Saturday, April 28, 2012

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн

Гоо сайхны зарим бүтээгдэхүүн дээр SPF50/ PA +++ гэх мэт тэмдэглээ байдаг, та үүнийг юу гэсэн утгатай болохыг бүрэн дүүрэн мэдэх үү? Ямар ч байсан нарнаас хамгаалах юм байна гэж ойлгодог гэж ээж маань хариулж байсан. Тийм ээ зөв зөв. 

Нарны туяа

Зун болж байна. Нарнаас хамгаалах хэрэгтэй болж байна. Бага байхдаа л хамаг хувцсаа тайчиж хаяад нар борооноос айхгүй гүйлддэг байж дээ. Одоо ч наранд их борлож болохгүй, бороонд норж болохгүй л гэдэг болж. Наранд борлох чинь их учиртай. Гоо сайхан талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч тэр. Гол нь нарнаас ирж буй туяанд их учир байгаа юм.

Monday, April 23, 2012

Усанд уран илэрсэн гэв үү

Өчигдрийн сонины дугаар дээр УБ хотын гүний худгуудад хийсэн шинжилгээгээр ураны хэмжээ байх ёстойгоос 10 дахин их илэрсэн гэсэн байх юм. Уг судалгааг Мичиганы их сургуулийн хэсэг эрдэмтэн манай Анагаахын хэсэг багш оюутнуудтай хамтран хийсэн юм байна. Уг нь ундны усан дахь хүнцэл Arsenal-ын агууламжийг үзэж байгаад санамсаргүй уран үзээдэхсэн чинь маш өндөр гарсан гэсэн байна. Та нар өөрсдөө уншаад үзээрэй.

Гадаадынхан манайд очно гэнэ

Манай гэрт бишээ, манай улсад. Нэг Австрали оюутан "Чи Монголын хаанаас ирсэн бэ, би ирэх жил танай улсад аялах гэж байгаа. Өөрөө надад юу санал болгомоор байна" гэлээ сая. Бас нэг япон охин намайг эргүүлдээд л байгаа. Ирэх зун найзуудтайгаа танай улс руу явна, яахуу ийхүү л гэнэ.  Бас нэг Эквадор Бельги хоёр оюутан энэ зун Монгол явах гэж байгаа чи Монгол гэлүү гээд баахан юм асууж шалгаагаад байсан.
Үгүй яахав болж л байна шдээ. За тэгээд нүүр ам улайлгамаар юм цөөхөн тааралдаасай л гэж залбирахаас даа. УБ-ын гудамжны хүүхдүүд баарны охидууд хоёр бол аймаар шүү дээ.
Эндээс нэг юм ажиглаж байхад эд нар чинь надтайгаа адилхан оюутнууд. Тэгэхэд ийш тийшээ маш их аялдаг. Бүр жил жилээр нь төлөвлөчихсөн. Хичээлийн амралт болгоноор аль нэг тийшээ аялаад алга болоод өгнө. Хүнтэй сууж гэр бүл зохион суурьшихаасаа өмнө энэ цагаан оюутнууд үүргэвч үүрээд ёстой нэг шавайгаа ханатал зугаалж авдаг юм шиг байгаамаа. Сүүлийн үед Япон Солонгос оюутнууд бас их аялдаг болсон байна лээ. Манай залуус ч гэсэн сайхан татлаа түтлээгүй залуу байгаа дээрээ энд тэндэхийн идэвхитэн гишүүн сайн дурынхан энээ тэрээ болж байгаад ч хамаагүй гадагшаа дотогшоо явж галуу шувууны мах идэж үзэцгээх хэрэгтэй шд.

Monday, April 16, 2012

Сакура

Японд байгаа хүн сакурагийн тухай бичихгүй бол алдас болох байлгүй дээ. Энд ирэхээсээ өмнө хүмүүс сакураг магтан дуулаад байхад нь ойшоодоггүй байжээ. Харин түүний гоо сайхныг өөрөө биеэрээ мэдрээд магтан дуулах үйл ажиллагаанд хувь нэмрээ өргөхөөр шийдлээ. 

Saturday, April 14, 2012

4 сарын 13

Жил бүрийн энэ өдөр зүгээр л хань ижлийн минь төрсөн өдөр байлаа. Энэ өдөр зүгээр л манай гэр бүлийн хувьд онцгой өдөр байлаа. Гэтэл энэ жилээс эхлээд энэ өдөр ганц манай гэр бүлийн ч биш Монголын түүхэнд бас дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх нь ээ. 
Намбарын Энхбаярыг баривчлаад хорьчихжээ. Сонин юм. Цагтаа Монголын шинэ удирдагч мэт тахин шүтүүлж тойрон хүрээлүүлж магтан дуулуулж байсан хүн хэзээ нэгэн цагт тойрон хүрээлж улыг нь долоогоод гүйж явсан нөхдүүддээ шоргоолжинд баригдах цаст уулын цагаан барс мэт бариулах юм гэж бодоо ч үгүй явсан байх даа. АТГ-ынхан барихгүй байж байж байснаа Энхбаярыг 7 сарын 1-ний хурлын протоколыг дэлгэнгүүт нь бөөн цэрэг цагдаа дайчлан гүйлдэж очиж баривчилдаг нь сонин. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын тэргүүнүүдтэй хийсэн тэр хурлын протоколыг эндээс уншаарай сонирхвол. Үйл явдал ч улам сонирхолтой болж байна даа. Өөрийг нь өшиглөөд хөөсөнд өширхсөн Энхбаяр хамтдаа наргиж цэнгэж явсан түүхээ дэлгээд эхэлмэгц айсан өнөө хэд нь түүнийг нэгмөсөн дарж авахаар улайрч эхлэв. Ядаж байхад өнөө Энхбаяр нь яасан ч их өмгөөлөх хамгаалах хүнтэй юм. Тэд нар нь бослого гаргана өлсгөлөн зарлана ч гэх шиг. Ганц Энхбаярыг баривчлах үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн Монгол улс түүхэндээ тодоор бичигдэх өдөртэй болтлоо сонин содон үйл явдал болдог байна шд.
Дэлхийн түүхэнд энэ өдөр бичигдэх болсон учир нь өнөө Хойд Солонгосууд чинь пуужин харвачихаж. Азаар өнөөх нь хөөрөөд удалгүй дэлбэрээд хэдэн хэсэг болоод Өмнөд Солонгосын эргээс 150 км зайд усанд унажээ. Өглөөнөөс хойш энэ Японд J түгшүүр гээч юм зарлаж засгийн газар батлан хамгаалах салбар даяар нь бөөн сандралдсан хүмүүс. Харин тэр пуужин нь сөнөсний дараа  л засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь ард иргэдээ энгийн өдөр тутмын амьдралдаа орж болно гэж хэлснийг бодоход хэрхэн сандарсныг төсөөлж болно. Ердөө ч ойлгохгүй юм энэ Хойд солонгосыг. Америкаас хүнсний тусламж гуйж арайхийж цөмийн хөтөлбөрөө бууруулая хоол авъя оронд нь гэж тохиролцоод бараг маргааш нь л пуужин харвана эцэг удирдагчийнхаа төрсөн өдрөөр гээд солиороод эхэлсэн. Пуужингаа харвачихсан юм чинь хохь чинь өлбөрч үх хоол өгөхөө болилоо гэсэн Америкууд. Аргагүй шд. Ёоо эдний энэ систем нь хэзээ нэг нурж унаж зовж зүдэрсэн ард түмэн нь нуруу тэнийх юм бол доо. Хурдлаасай. 


Thursday, April 12, 2012

Төгс юм гэж үгүй

Токиогийн Их Сургууль нь зөвхөн япондоо төдийгүй дэлхийд нилээн дээгүүр орох их сургууль билээ. Энэ түвшинд үнэлэгдэхийн тулд сургалт үйлчилгээ материаллаг бааз багш эрдэмтдийнх нь чадвар эрдэм шинжилгээний ажлын амжилт ололт гээд их л зүйл нөлөөлдөг бизээ. Тийм ч учраас жил бүр энэ сургуулийг зорин ирэх гадаад оюутны тоо нэмэгдэж байна гэж нэгэнтээ сургуулийн захирал нь хэлж асан. Мөн тийм ч бодлого баримталдаг байх. 
Гадаадаас ирж буй оюутнууд зөвхөн англи хэл дээр хичээл үзэж, англи хэл дээр мэдээлэл олж авч, англи хэл дээр л багш удирдагчтайгаа харилцаж ер нь сургуультай холбоотой бүх асуудал англи хэл дээр л шийдвэрлэгдэх нь ойлгомжтой. Гэвч энэ бол нэгэнт англи хэлтэй улс орон биш учраас бүх юмаа тэр болгон орчуулж төвддөггүй амждаггүй бололтой. 
Бүхий л систем нь япон хэл дээр байна, англи хэл дээр зөвхөн тодорхой хэсэгхэн мэдээллийг л орчуулж тавьсан байх тул түүнээс цааш мэдээлэл хайх хэрэг гарвал япон хэлтэй хүн л гуйх хэрэг гарна. Бас англи хэл дээрх хичээлийн нэр төрөл тоо ширхэг нь тухайн сургууль болгоноосоо хамаарах боловч өөр сургуулийн оюутнууд сонгох боломж тун тааруу бараг л боломжгүй. Уг нь сургуулийн оюутнууд бүгд UT-mate хэмээх нэгдсэн онлайн сүлжээгээр хичээл сонголтоо хийж бүртгүүлж кредитээ авдаг боловч энэ системд нь англи хэл дээр бүрэн мэдээлэл байдаггүй. Ялангуяа хичээл сонгох үед инженерийн сургуулийн хичээлийн нэрс нь тэр чигээрээ япон хэл дээр гарч ирдэг. Бүр англи хэл дээрх хичээл нь хүртэл шүү. Зөвхөн манай сургуулиас санал болгож буй хичээлүүд нь надад таалагдахгүй байвал би бас бусад сургуулиудын англи хэл дээр санал болгож байгаа лекцүүдийн нэр код агуулгыг нь харчихмаар байдаг, гэтэл энэ мэдээллийг нэгдсэн байдлаар нэг дороос хялбархнаар харчих боломж байхгүй. Азаар манай багш инженерийн сургуульд давхар харьяалагддаг тулдаа надад тэдний syllabus-г олж өгсөн. Тэдний хичээлээс бусад гадаад оюутнууддаа үзүүлсэн чинь ийм дажгүй хичээл байсан юмуу чи яаж олж мэдээв гэж уулга алдах жишээний. Гадаад оюутнууд нийт оюутны цөөхөн хувийг эзэлдэг тул тэр бүр үйлчилгээгээ давхар тэдэнд зориулж өргөтгөх нь хүндрэлтэй байдаг бололтой. Нэгдсэн сургуулийнхаа хэмжээнд  англи хэл дээрх хичээлүүдээ төвлөрүүлсэн сүлжээтэй болмоор санагдсан. Хичээл хайж буй гадаад оюутнуудад дөхөмтэй юм.     
Бас нэг юм нь англи хэл дээрх номын агууламж харьцангуй цөөн юм билээ. Тэгээд нэг ном олоод очоод авах гэхээр тэр сургуулийн номын санд байгаа тэндээс очиж ав гэнэ. Кампус болгон дундаа асар том номын сантай мөртлөө дээрээс нь сургууль болгон нь бас өөр өөрийн номын сантай. Бүгдийг нь нэг дор төвлөрүүлчихэж болдоггүй л юм байх даа гэж бодогдмоор. Ганц ном авах гэж Хөдөө аж ахуйн юмуу Механик инженерийн сургуулийг нь хайгаад дотор нь ороод номын санг нь хайж цагаа барах гэхээр ядаргаа санагдана. 

Wednesday, April 11, 2012

Зоригтой ээж

ч гэх юмуу, бүдүүн зүрхтэй ээж ч гэх юмуу өөрийгөө одоо юу ч гэмээр юм бэ дээ. Өөрийгөө буруутгаад л зүхээд сууж байна. Гэхдээ бүх зүйл зүгээр өнгөрсөнд нь бурханд баярлах юм.
Өчигдөр өдөр 12 цаг хүртэл хичээлтэй болохоор 2 хүүхдээ гэрт нь орхичихоод явчихсан юм. Охины хичээл өглөө 9-с тараад эрт ороод ирэхээр нь буцаад оронд нь хэвтүүлчихээд дүүтэйгээ унтаж бай, ээж нь 12-с тараад гүйгээд ирнэ тэгээд хоол хийж өгье гэчихээд яваад өглөө. Тэгээд хичээлээ тараад ороод ирсэн чинь манай хоёр аль хэдийн босчихсон ор дэрээ хураачихсан тв үзээд сууцгааж байна. За та 2 хэзээ боссон юм гэсэн чинь охин ингэж авдаг байна шүү.
"Бид 2 аль 10 цагт боссон. Тэгээд өлсөөд сүүтэй юм халааж идэх гээд. Тэгээд плиткээ асаагаад дээр нь саванд сүү хийж тавьчихаад тв үзээд хүлээж байсан чинь аймаар муухай үнэр үнэртээд явчихсан, тэгэхээр нь хамраа чимхэж байгаад плиткэндээ ойртож байгаад унтраачихсан. Жаахан байж байгаад за за энэ нь ажиллахгүй юм байна гэж бодоод нөгөө талынх нь плиткийг асааж сүүгээ халааж уусан." гэж авдаг юм даа.
Ёоо миний зүрх зүгээр л зогсчихсон. Японд газан плитка хэрэглэдэг юм, бас өглөөний хоолыг нь би сүүг нь халааж өгсөөр байгаад сургачихсан юм, бас манай печь эвдэрчихсэн. Ёо яаж хордоод үхчихээгүй юм, дахиж асаагаад дэлбэрчихээгүй юм. Түй түй түй бүр бодохоор дотор муухайраад байх юм. Дахиж л хоёулахныг нь орхиж явахгүй байхаас. Тэгээд охиндоо газан плитканы ажилладаг зарчим яаж ажиллуулахыг нь бүүр сайн зааж өглөө шд. Гэхдээ намайг байхгүйд хэзээ ч хэрэглэж болохгүй гэж сайн л захилаа. Ааваас нь нуучихсөөн, мэдвэл намайг алах байлгүй.

Monday, April 9, 2012

6 сарын дараа

Японд ирээд 6 сар болжээ. Тэгээд анх юу мэдэрч байв, сүүлдээ мэдрэмж яаж өөрчлөгдөв гэдгийг энэ 6 сараар дүгнэх гээд үзье. Японд ирэхээр төлөвлөж байгаа хэн нэгэнд хэрэг болж магад гэж бодлоо. Учир нь бид урьд нь очиж үзээгүй ямар нэг газраа өөрсдийн мөрөөдлөөр төсөөлснөөс болоод бодит орчинд нь очоод шоконд ордог тал бий шүү.