзүүлбэр гэдгийг санаарай/, эсвэл комьютер график ашигласан кинон дээрээс л харж болох юм. Бас хөгжил буурай ядуу тарчиг хүн ам нь бичиг үсэг боловсролгүй харанхуй бүдүүлэг Африкийн орнууд Аманзонкийн ой дахь бүдүүлэг омог аймгуудад төстэй үзүүлбэр байж болох юм.
Тэр үеийн Өнөрмаа нарын хэргийг би лав нэг нийгэм нөгөө рүү шилжих үеийн хүмүүсийн ухамсрын түвшний хямралын хамгийн тод жишээ гэж боддог юмаа. Харин сүүлийн үед энэ мэдээллийн хэрэгслээр /анх аль нь эхэлж мэдээлсэн юм бэ/ гараад байгаа бурхнаар бөөлждөг хүүхний тухай сонсоод /бурхан ч бай юу ч бай хүний бөөлжис харахыг би лав хүсэхгүй/ манай нийгэм хаашаа яваад байгааг гайхан бодлоо. Шилжилтийн хамгийн эгзэгтэй эрсдэлтэй үеэ бид давснаас хойш 20 жил болж байна. Хүмүүсийн зан төлөв ухамсрын төлөвшил аль хэдийн суугаад Өнөрмаагийн тухай бодохоороо тийм юманд итгэж байснаа бодохоороо ичингүйрэн мушилздаг болсон байх гэж бодож байна. Гэтэл тэр үеийн сэтгэхүй нь яг хэвээрээ, дараа дараагийн Өнөрмаанууд гарч ирэх боломж бололцоо нь дахин бүрдэж байгааг хараад би лав манай нийгэм урагшаа биш хойшоо ухраад байгаа юм бишүү гэж гэнэт айлаа. Ийм элий балай юм хийх санаа төрж байдаг мөн элий балай хүн ээ тэр хүүхэн. Ийм элий балай юмыг мэдээлж байдаг мөн таарчихсан элий балай телевиз вэ. Ийм элий балай юманд итгэж байвал таарчихсан элий балай хүмүүс вэ. 
Хамгийн гол нь ийм юм гарах, гаргуулах орон зай нөхцөл боломж бүрдэж бүрдүүлж байгаа манай монголын нийгэм өөрөө аймшигтай байна.
iPhone5 гарлаа, Galaxy S4 нээлтээ хийлээ,  саран дээр нарны зайн станц барих төсөл боловсруулжээ, роботоор хөгшин хүн асруулах түвшинд хүрчээ гэх мэт мэдээ уншиж байгаад гэнэт ийм мэдээ харангуут ой чинь гутахгүй байна уу хүмүүс ээ?

4 comments:

Piglet said...

Энэ мэдээний гарчигийг нь хараад алгассан. Ертөнцөөс тасархай, харь гаригийн юм ярьсан, тэрийг нь дэвэргэж байгаа ч юм шиг, дэмжиж байгаа ч юм шиг мэдээллийнхэн өөр хийх ажилгүй юм шиг л байх юм даа. Нээрээ л уруудаад байна уу даа.

chuups said...

gol ni iim yum ucheed ene medeend tegtlee ih ach holbogdol ogood devergeed end tendgui yariad baigaa ni l nadaaa sonin sanagdaad bn daa.

Anonymous said...

Бид "хамгийн том 6-р тасаг" гэж Баабар хэлсэн билээ. Үүний би түйтэрт нэн дуртайяа түгээсэн шүү. Ингэхдээ гуниг харамслаа чүү л гэж ялан байснаа дуулгая. Учирд, дээд мэргэжилтэй гэж өөрөө өөрийгөө цоллогсдыг (ТВ 9 ын сэтгүүлчидыг) хараад үнэхээр энэ л орноос бусган зайлж, хаашаа ч юм харанхуй орчлон руу арилмаар сандаж асан даа. "6-р тасаг гэж" Хаант Оросын их зохиолч Антон Павлович Чеховын галзууны больницын нэгээхэн тасгийн тухай өгүүлсэн шог өгүүлэг байдаг. Бид ийм л эмгэнэлтэйгээр "боловсорцгоож" байна. Би өөр юу хэлнэ!!!!!!

Anonymous said...

Энийг харин бас манай ажлынхан яриад л байсан, би бол сонсох дур ч хүрээгүй. Яаж ч бодсон эрүүл ухаанд багтамгүй юм яриад явж байдаг, тэрийг нь бүр албан ёсны эрхтэй олон нийтийн ТВ сурвалжлаад явж байдаг нь тэнэг хэрэг. Нээрээ л нийгмийн хөгжил ухрахын цондон юм даа