Monday, April 9, 2012

6 сарын дараа

Японд ирээд 6 сар болжээ. Тэгээд анх юу мэдэрч байв, сүүлдээ мэдрэмж яаж өөрчлөгдөв гэдгийг энэ 6 сараар дүгнэх гээд үзье. Японд ирэхээр төлөвлөж байгаа хэн нэгэнд хэрэг болж магад гэж бодлоо. Учир нь бид урьд нь очиж үзээгүй ямар нэг газраа өөрсдийн мөрөөдлөөр төсөөлснөөс болоод бодит орчинд нь очоод шоконд ордог тал бий шүү. 

Японы сайхан зүйлс:
-Үйлчилгээ ёстой дэлхийд номер нэг. Бүр хэтэрхий гэмээр сайхан үйлчилнэ. Банкны ажилтан нь таныг хүлээлгэчихээд дахин дуудаж гарын үсэг зуруулах ч юмуу төвөг учруулах бол өөрөө таны сууж буй хүлээлгийн сандал руу текнийхээ араас гүйж ирээд өмнө чинь сөхөрч сууж байгаад сайхан тайлбарлаад үйлчилнэ шүү дээ. Зөөгч нар хажууд чинь сөхөрч сууж байгаад захиалгыг тань авах нь энүүхэнд. Уурласан ярвайсан бүр ядаж инээхгүй байгаа үйлчилгээний ажилтан үзээд өгье гэсэн ч байхгүй. 
-Маш тусархуу хүмүүс. Гудамжинд хэн нэгнээс тусламж гуйвал уриалгахан нь аргагүй туслахаар барахгүй бүр эцсийг нь хүртэл туслана. Уучлаарай чадахгүй нь гээд гүйгээд явчихсан хүнтэй би лав одоо болтол тааралдаагүй л байна. 
-Хоол унд нь үнэхээр сайхан амттай. Та далайн гаралтай хоол идэж чаддаггүй байсан ч хамаагүй, түүнээс өөр зөндөө сайхан хоол унд байгаа. Хамгийн гол нь хоол хүнс нь хүнийхээ эрүүл мэндийг дээд зэргээр бүр хамгийн түрүүнд бодсон байдаг учраас хоолонд хордох, муудсан хугацаа хэтэрсэн хоол хүнс хэрэглэх зарах гэх мэт ойлголт огт байхгүй. 
-Ямарваа ажлыг бүр чин сэтгэлээсээ хийдэг. Хулхидах, нүд хуурах гэдэг асуудал байхгүй.
-Цаг барилтын мастерууд. Та болзсон цагаасаа ганцхан минут л хоцроход Япончуудын таныг үнэлэх үнэлэмж огцом буурна. Гэхдээ түүнийгээ огт илэрхийлэхгүй. Тиймээс хэрвээ Японд юмуу Япон хүнтэй цаг болзсон бол хэзээ ч битгий хоцроорой гэж зөвлөе. 
-Хэлсэн амандаа ёстой яс, хариуцлага гэж бол дээдийн дээд төвшинд. Хэлсэн амнаасаа буцах, амласнаа биелүүлэхгүй байх, хариуцлага алдах гэж ёстой байхгүй. Маргааш үүнийг асуугаад тодруулаад хараад өгье гэж хэлсэн бол яг маргааш нь аль хэзээний асуугаад тодруулаад бичээд хэвлээд бэлдчихсэн байх жишээний. Гэхдээ энэ бол багш сургуулийн ажилтан, хотын захиргааны ажилтан гэх мэт хариуцлагатай хүнтэй харьцсан туршлага. 
-Аливаа үйлчилгээ нь хүний хэрэглээнд маш тохиромжтой эвтэйхэн амар хялбар. Жишээ нь ихэнх нь билет нь автомат машинаас авдаг, метроны сүлжээ, 24 цагийн дэлгүүрт нь юм коопийдохоос авахуулаад ойр зуурын бүх үйлчилгээ бэлэн байдаг гэх мэт. 
-Орчин маш сайхан цэвэрхэн, хүний хэрэглээний бүх юм ойрхон, ногоон байгууламж ихтэй  (Энэ бол мэдээжийн асуудал байх л даа, Япон юм чинь)
За санаж байгаа нь энэ байна даа. Нэмж бичих зүйл байвал нэмнээ дараа нь. Харин одоо таалагдахгүй байгаа зүйлс.
-Хөгшин хүн аймаар их. Яг Токио хотын төвөөр нэг их хөгшин хүн тааралдахгүй ч хотын зах руу эсвэл орон сууцны хэсэг рүү болонгуут л 10 хүний 7 нь эмээ өвөө эсвэл 60-аас дээш насныхан болоод явчихна шүү дээ. Заримдаа бүр хөгшчүүдийн улсад амьдраад байгаа юм шиг санагдаад байдаг юм.
-Мэдрэл муутай сэтгэцийн өвчтэй хүн ихтэй, метронд зөндөө тааралдана. Гэхдээ таньд ямар ч төвөг учруулахгүй л дээ, мөрөөрөө л явцгааж байдаг юм. Хааяа хааяа мэр сэр ийм хүмүүс хутгаар зэвсэглэн хүн амьтан руу дайрсан хэрэг мэдээлэгдэж л байдаг. 
-Аливаа бичиг баримтны асуудал маш удаан. 7 хоногийн дараа гэх нь энүүхэнд. Хүн ам их, ачаалал ихтэй, маш нарийн шалгаж нягталдаг, хариуцлага өндрөөс болдог байх.
-Хэт хуурамч зантай юм шиг санагдаад байдаг юм. Ёстой амттай, ёстой хөөрхөн, ёстой гайхалтай мундаг юмаа гэдэг үгийг бүр амны уншлагаа болгочихсон, худлаа инээгээд л нахилзаад л. Яг өөрийнхөө жинхэнэ сэтгэл хөдлөлөө огт илэрхийлдэггүй. 
-Газар хөдлөлт. Хэрвээ та Японд удаан хугацаагаар ирэх гэж байгаа бол үүнд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай даа. Байсхийгээд л байшин сав чинь савлаад л доохи газар чинь чичрээд л байна шүү дээ. Ялангуяа Токио болон зүүн эрэг дагуугаа. Бас цунамигийн аюул сүүлийн үед их яригдах болсон. 
- Ямар нэгэн цахилгаан бараа комьютер авах бол бүх юм нь япон хэл дээр. Тиймээс та япон хэлтэй л биш бол эндээс компьютер аваад хэрэггүй гэж зөвлөе. Бас эднийх чинь 110 вольтоор ажилладаг учраас эндээс авсан цахилгаан бараа чинь монголд очоод солиулаад ажиллах эсэхийг нь сайн шалгасан нь дээр. 
-Бүх юм нь аймшгийн өндөр үнэтэй. Метро автобус нийтийн тээврээс авахуулаад байр сууц, киноны билет, жимс ногоо мах за ер нь бүгд л аймаар үнэтэй. Нэг хотоос нөгөө хотын хооронд явах чинь ёстой бөөн асуудал. Тэр шинканзен минканзен чинь ямар үнэтэй гэж бодно. Тэгэж ярих юм бол тэр алдарт Диснейлэнд чинь ч гэсэн үнэтэй. Ганц бие хүмүүст зүгээр байх л даа, гэр бүлтэй хүмүүст гэцүү гэцүү. 
-Гэр бүлийн хүнд чинь ажил олдох нь их хэцүү. Таньдаг мэддэг монгол хүмүүсээрээ л дамжуулж ажил олохгүй бол найдлага байхгүй. Сүүлийн үед Японы эдийн засаг хэцүүдээд байгаагаас болоод гадаадынхан байтугай япончуудад өөрсдөд нь ч ажил олдохгүй байгаа юм гэсэн. 
-Ёстой болохгүй гэж эд нар хэлсэн л бол ёстой найраа байхгүй шүү дээ. Манайх шиг ээ тэгчих л дээ ганц удаа гээд гуйж түүх таньдаг мэддэг хүнээрээ найруулах энээ тэрээ гэсэн асуудал ёстой нөү шүү дээ хө. Эд нар чинь дүрэм журам хууль номоо арай дэндүү айхтар мөрддөг улс. Би лав ганц ширхэг гадаад хүүхэд ганцхан жил сургуульд сургачихаач дээ гэж гуйгаад ядчихсан. 2-хон сарын дараа 6 нас хүрэх хүүхдийг чинь ирэх жил л авна манай дүрэм тийм гээд тас гүрийгээд байгаа юм чинь.  
-За тэгээд хамгийн сүүлд нөгөө алдарт проблемоо бичье дээ. Хэрвээ та сургуулийн өмнөх насны хүүхэдтэйгээ Японд сурахаар ажиллахаар удаан хугацаагаар ирэх гэж байгаа бол сайн бодоорой доо. Энд цэцэрлэгийн асуудал маш хэцүү. Японы шийдэж чадаагүй асуудлын нэг нь энэ юм билээ шүү. Хаа сайгүй цэцэрлэг хүрэлцээгүй, маш өндөр төлбөртэй.  

2 comments:

peakfinder said...

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадуур чөлөөтэй гарч, аль болох жирийн амьдралаар амьдардаг гэдгийг би бол эерэг зүйлд оруулмаар байгаа юм. Монголд ийм хүн цөөндөө биш тэдэнд ингэж гарч орох боломж байдаггүй учраас ховор харагддаг биз. Ингээд нуудаг болохоор тэр хэмжээгээрээ тэр хүмүүсийг ад үзэх гээд байдаг тал бий. Угаасаа тийм төрсөн бол тэдний буруу биш, аль болох бидний нэг гэж үзэх үзэл төлөвшүүлэх хэрэгтэй гэж би боддог.

Nogoohon said...

Өө тийм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бараг бүх юм нь зориулагдсан байдаг. Нийтийн 00-с авахуулаад зам талбай шат бариул автобус такси нь хүртэл, өөр зөндөө юм байдаг юм билээ.