Thursday, April 12, 2012

Төгс юм гэж үгүй

Токиогийн Их Сургууль нь зөвхөн япондоо төдийгүй дэлхийд нилээн дээгүүр орох их сургууль билээ. Энэ түвшинд үнэлэгдэхийн тулд сургалт үйлчилгээ материаллаг бааз багш эрдэмтдийнх нь чадвар эрдэм шинжилгээний ажлын амжилт ололт гээд их л зүйл нөлөөлдөг бизээ. Тийм ч учраас жил бүр энэ сургуулийг зорин ирэх гадаад оюутны тоо нэмэгдэж байна гэж нэгэнтээ сургуулийн захирал нь хэлж асан. Мөн тийм ч бодлого баримталдаг байх. 
Гадаадаас ирж буй оюутнууд зөвхөн англи хэл дээр хичээл үзэж, англи хэл дээр мэдээлэл олж авч, англи хэл дээр л багш удирдагчтайгаа харилцаж ер нь сургуультай холбоотой бүх асуудал англи хэл дээр л шийдвэрлэгдэх нь ойлгомжтой. Гэвч энэ бол нэгэнт англи хэлтэй улс орон биш учраас бүх юмаа тэр болгон орчуулж төвддөггүй амждаггүй бололтой. 
Бүхий л систем нь япон хэл дээр байна, англи хэл дээр зөвхөн тодорхой хэсэгхэн мэдээллийг л орчуулж тавьсан байх тул түүнээс цааш мэдээлэл хайх хэрэг гарвал япон хэлтэй хүн л гуйх хэрэг гарна. Бас англи хэл дээрх хичээлийн нэр төрөл тоо ширхэг нь тухайн сургууль болгоноосоо хамаарах боловч өөр сургуулийн оюутнууд сонгох боломж тун тааруу бараг л боломжгүй. Уг нь сургуулийн оюутнууд бүгд UT-mate хэмээх нэгдсэн онлайн сүлжээгээр хичээл сонголтоо хийж бүртгүүлж кредитээ авдаг боловч энэ системд нь англи хэл дээр бүрэн мэдээлэл байдаггүй. Ялангуяа хичээл сонгох үед инженерийн сургуулийн хичээлийн нэрс нь тэр чигээрээ япон хэл дээр гарч ирдэг. Бүр англи хэл дээрх хичээл нь хүртэл шүү. Зөвхөн манай сургуулиас санал болгож буй хичээлүүд нь надад таалагдахгүй байвал би бас бусад сургуулиудын англи хэл дээр санал болгож байгаа лекцүүдийн нэр код агуулгыг нь харчихмаар байдаг, гэтэл энэ мэдээллийг нэгдсэн байдлаар нэг дороос хялбархнаар харчих боломж байхгүй. Азаар манай багш инженерийн сургуульд давхар харьяалагддаг тулдаа надад тэдний syllabus-г олж өгсөн. Тэдний хичээлээс бусад гадаад оюутнууддаа үзүүлсэн чинь ийм дажгүй хичээл байсан юмуу чи яаж олж мэдээв гэж уулга алдах жишээний. Гадаад оюутнууд нийт оюутны цөөхөн хувийг эзэлдэг тул тэр бүр үйлчилгээгээ давхар тэдэнд зориулж өргөтгөх нь хүндрэлтэй байдаг бололтой. Нэгдсэн сургуулийнхаа хэмжээнд  англи хэл дээрх хичээлүүдээ төвлөрүүлсэн сүлжээтэй болмоор санагдсан. Хичээл хайж буй гадаад оюутнуудад дөхөмтэй юм.     
Бас нэг юм нь англи хэл дээрх номын агууламж харьцангуй цөөн юм билээ. Тэгээд нэг ном олоод очоод авах гэхээр тэр сургуулийн номын санд байгаа тэндээс очиж ав гэнэ. Кампус болгон дундаа асар том номын сантай мөртлөө дээрээс нь сургууль болгон нь бас өөр өөрийн номын сантай. Бүгдийг нь нэг дор төвлөрүүлчихэж болдоггүй л юм байх даа гэж бодогдмоор. Ганц ном авах гэж Хөдөө аж ахуйн юмуу Механик инженерийн сургуулийг нь хайгаад дотор нь ороод номын санг нь хайж цагаа барах гэхээр ядаргаа санагдана. 

3 comments:

Тэмээчин бүсгүй said...

Зөвхөн хэл сурахад л орчин маш их нөлөөлж байгаа учир бүр шинжлэх ухаан судалвал төсөөлөхөд ч бэрх ялгаа гарах байхаа.

Жич: Япон хэлээ сэргээх юмсан даа. Сайхан хэл шүү.

ZAYA said...

Хэдэн сая хүн амтай билээ дээ, нэгтгэж нэг болгоно гэвэл манай архивын лавалгааны оочир шиг болох байлгүй дээ.
Харин тэр англи хэл дээрх мэдээлэл чинь арай илүү мөнгө төлөөд олж авдаг эд гэсэн шүү.

Anonymous said...

translator l sain ashiglaj amia argatsaah heregtei yum bn daa.