Thursday, December 26, 2013

Шүдний эмнэлэг

Японд хүүхдийнхээ шүдийг хорхойтуулчихаад шүдний эмнэлэг дагуулж явж байвал арчаагүй ээж гэдэг юм гэсэн. Би 2 хүүхдээ дагуулаад шүдний эмнэлэг явсөөн явсан. Манай охин л би дахиж шүдний эмнэлэг явмааргүй байна шүдээ сайн угааж байя гээд байсан юм. Ангийнх нь хүүхдүүд дотор шүд нь хорхойтох байтугай шүдний эмнэлэгт орж үзээгүй хүүхэд зөндөө байдаг юм гэсэн /япон анги/. Сургууль дээр нь эмчийн нэгдсэн үзлэг ирээд сургуулийн бүх хүүхдүүдийг хамруулахад манай 2 хоёулаа шүд нь хорхойтой гэсэн бичиг ирсэн. Би их ичиж билээ. Яанаа тэр сургуульд явж байгаа 750 хүүхдээс аягүй л бол зөвхөн 2хон монгол хүүхдийн шүд л хорхойтсон гарсан байх даа гэж хичнээн санаа зовсон гээч.
Монголд харин япон явахаасаа өмнө зөндөө шүдний эмнэлэг явж байлаа, бас тэнд дүүрэн хүүхдүүд сууж байх юу ч биш л байдаг байж билээ. Одоо бид 3 бас л шүдний эмнэлэг явах асуудал гарчихаад гэнэт санаанд ороод үүнийг бичиж сууна. Арчаагүй ээж царайлаад хүүхдээ шүдний эмнэлэг дагуулаад явъя даа.

Wednesday, December 25, 2013

Хийх ажлын санаанууд

- Энэ хогны уут гэж 3 тэрбум төгрөгөөр нэг том далбайсан уут хийж тарааж байхаар шууд л "Хогоо 2 ангилна, шатдаг ба дахин боловсруулах. За шатдаг хогонд ийм ийм юм орно, шатдаггүй дахин боловсруулах хогонд ийм ийм юм орноо" гээд л сайхан зар сурталчилгаа ухуулга сэнхрүүлгийн нэвтрүүлэг, тв мэдээ, сонин хэвлэл гээд хүнд хүрч болох бүх юмаар рекламдаад тайлбарлаад өгсөн бол өдийд бид нар хогоо ялгаж сураад түрүүчээсээ хэвшиж байхгүй юу. Тэр муу үнэгүй далбайсан уутанд хогоо хийж хаясан хаяагүй тэртэй тэргүй бид нар ямар нэгэн уутанд л хогоо хийж гаргаж хаядаг биз дээ.
- Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлын нэгдсэн сан үүсгэмээр байх юм. Ядаж агаарын бохирдлын том том хянах самбарууд энд тэндгүй байрлуулдаг юмуу яадаг юм. Тэгээд тэрэн дээр нь тийм тийм үзүүлэлтүүд энэ цэг дээр ийм ийм байна гээд гарч байдаг. Хотын захиргааны харьяа ч юмуу нэг тийм онлайн нэгдсэн database-тэй, тэнд нь өдөр тутам орчны шинжилгээний мэдээ update болж байдаг, "За манай энэ хавийн хөрсөнд хартугалгын агууламж хэдий үед хэдий хэмжээтэй байж вэ, байна вэ" гээд харж болдог нэг тиймэрхүү мэдээллийн сан үүсгэмээр юм.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг бүр хүнд ялаар шийтгэвэл зохино. Эсвэл одооноос нийгэм даяараа эрэгтэй хүүхэд эрчүүдийг хүмүүжүүлэх сургах боловсруулах том аян зохиодог ч юмуу. Иш энэ хэдэн эмэгтэйчүүд хартай сэтгэцийн өвчтэй нөхрийнхөө гарт алуулаад дууслаа. Түрүүчийн 21 настай эмэгтэй найз залуудаа 2 өдөр зодуулж нас барсан мэдээнд цочирдож дуусаагүй байтал дахиад бас нэг эмэгтэй 2 хүүхдийнхээ нүдэн дээр нөхөртөө 4 цаг зодуулж нас барсан аймшигтай мэдээ гараад эхэллээ. Урьд нь бас нэг эмэгтэй хартай нөхөртөө гудамжинд хутгалуулж нас барсан, нэг эмэгтэй хартай нөхрөөсөө сална гэсний төлөө өнөөх нь шүүхийн шйидвэр гүйцэтгэгчийн аминд хүрсэн. Гэх мэтээр илэрч олонд ил болж байгаа нь энэ. Гэтэл цаана нь хичнээн эмэгтэйчүүд хүүхдүүд ууртай нөхөр согтуу ааваас айж бэмбэгнэн салъяа салж чадахгүй бие сэтгэлийн зовлон эдэлж амьдарч байгаа юм бүү мэд. Иргэнээ боловсролтой болгоё, ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг сургуулиас гаргадагаа больё.  Тэгээд бүх хүүхдийг хайрлаж хайранд умбуулж өсгөе. Хайрлуулж өссөн хүүхэд хүнийг хайрлаж сурдаг юм гэсэн.
- 10 жилийн сургуулийн сургалтын тогтолцоог бүрэн үндсээр өөрчилж, багш нарын цалинг нэмж, хүүхдүүдэд сайн суурь боловсрол эзэмшүүлье. Би урьд нь энд бичиж л байсан даа. Олон улсын боловсролын үнэлгээгээр манай улсын 10 жилийн сургуулиад F үнэлгээ авсан байнаа гэж. Яг тэр чинь дахиад л давтагдаж. Улсын хэмжээнд 320 сургуулийн 35,000 хүүхдээс ерөнхий эрдмийн шалгалт авсан чинь 50% нь F буюу муу гэсэн үнэлгээ авчээ. Энэ хүүхдүүд чинь манай улсын ирээдүй шдээ хө. Нийт масс нь ийм байхаар бид нар дэлхий сөнөнө гээд гүйлдээд байлгүй яах юм бэ. Тийм учраас суурь боловсролыг маш сайн сургадаг болгомоор байна.
- Бас нэг чухал юм бол. Гунан үхрийн эвэр тас хөлддөг ийм айхавтар өвөл болдог улс байж байж, ёолк тэмдэглээд ууж идсэн нэгэндээ санаа тавьдаг баймаар байнаа. Нөхөр чинь ёолкондоо явсан бол эхнэр нь тос яадаг юм, эхнэр чинь явсан бол нөхөр нь заавал очиж ав. Үр хүүхэд аав ээж чинь албан газрын энээ тэрээ ёолкны баяртаа явсан бол заавал очиж тосч ав, нөгөөдөх нь ч за одоо гарлаа ирж ав гэж ярь. Алийн бүгд жил бүрийн ёолкоор палаажтай хүүхэн хөлдөж үхсэн байна, шилдэг ажилтны шагналтайгаа гэрийнхээ гадаа ёолкноосоо тарж ирээд хөлдөж үхжээ гэдэг муухай мэдээ унших юм бэ. Хөөрхий тэр залуу 30 гаруйхан настай 3 хүүхдийн аав байсан гэсэн. Хайран сайхан хүмүүс. Хичнээн харамсмаар санагдав аа.

Одоохондоо санаанд орж байгаа нь эд нар байна.

Tuesday, December 17, 2013

Сонин сайхан

Ирснээсээ хойш 3 дахиа ханиад хүрч байна. Хамгийн эхнийхийг нь аймаар хүнд туссан. Бүр ойрд халуурч үзээгүйгээрээ үзэв. Хамгийн сүүлд хөхүүл байхдаа хөх хавдаад халуурч байсан санагдаад байх юм. Бас манай охины хоолой өвдөөд 39.8 хүртэл халуурч рекорд тогтоов. Би охиноо сахиж 3 шөнө нойргүй хоносон чинь өөрөө ядраад өнөө тууралт нь гараад ккк. Хүүхэд өвдөх үнэн хэцүү шүү. Өөрөө л оронд нь өвдөж баймаар байдаг юм. Халуураад амьсгаадаад тийчлээд байгаа хүүхдээ харсан эх хүн яаж унтахав дээ тийм ээ. Японд ганц ч удаа өвдөөгүй хүүхэд ирэнгүүтээ хоолой нь өвдөж сандаргадаг байна шүү. Одоо манай хүү нээх аймаар мэнгэртэй өвгөн шиг пар пар гээд л ханиалгаад яваад байна. Утаанаас л болж байх шиг байна.
Манай хүүхдүүдийн хувцас их нимгэдээд байх шиг байнаа. Урьд нь чукча шиг л хувцаслаад пөөнийсөн пөөнийсөн юмнууд бараг өнхөрч явдаг байсан юм шиг байна. Арай ч ийм зузаан юм өмсөхгүй байлгүй дээ, яаж өмсдөг байнаа гэж бодогдоод байдаг болчихож. Тэгтэл өмсөх л ёстой юм байна л даа.
Манай улс бол нээрэн арай л дэндүү аймшигтай хүйтэн хуурай хахир хатуу цаг агаар уур амьсгалтай газар юмаа. Бидний монголчууд ийм хүйтэн газар энэ зэрэгтэй ингээд тэсээд амьдраад байгаа нь ёстой нээрээ үндэсний бахархал ч юм шиг санагдаж байна шүү. facebook дээрээ одоо байгаа цаг агаарын мэдээ температурын зургийг тавихаар манай өнөө халуун орны хэдэн найзууд мэл гайхаад цэл хөхрөөд бүр хоорондоо share хийж бие биедээ үзүүлээд байна шүү дээ цаана чинь хэхэхэ. Тэгэхээр нь та нарт 3-4 есийн хасах гуч хүрч байгааг үзүүлнээ гэсэн юм, итгэж ядаад байна лээ.
Утаа бол нээрэн арай арай арай л дэндүү бүр гамшгийн гэхэд гамшиг болчихжээ. Одоо бүр эмч нар жирэмсний эхний 3 сарыг өвөл биш байхаар зохицуул, тэгэхгүй бол гажигтай болон амьгүй ургийн тоо утааны хэмжээтэй яг шууд пропорциональ хамааралтай байна гэдэг болсон байна шдээ. Аймшигтай юмаа. Оройд цонхоо онгойлгохоор өөдөөс шууд аймаар хоолой хорсгосон угаар үнэртээд бушуухан буцаагаад хаадаг болсон.
Ажилд ороогүй л байна. Мань мэт шиг хэт нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүст манай нөхцөлд таарч тохирох ажил олддоггүй нэг проблем намайг ч тойрохгүй шинжтэй.  Манай найз намайг юу гэсэн гээч "Чи одоо ийм сайхан нарийн юм сурч ирчээд өөрийгөө үнэд хүргэж борлуулж чадахгүй. Яваачээ гадуур явж биеэ үнэлээч, гэртээ суугаад байх юм" гэсэн шдээ хахаха. Өөрийгөө магтана гэхэээр надад их хэцүү байдаг юмаа. Яаж зүгээр суухав, нэг зөвлөгөөний хувийн компанид зөвлөх хийж байгаа, орон тооны бус.
Хүү маань 1р ангид ороод монголоор уншиж бичиж сурах гэж бөөн л юм болж байна. Япон үсгийг жигтэйхэн хурдан цээжлээд уншдаг болчихсон байсан чинь монгол үсгээ их удаан цээжлээд байх юм. Нэг сургуульд оруулсан чинь сургуулиа голоод, тэгээд эгчийнх нь сургуульд орон тоо байхгүй байхад нь гуйж байж бараг хүчээр л оруулчихсан. Монголд сургууль гэж бас бөөн асуудал байнаа. За тэр талаар тусд нь бичлэг оруулъя.
Энд тэнд ёолк болох гээд жигтэйхэн наастртай байх шиг байна. Ёолкоор гэртээ ёстой зад сайхан тэмдэглэнээ. Манайхан ёолкыг хувь хувсгалаараа нийлээд ёстой сайхан урамтай тэмдэглэдэг улс шүү. 2 жил Японд ёолк тэмдэглээгүй, үгүйлсэн гэж яаваа. Манайх ёолкоо засаад, хүүхдүүд бөөн баяр. Таньдаг мэддэг найз хүүхнүүдийн хэр гоё болохыг харж баясъя. Та нар ч гэсэн сайхан баярлаарай. Баяр ёслолоор хүн сайхан баярлаж стрессээ тайлж амьдралын сайн сайхныг мэдэрч байх ёстой юм гэж байна лээ шүү.

Thursday, December 12, 2013

Knockout

Манай улсын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нокаутанд орлоо. Одоо тэгээд манараанаасаа гарах гээд Монгол ТВ рүү бүгд нийлэн дайрч давшлав. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг л юм болж байна. Монгол ТВ манай Монгол улсын хэвлэл мэдээлэл өнөөдөр яг ямаршуу байр байдалтай байгааг илчлээд өглөө. Арай ч дээ энэ олон телевизүүд сонин сайтууд бүр ганц нь ч ганц хүн нь ч "Энэ чинь яасан сонин юм бэ? Үүнийг шалгаад үзээдхэе" гэж бодоогүй, бодохыг ч хүсээгүй байгаа юм. Бүр төрөөс санхүүждэг, улс даяар цацагддаг Үндэсний тв нь хүртэл мэдээгээрээ уншсан гээд л бод.
Юу болсон бэ гэхээр Монгол ТВ-гийн мэдээний албаныхан "McDonalds манай улсад ирэх оны 1 сарын 1нд нээгдэнэ, McMutton гэдэг бургер танилцуулна, нээлтийн өдрөө үнэгүй тараана" гэх мэтээр бичгийн цаасны 1/4 хэмжээтэй мэдээг монголын урдаа барьдаг хэдэн тв-гийн мэдээний цагаар, сонингуудын тэргүүн нүүрэнд, хамгийн их хандалттай мэдээний сайтуудын тэргүүн мэдээнд мөнгө төлж тавиулсан байгаа юм. Бүгд тавьсан, гаргасан, зарласан. Гэхдээ энэ бол худлаа мэдээ байсан байна. Энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагаас ядаж ганц хүн ч гэсэн хэвлэн нийтлэхээсээ өмнө үнэн эсэхийг нь "зүгээр хувиараа сонирхоо ч үгүй" байна.
Үүнээс юу гэж харагдаж байна гэхээр нэг мөнгөтэй нөхөр үзэн яддаг хүнийхээ эсрэг ямар ч мэдээ мэдээллийг ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулж нэр төрд нь халдаж болох нь. Өнөөдөх нь тэгээд мянган удаа худлаа гэж орилсон ч нэгэнт худлаа мэдээллийг нийгэмд тараачихсан болохоор өөрөө бас мөнгө төлж би буруугүй гэж төлбөртэй мэдээлэл гаргуулдаг юмуу яадаг юм. Харин тэр тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь огт ял зэм хүлээхгүй "Төлбөртэй мэдээ шдээ хө, төлбөрөө төлсөн газар нь мэдээллийн үнэн худалд хариуцлага хүлээнээ" гээд сууж байх жишээний. Хэрвээ бүр үнэхээр хариуцлага хүлээмээргүй байгаа юм бол төлбөр төлсөн эх сурвалжийг тухайн төлбөртэй мэдээнийхээ доор дурьдаж байвал таарна. Монгол ТВ ийм үйлдэл хийж байгаа нь үнэхээр зоригтой магтууштай боловч өөрсдөө хэрвээ ийм төлбөртэй мэдээ орж ирсэн бол шалгаж байгаад эфирээрээ нэвтрүүлэх байсан болов уу. Хэрвээ шалгаж байгаад гаргадаг бол ёстой молодец, эр хурга.
Цаашилбал гадаадын ямар нэг PR байгууллага манай улсын хэвлэл мэдээллээр дамжуулан нийгмийн тархи сэтгэл зүйг угаах бүрэн боломжтой нь харагдаж байна. Хэвлэл мэдээлэл төлбөртэй гэдгээр халхавчилж юуг ч тодруулж шалгалгүй шууд чөлөөтэй нийтэлж нэвтрүүлж болдог юм бол бид ямар ч нийгмийн дархлаагүй болчихож байгаа байхгүй юу.

Wednesday, December 4, 2013

Сүнс

Би ер нь элдэв сүнс хий үзэгдэлд итгэдэггүй, заавал шинжлэх ухаанч талаас нь боддог их реалист хүн л дээ. Гэхдээ бас миний мэддэггүй юм хүний амьдралд тохиолддог л юм байна. Намайг монголд очоод толгой эргэчихэж гэж битгий бодоорой. Зүгээр тохиолдсон явдлаа л бичиж байна шүү.