Сая нэг хэсэг даалгавраа хийх гэж манаргаж явахдаа нэг сонин зүйл олж мэдлээ. Анх Хоккайдогийн тухай бодохдоо Японы мал аж ахуй газар тариалангийн гол бүс нутаг гэдэг л ойлголттой байлаа л даа. Бас цанын бааз, аялал жуулчлалын бизнес хөгжсөн газар гэж ойлгож байлаа. Эдний ТВ-гээр нь дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн нэвтрүүлэг бараг байнга гардаг юм. Эфирийнх нь бараг 70 хувь эзэлдэг байж магадгүй. Хэн нэгэн алдартай одоо аль нэг газар луу явуулаад л хоолыг нь идүүлж ооший /амттай/ гэж орилуулаад л үзэж харж болох юм болгоныг нь үзүүлж суугооё /гайхалтай/ гэж орилуулаад л.
Би хүйтэнд ажилладаг цэвэрлэх байгууламжийн мэдээлэл хайж байгаад нээрэн эдний Хоккайдо чинь манайхтай бараг л адилхан цаг агаартай, эд нар Хоккайдодоо юу хэрэглэдэг юм бол гэж бодоод багшаасаа асуулаа л даа. Нэтээр хайгаад ерөөсөө мэдээлэл олдохгүй байсан юм.
-Сэнсэй. Хоккайдогийн төв цэвэрлэх байгууламж нь яаж ажилладаг юм бэ? Манайхтай цаг агаар адилхан болохоор надад их сонин байна.
-Уучлаарай Наран сан. Манай Хоккайдотой холбоотой мэдээлэл улсын нууц байдаг юм.
-?
-Тийм ээ. Чи мэдэх байлгүй дээ. Оросууд манай Хоккайдог авахыг байнга хүсдэг. Тиймээс бид Хоккайдотой холбоотой бүх үйлдвэрлэл технологийн мэдээллийг нууцалдаг юм. Нэмж хэлэхэд, Хоккайдо хэдийгээр хөдөө аж ахуйн нутаг ч гэсэн дан ганц фермийн аж ахуйгаар амьдрахад хэцүү. Тийм учраас Японы засгийн газраас маш их мөнгө гаргаж Хоккайдог ивээн тэтгэж байдаг. Тэнд бараг л хүчээр хүмүүсийг байлгаж амьдруулдаг гэхүү дээ. Тийм учраас бид Хоккайдотой холбоотой ямар нэг зүйлд их эмзэг ханддаг юм.
-Ойлголоо.