Thursday, November 28, 2013

Ажлын байрны талаар

Дотоодын компаниудад менежмент гэдэг зүйл бараг л байхгүй байна шүү дээ. Зохион байгуулалт муу, том захирал нь бүх юманд нь оролцоно, хэл ам ихтэй, ах дүү нарын бөөгнөрөл, хүнийг яг чадвараар нь бус хэр их долигонож байгаагаар нь дүгнэдэг, шударга шүүмжлэл хүлээж авдаггүй, захиргааг шүүмжилбэл халагдах магадлал бараг 100%, цалин муу, нэмэгдэх магадлал бараг байхгүй, хүмүүс нь тогтвор суурьшилтай ажилладаггүй, хүний хийсэн ажлыг үнэлдэггүй гэх мэт. Хамгийн наад захын жишээ гэхэд ажилд горилогчийг огт хараагүй юм байж шууд хүйсээр ялгаварласныг би урьдны бичлэгтээ хэлсэн дээ. Гэхдээ хөөрхийс минь ажлын байр үүсгээд татвараа төлөөд энэ улсын эдийн засгийг чирээд явж байгааг нь магтууштай шүү.
Гадаадын байгууллагын нэг авууштай сайхан зүйл нь тухайн хүн хийх ажлаа л хийнэ, хэн ч ажилд нь оролцоод байхгүй, менежмент маш сайн, хэл ам хов жив бараг л байхгүй, ажлаа сайн хийдэг чадвартай тохиолдолд тушаал дэвших цалин бонус нэмэгдэх магадлал маш өндөр, хүнийг яг л чадвараар нь үнэлдэг гэх мэт.
Гадуур зарлагдаж байгаа ажлын байрыг харж байхад санхүүгийн тооцоо хийх, мөн юм зарж худалддаг талын ажлын байрууд бараг 70% эзэлж байна. Үлдсэн хувь нь хүний нөөцийн менежер мөн барилгын инженер. Яг нарийн мэргэжлийн техник технологийн ажил бол бараг л байхгүй /уул уурхайн ажлыг л эс тооцвол/. Тэгээд манай дотоодын компаниуд яг нарийн мэргэжлийн ажлын байрыг маш доогуур үнэлэх юмаа. Нэг хувийн компани үйлдвэрийн технологичид 1,200,000 харин захирлын туслахад 1500,000-н цалин амласан байх жишээтэй.
Харин гадаад компани байгууллагад дандаа санхүүгийн талын хүмүүс л хэрэг болсон байх юм. Аргагүй дээ манайд ирж ямар үйлдвэрлэл хийж байгаа биш, ямар нэг юм авчирч зарж байгаа болохоор зүгээр тэрийг нь сайн тоолоод тооцоолоод өгөх хүн л хэрэгтэй байдаг байх.
Гадаадаас ирээд ажил хайж буй хүмүүсийг ажилд зуучилж өгдөг зөндөө газрууд бий болжээ. Mongolia Talent Network, JDA Applus, CAML гэх мэт. Энэ газрууд ажилд зуучилж оруулж өглөө гээд огт үнэ хөлс авдаггүй юм байна, харин цаад ажил олгогч газруудаас сайн хүн олж өгсний хөлс гэж авдаг юм байна лээ. Тийм учраас эд нарт сайн боловсролтой, чадвар сайтай хүн их хэрэгтэй байдаг юм байна.

3 comments:

Piglet said...

Гайгүй сайн ажил хийчихвэл хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт ярьж явах дарга нар бас их байгаа даа.
Мэдээлэл өгсөнд баярлалаа!

Номинговь said...

Монголдоо ирчихсэн үү? За тэгээд нэг ажил төрөлд ороод, сургууль соёл жигдрээд ирэхээр гайгүй болно доо ;) Good Luck!

B said...

Удаан ч гэсэн алхам алхамаар өөрчлөгдөөд л байна. Хүмүүсийн сэтгэхүй ч гэсэн. Мэдээж тэгэж хурдан биш л байх. Гэхдээ сайхан болно гэдэгт харин итгэж байна шүү. ^^