За би нь их буруу хэрэг хийжээ тийм ээ. Хөөрхий муу эмээгээ муу хэлээд л. Гэнэт ороод ирсэн чинь хэрүүлийн алим шидчихээд яваад өгсөн юм байна шүү дээ би чинь. Тэгээд бодоод байсан чинь яагаад эмээ маань бэрийг уйлуулсан учрыг тайлбарлалгүй шууд үр дүнг биччихжээ. Өөрөөр хэлбэл уртаас урт тоон илэрхийлэл байлаа гэхэд яаж бодсон ямар аргаар бодсоноо бичилгүй тэнцүүгийн тэмдгийн ард шууд хариуг нь тавьчихсан байна. Тэгэхээр чинь хүн болгон яагаад ийм хариу гарч байгаа юм, яаж бодохоороо гэж асуух нь ойлгомжтой. За тайлбарлах гэж оролдъё доо. Нэгэнт өөрөө эхлээд тийм юм биччихсэн юм чинь.
За эхлээд хэлэхэд би хадам эмээгээ үзэн яддаггүй ээ. Огтхон ч үзэн ядаад байх сэтгэл алга надад. Зүгээр л тийм хэцүү ааштай хүн байдаг шүү гэж л хэлсэн юм. Миний амьдралын хамгийн стресстэй жилүүд бол тэр хадмынд амьдарсан 2 жил л байлаа. Уг нь манайх тусдаа амьдардаг байсан юм. Гэтэл нөхрийн дүү гадагшаа явах болоод эмээ ганцаараа болчихоод эмээг харах гэж л нүүж очсон юм. Тэр үед охин 2 настай, хүү нэг ойтой л байлаа. Бас манай хүн нэг кафе ажиллуулдаг, шөнө 1-2 гэж ирээд өглөө жаахан унтаж байгаад 10 гээд явчихдаг өдөржингөө ажилтай байдаг байлаа. Би бас ажилтай. Өглөөд 2 хүүхдээ тэвэрч гараад цэцэрлэгт нь оруулж өгчихөөд цаашаа ажилдаа явна, оройд бас тэврээд л ирнэ. Жирийн л нэг монгол залуу гэр бүлийн жирийн л нэг амьдрал байлаа.
Тэгээд хадам эмээгийнд нүүж ирлээ. Эмээ "Миний хүүхдүүд манайд ирж эмээтэйгээ бай. Эмээ нь ганцаараа хэцүү байна" гээд өдөр бүр утасдаж дуудсаар байгаад ирүүлсэн юм. Ирсэн эхний 2-3 долоо хоног бол сайхан л байлаа. Тэгтэл удалгүй эмээгийн ааш эвдрээд эхэллээ.
Миний араас яг дагаад хийсэн юм болгоныг голоод хажуугаар өнгөрөхдөө амандаа нэг юм үглээд эхэллээ. Угаасан юмнууд өлгөхөөр зөвхөн миний хувцсыг түүж аваад ор луу шидчихнэ. Яаж байгаа юм гэхээр өө хатчихсан юм байх л гэж бодсон шд гэх. Хоол хийгээд өгөхөөр хн гээд ширээ рүү шиднэ. Тэгээд орой нөхрийг ирэхээр хүзүү ам хөшөөд би уг нь нэг сайхан шөл идье гэж бодсон болохгүй нь ээ за яахав өөрөө л хийж идэхээс гэж хэлнэ. Гэхдээ тэр сайхан шөлтэй устай хоолыг нь хийгээд өгөхөөр хуушуур хийгээгүй юмуу гэнэ. Тв үзэх гэхээр байнга ирээд дээр нь гараа тавьж үзээд халж байна уу үгүй юу, энэ их халаад байнаа, одоо үзэж болохгүй салгая гээд эхэлнэ. Эсвэл гал тогооноос юм аваад ирэхээр унтраачихсан байна. Өөрөө 8 гээд хэвтдэг юм. Хэвтэнгүүтээ гэрлээ унтраачихна, бид нар гэрэл асааж болохгүй. Нүдэнд ёлтойгоод байна наад гэрлээ унтраагаад өгөөч гээд орилоод эхэлнэ.
Гар утас цэнэглүүлэхгүй, уртасгагч залгууруудыг бүгдийг нь салгаад
салгаад хаячихна. Компьютер дээр юм хийж байтал чинь ирээд л залгуурыг
нь салгаад хаячихна. Угаалгын машин эхэндээ ажиллуулахгүй гэж байснаа
сүүлдээ нөхөр хэлж байж ажиллуулсан чинь хажуугаар нь өнгөрөх тоолондоо
залгуурыг нь өшиглөж салгах гэж оролдоно. Уг нь нөхөр бид хоёр бүх байр
ток усны мөнгийг бид нар төлнө гэж бараг сая живаа удаа хэлсэн, тэгээд хангалттай
мөнгө өгдөг байсан юм. Өөрийнхөө тэтгэврийн мөнгөө хадгал,
өөрийнхөө дуртай авъя гэж бодсон юмаа авч бай, өөртөө зориул гэх мэтээр
зөндөө ятгаад нэмэргүй, дүүгийнх нь хүүхэд гээд нэг архичин хар юмыг
мөнгө нэхээд ирэнгүүт нь өгчихнө.
Би ажил хийгээд 2 жаахан хүүхэдтэй их ядардаг байлаа. Уг нь хуучин гэртээ байхдаа амралтын өдрөөр өглөө 10 хүртэл жаал унтдаг байсан юм. Одоо ямар айлд ирчихээд үд хүртэл унтаад байлтай нь биш гэхдээ яахав 7д биш 9д босдог байлаа. Нөхөртэйгээ цуг жаахан хэвтдэг байлаа. Гэтэл эмээ орж ирээд "Үд боллоо босооч чи. Энэ шал шавар сойздож угаа" гэж орилсноо "Өө миний хүү сэрчихэв үү, унт унт иш ядарч байгаа зайлуул" гэнэ. Юм хум цэвэрлэхээр "Манай гэр цэвэрхээн, чамд тэгтлээ цэвэрлэх юм байхгүй" гэснээ утсаар хамаатны өнөө архичин хар юм луу залгаснаа "Аан эмээ нь байнаа, гал тогооны чийдэн дээрх тоосоо арчиж чаддаггүй ээ, миний хүү эмээдээ ирээд арчаад өгөөч" гэж улайм цайм миний дэргэд ярина. Манай гэрийн бүх юмыг ад үзээд л, хажуугаар нь өнгөрөх тоолондоо энэ яасан том юм энэ хэнд хэрэгтэй юм гэдэг байлаа. Аргаа бараад хүүхдүүдийнхээ дугуй машин эд нар зарим овортой юмаа ээжийнх рүүгээ зөөлгөв. Тэгсэн ч хэвээрээ "Яасан ч их новштой юм" гэж байнга үглээстэй. Нэг удаа том өрөөнд хураачихсан байсан манай юмнуудыг бид хоёрыг ажилдаа явчихсан ардуур хажуу айлын хүнээр коридор луу зөөлгөчихсөн байлаа. Нөхөр үхтлээ уурлаж билээ. "Үр хүүхдээ ад үзэх байсан юм бол яах гэж хамт амьдаръя гэж дуудсан юм" гээд. Ёолк боллоо. Манайх ёолкоо 12 сарын 20нд бариад он гараад 1 сарын 3нд буулгадаг уламжлалтай байлаа. Гэтэл 20нд ёолк засчихаад "Эмээ хар даа, гоё байна уу" гэсэн чинь "За за гоё гоё байна.Маргааш буулгаарай, гэрэл хаагаад гэр орон харанхуйлаад байна" гэдэг байгаа. Гэр орон дөнгөж цэвэрлэнгүүт тамхины үнсээ энд тэндгүй хаяад эхэлнэ. Битгий өрөө болгонд тамхи татаа, гал тогоондоо хаалгаа хааж байгаад тат, хүүхдэд утаа нь муу гээд хэлчихсэн чинь чамаар загнуулахгүй шүү цагдаа дуудаад өгчихнө шүү гэнэ. 00 ванн дөнгөж угаагаад цэвэрлэнгүүт бие засах гэж орсноо нусаа нийгээд суултуур дээгүүр хаячихдаг байлаа. Бие засч чадахаа байтлаа хөгшин байгаагүй юм шдээ тэр үед. Миний гэсэн юм болгоныг илүү үзээд байдаг байлаа. Өлгүүрт байгаа бүх адилхан хувцаснаас ганц миний хувцсыг "Яасан том юм, яасан муухай сэгсгэр юм өмсдөг юм" гэнэ. Гутлын тавиураас зөвхөн миний гутлыг гаргаад хажууд нь тавьчихна. Манай нөхрийн, хүүхдүүдийн, тэгээд өөрийнхөө гутлыг өрөөд тавьчихна. Хоол идчихээд аяга тавгаа хураахаар эмээ нь эмээ нь гэснээ угаалтуур дотор байгаа аягануудаас зөвхөн өөрийн тэгээд манай нөхрийн аяга хоёрыг л түүж аваад угаачихдаг. Нэг удаа гал тогооны шүүгээнээс миний тортны хэвийг гаргаад ирчихсэн энэ юу юм ямар хэрэгтэй юм гээд зогсож байна, тортны хэв байгаамаа, би торт хийхдээ хэрэглэдэг юм гэсэн чинь аан цс гээд буцаагаад тар хийтэл шидчихсэн юм. Тэгээд нэг их удалгүй би тэр тортны хэвээ хайгаад хайгаад олоогүй. Уг нь овоо л үнээр авсан сайн хэв байсан юм.
Тэр нэг хамаатны хүн нь гээд архичин хар юм нь эмээгээс байнга архины мөнгө аваад сурчихсан, манай нөхрөөс нууцаар аваад байдаг байлаа. Эмээгийн тэтгэвэр буух үеийг андахгүй, утасдаад эхэлнэ. Тэгээд ажилдаа явчихсан ардуур эмээгээс ирээд мөнгө аваад байдаг байлаа. Би тэсэлгүй хэлчихлээ. "Та тэтгэврээ битгий тэр хүнд өгөөд байгаачээ, таныг элэг барьж мөнгө аваад сурчихаж. Та өөртөө юм ав л даа" гэсэн чинь "Хэндээ юугаа өгөхөө чамаар заалгахгүй. Чамайг бодвол миний мах цусны тасархай" гэнэ. Айлын хүн ороод ирэхээр намайг нөгөө өрөөнд байхад улайм цайм худлаа муу хэлнэ "Би их зовж байна" гэж ярина. Гэтэл би эмээг яаж зовоосноо ерөөсөө бодоод олдоггүй байлаа. 2 жаахан хүүхдээ маллаад, ажлаа хийгээд, эмээг харж хандаад, ганцаараа гэр орны ажлаа бүгдийг зохицуулаад явж байхад яагаад намайг ойлгодоггүй юм болоо гэж их гомддог байлаа. Ямар нэг юм болонгуут намайг шууд "зайл чи манайхаас" гэдэг байлаа. Би хөгшин хүнтэй юу ярихав дээ, зөнөж байгаа байх гэж бодоод юм хэлдэггүй байлаа. Хамгийн гол нь энэ бүхэн эмээ бид хоёр хоёулхнаа байх үед л болно, манай нөхрийг байх үед хайлсан тугалга шиг ааштай болчихно. Зөнөчихсөн юмуу гэхээр үгүй, ухаан санаа нь эв эрүүл сав саруул, хэнтэй яаж харьцахаа сайн мэднэ. Нэг удаа надаас танай ээжийн утасны дугаар хэд юм гэсээр байгаад бичиж авлаа. Би ч юм бодсонгүй, хааяа ярьж сонин сайхан мэдэлцэх гэж байгаан байх гэж бодоод өнгөрлөө. Гэтэл нэг удаа ажил дээр сууж байтал ээж залгалаа. "Эмээтэйгээ муудалцаа юу? Танай хадам хөгшин чинь сая залгаад танай охинтой амьдарч чадахгүй, ирж охиноо авч яв гэлээ" гэдэг юм. Би бүр мэл гайхлаа. Хүүе энэ эмээ яг солиорчихож л гэж бодлоо. Тэгээд нөхөр лүү хэллээ, нөхөр итгэсэнгүй ээж рүү залгаж асуулаа, тэгээд эмээ рүү залгасан чинь "Би ерөөсөө тийм юм яриагүй" гээд тас гүрийчихлээ. Ээжид хэлсэн чинь "За яахав дээ хөгшин хүн. Орхи орхи" гээд тэр явдлыг өнгөрүүлсэн юм даг.
Ингэсээр би чинь хүн л юм хойно ядраад стрессдээд эхэллээ. Нүүр аман дээгүүр юм гараад хатигандаа баригдаад дотроо бухимдаад их ууртай уцаартай боллоо. Өөрийнхөө ээжид хэлэхээр ээж хавьтуулахгүй шүү дээ. "Чи ганц хөгшин хүний аяыг олохгүй. Хэд насалдаг юм наад хөгшин чинь. Та нараар асруулах гэж л дуудаа биз дээ. Битгий хадмаа муулаад бай. Хадмаа муулсан хүн муухай байдаг юм" гээд сонсохгүй. Найз нөхдөдөө хэлэхээр тэр бүр хүн ойлгохгүй. Миний ганц сэтгэл тайван байдаг үе ажил дээрээ л байлаа даа тэр үед. Сүүлдээ бухимдлаа нөхөртөө гаргадаг боллоо. Бид хоёрын муудалцах давтамж ихсээд байлаа. Эмээгийнд ирснээс хойш анх удаа бид хоёр чанга дуугаар хэрэлдлээ. Тэгсэн чинь эмээ гүйж орж ирээд "Миний хүү рүү хашгирдаг хэн бэ чи, зайл чи манайхаас" гэж авдаг байгаа. Нөхөр боож үхэхээ шахлаа. "Миний эхнэрийг та яахаараа хөөдөг юм. Танд бид хоёрын хэрэг ямар ч хамаагүй, дахиад дундуур ороод үзээрэй" гэж эмээд хатуухан хэлснээс хойш харин дахиж хэзээ ч бид хоёрын хэрэгт оролцохоо байсан.
Өөр зөндөө зөндөө боож үхмээр юм болдог байж билээ. Хагас бүтэн сайн болно гэхээр би бүр яс хавталздаг болчихсон байлаа. Өдөржин эмээтэй байна гэж бодохоос хэцүү байдаг байсан. Нэг удаа намайг бүр өшиглөсөн гээд бод доо. 70 хэдтэй хөгшин шүү дээ. Юунаас боллоо доо. Би шал угааж байсан чинь гаднаас орж ирсэн гуталтайгаа шууд нөгөө өрөө рүү угаасан шалан дээгүүр явахаар нь "Эмээ би шал угааж байна шдээ, та хэзээ гадуур гуталтайгаа гэртээ явдаг болчихсон юм бэ" гэчихсэн чинь "Би гэртээ юутайгаа яаж явах нь чамд еөр падлий байхгүй. Чи муу угаахгүй яадаг юм. Муу г... чинь, юу гээд байгаан чи" гэснээ хажуугаар өнгөрөхдөө дөрвөн хөллөөд шал угааж байсан намайг өшиглөөд авдаг байгаа. Харин яг тэр үед нэг юм авах гээд манай хүн ажлаасаа түр ороод ирчихсэн байсан юм. Эмээ нөхрийг байгааг мэдэлгүй надад томрохгүй юу. Нөхөр гал тогооноос үсэрч гарч ирээд эмээг аймаар загналаа. "Та яахаараа дандаа хүргэн бэрээ ингэж зовоож байдаг юм. Аавыг бас ингэдэг байсныг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Миний эхнэр яасан юм. 2 нялх хүүхэдтэй дээрээс нь ажил хийгээд дээрээс нь таны ая эвийг олох гээд ядарч байна. Та яасан үр хүүхдээ боддоггүй муухай хүн бэ. Яаж байгаан та сая. Яасан нас намбагүй муухай юм бэ" гээд баахан загналаа. Эмээ бантсандаа биеэ өмөөрөөд нөхөртэй баахан хэрэлдэж байгаад гараад явчихлаа. Эмээг гарсны дараа бид 2 түс хийтэл инээд алдчихаж билээ. Манай хүн түүнээс хойш бас нервтдэг болчлоо. Гэрт байх үедээ эмээг байнга "Та манай хүнийг зовоож байна уу" гээд асуух загнахын хооронд байдаг боллоо. Энэ нь надад бүүр ч хэцүү байлаа. Надаас болж эмээ хүү хоёр эв түнжин муудаад байгаа юм шиг.
Уг нь эмээ насаараа нэг яаманд бичиг хэргийн ажилтан хийж байсан их айхтар хүн байдаг юм. Харин яагаад хүргэн бэрдээ ийм ааш гаргаад байдаг юм бүү мэд. Бодвол өөрийн гэр бүлийн хүн гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй юм шиг байгаан. Тэгээд 2 жил болоод тэсэхээ байгаад манай хүн тусдаа гарахаар шийдэж билээ. Гэхдээ эмээгийнхтэй ойр нүүсэн юм. Өдөр болгон би хоолноосоо халуун саванд аваад эмээд оруулж өгнө, амралтын өдрөөр ирж гэрт нь их цэвэрлэгээ хийж өгнө, дэлгүүрээс дуртай амттай юмыг нь аваачиж өгнө, биеийнх нь бүх л болохгүй юмыг нь үзэж харж өгнө, хумсыг нь авч өгнө. Яг л хамт байхдаа яаж асардаг байсан тэрэн шигээ л. Ганцаараа байх болсон чинь их сайхан зантай болчихсон. Эмээгийн өөр ямар ч хамаатан садан байхгүй, байгаа тэр ганц архичин нь юун эмээг асрах манатай. Тэгээд энд байгаа асрах ёстой ганц хүн нь манай хүн, гэхдээ л эрэгтэй хүн хойно жижиг сажиг юм анзаарахгүй ээ. Их л болж мөнгө л өгнө биз. Дулаахан хувцастай байгаа юу, нуруугаар нь жиндэж байна уу, ямар хоол идмээр байна, усанд орж чадаж байна уу, өтгөн нь хатаж байна уу гэх мэт нарийн ширийн зүйлийг чинь эрэгтэй хүн мэдэхгүй шүү дээ. Ер нь эрэгтэй хүүхэд чинь тэгэж эцэг эхээ асарна гэж байдаггүй юм билээ. Нэг эхнэр аваад л тусдаа гараад ажлын мөр хөөгөөд алга болно. Эцэг эхийг насны эцэст хэн асардаг вэ гэвэл охин нь эсвэл бэр нь л асардаг юм шиг байгаан амьдралаас харж байхад.
Бид нүүснээс хойш эмээ бид хоёрын харьцаа эрс сайжирч билээ. Анх нүүсний эхний өдөр би шинэ гэртээ өөрийн дураар ханатлаа унтсан юм даг. Яваандаа би тэр үеийг мартаж, стрессгүй сайхан болж манай гэр бүл эргээд тайван сайхан болсон. Эмээ надад аймаар хайртай боллоо. Би ч эмээгээ л гэдэг байлаа. Бид хоёр төрсөн ээж охин шиг болсон доо. Тэгээд би эмээгийн тэр аашийг таг мартсан байлаа, эмээг дахиж хэзээ ч тийм ааш гаргахгүй гэж боддог байлаа.
Тэгтэл нөхрийн дүү эхнэрээ дагуулаад өнгөрсөн жил эмээгээ асрахаар ирсэн юм. "Би ганцаараа байж чадахгүй, хэн нэгэн нь намайг асрах хэрэгтэй байна" гэж үглэсээр биднийг очтол нөхрийн дүү эхнэртэйгээ очих үүрэг хүлээсэн нь тэр. Гэтэл надад тохиолдсон явдал яг тэр чигээрээ манай бэрд тохиолдож эхэлсэн гэнэ. Бид дээр үед нөхрийн дүү эхнэртэй нь уулзаж байхдаа санамсаргүй эмээгийн тухай яриад, "Эмээ ч хэцүү хүн шүү дээ" гэсэн чинь манай бэр намайг тоглоод байна эмээгээ цаашлуулж байна гэж бодсон гэнээ. Харин би бэрийг очсон сургаар эмээ зүгээр байдаг байгаа даа, хэрвээ өнөө зангаа гаргаад эхэлбэл бэр маань хэр удаан тэсэх бол доо, бас л сэтгэл санаа нь хямраад хэцүүднэ дээ гэж бодож байсан юм. Тэгтэл эртээд бэрийн ярьснаар бол энэ удаа эмээ бүр их хатуурхаж байгаа бололтой. Бүр 6 цагт гэрлээ унтраачихдаг болсон гэнэ, тв бол бүр ор тас үзүүлдэггүй гэнэ өөрөө үзчихээд шууд унтраачихдаг гэнэ, орой 6-с хойш дүү бэр хоёр шивэгнэж ярьдаг л гэнэ, эмээ хажуу хавийн бүх айл амьтанд бэрийг муулдаг л гэнэ, хийж өгсөн хоолыг нь голоод иддэггүй, тэгснээ шөнө өлсөөд босч ирж голсон хоолоо халаалгаж иддэг л гэнэ, одоо бүр бэрийг элдвээр хэлдэг болсон гэнэ, өнөө архичин хамаатандаа шөнийн 3 цагт босч хоол хийж өгсөнгүй унтаж хэвтлээ гэж загнасан л гэнэ. Надад хэлж байгаа нь л энэ байх, өөр зөндөө юм байгаа байхаа. Уг нь манай бэр чинь намайг бодвол гав шав хийсэн их ажилсаг хүн байхгүй юу. Надаас л дээр тэр гэр орныг цэвэрлэж надаас дээр л хоол унд хийж өгч байгаа. "Би эмээг ийм гэж ёстой бодоогүй. Би хөгшин эмээ минь гээд байдгаараа хайрлаад асарч тойлоод байхад чинь надтай яг гудамжны тэнүүлч гөлөг гэрт нь ороод ирчихсэн юм шиг харьцаад байна" гээд гомдоод байна лээ. Аргагүй ээ аргагүй, үнэн л юм чинь. Тэгээд хэр удаж байж эмээгийн зан ааш зүгээр болж "Иш миний муу охин" гэдэг болох юм байгаан мэдэхгүй л байна. Чадахаар нь утасдаж эмээг жаахан загналаа. "Таныг одоо асрах хүн наад бэр чинь. Та тэгээд хүнд ингэж хандаад байхаар хэн таныг гэх юм бэ" л гэлээ. Хэцүү хүн шүү дээ манай хадам эмээ чинь.