Wednesday, August 15, 2012
Харри Поттер-1
Харри Потер ба Гүн ухааны Чулуу
I бүлэг
Амьд явах хувьтай хүү
Прайвет Драйвын 4 тоотод аж төрдөг Дарслигийнхан өөрсдийгөө их л энгийн улс гэж бахархан ярьдаг юм. Гэвч тэд нэгэн нууцлаг зүйлтэй холбоотой гэдгээ яахин мэдэх билээ.
Ноён Дарсли бол “Гранинс” хэмээх өрөмдөгч машин үйлдвэрлэдэг нэгэн компанийн захирал хүн. Тэрбээр богинохон хүзүүтэй, хүчирхэг лагс биетэй, бавайсан сахалтай эр билээ. Харин хатагтай Дарсли бол туранхай, цайвар шаргал үстэй бөгөөд ердийн хүнийхээс хоёр дахин урт хүзүү нь цэцэрлэгийн хашаан дээгүүр өнгийн, хөршүүдээ тандан харж, цагийг зугаатай өнгөрүүлэхэд тун ч нэмэртэй байдаг аж. Дарслигийнхан өөрсдийнхөө бодлоор бол “хаа ч байхгүй сайн”, Дадли хэмээх нэгэн бяцхан хүүтэй.
Энэ айлд дутах зүйл үгүй боловч гагцхүү чандлан хадгалдаг нууцыг нь хэн нэгэн мэдчих вий гэхээс жигтэйхэн их айдаг юм. Тэд тийнхүү чандлан хадгалаад байдаг Потерийнхны нууцыг дэлгэх, хожмын дуулиант явдлуудын лай зовлон өөрсдөд нь ирнэ гэж одоогоор зүүдлээ ч үгүй байгаа билээ. Хатагтай Потер бол хатагтай Дарслигийн дүү. Тэд нэлээд хэдэн жил уулзаагүй яваа юм. Үнэн хэрэгтээ, Дарслигийнханд огтхон ч таалагддаггүй тэр дүү, түүний нөхөр хоёр бол өөрсөд шиг нь энгийн хүмүүс биш учир хатагтай Петуниа дүүгүй мэт дүр үзүүлдэг байв. Тэдэнд ингэх нь ч дээр ажээ. Дарслигийнхан Потерийнхныг энэ гудамжинд нүүж ирвэл хөршүүд юу гэж бурцгаах бол гэхээс хамаг бие нь арзайдаг билээ. Потерийнхон бас нэгэн жаахан хүүтэй гэдгийг тэд мэдэх боловч, хүүг нь хэзээ ч харж байсангүй. Яагаад гэвэл Дарслигийнхан Дадлигаа тэдний хүүтэй хамт байлгахыг огтхон ч хүсдэггүй байлаа. Тэр нь ч Потерийнхноос хол байх бас нэг шалтгаан болдог байжээ.
Ердийн л нэгэн бүүдгэр мягмар гаригийн өглөө тэднийхнийг нойрноос сэрцгээхэд доор өгүүлэх хачин түүх эхэлсэн билээ. Тэр өглөөний үүлтэй тэнгэр ч улс орон даяар нь удахгүй ямар нэгэн нууцлагдмал, хачирхалтай явдал тохиолдох болно гэдгийг даанч нэг ёрлоогүй байсан юм. Ноён Дарсли амандаа дуу аялсан шигээ нөгөө л зангиагаа зүүж байх зуур хатагтай Дарсли уйлж буй Дадлиг сандалд нь суулгаад, нөхөртэйгөө энд тэндхийн хов сүнгэнүүлж байв.
Тэдний хэн нь ч цонхны цаагуур асар том шар шувуу нисэн өнгөрөхийг анзаарсангүй.
Найм хагас болоход ноён Дарсли цүнхээ аваад, эхнэрийнхээ хацар дээр үнссэн болов. Тэгээд хүүгээ үнсэх гэсэн боловч Дадли уурлачихсан, будаагаа самардан хана руу цацаж байсан тул чадсангүй. Аав нь хүүгээ “Зүггүй бяцхан моньд!” гэчихээд гарлаа. Дарсли машинаа асаагаад Прайвет Драйвын төв замд нийлэв.
Гудамжны буланд ирмэгцээ л тэрбээр анхныхаа хачин юмыг олж харлаа. Нэгэн муур газрын зураг уншиж байх нь тэр! Тэрхэн агшиндаа ноён Дарсли юу үзэж байгаагаа сайн ойлгоогүй тул гайхсандаа дахин эргэж харлаа. “Прайвет Драйв”-ын буланд нэгэн судалтай муур сууж байх боловч, түрүүчийн үзэгдсэн газрын зураг ер харагдсангүй.” Энэ чинь юу болж байна аа? Гэрлийн хуурмаг үзэгдэл л харсан юм байх даа!” гэж бодсоор ноён Дарсли муурыг нүдээ цавчлан байж лавлан харлаа. Өнөөх муур ч гэсэн өөдөөс нь харж байв. Ноён Дарсли булан тойрч, зам өөд өгсч явахдаа муурыг толиндоо дахин харав. Гэтэл тэр одоо болохоор “Прайвет Драйв” гэсэн тэмдэг зургийг уншиж байх юм гэнэ! “Үгүй ээ, тэмдэг рүү харж байна. Муур газрын зураг, бас тэмдэг дээрх бичээсийг уншиж чадахгүй шүү дээ”. Тэрбээр толгойгоо сэгсэрч, муурыг бодлоосоо авч хаяхыг оролдлоо. Дарсли хот руу давхиж явахдаа өнөөдөр орж ирэх ёстой өрөмний машины томоохон захиалганаас өөр юм бодсонгүй.
Гэвч хотын захад хүртэл захиалганы тухай бодол нь нэгэн зүйлээс болоод сарничихлаа. Өглөө болгон л тохиолдож байдаг замын түгжрэлд саатах зуураа, ноён Дарсли хачин жигтэй хувцас өмсөцгөөсөн хүмүүсийг анзаарахгүй байж чадсангүй. Тэд бүгд л эртний нөмрөг нөмөрчээ. Ийм хөгийн хувцас өмсчихөөд, ичих ч үгүй явцгааж байгаа нь түүнд хачин санагдаж байлаа. “Залуу болж харагдах гэж ядсан ч юм шиг! Эсвэл ийм загварын хувцас шинээр гарч ирсэн юм болов уу?”. Дарсли жолооны хүрдээ хуруугаараа тогшингоо, эргэн тойрондоо зогсч буй тэр хачин хүмүүсийг харж байлаа. Тэд өөр хоорондоо баяртай нь аргагүй шивнэлдэн ярилцана. Ноён Дарсли тэдний дунд зогсох, өөрөөс нь насаар ах хосыг хараад дургүй нь хүрлээ. “Тэд ийм настай улс мөртлөө яагаад маргад мэт ногоон өнгийн нөмрөг нөмөрсөн юм бол? Дургүй хүрмээр юм!” Гэнэтхэн ноён Дарслид энэ этгээд хувцастай хүмүүс ямар нэгэн зүйлийн төлөө цуглараад байгаа юм шиг санагдав. Яг л тийм болж таарлаа. Удалгүй замын хөдөлгөөн сийрч, хэдэн хормын дараа гэхэд ноён Дарсли “Гранинс” компанийнхаа машины зогсоолд хүрэв. Тэр эргээд л өнөөх өрөмний машиныхаа тухай бодож гарлаа.
Тэрбээр есдүгээр давхарт байдаг албан өрөөндөө дандаа л нуруугаа цонх руу харуулж суудаг билээ. Хэрэв тэгж суудаггүй байсан бол ноён Дарсли тэр өдөр шар шувууны сүрэг гэгээн цагаан өдрөөр хотын гудамжаар хэрэн нисч, хүмүүс тэднийг хуруугаараа заан, нүдээ бүлтийлгэн, амаа ангайлган ширтэж байхыг анзаараад, юун өнөөх өрөмний машинаа бодох манатай болох байлаа. Ер нь шар шувууг өдрийн цагаар битгий хэл, шөнө дөлөөр ч харсан хүн тэр болгон байдаггүй дээ. Хэдийгээр гадуур тийм хачин зүйл болж байсан ч, ноён Дарслигийн тав тухыг тэрхүү шувуун сүрэг алдагдуулж амжаагүй байлаа. Тэрбээр хэд хэдэн чухал хүнтэй утсаар ажил төрөл ярина. Тэр, гадаа байгаа хүнд ч сонстмоор чанга чанга хашгиран ярьж байв. Дарсли үдийн цайны цагаар биеийнхээ чилээг гаргангаа замын эсрэг талд байдаг нарийн боовны мухлагаас бялуу худалдаж авахаар гарлаа. Энэ хүртэл түүний ааш сайхан хэвээр л байв.
Харин мухлагийн ойролцоо явахад нь хажуугаар нь хачин нөмрөгтэй хүмүүс өнгөрөхөд тэрбээр өглөөний зэвүүн явдлуудыг санаж, тэдэн рүү ууртайгаар хялав татавхийв. Ноён Дарсли яагаад ч юм бүү мэд, тэр хүмүүст цухалдаад байлаа. Тэд хөгжилдөн элдэв юм шивнэлдэх авч, Дарсли ганц ч үгийг нь тогтоож чадсангүй. Харин чихрээр бүрсэн том бялуугаа шүүрэх нь холгүй авч, цүнхэлчихээд буцаж явахдаа яриан дундаас нь хэдхэн үг сонсч амжжээ.
-...Потерийнхон, би бас тэгж сонссон...
-Тийм ээ, тэдний хүү Харри!
Ноён Дарсли зог туслаа. Түүний дотор хачин болов. Тэгснээ шивнэлдэж яваа хүмүүст хандан ямар нэг юм хэлэх гэж эргэн хараад ер нь жаахан бодсон нь дээр гэж шийдээд болив.
Дарсли зам хөндлөн гүйж, өрөөндөө яаран ороод, нарийн бичигтээ “Битгий саад болоорой!” гэж хашгирчихаад, харилцуураа шүүрэн авч, гэр рүүгээ залгаснаа гэнэт санаагаа өөрчлөв. Харилцуураа тавьж, сахлаа илээд “Үгүй ээ...” хэмээн бодлогоширлоо. “Потер бол тийм ч ховор нэр биш. Тэдний яриад байгаа шиг Харри гэдэг хүүтэй, Потер нэртэй хүмүүс олон л байгаа шүү дээ” гэж бодов. Бодоод байхнаа Дарсли зээ дүүгийнхээ нэрийг Харри гэдэг эсэхийг баттай сайн мэдэхгүй байлаа. Тэрбээр өмнө нь хэзээ ч тэр хүүг харж байгаагүй юм. “Тэр Харви ч юм уу, Харолд гэдэг нэртэй байж болно шүү дээ! Үүний төлөө дүүдээ дургүй дээр нь нэрмээс болж эхнэрээ зовоох гэж үү? Үгүй ээ!” Дарсли эхнэрийнхээ энэ байдлыг буруутгадаггүй билээ. Хэрэв тэр өөрөө бас тийм дүүтэй байсан бол мөн л ингэж хандах байсан болохоор тэр биз. Гэтэл энэ гайтай нөмрөгтэй хүмүүс...
Дарсли өрөмний машин зашины талаар бодож ч чадахааргүй болжээ. Тэрбээр орой таван цагт ажлаасаа гарахдаа ч хэн нэгэн хүн хаалганы гадаа хүлээж байх вий гэж эмээх зуураа нэгэн атийсан өвгөнийг мөргөж унагачих шахаад:
-Уучлаарай! гэж амандаа бувтнав. Гэтэл яасан гээч! Өнөөх өдрийн олж харсан нил ягаан өнгийн нөмрөгтэй хүн мөн байлаа. Тэр өвгөн ойчих шахсандаа ер эмзэглэсэнгүй. Харин ч царайд нь зөөлөн инээмсэглэл тодрон, хажуугаар өнгөрсөн хүмүүсийн анхаарлыг татам часхийсэн дуугаар “Уучлалт гуйх хэрэггүй дээ, эрхэм ноёнтон минь! Өнөөдөр миний сэтгэлийг зовоох зүйл огтхон ч алга. Бид ЧИ ХЭНИЙГ НЬ МЭДНЭ-ийг сүүлчийн замд нь үдээд маш их баяртай байна. Чам шиг маггличууд /илбэ шидгүй, эгэл хүмүүс/ энэ баярт, сайхан өдрийг тэмдэглэх хэрэгтэй” гэж хэллээ.
Тэгээд тэр хөгшин эр ноён Дарслиг нэг сүрхий тэвэрчихээд, яваад өгөв.
Дарсли огт танихгүй хүнд тэврүүлсэндээ цочирдон, газар дээрээ хөшин зогсчээ. “Маггли гэсэн нь юу гэсэн үг юм бол?”. Тэгээд гэнэт ухаан орсон бололтой машин руугаа гүйж, гэр рүүгээ хөдлөв. Хэдийгээр тэр аливаа зүйлийг хийсвэрээр санаандаа ургуулан бодох дургүй боловч, энэ удаад түүнтэй учирсан энэ бүх явдал хий харсан зүйл байгаасай гэж маш их хүсч байлаа.
Дарслиг гэртээ эргэн ирэхэд өглөө харсан өнөөх муур одоо хэр байж байгаа нь нүдэнд нь өртлөө. Тэр хар судалтай муур одоо бүр цэцэрлэгийнх нь ханан дээр сууж байх юм гээч. Муурын нүдийг тойрсон тэмдэг нь өмнөхтэй яг адил байсан болохоор нөгөө муур нь мөн гэдэгт Дарсли итгэлтэй байв.
-Гшш! гэж чанга хашгиран Дарсли муурыг хөөлөө. Муур огт хөдөлсөнгүй, харин ч өөдөөс нь хялалзах шиг болов. Дарсли үүнийг нь жирийн муурын гаргах ааш мөн үү хэмээн гайхсаар гэртээ оров. Тэрбээр эхнэртээ энэ талаар юу ч цухуйлгахгүй гэж хатуу шийдсэн байлаа.
Хатагтай Дарслигийн хувьд өнөөдөр хэвийн, сайхан өдөр болж өнгөрчээ. Тэрбээр оройн хоолны турш хүүгээ “Тэгэхгүй!” гэдэг шинэ үг хэлж сурсныг болон зэргэлдээх хаалганы эзэгтэй, түүний охин хоёрын хоорондын асуудлын тухай нөхөртөө ярьж байлаа. Харин ноён Дарсли бүх юм хэвийн байгаа мэт царай гаргахыг хичээж байв. Тэгээд хоолны дараа хүүгээ оронд нь оруулаад, зочны өрөөнд орж, үдшийн мэдээгээр сүүлийн үед болсон үйл явдлын талаар сонслоо.
“Эцэст нь сонордуулахад, өнөөдөр шар шувуун сүрэг хачин сонин авирласан тухай эл үзэгдлийг үзсэн хүмүүс манай орны өнцөг булан бүрээс бидэнд мэдээллээ. Энэ шувуу нь шөнөөр идэвхжиж, өдөр ичдэг амьтан боловч, харин өнөөдөр зуу, зуун шар шувуу нар мандсанаас хойш гарч ирэн, хаа сайгүй нисч байлаа. Шар шувуу амьдралынхаа хэв маягийг ийнхүү гэнэт өөрчилсний учир шалтгааныг байгаль судлаачид тайлбарлаж чадахгүй байна. Сонирхолтой юм! Одоо Жим Макгаффин цаг агаарын мэдээ танилцуулна. Жим, өнөө орой шар шувуугаар бороо орох нь уу?”
-Тэгэхээр Тед… гэж цаг агаарын мэдээний хөтлөгч хэлээд, “Би тэр тухай сайн мэдэхгүй юм. Харин өнөөдөр ганцхан шар шувуу өдрөөр нисч сонин үзэгдэл үзүүлсэнгүй. Кэнтээс холгүй газраас өөрсдийгөө Йоркшайр, Данди гэж танилцуулсан хоёр үзэгч утсаар “Өчигдөр цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлсэн боловч түүний оронд одон бороо орлоо” гэж мэдээллээ. Гэхдээ энэ тохиолдлыг иргэд түүдэг галын наадмаа эрт тэмдэглэснээс үүдсэн гэж бид үзэж байгаа. Харин өнөө шөнө ямар ч байсан хур тунадастай гэдгийг би хэлж чадах байна!”
Ноён Дарсли сандалдаа суусан чигээрээ хөшчихлөө. Бүх Англи улс даяар од харвалаа гэнэ үү? Бас шар шувуунууд өдрийн цагаар ил гарч, нислээ ч гэх шиг? Тэгээд энэ нөмрөг нөмөрсөн хачин хүмүүс газар сайгүй байдаг? Бас Потерийнхны тухай нөгөө шивнээ яриа...
Энэ үед Хатагтай Дарсли хоёр аяга цай барьсаар зочны өрөөнд орж ирэв. Эхнэрт нь таагүй санагдах ч гэсэн тэрбээр энэ талаар ямар нэг юм түүнд хэлмээр байлаа. Тэгээд сэтгэл зовонгуйгаар хоолойгоо засаад,
-Петуниа, хонгор минь, чи сүүлийн үед дүүгээсээ сураг ажиг сонссон уу? гэж асуув.
Түүний таамагласнаар болж, эхнэр нь маш гайхсан бас дургүйцсэн янзтай нөхөр рүүгээ харав.
-Үгүй ээ гэж тэр товчхон хариуллаа. “Яасан?”
“Мэдээгээр хачин балай юм яриад...” хэмээн ноён Дарсли амандаа бувтнав. “Өнөөдөр шар шувуу... бас од харваж...хотоор дүүрэн инээд хүргэм хувцастай хүмүүс цувраад л ...”
-Тэгээд юу гэж? гэж хатагтай Дарсли омогдов.
-Зүгээр л би бодохдоо... магадгүй ... энэ ямар нэгэн зүйл ... түүний талаар ...чи мэднэ шүү дээ ...
Дарсли хатагтай хошуугаа цорвойлгон цайгаа оочлон ууна. Ноён Дарсли “Потер” гэдэг нэрийг сонссоноо хэлж чадалгүй хэсэг тээнэгэлзэв. Харин чадахаар нь “Тэдний хүү Дадлигийн үеийнх билүү?” гэж асуулаа.
-Тэгж таамаглаж байна гэж хатагтай Дарсли залхсан янзтай дуугарав.
-Түүний нэр хэн билээ? Ховард билүү?
-Надаас үүнийг асууж байгаа юм уу? Харри гэдэг жирийн л, хаа сайгүй л тохиолддог, уйтгартай нэртэй шүү дээ.
Дарсли эхнэрээсээ үүнийг асуусандаа айн, зүрх нь аймшигтай цохилон “Өө, тийм л дээ” гэж даруйхан хэллээ.
Тэрбээр шатаар өгсөн унтахаар явж байхдаа дахин энэ талаар ганц ч үг дуугарсангүй. Эхнэрийгээ угаалгын өрөө рүү ороход, Дарсли унтлагын өрөөний цонх руу очин, өмнөх цэцэрлэгийг ажиглав. Муур өнөө газраа байсаар л байх аж. Тэрбээр “Прайвет Драйв” руу ширтэн, ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа бололтой.
Ноён Дарсли хий хоосон юм төсөөлөөд байна уу? Энэ болоод байгаа явдлууд Потерийнхонтой ямар нэг байдлаар холбоотой юм болов уу? Хэрвээ холбоотой бол...эцсийн эцэст энэ бүхнийг тэдэнтэй холбоотой болно гэж тэр даанч төсөөлсөнгүй.
Дарслигийнхан орондоо орлоо. Хатагтай Дарсли тэр дорхноо унтаад өгөв. Харин нөхөр нь сэрүүн, элдвийг бодон толгойгоо гашилгаж эргэж хөрвөөн хэвтэнэ. Энэ бүх явдал Потерийнхонтой холбоотой байлаа ч гэсэн өөрсөдтэй нь хамаарах ямар ч шалтгаан байхгүй гэдэг бодлоор тэр сэтгэлээ тайвшруулан унтах гэж оролдов. Петуниа, тэр хоёрыг өөрсдийнх нь тухай ямар бодол тээж явдгийг Потерийнхон сайн мэдэх билээ. Хэдхэн цагийн дараа болох үйл явдлаас болж тэрбээр эхнэрийнхээ хамтаар энэ бүх явдалд хэрхэн холбогдохоо төсөөлөх ч үгүй байлаа.
Labels:
Мэдлэгт
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
чи өөрөө орчуулж байгаа юм уу?
би нэтээс татаж, монголоор нь уншсан. Тэр Орос эхээс орчуулсан орчуулга нь байсан
Өө энэ бараг 10 жилийн өмнө орчуулж байсан юмаа. Одоо эргээд харахад бас засах юм их байна даа.
Hey, baharhaj bna, asuultiinhaa hariug avlaa, mongol orchuulga bdag gej medsengui yavjee. Manai zaluus mundag shuu!
Ottawa
Нараа та энэ блогоо ажиллуулж байна уу? хэрэв ажиллуулж байгаа бол монгол зохиол дээр хамтарч болох уу? хэрэв захидал уншвал battushig.bayanjargal@gmail.com бичээрээ.
Post a Comment