Saturday, April 28, 2012

Нарны туяа

Зун болж байна. Нарнаас хамгаалах хэрэгтэй болж байна. Бага байхдаа л хамаг хувцсаа тайчиж хаяад нар борооноос айхгүй гүйлддэг байж дээ. Одоо ч наранд их борлож болохгүй, бороонд норж болохгүй л гэдэг болж. Наранд борлох чинь их учиртай. Гоо сайхан талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч тэр. Гол нь нарнаас ирж буй туяанд их учир байгаа юм.


Цацрагийнхаа уртаас хамаарч UVA, UVB, UVC гэсэн 3 янзын хэт ягаан туяа нарнаас дэлхий дээр тусч байдаг. Эдгээр нь өөр өөрсдийн биологийн идэвхи болон арьсанд нэвтрэх чадвараараа арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь хэт ягаан туяанууд зуны улиралд болон эквадор луу ойр газар тусмаа илүү хортой нөлөөтэй байдаг байна. UVC туяа нь озоны давхаргад шингээд дэлхийн гадаргад хүрч чаддаггүй. Харин нөгөө хоёр нь агаар мандлыг чөлөөтэй нэвтрээд бидний арьсан дээр тоглолт хийдэг байх нь. 
UVA туяа:
Энэ нь нөгөө хоёроосоо хамгийн урт буюу 320-400 нанометр цацрагийн урттай, дэлхийн гадаргад ирж буй бүх хэт ягаан туяаны 95%-ийг эзэлдэг. Маш хүчтэй тул үүл, бүр зарим төрлийн хувцас бүр нүдний шилийг хүртэл нэвтлэх чадалтай, мөн жилийн турш идэвхи нь буурдаггүй /өвөл зун ялгаагүй гэсэн үг/. Бидний арьс гол нь энэ туяанаас болж борлодог. UVA туяа нь арьсны бүр гүнд эсийн доор хүртэл нэвтрэх чадвартай тул арьсны хөгшрөлт үрчлээнд зохих хувь нэмэр оруулж байдаг. Тиймээс UVA туяа нь арьсны хорт хавдар үүсэх гол хүчин зүйл. Нэг судалгаанд 30 наснаасаа өмнө хиймэл наранд шарах аппаратанд биеэ шарж эхэлсэн бол арьсны хорт хавдар тусах магадлалыг 75 хувиар ихэсгэнэ гэсэн байна. Мөн сүүлийн үеийн бас нэг судалгаанд энэхүү туяа нь хүний биеийн дархлалын системд нөлөөлж дархлааг дарангуйлах үйлдэл үзүүлдэг гэжээ. 
UVB туяа:
Түүний урт нь 290-320 нанометр бөгөөд жилийн болон өдрийн аль үе, дэлхийн хаана байгаа зэрэг цаг хугацаа байршлаас хамаарч хүчтэй сул байдаг. Дэлхийн хойд хагасын зуны сарууд буюу дэлхийн тойрог замын нартай ойр хэсэгт хамгийн хүчтэй байдаг байна. UVB туяа нь арьс улайх, наранд түлэгдэх гэх мэт арьсны өнгөн эпидермик хэсэгт үйлчилдэг. Гэвч мөн л арьсны хорт хавдар, арьс борлолт, мөн арьс хөгшрөхөд голлон нөлөөлнө. Хэдийгээр зөвхөн зун л хүчтэй байдаг, цас усан дээр тусвал буцаад ойчихдог боловч энэ туяанаас арьсаа хамгаалж байх нь чухал. 
UVC туяа:
Урт нь 200-290 нанометр энэ туяа нь хэдийгээр хамгийн хортой туяа боловч озоны давхарга түүнийг бүрэн шингээж дэлхийн гадаргад хүргэдэггүй байна.  
Борлолт гэж юу вэ?
Бидний бие дээр хэт их нар тусангуут арьсны ДНК шууд болон шууд бусаар гэмтэж эхэлдэг байна. Тэгэнгүүт меланоцит нэртэй эсүүд меланин ялгаруулж уг меланин нь нарны хэт ягаан туяаг өөртөө шингээж авч арьсыг хамгаална. Меланин ихсэх тусам арьсны өнгө борлоно /зарим тохиолдолд түлэгдэнэ/. 
Тэгэхээр арьс борлоно гэдэг ер нь бол UV туяа арьсны ДНК-г гэмтээхээр сандарсан арьс гэмтлийг цаашид даамжруулахгүйн тулд өөрийгөө харлуулж биеэ хамгаалах арга хэмжээ авч байгаа үйлдэл гэж ойлгож болох нь.  

1 comment:

Anonymous said...

Австралид сурахыг хүсэгч...
Таны блогийг ойрдоо сонирхон уншдаг боллоо.Мэддэг юм шиг атлаа мэддэггүй, хэрэгцээтэй зүйлсээс эхлээд тэр болгон бусдад хуваалцаад байхааргүй өөрийн амжилт ялалтаа нээлттэй хуваалцдагт тань баярлалаа. Үүний үр дүн олон монголчуудад биеллээ олох болтугай.