Saturday, June 29, 2013

Дахиад ховсдуулав

 Энэ Лана Дел Рейгийн клипийг хийдэг мундаг газар байнаа. Дахиад нэг дуунд нь ховсдуулчихлаа. Ядаж байхад гоё дуу юм, ойрд бүр аманд аялагдаад салдаг юм биш энэ дуу. Ер нь би ямарваа дууны клипийг үзэх аягүй дургүй, аль болох үзэхгүйг хичээдэг юм. Яагаад гэхээр дууг нь сонсоод төрсөн мэдрэмж төсөөлөл, тэр дууг сонсоод төрдөг бодол энэ тэр чинь заримдаа клипийг нь үзэхээр ор тас алга болчихдог байхгүй юу. Бүр клипнээс нь болоод дахиж сонсмооргүй санагдах ч үе байна. Ялангуяа энэ асуудал Хатагтай Турсикт их хамаатай. Түүний ганц хоёр дууг нь хааяа сонсох дуртай байсан ч клипийг нь үзсэнээр бүр ой гутаад юун дахиж сонсох манатай болсон. Уг нь гадаа гүйхэд түүний дуу их зүгээр байдаг юм. 
За харин энэ Ланагийн клипийг үзэхээр яг дэлгэц рүү гөлрөөд ховсдуулчихаад байх юмаа. Хамгийн хайртай Oasis-ынхаа клипийг ч ингэж дуртай үздэггүй шдээ. Найруулга, зураг авалт, Ланагийн үс зүс засалт хувцаслалт энэ тэр бол гайхалтай.

Урьд нь бас нэг клипэнд нь ховсдуулсан гэж хэлж байсан даа.

Thursday, June 27, 2013

Би тарган уу?

Дэлгүүр орж хувцас авдаг баатар болов оо. Би бол ер нь өөрийгөө их туранхай гэж боддог байхгүй юу жижигхэн ч биетэй, ер нь яс жижигтэй гэх юмуу. Монголд байхад хүмүүс намайг ямар туранхай юм цагаан хорхойтой юмуу гээд цаашлуулаад байдаг байсан юм. Миний жин ерөнхийдөө 50кг хавьцаа л байдаг юм. Тэгээд монголд чинь дандаа европ хувцасны размер хэрэглэдэг шдээ. 36,38,40,42,44,46 гээд л явж өгдөг. Тэр размераар би чинь 38 өмсдөг байхгүй юу. Өөрөөр хэлбэл мөрний хэмжээ 36-38 см орчим байна гэсэн үг. Тэгээд 38 гэдэг чинь монголд жижиг размертаа ордог байхгүй юу.
Тэгсэн чинь энд юу вэ. Нэг дэлгүүр орсон чинь размер нь 32-оос эхэлдэг юм даа. Би тийм размер байдгийг амьдралдаа ч хараагүй юм байна. Тэгээд үнэн инээдтэй. Хувцаснууд нь 32,34,36,38,40 гээд л болоо. Тэрнээс дээш размертай хувцас үзүүлэнд лав алга, худалдагчид нь хэлж байгаад цаанаас нь ухуулбал л юу юм гэхээс. Тэгэхээр би томоосоо дээрээсээ 2 дахь размер өмсөөд байгаа биз дээ энд бол. Ёо ёо ёо, юу гэсэн үг вэ бүдүүндээ ороод байгаа юм биш үү энд?
Кассанд оочерлож байхдаа япон хүүхнүүдийг ажиглалаа л даа. Тэд нарын биен дээр нэг грамм ч өөх алга. Зүгээр л яс тэгээд дээрээс нь булчин нөмөргөчиж. Сул цулцаганасан нэг булцгар ч мах өөх алга. Дээр хэлж байсан даа, хүүхэд гаргасан эмэгтэйчүүд нь ерөөсөө таргалж жин нэмдэггүй яг л жирийн эмэгтэйтэй адилхан биетэй байдаг гэж. Энэ дэлгүүрээр дүүрэн хүүхдээ энгэртээ тэвэрсэн түрсэн хөтөлсөн хүүхнүүд явж байгаан. Зүгээр л жирийн манай монголын 20 хэдтэй оюутан охидууд ах эгчийнхээ хүүхдийг түр тэврээд явж байгаа юм шиг л харагдаад байгаа юм чинь. Хүүхэд гаргалаа гээд бие хаад нь ямар ч өөрчлөлт алгаа. Тэгээд сургийг нь дуулаад байх нь ээ, энэ япон хүүхнүүд чинь хоолыг айхтар тааруулж тохируулж иддэг гэж байна шүү. Ногоо махны харьцааг бол ёстой айхтар барьдаг гэнэ. Тэгээд байнга гадуур гүйж харайж дасгал хийж алхаж усанд сэлж ямар нэг спортоор байнга хичээллэж байх юм. Таргалах, жин нэмэхээс үхтлээ айдаг улс шүү дээ. Тэгээд дэлхийд наслалтаараа тэргүүлээд байна.
Япон гэхээр учиргүй их цагаан будаа иддэг гэж хүмүүс боддог юм шиг байгаан. Яахав иднэ ээ иднэ, гэхдээ тийм их хэмжээгээр идэхгүй ш дээ. Жаахан будаа, шарсан загас, хачир ногоо гэх мэт яг будаа мах ногооны харьцааг айхтар тааруулсан /тэр нь үнэн калори багатай хоол байгаа байхгүй юу/ хоол хийж идэх юм. Манай хүн эмнэлэгт хэвтэхэд хагалгааны дараах хэд хоног хоолоо идэж чадахгүй, би очиж хоолыг нь иддэг байсан юм. Тэгэхэд л хоолны илчлэг зөв зохистой харьцааг ямар айхтар тааруулсан хоол өгдөг юм бэ гэж боддог байлаа.
Манай нөхөр их бүдүүн л дээ. Анх наашаа ирэхээсээ өмнө монголд байхдаа буяны юмаа хө гээд илүүдэл жиндээ ер санаа зовдоггүй байлаа. Тэгээд энд ирснээс хойш хүн амьтны туранхайг ч хараад өөрийгөө дэлгүүрт таарах хувцас олдохгүй байгааг ч бодоод, одоо бол байнга туръя гэж үглээстэй шүү дээ. Ямар сайндаа өчигдөр хоёр хүүхэдтэйгээ Facetime-аар ярьж байснаа "Аав нь турах гээд салад хийж идэж байгаа" гэсэн чинь манай 2, "Аав та битгий тураа. Тоторогийн гэдэс байхгүй бол бид 2 юугаар тоглох юм" гэсэн чинь манай хүн "Аав нь турахгүй бол та хоёртой удаан хамт байж чадахгүй шдээ. Бүдүүн хүн богинохон насалдаг байхгүй юу. Аав нь удаан насалмаар байна шдээ" гэж ярьчихсан сууж байх юм. Наашаа ирсэн нь сайн ч болсон юмуу. Хэрвээ японд ирээгүй байсан бол манай хүн хэзээ ч турах тухай бодохгүй байсан байхаа.
Ер нь энд дандаа туранхай хүмүүс харсаар байгаад нүд дасаж байх шиг байнаа. Одоо найзуудынхаа facebook-с олуулаа авахуулсан зураг харахаар эр эмгүй нэг их бөөрөнхий хүмүүс харагдаад байх юм. Манайхан их жингийн илүүдэлтэй болж байна шүү. Очиж байгаад ойр дотны хүмүүсийнхээ илүүдэл жинтэй тэмцэнэ ээ.

Tuesday, June 25, 2013

Сургуулийн сонин сайхан

Намайг анх ирэхэд 5 хятад, 3 япон, 1 бангладеш, 1 шриланка тэгээд би нэмэгдээд байлаа л даа. 3 япон нь 3-уулаа мастер, нэг хятад мастер, би мастер тэгээд үлдсэн хятадууд бангла шриланктай бүгд докторын оюутнууд байсан юм. Тэгсэн чинь цувраад 2 япон, 2 хятад, 1 шриланка нь төгсөөд яваад өглөө. Ингээд би, 3 хятад, 1 бангладеш, 1 япон үлдвээ. Гэтэл докторын 2 хятад охин, мастерийн 1 япон оюутан хоёр энэ хавар төгсөж чаддаггүй дээ. Миний ойлгосноор paper-үүд нь ямар нэг сэтгүүлд хэвлэгдэж амжаагүй байгаа гээд хойшлуулчихсан. Аль дивангарт уг нь явуулсан юм билээ л дээ. Тэгээд одоо болтол таг чиг. Нөгөө 2 докторын хятад охидууд бараг уйлах нь ээ. Бүүр нэг хоол унднаас гарсан хүмүүс л яваад байна энд. Би л нэг хөгжилтэй хөөртэй юм ярьж сэтгэлийг сэргээх гэж оролддог юм. Харин япон оюутан уурласан юмуу жилийн чөлөө авсан юмуу ирэхээ байсан. Арай ч сургуулиа хаяна гэж баймааргүй юмаа.
Манай лабын судалгааг хүнд гээд тэр юмуу эсвэл япон оюутнууд graduate school-д сурах дургүй болсон гэсэн сүүлийн үеийн хандлагаас болсон юмуу манайд японоос оюутан элсэхээ байсан гэсэн, ялангуяа докторт. Шинэ хүн ирдэг ч багшийн шаардлагад хүрдэггүй ч юмуу ерөөсөө шинэ хүн авахгүй байгаа миний л ирсэн сүүлийн 2 жилд /Япон оюутнууд уг нь ирээд уулзаад л байдаг юм/. Тэгэхээр энэ лабын хамгийн отгон нь би байгаан.
Манай лаб чинь их сонион. Уг нь инженерүүд байхгүй юу. Гэтэл судалгаа нь болохоор микробиологи. Тэгсэн мөртлөө микробиологийн судалгааны лаб биш. Тэгэхээр элсэж орох гэсэн инженер background-тай оюутны хувьд бол тэс өөр судалгаа санагддаг юм шиг байгаан. Бусад лаб факультет болохоор дүүрэн япон оюутнууд японоор шаагилдаад л байна. Харин манайх болохоор нэг ч япон оюутан байхгүй болохоор японоор ярих хэрэг байхгүй /тэгээд би япон хэл сурахгүй байгаан гэж худлаа яриад яахав тиймээ/.
Лаос охин бас туршилт нь дуусахгүй туршилтын өрөөндөө амьдарч байна гэсэн. Ганцаараа биш л юм байна гэж бас тайвшраад байгаа юмаа би ккк. Гэснээс кофегоо ихдүүлээд байх шиг байнаа. Нөхөр явахдаа 200 гр кофе авч өгсөн нь аль хэзээний дуусчихсан. Тэгээд нэтээр захиж авбал хямд байдаг юм байна нэгмөсөн 2кг-г авчихая гэсэн чинь нөхөр ухаан алдаж унах гээд байх юм. Thesis-ээ бичиж дуусгахад 2 кг хүрэх юм шиг санагдаад. Аан нээрэн манай найз "Үс чинь сэгсийгээд, нүд чинь бүлтийгээд хоол унднаас гараад, нойр чинь хүрэхээ байгаад ирэхээр диплом чинь болж байнаа гэсэн үг шүү. Миний найз тэснэ шүү" гэсэн шдээ ккк. За за тэсэхээс. Манай хүү хирагана үсгээ үзээд дууссан биш гадаа гарахдаа ээждээ зурвас үлдээж байгаан "Мама дайсуки" /Ээждээ хайртай гэж орчуулах уу/ гэж бичээд харвасан сумтай зүрх зурчихсан байна лээ. Аав нь харснаа ээждээ хайрын захиа өгөхтэйгээ болчихжээ миний хүү гэнээ. За за ямар ч байсан монгол ч бай япон ч бай нэг бичиг үсэг сураад зурвас бичихтэйгээ болно гэдэг чинь тиймээ.

Monday, June 24, 2013

Ёстой нээрээ

Галзуурахад ганц муу хуруу л дутуу байна даа гэж. Бүтэн 2 гурван сар гүрийж гүрийж хийж дуусгасан туршилт маань шалгаад үзсэн чинь буруу болчихсон байвал яахуу. Дахиад л эхнээс нь дахиад хийгээд үзсэн дахиад болдоггүй. Хаана нь алдаа гараад байгаан бүү мэд. Багш үүнийгээ дахин дахин хийж бусадтай харьцуулж алдаагаа ол гэх юм. Бусадтай хамт хийлээ өөрөө янз бүрээр хийж хийж UV туяанд хэт удаан шарснаас болсон байж магад гэж нэг таамаг дэвшүүллээ. Тэгсэн багш тэгвэл батал гэнээ. Батлах матлах туршилт хийж байдаг цаг зав нь ч хаана байгаан. Би thesis-ээ бичмээр байна шдээ. Надад одоо бүр цаг алга боллоо. Өдийд би ингээд лабд туршилт хийгээд сууж байдаг цаг мөн үү
Энэ нэг арга нь манай лабаас нэвтрүүлж байгаа шинэ арга юм гэсэн. Одоо тэгээд ДНК ялгаж авахдаа дандаа энэ аргыг хэрэглэж байх юм гэнэ. Гэтэл энэ арга нь учир дутагдалтай байгааг би өөрийн хамаг дээж цаг зав нервээ баран баран батлаад байх юм. Тэгтэл багш надаар туршилт хийж энэ аргаа улам сайжруулчих санаатай, би болохоор бушуухан л ДНК-аа ямар ч аргаар хамаагүй ялгаж авч pyrosequencing-д явуулаад хоёр яс салмаар байдаг. Ёстой нээрээ...
Аан тийм, нэг олон улсын хуралд орж илтгэл тавьсан. Жижигхэн хурал өө. Дараа сонин сайхныг нь бичнээ. Хальт орж ирж стрэссээ илэрхийлчээд гарлаа.

Friday, June 21, 2013

Амьдрал баян - 2

Хэдийгээр миний бага нас ингэж өнгөрсөн ч би харамсдаггүй ээ. Зовсны эцэст жаргана гэдэг үгэнд итгэдэг. Алдартай мундаг хүмүүсийн намтарыг уншихад бага насандаа дандаа зовлон туулсан байдаг юм билээ. Хамгийн гол нь тэр зовлондоо дарагдаад уналгүй харин ч сөрж босч ирж өөрийн гараар өөрийн жаргалыг бүтээх ёстой гэж би боддог юм.
Миний өсвөр нас

Wednesday, June 19, 2013

Амьдрал баян

Ойрд завгүй байж байгаад ирсэн чинь манай хэдэн блогчид бага нас эмэгтэй хүний амьдралын талаар их бичжээ. Хараад байхад ер нь л эмэгтэй хүний амьдрал ав адилхан байх юм даа. Би ч бас дурсамжаа хуваалцмаар санагдлаа. Хэдий завгүй байгаа ч жаахан юм биччихэе.
Миний бага нас

Tuesday, June 11, 2013

Хавирга

Лабораторт юм хийж байтал утас дуугарлаа. Аваад хартал хүүхдүүдийн сургуулиас залгаж байна. Санаа зовсон гэж яаваа. Яахаараа хичээлийн цагаар ярьдаг байнаа. Бушуухан аваад ярьтал хүүгийн багш байна.
-...күний ээж мөн үү. Танай хүү... гээд  нэг юм яриад уналаа. Би ойлгодоггүй ээ.
-Яасан гэнээ, би ойлгохгүй байнаа гэсэн чинь "Түр хүлээгээрэй. Эгч нь энд байна" гээд удалгүй манай охинд утсаа өгчихлөө. Бүр манай охиныг хүртэл дуудчихаж, яасан юм болоо гэтэл охин утас авснаа,
-Байна уу ээж. Дүү хавиргаа хугалчихсан гэнээ.
-Юууууу???? Яахаараа хавиргаа хугалчихдаг юм бэ? Яаж байгаад хугалчихсан юм бэ? Би ухаан алдах шахаад орилж гарлаа.
-Мээдкү. Тоглож байгаад л хугалчихсан юм байлгүй.
-Юу гэнээ? Яаж тоглохоороо вэ? Дүү чинь одоо хаана байна. Би яг одоо очлоо гээд халаадаа тайлаад шидэж байтал охин,
-Тэгээд 120 иен төл гэж байна.
-Юу? Хавиргаа хугалчихсан байж яахаараа 120 иен төлдөг юм бэ?
-Халбаганых нь үнэ нь гэнээ. Маргааш ирэхдээ авчраарай гэж байна.
-Дүү чинь юугаа хугалсан гэнээ?
-Хоол иддэг төмөр халбагаа хугалчихсан гэнээ. Багш нь тэгээд тань руу ярьж байна. Намайг дуудаад орчуулж өг гээд байна.
-Өө. Еэ ашгүй дээ. Халбага хугарсан юмуу? За ашгүй ашгүй.
-Та яагаад халбага хугарахад баярлаад байгаан?
-За за багшдаа уучлаарай төлье өө гэж байна гээд хэл. Очоод ярья.

Нэг муу төмөр халбага хугарсны төлөө хичээл дундуур ярьж л байдаг сүртэй сүртэй гэхэд дэндүү сүртэй хүмүүс шүү гэж бодсоноо гэнэт ганцаараа үхтлээ инээлээ. Халбага хугарахад ингэтлээ баярлана чинээ санасангүй явлаа.

2013-06-11 Япон. Токио

Thursday, June 6, 2013

Нөгөө гараад байгаа юм чинь

Энэ шүү дээ. Ямар муухай гэж бодноо. Нээрэн яг юмтай хүрэлцсэн хэсгээс эхэлж загатнадаг юм байна бодоод байсан чинь.

Маажингуут ингэж бэлцгэр бэлцгэр юм гарч ирчээд хэсэг хугацааны дараа алга болчдог юм. Чонон хөрвөс гэлүү. Ёо ёо ёо нэрийг нь сонссон чинь айдас хүрчихлээ. Огт салдаггүй насны өвчин гэж сонсож байсан юм байна. Эндэхийн арьсны эмнэлэг ороод нэг үзье даа. Эмчилж чадах нь уу.

Wednesday, June 5, 2013

Завсарлага

Нөхөр ирж нэг амралтын зурвас үе гарч сайхан байнаа. Чанасан хонины мах идсэн чинь ходоод өвдөх гэж байна шүү. Аймаар махсаад учиргүй хавирга чанаж идлээ. 
Хоёр хүүхэд нөгөө алдарт биеийн тамирын тэмцээндээ /Ундокайя гээд байх шиг байна лээ/ орсон. Энэ япончуудын юмыг зохион байгуулах, түүндээ ач холбогдол өгөхийн сайныг яанаа. Дараа энэ тухай нь зурагтай пост оруулнаа. Өнгөрсөн жилийнхийг нь оруулсан ч билүү.
Өө би ч бушуухан дипломоо бичиж хамгаалчихвал харихын түүс л байна. Одоо нөхрийг явахаар аймаар дагаад явмаар санагдаж уйлж муйлж тэнэгтэнээ. Манай хүн энэ сарын сүүл хүргэх нь үү үгүй юу буцаж яваад бүүр намайг төгссөн хойно бид нарыг нүүлгэх гэж л нэг ирэх юмуу даа. Энэ нэг лабын туршилтын ажлаа дуусгачихаад бичих юмаа эхэлчихвэл сэтгэл шулуудаад сайхан байнаа. Сүүлдээ бүр лаборатори луу орохоор толгой өвдөөд байдаг болчихлоо. Уг нь туршилтаа 5 сардаа багтаана гэсэн чинь юу вэ ёстой амждаг юм биш. Хэрвээ өглөөнөөс орой 9 хүртэл лаб дээр байдаг бол бараг 7 хоногийн л ажил л даа. Даанч би гэж хөхүүл хүүхэдтэй хүн шиг 3 цаг боловуу үгүй юу гэр лүүгээ гүйчихдэг болохоор өдөрт ганц л юм хийж амжих юм. Нөхрийг ирэхээр өглөө оройгүй сууж байгаад пижигнүүлчих юм бодсон чинь хахаха гэр лүүгээ гүйж нөхөртөө эрхлэх гээд юу сэтгэл санаа энэ сургууль дээр чинь тогтохгүй байгаа юм бишүү. Туршилтыг дуусгаад үр дүнгээ цэгцлээд thesis-ээ бичээд эхэлчих юмсан. Бүр бичээд дуусчих юмсан. Юмсан юмсан гэсэн л хүн байх шив дээ ккк. За дуусганаа дуусгана. Хэд хоног гэр бүлээрээ сайхан ууж идэж унтаж хэвтэж дэлгүүр хоршоо тэнэж мэнээд амарчихсан чинь төгсчихсөн юм шиг нээг их амгалан хүн болчихлоо. Яаж буцаж ажлын нормдоо орох вэ.
Нөгөө биен дээр гардаг гүвдрүү нэг хэсэг сайхан үд хүртэл унтаад байсан чинь гарахгүй байснаа өчигдрөөс эхлээд загатнаад гувдруутаад эхэлсээн. Энэ ч нэг насны юмтай болчих шиг боллоо доо. За тэр яах вэ. Нөхрийг явсны дараа би ганцаараа л сургуулиа дуусгаж таарах болж байна даа. Ингэж төлөвлөөд байна. Шөнө хүүхдүүдээ унтсан хойно нам гүмд юмаа бичээд өглөө 7д хоёр хүүхдээ босгож сургуульд нь явуулчихаад зөрөөд унтаж байя. Тэгээд сургуулиасаа ирэх үед нь 3 цагт босоод хоол унд хийж өгч гэр орноо янзалчихаад орой өнөө хоёроо 9 гэж хэвтүүлээд өөрөө юмаа бичнэ, дахиад өглөө 7 хүртэл шөнөжин юмаа бичээд өдөр нь унтаад. Тэгэхгүй бол өдрийн цагаар ялангуяа манай хоёрыг гэрт байх үед би юм бичнэ гэдэг ёстой худлаа. Шөнө л сайхан нам гүм анхаарал ч төвлөрөөд хэн ч юу ч саад болохгүй сайхан юм. Ингэж нойр солигдонгуут энэ муу гүвдрүүнүүд нь нүүр нүдгүй гараад би чинь Ногоохон Наран биш Ногоохон Гүмбэраа Наран болчихдог юм болов уу?

Tuesday, June 4, 2013

Үнэгүй дээд боловсрол

Юу вэ энэ МАН-ынхан дээд боловсролыг үнэгүй болгох хуулийн төсөл өргөн барилаа гэчихсэн хэвлэлийн хурал хийж байна уу үгүй юу? Хуцаад байгаачээ хуцаад байгаач. МАН ч бай хэн ч бай их сургуулийг төлбөргүй болгоно гэж хэлбэл тэр хүнийг их сургууль гэж юу байдгийг ч мэддэггүй дээд боловсролын талаар ямар ч ойлголт байхгүй ёстой боловсролын түвшин 3 настай хүүхэдтэй адил нөхөр байна гэж л бодно. Нэртэйгээр нь монгол улсыг ямар ч их сургуульгүй, ямар ч дээд боловсрол олгодог институцгүй, ямар ч судалгаа шинжилгээний байгууллагагүй зөвхөн бүрэн дунд боловсрол л олгодог улс болгочихооч. Тэгээд хүүхдүүд нь 10 жилээ төгсчихөөд гадагшаа их дээд сургуульд орох гэж өрсөлддөг. Тэр нь бараг зүгээр ч юмуу доо.
Хамгийн инээдтэй нь за юу энэ их сургуулийг төлбөргүй болгоно гэж ярьж байгаа нөхдүүд өөрсдийн хүүхдээ энэ төлбөргүй сургуульдаа хэзээ ч бүр хэзээ ч сургахгүй шдээ. Оронд нь дэлхийн хамгийн үнэтэй төлбөртэй гадаадын их дээд сургууль руу хүүхдээ явуулна даа. Хүүхэд нь ээжээ ааваа би эндээ үнэгүй их сургуульд орчихоё л доо гэвэл битгий галзуур гэж ямар их уурлах болоо.
Яагаад дэлхийн хамгийн мундаг сургуулиуд хамгийн өндөр төлбөртэй байдаг юм бэ? Яагаад тэнд элсэж орохын мөрөөсөл болсон хүүхдүүд бас сургалтын төлбөр гэж үстэй толгойгоо зулгааж тэтгэлгийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэлддэг юм бэ? Яагаад өндөр хөгжилтэй баян орон ч гэсэн аав ээж нь хүүхдийнхээ коллежийн төлбөрт санаа зовдог юм бэ? Яагаад эцэг эхээ тэгэж зовоохгүйн тулд хүүхдүүд тэтгэлгийн төлөө алалцдаг юм бэ? Яагаад их сургуулийн төлбөр байрны орон сууцтай адил хүмүүсийн санааг тэгтлээ их зовоодог юм бэ? Хариулт нь их энгийн. Тэр сургуульд элсээд төгсөж чадвал чи насныхаа хоолтой золгодог учраас. Тийм сайн боловсрол өндөр үнэтэй байдаг юм. Харин манайд яаж байна, нэг ном уншиж лекц бичүүлсэн болоод мөнгө авч дүнг нь засч өгөөд л төгсгөчихөж байна шд. Ийм дээд боловсролыг бүр үнэгүй болгоод бүр үнэгүйдүүлж сөнөөх нь л дээ.
Сайн чанартай юм өндөр үнэтэй байдаг. Сайн чанарыг бүтээхийн тулд зардал их гарна, түүнийгээ дагаад өртөг нь өсдөг. Хэдийгээр гадаадын нэр хүндтэй их сургуулиуд судалгаа шинжилгээний ажлаасаа санхүүждэг, улсаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг ч гэсэн төлбөр бол өндөр хэвээрээ л байдаг. Төлбөрийг өндөрт барих нь нэг талаас тухайн сургуулийн нэр хүндийн илэрхийлэл, нөгөө талаас элсэн орж буй оюутнуудад нэг төрлийн шалгуур юм. Хэт өндөр төлбөртэй сургуульд орохын тулд нэг бол тэтгэлэгт өрсөлдөх нөгөө бол би үнэхээр энэ сургуульд сурах хэрэгтэй юу гэж асуух дээрээ тулна биз дээ. Энэ чинь нэг ёсны өрсөлдөөн үүсгэж байна, өрсөлдөөд хамгийн шигшигдмэл сайнууд нь орж ирж байна. Ядаж л сургалтын төлбөртөө нэмэр болохын тулд хичээлийн хажуугаар цагийн ажил хийж ажил амьдралаа зохицуулж сурах нь оюутан хүнд нэг сорилт шд. Төгсөж гараад ч тийм өндөр төлбөртэй тийм сайн сургууль төгссөнийхөө ид шидийг гаргахыг хүсч сайн ажиллланаа даа ядаж. Үгүй бол сургалтын төлбөрийн зээлээ төлөхийн тулд хүссэн хүсээгүй шаргуу ажиллах л хэрэгтэй болно биз дээ. Үгүй ядаж миний аав ээж миний сургалтын төлбөрийг төлөх гэж яаж зовж ажиллаж байж намайг төгсгөлөө дөө би одоо хичээх ёстой гэсэн ухамсар толгойд нь орж ирнэ ээ дээ хамгийн наад захаар бодоход.
За одоо энэ бүгдийг эсрэгээр нь бодоод үз. Ялангуяа манайх шиг дээд боловсрол нь бүрэн утгаараа дампуурсан, авлига хээл хахууль арын хаалга дээд цэгтээ хүртэл хөгжсөн газар дээд боловсролыг үнэгүй болгоно гэдэг нь зүгээр л устгаж хаяж байгаатай адил. Төлбөргүй болоод дээрээс нь сарын цалинтай оюутан гээд нэг төсөөл дөө. Ямар ч өрсөлдөөн байхгүй, ямар ч санаа зовох зүйл байхгүй зүгээр амар сайхандаа жарга гэж байгаа юмуу тээ. Одоо ийм байхад огт санаа нь зовдоггүй хичээл хийдэггүй, сарын 70,000-аараа баардаад шоудчихдаг оюутан нэртэнгүүд тэгээд сургууль нь төлбөргүй болчихвол хичээлдээ шамдаад номын санд оочерлодог болох гээд байна уу тээ. Төлбөргүй сургуульд цалинтай оюутан болохын тулд хүмүүс арын хаалга танил тал хээл хахуулийг ёстой шарилж шиг ургуулна биз дээ. Хэрвээ үнэхээр бүр үнэхээр тэгэж боловсролын системд өөрчлөлт шинэчлэл хиймээр байгаа юм бол эхлээд элсэлтийн шалгалтаа аймаар хатуу болгочих. Арын хаалга, хандивын анги манги гэдэг тэр балай юмаа устгачих /энэ бол ёстой ойрын 20 жилдээ бүтэхгүй байхөө дөө/. Баян ч бай ядуу ч бай дарга ч бай цэрэг ч бай хэний ч хүүхэд байсан яг л хичээлээ давтаж шалгалтандаа бэлдсэн толгойтой нь л орж чаддаг болгочих. Дараа нь сурч байх хугацаандаа шалгалтандаа унасан, сурч чадаагүй, даалгавраа хийгээгүй, кредит нь хүрэхгүй, сахилга батын зөрчил гаргасан оюутнуудаа шууд хөөгөөд явуулдаг болчих, битгий кредитний мөнгө гэдэг юм авч үлдээгээд байгаач. Гуравт нь гойд сайн сурлагатай оюутныг төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг болгочих. Тэгээд л болоо. Эхний ээлжинд энэ гурван мааш энгийн манай улсаас бусад бүх улсын их дээд сургуульд мөрддөг хамгийн наад захын ойлгомжтой дүрмээ биелүүлдэг болчихооч. Тэгэнгүүт аяндаа наад сургууль чинь эрүүлжээд эхэлнэ.
Манай хүнийг сурч байхад солонгос оюутнууд өглөөний 5 цагт номын сандаа оочерлоод зогсож байдаг байсан гэсэн. Цүнхээ оочерлуулж өрж тавьцгаачихаад наана нь цэцгийн мандлын ирмэг дээгүүр дугхийцгээж байдаг байсан гэсэн. Америкт сурдаг байсан нөхрийн найз солонгос хичээлийн хажуугаар 2 ээлжийн цагийн ажил хийж байр хоолны мөнгөө олоод дээрээс нь хичээлдээ шамдаж тэтгэлэгт өрсөлдөж сургалтын төлбөрөө төлдөг байсан гэсэн. Хүн ачаалал дааж байж юм сурдаг юм, бэлэн үнэгүй юм хэзээ ч хүнд сайн зүйл сургадаггүй.
Би уг нь Элбэгдоржид гайгүй л байсан, гэхдээ оюутнуудад хавтгайд нь сарын цалин өгөх болсонд нь аймаар дургүй хүрсээн. Уг нь үүнийг маш сайн сурсан оюутнуудад сарын бүр 300,000-500,000 төгрөг хүртэл өгдөг том хэмжээний улсын тэтгэлэг болгох байсан юм. Тэгвэл ядаж өрсөлдөөн үүснэ, оюутнууд нь ядаж тэрийг авах гэж хичээлээ хийдэг болно шд. Одоо бол зүгээр л хичээл хийдэг ч бай үгүй ч бай архичин ч бай шоучин ч бай өгдөг болохоор сар бүрийн мөнгө буух өдрийг тэсэн ядан хүлээсэн хүлээлт. Тэр мөнгө буудаг өдрийн орой нь УБ-ын баарууд ачааллаа дийлэхээ байдаг гэх чинь билээ. Яг тэр өдөр нь номын дэлгүүрийн орлого эрс нэмэгддэг гэдэг судалгаа би л лав одоохондоо олж хараагүй байна.
Дампуурчихсан байгаа дээд боловсролоо яаж олон улсын жишигт дөхүүлэх вэ /олон улсын үнэлгээгээр манай МУИС бүр 4000 хэдэд ч билээ дээ байдаг, ТИС бүр 7000-д байдаг гэж уншиж байсан/ гэж бодохын оронд яаж сонгуулийн шоу болгож ашиглаад устгаж дампууруулж хаях вэ гэж л бодох юмаа. Хөөе та нар тэр сонгуулиа мөрөөрөө хий, битгий боловсролын системээр оролдоод бай, Монгол улсад сайн боловсрол хэрэгтэй байна гээд очоод орилчихмоор байх юм.