Friday, March 23, 2012

Бичиг цаас, хариуцлага

Балай юмаа, хихихи. Уржигдар юм уншаад үүрээр 5 цагт унтсан чинь өглөө сэрүүлгээ сонсолгүй нам унтаад охиноо Пүрэв гаригийн хичээлийг нь таслуулчихсан ккк. Яанаа, зэрлэг танхай ээж байнаа энд. Тэгсэн багш нь утасдаж байна, яасан бэ, яагаад хэлэлгүй хичээлдээ ирсэнгүй вэ гэнээ. Үнэнээ л хэллээ. Маргааш хичээлийн жилийн сүүлийн өдөр заавал явуулаарай гэж байна. Энд нээрэн нэг сайхан юм нь хүүхэд хичээлдээ явж чадаагүй өдрийнх нь орой нь ангиас нь нэрийг нь бичсэн тусгай цаасан дээр тэр өдөр орсон хичээл дээр юу хийснийг нь жагсааж бичээд өгсөн даалгавартай нь цуг том дугтуйнд хийгээд шуудангийн хайрцганд авчраад хийчихдэг юм. Харахаар хүүхдийн бичиг байдаг, бодвол өнөө ангийн ахлагч нь бичдэг юм шиг байгаан. Тэгэхээр хүүхэд тэндээс харж байгаад хичээлээ нөхөх боломжтой. Энэ уламжлалыг монголын дунд сургуулиудад нэвтрүүлмээр байгаа юмаа. Гэхдээ энд бол хүмүүс нь хариуцлагатай, үнэхээр хүндэтгэх шалтгаантай хичээлдээ ирээгүй болохоор ингэж бичиж өгч байхад ч урамтай байх л даа. Тэрнээс биш манайхан чинь бас хүнд гарууд шүү дээ, хичээлээ таслаад алга болсон танхай нөхдүүдийн даалгаврыг нь бичээд гэрээр нь тарааж явбал ёстой барагдахгүй ажил болох байхаа нэг бодлын.
Өнөөдөр 5 дахь өдөр сургуулийн цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж анкет бөглөж материалаа аваачиж өглөө. Ёо ёо хэдэн хуудас анкет бөглөв өө? Яасан ч хариуцлагатай юм, яасан ч их материал бүрдүүлдэг юм, анкет нь гэхэд хичнээн ч их юм асуудаг юм, очоод үзсэн чинь 30-хан хүүхэдтэй жижигхэн цэцэрлэг байж. Эд нар нээрээ бичиг цаасны ажилд үнэн дуртай улс шүү.
1. Хүүхдийн карт  - 1 (гээд анкет)
2. Хүүхдийн карт - 2 (гээд анкетын үргэлжлэл, энд нь хоол иддэг хэлбэр, халбагаар идэх үү, савхаар иддэг үү, хүний тусламжтай иддэг үү гэх мэт, унтахдаа дуртай юу, яаж унтдаг вэ, бие засахдаа хүний тусламж авдаг эсэх, памперс хэрэглэдэг эсэх, юм уухдаа аягаар уудаг уу, угжаар уудаг уу, дуртай тоглоом нь юу вэ, онцгой зан чанар бий юу, дуртай юм нь юу вэ, дургүй юм нь юу вэ гэх мэтийн хувийн зан чанар, дадал зуршилтай нь холбоотой бөөн асуултууд байгаан)
3. Эрүүл мэндийн түүх (бөөн өвчний нэр, туссаныг нь дугуйлаад явна, бас бүх вакцины нэр)
4. Харшлын анкет (харшилтай эсэх, хэрвээ харшилтай бол юунаас гээд бөөн хоол хүнсний нэр)
5. Яаралтай үед холбоо барих карт (өөрөө хэн нь болох, хаяг, сургууль болон гэр гар утас, бас дахиад өөр нэг хүний нэр хаяг утас)
6. Хүүхэд ямар нэг байдлаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд эмнэлэгт өгөх emergency contact card
7. Эрүүл мэндийн шалгах хуудас (үүнийг тухайн үед цэцэрлэгийн эмч ирж хүүхдийг маань үзээд бөглөх юм билээ, өндөр жин, хэвийн температур гэх мэт)
8. Онцгой хоолны дэглэм шаарддаг хүүхдэд зориулсан хоолны дэглэмийн тухай дахиад 3 хуудас анкет (үүнийг хэрэглэх шаардлагагүй бол бөглөхгүй)
9. Цэцэрлэгт явах хуваарь (буюу сарын календарь, өдөр бүр нь тэдээс тэдэн цагийн хооронд явна гэж бөглөж өгнө)
За тэгээд мэдээж энэ олон анкет цаастайгаа хамт бас дахиад баахан цаас ном дэвтэр өгч байгаан. "..." цэцэрлэгийн гарын авлага гэсэн ном, үүн дотор нь анх цэцэрлэгт орохын тулд ийм ийм алхмаар ингэж явна, манай цэцэрлэгийн удирдах зөвлөл хуралдаж авах үгүйгээ шийднэ, цэцэрлэгийн жилийн ажиллах хуваарь, баяр ёслолууд, өдөр тутмын үйл ажиллагааны хуваарь, цэцэрлэг дээр хүүхэд өвдөх юмуу гэмтэж бэртвэл авах арга хэмжээ, цэцэрлэгт ирэхдээ ийм ийм хувцас юм хум авчирна, өвдсөн тохиолдолд ийм ийм шинж тэмдэг нь арилтал цэцэрлэгт ирж болохгүй гэх мэт, цаашилбал төлбөр ялбарыг сайхан дэлгэрэнгүй тайлбарлаад өгчихсөн байгаан. Тэгээд ирцийн дэвтэр, цэцэрлэгийн төлбөрийг суутгаж байх банкны дансны мэдээлэл бөглөх хуудас болон түүнийг хэрхэн бөглөх англи хэл дээр заавар, цэцэрлэгт бүртгүүлээд хүүхэд явж эхлэх хүртэл ямар ямар алхам дамждаг юу хийх ёстой, ямар ямар бичиг цаас бүрдүүлэх ёстой, хэзээ хэрхэн ярилцлаганд орох (цэцэрлэгт ороход хүртэл хүүхэдтэйгээ хамт ярилцлаганд орно шүү дээ) гэх мэт заавар бүхий бас 3 хуудас цаас гэх мэт. Энэ бүгдээс та бүхэн Япончууд хичнээн их хариуцлагатай хүмүүс болохыг мэдэрч байгаа биз дээ. Монголын цэцэрлэгийн талаар маш өргөн туршлагатай миний хувьд бичиг цаасыг нь хараад бараг л шоконд орохоо шахлаа шд. Авч хэрэгжүүлмээр юм их байнаа. 

1 comment:

mongolbusgui said...

japan bas tiim bnuu, Koread bas iim bdii shdee, 7 sartai ohinoo yaslid oghod bas 5 huudas tsaas boglosii shdee. aguulga n barag adilhan ym bna, ajildaa hariutslagatai humuus shuu