Saturday, December 31, 2011

Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргэе!

Ирж буй шинэ жилдээ бүгдээрээ аз жаргалтай байгаарай.  

Tuesday, December 27, 2011

Сургуулийн сонин сайхнаас

Сая семестер дундын шалгалт шүүлгийн үеэр багш нарын үнэлгээний онцлогууд харагдав.  Зарим багш нь долоо хоног бүр даалгавар өгч дараагийн хичээл орохоос өмнө багш руугаа явуулдаг бол зарим нь лекц орж явж явж байгаад эцэст нь нэг том пресентаци хийлгэдэг ч байна, эсвэл бүх хичээлээ орж дуусаад 3 долоо хоногийн хугацаатай нэг томоохон даалгавар өгдөг ч байна, эсвэл шууд нэг өдөр товлоод конкурс шиг сүртэй том шалгалт авдаг багш ч байна, эсвэл лекц бүрийн өмнө 15 минут тусгайлан гаргаад түрүүчийн лекцнээс багшийг хариулж чадахгүй ээрч мууруулах сүрхий гээчийн 3 асуулт асуух шаардлага тавьдаг ч багш байна. Тухайн багшийн санал болгож буй хичээлийг янз бүрийн департмент буюу манайхаар бол жишээ нь ТИС доторх элетрон инженерийн сургууль, уул уурхайн сургууль, үйлдвэрлэл технологийн сургуулийнхан ч гэдэг юмуу аль хамаагүй газраас ямар нэгэн оюутан сонгочихож байгаа юм. Хичээлээ яаж сонгодгийг би дээхэн бичиж байсан даа. За одоо өнөө сонгосон оюутнуудын сургуулийн имэйл хаягаар нь хичээл орох газар цаг, хичээлийн хуваарь агуулга, багшийн сиви танилцуулга, үнэлгээний арга зэрэг нь багшаас хүрээд ирнэ. Цаагуураа онлайн систем учраас чи тэр хичээлийг сонгосон л бол чиний сургуулийн и-системд бүртгүүлсэн бүх мэдээлэл багшид очно. Хичээл болгон дээр зузаахан хавтас бэлдэж авахгүй бол лекц орох тоолонд зузаан зузаан handout тарааж өгсөөр байгаад /голдуу Powerpoint дээр бэлдсэн лекц нь байна/ өчнөөн бичиг цаас болдог юм. За ингээд лекц ороод яваад л байна, яваад л байна. Нэг хичээлийн цаг 100 минут. Хичээл дундах зай 5 минут, цайны цаг 12-с 1 цаг хүртэл /яг ажил шиг/. Өдөрт 5 цаг л хичээл орох боломжтой. Гэхдээ тэгэж өглөө 8-аас орой 5 хүртэл хичээлд тасралтгүй сууна гэж ойлголт байхгүй. Үдээс өмнө нэг лекцэнд үдээс хойш бас нэг цагт л сууж амжиж байгаан. Би нийтдээ 10 хичээл сонгосон . Үүний 6 нь нэг семестер дотроо багтаад ороод дуусчихна. Өөрөөр хэлбэл 10-р сараас 3-р сар хүртэлх үргэлжлэх энэ семестерийн яг дунд хүртэл нь /12 сарын 1 хүртэл/ нэг хичээл орж байгаад дуусангуут 12 сараас эхлээд дараагийн хичээл нь яг тэр цаг дээр нь залгаад явчих юм. Даваа Мягмар Лхагва гаригийн үдээс өмнөх хичээл ийм хичээлүүд бөгөөд дээрээс нь өөр кампуст ордог учир би ганц цагийн лекцэндээ суух гэж бүтэн цаг метро дамжиж яваад хичээлдээ суучихаад буцаад үдээс хойшхи лекцэндээ амжиж ирэх гэж галзуу солиотой амьтан л гүйнэ шүү дээ. 
Япон хэлний хичээл бас орноо. Долоо хоногт 3 удаа өглөө 9-10 хүртэл орно. Уг нь бүхэл бүтэн 1-р үеийнхээ номыг үзээд дуусгачихсан юм байгаан шд. Даанч япон хэлээ ангиас гараад л мартчихдаг болохоор сураагүйтэй л адил явна. Манай япон хэлний ангийнхан ч ялгаагүй дээ, надтайгаа л адилхан. Учиргүй цоороод яриад байгаа ч амьтан алга, бас багшийг юм асуухаар өөдөөс нь амаа ангайгаад цоо ширтдэг байснаа ч болисон, нэг муу юм амандаа гүвтнээд байдаг болцгоосоон бас ч гэж. Би чинь анхан шатны түвшний 1-ын А гэдэг анги шүү дээ. Манай анги Египет-1, Канад-1, Польш-2, Тайван-1, Хятад-1, Вьетнам-1, Америк-1, Герман-1, Португал-2, Бельги-1, Франц-1, Монгол-1 гэсэн бүрэлдэхүүнтэй. Нэг юм анзаарахад зөвхөн гадаад оюутан ч биш, судлаач, зочин профессор, багш, ер нь хэн ч байлаа сургуульд ирсэн л бол Япон хэлэнд суу гэчихдэг юм шиг байгаан, янз бүрийн нөхдүүд байдаг юм. Даалгавар хийнэ гэж хэзээ ч байхгүй, тэрийг нь мэддэг ч юмуу даалгавар бараг өгдөггүй, өгсөн ч шалгадаггүй, шалгасан ч хийгээгүй бол юу ч хэлдэггүй, шалгалт ч авдаггүй нэг сайхан хичээл байнаа байна. Уг нь хааяа нэг Япон хэлний номоо сөхөөд харчихмаар байвч тэрнээс наана унших ёстой бичих ёстой түмэн даалгавартаа булуулаад амжихгүй юм. 
Ядаж байхад би чинь бакалавртаа сурч байснаас жаахан холуур сэдэв сонгочихсон чинь  хичээл дээр энэ сэдвийнх нь гүнзгий юмыг заагаад байдаг, би эхлээд үндсэн ойлголтыг олж авахын тулд бие дааж маш их ном уншиж судлах хэрэгтэй болчихоод байдаг. Тэгэхгүй бол юун тухай яриад байгааг нь ойлгохгүй өнгөрчих гээд байна. Заримдаа орой нь гэртээ ирээд (...-ын үндсэн ойлголт гэдэг) номоо уншиж байж л "Аан өнөөдрийн лекцэн дээр энэ тухай яриад байсан юмуу" гэж орилох шахах юм. 
Одоо тэгтэл он гараад лабораторийн ажил эхлэнэ гэнээ. Би чинь хамгийн сүүлд 10 жилийн өмнө л сургуулийнхаа лабораторийн хаалгыг хааж гараад тэр чигтээ явж байгаа хүн. Тэгээд ч манай сургуулийн лабораторийг энэ Японы их сургуулийн лабораторитой зүйрлэх ч юм биш. Дээрээс нь бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд тоног төхөөрөмжинд бараг хувьсгал гарсан байхаа. За яахав, нэг барьж аваад нухаад байхад мэдэхгүйгээ сураад мартсанаа сэргээх байлгүй дээ.  

Ёолк тэмдэглэх юмсаан

гээд байхгүй юу. Энд чинь Christmas гэж хэдэн телевизийн сувгууд дэлгүүрүүд нь шуугиснаас өөр онц юм болсонгүй. Одоо шинэ он гарах гэж байна. Ямар ч реакц алгаа. Баахан бэлэгний каталогууд л энд тэндгүй тараагдснаас өөр онц зүйлгүй. Нээрэн сая Зул сараар /Зул сар гэдэг үгийг хэн зохиосон юм болоо/ дэлгүүрээр хүүхдийн шинэ жилийн ууттай бэлэгнүүд зарж байсан шүү. Яг манайхан өгдөгтэй адилхан гоё гоё уут савтай чихэр жимсээр дүүрэн.

Monday, December 19, 2011

Японы Байгаль, шинжлэх ухааны музей

Хүүгийн хүсэлтээр энэ музейг сонгож үзсэн юм. Гол нь динозаврыг нь үзэх гэж. Уэно буудал дээр буугаад зам гараад өнөө музей рүүгээ яаж очих вэ гэсэн чинь Information center гэсэн түц харагдаад очоод асуусан чинь уриалгахан нь аргагүй Уэногийн том газрын зураг гаргаж ирж байгаад тайлбарлаж өгөөд музейн англи хэл дээрх танилцуулгатай цуг өгдөг байна шүү. Ойрхон юм билээ булан тойроод л. Билет нь дотроо ороод автомат машинаас авдаг тун амар. Музей үзэж байгаа хүн маш их байсан, амралтын өдөр болоод ч тэрүү. Бүх хүн хүүхдүүдээ дагуулж ирсэн бололтой ямар нэг цэцэрлэг бага сургуулийн аялал болж байгаа юм шиг л санагдаж байлаа, энд тэндгүй хүүхдүүд бужигналдаад. Энэ музей нь хоёр том барилгаас бүрдэх бөгөөд нэг нь дэлхийн үзмэрүүд нөгөө нь Японы өөрийнх нь үзмэрүүдтэй. Бид дэлхийн үзмэртэй байшинг нь л үзэж амжсан. Мөн ресторан, музейн өөрийнх нь сувенир шоп, 360 градусын кино театр /зөвхөн өөрийн танилцуулга киног л гаргана/, тусгай үзэсгэлэнгийн танхим гэх мэт хэсгүүдтэй. Мөн түүнээс гадна хамгийн онцлууштай юм нь бараг давхар болгонд хүүхдэд зориулсан өөрсдөө бүх юманд хүрч ажиллуулж харж барьж үздэг Exploring section байсан үнэхээр бахархмаар. Бас камераар зураг авах бичлэг хийх бол чөлөөтэйгийн чөлөөтэй. Аппаратыг нөхөр авч явсан болохоор зарим хэсгийн зургийг нь огт аваагүй байна лээ. Одоо өнгөрсөн хойно нь өөрөө зураг авдаг байж гээд л харамсаад сууж байна.

Friday, December 9, 2011

Үсний асуудал

Энэ Японд үсчин их үнэтэй. Эмэгтэй бол 4000 иенээс дээш, эрэгтэй бол 3000-с дээш шүү дээ. Манайд чинь нэг зэрэглэл зэрэглэлээрээ арай хямдаас аймаар үнэтэй байдаг даа. Энд тийм байхгүй шүү, захын үсчин рүү шагайсан ч, хотын төвийн үсчин рүү шагайсан ч үнэ нь адилхан.  1000 иений үсчин байдаг сураг гараад л байна олохгүй байна. Охин бид хоёр ч яахав, яаж ч ургуулаад сэгсийгээд явж байсан аргалж болно. Хүү нөхөр хоёр л хэцүүдээд байна ккк. Нарийлж нарийлж нэг үсээ засуулсан болдог л байх даа.   

Блогоо нэг эргэе даа

Семестер дундын шалгат шүүлгээс арай гэж нэг юм мултарлаа. 22-нд нэг бие даалт өгчихвөл ер нь жаахан амьсгаа авах гээд л байна. Гэсэн ч шинээр орж байгаа хичээлүүдийн 7 хоног тутмын даалгаврууд булчихаад байх юмаа. Хэд хоног нойр муутай явчихсан чинь угаасаа юм гараад хэцүүдээд байгаа нүүр ам бүүр аймаар болчихсон. Би чинь сурах их үйлсээс бүүр төсөөрчихсөн байна шдээ. Тэгээд нэг л дасч өгөхгүй, эвэндээ орохгүй ч гэдэг юмуу, нэг горимондоо орохгүй ч гэдэг юмуу тэгээд байнаа хихихи. 
Заа ойрын сонин хачин гэвэл Ueno явж музей үзлээ. Сайхан юмаа сайхан юм, зургийг нь оруулнаа. iPhone дээрээ хираганагаар бичиж сурлаа. Токио руу ер нь хүссэн газар луугаа төөрөлгүй явж сурлаа. Нөхөртөө интернэтээр инкан буюу нэрийн тамга захиалж авч өглөө Гүүгл транслэйт ашиглан. Өнөө тамганы компанийн сайтыг нь гүүгл дээр нээж байгаад орчуулагдаад гарангуут нь бөглөж явсаар байгаад нэрийг нь катагана хүснэгтээ харж байгаад бичиж өгөөд хаягаа англиар бичээд нүдээ аниад захиалчихсан чинь маргааш орой нь гэрт авчраад өгдөг байна шүү хихихи. Нээрэн миний утасны 14 хоногийн төлбөр 7700 иен гарсан байх юм. Би гадаад руу ярьдаггүй, ер нь дотроо ч нэг их ярьдаггүй, нэтийг тийм их хэрэглэдэггүй. Гэтэл яагаад ийм их мөнгө гарсныг ойлгохгүй байгаа. Тэгээд ч энэ Softbank чинь уг нь 1-9 цагийн хооронд сүлжээндээ үнэгүй ярьдаг гээ биз дээ. Миний ярьдаг хэдхэн хүн бүгд эдний сүлжээнийх. Анх утас авахад л таны сарын төлбөр 3500 иен л болно гээд байсан, би чинь утсаа шууд 30,000 иенийг нь төлөөд худалдаад авчихсан юм шдээ уг нь. Тэгээд байхад яагаад ийм гарсныг бүү мэд. Өнөө биллийг нь хараад ойлгохгүй юм чинь, жирийтэл сайхан ханзаар биччихсэн. Тэгээд бас хааяа сүлжээ нь унаад эсвэл ярьж байхад тасарч масраад байх юм. Утсандаа байгаа юмуу сүлжээндээ байгаа юмуу бүү мэд. BicCamera руу очих гээд амжихгүй л яваад байна. Нээрэн ийм цахилгаан барааны дэлгүүрээс утас авсан, оператор компанийн оффис дээрээс очиж авсан хоёрт ялгаа бий юу?

Friday, December 2, 2011

Ногоон мод сарнай цэцэгсэн дундах ёолк

Би анх удаа гадаадад ёолк тэмдэглэх гэж байгаа юм байна. Цав цагаан цасан дунд өдөртөө хасах 15 шөнөдөө хасах 28 хэмийн тас няс хийсэн жавар дунд л ёолк тэмдэглэдэг байлаа. Тэгсэн энд яаж байна, нов ногоон модон дунд эсвэл сарнай цэцгийн бутан дунд зассан ёолкны мод харахаар ерөөсөө нүдэнд бууж өгөхгүй юм. Бас хүмүүс нь малгайтай цамц шорттой гүйлдээд байхаар хажууд нь зузаан улаан  дээлтэй Санта клаус хүртэл сонин харагдаад байх юм. 
Түүнээс гадна гэртээ хөлдөж үхэхнээ. Энэ Японд амьдардаг хүмүүс гэртээ яаж өвөлждөг юм бэ? Би ёстой Монголд даараагүйгээрээ энд ирээд даарч байна. Гилийн хатан эгч уг нь надад эсгий углааш ноосон өмд ноолууран цамцтай ирээрэй гэсэн юм. Авчирсан л даа, гэхдээ арай хангалтгүй байнаа. Нөгөө халаагуурыг нь залгах юм, жаахан байж байгаад толгой өвдөөд бас цахилгааны мөнгө хэд гарч байгаа бол гэж бодоод унтраагаад хаячихна. Түүнээс гадна манай хүн энэ халаагуурыг байнга ажиллуулбал алергитай болдог, хүүхдэд муу гээд ажиллуулах дургүй байх юм. Үнэн юм болов уу? 
Японд амьдардаг хүмүүсээ, та нар ер нь яаж өвөлждөг юм бэ?